Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2018/00682

 

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг

Улаанбаатар төмөр замын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 182/ШШ2017/01769 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2486 дугаар магадлалтай,

М-ын нэхэмжлэлтэй,

“Ж” ХХК-д холбогдох,

Гэрээний үүрэгт 24.063.783 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Зохигчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалан, Г.Эрдэнэжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцацрал, өмгөөлөгч У.Мөнхбат,  нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч М- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай байгууллага 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Ж ХХК-тай сүлжээ хоорондын харилцан холболтын гэрээ байгуулсан. Гэтэл Ж ХХК нь 2014 оны 07 дугаар сарын харилцан холболтын төлбөрийг бүрэн төлөхгүй, гэрээний 5.1-д заасан үүргээ зөрчиж байна. Гэрээний 7.3.1-д заасан үүргээ биелүүлэх талаар буюу ачааллын тооцоо нийлэх талаар удаа дараа албан тоотоор хандахад татгалзсан учраас гэрээний 10 дугаар зүйлд заасны дагуу маргааныг шийдвэрлүүлэхээр Харилцаа холбооны зохицуулах хороонд хандсан. Гэрээний дагуу тооцоо нийлж, төлбөрөө барагдуулахыг мэдэгдэж, шаардлагын хэрэгжилтийг 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр ирүүлэхийг үүрэг болгосон боловч Ж ХХК өнөөдрийг хүртэл үүргээ бүрэн биелүүлээгүй. Ж ХХК 2014 оны 07 дугаар сарын харилцан холболтын төлбөрөөс 5.689.163 төгрөг төлж, үлдэх 16.042.522 төгрөгийг  төлөөгүй. 2014 оны 07 дугаар сараас нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн өдөр хүртэлх алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцоход 8.021.261 төгрөг,  нийт 24.063.783 төгрөгийг гаргуулж өгнө үү  гэжээ.

Хариуцагч “Ж” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: 2014 оны 07 дугаар сарын харилцан холболтын төлбөрт 5.689.163 төгрөг төлсөн. Нэхэмжилж байгаа төлбөрийг төлөхгүй үндэслэл нь харилцан холболт хийж олон улсын ярианы гарц ашигласан гэх дуудлагуудыг шалган үзэхэд манай сүлжээнд харьяалагдахгүй буюу харилцан холболтын гэрээний 3.4.3-т заасан 93, 98, 97, 53 дугаарлалтуудаас өөр дугаарлалтаар дуудлага хийгдсэн байсан. Дуудлага хүлээн авсан гэх дугаарууд нь ямар нэгэн хэрэглэгчийн дугаар гэж үзэх боломжгүй, аль нэг оператор компанид бүртгэлгүй байна. Нэхэмжлэгчээс дээрх төлбөртэй холбоотой транзит үйлчилгээ үзүүлдэг гуравдагч этгээдээс ирүүлсэн төлбөрийн нэхэмжлэхийн дэлгэрэнгүй хуулгыг гаргаж ирүүлэхийг удаа дараа хүссэн боловч гаргаж өгөөгүй. 2014 оны 07 дугаар сард Ж ХХК-ийн бодит дуудлага нь 88 болж, төлбөрөө шилжүүлсэн байхад дахин бодит бус хэрэглэгчгүй, холболт тогтоогдоогүй ярианы төлбөр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Мөн алданги нэхэмжилсэн нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 182/ШШ2017/01769 дүгээр шийдвэрээр:  Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ж ХХК-аас 24.063.261 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 387.447 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ж ХХК-аас 278.269 төгрөгийг гаргуулж М-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2486 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 182/ШШ2017/01769 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6” гэснийг хасч, “24.063.261 төгрөг” гэснийг “16.042.522 төгрөг” гэж, 2 дахь заалтад “278.269 төгрөг” гэснийг “238.163 төгрөг” гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 278.267 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2486 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан хэсгийг хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэсэн үндэслэлээр хянуулах гомдол гаргаж байна.

Талуудын хооронд байгуулсан харилцан холболтын гэрээний 5.4-т “талуудын төлбөр тооцооны төвийн ажилтнууд харилцан холболт хийгдсэн ярианы өгөгдлийг тухай тайлант сарын сүүлийн өдрөөс хойш хуанлийн 6 хоногт багтаан электрон хэлбэрээр солилцож, хуанлийн 8 хоногт багтаан тооцоог цаасан дээр хийж баталгаажуулна” мөн гэрээний 5.11-д “төлбөрийн хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөх дүнгийн 0.3% алданги тооцно” гэж заасан. Хариуцагч Ж ХХК нь бодит ярианы төлбөрийг шууд төлсөн боловч халдлагад өртсөн хэсгээ төлөхөөс зайлсхийж тооцоо нийлж цаасаар баталгаажуулах үйлдлийг хийхээс зайлсхийдэг. Энэ үйл баримтыг давж заалдах шатны шүүх анхааран үзээгүй бөгөөд Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1, 232 дугаар зүйлийн 232.1 дэх заалтыг шүүх буруу тайлбарлан хэрэглэсэн.

Иймд давж заалдах магадлалын өөрчлөлт оруулсан хэсгийг хүчингүй болгож анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцацрал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2486 дугаартай магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна:

Давж заалдах шатны шүүх магадлалынхаа хянавал хэсэгт “Ж” ХХК- ийн зүгээс маргаантай байгаа асуудлаар тооцоо нийлээгүй” гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна. Сүлжээ хоорондын харилцан холболтын гэрээний 5.9 дэх заалтад Талуудын сүлжээнд төгсөж байгаа ярианы дугаарлалт тодорхойгүй тохиолдолд уг ярианы минутыг холбох шугамын нэрээр нь ялгаж тооцоо нийлэхээр тохиролцсон. Гэтэл нэхэмжлэгчийн шаардсан ярианы төлбөр нь бүгд бодит бус дуудлага байдаг бөгөөд холбох шугамын нэрээр ялгаж тооцоо гаргаагүй юм. Хариуцагч тал гэрээнд заасан үүргээ биелүүлж ирсэн бөгөөд энэ ч утгаараа нэхэмжлэгч компанид харилцан холболтын төлбөрт 5 сая гаруй төгрөг төлж, илүү нэхэмжлээд байгаа хэсгийг буюу 16,042.522 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж маргасан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоно. Нэхэмжлэгч тал шүүхэд дараах 2 баримтыг нотлох баримтаар гарган өгсөн. Жи-Мобайл ХХК-аас 005 гарцаар гарсан яриаг Улсаар нь эрэмбэлсэн тооцоо Биллингийн инженежр Г.Эрдэнэжаргалын гарын үсэг бүхий баримт, Жи-Мобайл ХХК-ийн дугаарлалтаас Хятад руу залгасан гэх Чайна Юником ХХК-аас ирүүлсэн задаргаа, ярианы дэлгэрэнгүй бичлэг /СРК/ баримт. Энэ баримт нь Монголоос гараад Хятадаар дайрч Хятадад яриа төгссөн баримт. Гэтэл нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан 005 гарц ашиглан яриа хийснийг улсаар нь эрэмбэлсэн тооцооноос үзэхэд Жи-Мобайлаас Хятад улс руу 5 удаагийн дуудлага буюу 3490 төгрөгийн яриа хийгдсэн гэж биллингийн инженер Г.Эрдэнэжаргал үзсэн. Мөн шүүхийн журмаар нотлох баримт цуглуулах ажиллагаа хийлгэснийг шүүх анхаарч үзсэнгүй. Шүүх “хариуцагчийг нотлох үүргээ биелүүлээгүй” гэж ийнхүү дүгнэлт хийснээрээ асуудалд нэг талыг барьсан байр сууринаас хандсаныг харуулж байна. Шүүх хуралдааны үед нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй байхад тухайн нотлох баримтыг нэхэмжлэгчээс өөрөөс нь гаргуулж, “шаардлагыг нь нотлуулах”зорилготой шүүх хуралдааныг хойшлуулж байснаар дээрх байдал харагддаг.

Иймд дээр дурдсан үндэслэлээр Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 182/ШШ2017/01769 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2486 дугаартай магадлалын зарим хэсгийг /16.042.522 төгрөг/ зарим хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Нэхэмжлэгч Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэг нь хариуцагч “Ж” ХХК-с харилцан холболтын төлбөр, алдангид  24.063.783 төгрөг нэхэмжилжээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, маргажээ.

Зохигч талууд 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Сүлжээ хоорондын харилцан холболтын гэрээ байгуулж, сүлжээ хоорондын дуудлага хийх, хүлээн авах, улс хоорондын дуудлага хийх, хүлээн авах, улс хоорондын гарах болон орох дуудлага дамжуулах үйлчилгээг өөрсдийн хэрэглэгчдэд хүргэх зорилгоор ярианы гарц, шугамаа харилцан холболт хийх, төлбөр тооцоог гүйцэтгэхээр харилцан тохиролцжээ.

Талууд гэрээг бичгээр байгуулж, эрх бүхий этгээд гарын үсэг зурж баталгаажуулсан ба гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Нэхэмжлэгч гэрээний 5.1-т заасан харилцан холболтын төлбөрийг хавсралтад заасан тарифаар сар бүр хийнэ гэснийг үндэслэн 2014 оны 07 дугаар сарын харилцан холболтын төлбөрийг 21.731.685 төгрөг гэж тогтоосон, хариуцагч уг төлбөрөөс 5.689.163 төгрөг төлсөн, энэ талаар маргаагүй байна.

Харин үлдэх төлбөр, алдангийг төлөх үүрэгтэй эсэх нь маргааны зүйл болжээ.

Тухайн сард хариуцагчаас УБТЗ-ын сүлжээнд 7205 удаагийн, 6894 минутын холболт, 005 гарцаар 20794 удаагийн 65208 минутын холболт хийгдсэн бол нэхэмжлэгчээс “Ж” ХХК-ийн сүлжээнд 13720 удаагийн 31087 минутын холболт, 005 гарцаас 9 удаагийн 12 минутын холболт хийгдсэн нь хэргийн баримтаар тогтоогдсон, хариуцагч үгүйсгэж чадаагүй байна.

Гэрээний 3.4.3-т “Ж үүрэн сүлжээний хэрэглэгчийн дугаарлалт нь 93...,98..., 97..., 53... байна” гэж заасан, хариуцагч нэхэмжлэлээс татгалзахдаа гэрээнд зааснаас өөр дугаарлалтаар хийгдсэн дуудлагын төлбөрийг төлөхгүй” гэжээ.

Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.1-т зааснаар хэрэглэгч нь өөрийн эзэмшлийн холбооны сүлжээ, тоног төхөөрөмжийг хамгаалах үүрэгтэй ба гэрээний 3.3.1-д талууд өөрсдийн холбох шугамын ачааллын хэмжээнд хяналт тавьж, шаардагдах зохицуулалтыг хийж ажиллана гэжээ.

"Ж" ХХК нь Улаанбаатар төмөр замын дохиолол холбооны 2 дугаар ангид 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүргүүлсэн 01/2907 тоот албан бичигтээ “...Улсын баяр наадмын өдрүүдэд систем рүү халдлага хийгдэж, янз бүрийн дугааруудаас олон улсын гарц ашиглан холболт хийгдсэн” талаар дурджээ /хэргийн 1 дүгээр хавтас 17 дугаар тал/.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хариуцагч өөрийн шугамын аюулгүй байдлыг хамгаалах үүрэгтэй гэж үзэж, харилцан холболтын төлбөрийн үлдэгдэлд нэхэмжилсэн 16.042.522 төгрөгийн шаардлагыг хангасныг буруутгах боломжгүй боловч алдангийн талаар хийсэн дүгнэлт учир дутагдалтай болжээ.

Гэрээний 5.9-т "талуудын сүлжээнд төгсөж байгаа ярианы дугаарлалт тодорхойгүй тохиолдолд уг ярианы минутыг холбох шугамын нэрээр нь ялгаж тооцоо нийлнэ", 5.11-т төлбөрийн хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөх үнийн дүнгийн 0.3 хувийн алданги тооцно” гэж заасан ба талууд дугаарлалт тодорхойгүй ярианы минутыг шугамын нэрээр ялгаж тооцоо нийлж баталгаажуулаагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Давж заалдах шатны шүүх хариуцагчийн төлбөр төлөх хугацаа гэрээнд тодорхой бус тул нэхэмжлэгч алданги шаардах эрхгүй гэж дүгнэн алдангийг хэрэгсэхгүй болгож энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн  222.1.1.-г зөрчөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, зохигчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2486 дугаар магадлалыг хэвээр үлдээж, зохигчийн гомдлыг тус тус хангахгүй орхисугай.

2. Хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 143.282 төгрөг, хариуцагч 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 238.170 төгрөг төлснийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ