Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 279

 

  Ц.Эрдэнэбаатар, Э.Лхагвадорж  нарт

     холбогдох эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

шүүгч Б.Батцэрэн даргалж,

шүүгч Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Ш.Эрдэнэбилэг,

шүүгдэгч Ц.Эрдэнэбаатарын өмгөөлөгч Л.Мөнхсайхан,

шүүгдэгч Ц.Эрдэнэбаатар,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 94 дүгээр шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 595 дугаар магадлалтай, 201626010951 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Ц.Эрдэнэбаатарын өмгөөлөгч Л.Мөнхсайханы гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1988 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн, эрэгтэй, 2006 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан, Туучид овогт Энхбатын Лхагвадорж нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан “Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт,

2. Монгол Улсын иргэн, 1986 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Мандал хайрхан овогт Цэнд-Аюушийн Эрдэнэбаатар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан “Бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Э.Лхагвадоржийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан, Ц.Эрдэнэбаатарыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар Э.Лхагвадоржийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 /тав/ дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 960,000 /есөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар Ц.Эрдэнэбаатарыг 260 /хоёр зуун жар/ цаг албадан ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх: шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Эрдэнэбаатарын өмгөөлөгч Л.Мөнхсайханы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.

Илтгэгч шүүгч Д.Ганзоригийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Ш.Эрдэнэбилэг, өмгөөлөгч Л.Мөнхсайхан нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Ц.Эрдэнэбаатарын өмгөөлөгч Л.Мөнхсайхан хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон хэлсэн саналдаа: “... шүүгдэгч Э.Лхагвадоржийн биед хэзээ, ямар нөхцөл байдалд хүндэвтэр гэмтэл учирсан, энэ гэмтэл нь Ц.Эрдэнэбаатарын үйлдлээс болсон гэдэг нь нотлогдоогүй байхад шүүх энэ байдлыг харгалзан үзэлгүйгээр ял шийтгэсэн. Шүүгч шийтгэх тогтоолын үндэслэлийг тайлбарлахдаа ч ямар нотлох баримтыг үндэслэснээ дурдалгүй “... гэмт хэрэг гарах үед ойр хавьд өөр хүн байгаагүй учир Э.Лхагвадоржийн биед учирсан гэмтэл Ц.Эрдэнэбаатарын үйлдлээс учирсан байх магадлалтай. Иймд түүнийг Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж байна ...” гэсэн таамаглал хэлсэн нь дээр дурдсан шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн шаардлагыг хангаагүй бөгөөд энэ байдал нь Ц.Эрдэнэбаатарыг цагаатгаж, шийтгэх тогтоолын түүнийг гэм буруутайд тооцож, ял оногдуулсан хэсгийг хүчингүй болгох бүрэн үндэслэлтэйг илтгэж байна. Хэрэг гарсан өдөр эрүүл саруул явсан иргэн согтуу хүнд зодуулж, толгойгоо хагалуулан эрүүл мэндээрээ хохирчихоод гомдлоо гаргахад мөрдөн байцаалтыг зохих ёсоор гүйцэтгээгүй нь шүүгч үндэслэлгүй шийдвэр гаргахад нөлөөлсөн. Тухайлбал шүүгдэгч Э.Лхагвадоржийн эрс өөрөөр мэдүүлсэн мэдүүлгийн  зөрүүг арилгаагүй. Мөн Э.Лхагвадоржийг эрүүлжүүлэхэд очиход нь хүлээн авсан жижүүрийн ажилтнууд, эрүүлжүүлэхийн эмч нарыг байцааж хавиргандаа гэмтэл авсан байсан эсэх, 8-10 дугаар хавирга нь хугарсан хүний биеийн байдал ямархуу байх, ийм гэмтэлтэй хүн эрүүлжүүлэхийн ажилтнуудад мэдэгдэлгүй, өвчин намдаах эм хэрэглэлгүйгээр хонох боломжтой эсэх, хүний толгой хагалснаасаа хойш хэд хоногийн дараа шүүх эмнэлэгт хандсан, энэ хүртлээ хаагуур явсан, хэнтэй уулзсан, архи уусан эсэх, хүнтэй муудалцаж зодолдсон эсэх, чих нь юунаас болж зулгарсан зэргийг огт тодруулаагүй байна. Эдгээр байдлууд нь гэмт хэргийн хохирогч Ц.Эрдэнэбаатарт ял халдаах үндэслэлгүйг харуулж байна. Э.Лхагвадоржийн биед хэзээ ямар нөхцөл байдалд гэмтэл учирсан байж болохыг тогтоогоогүй, түүний биед учирсан хүндэвтэр гэмтэл нь Ц.Эрдэнэбаатарын санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой болох нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад нотлох баримтаар нотлогдоогүй. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 286 дугаар зүйлийн 286.1.1, 286.1.3-т заасан асуудлуудыг шийдвэрлээгүйгээс шүүхийн тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт “...эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал тэдэнд ашигтайгаар шийдвэрлэнэ...” гэж заасны дагуу шийтгэх тогтоолын Ц.Эрдэнэбаатарыг гэм буруутайд тооцож, ял оногдуулсан хэсгийг хүчингүй болгож өгнө үү...” гэсэн гомдлоо дэмжиж байна гэв.

Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ш.Эрдэнэбилэг хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “... Шүүгдэгч Ц.Эрдэнэбаатар нь иргэн Э.Лхагвадоржтой маргалдаж, улмаар зодож түүний биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт, шүүгдэгч Э.Лхагвадорж нь иргэн Ц.Эрдэнэбаатартай маргалдаж, чулуу шидэж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдсон. Анхан шатны шүүхээс Э.Лхагвадоржид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн. Харин Ц.Эрдэнэбаатарын Э.Лхагвадоржийг цохисон гэх үйлдэл нь нотлогдоогүй байхад түүнд ял шийтгэл оногдуулж, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн Ц.Эрдэнэбаатарыг гэм буруутайд тооцсон хэсэгт өөрчлөлт оруулж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах саналтай байна ...” гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангажээ.

Ц.Эрдэнэбаатар нь 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол зоог цайны газрын урд талын замд иргэн Э.Лхагвадоржтой такси барих асуудлаас болж маргалдан, улмаар түүнийг зодож бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан, энэхүү үйл явдлын дараа Э.Лхагвадорж нь согтуугаар  Ц.Эрдэнэбаатар руу чулуу шидэж толгойн тус газарт нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан талаарх үйл баримтыг анхан болон давж заалдах шатны шүүх хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудад үндэслэн тогтоож, Ц.Эрдэнэбаатарын гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар, Э.Лхагвадоржийн гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, уг зүйл хэсэгт заасан төрөл хэмжээний дотор ял оногдуулж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй.

Ц.Эрдэнэбаатар эхэлж Э.Лхагвадоржид гэмтэл учруулсан, энэхүү үйлдэл төгссөн даруйд Э.Лхагадорж Ц.Эрдэнэбаатарт гэмтэл учруулсан талаарх үйл баримтыг анхан болон давж заалдах шатны шүүх нотлох баримтад үндэслэсэн, хэргийн жинхэнэ байдалд нийцсэн дүгнэлт хийсэн байх тул шүүгдэгч Ц.Эрдэнэбаатарын өмгөөлөгч Л.Мөнхсайханы “миний үйлчлүүлэгчид холбогдох хэргийн үйл баримт буруу тогтоогдсон” талаарх гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 353 дугаар зүйлийн 353.4 дэх хэсэгт зааснаар “Хяналтын шатны журмаар хэрэг хянан хэлэлцэж байгаа шүүх ... шийтгэх тогтоол, магадлалаар тогтоогдоогүй буюу үгүйсгэгдсэн баримтыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох ... эрхгүй” болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Харин Э.Лхагвадоржийн гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаанаас хойш Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д заасан эрүүгийн хариуцлагад татаж болох зургаан сарын хугацаа өнгөрсөн байх тул түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ НЬ:

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 94 дүгээр шийтгэх тогтоолд “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д заасныг журамлан Э.Лхагвадоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хариуцлагаас чөлөөлж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгосугай” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, Ц.Эрдэнэбаатарын өмгөөлөгч Л.Мөнхсайханы хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                        ДАРГАЛАГЧ,

                        ШҮҮГЧ                                                                Б.БАТЦЭРЭН

                        ШҮҮГЧ                                                                Д.ГАНЗОРИГ