Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 94

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

нарийн бичгийн дарга Х.Дашням,

улсын яллагч О.Мөнхцэцэг,

гэрч Б.Даваажаргал

шүүгдэгч /хохирогч/ Ц.Эрдэнэбаатар, түүний өмгөөлөгч  Л.Мөнхсайхан /ҮД:0-188/

шүүгдэгч /хохирогч/ Э.Лхагвадорж, түүний өмгөөлөгч  Н.Одонтуяа /ҮД:0-165/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр хийв.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мандал хайрхан овогт Цэнд-Аюушийн Эрдэнэбаатар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Туучид овогт Энхбатын Лхагвадорж нарт холбогдох 201626010951 дугаартай, 188/2016/0068/Э индекстэй эрүүгийн хэргийг 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч,  хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “Хайрхан бар” ХХК-д цахилгаанчин ажилтай, ам бүл 3, эцэг, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Орбитын 29-4926 тоотод оршин суух хаягтай,

2006 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн 16 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж уг ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан, Туучид овогт Энхбатын Лхагвадорж, /РД:ЙЮ88012078/

 

Монгол Улсын иргэн, 1986 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, “Москва комплекс” ХХК-д сантехникч ажилтай, ам бүл 2, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Хангайн 47-04 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Мандал хайрхан овогт Цэнд-Аюушийн Эрдэнэбаатар /Ш386101411/

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ц.Эрдэнэбаатар нь 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монгол зоог” цайны газрын урд талын замд иргэн Э.Лхагвадоржтой такси барих асуудлаас болж маргалдан улмаар түүнийг зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан,

Шүүгдэгч Э.Лхагвадорж нь 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монгол зоог” цайны газрын урд талын замд согтуугаар иргэн Ц.Эрдэнэбаатартай такси барих асуудлаас болж маргалдан улмаар түүний толгойн тус газарт чулуу шидэж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч /хохирогч/ Э.Лхагвадоржийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр би Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо 21 дүгээр хорооллын нутаг дэвсгэрт байрлах караокед нэг найзтайгаа хоёулаа орж 1 шил Ерөөл архи, 3 шиво уугаад орой 18 цагийн орчим гараад найз маань явлаа гээд яваад өгөхөөр нь би гэртээ харих санаатай авто сургуулийн урд талын буудал дээр ирээд зогсож байсан таксинд суух гэж байтал нэг танихгүй хүн хүрч ирээд миний суух гэж байсан таксинд суух гэхээр нь би түүнд хандаж би наад таксинд чинь суух гэж байна гэхэд нөгөөх залуу би 1.000 төгрөгөөр явах гэж байна гээд томроод тэгээд бид хоёр маргалдаад замын урагшаа гарсан. Тэгээд хоорондоо барьцалдаад тэр залуу намайг түлхэхэд нь би хөл алдаж арагшаа унаад алхахаар нь би босож ирээд газраас чулуу аваад шидтэл нөгөөх залуугийн толгойд оночихсон. Тэгээд тэр залуу хүрч ирээд намайг барьж аваад цагдаа дуудаж өгсөн. …Би Эрдэнэбаатар гэх тэр залууг таньдаггүй болохоор урьд өмнө хэрэлдэж маргалдсан өс хонзон санасан зүйл байхгүй. …Би шинжээчийн 4336, 4430 тоот дүгнэлтүүдтэй танилцлаа гаргах санал хүсэлт байхгүй. Эрдэнэбаатарын биед учирсан зулайн няцарсан шарх гэмтэл нь миний түүн рүү чулуу шидсэнээс үүссэн гэмтэл юм. Миний биед учирсан зүүн 8-10 дугаар хавирганы далд хугарал гэмтлийг Эрдэнэбаатар гэх тэр залуу тонгорч унагаад зүүн хавиргаруу өшиглөснөөс учирсан. ... Би эрүүл мэндийн даатгалтай учраас хавирганы хугарал гэмтлийг үнэ төлбөргүй шарлага хийлгээд зүгээр болсон болохоор надад гомдол, санал, нэхэмжлэх ямар нэгэн зүйл байхгүй …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-13, 49-50 х/

 

            Шүүгдэгч Ц.Эрдэнэбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би урьд хохирогчоор мэдүүлэг өгөхдөө болсон хэрэг явдлын талаар үнэн зөвөөр мэдүүлчихсэн болохоор надад нэмж мэдүүлэх зүйл байхгүй. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40 х/

 

Хохирогч Ц.Эрдэнэбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт буюу шөнийн захын хажууд байрлах “Монгол зоог” нэртэй цайны газрыг түрээсээр ажиллуулдаг байсан юм. 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр би “Монгол зоог” цайны газартаа очиж тухайн өдрийнхөө орлогыг авчихаад гараад автбусны буудал дээрээс 500 төгрөгөөр толгойт, Их нарангийн чиглэл рүү явдаг таксинуудын хажууд очоод зогстол нэг танихгүй залуу ирээд таксины жолоочоос Их наран луу 500 биз дээ гэхэд таксины жолооч үгүй гэхэд нөгөөх залуу яахаараа 500-р явдаггүй юм гэсэн. Би тэр залууд 500 төгрөгөөр явдаг такси цаана чинь зогсдог юм гэхэд чи юу юм гэснээ намайг суучих хамт явъя гэхээр нь би яахаараа суудаг юм, суухгүй гэхэд миний цамцнаас татаад урагшаа зам хөндлөн гарсан. Тэгтэл араас манай дүү Даваажаргал ирээд намайг явъя гэхээр нь би тэр залууг түлхчихээд буцаад алхтал араас чулуу шидээд толгой хагалчихсан. Тэгээд миний толгойноос цус гараад би хүзүүний ороолтоор цусаа дараад нөгөөх залуу руу очиж барьж аваад, тэгэхэд Даваажаргал цагдаа руу утсаар ярьж дуудлага өгсөн. ...Миний толгой руу тэр залуу чулуу шидсэнээс болж толгой хагарч цус гарсан. ...Би тэр залууг танихгүй болохоор урьд өмнө хэрэлдэж маргалдсан өс хонзон санасан зүйл байхгуй. Би бодохдоо тэр залууг түлхэхэд газарт унаад тэгээд л уурандаа чулуу авч над руу шидсэн байх гэж бодож байна. ...Би түлхэж унагаснаас биш өшиглөсөн асуудал байхгүй. ...Би архи согтууруулах ундааны зүйлийг хэрэглээгүй эрүүл байсан. Харин нөгөө залуу архи уусан үнэртэж байсан ч гайгүй харагдаж байсан. ...Би шинжээчийн 4430 тоот дүгнэлттэй танилцлаа гаргах санал хүсэлт байхгүй. …Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16 х/

           

Шүүгдэгч /хохирогч/ Ц.Эрдэнэбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би Монгол зоог гэх цайны газрыг түрээсэлдэг. Манай дүү Золзаяа зөөгчөөр нь ажилладаг. 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 18 цагийн үед орлогоо хураах гээд очсон. Би цүнхээ цайны газраа орхисон байсан. Би цайны газрынхаа гадаа гараад зогсож байхад 2 залуу замын цаанаас ирсэн. Тэгсэн тэр хоёр залуу таксины жолоочтой их наран руу 500 төгрөгөөр явъя гээд маргалдаж байсан. Би тэр хоёр залууд явж байгаа замыг нь зааж өгсөн. Тэгсэн намайг чи юу юм бэ гэж хэлсэн. Тэгэхээр нь би чамд унаа хаанаас явахыг нь зааж өгч байна гэж хэлсэн. Тэгсэн энэ машин руу суучих цуг их наран оръё гэж хэлэхэд нь би их наран явдаггүй яах гэж байгаа юм бэ гэхэд намайг Лхагвадорж замын цаад тал руу чирээд зам хөндлөн явсан. Тухайн таксины жолооч манай дүү рүү орж хэлсэн байсан. Манай дүү Золзаяа ажилтай байсан учир Даваажаргал гарч ирээд Эрдэнэбаатар ахаа согтуу хүнтэй маргалдаад байна гээд намайг татсан.  Би согтуу хүнээс салахын тулд түлхсэн. Эргээд явж байхад толгой руу чулуу шидсэн. Тэгээд цагдаа дуудсан.Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй. …” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

Гэрч Б.Даваажаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Ц.Эрдэнэбаатар манай ах Бямба-Очиртой багын найз болохоор би түүнтэй ах дүүгийн харилцаа холбоотой  байдаг. 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр би Эрдэнэбаатар ахын ажиллуулдаг Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монго зоог” цайны газарт нь хоол идэхээр очоод байж байтал цайны газрын урд Эрдэнэбаатар ахыг нэг танихгүй залуу хувцаснаас нь татчихсан зам хөндлөн урагшаа гарч байхаар нь би араас нь гүйж замын урд гараад очиход чи юу гээд байгаа юм гээд хоёулаа маргалдаад байгаа бололтой зогсож байхаар нь би Эрдэнэбаатар ахыг явъя гээд татаад дагуулаад алхтал нөгөөх залуу алнаа гэж дуугарахаар нь эргээд хартал нөгөө залуу газраас чулуу авч шидээд Эрдэнэбаатар ахын толгойд оночихсон. Эрдэнэбаатар ахын толгойноос цус гараад хүзүүнийхээ ороолтоор толгойгоо дараад нөгөө залуу руу очиж барьж авахад нь би цагдаа руу ярьж дуудлага өгөхөд цагдаа ирээд түүнийг аваад явсан. ...Би тэр залууг танихгүй. Юунаас болж чулуу шидсэнийг мэдэхгүй. Намайг дагуулаад явтал араас нь чулуу шидсэн. ...Эрдэнэбаатар ах тэр залууг цохиж зодсон хавирч, тонгорч унагаж байгаа харагдаагүй. ...Эрдэнэбаатар ах үг дуу цөөтэй, хэр баргийн юманд уурлаж уцаарлаад байдаггүй, тайван дөлгөөн, эелдэг харьцаатай, хүнийг хүндэлдэг, хүнд тусархаг, шулуун шудрага зантай, хүнд муу зүйл бодож санаад, архи уугаад хэрүүл маргаан үүсгээд байдаггүй хүн байгаа юм. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18 х/

 

Гэрч Б.Даваажаргалын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…21 дүгээр хорооллын Монгол зоог гэх газар хоол идэх гээд байж байхад Эрдэнэбаатар ах орж ирсэн. Тэгээд Эрдэнэбаатар ах гараад явсан. Удалгүй таксины жолооч ирээд танай ахыг согтуу хүн аваад явчихлаа гэж хэлсэн. Би гараад Эрдэнэбаатар ах дээр очоод наадах чинь согтуу хүн байна явъя гэж хэлээд явж байхад Лхагвадорж араас чулуу шидсэн. Эрдэнэбаатар ахын толгойноос цус гарсан. …” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

Гэрч Д.Одхүүгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 21 худалдааны төвийн баруун урд талын машин зогсоол дээр зогсож өөрийн марк-2, 00-21 УБИ улсын дугаартай авто машинаар таксинд явж халтуур хийдэг юм. 2016 оны 05 дугаар сарын сүүлээр байсан шиг санаж байна нэг өдөр би 21 худалдааны төвийн баруун урд талын зогсоол дээр зогсож байтал нэг согтуу залуу хүрч ирээд Их наран руу 500 биз дээ гэхээр ах нь километрээр явна гэхэд нөгөөх согтуу залуу 500 төгрөгөөр явчихаач гэхэд миний хажууд зогсож байсан залуу /21 худалдааны төвийн баруун талд 21 цайны газрыг ажлуулдаг байсан залуу/ нөгөөх согтуу хүн рүү хандаж 500-аар явдаг такси цаана чинь байдаг юм гээд баруун тийшээ автобусны буудлын тийшээ заахад нь нөгөө залуу түүн рүү чи юу юм гэхэд нөгөөх нь би чамд 500-ийн такси цаана зогсдог гэж байна гээд тэр хоёр маргалдаж байснаа бие биенээ заамдаад зам хөндлөн урагшаа гараад явсан. Тэр үед миний машинд хүн орж ирж суусан болохоор би тэгээд л хөдлөөд явчихсан. ...Цайны газрын залуу архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байх шиг байсан. Харин нөгөө залуугаас архи нилээд үнэртэж байсан ч харахад гайгүй харагдаж байсан. ...Тэр хоёр залуу зууралдаад замын урагшаа гарахад нь би хөдлөөд явчихсан болохоор замын урагшаа гараад юу болсныг мэдэхгүй байна. ...Тухайн үед ойр орчимд ямар хүмүүс байсан эсэхийг мэдэхгүй байна. Намайг таксинд явахаар машинтайгаа зогсож байхад эхлээд цайны газрын залуу ирээд зогсож байтал дараа нөгөөх согтуу залуу ирсэн. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20 х/

 

            Гэрч Н.Ням-Очирын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Эрдэнэбаатар бид хоёр 14-15 настайгаас эхлэн өнөөг хүртэл найз нөхдийн харилцаа холбоотой явж ирсэн. Найз Эрдэнэбаатар нь их томоотой, даруухан, ямар нэгэн хэрцгий догшин зан авиргүй, хүнд хар буруу муу санадаггүй, хүнд тусархаг, амьдралын сэтгэлгээтэй, хүнтэй эвтэй дотно харьцаатай, хүнийг ялгаварлаж харьцаад зайдаггүй, ажилсаг, архи согтууруулах ундаа хэрэглээд байдаггүй хүн юм. Миний мэдэхээр ямар нэгэн хэрэг зөрчилд холбогдоод байсан удаа байхгүй. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20 х/

 

            Гэрч Л.Энхбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Э.Лхагвадорж нь миний 4 дэх хүүхэд юм. Ээж нь бага байхад нь нас барсан болохоор би өөрөө өсгөж хүмүүжүүлсэн, ах дүү нар нь тусдаа гарч Лхагвадорж одоо надтай хамт хоёулахнаа амьдардаг. Би тодорхой эрхэлсэн ажилгүй, тэтгэвэргүй болохоор хүү Лхагвадорж ажил хийж амьдрал ахуйгаа болгож явдаг. Зан байдлын хувьд төлөв даруу, хүний үгнээс гараад байдаггүй, хэсэж тэнээд, хэрэг зөрчил гаргаад байддаггүй, ихэвчлэн гэртээ л байдаг. Архи согтуруулах ундаа хэрэглээд агсам тавиад байсан зүйл байдаггүй, урьд өмнө гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24 х/

 

Шинжээчийн дүгнэлт: ¹4336                 

1.Ц.Эрдэнэбаатарын биед зулайн няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо.

            2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ж.Ганцэнгэл /хх-ийн 26 х/

 

Шинжээчийн дүгнэлт: ¹4430                 

1.Лхагвадоржийн биед зүүн 8-10-р хавирганы далд хугарал гэмтэл тогтоогдлоо.

            2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой.  

            3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

            4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй. Шинжээч эмч Д.Мөнхбат /хх-ийн 28 х/

 

            Э.Лхагвадоржийн ял шийтгэдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53 х/

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2006 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 56-57 х /

Ц.Эрдэнэбаатарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 65 х/ зэрэг нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шаардлага хангасан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хэрэгт ач холбогдол бүхий баримтууд гэж үзсэн болно.

 

1.Ц.Эрдэнэбаатар нь 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монгол зоог” цайны газрын урд талын замд иргэн Э.Лхагвадоржтой такси барих асуудлаас болж маргалдан улмаар заамдалцан зам хөндлөн гарч түүнийг газарт унаган зодож бие махбодид нь зүүн 8-10-р хавирганы далд хугарал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч /хохирогч/ Э.Лхагвадоржийн “…буудал дээр ирээд зогсож байсан таксинд суух гэж байтал нэг танихгүй хүн хүрч ирээд миний суух гэж байсан таксинд суух гэхээр нь би түүнд хандаж би наад таксинд чинь суух гэж байна гэхэд нөгөөх залуу би 1000 төгрөгөөр явах гэж байна гээд томроод тэгээд бид хоёр маргалдаад замын урагшаа гарсан. Тэгээд хоорондоо барьцалдаад тэр залуу намайг түлхэхэд нь би хөл алдаж арагшаа унаад алхахаар нь би босож ирээд газраас чулуу аваад шидтэл нөгөөх залуугийн толгойд оночихсон. Тэгээд тэр залуу хүрч ирээд намайг барьж аваад цагдаа дуудаж өгсөн. …Би Эрдэнэбаатар гэх тэр залууг таньдаггүй болохоор урьд өмнө хэрэлдэж маргалдсан өс хонзон санасан зүйл байхгүй. …Би шинжээчийн 4336, 4430 тоот дүгнэлтүүдтэй танилцлаа гаргах санал хүсэлт байхгүй. Эрдэнэбаатарын биед учирсан зулайн няцарсан шарх гэмтэл нь миний түүн рүү чулуу шидсэнээс үүссэн гэмтэл юм. Миний биед учирсан зүүн 8-10 дугаар хавирганы далд хугарал гэмтлийг Эрдэнэбаатар гэх тэр залуу тонгорч унагаад зүүн хавирга руу өшиглөснөөс учирсан ...” гэх мэдүүлэг,

Гэрч Д.Одхүүгийн: “… зогсоол дээр зогсож байтал нэг согтуу залуу хүрч ирээд Их наран руу 500 биз дээ гэхээр ах нь километрээр явна гэхэд нөгөөх согтуу залуу 500 төгрөгөөр явчихаач гэхэд миний хажууд зогсож байсан залуу /21 худалдааны төвийн баруун талд 21 цайны газрыг ажлуулдаг байсан залуу/ нөгөөх согтуу хүн рүү хандаж 500-аар явдаг такси цаана чинь байдаг юм гээд баруун тийшээ автобусны буудлын тийшээ заахад нь нөгөө залуу түүн рүү чи юу юм гэхэд нөгөөх нь би чамд 500-ийн такси цаана зогсдог гэж байна гээд тэр хоёр маргалдаж байснаа бие биенээ заамдаад зам хөндлөн урагшаа гараад явсан. Тэр үед миний машинд хүн орж ирж суусан болохоор би тэгээд л хөдлөөд явчихсан. ...Цайны газрын залуу архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байх шиг байсан. Харин нөгөө залуугаас архи нилээд үнэртэж байсан ч харахад гайгүй харагдаж байсан. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20 х/

Шинжээчийн 4430 тоот “... Лхагвадоржийн биед зүүн 8-10-р хавирганы далд хугарал гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна ...” гэсэн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар,

 

2.Э.Лхагвадорж нь 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 18 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монгол зоог” цайны газрын урд талын замд согтуугаар иргэн Ц.Эрдэнэбаатартай такси барих асуудлаас болж маргалдан улмаар түүнтэй заамдалцан зам гарч түүнийг газарт унаган цохиод явсны дараа газраас чулуу аван шидэхэд Ц.Эрдэнэбаатарын толгойн тус газар онож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч /хохирогч/ Э.Лхагвадоржийн хэргээ хүлээн мэдүүлсэн: “… Тэгээд хоорондоо барьцалдаад тэр залуу намайг түлхэхэд нь би хөл алдаж арагшаа унаад алхахаар нь би босож ирээд газраас чулуу аваад шидтэл нөгөөх залуугийн толгойд оночихсон. Тэгээд тэр залуу хүрч ирээд намайг барьж аваад цагдаа дуудаж өгсөн. … Эрдэнэбаатарын биед учирсан зулайн няцарсан шарх гэмтэл нь миний түүн рүү чулуу шидсэнээс үүссэн гэмтэл юм. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-13, 49-50 х/

 

Хохирогч Ц.Эрдэнэбаатарын: “... 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр би “Монгол зоог” цайны газартаа очиж тухайн өдрийнхөө орлогыг авчихаад гараад автбусны буудал дээрээс 500 төгрөгөөр толгойт, Их нарангийн чиглэл рүү явдаг таксинуудын хажууд очоод зогстол нэг танихгүй залуу ирээд таксины жолоочоос Их наран луу 500 биз дээ гэхэд таксины жолооч үгүй гэхэд нөгөөх залуу яахаараа 500-р явдаггүй юм гэсэн. Би тэр залууд 500 төгрөгөөр явдаг такси цаана чинь зогсдог юм гэхэд чи юу юм гэснээ намайг суучих хамт явъя гэхээр нь би яахаараа суудаг юм, суухгүй гэхэд миний цамцнаас татаад урагшаа зам хөндлөн гарсан. Тэгтэл араас манай дүү Даваажаргал ирээд намайг явъя гэхээр нь би тэр залууг түлхчихээд буцаад алхтал араас чулуу шидээд толгой хагалчихсан. Тэгээд миний толгойноос цус гараад би хүзүүний ороолтоор цусаа дараад нөгөөх залуу руу очиж барьж аваад, тэгэхэд Даваажаргал цагдаа руу утсаар ярьж дуудлага өгсөн. ...Миний толгой руу тэр залуу чулуу шидсэнээс болж толгой хагарч цус гарсан. ... Би бодохдоо тэр залууг түлхэхэд газарт унаад тэгээд л уурандаа чулуу авч над руу шидсэн байх гэж бодож байна. ...Би түлхэж унагаснаас биш өшиглөсөн асуудал байхгүй. ...Би архи согтууруулах ундааны зүйлийг хэрэглээгүй эрүүл байсан. Харин нөгөө залуу архи уусан үнэртэж байсан ч гайгүй харагдаж байсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16 х/

Шинжээчийн 4336  тоот  “ ... Ц.Эрдэнэбаатарын биед зулайн няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ...” гэсэн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.

 

Гэрч Б.Даваажаргалын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийг шүүгдэгч Ц.Эрдэнэбаатарын хэргийг цагаатгах талын хангалттай нотлох баримт гэж үнэлээгүй болно.Учир нь:Б.Даваажаргал мөрдөн байцаалын шатанд өгсөн мэдүүлэгтээ “...араас нь гүйж замын урд гараад очиход чи юу гээд байгаа юм гээд хоёулаа маргалдаад байгаа бололтой зогсож байсан ...”, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “... Лхагвадорж нь Эрдэнэбаатар ахын энгэрээс татсан, зам гараад явж байсан ...” гэх зэргээр түүнийг очиход хаана ямар байдалтай байсан талаар зөрүүтэй мэдүүлдэг, мөн гэрч Б.Даваажаргалын “...Лхагвадорж нь Эрдэнэбаатар ахын энгэрээс заамдсан явж байсан ...” гэх мэдүүлэг нь гэрч Д.Одхүүгийн “... тэр хоёр маргалдаж байснаа бие биенээ заамдаад зам хөндлөн урагшаа гараад явсан ...” гэх мэдүүлгээс зөрүүтэй, мөн шүүгдэгч Э.Лхагвадорж нь гэрч Б.Даваажаргал сүүлд ирсэн, бид хоёрын хооронд болсон асуудлыг харж амжаагүй гэж мэдүүлдэг,  гэрч нь шүүгдэгч Ц.Эрдэнэбаатарыг ах гэж дууддаг, түүнтэй ойр дотно холбоотой, мэдүүлэг нь хөндлөнгийн өөр нотлох баримтуудаар давхар нотлогдоогүй, гэрчийн мэдүүлгийн эх сурвалж тодорхойгүй зэрэг нөхцөл байдлуудаас хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй гэж шүүх үзсэн.

 

Шүүгдэгч /хохирогч/  Ц.Эрдэнэбаатар болон түүний өмгөөлөгч Л.Мөнхсайхан нар: 1.Шүүх эмнэлэгт очиход анх үзсэн материал алга болсон гээд дахин үзсэн болж “хөнгөн гэмтэл” учирсан гэж дүгнэлт гаргасан. Мөн уг дүгнэлт 2016 оны 04 сарын 01-ний өдөр гараагүй,

2.Э.Лхагвадоржийн хэрэг гарсны маргааш “... нэг мэдсэн хүнтэй зодолдоод, тэр хүн тонгорч унагаагаад нуруу руу цохисон ...” гэж байсан атлаа нэг сарын дараа “... таксинаас болж маргалдан тэр намайг тонгорч унаган өшиглөж 8-10 дугаар хавирга хугалсан ...” гэж эрс зөрүүтэй мэдүүлэг өгсөн,

3.Хэргийн газар ирсэн цагдаагийн ажилтан Э.Хатанбаатар, түүнээс Э.Лхагвадоржийг хүлээн авсан Ариунбаяр, эрүүлжүүлэхэд хүлээн авсан жижүүрийн ажилтнууд, эмч нарыг огт байцаагаагүй, хавиргандаа гэмтэлтэй байсан эсэх талаар,

4.Шүүх эмнэлгийн эмч нараас “анх үзсэн эмнэлгийн баримт хэрхэн алга болсон, хавирга хугарсан хүний биеийн байдал ямархуу байх өвчин намдаах эм хэрэглэхгүйгээр хонох боломжтой эсэх,

5.Хүний толгой хагалснаас хойш хэд хоногийн дараа шүүх эмнэлэгт хандсан, энэ хүртлээ хаагуур явсан, хэнтэй уулзсан, архи уусан эсэх, хүнтэй муудалцаж зодолдсон эсэх, чих юунаас болж зулгарсан зэргийг огт тодруулаагүй байна.

Энэ нь гэмт хэргийн хохирогч Ц.Эрдэнэбаатарт “бусдыг танхайран зодсон” гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон гэж ял халдаах үндэслэлгүйг нотлож байна.

Иймд Ц.Эрдэнэбаатарын үйлдлийг хэрэгсэхгүй болгох, эс болбол хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.1.2-т зааснаар нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү гэснийг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзсэн. Үүнд:

- Хэрэгт авагдсан шүүх эмнэлгийн дүгнэлтэнд огноог 2016 оны 04 сарын 01 гэж тэмдэг дарагдсан, үзлэгийн материал алга болсон талаар шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбараас өөр баримт байхгүй тул уг хүсэлтийг дангаар нь үндэслэл бүхий нотлох баримт гэж үзэх боломжгүй.

-Э.Лхагвадоржоос хэрэг гарсны маргааш болон нэг сарын дараа авсан мэдүүлгүүдэд Ц.Эрдэнэбаатар намайг “...тонгорч унагаад өшиглөсөн, цохисон...” талаар тогтвортой мэдүүлсэн, түүний мэдүүлэгт эрс зөрүүтэй гэх байдал тогтоогдоогүй, сүүлд өгсөн мэдүүлэгтээ илүү дэлгэрэнгүй тодруулж тайлбараа өгсөн, хэрэг гарсны маргааш хохирогч Э.Лхагвадорж хавиргаа хугарсан эсэхийг мэдээгүй байсан, хөндүүр өвчтэй байгаа талаараа Цагдаагийн ажилтанд гомдол гаргахад шүүх эмнэлэгт үзүүл гэсэн шинжээч томилсон тогтоол хийж өгсөн байдаг тул түүний мэдүүлгүүдийг эрс зөрүүтэй гэж үзэх боломжгүй.

-Хавиргандаа гэмтэлтэй байсан эсэх талаар хэргийн газар ирсэн цагдаагийн ажилтан, эрүүлжүүлэхийн эмч, ажилтнуудыг байцаагаагүй нь байцаан шийтгэх ажиллагаа явуулж байсан цагдаагийн ажилтнуудын хариуцлагагүй үйлдэлтэй холбоотой бөгөөд үүнийг 5 сар орчмын хугацаа өнгөрсний дараа нөхөн гүйцэтгүүлэх нь хэрэгт ач холбогдлоо алдсан.

- Хүний толгой хагалснаас хойш хэд хоногийн дараа шүүх эмнэлэгт хандсан, хаагуур явсан, архи ууж хүнтэй зодолдсон эсэх зэргийг тогтоох асуудлын хувьд: Э.Лхагвадорж нь хэргийн газар дээрээ цагдаагийн ажилтнуудад баригдаж улмаар эрүүлжүүлэхэд хоноод маргааш нь хавирга хөндүүр болсон талаараа цагдаагийн ажилтанд мэдэгдэж шүүх эмнэлэгт үзүүлэх тогтоол хийлгэж авсан болох нь 2016 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн мөрдөн байцаагчийн шинжээч томилох тогтоолоор нотлогддог тул өмгөөлөгчийн дээр дурдсан нөхцөл байдлуудыг тодруулах нь хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй.

Шүүгдэгч /хохирогч/ Э.Лхагвадоржийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ ...намайг тонгорч газар унагаад зүүн хавирган тус газар өшиглөсөн...” гэх мэдүүлгүүд нь шүүх эмнэлгийн дүгнэлтээр давхар нотлогдон тогтоогдож байгаа болно. Мөн Э.Лхагвадорж хэргийн газар дээрээ цагдаад баригдаж эрүүлжүүлэхэд хүргэгдсэн, маргааш нь энэ талаар мөрдөн байцаагчид хэлж, шүүх эмнэлэгт үзүүлэхээр шинжээч томилуулсан зэргээс үзэхэд түүний гэмтлийг Ц.Эрдэнэбаатар учруулсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна гэж шүүх үзсэн.

 

Шүүгдэгч Э.Лхагвадоржийн өмгөөлөгч Н.Одонтуяа: Э.Лхагвадорж хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй гэсэн тул Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэснийг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна. Үүнд:

Хохирогч хохирлоо нэхэмжлээгүйн улмаас Э.Лхагвадоржийг бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж шүүх үзсэн, мөн гэмт хэрэг үйлдэхдээ архидан согтуурсан байсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хуульд заасан нөхцөл шаардлагыг хангаагүй гэж шүүх үзсэн.

 

            Э.Лхагвадоржийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан,

Ц.Эрдэнэбаатарыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

            Шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болно.

 

            Э.Лхагвадорж нь 2006 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 16 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар шийтгүүлж уг ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-д зааснаар ялтайд тооцох хугацаа нь дууссан байна.

 

Э.Лхагвадорж тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд, Ц.Эрдэнэбаатар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

           

           Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Туучид овогт Энхбатын Лхагвадоржийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

Мандал хайрхан овогт Цэнд-Аюушийн Эрдэнэбаатарыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар Э.Лхагвадоржийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 /тав/ дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 960,000 /есөн зуун жаран мянган/ төгрөгөөр торгох ялаар,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар Ц.Эрдэнэбаатарыг 260 /хоёр зуун жаран/ цаг албадан ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар солихыг ялтан Э.Лхагвадоржид, мөн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийсэн ялтны эдлээгүй үлдсэн ялын найман цагийн ажлыг нэг хоног баривчлах ялаар тооцож солихыг ялтан Ц.Эрдэнэбаатар нарт тус тус мэдэгдсүгэй.

 

4.Ц.Эрдэнэбаатар, Э.Лхагвадорж нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх хохирол, төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Энэ тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

6.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Эрдэнэбаатар, Э.Лхагвадорж нарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДАШДОНДОВ