Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 841

 

 

Б.О-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Оюунчулуун даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор С.Оюунжаргал,

            хохирогч Б.Л, түүний өмгөөлөгч Х.Д,

            шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч Г.М, Ө.Э,

нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 571 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч Ө.Э, хохирогч Б.Л-гийн өмгөөлөгч Х.Д нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Б.О-д холбогдох 201724000323 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ц-овгийн Б-гийн О, 19.. оны 3 дугаар сарын 24-ний өдөр Төв аймгийн Зуун мод суманд төрсөн, ... настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Монголын Үндэсний түүхийн музейд тооцооны нягтлан бодогч ажилтай, ам бүл 2, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 43 дугаар байрны 82 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: /;

Б.О нь 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 09 цаг 20 минутын орчим Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баянзүрх” захын баруун хойд талын зам дээр “Тоёота Аурис” загварын, 15-38 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлж гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дугаар зүйлд заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Лхамсүрэнг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.О-ийн үйлдлийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.О-ийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйлийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар Б.О-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.О--д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.О-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараа хугацааг нь тоолох, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт зааснаар Б.О-ээс 617.196 төгрөгийг гаргуулж Б.Л-д олгож, хохирогч нь өөрийг асарсантай холбоотой гарсан зардлаа нотлох баримтаа зохих ёсоор бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг СД-г хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, Б.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Б.О-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн жолоочийн үнэмлэхийг НШШГАлбаар дамжуулан лицензийн газарт хүргүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

 Шүүгдэгч Б.О давж заалдах гомдолдоо: “...Миний бие хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Би хүүгийн хамт амьдардаг, өрх толгойлсон эмэгтэй. Би уг хэрэгт холбогдохын өмнө Монголын Үндэсний музейд нягтлан бодогчоор ажиллаж байсан. 2017 оны 5 дугаар сарын 1-ний өглөө ажил руугаа машин барьж явж байгаад хөгшин настай хүнийг мөргөж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан. Өөрийн анхаарал болгоомжгүйн улмаас ийм хэрэгт холбогдсондоо маш их харамсаж байна. Би хохирогчид түргэн тусламжийг цаг алдалгүй үзүүлсэн. Хохирогчийг эмнэлэгт хэвтэж байхад нь байнга эргэж байсан. Шүүхээс тогтоосон хохирол болох 3.017.196 төгрөгийг төлж барагдуулсан. Цаашид гарах эмчилгээний зардлыг хуулийн дагуу төлнө. Миний бага насны 7 настай хүү маань мэдрэлийн гаралтай өвчтэй ба хүүг маань харж хандах хүнгүй, амьдрал минь хүнд байгааг харгалзан үзэж, надад оногдуулсан 6 сарын хорих ялыг хорихоос өөр төрлийн ялаар сольж өгнө үү...” гэжээ.

Шүүгдэгч Б.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би анхаарал болгоомжгүйн улмаас анх удаа, тохиолдлын шинж чанартай гэмт хэрэгт  холбогдсондоо маш их харамсаж гэмшиж байна. Надад оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү...” гэв.  

 

Шүүгдэгч Б.О-ийн өмгөөлөгч Ө.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Анхан шатны шүүх Б.Од 6 сарын хорих ял оногдуулж, уг ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн хэсгийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

1. Ял шийтгэл оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдлыг дутуу шалгаж дүгнэсэн. Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан хөнгөрүүлэх бүрэлдэхүүн байгаагийн дээр дараах нөхцөл байдал байсныг тодорхойлоогүй нь ял шийтгэл оногдуулахад нөлөөлжээ. Үүнд:

а. Шинжээчийн дүгнэлт болон прокурорын тогтоолд хохирогч замын хажуугаар явган хүний зам байсаар байтал замын автомашин зорчих хэсэгт явганаар зорчин явсан нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.1-г зөрчсөн гэж дүгнэсэн. Иймд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.4 “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн" гэх хөнгөрүүлэх нөхцөл байсан.

б. Б.О нь осол болсны дараа хохирогчийн ар гэрт мэдэгдэж, гэмтлийн эмнэлэгт хохирогчийг авч очиж, анхан шатны тусламж дэмжлэг үзүүлсэн. Тус нөхцөл нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2 "гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн" гэх хөнгөрүүлэх нөхцөлийг харгалзаж үзээгүй.

в. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 2.400.000 төгрөгийг анхан шатны шүүх хурлын өмнө төлсөн бөгөөд шүүхээр тогтоогдсон хохирлыг төлж барагдуулахаа шүүх хуралдаанд илэрхийлсэн. Улмаар анхан шатны шүүхээр тогтоогдсон хохирол болох 3.017.196 төгрөгийг төлж бүрэн барагдуулсан.

г. Хохирогчийг зүүн тийш даялах хөдөлгөөн хийлгүйгээр замын хөвөөгөөр чигээр явж өнгөрөх юм байна гэж нөхцөл байдлыг буруугаар төсөөлсний улмаас гарсан гэмт хэрэг тул Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.6 “нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн" гэх хөнгөрүүлэх бүрэлдэхүүн байсан.

2. Ял шийтгэлээс чөлөөлөх, ял оногдуулахгүйгээр тэнсэх арга хэмжээ авах нөхцөл байдлыг харгалзаагүй.

Анхан шатны шүүх дээрх ял хөнгөрүүлэх олон нөхцөлүүдийг дүгнээгүйн улмаас ял шийтгэл оногдуулахдаа ялаас чөлөөлөх хуульд заасан дараах журмыг хэрэглээгүй байна.

Б.О-ийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан буюу 3 хүртэлх жилийн хорих ял бүхий гэмт хэрэг үйлдсэн, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч учруулсан хохирлын тодорхой хэсгийг нөхөн төлж, улмаар шүүхээр тогтоогдсон хэмжээгээр бүрэн төлсөн, хүндрүүлэх бүрэлдэхүүнгүй бөгөөд 6 настай хүүхэдтэйгээ амьдардаг ганц бие эх хүн зэрэг нөхцөлүүдийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хорих ялаас чөлөөлөх бүрэн үндэслэлтэй байсныг хэрэглээгүй байна. Мөн дээрх нөхцөлүүдийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн 7.1 дугаар зүйлийн 1-д заасныг хэрэглэж хорих ял оногдуулах бүрэн боломжтой байжээ. Шүүхээс оногдуулсан хорих ялыг хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарт нийцээгүй байх ба гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзаагүй, Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль болон Монгол Улсын Үндсэн хуулийн "хүмүүнлэг, энэрэнгүй" зарчимд нийцээгүй байна. Хохиролд нийт 5.177.000 төгрөг төлсөн байгаа.

Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 болон 3 дах хэсэгт өөрчлөлт оруулж, Б.О-д оногдуулсан хорих ялаас чөлөөлөх эсхүл тэнсэх арга хэмжээг авч өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Б.О-ийн өмгөөлөгч Г.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаснаас хойш О-ийн өмгөөлөгчөөр ажиллаж байгаа учраас давж заалдах гомдол гаргаж амжаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд шүүхийн тогтоод заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй, өөрөөр хэлбэл мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлоогүй гэж үзэж байна. Хохирогч машинд мөргөгдсөн үү, цочиж унасан уу гэдэг нь тодорхойгүй. Гэрч “хөлийн гуя хавьд нь мөргөсөн” гэж, хохирогч “миний ташаан толгой руу мөргөсөн” гэж мэдүүлдэг. Хохирогч машинд хоёр удаа мөргүүлж, хоёр метр шидэгдсэн гэсэн. Гэтэл мөргөсөн хэсэгт гэмтэл учраагүй. Камерийн бичлэгт ослын талаар тодорхой бичигдсэн. Эхний шинжээчийн дүгнэлт  таамаглалд үндэслэж гарсан бөгөөд уг дүгнэлтэд жолоочийг Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасныг зөрчсөн гэсэн. Хоёр дахь шинжээчийн дүгнэлтийг камерийн бичлэг олдсоны дараа гаргасан бөгөөд жолоочийг Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасныг зөрчсөн гэсэн. Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д “осол гаргасан жолооч тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авах” талаар заасан. Хохирогч замын хажуугаар явах ёстой. Камерийн бичлэгээс харахад хөдөлгөөний нягтаршил ихтэй газар байсан бөгөөд Б.О-ийн урд олон машин явж байсан. О тэдгээр машинтай адил явж байсан. Б.О-ийн машин ойртож ирэх үед хохирогч зам руу орж ирээд мөргүүлсэн. Зогсоох арга хэмжээ аваагүй гэж Б.О-ийг буруутгадаг. Гэнэт урдуур нь орж ирж байгаа хүнийг ямар осол хэзээ болно гэж тээврийн хэрэгслээ зогсоох ёстой вэ. Анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлд хохирогч “миний хоёр хүүхэд ажилгүй нэг нь намайг асардаг” гэж мэдүүлсэн. Өнөөдөр ганц ажилтай М гэдэг хүүхдээ өөрийг нь асарсан гэж мэдүүлж байна. Хохирогчийн мэдүүлэгт прокурор хяналт тавьж, яагаад мэдүүлэг нь өөрчлөгдөж байгааг анхаарах ёстой. Хавтаст хэрэгт авагдсан ослын бүдүүвч зурагт явган хүний замтай гэж бичигдсэн. Хоёр өөр шинжээчийн дүгнэлт гарсан бол гурав дахь дүгнэлтийг гаргах ёстой. Эдгээр нөхцөл байдлыг шалгаагүй учир хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. Хэрэв шүүх хэргийг шийдвэрлэх боломжгүй гэж үзэж анхан шатны шүүхэд буцаавал Б.О-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч өгнө үү...” гэв.

Хохирогч Б.Л тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би хүнд гэмтсэний улмаас миний баруун талын гар хөдөлж чадахгүй хохирч байна. Намайг буруу явсан гэж тайлбарлаж байна. Захаас гараад машин барьж гэртээ харих гээд явж байхад араас нэг зүйл мөргөсөн. Эргээд харахад саарал өнгийн машин байсан ба “намайг мөргөж байна уу” гэж бодтол намайг мөргөж би шидэгдсэн. Миний ухаан балартсан байдалтай байсан. Хэвтэж байгаад босоод харахад жолооч нь жоохон хүүхэд байхаар нь “үхэхийн оронд хүнд гай болоод яахав” гэж бодоод алчуур асуугаад хувцсаа арчаад, бариачид очихоор машинд нь суугаад Налайхын зүг явсан. Тэгээд Бөхийн өргөөний хажууд явж байтал ухаан балартаад байсан тул гэр лүүгээ утсаар ярьж хоёр хүүхдээ дуудсан. Хүүхдүүд ирээд гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэхэд “яаралтай хагалгаанд орно, хүнд гэмтэл байна” гэж хэлсэн. Одоо баруун талын хөл байнга чинэрч өвддөг. Б.Оийг бага насны хүүхэдтэй гэж бодож зарим зүйлээ хүүхдүүдээсээ нууж байсан. Өвчин намдаах тос болон бусад зардлыг нэхэмжлэхгүй байгаа. Намайг хүүхдүүд маань харж, асарч байсан. Өвчин зовиур улам ихсэж байгаа. Хамгийн доод хэмжээний ял оногдуулсан гэж бодож байгаа тул энэ ялыг эдлүүлэх саналтай байна...” гэв.

Хохирогч Б.Л-гийн өмгөөлөгч Х.Д давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтад “зөвхөн асаргаатай холбоотой зардлыг нэхэмжлэх эрхтэй”-г дурдсан гэж ойлгогдохоор байна. Иймд хохирогчийн цаашид гарах эмчилгээтэй холбоотой бүх зардлыг нэхэмжлэх эрхтэйг дурдаж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.. Шийтгэх тогтоол гарах үед хохирол бүрэн төлөгдөөгүй байсан. Хэрэг учрал болсон газар нь явган хүний зам байхгүй. Ял хөнгөрүүлж өгнө үү гэсэн шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлын тухайд тусгайлан гаргах тайлбар байхгүй...” гэв.

Прокурор С.Оюунжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Б.О нь шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээж, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байсан. Гэвч тухайн үед хохирол дутуу төлөгдсөн байсан. Иргэний хуулийн 229.1 дэх хэсэгт “эд хөрөнгөд учирсан бодит хохирол болон түүнээс олох ёстой байсан орлогыг нөхөн төлүүлэхээр заасан байдаг. Энэ талаар шийтгэх тогтоолд тодорхой дурдсан байгаа. Хийсвэрээр шинжээчийн дүгнэлт гаргаагүй. Техникийн шинжээч нь тусгай мэдлэгийн хүрээнд дүгнэлтийг гаргадаг. Хохирогчийн мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлийг үндэслэн жолоочийг Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д зааснаар хөдөлгөөний эрчимт тээврийн хэрэгслийн онцлог байдал, тухайн зам тээврийн нөхцөл байдлыг тохируулж замын хөдөлгөөнд оролцоогүй гэж үзэж дүгнэлтээ гаргасан. Дараа нь камерийн бичлэг олдоод дүгнэлт гаргахад Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасныг зөрчсөн гэсэн дүгнэлт гарсан. Учир нь камерийн бичлэгээр жолооч аюул саад тулгарч болох нөхцөлд тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авах ёстой байтал тухайн арга хэмжээг аваагүй болох нь тогтоогдсон. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд зам тээврийн ослын улмаас учирсан хохирлыг жич нэхэмжлэх эрхтэйг тодорхой заасан учир заавал шийтгэх тогтоолд бичих шаардлагагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад хэргийн нөхцөл байдал зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, хүндрүүлж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж болохоор заасан байдаг. Хэрэв шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ялыг хөнгөрүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхээр хуульчилсан. Гэтэл Б.О нь гэм буруугаа хүлээж байгаа боловч түүний өмгөөлөгч гэм буруугийн талаар маргаж байгаа тул гэм буруугаа ойлгосон эсэхэд эргэлзээ төрж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

                                                                   ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Б.О-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Б.О нь 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 09 цаг 20 минутын үед Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баянзүрх” захын баруун хойд талын зам дээр “Тоёота Аурис” загварын, 15-38 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дугаар зүйлд заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Лхамсүрэнг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Б.Л-гийн “...2017 оны 5 дугаар сарын 1-ний өглөө 09 цаг 20 минутын орчим Баянзүрх захын баруун хойд талын зам дээр замын хажуугаар ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй 2 гартаа тортой зүйл бариад явган явж байтал араас саарал өнгийн жижиг машин ирээд миний зүүн ташаа хэсэгт мөргөсөн. Тэгэхээр нь эргээд хартал нөгөө машин дахин урагшаа ухас хийгээд дахин миний зүүн ташаа хэсэгт мөргөөд газар унагаасан. Би унахдаа баруун мөр хэсгээрээ унасан. Намайг босож чадахгүй хэвтэж байтал жолооч охин бууж ирээд “эмээ би таныг зөөлхөн мөргөсөн шүү, өөр тийш харж яваад харсангүй мөргөчихлөө, уучлаарай” гээд миний сугарч унасан гутлыг өмсүүлж байсан. Би хоёр хөл, зүүн гараа хөдөлгөхөд зүгээр байсан ба баруун гараа хөдөлгөх гэтэл хөдлөхгүй байсан. Тэгэхээр нь би нөгөө охинд хандан “гар гэмтсэн юм шиг байна, Налайх руу явж бариачид бариулъя” гээд машинд нь суусан. Тэгээд машинтай Бөхийн өргөө рүү эргэсэн. Миний гар маш их өвдөөд, дотор муухай оргиод байхаар нь охин М, Анар луу залгаж хэлсэн. Хүүхдүүдтэйгээ Бөхийн өргөөний зогсоол дээр уулзаад тэндээсээ гэмтэл рүү явсан... Насаараа хүний асаргаанд орсондоо маш их гомдолтой байна” /хх 28-30/,

Гэрч Б.Э-рын “...Б.О машинаа бариад би урд талын суудал дээр суугаад ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй явж байтал замын зүүн талаас баруун чиглэлтэй 2 гартаа тор барьсан настай хүн зам руу ороод ирсэн. Тэгээд миний сууж явсан машины баруун урд гупер хэсэгт зүүн хөлийн шилбэ, дунд чөмөг хэсгээрээ шүргэгдээд газарт унасан. Буугаад хартал нэг настай эмэгтэй газар хэвтэж байсан. Б.О очоод настай эмэгтэйг татаж босготол тэр эгч “миний баруун мөр эвгүй болчихлоо, бариач руу явъя” гэж хэлсэн. Тэгээд ослын газраас хөдөлтөл тэр эмээ хоёр хүүхдүүд рүүгээ яриад зогсоол дээр хүүхдүүдээ хүлээхээр болсон. Би ажилтай байсан болохоор тэнд буугаад явсан...” /хх 107/,

Гэрч Б.М-гийн “... Намайг ажил дээрээ байж байхад ээж Л залгаад “Баянзүрх захын хойд зам дээр машинд дайруулчихлаа” гэж хэлсэн. Би яаралтай Бөхийн өргөөн дээр очиход ээж маань жижиг саарал машины урд суудал дээр “гар өвдөөд байна” гээд сууж байсан. Тэгээд шууд гэмтэлд очиж үзүүлэхэд ээжийн баруун мөр хугарсан, хагалгаанд орох шаардлагатай гэсэн. Тухайн үед биеийн байдал нь хүнд байсан тул урьдчилж 7 хоног эмчилгээ хийлгээд дараа нь хагалгаанд орсон ...” /хх 109/,

Шинжээч В.Б-ын “...Анхны 215 тоот дүгнэлтийг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд гаргасан. Харин шинэ нөхцөл байдал илэрсэн буюу осол гарах үеийн камерийн бичлэг олдсон бөгөөд жолооч тухайн замаар явж байсан явган зорчигчийг мөргөж, тээврийн хэрэгслийг зогсоох ямар нэг арга хэмжээ авахгүйгээр мөргөсөн байдал илэрсэн...” /хх 115/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Б.Л-гийн биед баруун гарын атгаал ясны хүзүү хэсгийн далд хугарал, баруун атгаал ясны толгойн бяцарсан хугарал, баруун мөрний үений хагас мултрал бүхий гэмтлийн улмаас баруун атгаал ясны толгойг сольж хиймэл үе суулгах хагалгаанд оржээ. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой бөгөөд гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 6104 тоот дүгнэлт /хх 116/,

Замын цагдаагийн албаны Техник замын хяналтын хэлтсийн шинжээчийн “...Камерийн бичлэгээс үндэслэхэд Т.Аурис загварын, 15-48 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан Б.О нь Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь заалт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөн  үндэслэлтэй байна. Жолооч нь явган хүний замаар урд нь буюу зорчих чигийн нэг чиглэлд алхаж явахад тээврийн хэрэгслийн хурдыг хасаж /удаашруулж/, зогсоох арга хэмжээ аваагүй нь тодорхой харагдаж байна. Тээврийн хэрэгслийн хурд болон бүрэн зогсолтын зам квадрат хамааралтай гэж үзвэл 5-10 км/цагийн хурдтай тээврийн хэрэгсэл 2,5-3,3 метрт бүрэн зогсох боломжтой ба жолооч тухайн зайд тээврийн хэрэгслээ зогсоох боломжийг ашиглаагүй байна гэж үзэж байна. Явган зорчигч Б.Л нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.1 дэх заалт “Явган зорчигч нь явган хүний замаар, ийм зам байхгүй бол зорчих хэсгийн хажуугийн хөвөөгөөр явна” гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна...” гэх 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 215 тоот нэмэлт дүгнэлт /хх 133/,

Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч /хх 3-4/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх 5/, гэрэл зургийн үзүүлэлт /хх 6/, тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тэмдэглэл /хх 7/, жолоочийн согтуурал шалгасан магадлагаа /хх 8-9/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 25/, өвчний түүхийн хуулбар /хх 118-125/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч Б.О-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Хэдийгээр гэмт хэрэг гарах үед 2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан боловч прокуророос хэргийг шүүхэд шилжүүлэх үед 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг дагаж мөрдөж эхэлсэн бөгөөд прокурор Б.О-ийн үйлдлийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн холбогдох зүйл, хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.О- д холбогдох хэргийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй.

Гэвч Б.О нь өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, цаашид төлж барагдуулахаа илэрхийлснийг болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдлыг харгалзан үзэж Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар Б.О-д хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх боломжтой байна.

Энэ талаар гаргасан шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч Ө.Э нарын давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Түүнчлэн хохирогч Б.Л-гийн өмгөөлөгч Х.Д-гийн “...шийтгэх тогтоолын 8 дахь заалтад хохирогчийн цаашид гарах эмчилгээтэй холбоотой бүх зардлыг нэхэмжлэх эрхтэйг дурдаж өгнө үү...” гэсэн гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Учир нь хохирогч Б.Л нь хэргийн улмаас бие махбодид нь хүнд гэмтэл учирсан, цаашид асаргаатай холбоотой зардлаас гадна эмчилгээтэй холбоотой зардал гарч болох тул эдгээр зардлыг жич нэхэмжлэх эрхтэй юм. 

 Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтад Иргэний хуулийн заалтыг буруу бичиж, техникийн шинжтэй алдаа гаргасныг цаашид анхаарвал зохино.