Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 123/2020/0035/З |
Дугаар | 221/МА2021/0340 |
Огноо | 2021-06-23 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 221/МА2021/0340
“М” ТӨҮГ нэхэмжлэлтэй
захиргааны хэргийг хянасан тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагчийн төлөөлөгч Л.А, хариуцагчийн өмгөөлөгч Э.М нарыг оролцуулан Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 4 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчийн төлөөлөгч Л.Аын гаргасан давж заалдах гомдлоор, “М” ТӨҮГ-ын нэхэмжлэлтэй, Төв аймгийн Заамар сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 4 дугаар шийдвэрээр:
“...Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “М” ТӨҮГ-ын эзэмшлийн XV-...., XV-...., XV-....дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайн байгаль орчныг хамгаалах 2020 оны төлөвлөгөөг”-г батлахгүй байгаа Төв аймгийн Заамар сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, “М” ТӨҮГ-ын эзэмшлийн XV-...., XV-...., XV-....дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайн байгаль орчныг хамгаалах 2020 оны төлөвлөгөөг хянан батлахыг Төв аймгийн Заамар сумын Засаг даргад даалгаж” шийдвэрлэжээ.
Хоёр. Төв аймгийн Заамар сумын Засаг дарга Л.А дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2021 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
“...1.“М” ТӨҮГ-ийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Заамар сумын Засаг даргад холбогдох байгаль орчны төлөвлөгөөг батлуулахыг даалгах шаардлага бүхий маргааныг хянан шийдвэрлэх боломжгүй байсан.
Учир нь Төв аймгийн Заамар сумын иргэд болох Ж.Б, Н.Б нар нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “М” ТӨҮГ-т олгосон тусгай зөвшөөрөл нь аймаг, орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газартай давхцуулж олгосон, мөн нэхэмжлэгч иргэдийн өвөлжөө, хаваржааны газруудтай давхцуулан олгосон нь хууль бус, нэхэмжлэгч иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэсэн үндэслэлээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 8257 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.
Иймд дээрх иргэдийн шүүхэд гомдол гаргах, маргах эрхийг хүндэтгэн Засаг даргын зүгээс компанийн нэхэмжлэлийг зөвшөөрөх, анхан шатны шүүх уг маргааны хянан шийдвэрлэх нь иргэдийн эрхэд халдсан болно.
“М” ТӨҮГ-аас Төв аймгийн Заамар сумын Засаг даргад тусгай зөвшөөрлийн байгаль орчны төлөвлөгөөг батлуулахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлтэй хэргийг хянан шийдвэрлэхээс өмнө тус компанид олгосон тусгай зөвшөөрлүүд нь хуульд нийцсэн эсэх, малчин иргэдийн өвөлжөө, хаваржааны газартай давхацсан эсэх, малын бэлчээрийн талбайг хомсдолд оруулсан эсэх, сум, орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газартай давхацсан эсэх, түүний улмаас нэхэмжлэгч малчин иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчсөн эсэх талаарх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд үүссэн маргааныг эцэслэн шийдвэрлэх хүртэлх хугацаагаар “М” ТӨҮГ-ийн нэхэмжлэлтэй Төв аймгийн Заамар сумын Засаг даргад холбогдох маргааныг түдгэлзүүлэх нөхцөл байдал бий болж байсан байна.
Гэтэл анхан шатны шүүхээс нэхэмжлэгч иргэдийн өвөлжөө, хаваржааны газартай давхацсан эсэх талаар нотлох баримт ирүүлээгүй байна, мөн иргэдийн нэхэмжлэлтэй хэрэг нь Засаг даргад холбогдох хэрэгтэй хамааралгүй гэж үзэн хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй.
Нэгэнт дээрх хоёр иргэний нэхэмжлэлээр хэрэг үүссэн, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй эсэх, тусгай зөвшөөрөл нь хууль ёсны эсэх, түүний улмаас нэхэмжлэгч иргэдийн эрхийг зөрчсөн эсэхийг шүүх эцэслэн шийдвэрлээгүй тохиолдолд Засаг дарга тухайн тусгай зөвшөөрлийн байгаль орчны төлөвлөгөөг батлах боломжгүй юм.
Мөн нэхэмжлэгчид олгосон тусгай зөвшөөрөл хууль ёсны байж байгаль орчны төлөвлөгөөг Засаг дарга батлах эсэхийг шийдвэрлэх тул Б, Б нарын иргэдийн нэхэмжлэлтэй хэрэг нь Засаг даргад холбогдох хэрэгтэй зайлшгүй хамааралтай юм.
Гэтэл анхан шатны шүүх дээрх иргэдийн нэхэмжлэлтэй хэрэг “М” ТӨҮГ-ийн нэхэмжлэлтэй хэрэгт хамааралгүй гэж үзэх үндэслэлгүй.
2.Ашигт малтмалын тухай хуулийн 38.1.1-д “Тусгай зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн дотор байгаль орчны хяналтын алба болон хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргатай зөвшилцөн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулах” гэж заасан.
Дээрхээс үзвэл байгаль орчны төлөвлөгөөг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Засаг даргатай зөвшилцөж батлах шаардлагатай байсан. Гэтэл “М” ТӨҮГ-аас Засаг даргатай огт зөвшилцөөгүй, түүний саналыг аваагүй, шууд төлөвлөгөө батлуулахыг тулгасан нь зөвшилцсөн гэж үзэхгүй билээ.
Өөрөөр хэлбэл гэрээний нэг тал нь нөгөө талдаа гэрээний төслөө хүргүүлж саналыг авалгүйгээр шууд гарын үсэг зуруулахыг тулгаж шаардах нь хууль бус юм.
Гэтэл яг үүнтэй адил “М” ТӨҮГ-аас Засаг даргаар төлөвлөгөөнд гарын үсэг зуруулахыг шаардсан бөгөөд үүнийг Засаг дарга батлах боломжгүй. Гэвч анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр байгаль орчны төлөвлөгөөг батлуулахыг даалгаж шийдвэрлэсэн нь Засаг даргын бүрэн эрхэд халдаж байна.
3.“М” ТӨҮГ-аас 2020 оны байгаль орчны төлөвлөгөөг батлуулах саналаа хүргүүлэхэд нь компанийн холбогдох албан тушаалтанд нь орон нутгийн иргэдийн саналыг ав, тэдэнтэй уулзаж танилцуул, энэхүү тусгай зөвшөөрөл нь маргаантай байгаа талаар амаар тухайн үед хэлсэн бөгөөд үүнийг ч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрдөг бөгөөд хариуцагчийн зүгээс шүүхэд ийнхүү хэлж шаардсанаа хэлсэн боловч шүүх хариуцагчийн тайлбарыг үнэлээгүй, албан бичиг хүргүүлээгүй тул ийнхүү шаардсан нь нотлогдохгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалж Засаг даргын хувьд амаар шаардлага хүргүүлж байсан болно. Албан бичгээр заавал ийнхүү хариу өг гэсэн хуулийн шаардлага байхгүй бөгөөд хэрэв үнэхээр албан бичиг хэрэгтэй байсан бол нэхэмжлэгч мөн ийнхүү бичиг шаардах, шаардсан хүсэлтийг хүргүүлж байгаагүй билээ.
Засаг даргын зүгээс иргэдийнхээ шүүхэд гомдол гаргах эрхийг хүндэтгэсэн, мөн тус компанид олгосон тусгай зөвшөөрөл нь Засаг дарга, иргэдийн хурлаас санал аваагүй олгосон, мөн сум, орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газартай давхцуулж нэхэмжлэгчид олгосон, Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан эрхээ эдэлж Засаг даргатай огт зөвшилцөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд шүүхээс ч нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй юм.
Иймд Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 4 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
“М” ТӨҮГ-ын эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын XV-...., XV-...., XV-....дугаар тусгай зөвшөөрлийн талбайд байгаль орчныг хамгаалах 2020 оны төлөвлөгөөг батлахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус, өөрөөр хэлбэл нэр бүхий иргэдийн нэхэмжлэлээр Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтэст холбогдуулж үүсгэсэн захиргааны хэрэг хэрхэн шийдвэрлэгдэх хүртэл төлөвлөгөөг батлахгүй байгаа гэх хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан тайлбар үндэслэлгүй болох талаар шүүхийн шийдвэрт хангалттай зөв дүгнэжээ.
Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т “Сум, дүүргийн Засаг дарга байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ” гэж заасан, гэтэл нэхэмжлэгчээс дээрх тусгай зөвшөөрөл бүхий талбайд 2020 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө батлуулахаар анх 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хандсан боловч хуульд заасан хугацаанд төлөвлөгөөг батлаагүй, улмаар 2020 оны 3, 6 сард дахин хандсан ч мөн л хууль бус үндэслэлээр батлахгүй байгаа эс үйлдэхгүй гаргаж буй энэ тохиолдолд батлахыг даалгаснаар хариуцагчийн хуулиар олгогдсон бүрэн эрхэд халдсан гэж үзэхгүй.
Бодит байдалд байгаль орчныг хамгаалах 2019 оны төлөвлөгөөг батлах процесс одоогийнх шиг шүүхийн журмаар буюу даалгах байдлаар хэрэгжиж байсан, гэтэл 2020 онд энэ байдал дахин давтагдаж байгаа төдийгүй тусгай зөвшөөрөл анх олгогдсон нөхцөл байдал нь Засгийн газрын 2015 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 359 дүгээр тогтоолоор тус компанийн эзэмшиж байсан Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутагт орших Түйн голын алтны шороон ордны ашигт малтмалын хайгуулын 2 тусгай зөвшөөрлийг цуцалсны нөхөх олговорт зориулж Төв аймгийн Заамар суманд уг тогтоолын хавсралтад заасан солбилцлын дагуу шинээр олгохыг Ашигт малтмалын газрын даргад зөвшөөрсний дагуу үүссэн байна.
Дээрхээс дүгнэхэд Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд нэхэмжлэгчид хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсон гэж үзнэ.
Харин нэр бүхий иргэдийн нэхэмжлэл хангагдах тохиолдолд байгаль орчны төлөвлөгөө батлагдсан эсэхээс үл хамаарч тусгай зөвшөөрөл хүчингүй болох үр дагаварт хүргэнэ. Түүнээс тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах, байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө батлахыг даалгах шаардлагууд нь харилцан хамааралгүй, тус тусдаа шийдвэрлэгдэх бүрэн боломжтой маргаан юм. Энэ талаар шүүгчийн болон шүүхийн хүчин төгөлдөр захирамж, тогтоолд тодорхой дүгнэжээ.
Тухайлбал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай хариуцагчийн гаргасан хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 360 дугаар захирамжийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 38 дугаар тогтоолоор хэвээр үлдээсэн төдийгүй Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.7-д зааснаар энэхүү тогтоол нь шийдвэрлэсэн асуудлаар эцсийн байх үр дагавартай.
Ашигт малтмалын тухай хуульд зааснаар байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө тухайн тухайн ондоо батлагдаж, хэрэгжиж байх ёстой. Түүнээс 2019 оны төлөвлөгөөг 2020 онд, 2020 оны төлөвлөгөөг 2021 онд шүүхийн шийдвэрийн дагуу батлах нь хууль зүйн талаасаа ач холбогдолтой боловч бодит ач холбогдол буюу байгаль орчинд нөлөөлөх эерэг нөлөөллийг үгүй хийж буй хэрэг.
Өөрөөр хэлбэл Төв аймгийн Заамар самын Засаг даргын хувьд байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахаас татгалзах, эсхүл батлахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус байснаараа нэхэмжлэгч болон байгаль орчинд сөрөг нөлөөтэй болохоос бус давж заалдах гомдолд дурдсанчлан тухайн сумын харьяат Ж.Б, Н.Б нарын шүүхэд маргаанаа шийдвэрлүүлэх эрхийг хангаж байгаа явдал огтхон ч биш болно.
Нэгэнт иргэдийн нэхэмжлэлээр тусдаа захиргааны хэрэг үүсэн шалгагдаж буй энэ тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагад үл хамаарах нэр бүхий иргэдийн өвөлжөө, хаваржааны газартай давхцуулан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон эсэх, аймгийн болон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор 2015 онд орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газартай нэхэмжлэгчийн эзэмшлийн хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай давхцаж байгаа эсэхэд шүүхээс дүгнэлт өгөх шаардлагагүй.
Хэдийгээр Ашигт малтмалын тухай хуульд байгаль орчны төлөвлөгөөг батлахаас татгалзах үндэслэлүүдийг хуульчлаагүй, гэхдээ энэ нь хариуцагчийн хувьд зөвхөн батлах үүргийг хүлээлгэсэн гэж үзэх боломжгүй боловч давж заалдах гомдолд дурдсан шалтгаан нөхцөлүүд нь нэхэмжлэгчийн төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэхүйг зөвтгөх үндэслэл болохгүй.
Түүнчлэн нэхэмжлэгчид олгосон ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлүүд хууль бусаар олгогдсон талаар захиргааны болон шүүхийн ямар нэгэн шийдвэр гараагүй, иргэдийн нэхэмжлэлээр үүссэн захиргааны хэрэг шүүхээр шийдвэрлээгүй байна.
Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д заасан “…сумын Засаг даргатай зөвшилцөн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулах” зохицуулалт нь тухайн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл анх авснаас хойш 30 хоногийн дотор хийгдэх ажиллагаа бөгөөд харин нэхэмжлэгчийн одоогийн батлуулахыг хүссэн 2020 оны төлөвлөгөө нь тусгай зөвшөөрлийг авснаас хойш 5 дахь жилийн төлөвлөгөө буюу хуулийн 38.1.6-д заасан зохицуулалтад хамаарахаар байна.
Гэтэл шүүхийн шийдвэрт хэрэгт хамааралгүй хуулийн 38.1.1-ийг, мөн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-т заасан “Захиргааны үйл ажиллагаанд хуульд үндэслэх зарчмыг баримтална” гэснийг тус тус баримталсан байх тул хууль хэрэглээний зохих өөрчлөлт оруулж, дээрх үндэслэлээр шийдлийг хэвээр үлдээв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1.Төв аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 4 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 38.2…” гэснийг “Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.6, 38.2” гэж өөрчлөн, бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч Төв аймгийн Заамар сумын Засаг дарга Л.Аын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН