Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
Хэргийн индекс | 102/2017/00686/И |
Дугаар | 001/ХТ2018/00127 |
Огноо | 2018-01-23 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 001/ХТ2018/00127
“К” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2017/02112 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 2129 дүгээр магадлалтай,
“К” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Х.Н-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 4.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жанчив, хариуцагч Х.Н, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч “К” ХХК-ийн нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жанчивын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Х.Н нь манай компаниас 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 250.000 төгрөг, мөн сарын 29-нд 100.000 төгрөг, мөн оны 10 дугаар сарын 09-нд 2.150.000 төгрөг, 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 2.000.000 төгрөг, нийт 4.500.000 төгрөгийг зээлсэн болно. Тэрээр зээлсэн мөнгөө төлөх талаар ямар нэгэн арга хэмжээ авахгүй байна. Х.Н нь зээл хүсэхдээ Хаан банкнаас аваагүй байгаа цалингаа аваад энэ зээлээ эргүүлэн төлнө гэж тайлбарлаж байсан бөгөөд Хаан банкинд гаргасан хүсэлтээ үзүүлж байсан болно. Зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул хүү нэхэмжлэхгүй. Иймд хариуцагч Х.Н-гээс үндсэн зээл 4.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Х.Н-гийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгчийн зүгээс намайг зээл хүсэхдээ Хаан банкинд гаргасан хүсэлтээ үзүүлсэн, мөн 2014 онд 2.500.000 төгрөг, 2015 онд 2.000.000 төгрөг зээлж авсан гээд хавсаргасан зарлагын баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Бид компьютер график дизайны анги төгссөн мэргэжил нэгтэй хүмүүс. Ямар бичиг баримт дээр ямар засвар орсныг мэдэх боломжтой. 2013 оны баримтыг 2015 болгоод зассан байна. Сайн харвал арын таталт нь арай өөр байгаа. Үүнийг шалгуулахаар шинжээч томилуулахаар хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хүлээж авсангүй. 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр би ажил дээр байгаагүй. Наадмын амралттай гээд бүгдээрээ амраад явсан байсан. 7 дугаар сарын 8-ны өдөр би талийгаачийн газрыг очиж цэвэрлэх зан үйл хийхээр Өлзийт рүү явсан байсан. Энэ үед би эднийд очиж мөнгө зээлсэн зүйл байхгүй. Нотлох баримт болгож миний нэр дээрх болон байгууллагын дансны хуулгыг өгсөн байна. Түүнээс надад мөнгө авах шаардлага байсан уу, үгүй юу гэдэг нь харагдана. Тиймээс нэхэмжлэгчээс мөнгө хүлээж авах боломж байгаагүй гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч Л.Сарангуагийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 4.500.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага нь 2014 оноос 2015 оны хооронд хамаарч байна гэж нэхэмжлэгч бичсэн. Зээлдүүлсэн гэх 2.500.000, 100.000, 2.150.000 төгрөг нь кассын дэвтэр гэх компанийн хөтөлдөг дэвтэр дээр бичигдсэн гэж хэлээд байгаа. Энэ кассын дэвтэр нь нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа. Яагаад гэхээр энэ дэвтэрт мөнгийг зээлсэн, зээлдүүлсэн хүний гарын үсэг байхгүй. 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 2.000.000 төгрөгийн тухайд бид нар удаа дараа хэлж байгаа. Ийм баримт огт үйлдээгүй 2013 оны баримтыг 2015 он гэж зассан байна. Дээрээс нь энэ 4.500.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, энэ мөнгийг зээлж аваагүй гэж хариуцагч хэлж байгаа. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд зааснаар санхүүгийн анхан шатны баримт гэж юуг хэлэх вэ гэхээр ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог хэлж байгаа. Мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болно, 7 дугаар зүйлийн 7.5-т анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно, 9 дүгээр зүйлд тухайн аж ахуйн нэгж ямар нэгэн өр төлбөртэй гэж байгаа бол аж ахуйн нэгж байгууллага нь түүндээ өр төлбөрөө нягтлан бодох бүртгэлийн Олон Улсын стандартын дагуу тусгах ёстой. Тэгэхээр энэ хүнийг зээл авсан гэдгийг гарын үсэгтэй нь гаргаж ирэх хэрэгтэй. Зээл нь тодорхой хугацаатай байх ёстой. Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Энэ баримт хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв гэж үзэхэд эргэлзээтэй байна. Тиймээс Иргэний хуулийн 282 дугаар зүйл 282.4-т зааснаар зээлийн гэрээний зүйлээ шилжүүлсэн нь тодорхой бус байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2017/02112 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Х.Нгээс 2.000.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “К” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.500.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 86.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Нгээс 46.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 2129 дүгээр магадлалаар: Баянгол дүүргийн шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2017/02112 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Х.Нгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
Хариуцагч Х.Нгийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 102\ШШ2017\02112 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 сарын 27-ны өдрийн 2129 тоот магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй тул шударга бус шийдвэр боллоо гэж үзэн шийдвэрийн зарим хэсэг буюу 2 сая төгрөгийг хангаж шийдвэрлэсэн хэсгийг зөвшөөрөхгүй байна. Миний бие компаниас зээл авч байгаагүй. Надад 2 сая төгрөг зээлсэн гэх баримтыг хуурамч гэж үзэж байна. Баримтын баруун өнцөгт “2013 он” гэснийг “2015 он” болгож зассан байна. Миний гарын үсгийг магадгүй компьютер графикийн аргаар энэ баримтад ашигласан. Гэхдээ би гарын үсгийг шинжилсэн шинжээчийн дүгнэлтийг зөв гэж үзэхгүй байгаа бөгөөд шинжээчийн дүгнэлтийг шүүх хөдөлбөргүй үнэн зөв баримт гэж үздэггүй гэж итгэж байна. Нэхэмжлэгч компани ажилтандаа зээл олгохдоо тайлан балансдаа тусгасан байх бөгөөд энэ талаар баримт гаргаж өгөөгүй. Хэрэв компани надад ийм хэмжээний зээл олгосон бол зээлийн гэрээ байгуулах, зээлийн гэрээний хугацааны талаар тохиролцох байсан. Энэ талаар Иргэний хуулийн 282.4, 283.1 дэх заалт зөрчигдсөн. Иймд шүүх эргэлзээ бүхий, үнэн зөв бус баримтыг үнэлж, нэхэмжлэлийг хангасан нь шударга бус боллоо гэж үзэн гомдолтой байх тул нэхэмжлэлээс 2 сая төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байх тул хариуцагчийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч “К” ХХК нь хариуцагч Х.Нгээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, зээлийн гэрээ байгуулаагүй, мөнгө аваагүй, баримтан дээрх гарын үсэг минийх биш тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргажээ.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэжээ.
2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хариуцагч Х.Н бэлэн мөнгөний зарлагын баримтаар 2.000.000 төгрөгийг хүлээн авч, гарын үсэг зурсан баримт дээрх гарын үсэг нь хариуцагчийн гарын үсгийн хэвтэй тохирч байгааг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 3089 дүгээр дүгнэлтээр тогтоосон байна. Иймээс Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар 2.000.000 төгрөгийн зээлийг буцаан шаардах эрх хариуцагчид үүссэн гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн баримтаар үндэслэгдсэн байна.
Нэхэмжлэгч нь 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 250.000 төгрөг, мөн сарын 29-ний өдөр 100.000 төгрөг, мөн оны 10 дугаар сарын 09-ний өдөр 2.150.000 төгрөгийг тус тус хариуцагчид хүлээлгэн өгсөн гэж байгууллагын кассын дэвтрийг баримт болгосон хэдий ч уг дэвтэрт хариуцагчийн гарын үсэг байхгүй, хариуцагч энэ баримтыг зөвшөөрөөгүй байх тул нэхэмжлэгчийг шаардах эрхгүй гэж дүгнэснийг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т нийцсэн гэж үзнэ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 2.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгон, үлдэх 2.500.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журамд нийцүүлэн зөв үнэлсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ зохих ёсоор хэрэгжүүлсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Х.Нгийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2017/02112 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 2129 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Хариуцагч Х.Нгээс хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр төлсөн 46.950 /дөчин зургаан мянга есөн зуун тавин/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Д.ЦОЛМОН