Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2018/00711

 

Б.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШШ2017/03685 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 76 дугаар магадлалтай,

Б.М-ын нэхэмжлэлтэй,

“Т” ХХК-д холбогдох,

9.592.250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянгасайханы гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Баасансүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянгасайхан, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч Б.М- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тайгам-Алтай ХХК-иас 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 20 дугаар байрны 184 айлын орон сууцнаас 85.65 м.кв бүхий 3 өрөө орон сууцыг 1 м.кв-ыг 1,679,392 төгрөгөөр нийт 143,840,000 төгрөг,  2013 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх  дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 430 дугаар байрны 150 айлын орон сууцнаас 49.99 м.кв бүхий 2 өрөө орон сууцыг 1 м.кв-ыг 1,937,248 төгрөгөөр нийт 96,843,000 төгрөгөөр захиалсан. Тухайн байруудыг 85.65 болон 49.99 метр квадрат талбайтай гэсний дагуу гэрээ байгуулж зохих төлбөрийг төлсөн. Гега гранд ХХК-нд хандаж байрны талбайн хэмжээг тогтоолгоход уг 85.65 м.кв бүхий байр 82.05 м.кв, 49.99 м.кв бүхий байр 48.26 м.кв болохыг тодорхойлсон. Иймээс дээрх 2 орон сууцны талбайн зөрүү болох 5.33 м.кв талбайн үнэ 9,397,250 төгрөг, байрны хэмжилтийн үнэлгээний хураамж 195,000 төгрөг нийт 9,592,250 төгрөгийг тус компаниас гаргуулж өгнө үү гэжээ.                                                 

Хариуцагч “Т” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Маргаж буй  байрууд  2 өмчлөгчтэй. Гэрээг байгуулахдаа нэг байрны гэрээг Б.М-, нөгөөг  Д.Түвшинжаргал хийсэн. Гэрээ байгуулсан этгээдийг Б.М- дангаар төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Б.М- Олимп хотхоны байрыг хүлээн авсан учраас гомдлыг шаардлагаа гаргаж байна. Д.Түвшинжаргал Алтай хотхон дээр гэрээ байгуулсан. Мөн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн. Гэтэл 2013 онд энэ барилга караказ хэлбэртэй болсон ба доторх өрөөний зохион байгуулалт тодорхой болсон байсан. Худалдах худалдан авах гэрээний дагуу өмчлөх эрх 2015 онд шилжсэн. Худалдан авч байгаа эд хөрөнгийн доголдлыг талаарх шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 6 сар байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШШ2017/03685 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2, 352.2.3, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Тайгам-Алтай ХХК-иас 3,423,439 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.М-ад олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 6,168,811 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.М-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 165,306 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Тайгам-Алтай ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 69,725 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.М-ад олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 76 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШШ2017/03685 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Тайгам-Алтай ХХК давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 69.730 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянгасайхан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17 ны өдрийн 101/ШШ2017/03685 тоот шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 сарын 03 ны өдрийн 76 тоот магадлалыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан гэж дүгнэж байгаа нь хуулийг буруу хэрэглэсэн бөгөөд бодит байдалтай худалдах худалдан авах гэрээний шинжийг агуулсан байгаа нь гэрээг байгуулах цаг хугацаанд барилга карказ боссон түүний доторх талбайн зохион байгуулалт хэмжээ тодорхой байсан тул худалдан авагч түүнд нийцүүлэн тэр хүрээнд сонголт хийгдсэн болно. Нэхэмжлэгч нь орон сууцыг 2015 онд хүлээн авч байрандаа орсон бөгөөд эд хөрөнгийн доголдлын талаар орон сууцыг хүлээн авахаасаа өмнө хэмжилт хийлгэж мэдсээр байж хүлээн авсан ба шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 6 сар өнгөрсөн байхад анхан шатны шүүх гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан нь шүүхэд мэдүүлэх шаардах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй гэж дүгнэсэн нь буруу юм. Энэхүү байдал нь анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа өөр өөр цаг хугацаанд худалдан авсан орон сууцны талбайн зөрүүг нэхэмжилдэг бөгөөд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжийн хувьд Алтай хотхоны байрандаа нэхэмжлэл гаргасан байхад нэхэмжлэгчийг Олимп хотхоны 430 дугаар байранд нэхэмжлэл гаргасан байна гэж шүүх хийсвэрээр дүгнэж алдаа гаргаж хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэсэн нь үндэслэлгүй юм. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлээс 3.351.439 төгрөгийг хангаж шийдсэнийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйгээс шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. 

Нэхэмжлэгч Б.М- нь хариуцагч “Т” ХХК-с  9.592.250 төгрөг нэхэмжлэхдээ шаардлагын үндэслэлийг биет байдлын доголдолтой буюу гэрээгээр тохирсон хэмжээнээс бага талбайтай орон сууц шилжүүлсэн гэжээ.  Хариуцагч нэхэмжлэлээс татгалзахдаа “...гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэсэн тайлбар гаргаж, маргажээ.

1.Нэхэмжлэгч Б.М- нь хариуцагч “Т” ХХК-тай  2013 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Орон сууц захиалгаар барих гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 430 дугаар байрны 35 тоотын  49.99 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 1 м.кв-ыг 1.937.248 төгрөгөөр захиалан  нийт 96.843.000 төгрөг  төлөх, хариуцагч нь  орон сууцыг 2014 оны 4 дүгээр улиралд багтаан барьж гүйцэтгэхээр тохирчээ.

Мөн “Т” ХХК нь П.Түвшинжаргалтай  2013 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Орон сууц захиалгаар барих гэрээ байгуулж, Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 20 дугаар байрны 184 айлын орон сууцны 22 тоотын 89.9 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг  2013 оны 1 дүгээр улиралд багтаан барьж хүлээлгэн өгөх, захиалагч орон сууцны үнэд  143.840.000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ.

Б.М-, П.Түвшинжаргал нар орон сууцны үнийг бүрэн төлсөн, 20 дугаар байрны 22 тоотыг 2013 оны 5 дугаар сарын 14-ний өдөр, 430 дугаар байрны 35 тоотыг  2015 оны 8 дугаар сарын 4-ний өдөр тус тус эзэмшилдээ  хүлээн авч  улмаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлд  өмчлөгчөөр бүртгэгдсэн нь тогтоогджээ /хэргийн 25, 52-53, 55 дугаар тал/.

1.1.Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон  хөлс төлөх үүргийг тус тус хүлээх ба талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т нийцжээ.

Захиалагч орон сууцны үнэ төлөх, гүйцэтгэгч орон сууцыг хүлээлгэн өгөхөөр тохирсон гэрээний үүргээ тус тус  биелүүлсэн,  энэ талаар маргаагүй байна.

Нэхэмжлэгч 2015 оны 07 дугаар сарын 1-ны өдөр хэмжилт хийлгэсэн, “Гега гранд” ХХК нь Баянгол дүүрэгт байрлах орон сууц 82.05 м.кв, Баянзүрх дүүрэгт байрлах байр 48.26  м.кв болохыг тогтоосныг хариуцагч үгүйсгээгүй  байна.

Орон сууцны талбай гэрээнд заасан хэмжээнээс бага байсан тул нэхэмжлэгч нь хариуцагчид төлсөн төлбөрөөс дутуу талбайн зөрүүд ногдох хэсгийг буцаан гаргуулах, мөн учирсан хохирлыг арилгуулах шаардлага гаргажээ.

Хариуцагчийн гүйцэтгэсэн ажлын үр дүнг доголдолтой гэж үзэх, нэхэмжлэгч шаардлага гаргах эрхтэй эсэх нь маргааны зүйл болжээ.

Төрлийн шинжээр тодорхойлогдох эд юмс хийж, захиалагчийн өмчлөлд шилжүүлсэн бол худалдах-худалдан авах гэрээг зохицуулсан журам үйлчлэхээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3-т заасан, шүүх уг зохицуулалтыг хэрэглээгүй байна. Ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр төрлийн шинжээр тодорхойлогдох орон сууц бий болсон, энэ тохиолдолд  худалдах-худалдан авах гэрээг зохицуулсан журмыг хэрэглэх нь зүйтэй.

1.2.Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1.-т “гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ”,  251.2.-т “хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ” гэж тус тус зааснаас үзвэл эд хөрөнгийн биет байдлын доголдол нь тоо, хэмжээ, чанараар  ялгагдана.  

Нэхэмжлэгч орон сууцны талбайн хэмжээний талаар гомдол гаргасан боловч талбай гэрээнд зааснаар бага байсан нь уг орон сууцыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болгосон гэх тайлбар, үндэслэлийг нэхэмжлэлд дурдаагүй, энэ талаар маргаагүй  байна.

Үүргийн гүйцэтгэлд ноцтой нөлөө үзүүлэхээргүй бол эд хөрөнгийн зарим хэсгийг дутуу буюу гэрээнд зааснаас өөр барааг бага хэмжээгээр шилжүүлсэн, эсхүл эд хөрөнгийн нэг хэсэг нь доголдолтой байсан ч түүнийг бүхэлд нь доголдолтой гэж үзэхгүй талаар  Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.3.-т заасан. Талбайн хэмжээ бага байсан нь тухайн орон сууцнуудыг зориулалтын дагуу ашиглахад ноцтой нөлөө үзүүлсэн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Орон сууцны талбайн хэмжээ гэрээнд зааснаас бага байгаа гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч илүү төлсөн мөнгийг буцаан авахаар шаардлагаа тодорхойлжээ.

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1., 254.2.-т зааснаар худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй  ба тэрээр баталгаат болон гомдлын шаардлага гаргах хугацаанд гомдол гаргаагүй бол доголдлыг арилгахад шаардлагатай мөнгөний хэмжээгээр анхны үнийг бууруулахаар шаардаж болохоор зохицуулсан бол мөн зүйлийн 254.3., 254.4., 254.5.-т  тоо, хэмжээний доголдолтой холбоотой зохицуулалт тусгагджээ.

Хуулийн дээрх зохицуулалтаар Иргэний хуулийн 251.3-т зааснаас бусад тохиолдолд худалдагч нь гэрээнд заасан тоо, хэмжээнээс дутуу эд хөрөнгө илгээсэн бол худалдан авагч уг эд хөрөнгийг хүлээн авахаас татгалзах эрхтэй.  Орон сууцны талбайн хэмжээ дутуу нь эд хөрөнгийг хүлээн авах үед илрэх  тул худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авахаас татгалзах боломжтой.

Харин тоо, хэмжээнээс дутуу эд хөрөнгийг худалдан авагч хүлээн авсан бол  худалдагч нь гэрээний үнэд хувь тэнцүүлэн дутуу эд хөрөнгийн үнийг буцааж төлөхөөр мөн зүйлийн 254.4.-т заажээ. Орон сууцны талбайн хэмжээ гэрээнд зааснаас бага байгаа тохиолдолд дутуу талбайн үнийг буцааж төлөх шаардлага гаргахаас өмнө худалдан авагч нь тухайн эд хөрөнгийг хүлээн авах эсэхээ шийдвэрлэх ёстой тул хэмжээг шалгах  шаардлагатай.  

Эд хөрөнгийн чанарын доголдол нь тухайн эд хөрөнгийг хүлээн авах үед ч, ашиглалтын явцад ч илэрдэг бол  тоо, хэмжээний доголдол нь хүлээн авах үед тогтоогдох боломжтой, иймд  тоо, хэмжээний доголдлын талаар гаргах худалдан авагчийн эрхийг чанарын доголдлын талаарх шаардлагаас өөрөөр зохицуулсан байна.

1.3. Эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан худалдан авагч шаардах эрхээ алдахаар Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1.-т заасан. Энэхүү зохицуулалтаар тоо, хэмжээний доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ талаар худалдагчид мэдэгдэж, улмаар Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.3., 254.4.-т заасан шаардлага гаргана. Харин доголдлыг  илрүүлсэн боловч эд хөрөнгийг хүлээн авсан, эсхүл доголдлыг илрүүлэх боломжтой байсан боловч эд хөрөнгийг шалгаж аваагүй худалдан авагч нь худалдагчаас дутуу эд хөрөнгийн үнийг буцааж төлүүлэхийг шаардах эрхээ алдана.

Нэхэмжлэгч орон сууцыг эзэмшилдээ авахдаа орон сууцны талбайн хэмжээний талаар хариуцагчид  гомдол гаргаагүй байна.

1.4. Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2.-т зааснаар худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцох тул нэхэмжлэгч нь  орон сууцнуудыг хүлээн авснаар дутуу эд хөрөнгийн үнийг буцаан төлүүлэхээр  шаардах эрхээ  алдсан гэж үзнэ.

2. П.Түвшинжаргал нь хариуцагч “Т” ХХК-тай гэрээ байгуулж, Баянгол дүүрэгт байрлах орон сууцыг захиалсан боловч нэхэмжлэгч Б.М- нь тухайн орон сууцны хамтран өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгдсэн, мөн гэр бүл болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ. Иймд Б.М-ыг уг орон сууцны талаар нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзсэн шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т нийцээгүй байна.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШШ2017/03685 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 76 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1., 343.4., 254 дүгээр зүйлийн 254.4., 255.1.1.-д заасныг баримтлан хариуцагч “Т” ХХК-д холбогдох 9.592.250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.М-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.                                                                                                                        

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр төлсөн 69.725 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.                                                            

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.АМАРСАЙХАН

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ