Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 3685

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Мын нэхэмжлэлтэй,    

Хариуцагч: “Т” ХХК-д холбогдох,

Орон сууцны метр квадратын зөрүү 9,592,250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номинцэцэг нар оролцов.   

 

                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:

Т...ХХК-иас 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 20 дугаар байрны 184 айлын орон сууцнаас 85.65 м.кв бүхий 3 өрөө орон сууцыг 1 м.кв-ыг 1,679,392 төгрөгөөр нийт 143,840,000 төгрөг, 2013 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 430 дугаар байрны 150 айлын орон сууцнаас 49.99 м.кв бүхий 2 өрөө орон сууцыг 1 м.кв-ыг 1,937,248 төгрөгөөр нийт 96,843,000 төгрөгөөр захиалсан. Гэрээ байгуулах үед тухайн байруудыг тус тус 85.65 болон 49.99 метр квадрат талбайтай гэсний дагуу гэрээг байгуулж зохих төлбөрийг төлсөн.

Гэтэл Т...ХХК нь гэрээ байгуулахдаа Монгол улсын стандарт орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал MNS6058:2009 стандартыг зөрчсөн талаар Шудрага өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын албаны хүмүүс хэвлэл мэдээлэлийн хэрэгсэлээр анхааруулсаны дагуу “Гега гранд” ХХК-нд хандаж байрны талбайн хэмжээг тогтоолгоход тайлангаар уг 85.65 м.кв бүхий байр 82.05 м.кв, 49.99 м.кв бүхий байр нь 48.26 м.кв болохыг тодорхойлсон. Иймээс орон сууцны барилгын доторх сууцны талбайн зөрүү болох 5.33 м.кв талбайн үнэ 9,397,250 төгрөг, байрны хэмжилтийн үнэлгээний хураамж 195,000 төгрөг нийт 9,592,250 төгрөгийг тус компаниас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Маргаж буй 2 байр 2 өмчлөгчтэй. Гэрээг байгуулахдаа нэг байрны гэрээг нь Б.Б.М, нөгөө байрны гэрээг Д.Түвшинжаргал хийсэн байдаг. Гэрээний зүйл болох хөрөнгийн талаар доголдолтой гэж маргаж байна. Гэрээ байгуулсан этгээдийг Б.Б.М дангаар төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Энэ асуудал өмнөх шүүх хуралдаанд яригдсан. Өнөөдөр Д.Түвшинжаргал Б.Б.Мад итгэмжлэл хийж өгсөн боловч тус итгэмжлэлээр ямар хэрэгт өөрийнхөө ямар эрх үүргийг хэрэгжүүлж, түүнийг шүүхэд төлөөлүүлэхийг дурдаагүй байна. Мөн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг олгоогүй байна. Иймд нэхэмжлэл гаргаж байгаа үйлдэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж байна. Б.Б.М Олимп хотхоны хувьд байрыг хүлээн авсан учраас гомдлыг шаардлагаа гаргаж байна. Д.Түвшинжаргал Алтай хотхон дээр гэрээ байгуулсан. Мөн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн. 2015 оны 7 дугаар сарын 11-ний өдөр байранд хэмжилт хийлгэж, доголдолтой гэдгийг мэдсэн. Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж тайлбарлаж байна. Гэтэл 2013 онд энэ барилга караказ хэлбэртэй болсон байсан. Доторх өрөөний зохион байгуулалт тодорхой болсон байсан. Худалдах худалдан авах гэрээний дагуу өмчлөх эрх 2015 онд шилжсэн. Худалдан авч байгаа эд хөрөнгийн доголдлыг талаарх шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 6 сар байдаг. Иймд Олимп хотхоны байранд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн учраас хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл бүрдсэн байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,                                                                                                                       

  ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.Б.М нь хариуцагч Т...ХХК-нд холбогдуулан Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхон, Энгельсийн гудамж 20 дугаар байрны 22 тоот орон сууцны талбайн метр квадратын зөрүүд 6,045,811  төгрөг, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 13312 Хүннүгийн гудамж 430 дугаар байрны 35 тоот орон сууцны талбайн метр квадратын зөрүүд 3,351,439 төгрөг, хэмжилт хийлгэхэд гарсан зардал 195,000 төгрөг нийт 9,592,250 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.

Хариуцагч нь Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхон, Энгельсийн гудамж 20 дугаар байрны 22 тоот орон сууцыг захиалгаар барих гэрээг П.Түвшинжаргалтай байгуулсан тул нэхэмжлэгч Б.Б.М нь шаардах эрхгүй,  Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 13312 Хүннүгийн гудамж 430 дугаар байрны 35 тоот орон сууцны доголдолын талаар гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

  1. Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхон, Энгельсийн гудамж 20 дугаар байрны 22 тоот орон сууцны тухайд:       

Хариуцагч Т...ХХК, П.Түвшинжаргал нарын хооронд 2013 оны 2 дугаар сарын 22-ны өдөр “орон сууц захиалгаар барих гэрээ”-г байгуулж, нэг талаас гүйцэтгэгч Т...ХХК нь Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших 184 айлын орон сууцны 22 тоот орон сууцны барилгыг 2013 оны 1 дүгээр улиралд багтаан хүлээлгэн өгөх, нөгөө талаас захиалагч П.Түвшинжаргал нь орон сууцны үнэнд 143,840,000 төгрөгийг төлөх үүргийг харилцан хүлээсэн болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан  уг гэрээний хуулбараар тогтоогдож байна. /х.х-ийн 29-32 дугаар тал/

Уг гэрээний дагуу захиалагч П.Түвшинжаргал нь 2013 оны 5 дугаар сарын 14-ны өдөр орон сууцыг хүлээн авсан байна. /х.х-ийн 52 дугаар тал/

Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д “хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ шаардах эрхтэй” гэж зохицуулсан.

Тодруулбал, нэхэмжлэгч Б.Б.М нь 2013 оны 2 дугаар сарын 22-ны өдөр “орон сууц захиалгаар барих гэрээ”-ний нэг тал биш тул үүргийн гүйцэтгэлийг Т...ХХК-иас шаардах эрхгүй байна.

Нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн “нэхэмжлэгчийг төлөөлөх” агуулга бүхий итгэмжлэлээр Б.Б.М нь П.Түвшинжаргалын өмнөөс Т...ХХК-иас гэрээний үүргийг шаардах эрхтэй гэж үзэх үндэслэлгүй, нөгөөтэйгүүр энэхүү итгэмжлэлээр П.Түвшинжаргал нь шаардах эрхээ шилжүүлсэн гэж үзэхгүй юм. /х.х-ийн 54 дүгээр тал/

Нэхэмжлэгчийг уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхгүй гэж үзсэн тул гэрээний агуулга, хүсэл зоригийн илэрхийлэл, үүргийн гүйцэтгэлийн талаар тусгайлан шүүх дүгнэлт өгөх шаардлаггүй гэж үзсэн болохыг дурдах нь зүйтэй.

              2. Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 13312 хүннүгийн гудамж 430 дугаар байрны 35 тоот орон сууцны тухайд:

Нэхэмжлэгч Б.Б.М хариуцагч Т...ХХК нарын хооронд 2013 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 02-D-35 дугаартай “орон сууц захиалгаар барих гэрээ”-г байгуулж, нэг талаас гүйцэтгэгч Т...ХХК нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших 430 дугаар байрны 35 тоот орон сууцны барилгыг 2014 оны 4 дүгээр улиралд багтаан хүлээлгэн өгөх, нөгөө талаас захиалагч Б.Б.М нь орон сууцны үнэнд 96,843,000 төгрөгийг төлөх үүргийг харилцан хүлээсэн болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан  уг гэрээний хуулбараар тогтоогдож байна. /х.х-ийн 27-28 дугаар тал/

Орон сууц захиалгаар барих гэрээг байгуулах үед тухайн барилгыг карказыг босгосон байсан гэх зохигчдын тайлбар болон гэрээний 3.1, 4.1, 4.3 дахь хэсэгт талуудын илэрхийлсэн хүсэл зориг, зорилго зэргээс дүгнэн үзвэл Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд “ажил гүйцэтгэх гэрээ”-ний харилцаа үүссэн байна гэж үзэв.

Ажил гүйцэтгэгч нь Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-д зааснаар “захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүрэгтэй” гэж, мөн хуулийн 353 дугаар зүйлийн 353.2-т “гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт тохирч байвал ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй” гэж үзнэ гэж тус тус зохицуулсан.

Ажил гүйцэтгэгчээс захиалагчид шилжүүлсэн орон сууцны талбайн хэмжээний талаар талууд маргасан бөгөөд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотолж, “Гегагранд” ХХК-ийн “орон сууцны талбайн хэмжилтийн талаарх дүгнэлт”-г ирүүлсэн. /х.х-ийн 6-15 дугаар тал/

Уг дүгнэлтээр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 13312 хүннүгийн гудамж 430 дугаар байрны 35 тоот орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал MNS 6058:2009 стандартын дагуу дээрх хэмжилтийг зохих зааврын дагуу хийж нийт талбайн хэмжээ 48.26 метр квадрат болохыг тогтоосон байх бөгөөд хариуцагч нь үүнийг үгүйсгэж мэтгэлцээгүй, дүгнэлтийг няцаасан баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар гаргаж өгөөгүй, нотлоогүй болно.

Дээрх үйл баримтаас үзэхэд захиалагчтай байгуулсан гэрээгээр тохирсон MNS6058:2009 стандартаар 49.99 метр квадрат байх орон сууцны талбайн хэмжээ /49.99-48.26/=1.73 метр квадратаар дутуу /1.73х1,937,248/ байх тул нэхэмжлэгч нь 3,351,439 төгрөгийг илүү төлсөн гэж үзэх үндэслэлтэй.

Хариуцагч нь Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д “ажил гүйцэтгэгч гэрээний нөхцлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэгэн доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг ... ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргана. Барилга, байшингийн ийм дутагдалын талаар ажил хүлээн авснаас хойш гурван жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болно” гэж зохицуулснаар шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргасан.

Хуульд заасан уг зохицуулалтаар захиалагч нь гүйцэтгэгч талдаа гэрээний үүргийн гүйцэтгэлийн талаар гомдлын шаардлага гаргах хугацааг зохицуулсан бөгөөд нэхэмжлэгчийн шүүхэд мэдүүлэх, шаардах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” байна гэсэн зохицуулалтад хамаарах бөгөөд мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно. Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүсэхээр мөн зүйлийн 76.2-т зохицуулсан.

Түүнчлэн Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.7-д зааснаар тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, ... бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдах ба ийнхүү тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолох бөгөөд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 33278 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон зэрэг үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгчийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж үзнэ. /х.х-ийн 4 дүгээр тал/

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.3-т “доголдолын улмаас ажлын үр дүнгийн үнэ нь буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн ажил гүйцэтгэгчид төлбөл зохих хөлсийг бууруулах” тухай шаардлага гаргах эрхтэй байна.

Нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэгч Т...ХХК-ийг гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэсэн үндэслэлээр “Гегагранд” ХХК-иар орон сууцны талбайн хэмжилт хийлгэсэн ажлын хөлс 72,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т “үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж заасан зохицуулалтад нийцэж байх тул 72,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэв.

Дээрх үндэслэлүүдээр хариуцагч Т...ХХК-иас 3,423,439 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б.Мад олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 6,168,811 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

    

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

          1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2, 352.2.3, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т...ХХК-иас 3,423,439 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Б.Мад олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 6,168,811 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

          2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б.Маас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 165,306 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т...ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 69,725 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Б.Мад олгосугай.

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Л.ЭНХЖАРГАЛ