Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 920

 

 

 

 

 

 

Ш.Ад холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Н.Батсайхан, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                             

            прокурор Б.Мөнх-Од,

            шүүгдэгч Ш.А, түүний өмгөөлөгч Ш.Амарбаяр,

            хохирогч Б.М, түүний өмгөөлөгч Б.Зулбаяр,  

            нарийн бичгийн дарга И.Буманбаяр нарыг оролцуулан,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 350 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Б.Мын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ш.Ад холбогдох 201725020759 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           

Боржигон овгийн Шижирбаатарын Ш.А, Хэнтий аймгийн Норовлин суманд 1990 оны 5 дугаар сарын 4-ний өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, автомашины засварчин мэргэжилтэй, “Гранд нью ланд” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 3; эцэг, эхийн хамт амьдардаг, Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн нарангийн 8-11 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: СП90050413/;

 

Ш.А нь 2017 оны 3 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, “Кибэр” зочид буудлын гадна Б.Мыг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

            Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Ш.Аы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ш.Аыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 1 жилийн дотор төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Хохирогч Б.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ш.А нь “хохирол бүрэн төлж барагдуулна, баталгаа болгож батлан даагч гаргаж ирнэ” гэж намайг хууран мэхэлж, зальт санаа гаргасанд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл шийтгэх тогтоолын “хохирогч Б.Мын тус шүүхэд ирүүлсэн хохирол төлбөрийг тооцохдоо хавтаст хэрэгт байгаа болон бусад баримтуудыг нэгтгэн тооцож нийт 4,000,000 төгрөгийг төлөхөөр тооцоо нийлсэн бөгөөд... Б.М энэхүү хохирлоо авсан тул гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болно” гэсэн хүсэлтээр шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болох нь нотлогдож байх ба шүүгдэгч Ш.Ад эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал болсноос гадна хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэл болов” гэж дурдагдсан нь үндэслэлгүй юм.

Учир нь хохирол төлөгдөх талаар хоёр баримт үйлдэгдсэн ба үүнийг санаатайгаар сольж, шүүхэд хүргүүлсэн болохыг хожим ойлгож мэдлээ. Хохирол төлбөр төлөгдөөгүй, төлөх талаар санаачлага гаргахгүй, бусадтай нийлж хуурч мэхэлэн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хохиролд 1,000,000 төгрөг төлсөн ба үлдэгдэл төлбөрийг 11 дүгээр сарын 13-ны өдөр төлөхөөр тохиролцсон боловч тэрээр “шүүх хурал болоод дууссан одоо яах, ийх чинь хамаагүй” гэж хүний ёсонд байхгүй зан гаргасанд гомдолтой байна.

Иймд Ш.Ад тохирсон ял оногдуулж өгнө үү.” гэв.

 

Хохирогч Б.Мын өмгөөлөгч Б.Зулбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэрэгт давж заалдах шатны шүүхийн шатнаас хохирогчийн өмгөөлөгчөөр оролцож байна. Хохирогчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Ш.А хохирогчтой хохирлыг барагдуулж өгнө гэж буюу “4,000,000 төгрөгийн хохирлыг төлсөн учир, хохирогч Б.М гомдол саналгүй” гэсэн хэлцэл хийснээр гомдолгүй гэсэн бичгийг авсан байдаг. Тухайн бичгийн дагуу анхан шатны шүүх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн авч үзэж, 450 нэгжээр торгох ял оногдуулсан байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад заасан “гэм буруугаа хүлээж хохирлоо төлөх үүрэг хүлээсэн хүн шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол хүндрүүлэх нөхцөл байдал болно” гэж заасан байдаг. 4,000,000 төгрөг авсан, өгсөн эсэх талаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар үнэн зөв мэдүүлэх байх. Шүүгдэгч Ш.Ааас 4,000,000 төгрөгийг өгөөгүй гэдэг нь илэрсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүулийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар гэм буруугаа хүлээж хохирлоо төлөхөөр илэрхийлсэн хүн шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй гэдэг үндэслэлээр зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хүндрүүлж өгнө үү. Шүүгдэгч Ш.А “чи чаддаг юм бол заргалдаад аваарай гэдэг” зүйлийг ярьсан байсан. Шүүхээс энэ байдлыг харгалзан үзэж ялыг нь хүндрүүлж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Ш.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анх тохиролцох талаар хоёр өмгөөлөгч хоорондоо ярилцаж байсан. Тухайн үед баяр тэмдэглэж байгаад ийм зүйл болсон. Эмчилгээний зардалд туслалцаа үзүүлэх талаар хэлэхэд хохирогч Б.М надаас 10,000,000 төгрөг нэхэмжилсэн. Бэлэн өгч чадахгүй тул боломжоороо өгөөд, ажлаа хийгээд явж байя гэхэд эгч нь хүлээн зөвшөөрөөгүй.” гэв.

 

Шүүгдэгч Ш.Аы өмгөөлөгч Ш.Амарбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хохирогчийн өмгөөлөгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар “Шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй” гэж ярьж байна. Шүүгдэгч Ш.Ад шүүхээс ямар нэгэн үүрэг хүлээлгээгүй. Анхан шатны шүүхээс хохирол гомдолгүй гэх бичгийг үндэслэж торгуулийн ялыг 1 жилийн хугацаатай хэсэгчлэн төлүүлэхээр заасан. Хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбар үндэслэлгүй гэж үзэж байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтууд дутагдалтай байсан тул хохирогчийн өмнөх өмгөөлөгчтэй ярилцаж 4,000,000 төгрөг төлөхөөр тохиролцож, хэлцэл байгуулсан. Хохирол төлбөр төлөх асуудалд хэлцэл хийсэн учир иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна. Давж заалдах гомдол үндэслэлгүй.” гэв.

 

Прокурор Б.Мөнх-Од тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх шийдвэр гаргахад хохирогч шүүх хуралдаанд гомдол саналгүй гэж мэдүүлж байсан. Энэ нь торгох ялыг доод хэмжээгээр оногдуулах нөхцөл байсан гэж бодож байна. Тухайн хүнд ямар ял оногдуулах нь шүүхийн эрх мэдлийн асуудал байх. Анхан шатны шүүх хохирогчийн нэхэмжилж байгаа нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоогүй. Иргэний журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэй байгаа учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэлтэй гарсан гэж үзэж байна.” гэв.

ХЯНАВАЛ:

Ш.А нь 2017 оны 3 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, “Кибэр” зочид буудлын гадна Б.Мыг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

- хохирогч Б.Мын “... 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Мөнхзул нөхөртэйгээ, танил Отгонцэцэг, бас адил нэртэй Отгонцэцэг, Ш.А бид нар баяр тэмдэглэхээр... “Эгшиглэн” караекод 22 цагт орсон. Тэндээс Мөнхзул нөхөртэйгээ явсан... Бид бааранд орсон... баарнаас гарахад хоёр Отгонцэцэг залуучуудтай зогсч байсан... Тэгтэл Ш.А гарч ирээд “Чи яасан, наад залуучуудтайгаа явах гэж байна уу” гэх мэтээр хэрүүл хийгээд... намайг үсдээд нэг таксинд суулгаад хөдөлсөн. Такси дотор намайг алгадаж, цохиж, үсдээд байсан... Тэгээд манай ажлын үүдэнд очоод... буух гэтэл Ш.А намайг үсдэж буулгаад орох гэтэл заамдаж аваад хавсарч унагаагаад, цүнхнээс эргүүлээд татсан. Энэ үед миний бие эвгүй болоод зүүн хөл шагай хэсгээрээ даагдахаа больсон...” /хх-13-15, 16/,

- гэрч С.Отгонцэцэгийн “... Араас нь такси бариад Б.Мын ажил болох “Кибер” төвийн “Саруул” зочид буудалд очиход ирээгүй байсан... Тэгж байтал Ш.А Б.Мын цүнхийг барьчихсан орж ирээд Сүхээ ахад “Б.М үүдэнд орж чадахгүй байна, яаж оруулах уу” гээд тэр хоёр гараад Б.Мыг сугадаад 1 дугаарын өрөө рүү оруулсан. Б.Мын зүүн хөл нь шагай, шилбэ хэсгээрээ гулжигнаад байсан...” /хх-17-18/,

            - гэрч Г.Гансүхийн “... Хадам дүү Б.М Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, “Кибер” төвийн 3 давхар “Саруул” нэртэй зочид буудлыг хувиараа ажиллуулдаг юм. 2017 оны 3 дугаар сарын 15-ны орой “найзуудтайгаа гадуур хоолонд ороод ирье, та манай зочид буудалд ажлаад өг” гэхээр нь зөвшөөрсөн... 03 цагийн үед Б.Мтай цуг явсан хоёр найз хүүхэн нь Б.Мыг сураглаад орж ирсэн. Тэгээд бид гурав хүлээж байтал Ш.А ирээд “ахаа та гараад Б.Мыг авчих уу, би ганцаараа дийлэхгүй байна” гээд цүнхийг нь барьчихсан орж ирсэн... тэгээд хамт гарахад Б.М зочид буудлаас 30 гаруй метрийн зайд газар хөлөө жийчихсэн, орилоод сууж байснаа намайг хараад Ш.А руу заагаад “ахаа наад залуу чинь намайг зодоод ийм болгочихлоо, би босч чадахгүй байна. Миний хөл эвгүй болчихлоо” гэж хэлсэн... Ш.Аыг явуулахгүй гээд цагдаа дуудсан...” /хх-20-21/ гэсэн мэдүүлгүүд, 

- Б.Мын биед баруун шилбэний хавчаар ясны далд хугарал, мултрал, тархи доргилт, зүүн хөлийн тавхай, шагай орчмын зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дотор булангийн зулгаралт бүхий хүндэвтэр гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №3893 дугаар дүгнэлт /хх-27/,

- Ш.Аы сэжигтэн, яллагдагчаар татагдахдаа өгсөн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулсан байна.

 

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шалгаж үнэлэх боломжтой гэж үзэв.

 

Анхан шатны шүүх, Ш.Аыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан талаар хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийж, түүний гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон ял оногдуулжээ.

 

Мөрдөн байцаалт, шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулсан байх ба шүүхээс бодит байдалд нийцсэн үндэслэл бүхий тогтоол гарахад сөргөөр нөлөөлөх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн явдал гараагүй байна.

 

Хохирогч Б.М нь анхан шатны шүүхэд “... хохирол төлбөрөө авсан, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй ...” гэсэн хүсэлтээ /хх 147/ бичгээр ирүүлснийг шүүх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд тэд хохирлыг тохиролцсон баримтаа шүүхэд өгөөгүй байх тул дээрх баримтыг үндэслэн Ш.Аыг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэнийг буруутгах аргагүй юм. Учир нь хохирогч хохирлоо бүрэн барагдуулж аваагүй атлаа хохирол төлөгдсөн гэх баримтыг шүүхэд ирүүлсэн нь шүүхээс дээрх дүгнэлтийг хийхэд хүргэсэн байна.   

 

Харин давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч, шүүгдэгч нарын тайлбараас дүгнэхэд гэмт хэргийн улмаас учирсан хохирол бодитой төлөгдсөн гэж үзэхээргүй байх тул хохирогчийн хохирлоо нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шудрага ёсны зарчмын үүднээс гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэм буруугийн хэлбэр, үйлдсэн хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал зэрэг олон хүчин зүйлийг харгалзан үздэг учраас дан ганц “хохирол бодитой төлөгдөөгүй тул ялыг хүндрүүлж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх үзээд хохирогч Б.Мын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалт, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 350 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалт “Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Ш.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай” гэснийг “Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, хохирогч Б.М нь өөрт учирсан хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай” гэж өөрчилж, тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж, хохирогч Б.Мын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР

 

                                    ШҮҮГЧИД                                                       Н.БАТСАЙХАН

 

М.ПҮРЭВСҮРЭН