Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 921

 

 

 

 

 

 

О.Уэд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Н.Батсайхан, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                             

            шүүгдэгч О.У, түүний өмгөөлөгч Я.Баярсайхан,

            хохирогч Д.Б, түүний өмгөөлөгч Ч.Ням,  

            нарийн бичгийн дарга И.Буманбаяр нарыг оролцуулан,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 502 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Д.Бгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн О.Уэд холбогдох 201726020923 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           

Панзчин овгийн Ойдовын О.У, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд 1975 оны 12 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 42 настай, эмэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3; эх, хүүхдийн хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хорооллын 19-6 тоотод оршин суух албан ёсны хаягтай, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 89-88 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: РС75121728/;

О.Урангоо нэрээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1  дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болсон.

 

О.У нь 2016 оны 7 дугаар сараас 11 дүгээр сар хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр Д.Бг “гадаадаас мөнгө ирнэ” гэж хууран мэхэлж 28,300,000 төгрөгийг залилан авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

            Баянгол дүүргийн прокурорын газраас О.Уийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: О.Уийг хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг түүнд мэдэгдэж, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 28,300,000 төгрөг төлсөн болохыг, хохирогч Д.Б нь хор уршигийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Хохирогч Д.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Намайг залилж хохироосон О.У нь 2016 оны 6 дугаар сараас 2017 оны 1 дүгээр сар хүртэл Өлзийсайхан гэх хүнтэй хамтран “бид Лондон дахь банкнаас хугацаатай хадгаламжид байгаа 2,300,000 доллар... /сүүлдээ евро/” авах гэж байна. Мөн “Оросын мафиудад утсаар хорлогдчихлоо” гэх мэтээр 7-8 удаагийн үйлдлээр нийт 39,400,000 төгрөгийг бусдаас сарын 5 хувийн хүүтэй, 0,5 хувийн алданги төлөхөөр зээлүүлэн аваад намайг бусдад төлөх 73 сая гаруй төгрөгийг төлбөрт оруулахын зэрэгцээ 40 сая төгрөгийн “Ланд крузер” загварын автомашиныг зээл авсан хүмүүсийн төлбөрийг төлөхийн тулд хямдхан зарахад хүргэж хохироосон.

О.У нь надад урчуулсан хохирлоо бүрэн төлж, хохирол арилгаагүй байхад шүүхээс хохирол төлөгдсөн, энэ хэргийг ганцаараа үйлдсэн гэж үзсэн. Мөн удаа дараа залилсан байхад О.Уийн эрүүгийн хэргийг буруу зүйлчлэн ялласан.

Үүнээс гадна миний гаргасан хохирлын тооцоог бүрэн шийдвэрлээгүй. О.Уийн 2016 оны 4 сараас 7 сар хүртэлх худал хэлж залилж авсан 2,400,000 төгрөг, Өлзийсайханд шилжүүлж өгсөн 2,000,000 төгрөгийг оруулан тооцож өгсөнгүй.

Иймд анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэж, хэргийн бодит байдалд тохирсон дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна.” гэв.

 

Хохирогч Д.Бгийн өмгөөлөгч Ч.Ням тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “О.У 7-8 удаагийн үйлдлээр 39,400,000 төгрөгийг Д.Бгаас залилж авснаар Д.Бг бусдад нийт 73,000,000 төгрөг төлөх хохиролд оруулсан. Залилан мэхлэх гэмт хэргийн бодит хохирол нь 73,000,000 төгрөг гэж үзэж байна. 73,000,000 төгрөгийн хохирлын үнийн дүнтэй байхад прокурор, мөрдөгч нар хэргийг буруу зүйлчилсэн. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэг, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр зүйлчлэгдэх хэргийг хөнгөрүүлж зүйлчилсэн байна гэж үзэж хохирогч Д.Б гомдол гаргасан. Энэ хэргийг О.У нь ганцаараа үйлдээгүй Өлзийсайхан гэдэг хүнтэй хамтарч үйлдсэн байдаг. Д.Бгаас удаа дараа мөнгө авч байхад Өлзийсайхан нь О.Уийг дэмжиж тодорхой хэмжээгээр итгэл үнэмшил төрүүлж, бүлэглэж үйлдсэн. Өлзийсайханы хувийн дансанд тодорхой мөнгө шилжсэн байдаг. О.Уийн учруулсан хохирлыг анхан шатны шүүх буруу тооцсон. Анх 7 дугаар сард авч байсан 2,400,000 төгрөгийг хохиролд оруулж тооцоогүй. 7 дугаар сард мөнгө авсан талаараа анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт О.У хүлээн зөвшөөрсөн байхад үүнийг хохирлын тооцоонд оруулаагүй. Энэ утгаараа хуулийг зөв хэрэглээгүй залилангийн гэмт үйлдлийг дутуу шалгасан. Энэ гэмт хэрэгт Өлзийсайхан идэвхтэй үйлдэл хийж, машинд нь цуг сууж Д.Бг ийш тийш нь зөөсөн. О.Уийн үйлдлийг дэмжсэн тодорхой итгэл үнэмшил төрүүлсэн үйлдлийг хийж байхад Өлзийсайханыг шалгаагүй ял завших хандлагыг анхан шатны шүүхээс гаргасан гэж үзэж байна. Мөрдөн байцаалтын шатанд хохирогчоос нотлох баримтууд аваагүй байдаг. Анхан шатны шүүхэд хүсэлт гомдлоо гаргаж байсан. Мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу явагдсан, хэргийг бүрэн гүйцэд шалгаагүй байхад шүүх эцэслэн шийдвэрлэсэн үндэслэлээр хохирогч Д.Б давж заалдах гомдол гаргасныг дэмжиж байна.” гэв.

 

Шүүгдэгч О.У тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Авсан бүх мөнгийг он, сартай нь бүртгэж байсан. Д.Бгаас авсан мөнгөө төлсөн. Нэхэмжлээд байгаа мөнгийг нь ойлгохгүй байна.” гэв.

 

Шүүгдэгч О.Уийн өмгөөлөгч Я.Баярсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгчийн хувьд анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн үед гэм буруугийн асуудлыг тогтоосон гэж үзэх үндэслэлтэй. Шүүгдэгчийн талаас гэм буруугийн асуудалд ямар нэгэн байдлаар маргаан гаргаагүй. Гомдлын үндсэн шаардлага нь зээлээс учирсан гэм хорын асуудал 73,000,000 төгрөг гэдэг зүйлийг ярьж байна. Энэ асуудал нь мөрдөн байцаалтын шатанд яригдаагүй. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэлийн асуудал гэнэт 73,000,000 төгрөг болсон. Энэ асуудлыг шүүх хурлаар хэлэлцэж нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй талаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд тусгагдсан. Энэ асуудлыг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх шаардлагагүй гэж үзэж байна. Өлзийсайханы хувьд мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр татагдан шалгагдаж, хэрэгт холбогдолгүй гэдгийг тогтоож холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. 2,000,000, 2,400,000 төгрөгийн асуудлыг дутуу шалгасан гэдэг зүйлийг ярьж байна. Энэ нь нийт хохирлын үнэлгээнд орсон асуудал. Эдгээр зүйлүүд нь анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж бодит хохирлын асуудал тогтоогдсон байдаг учир давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна.” гэв.

ХЯНАВАЛ:

 

О.У нь 2016 оны 7 дугаар сараас 11 дүгээр сар хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр Д.Бг “гадаадаас мөнгө ирнэ” гэж хуурч мэхлэх замаар 28,300,000 төгрөгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

- хохирогч Д.Бгийн “... 2016 оны 7 дугаар сард хуучин танил О.Утэй таарч… над руу утастаад байдаг байсан. Бид хоёр ганц нэг хоолонд орсон. Тэгээд надаас яаралтай 1 сарын хугацаатай 2,000,000 төгрөг олоод өгөөч гэхээр нь танилаасаа 2,000,000 төгрөг аваад, дансаар О.Уийн найз гэх Өлзий гэх хүний данс руу шилжүүлсэн. Дахиад “...хүүтэй мөнгө зээлээд өгөөч, Лондонд 2,000,000 евро авахаар явах гэсэн юм” гэсэн. Би тэгэхээр нь найзаасаа 5 хувийн хүүтэй 11,000,000 төгрөг зээлж О.У, Өлзий хоёрт өгсөн. Үүнээс хойш би өөрийн цалингаараа хүүг нь төлж байсан.  Утсаар ярихаар уурлаад байхаар нь “ажил нь бүтэхгүй байгаа юм байлгүй” гээд орхисон. 2016 оны 10 дугаар сарын дундуур дахиад “6,000,000 төгрөг хэрэгтэй, би хордсон, хордлого тайлуулах хэрэгтэй байна” гэхээр нь “энэ удаа тусалж чадахгүй, чиний урьд нь зээлсэн мөнгө, хүү нэхэгдээд байна. Би өөрөө ч мөнгөгүй явна. Охин маань Америкаас ирнэ. Охиныхоо зардлыг өгч чадахгүй байхад” гэж хэлсэн. О.У “би бүгдийг өөрөө зохицуулна, чи нэг мөсөн надад мөнгө олоод өг, тэр мөнгөнөөсөө охиныхоо зардал 4,000,000 төгрөгийг ав, 10,000,000 төгрөг олоод өг” гэсэн. Би тэгэхээр нь найз Ариунбатаас 10,000,000 төгрөгийг доллароор бодож 4290 ам.доллар аваад О.У, Өлзий нарт бэлнээр нь өгч, тэр мөнгөнөөс нь 4,000,000 төгрөгийг авсан. Удаагүй “2016 оны 11 дүгээр сард 3,000,000 төгрөг хэрэгтэй байна” гээд хүрээд ирсэн. Тэр мөнгийг найзынхаа ломбарднаас 5 хувийн хүүтэй аваад өгсөн. Тэрнээс хойш мөнгөө ч төлөөгүй, чимээгүй алга болсон. 2017 оны 1 дүгээр сарын 5-нд дахиад О.У утсаар яриад “дахиад 6,000,000 төгрөг хэрэг болоод байна” гэхээр нь би уурлаад “чиний өрийг төлөөд мөнгөний хүүг чинь дийлэхээ болилоо” гэхэд О.У “чамаас өөр туслах хүн алга” гэсэн. Тэгээд О.У миний машиныг таньдаг Ганболд гэдэг хүндээ 10,000,000 төгрөгт тавиад авсан…” /хх-17-18/,

“... О.Уийн хуурч залилж мэхэлсэн үйлдлээс болж надад маш их хохирол учирсан. Энэ хүнд өгсөн мөнгийг би хүнээс зээлсэн. Тэд нартаа хүртэл хүү төлсөөр нэмж хохирсон...” /хх-67, 86-87/,

- О.Уийн сэжигтэн, яллагдагчаар татагдахдаа өгсөн: “... Д.Бтай 2000 онд танилцаад, холбоотой байсан. 2016 оны 8 дугаар сард утсаар яриад Д.Бтай уулзаж 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 10,000,000 төгрөг бэлнээр авсан. Дараа нь 2016 оны 12 дугаар сард 10,000,000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын сүүлээр 2,000,000 төгрөг, 3,000,000 төгрөг, 1,000,000 төгрөг, 900,000 төгрөг авсан. Түүнээс Д.Б 4,600,000 төгрөгийг өөрөө авсан. Дараа нь 2017 оны 1 дүгээр сард Д.Бгийн автомашиныг барьцаанд тавьж 10,000,000 төгрөг авсан. Түүнээс 4,000,000 төгрөгийг Д.Бд өгсөн... Д.Бгийн автомашиныг нь барьцаанд тавьсан байсныг 10,000,000 төгрөгөөр аваад буцаагаад өгсөн... Энэ мөнгөнүүдийг нийт 5 удаа цувуулж авсан. Би буцаагаад ажил төрөл, хөөцөлдөөд өгнө гэж авсан...” гэж хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон, тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулсан байна.  

 

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шалгаж, үнэлэх боломжтой гэж үзэв.

 

Анхан шатны шүүх, О.Уийг “гадаадаас мөнгө орж ирнэ гэж хохирогчийг хуурч мэхлэн эд хөрөнгийг нь шилжүүлэн авсан” гэм буруутай талаар хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон байна.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан судлахад хохирогч Д.Б “бэлнээр 40,000,000 гаруй төгрөг авсан. Автомашинаа буцааж авсан, одоо 26,000,000 төгрөг үлдсэн”, шүүгдэгч О.У “нийт 36,900,000 төгрөг зээлж авснаас Д.Б өөрөө 8,600,000 төгрөгийг нь авсан.” гэж тус тус мэдүүлдэг бөгөөд тэдний мэдүүлгээс өөр хохирлын талаарх баримт хэрэгт байхгүй тул анхан шатны шүүх хохирлын хэмжээг 28,300,000 төгрөгөөр тогтоосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч ... эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэсэн гэм буруугүйд тооцох зарчимд нийцсэн шийдвэр гэж үзэв.   

 

Энэ гэмт хэрэгт С.Өлзийсайхан хамтран оролцсон байж болзошгүй үндэслэлийг мөрдөн байцаалтаар шалгаж, Баянгол дүүргийн прокурорын газрын 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 89 дүгээр тогтоолоор түүний үйлдэл гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна.

 

Хохирогч Д.Б нь хохирлын талаарх баримтаа мөрдөн байцаалтын шатанд гаргаж шалгуулаагүй, мөн бусдаас авсан зээл, түүний хүүг төлсөн баримтуудаа ирүүлээгүй учраас хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, энэ талаар иргэний журмаар жич шийдвэрлүүлэх эрхийг нээлттэй үлдээсэн нь хуульд нийцжээ.

 

Мөрдөн байцаалтын шатанд оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн явдал гараагүй. Шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

 

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн “хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах” талаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 502 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Д.Бгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР

 

                                    ШҮҮГЧИД                                                       Н.БАТСАЙХАН

 

М.ПҮРЭВСҮРЭН