Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 100

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 135/2016/01682/и

     Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 17 дугаар баг, өргөө баг, 21 дүгээр хороолол, 50 айл, 15 тоотод оршин суух, Чойжил овгийн Пүрэвсүрэнгийн Өлзиймөнх /РД: ИС87101606, утас: 9960 4320,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 5 дугаар баг, 20 дугаар хороолол, 1/60 айл байр, 46 тоотод оршин суух Тайжууд овгийн Өнөрсайханы Ганзориг /РД: ТЕ86091972, утас: 9919 04756/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан Уул аймаг, Дархан сум, 14 дүгээр баг, хараагийн 135 айлын 24 тоотод оршин суух, Олгон овгийн Нанжиншуумарын Төмөр-Очир /РД: ТА89093013, утас: 89606831/

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 15 дугаар баг, мангирт 9 дүгээр хэсэг, 4 дүгээр гудамж, 17 тоотод оршин суух Боржигон овгийн Мөнхжаргалын Анхбаяр /РД: ТГ86031719, утас: 9930 0988/ нарт  холбогдох

Гэрээний үүрэг 3,010,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ганзориг, хариуцагч Н.Төмөр-Очирын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Оюунсувд, хариуцагч М.Анхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг нар оролцов.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ганзориг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Зээлдүүлэгч П.Өлзиймөнх нь зээлдэгч Н.Төмөр-Очир, М.Анхбаяр нартай 2015 оны 07 дугаар сарын 25-ны өдөр  1,000,000  төгрөгийг 13 сарын хугацаатай нэг сарын 12 хувийн хүүтэй зээлүүлэхээр тохиролцож зээлийн гэрээг бичгээр байгуулан нотариатаар батлуулсан. Зээлийн гэрээний 2.5-д заасны дагуу үндсэн зээл хүүгийн хамт эргүүлэн төлөх хугацаа нь 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр дууссан, гэтэл энэ хугацаанд нэг ч төгрөг буцааж төлөөгүй байх тул үндсэн зээл 1,000,000 төгрөг, 13 сарын хүү 1,560,000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс хойш 90 хоногийн алданги 450,000 төгрөг, нийт 3,010,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

Зээлийн гэрээнд М.Анхбаяр гарын үсэг зурсан учир үүргээс чөлөөлөх үндэслэлгүй. 2 сая төгрөг төлсөн гээд байгаа нь П.Өлзиймөнхийн дансанд орсон нь үнэн. Энэ гүйлгээний утга дээр Болороос гэсэн байгаа. Н.Төмөр-Очирын эхнэр Т.Болор-Эрдэнэ, П.Өлзиймөнх нарын хооронд 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргийг Н.Төмөр-Очирын данснаас шилжүүлсэн байдаг” гэжээ.

Хариуцагч Н.Төмөр-Очир шүүхэд гаргасан тайлбартаа: “Би П.Өлзиймөнхөөс 2015 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөгийг М.Анхбаярыг батлан даагч болгон зээлж авсан. Энэ мөнгийг 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр түүний 5084038054 гэсэн дугаартай ХААН банкны дансруу 2,000,000 төгрөг хийсэн. Энэ мөнгийг миний эхнэр Болор-Эрдэнэ миний данснаас шилжүүлсэн. Авсан мөнгөө төлж барагдуулсан, хүүнд нь 1,000,000 төгрөг нэмж төлсөн учраас одоо дахин өр авлагын асуудал бидний хооронд байхгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Тайлбарт холбогдуулан өөрийн дансны хуулгыг хавсаргаж өглөө, мөн эхнэр Болор-Эрдэнэ нь П.Өлзиймөнхийн утсаар харилцан ярилцаж мөнгө өгсөн, П.Өлзиймөнх нь надаас 2.000.000 төгрөг, 1.500.000 төгрөг авч байсан талаар хэлсэн ярианы бичлэг бүхий CD-г хамтад нь хавсаргаж өглөө” гэжээ.

Хариуцагч Н.Төмөр-Очирын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Оюунсувд нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н.Төмөр-Очир 1,000,000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулж авсан, 13 сарын хугацаатай, жилийн 12 хувийн хүүтэй зээлсэн байдаг. Гэрээнд энэ заалт байдаг. Энэ мөнгөө 2,000,000 төгрөг болгон 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр П.Өлзиймөнхийн ХААН банкны 5084038054 дансанд шилжүүлсэн байгаа. ХААН банкны баримтаар энэ нь тогтоогддог. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, гэрээ дуусгавар болсон гэж үзэж байгаа. М.Анхбаяр нь мөнгө аваагүй, батлан даалтад гарын үсэг зурсан. Н.Төмөр-Очир зээл 1 сая төгрөгөө хүлээн авсан гэж хүлээн зөвшөөрдөг. М.Анхбаяр энэ хэрэгт хамааралгүй.

Т.Болор-Эрдэнэ, Н.Төмөр-Очир нар гэр бүл юм. Н.Төмөр-Очир гадаад улсад цэргийн ажиллагаанд явахаасаа өмнө зээл авсан. Т.Болор-Эрдэнэ Н.Төмөр-Очирын данснаас П.Өлзиймөнхийн дансанд 2 сая төгрөгийг шилжүүлсэн. Нөхрийгөө байхгүй хойгуур Т.Болор-Эрдэнэ П.Өлзиймөнхөөс дахин мөнгө зээлсэн байдаг. Т.Болор-Эрдэнэ, П.Өлзиймөнх нарын хооронд зээлийн гэрээ байгуулсан, энэ гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэл гаргасан нь харьяаллын дагуу Орхон аймаг руу шилжсэн. Н.Төмөр-Очирын данснаас П.Өлзиймөнхийн дансанд 2 сая төгрөг, дараа нь 1,5 сая төгрөг хийсэн байдаг энэ нь хэрэгт авагдсан сиди дээрх бичлэгээр тогтоогддог. Т.Болор-Эрдэнийн нэхэмжлэлээр үүссэн хэрэгт энэ хэрэг хамаагүй байна. П.Өлзиймөнхөөс авсан зээлээ төлсөн нь тодорхой байна гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч М.Анхбаяр шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тухайн үед Н.Төмөр-Очироос миний бие 300.000 төгрөгийн авлагатай байсан ба Н.Төмөр-Очиртой утсаар яриад мөнгөө авах гээд очсон. Гэтэл Н.Төмөр-Очир “П.Өлзиймөнх гэх энэ хүнээс мөнгө зээлж байгаа юмаа, тэгсэн батлан даагч болох эхнэрийнх нь бичиг баримт байхгүй байна, таны бичиг баримт байвал батлан даалтан дээр гарын үсэг зураад өгөөч ээ, энэ газар нь хаачих гээд байна” гэхээр нь гарын үсэг зурсан. Миний бие П.Өлзиймөнх, Н.Төмөр-Очир нарын хоорондын асуудалд ямар ч холбогдолгүй учир би энэхүү асуудлыг хүлээн авч чадахгүй.

Зээлийн гэрээнд гарын үсэг зурсан, Судан улс руу явахаар бэлтгэл хийж байсан. 300,000 төгрөгийн авлагатай байсан. Хүнээс мөнгө зээлж аваад танд мөнгө өгнө гарын үсэг зураад өгөөч гэж хэлсэн. Би тэр зээлээс 1 ч төгрөг аваагүй тул төлөхгүй“ гэжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                        ҮНДЭСЛЭХ НЬ:

            Нэхэмжлэгч П.Өлзиймөнх нь хариуцагч Н.Төмөр-Очир, М.Анхбаяр нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3.010.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Н.Төмөр-Очир, М.Анхбаяр нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

            Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

            П.Өлзиймөнх нь Н.Төмөр-Очир, М.Анхбаяр нарт 2015 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 1.000.000 төгрөгийг зээлдүүлж, 13 сарын хугацаатай, 12 хувийн хүүтэй, хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцож төлөхөөр тус тус тохиролцож зээлийн гэрээ байгуулжээ. /хх 5/ Уг гэрээний дагуу нэхэмжлэгч П.Өлзиймөнх нь хариуцагч Н.Төмөр-Очирт 2015 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 1 000 000 төгрөг шилжүүлсэн болох нь мөнгө хүлээлгэн өгсөн баримт /хх 6/ болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

            Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсэгт нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх”-ээр заажээ.

Хариуцагч Н.Төмөр-Очир уг зээлийн гэрээний үүргийг 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр төлж барагдуулсан болох нь хариуцагч Н.Төмөр-Очирын Худалдаа хөгжлийн банк дахь 403138575 тоот данснаас нэхэмжлэгч П.Өлзиймөнхийн Хаан банк дахь 5084038054 тоот дансанд 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 2.000.000 төгрөгийг шилжүүлсэн дансны хуулгуудаар нотлогдож байна. /хх 17, 31/

Хэдийгээр нэхэмжлэгч П.Өлзиймөнх нь хариуцагч Н.Төмөр-Очирын эхнэр Т.Болор-Эрдэнээс авлагатай болох нь хэрэгт авагдсан Т.Болор-эрдэнээс П.Өлзийнмөнхөд холбогдуулан Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл /хх 33/, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 6961 дугаартай иргэний хэрэг үүсгэх тухай захирамж /хх 32/, П.Өлзий-мөнх, Т.Болор-Эрдэнэ нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ /хх 34/ зэргээр тогтоогдож байгаа боловч хариуцагч Н.Төмөр-Очирын эзэмшлийн данснаас 2.000.000 төгрөгийг шилжүүлж нэхэмжлэгч П.Өлзиймөнхийн дансанд орлогын гүйлгээ хийгдсэн байхад гүйлгээний утгад “Болороо” гэж бичигдсэнээр Н.Төмөр-Очирын зээлийн төлбөр бус гэж үзэх үндэслэлгүй юм.

Уг зээлийн гэрээний үүргийг тодорхойлбол: үндсэн зээл 1.000.000 төгрөг, зээлийн хүү 130.000 төгрөг, алданги 299.450 төгрөг, нийт 1.429.450 төгрөг байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ” гэж заасны дагуу талууд гэрээнд зээлийн хүүг “12 хувь” гэж тохирсон боловч зээлийн хүү тооцох хугацааг тодорхойлоогүй байна. Талууд зээлийн хүү тооцох хугацааг “жилийн”, “сарын” гэж өөр өөрөөр тайлбарлахдаа баримтаар нотлоогүй.

Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.4-т “Гэрээнд өөрөөр заагаагүй бол зээлийн хүүг жил тутам төлнө” гэж заасан тул жилийн 12 хувийн хүүтэй гэж тооцоход 2015 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 2015 оны 08 сарын 25-ны өдрийг хүртэлх 13 сарын хугацаанд хугацаанд нийт зээлийн хүүнд 130.000 төгрөг байна.

Талууд зээлийн гэрээнд “хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцож төлөх”-өөр тохиролцсон байна. Хариуцагч Н.Төмөр-очир, М.Анхбаяр нар 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүртэл үндсэн зээл, зээлийн хүү зэрэг төлбөрийн буцаан төлөгдөөгүй дүнгээс хоног тутамд 0.5%-ийн алданги тооцоход 299.450 төгрөг байна.  /1.130.000*0.5=5650*53 хоног/

Хариуцагч зээлийн гэрээний үүргийн биелэлтийн талаар сөрөг нэхэмжлэл гаргаагүй, төлөгдсөн төлбөрийн талаар маргахгүй гэх тул шүүх маргаагүй үйл баримтын талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хариуцагч талаас гаргаж өгсөн утсаар ярьсан бичлэгтэй гэх CD-г нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үнэлсэнийг дурдах нь зүйтэй.

            Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63.110 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 119, 120 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ганзоригийн нэхэмжлэлтэй Н.Төмөр-Очир, М.Анхбаяр нарт холбогдох 3.010.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  дугаарт 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63.110 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ч.БАТЧИМЭГ