Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 37

 

П.Ө-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2016/01682/и

            Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Энхжаргал, С.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 100 дугаар шийдвэртэй,  

            Нэхэмжлэгч Чойжил овогтой П-гийн Ө-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч Олгон овогтой Н-ын Т-,

Хариуцагч Боржигон овогтой Мөнхжаргалын Анхбаяр нарт холбогдох

            “Зээл, түүний хүү, алданги нийт 3.010.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ганзоригийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

            2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ганзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ганзоригоос:

Зээлдүүлэгч П.Ө- нь зээлдэгч Н.Т-, М.Анхбаяр нартай 2015 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 1.000.000 төгрөгийг 13 сарын хугацаатай нэг сарын 12 хувийн хүүтэй зээлүүлэхээр тохиролцож зээлийн гэрээг бичгээр байгуулан нотариатаар батлуулсан. Зээлийн гэрээний 2.5-д заасны дагуу үндсэн зээл хүүгийн хамт эргүүлэн төлөх хугацаа нь 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр дууссан. Гэтэл энэ хугацаанд нэг ч төгрөг буцааж төлөөгүй байх тул үндсэн зээл 1.000.000 төгрөг, 13 сарын хүү 1.560.000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс хойш 90 хоногийн алданги 450.000 төгрөг, нийт 3.010.000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Н.Т-оос:

Би П.Ө-өөс 2015 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 1.000.000 төгрөгийг М.Анхбаярыг батлан даагч болгон зээлж авсан. Энэ мөнгийг 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр түүний 5084038054 гэсэн дугаартай ХААН банкны данс руу 2.000.000 төгрөг хийсэн. Энэ мөнгийг миний эхнэр Болор-Эрдэнэ миний данснаас шилжүүлсэн. Авсан мөнгөө төлж барагдуулсан. Хүүнд нь 1.000.000 төгрөг нэмж төлсөн учраас одоо дахин өр авлагын асуудал бидний хооронд байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэсэн тайлбар гаргасан байна.

Хариуцагч Н.Т-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Оюунсувдаас:

Н.Т- 1.000.000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулж, 13 сарын хугацаатай, жилийн 12 хувийн хүүтэй зээлсэн байдаг. Гэрээнд энэ заалт байдаг. Энэ мөнгөө 2.000.000 төгрөг болгон 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр П.Ө-ийн ХААН банкны 5084038054 дансанд шилжүүлсэн байгаа. ХААН банкны баримтаар энэ нь тогтоогддог. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсч тайлбар гаргажээ.

Хариуцагч М.Анхбаяраас:

Тухайн үед Н.Т-оос миний бие 300.000 төгрөгийн авлагатай байсан ба Н.Т-той утсаар яриад мөнгөө авах гээд очсон. Гэтэл Н.Т- “П.Ө-өөс мөнгө зээлж байгаа юм. Батлан даагч болох эхнэрийн бичиг баримт байхгүй байна. Таны бичиг баримт байвал батлан даалтан дээр гарын үсэг зураад өгөөч гэхээр нь гарын үсэг зурсан. Миний бие П.Ө-, Н.Т- нарын хоорондын асуудалд ямар ч холбогдолгүй юм. Би зээлээс нэг ч төгрөг аваагүй тул төлөхгүй гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 100 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ганзоригийн нэхэмжлэлтэй Н.Т-, М.Анхбаяр нарт холбогдох 3.010.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаарт 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63.110 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ганзориг давж заалдсан гомдолдоо:

Шүүх нөхөр Н.Т-ын данснаас шилжсэн тул Н.Т-ын зээлийн төлбөр мөн гэж дүгнэсэн нь буруу юм. Талууд 2015 оны 07 дугаар сарын 25-ны өдөр нэг сая төгрөгийг нэг сарын 12 хувийн хүүтэй байхаар тохиролцсон байдаг. Нэг сарын хүү 120.000 төгрөг юм. Гэтэл шүүх 13 сарын хүү нь нийт 130.000 төгрөг гэж дүгнэсэн. Нэг сая төгрөгийг практик дээр нэг сарын 0.9 хувийн буюу нэг сарын 9000 төгрөгийн хүү тохирох боломжгүй юм. Үүн дээр шүүх мөн буруу дүгнэлт гаргасан. Шүүх хариуцагч талаас гаргаж өгсөн утсаар ярьсан бичлэгтэй гэх CD-ийг нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзээд утсаар ярьсан ярианы бичлэгт нэхэмжлэгч П.Ө- нь хариуцагч Н.Т-ын эхнэр Т.Болор-Эрдэнээс 3.500.000 төгрөг авсан талаар яригдсан ач холбогдол бүхий нотлох баримтыг үнэлээгүй. Хамтран хариуцагч М.Анхбаяр нь батлан даалтаар гарын үсэг зурсан гэх, мөн зээлийн гэрээний үүргээс чөлөөлөгдөх эсэх талаар тодорхой дүгнэлт хийгээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

   Нэхэмжлэгч П.Ө-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ганзориг хариуцагч Н.Т-, М.Анхбаяр нарт холбогдуулан зээл 1.000.000 төгрөг, зээлийн хүү    1.560.000 төгрөг, алданги 450.000 төгрөг нийт 3.010.000 төгрөг  гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч Н.Т- зээлийг төлж барагдуулсан, хариуцагч М.Анхбаяр гэрээнд би батлан даагчаар гарын үсэг зурсан, зээлээс мөнгө аваагүй гэж маргажээ.

            Анхан шатны шүүх хариуцагч Н.Т-, М.Анхбаяр нарт холбогдох 3.010.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

            Нэхэмжлэгч П.Ө-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ганзориг ...нөхөр Н.Т-ын данснаас эхнэр Болор-Эрдэнэ нь мөнгө шилжүүлсэн байхад Н.Т-ыг зээлийн төлбөр төлсөн гэж шүүх дүгнэсэн нь буруу, хүүг буруу тооцсон...  гэж давж заалдсан гомдол гаргасан юм. 

            Хэргийг бүхэлд нь судалбал нэхэмжлэгч П.Ө- 2015 оны 07сарын 25-ны өдөр хариуцагч Н.Т-, М.Анхбаяр нартай 1.000.000 төгрөгийг 13 сарын хугацаатай зээлдүүлж, хүү болон алданги тооцох тухай гэрээг бичгээр байгуулж, наториатаар гэрчлүүлсэн ба гэрээний дагуу нэхэмжлэгч нь хариуцагч Н.Т-т 1.000.000 төгрөг шилжүүлэн өгсөн нь нотлогдсон байна. /хэргийн 5-6 дугаар хуудас/

            Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-д заасан шаардлагад нийцсэн байна.

            Иймээс нэхэмжлэгчид зээл, зээлийн хүү, алданги шаардах эрх үүссэн гэж үзнэ.

            2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Хаан банкны Н.Т-ын эзэмшлийн 403138575 тоот данснаас 5084038054 тоот данс руу 2.000.000 төгрөг шилжүүлсэн байх бөгөөд энэхүү дансыг нэхэмжлэгч П.Ө- эзэмшдэг болохыг Хаан банкны лавлагаагаар тогтоосон байна. /хэргийн 17-18, 30-31 дүгээр хуудас/

            Зээлийн гэрээний үүргийн талаар анхан шатны шүүх үндсэн зээл 1.000.000 төгрөг, зээлийн хүү 130.000 төгрөг, алданги 299.450 төгрөг нийт 1.429.450 төгрөг гэж тооцсоныг буруутгах боломжгүй.

            Хариуцагч тал гэрээний үүрэгт 2.000.000 төгрөг төлсөн бөгөөд илүү төлсөн 570.550 төгрөгийн талаар маргаагүй байх тул зээлийн үүргийг хариуцагч тал биелүүлсэн гэж үзэж шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

            Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан СD-ийг судлан үзэхэд хэнээс хэн хэдэн төгрөг зээлсэн болох, зээлийн үүргийг хэрхэн биелүүлсэн нь тодорхой бус ярианы бичлэг байх тул энэ баримтыг үндэслэн нэхэмжлэгч талын гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

            Иймд  нэхэмжлэгч П.Ө-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ганзоригийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж,  Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 100 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 63.100 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.                                       

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                    ДАРГАЛАГЧ

                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         О.НАРАНГЭРЭЛ 

                                ШҮҮГЧИД                                                        С.ЭНХЖАРГАЛ

                                                                                                         С.ОЮУНЦЭЦЭГ