Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 110/2021/0009/З |
Дугаар | 221/МА2021/0543 |
Огноо | 2021-10-14 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 221/МА2021/0543
Х.А-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч А.Сарангэрэл, Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Шаравдорж, нэхэмжлэгч Х.А, түүний өмгөөлөгч А.С, гуравдагч этгээд Г.М нарыг оролцуулан Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 43 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гуравдагч этгээд болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор Х.А-ын нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Засаг дарга, Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлд холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 43 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн /2002/ 17 дугаар зүйлийн 17.8, Төрийн албаны тухай хуулийн /2017/ 7 дугаар зүйлийн 7.4, 27 дугаар зүйлийн 27.1, 57 дугаар зүйлийн 57.1, 61 дүгээр зүйлийн 61.1.1, Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.6, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.А-ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/28 дугаар “Ерөнхий архитектураар үргэлжлүүлэн томилох тухай” захирамжийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, үлдсэн хэсэг болох “захирамжийн 1 дэх заалт болон Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн “Хүсэлтийг хянан шалгасан тухай” 04 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Гуравдагч этгээд болон түүний өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: “ ...Анхан шатны шүүхээс нотлох баримтад авагдсан материалд зөв үнэлэлт, дүгнэлт хийгээгүй.
Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга К.Болат нь Геодези, зураг зүйн газрын даргын 2019 оны Б/123 дугаар тушаалыг хэрэгжүүлээгүй нэг орон тоог хоёр салгаад хоёр албан тушаал бий болгосноор Төсвийн тухай хуулийн холбогдох заалтууд, Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.3, 39.1.4-д заасанчлан хууль болон дээд шатны байгууллагын шийдвэрт нийцээгүй тушаал гаргаж ирсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан илт хууль бус захиргааны акт болсон ба энэхүү хууль бус акт нь хэзээ гарснаас үл хамааран гарсан цагаас эхлэн эрх зүйн үндэслэлгүй бөгөөд Төрийн албаны зөвлөл болон аймгийн хараат бус төрийн аудитын байгууллагаар шалгагдан тогтоогдсон боловч шүүх шийдвэр гаргахдаа үүнийг зөв үнэлэлт, дүгнэлт өгөөгүй байна. Х.А нь анхнаасаа ийнхүү хууль бусаар томилогдсоныг шүүгчээс дүгнэлт хийлгүй орхигдуулсан.
Анхан шатны шүүгчээс хэрэг хянан шийдвэрлэхэд хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй. 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/28 дугаар захирамжаар Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын хууль бусаар нэг орон тоог хоёр салгаж ирсэн зөрчлийг арилгасан юм.
Гэвч 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б/96 дугаар тушаалаар “Хэлтсийн дарга бөгөөд Ерөнхий архитектор” нэртэй албан тушаалын нэршлийг “Барилга, хот байгуулалтын хэлтсийн дарга” гэж өөрчилсөн явдлыг аймгийн Ерөнхий архитекторын орон тоо хасагдсан гэж буруу тайлбарлан нэхэмжлэгч Х.А-ыг Барилга, хот байгуулалтын хэлтсийн даргаар томилж аймгийн Засаг даргын 2020 оны Б/28 дугаар захирамжаар давхцуулан шийдвэр гаргасан. Бүтэц баталдаг байгууллагаас Ерөнхий архитекторын албан тушаалын орон тоог асаагүй Ерөнхий архитекторын Хот байгуулалтын тухай хуульд заасан эрх, үүрэг нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын Б/96 дугаар тушаалаар нэршлийг өөрчлөн баталсан, “Барилга хот байгуулалтын хэлтсийн дарга” нэртэй шинэ албан тушаалын тодорхойлолтод хэвээр хадгалагдаж үлдсэн.
Анхан шатны шүүхээс нотлох баримтаар авагдсан уг эрхийн актуудыг хэрэг шийдвэрлэхэд ач холбогдолтой талаас үнэлж, дүгнээгүй, уг маргааныг шийдвэрлэхэд хэрэглэх ёстой Төрийн албан тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2.3-д заасныг баримтлаагүй, Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.6 болон Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3-д тус тус үндэслэж маргааныг шийдвэрлэж, хуулийг буруу хэрэглэсэн.
“Барилга байгуулалтын хэлтсийн дарга” нэртэй орон тоонд аймгийн Засаг даргаас томилогдсон аймгийн Ерөнхий архитектор Г.М миний бие ажиллаж байх ёстой ба аймагт архитектор болон хот төлөвлөлтийн архитектор мэргэжилтэй мэргэшсэн архитектор байхгүй, томилогдоогүй нөхцөлд дараагийн ээлжид заасан мэргэжилтэй хүмүүс аймгийн Засаг даргын захирамжаар “Барилга хот байгуулалтын хэлтсийн дарга”-д томилогдон хийж болно гэсэн нөхцөлөөр оруулсан гэж ойлгож байна.
Аймгийн Засаг даргаас хууль ёсоор Ерөнхий архитектораар томилогдсон Г.М миний бие албан ёсоор батлагдсан цалингүй болж цалингүй ажиллах нөхцөл байдал бий болоод байна.
Иймд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн Баян-Өлгий аймгийн Засаг даргын Б/28 дугаар захирамжийн цалин тогтоосон 2 дахь заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу гуравдагч этгээд, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт дараах өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Х.А-аас “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/28 дугаар захирамж болон Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн “Хүсэлтийг хянан шалгасан тухай” 04 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Шаардлага тус бүрд нь авч үзвэл:
1 дэх нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/28 дугаар захирамжаар Г.М-ыг аймгийн Ерөнхий архитекторын албан тушаалд 4 жилийн хугацаагаар үргэлжлүүлэн томилж, 2 дахь заалтаар Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын даргын 2019 оны Б/123 дугаар тушаалаар батлагдсан бүтэц, орон тооны “Хэлтсийн дарга бөгөөд Ерөнхий архитектор” ТЗ-7 албан тушаалын зэрэглэлийн 5 дугаар шатлалаар цалинжуулахыг аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт үүрэг болгожээ.
Нэхэмжлэгчээс дээрх захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...аймгийн Засаг дарга эрх мэдлээ хэтрүүлэн Төрийн албаны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 31.4-д заасныг зөрчиж Г.Мандатыг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын хэлтсийн дарга бөгөөд Ерөнхий архитектораар томилж, ТЗ-7 албан тушаалын 5 дугаар шатлалаар цалинжуулахаар шийдвэрлэсэн нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3-д заасан төсвийн шууд захирагчийн төсвийн талаар хэрэгжүүлэх бүрэн эрхийг зөрчсөн” гэж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй татгалзлын үндэслэлээ “... Улсын хэмжээнд аймгийн Ерөнхий архитекторуудыг Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т зааснаар аймгийн Засаг дарга томилж, чөлөөлөх хуулийн заалттай, ... Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын даргын 2019 оны Б/123 дугаар тушаалаар баталж өгсөн бүтэц, орон тоонд “Барилга, хот байгуулалтын хэлтсийн дарга бөгөөд Ерөнхий архитектор” ТЗ-7 ангиллаар цалинжуулах гэж заасан тул Б/28 дугаар захирамж хууль зөрчөөгүй” гэж тус тус тайлбарлан маргасан байна.
Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга нь хот байгуулалтын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 9.1.2-т “аймаг, нийслэлийн ерөнхий архитекторыг 4 жилийн хугацаагаар томилох” гэж зааснаар аймгийн Засаг дарга тухайн аймгийн Ерөнхий архитекторыг томилохоор хуульчлагдсан, үүний дагуу Баян-Өлгий аймгийн Засаг дарга Ерөнхий архитектораар Г.М-ыг томилсон байна.
Ингэхдээ хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргаас Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Б/123 дугаар тушаалыг баримтлан “Хэлтсийн дарга бөгөөд Ерөнхий архитектор” ТЗ-7 албан тушаалын зэрэглэлийн 5 дугаар шатлалаар цалинжуулахаар шийдвэрлэсэн нь буруу байна.
Учир нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн “Аймгуудын Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоо, албан тушаалын ангилал, зэрэглэл, жагсаалтыг батлах тухай” Б/123 дугаар тушаалаар баталсан “Барилга, хот байгуулалтын хэлтсийн дарга бөгөөд Ерөнхий архитектор” гэснийг 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б/96 дугаар тушаалаар “Барилга, хот байгуулалтын хэлтсийн дарга” гэж өөрчилсөн төдийгүй Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлд “Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, эрх хэмжээ”, 23.2.6-д “Засгийн газраас тогтоосон хязгаарт багтаан аймаг, нийслэл, дүүргийн газрын албаны бүтэц, орон тоог батлах” гэж зааснаар Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт аймгийн газрын албаны бүтэц, орон тоог батлах эрх хэмжээ олгогдсон гэж үзэхээр байна.
Гэтэл Баян-Өлгий аймгийн Засаг дарга нь маргаан бүхий захирамжийг гаргахаас өмнө нэгэнт өөрчлөгдсөн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн “Аймгуудын Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоо, албан тушаалын ангилал, зэрэглэл, жагсаалтыг батлах тухай” Б/123 дугаар тушаалыг үндэслэн “Хэлтсийн дарга бөгөөд Ерөнхий архитектор” гэсний дагуу гуравдагч этгээд Г.М-ыг ТЗ-7 албан тушаалын зэрэглэлийн 5 дугаар шатлалаар цалинжуулахаар шийдвэрлэж байгаа нь Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.38-д "төсвийн шууд захирагч" гэж төсвийн ерөнхийлөн захирагч болон төсвийн төвлөрүүлэн захирагчаас хуваарилсан чиг үүргийн төсвийг төлөвлөх, хууль тогтоомжийн дагуу захиран зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах эрх бүхий этгээдийг”, 16 дугаар зүйлийн 16.4-д “Дараах албан тушаалтан төсвийн шууд захирагч байна”, 16.4.5-д “агентлагийн дарга тус агентлагийн төсвийн”, 16.5-д “Төсвийн шууд захирагч нь төсвийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 16.5.3-д “батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох” гэж заасанд нийцэхгүй.
Учир нь хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас аймгуудын Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын бүтэц, орон тоог батлахдаа “Барилга хот байгуулалтын хэлтсийн дарга бөгөөд ерөнхий архитектур” гэсэн 1 орон тоо байхаар тусгаж ирсэн байх бөгөөд уг орон тоог 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б/96 дугаар тушаалаар “Барилга, хот байгуулалтын хэлтсийн дарга” гэж өөрчлөгдсөнтэй холбогдуулан Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/02 дугаар тушаалаар нэхэмжлэгч Х.А Барилга, хот байгуулалтын хэлтсийн даргаар томилогдон ажиллаж байгаа болох нь тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл, Төсвийн тухай хуулийн 16.5.3-д зааснаар батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох, төсвийг захиран зарцуулах эрх нь төсвийн шууд захирагчийн хувьд Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргад хадгалагдах тул анхан шатны шүүх “... Засаг даргын захирамжийн 2 дахь заалтаар ерөнхий архитектор Г.М-д хэлтсийн даргын албан тушаалын цалинг олгохыг газрын даргад үүрэг болгож шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн ... эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн” гэсэн дүгнэлт хийж, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/28 дугаар захирамжийн 2 дахь заалтыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.
Энэ талаарх гуравдагч этгээд болон түүний өмгөөлөгчийн “Анхан шатны шүүхээс нотлох баримтаар авагдсан эрхийн актуудыг хэрэг шийдвэрлэхэд ач холбогдолтой талаас үнэлж, дүгнээгүй, хуулийг буруу хэрэглэсэн” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.
Харин Төрийн албаны тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.1-д зааснаар албан тушаалын цалин хөлс авах нь төрийн албан хаагчийн нийтлэг баталгаанд хамаарах тул Баян-Өлгий аймгийн Засаг дарга нь Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Ерөнхий архитектораар томилсон гуравдагч этгээд Г.М-д өөрийн батлагдсан төсөвт багтаан цалин, хөлсийг олгох үндэслэлтэй болохыг дурдах нь зүйтэй.
2 дахь нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор “Г.Мандат нь ... 2014 оноос төрийн жинхэнэ албан тушаалд томилогдон ажиллаж байсан төрийн жинхэнэ албан хаагч мөн болохыг тогтоосон” байна.
Нэхэмжлэгчээс дээрх тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... төрийн жинхэнэ албан хаагч гэж хууль бусаар тогтоосныг үндэслэл болгон төрийн жинхэнэ албан хаагч биш хүнд давуу байдал олгосон” гэж тайлбарлажээ.
Захиргааны хэргийн шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3-д зааснаар хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэдэг бөгөөд нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тохиолдолд нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэх эрх, хууль ёсны ашиг сонирхол нь сэргэх учиртай.
Гэтэл нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахыг хүссэн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн “Хүсэлтийг хянан шалгасан тухай” 04 дүгээр тогтоолын үйлчлэл нь нэхэмжлэгч Х.А-т чиглээгүй, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасны дагуу хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх нь зүйтэй.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт “Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 04 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж, гуравдагч этгээд болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 43 дугаар шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 57 дугаар зүйлийн 57.1, 61 дүгээр зүйлийн 61.1.1, Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.6, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Х.А-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/28 дугаар захирамжийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, үлдэх хэсэг болох уг захирамжийн 1 дэх заалтыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж,
Тогтоох хэсэгт “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасныг баримтлан Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн “Хүсэлтийг хянан шалгасан тухай” 04 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн заалт нэмж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээн, гуравдагч этгээд болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН