Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 745

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Булган сумын 5 дугаар багт оршин суух, БД74020331 регистрийн дугаартай, Шыбарайгыр овогт Мүтайн Хуанышын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Булган сумын Засаг даргын Тамгын газар /дарга А.Мектепхан/-т холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Болат, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Хаутай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Маншүк нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Булган сумын Засаг Даргын Тамгын газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/11 дугаартай ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүсжээ.

Нэхэмжлэгч М.Хуаныш шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.Хуаныш миний бие 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн Булган сумын Засаг даргын Тамгын газарт жолоочоор ажилд орсон бөгөөд оногдсон үүргээ гүйцэтгэж алдаа, эндэгдэлгүй ажиллаж байсан билээ. Гэтэл 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр орон нутгийн сонгууль явагдаж дууссаны маргааш танай нам сонгуульд ялагдсан учраас ажлаас гар, машинаа гражид тавь гэснээр мөн өдрөөс эхлэн машиныг маань гаржид тавиулаад ажил үүрэг гүйцэтгүүлээгүй. Би хэчнээн учирлаад тэрхүү тамгын газрын дарга болох А.Мектепхантай ойлголцоогүй. Тэрээр надтай хөдөлмөрийн гэрээ хийж байгаагүй бөгөөд ажилд орсон болон чөлөөлсөн тушаал гаргасан гэх боловч миний гарт өгөөгүй. Миний шүүхэд гомдол гаргах хугацааг зориуд өнгөрөөх гэсэн муу санаа агуулж байгааг үгүйсгэхгүй. А.Мектепхан нь намын үзэл бодлоор ялгаварлан миний хуулиар хамгаалагдсан хөдөлмөрлөх эрхэд бүдүүлгээр халдсанд гомдолтой. Иймд намайг Булган сумын Засаг даргын Тамгын газрын жолоочийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Болат шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Тус шүүхэд Булган сумын ЗДТГ-т суудлын авто машины жолоочоор ажиллаж байсан М.Хуаныш өөрийгөө ажлаас үндэслэлгүй халагдсан талаар нэхэмжлэл гаргасан. Энэ нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа. М.Хуаныш нь 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Булган сумын ЗДТГ-ын дарга Мектепхан гэх хүний тушаалаар жолоочоор томилогдон ажилласан. Ингээд 10 сар ажилласны дараа 2016 оны 10 дугаар сард урьд ажиллаж байсан жолооч ажилд орох шаардлагатай болсон гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Булган сумын ЗДТГ-т ажиллаж байсан нь ажилд орсон тушаал, нийгмийн даатгалын дэвтэрт хийсэн тэмдэглэл, тус сумын ЗДТГ-ын нягтлан бодогч Еркебекийн тодорхойлолт, ажлаас чөлөөлсөн тушаал зэргээр нотлогдож байна. Өөрөөр хэлбэл М.Хуаныш нь жолоочоор 10 сар тасралтгүй ажиллаж байсан нь тогтоогдож байгаа. Анх хөдөлмөрийн гэрээ байгуулахад түр гэсэн тодотгол бичээд хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулсан байна. Хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулах Хөдөлмөрийн тухай хуульд заасан журмыг зөрчсөн. Өөрөөр хэлбэл тодорхой хугацаа заасан, эсхүл урьд нь ажиллаж байсан хүн ямар нэгэн шалтгаанаар ажлаас чөлөөлөгдөөд буцаад ажилд орох хүртэл гэсэн хөдөлмөрийн гэрээ хийгдээгүй. Урьд нь жолоочоор ажиллаж байсан Габдулин гэх хүн архи ууж явж байгаад зөрчил гаргаж жолоодох эрхээ хасуулсан этгээд байсан. Энэ хүний эрх нь сэргээгдсэн гэх үндэслэлээр М.Хуанышыг ажлаас халж Габдулиныг авах үндэслэл байхгүй. Хөдөлмөрийн тухай хуульд урьд эрхэлж байгаа ажил, албан тушаалыг хэвээр хадгалж үлдэх үндэслэлүүдийг тодорхой зааж өгсөн. Үүнд эрх нь хасагдсан ажилтны эрх нь сэргээгдэх хүртэл ажил, албан тушаалыг хэвээр хадгална гэсэн хуулийн заалт байхгүй. Булган сумын ЗДТГ анх М.Хуанышыг ажилд авахаас эхлээд хууль зөрчсөн. Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 34-т заасныг үндэслээд ажилд авсан. М.Хуаныш нь төрийн үйлчилгээний албан хаагч учраас дээрх хуулийн заалт хамаарахгүй. Уг хуулийг үзэхэд 34.4-т орон нутгийн байгууллага Засгийн газартай харилцах гэсэн заалт байгаа. Өөрөөр хэлбэл орон нутгийн байгууллага жолоочийг ажилд авахдаа Засгийн газраас зөвшөөрөл авах мэт бичсэн байна. Ажил олгогч ажилтныг ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.8 дахь хэсэгт заасан ажилтан ажил олгогч хоёр харилцан тохиролцсоны үндсэн дээр ажлаас чөлөөлөх гэсэн заалтыг баримталсан байна. Ажилтныг ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлөх үндэслэлүүдийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд тодорхой зааж өгсөн. Улсын Дээд шүүхийн 2003 оны 33 дугаар тогтоолд хүртэл ажилтныг ажил олгогчийн санаачилгаар чөлөөлсөн тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн аль нэг заалтыг заавал баримтална гэж заасан. Хоёр тал хүлээн зөвшилцөж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох гэсэн зүйл заалтыг баримтал М.Хуанышыг ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээс өөр арга байхгүй. Аймгийн Засаг даргын орлогч Гавдулины эрх нь сэргээгдсэн, он удаан жил ажилласан тул эдгээрийг харгалзаж урьд эрхэлж байсан ажилд ав гэж хэлсэн гэдгийг үндэслэсэн гэж Мектепхан тайлбарлаж байгаа. Аймгийн Засаг даргын орлогч Хөдөлмөрийн тухай хуульд заасан эрх хэмжээнээс давсан шаардлага тавьж, үүнийг ЗДТГ-ын дарга биелүүлэхийг шаардах эрх байхгүй. М.Хуаныш Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлээс гадуур хууль бус ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн байгаа тул Баян-Өлгий аймгийн Булган сумын Засаг Даргын Тамгын газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/11 дугаартай ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалыг хүчингүй болгож, түүнийг Булган сумын ЗДТГ-ын суудлын авто машины жолоочийн ажилд эгүүлэн тогтоож өгөхийг хүсэж байна, холбогдох нотлох баримтаа гаргаж өгсөн гэв.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Булган сумын Засаг даргын Тамгын газрын дарга А.Мектепхан шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Мутай овогтой Хуаныш нь анх 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс сумын мал эмнэлэг үржлийн тасагт ирсэн фермер машины жолоочоор сумын ЗДТГ-т орж ажилласан юм. М.Хуаныш нь энэхүү жолоочоор ажиллаж байсан хугацаанд Монгол мал хөтөлбөрийн шугамаар ирсэн фермер машиныг онхолдуулж мөн хамт ажиллаж байсан мал эмнэлэг үржлийн тасгийн /МЭҮТ/ эрхлэгчтэй зөрөлдөж таарамж муутай ажиллаж байгаад 2015 оны 10 дугаар сард өөрийн хүсэлтээр тус жолоочийн ажлаас чөлөөлөгдсөн юм. Сумын ЗДТГ-ын жолооч Т.Габдулин нь 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр сумын төвд машинтай мөргөлдөж, жолоодох эрхээ хасуулснаар сумын ЗДТГ-т жолооч авч ажиллуулах шаардлагатай болсон юм. Энэхүү ЗДТГ-ын жолоочоор орж ажиллахаар олон хүн өргөдөл ирүүлсэн боловч сумын Засаг даргатай зөвшилцөн, урьд хамт ажиллаж байснаар давуу тал болгож М.Хуанышыг 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр түр жолоочоор авч ажиллуулсан юм. М.Хуанышыг ажилд томилж байхад миний бие өөрт нь анхааруулж, Хуанышаа чамайг бид зөвлөлдөж байгаад түр жолоочоор авч ажиллуулах болсон шүү энэхүү бичсэн өргөдөлд түр гэж бичиж өг гээд өргөдлийн хараар бичсэн хэсэгт нь хөх өнгөөр түр авч ажиллуулж өгнө үү гэж өөрөөр нь бичүүлж авсан юм. Сумын Засаг дарга бид хоёр Т.Габдулиныг эрх нь сэргэтэл чамайг түр ажиллуулахаар тохирсон, Т.Габдулины эрх нь сэргэсэн өдөр ажлаа өгнө шүү гэж анхааруулан хэлэхийн хамт хөдөлмөрийн хугацаагүй буюу хөдөлмөрийн гэрээнд түр хугацаатай гэж тодруулан бичиж хоёулаа тохиролцож хөдөлмөрийн гэрээ байгуулсан юм. М.Хуаныш нь 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр ажлаас гартал сумын ЗДТГ-ын жолоочоор түр ажиллаж байсан ба урьд ажиллаж байсан жолооч Т.Габдулин нь 2016 оны 8 дугаар сарын 5-нд эрхээ сэргээсэн байсныг 8 дугаар сарын 29-ний өдөр замын цагдаагийн газраас лавлагаа авч ирж өгөхийн хамт 9 дүгээр сарын 06-ны өдөр сумын Засаг дарга бид хоёрын нэр дээр дахин жолоочоор ажиллуулж өгөх тухай хүсэлтээ гаргасан байсан юм. Т.Габдулины өргөдлийн эх хувь нь Засаг даргад байгаа ба энэ жолоочийн тухай асан Засаг дарга Х.Шынарбектэй миний бие зөвшилцөн Т.Габдулиныг эргүүлж авъя гэж санал тавихад Х.Шынарбек нь: Жолоочоор орох гэж байгаа Т.Габдулин нь сумын ИТХ-ын төлөөлөгчөөр нэрээ дэвшүүлж байгаа юм байна. Би ч улс төрийн хүн. Иймд та сумын ИТХ-ын сонгууль өнгөртөл хүлээж байгаад сонгууль өнгөрсний маргааш нь аль нэгэн нам нь ялалт байгуулсан нь хамаагүй М.Хуанышыг тэр өдөр чөлөөлж, Т.Габдулиныг эргүүлэн томилохыг зөвлөж байна гэсэн юм. Тэгээд ч би Х.Шынарбекийн үгийг хүндэтгэж, орон нутгийн сонгууль өнгөртөл Т.Габдулиныг эргүүлэн томилоогүй юм. Энэ хооронд Т.Габдулин нь Аймгийн Засаг даргад хандаж.эргүүлэн жолоочоор томилуулах тухай хүсэлт гаргасан байна. Т.Габдулины энэхүү хүсэлтийг Аймгийн Засаг даргын орлогч Ш.Хабыл хүлээж авч 9 дүгээр сарын 15-ны өдөр 2-01\1731 тоотоор Т.Габдулиныг жолоочоор эргүүлэн томилохыг зөвлөсөн албан тоот ирүүлсэн юм. Энэхүү албан тоотыг өөрийн биеэр авч ирсэн болохоор би уншиж танилцаад бичиг хэрэгт бүртгүүлэхээр бичиг хэрэгт өгүүлсэн юм. Бичиг хэргийн ажилтан Лх.Алтанцэцэг бүртгэж аваад Засаг дарга Х.Шынарбект өгч, гарын үсэг зуруулж авсан байна. Энэ албан тоотыг Х.Шынарбек нь хадгалж аваад хэнд ч цохилт хийж өгөөгүй байсан байгаа юм. Сая шүүхэд хандах үеэр албан тоотыг асуухад Х.Шынарбек нь ажлаа өгөхөд хаана хаяснаа мэдэхгүй байна гээд байгаа нь ямар учиртайг ойлгохгүй байна. Ш.Хабыл даргын албан бичиг нь Аймгийн Засаг даргын тамгын газрын бичиг хэрэгт нэг хувь нь байгаа байх. Би урьд нь Засаг дарга байсан Х.Шынарбектэй тохирч байсны дагуу орон нутагт сонгууль өнгөрсний дараа буюу 10 дугаар сарын 21-ний өдөр тушаал гаргаж түр жолоочоор ажиллаж байсан М.Хуанышыг ажлаас нь чөлөөлж.сумын ЗДТГ-т 16 жил жолоочоор ажилласан чадвартай туршлагатай жолооч Т.Габдулиныг эргүүлэн томилсон юм. Жолооч М.Хуаныш нь 10 дугаар сарын 21-нд чөлөөлөгдсөн боловч 11 дүгээр сарын 08-ныг хүртэл машинаа хүлээлгэж өгөхгүй, машины түлхүүр өгөхгүй 18 хоног төрийн ажлыг хэвийн явуулахад саад хийсэн юм. Энэ хугацаанд бид машиныг сумын Цагдаагийн кабоны гражид ямар ч хөдөлгөөнд оролцуулаагүй байлгаж байгаад 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээж авч, жолооч Т.Габдулинд хүлээлгэж өгсөн юм. Жолооч М.Хуанышыг ажиллаж байсан хугацаанд төдийлөн сэтгэл гаргаж сайн ажиллаагүйгээс гадна удаа дараа архи ууж байна гэх мэдээлэл ирсэн юм. 2016 оны 10 дугаар сарын 03-ны орой танай жолооч согтуугаар машин жолоодож байна гэх мэдээлэл ирэхээр нь сумын цагдаа И.Эрдэнэшагайд утсаар наад жолоочийн аюулгүй байдлыг хангаж, амраа гэх үүрэг өгсөн юм. Маргааш нь цагдаагаас асуухад архи уусан нь үнэн байна би машинаа тавиулж амраасан гэж мэдэгдсэн юм. Энэ тухай лавлах шаардлагатай бол төрийн цагдаа үнэн байдлаа хэлэх байлгүй дээ. Жолооч М.Хуаныш өргөдөлдөө надтай хөдөлмөрийн гэрээ хийгээгүй, 2 удаагийн тушаалаа гартаа өгөөгүй гэж гүтгэсэн байгаа юм. Би анх ороход өргөдөлд нь түр гэж өөрийн гараар бичүүлж авсан, мөн өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан дараа нь аюулгүй ажиллагааны зааварчилга өгч гарын үсэг зуруулж авсан. Ажилд томилсон өргөдлийг 4% гаргаж 1%-ийг тухайн өргөдлийг гарт нь өгөхөд авч гараад манай ЗДТГ-ын няравт би энийг хүлээж авах боломжгүй гэж шийдчихээд гараад явсныг дараа нь шүүхэд хандах үеэр өөрөө ирж авсан гэж хэлсэн юм. Миний бие төрийн удирдах албанд 32 жил ажиллахад ямар нэгэн албан тушаалтныг ажлаас нь үндэслэлгүй халж, шүүхээр дуудагдаж байсан удаагүй. Мөн жолооч М.Хуанышын хэлсэнчлэн улс төржсөн асуудалгүй би намаас түдгэлзсэн төр захиргааны жинхэнэ албан хаагч юм гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Хаутай шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие өнөөдрийн шүүх хуралдаанд Булган сумын ЗДТГ-ын дарга Мектепханы хүсэлтээр хариуцагчийг төлөөлж оролцож байна. Нэхэмжлэгч анх гаргасан нэхэмжлэлдээ 1. Намайг 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр буюу сонгуулийн дараа танай нам ялагдсан ажлаа өг гээд машинаа гражид тавиулсан. 2. Ажилд орсон гарсан тушаал өгөөгүй. 3. Хөдөлмөрийн гэрээ байгуулж байгаагүй гэсэн байдалтай нэхэмжлэл гаргасан. Энэ бол үндэслэлгүй, худлаа гэдгийг хэлмээр байна. Нэхэмжлэл гаргасан хүн хэр зэрэг ёс зүйтэй хүн гэдэг нь харагдаж байна. Энэ асуудлаар Булган сумын ЗДТГ-ын дарга Мектепханы гаргасан тодорхойлолтод М.Хуанышын хүн чанарын талаар дурдсан байгаа. М.Хуаныш Мал эмнэлэг дээр ажиллаж байхад машин онхолдуулсан талаар бичсэн. Энэ нь энэ хэрэгт хамааралгүй ч гэсэн дурдаж хэлэхийг хүсэж байна. Эрхлэгчтэйгээ зодолдож, машин онхолдуулсан, саяхан архи уугаад Алтаншагай гэх цагдаа аюулгүй байдлыг хангаж ажилласан байна. М.Хуанышыг анх ажилд авахдаа 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр түр тушаалаар ЗДТГ-ын дарга Засаг дарга хоёр зөвлөлдөж байгаад М.Хуанышт чамайг түр ажилд авлаа гээд хэлсэн. М.Хуаныш Булган сумын ЗДТГ-ын даргад ажилд орох тухай хүсэлт гаргасан бөгөөд уг хүсэлтэд хүртэл түр ажилд авна уу гэж хэлж байгаад бичүүлж авсан. Ажилд авахдаа 16 жил сумын ЗДТГ-т ажилласан Гавдулин гэх хүн өвөл гулгаа газар явж байгаад машинтай мөргөлдөөд 6 сар эрхээ хасуулсан. Ажил олгогчийн зүгээс Гавдулиныг ажилд авах сонирхолтой байсан. Учир нь олон жил ажилласан. Тийм учраас М.Хуанышыг түр хугацаагаар ажилд авсан. Хөдөлмөрийн гэрээнд хөдөлмөрийн гол нөхцөлүүдийг бүгдийг дурдсан, талууд хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Гавдулин гэх хүн эрх нь сэргээгдээд сумын Засаг дарга, ЗДТГ-ын даргын аль алинд өргөдөл гаргасан. Олон жил ажилласан, ар гэрийн гачигдалтай тул урьд ажиллаж байсан ажилд эгүүлэн орохыг хүсэж байна гээд аймгийн Засаг даргад хүсэлт гаргасан. Аймгийн Засаг дарга тухайн үед хот руу явсан байсан тул орлогч Ш.Хабыл Гавдулины олон жил ажилласан байдлыг анхаарч ажилд авна уу гэсэн албан тоот явуулсан. Хөдөлмөрийн гэрээг 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан. Хөдөлмөрийн гэрээнд Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг оруулсан. Улсын Дээд шүүхийн 33 дугаар тогтоолын 7-д ...энэ зүйлийн 23.2.2.-т дээрх гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулж болохоор заасан нь ажилтан, ажил олгогчийн хэн алины санаачилгаар, тэдгээрийн харилцан тохиролцооны үндсэн дээр, тодорхой үндэслэл, шаардлага үүссэн тохиолдолд хамаарна. Энэ нөхцөлд тухайн шаардлага, шалтгааныг, мөн талуудын хүсэл зоригийн илэрхийллийг хөдөлмөрийн гэрээнд зайлшгүй тодорхой тусгасан байвал зохино гэж заасан. Өөрөөр хэлбэр түр гэдгийг тодорхой дурдсан. Ажил олгогч ажилтныг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8-д заасныг баримталсан. Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж байсан тул М.Хуанышыг ажлаас чөлөөлсөн. Ажилд авахдаа ч гэсэн түр гэдгийг тодорхой хэлсэн. Хөдөлмөрийн гэрээг түр хугацаагаар байгуулж нэг хувийг ажилтанд өгсөн. Анх ажилд орохдоо түр хугацаагаар авна уу гэж өргөдөл хүсэлт гаргасан. Энэ нотлох баримт нь ЗДТГ-т байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай Дээд шүүхийн тогтоолд ажил олгогч нь Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо үндэслэлээ тодорхой заасан байх ёстой гэж түрүүн бас хэлсэн. Улсын Дээд шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг хянан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудал гэсэн зөвлөмжид Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь заалт нь ажил олгогч нь ажилтантай харилцан тохиролцсоны үндсэн дээр тодорхой үндэслэл, шаардлага үүссэн тохиолдолд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулна гэж заасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д заасан аль нэг заалтыг баримталсан байх ёстой байсан гэж байна. Энэ бол хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан тул шаардлагагүй. Түүнчлэн анх ажилд авахдаа буруу хуулийн заалт баримталсан гэж байгаа боловч энэ нь өнөөдрийн энэ хэрэгт хамааралгүй. Иймд Булган сумын ЗДТГ-ын даргын тушаалыг хэвээр үлдээж өгөхийг хүсэж байна гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэргийн оролцогч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Булган сумын Засаг даргын Тамгын газрын дарга нь тус газрын жолооч Т.Габдулины тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг сэргээтэл М.Хуанышыг түр жолоочоор авсан байсан гэж маргажээ.

Баян-Өлгий аймгийн Булган сумын Засаг даргын Тамгын газрын жолоочийн орон тоо нь байнгынажлын байр мөн уг жолоочийн орон тоонд ажиллаж байсан Т.Габдулин нь зөрчил гаргаж эрхээ хасуулж, ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээг цуцалсан болох нь хариуцагчийн шүүхэд ирүүлсэн болон зохигч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдон тогтоогдож байна.

Баян-Өлгий аймгийн Булган сумын Засаг даргын Тамгын газрын жолоочоор ажиллаж байсан Т.Габдулинтай байгуулсан хөдөлмөрийн харилцааг цуцалж, түүний оронд нэхэмжлэгч М.Хуанышыг тус байгууллагын жолоочоор томилсон нь 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Булган сумын Засаг даргын Тамгын газрын даргын Б/04 дугаар тушаал болон түүний 0331848 дугаар Нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн бичилт зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.

Ажил олгогч Баян-Өлгий аймгийн Булган сумын Засаг даргын Тамгын газрын даргын М.Хуанышыг жолоочийн ажилд томилох тухай 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/04 дугаар тушаалд Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 4 дэх заалтыг үндэслэл болгосон боловч тухайн заалт нь уг хуулийн тухайн заалтад байхгүй ба Хөдөлмөрийн тухай хуульд ажилтныг түр томилох тухай заалт байхгүй бөгөөд жолоочийн орон тоо нь байнгын ажлын байр байхад ажилтантай хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулж Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д заасныг зөрчсөн байна.

Ажил олгогч урьдах жолооч нь тээврийн хэрэгслийн жолоодох эрхээ сэргээсний дараа өөрөө эргэж ажилд орох ёстой гэж маргадаг боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д заасан ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг хэвээр хадгалах 8 төрлийн үндэслэлд уг үндэслэлийг заагаагүй байхгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулж болох ба харин бусад тохиолдолд шинээр орж байгаа ажилтантай түр хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай заалт Хөдөлмөрийн тухай хуульд байхгүй бөгөөд ажил олгогчийн ажилтан М.Хуаныштай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд хэдэн оны хэдэн сараас хэдэн оны хэдэн сар хүртэл, ямар хугацаагаар байгуулсан нь тодорхойгүй, уг гэрээг байгуулахдаа ажилтан М.Хуанышын сайн дурын буюу хүсэл зоригийн үндсэн дээр хугацаатай байгуулсан эсэх, ямар үндэслэл, шаардлагаар хугацаатай байгуулах болсон эсэх нь тодорхой бус тул уг хөдөлмөрийн гэрээг нотлох баримтаар үнэлээгүй болно.

Иймд Баян-Өлгий аймгийн Булган сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай Б/11 дугаар тушаалыг хүчингүй болгож, М.Хуанышыг Булган сумын Засаг даргын Тамгын газрын жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, энэхүү нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх хэрэг тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дагуу нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна.

Хариуцагч талын байгууллагын гаргаж өгсөн Т.Габдулины жолоочийн үнэмлэхийн лавлагаа, аймгийн Засаг даргын орлогч Ш.Хабылын 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 2-01/1731 тоот албан бичиг, уг тоотыг бүртгэсэн бүртгэл, Т.Габдулины Баян-Өлгий аймгийн Булган сумын Засаг дарга болон тус сумын Тамгын газрын дарга нарт хандаж гаргасан өргөдөл зэрэг нотлох баримт нь энэ хэрэгт хамааралгүй тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Булган сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай Б/11 дугаар тушаалыг хүчингүй болгож, М.Хуанышыг Булган сумын Засаг даргын Тамгын газрын жолоочийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Булган сумын Засаг даргын Тамгын газрын санхүүгээс 70200 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5. Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ