Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 013

 

М.Хуанышийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн

тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, шүүгч М.Нямбаяр, Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 745 дугаар шийдвэртэй, тус аймгийн Булган сумын 5 дугаар багт оршин суух Шыбарайгыр овогт Мүтайн Хуанышийн нэхэмжлэлтэй,Булган сумын Засаг даргын Тамгын газарт холбогдох иргэний хэргийг хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар М.Айдынгүл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Болат, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Хаутай нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Булган сумын Засаг Даргын Тамгын газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/11 дугаартай ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: М.Хуаныш миний бие 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн Булган сумын Засаг даргын Тамгын газарт жолоочоор ажилд орсон бөгөөд оногдсон үүргээ гүйцэтгэж алдаа, эндэгдэлгүй ажиллаж байсан билээ. Гэтэл 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр орон нутгийн сонгууль явагдаж дууссаны маргааш танай нам сонгуульд ялагдсан учраас ажлаас гар, машинаа гражид тавь гэснээр мөн өдрөөс эхлэн машиныг маань гражид тавиулаад, ажил үүрэг гүйцэтгүүлээгүй. Би хэчнээн учирлаад тэрхүү тамгын газрын дарга болох А.Мектепхантай ойлголцоогүй. Тэрээр надтай хөдөлмөрийн гэрээ хийж байгаагүй бөгөөд ажилд орсон болон чөлөөлсөн тушаал гаргасан гэх боловч миний гарт өгөөгүй. Миний шүүхэд гомдол гаргах хугацааг зориуд өнгөрөөх гэсэн муу санаа агуулж байгааг үгүйсгэхгүй. А.Мектепхан нь намын үзэл бодлоор ялгаварлан миний хуулиар хамгаалагдсан хөдөлмөрлөх эрхэд бүдүүлгээр халдсанд гомдолтой. Иймд намайг Булган сумын Засаг даргын Тамгын газрын жолоочийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү. гэжээ.

 

Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарт: Сумын ЗДТГ-ын жолооч Т.Габдулин нь 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр сумын төвд машинтай мөргөлдөж, жолоодох эрхээ хасуулснаар сумын ЗДТГ-т жолооч авч ажиллуулах шаардлагатай болсон. Энэхүү ЗДТГ-ын жолоочоор орж ажиллахаар олон хүн өргөдөл ирүүлсэн боловч сумын Засаг даргатай зөвшилцөн, урьд хамт ажиллаж байснаар давуу тал болгож М.Хуанышийг 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр түр жолоочоор авч ажиллуулсан. Тухайн үед миний бие өөрт нь анхааруулж, Хуанышаа чамайг бид зөвлөлдөж байгаад түр жолоочоор авч ажиллуулах болсон шүү энэхүү бичсэн өргөдөлд түр гэж бичиж өг гээд өргөдлийн хараар бичсэн хэсэгт нь хөх өнгөөр түр авч ажиллуулж өгнө үү гэж өөрөөр нь бичүүлж авсан. Сумын Засаг дарга бид хоёр Т.Габдулиныг эрх нь сэргэтэл чамайг түр ажиллуулахаар тохирсон, Т.Габдулины эрх нь сэргэсэн өдөр ажлаа өгнө шүү гэж анхааруулан хэлэхийн хамт хөдөлмөрийн хугацаагүй буюу хөдөлмөрийн гэрээнд түр хугацаатай гэж тодруулан бичиж хоёулаа тохиролцож, хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Сумын ЗДТГ-ын жолоочоор урьд ажиллаж байсан жолооч Т.Габдулин нь 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр сумын Засаг дарга бид хоёрын нэр дээр эрхээ сэргээлгэсэн талаарх замын цагдаагийн газраас лавлагаа, дахин жолоочоор ажиллуулж өгөх тухай хүсэлтээ гаргасан байсан. Т.Габдулины өргөдлийн эх хувь нь Засаг даргад байгаа ба энэ жолоочийн тухай асан Засаг дарга Х.Шынарбектэй миний бие зөвшилцөн Т.Габдулиныг эргүүлж авъя гэж санал тавихад Х.Шынарбек Жолоочоор орох гэж байгаа Т.Габдулин нь сумын ИТХ-ын төлөөлөгчөөр нэрээ дэвшүүлж байгаа юм байна. Би ч улс төрийн хүн. Иймд та сумын ИТХ-ын сонгууль өнгөртөл хүлээж байгаад сонгууль өнгөрсний маргааш нь аль нэгэн нам нь ялалт байгуулсан нь хамаагүй, М.Хуанышийг тэр өдөр чөлөөлж, Т.Габдулиныг эргүүлэн томилохыг зөвлөж байна гэснийг миний бие хүндэтгэж, орон нутгийн сонгууль өнгөртөл Т.Габдулиныг эргүүлэн томилоогүй. Энэ хооронд Т.Габдулин нь Аймгийн Засаг даргад хандаж, жолоочоор эргүүлэн томилуулах тухай хүсэлт гаргасан бөгөөд уг хүсэлтийг Аймгийн Засаг даргын орлогч Ш.Хабыл хүлээж авч 9 дүгээр сарын 15-ны өдөр 2-01\1731 тоотоор Т.Габдулиныг жолоочоор эргүүлэн томилохыг зөвлөсөн албан тоот ирүүлсэн. Энэхүү албан тоотыг өөрийн биеэр авч ирсэн болохоор би уншиж танилцаад бичиг хэрэгт бүртгүүлэхээр бичиг хэрэгт өгүүлсэн. Бичиг хэргийн ажилтан Лх.Алтанцэцэг бүртгэж аваад Засаг дарга Х.Шынарбект өгч, гарын үсэг зуруулж авсан байна. Энэ албан тоотыг Х.Шынарбек нь хадгалж аваад хэнд ч цохолт хийж өгөөгүй байсан байгаа юм. Сая шүүхэд хандах үеэр албан тоотыг асуухад Х.Шынарбек нь ажлаа өгөхөд хаана хаяснаа мэдэхгүй байна гээд байгаа нь ямар учиртайг ойлгохгүй байна. Ш.Хабыл даргын албан бичиг нь Аймгийн Засаг даргын тамгын газрын бичиг хэрэгт нэг хувь нь байгаа байх. Би урьд нь Засаг дарга байсан Х.Шынарбектэй тохирч байсны дагуу орон нутагт сонгууль өнгөрсний дараа буюу 10 дугаар сарын 21-ний өдөр тушаал гаргаж түр жолоочоор ажиллаж байсан М.Хуанышийг ажлаас нь чөлөөлж, сумын ЗДТГ-т 16 жил жолоочоор ажилласан чадвартай туршлагатай жолооч Т.Габдулиныг эргүүлэн томилсон. Жолооч М.Хуаныш нь 10 дугаар сарын 21-нд чөлөөлөгдсөн боловч 11 дүгээр сарын 08-ыг хүртэл машинаа хүлээлгэж өгөхгүй, машины түлхүүр өгөхгүй 18 хоног төрийн ажлыг хэвийн явуулахад саад хийсэн. Энэ хугацаанд бид машиныг сумын Цагдаагийн кабоны гражид ямар ч хөдөлгөөнд оролцуулаагүй байлгаж байгаад 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээж авч, жолооч Т.Габдулинд хүлээлгэж өгсөн. Жолооч М.Хуаныш нь ажиллаж байсан хугацаандаа төдийлөн сэтгэл гаргаж сайн ажиллаагүйгээс гадна удаа дараа архи ууж байна гэх мэдээлэл ирсэн. 2016 оны 10 дугаар сарын 03-ны орой танай жолооч согтуугаар машин жолоодож байна гэх мэдээлэл ирэхээр нь сумын цагдаа И.Эрдэнэшагайд утсаар наад жолоочийн аюулгүй байдлыг хангаж, амраа гэх үүрэг өгсөн. Маргааш нь сумын цагдаа архи уусан нь үнэн байна, би машиныг нь тавиулж амраасан гэж мэдэгдсэн. Жолооч М.Хуаныш өргөдөлдөө надтай хөдөлмөрийн гэрээ хийгээгүй, 2 удаагийн тушаалаа гардуулж өгөөгүй гэж гүтгэсэн байна. Ажилд томилсон өргөдлийг 4% гаргаж, 1%-ийг тухайн өргөдлийг гарт нь өгөхөд авч гараад манай ЗДТГ-ын няравт би үүнийг хүлээж авах боломжгүй гэж шийдчихээд гараад явсныг дараа нь шүүхэд хандах үеэр өөрөө ирж авсан гэж хэлсэн юм. Миний бие төрийн удирдах албанд 32 жил ажиллахад ямар нэгэн албан тушаалтныг ажлаас нь үндэслэлгүй халж, шүүхээр дуудагдаж байсан удаагүй. Мөн жолооч М.Хуанышийн хэлсэнчлэн улс төржсөн асуудалгүй, намаас түдгэлзсэн төр захиргааны жинхэнэ албан хаагч юм. гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 745дугаар шийдвэрээр: 1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Булган сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай Б/11 дугаар тушаалыг хүчингүй болгож, М.Хуанышийг Булган сумын Засаг даргын Тамгын газрын жолоочийн ажилд эгүүлэн тогтоосугай. 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Булган сумын Засаг даргын Тамгын газрын санхүүгээс 70200 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай. гэж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Миний бие Хангелди овгийн Хамайн Хаутай би Баян-Өлгий аймгийн Булган сумын Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр М.Хуанышийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт оролцож байна. Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 745 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.,116 дугаар зүйлийн 116.3-т Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана гэсэн зарчим тус тус алдагдсан учир энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна. Иймд шийдвэрийн дараах нотлох баримтыг зөвшөөрөхгүй байна. Үүнд:

1. Шийдвэрийн үндэслэх хэсэгт Ажил олгогч Баян-Өлгий аймгийн Булган сумын ЗДТГ-ын даргын М.Хуанышийг жолоочийн ажилд томилох тухай 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/04 дугаар тушаалд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 дэх заалтыг үндэслэл болгож байсан тухай заалт нь уг хуулийн тухайн заалтад байхгүй байна гэжээ. Гэтэл анх Б/04 дугаартай тушаалаар жолоочийн ажилд томилох тушаал нь бичиг хэргийн ажилтан андуурч буруу бичсэн бөгөөд М.Хуанышийг ажилд томилсон талаар хэн ч маргаагүй болно.

2. Хөдөлмөрийн тухай хуульд ажилтныг түр томилох тухай заалт байхгүй ба жолоочийн орон тоо нь байнгын ажлын байр байхад ажилтантай хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д заасныг зөрчиж байна гэжээ. Гэтэл Монгол улсын Дээд шүүхийн Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг тайлбарласан 33 дугаар тогтоолын 7-д Энэ зүйлийн 23.2.2-т дээрх гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулж болохоор заасан нь ажилтан, ажил олгогчийн хэн алины санаачилгаар, тэдгээрийн харилцан тохиролцооны үндсэн дээр, тодорхой шаардлага шалтгааныг, мөн талуудын хүсэл зоригийн илэрхийллийг хөдөлмөрийн гэрээнд зайлшгүй тодорхой тусгасан байвал зохино. гэж заасан. Ажил олгогч Т.Габдулиныг ажилдаа эргэж орох хүртэл гэж хугацаатай буюу түр хугацаагаар хөдөлмөрийн хугацаатай гэрээ хийж байсан нь хавтаст хэрэгт тодорхой байгаа. М.Хуаныш нь анх ажилд орох өргөдөлд түр хугацаатай гэрээ хийснийг улам бүр баталж байна. М.Хуаныш нь 9 сар ажиллаж байнгын ажлын байранд орох хүн эргэж ирсэн үед ажлаас гарсан нь хөдөлмөрийн тухай хуулийг зөрчөөгүй гэж үзэж байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Ажил олгогч урьдах жолооч нь тээврийн хэрэгслийн жолоодох эрхээ сэргээсний дараа өөрөө эргэж ажилд орох ёстой гэж маргадаг боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д заасан ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг хэвээр хадгалах 8 төрлийн үндэслэлд уг үндэслэлийг заагаагүй байна гэжээ. Гэтэл Дээд шүүхийн Хөдөлмөрийн тухай хуулийг тайлбарласан 33 дугаар тогтоолын 11-д ажил албан тушаалыг хэвээр хадгалах гэдэг нь энэ хэсэгт заасан үндэслэл, шалтгаан арилсан буюу хугацаа дууссаны дараа ажилтан урьд нь ажиллаж байсан ажил, албан тушаалд үргэлжлүүлэн ажиллах хүсэлт гаргасан тохиолдолд ажил олгогч тухайн ажил, албан тушаалд түүнийг ажиллуулах үүрэгтэй байхыг хэлнэ гэж заасан.

Шийдвэрийн үндэслэх хэсэгт М.Хуаныштай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд хэдэн сараас хэдэн оны хэдэн сар хүртэл, ямар хугацаагаар байгуулсан нь тодорхойгүй гэжээ. Гэтэл М.Хуаныштай ажил олгогчийн 2016 оны 01 дүгээр сарын 29-ээс Т.Габдулиныг ажилд эргэж орох буюу түр хугацаагаар ажилд авч хөдөлмөрийн гэрээ хийсэн. М.Хуаныш нь 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 9 сар ажилласан, хугацаа тодорхой байгаа. Мөн шийдвэрийн үндэслэх хэсэгт Гэрээ байгуулахдаа ажилтан М.Хуанышийн сайн дурын буюу хүсэл зоригийн үндсэн дээр хугацаатай байгуулсан эсэх, ямар үндэслэл, шаардлагаар хугацаатай байгуулах болсон эсэх нь тодорхой бус тул хөдөлмөрийн гэрээг нотлох баримтаар үнэлээгүй болно гэжээ. М.Хуаныш нь ажилд орох гэж анх өргөдөл гаргахдаа түр хугацаагаар гэж бичсэн нь хавтаст хэрэгт тодорхой байгаа. Харин тодорхой хөдөлмөрийн гэрээг нотлох баримтаар үнэлээгүй асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй. Анхан шатны шүүх хөдөлмөрийн гэрээг үнэлээгүй явдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д заасныг зөрчсөн гэж үзэж байна. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 745 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахаар шийдвэр гаргаж өгөхийг хүсье. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч М.Хуаныш нь хариуцагч Баян-Өлгий аймгийн Булган сумын Засаг даргын Тамгын газарт холбогдуулан урьд эрхэлж байсан тус газрын жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэж, Баян-Өлгий аймгийн Булган сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/11 дүгээр тушаалыг хүчингүй болгохыг[1] хүсжээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ[2] ...тус газрын жолооч Т.Габдулин нь сумын төвд машинтай мөргөлдсөний улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан учир түүний уг эрх сэргэтэл М.Хуанышийг ажилд түр томилох тухай хүсэлтийг нь үндэслэн тус газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/04 дүгээр тушаалаар жолоочийн ажилд түр томилон ажиллуулсан, 2016 оны 8 дугаар сард Т.Габдулины тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг сэргээсэн тул түүний оронд жолоочоор түр ажиллаж байсан М.Хуанышийг ажлаас чөлөөлсөн гэж тайлбарлажээ.

 

Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг судалбал, иргэн М.Хуанышийн 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Булган сумын Засаг даргад хандаж гаргасан ажил олгохыг хүссэн өргөдөлд[3] түр гэсэн тэмдэглэгээ хийгдсэн, сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/04 дүгээр тушаалаар М.Хуанышийг мөн өдрөөс эхлэн тус газрын жолоочийн ажилд түр томилон ажиллуулахаар шийдвэрлэж[4], улмаар талуудын хооронд мөн өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 2 дахь хуудаст[5] Хөдөлмөрийн гэрээний хугацаа-Хугацаагүй гэсний дараа гараар түр хугацаагаар гэж тэмдэглэгдсэн байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1.-д зааснаар мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15.-д заасан байнгын ажлын байранд ажиллаж буй ажилтантай байгуулах хөдөлмөрийн гэрээ нь ажилтан, ажил олгогч харилцан тохиролцсоноос бусад тохиолдолд хугацаагүй байгуулагдах ба хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2, 23.2.3.-т хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулагдах тохиолдлуудыг хуульчилжээ. Үүнээс үзвэл, (1) байнгын ажлын байранд талууд харилцан тохиролцсон бол тухайн хугацаагаар, (2)ажил, албан тушаал нь хууль болон бусад шийдвэрийн үндсэн дээр хэвээр хадгалагдаж байгаа ажилтны оронд ажиллах ажилтантай эзгүй байгаа ажилтныг ажилдаа эргэж орох хүртэл, (3) улирлын, (4) түр ажилд тухайн ажлын үргэлжлэх хугацаагаар, (5) шинээр орж байгаа ажилтан болон дагалдан суралцагчтай ажил олгогчоос хөдөлмөрийн дотоод журмаараа тогтоосон хугацаагаар (6 сараас илүүгүй) тус тус хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулж болох ба үүнээс бусад үндэслэлээр ажилтныг ажилд түр томилох, түр ажиллуулах буюу хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулах нь хуульд нийцэхгүй юм. Булган сумын Засаг даргын Тамгын газрын жолоочийн ажлын байр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15.-д заасан байнгын ажлын байр мөн болох нь талуудын тайлбараар тогтоогдсон ба энэ талаар зохигч маргаагүй байна.

 

Хэрэгт авагдсан дээрх бичмэл нотлох баримтуудыг харьцуулан дүгнэвэл, талуудын хооронд Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2.-т зааснаар хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан нь эргэлзээтэй бөгөөд ажилтан, ажил олгогч харилцан тохиролцсоны үндсэн дээр тодорхой үндэслэл, шаардлагаар хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2 дахь хуудаст Түр хугацаагаар гэж тэмдэглэгдсэн нь тодорхойгүй, ямар үндэслэл, шаардлагаар ажилтныг ажилд түр буюу хугацаатай томилсон нь тодорхой бус, Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн гэж анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ. Энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй тул хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

Хариуцагчийн ажилтан М.Хуанышийг жолоочоор ажиллаж байсан Т.Габдулины тээврийн хэрэгсэл жолоодох эрх сэргэх хүртэл хугацаагаар түр авч ажиллуулсан гэх хариу тайлбар Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3, 35 дугаар зүйлийн 35.1.-т заасан агуулгад нийцээгүй байна. Булган сумын Засаг даргын Тамгын газрын жолоочийн ажлын байр нь ажилтан ажил, үүргээ гүйцэтгээгүй үед хууль болон бусад шийдвэрийн үндсэн дээр хэвээр хадгалагдах ажил, албан тушаалд хамаарахгүй учир ажилтан М.Хуанышийг жолоочийн ажилд түр томилон ажиллуулж, улмаар түүнтэй хөдөлмөрийн гэрээг түр хугацаагаар байгуулсан ажил олгогчийн үйл ажиллагаа Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1.-т нийцээгүй байна.

 

Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/11 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8.-д заасныг үндэслэж тус газарт жолоочоор ажиллаж байсан М.Хуанышийг 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь дээр дурдсан үндэслэлээр хуульд нийцээгүй байх тул гомдлын шаардлагын хүрээнд тушаалыг хүчингүй болгож, ажилтныг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй, хууль ёсны байх шаардлагыг хангажээ.

 

Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд, анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчөөгүй, мөн хуулийн 168 дугаар зүйлд заасан шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах тухай давж заалдах гомдлыг хүлээж авах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Хариуцагч хуульд зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх байтал тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг тушаасныг зохих данснаас гаргуулж, хариуцагчид буцаан олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 745 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 44.1.2.-т заасныг баримтлан хариуцагчийн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн 000020000941 дугаар данснаас буцаан гаргуулж, хариуцагч Баян-Өлгий аймгийн Булган сумын Засаг даргын Тамгын газарт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.КӨБЕШ

 

 

ШҮҮГЧИД М.НЯМБАЯР

 

 

С.ӨМИРБЕК

 

 

 

 

 

 


[1] Хэргийн 13 дугаар тал.

[2] Хэргийн 16-19 дүгээр тал.

[3] Хэргийн 31 дүгээр тал.

[4] Хэргийн 14 дүгээр тал.

[5] Хэргийн 21-25 дугаар тал.a