Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 750

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 7 дугаар багт оршин суух, утас 95520107, РД:БИ69022802 Төлек овогт Тайфын Бахытгүлийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Засаг дарга /А.Гылымхан, утас 99422299/-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Бахытгүл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Зулхаш, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Хуралай, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Айбек нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн Т.Бахытгүлийг ажлаас халах тухай Б/517 дугаартай захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Ногооннуур сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүсжээ.

Нэхэмжлэгч Т.Бахытгүл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийг ажилд томилох тухай Б/621 тоот захирамжаар тус аймгийн Ногооннуур сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдсон ба ажил, үүргээ гүйцэтгэх хугацаандаа ямар нэгэн зөрчил гарган хөдөлмөрийн сахилгын арга хэмжээ авагдаж байгаагүй, тогтвортой сайн ажиллаж ирсэн билээ. Миний бие Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журамд зааснаар Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс зохион байгуулсан Удирдах албан тушаалтны шалгалтад орж тухайн ажлын байранд 1 дүгээр байранд орсон билээ. Мөн 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 46 дугаар тогтоолоор нэр дэвшигдэн томилогдсон юм. Гэтэл шинээр томилогдсон аймгийн Засаг дарга А.Гылымхан нь 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн Т.Бахытгүлийг ажлаас халах тухай Б/517 тоот захирамжийг дараах үндэслэлүүдээр эс зөвшөөрч байна. Үүнд: 1. Уг захирамжид Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-т зааснаар Т.Бахытгүл нь албан үүргээ гүйцэтгэхдээ өөрт нь хамаарал бүхий этгээд болох Их түргэн уул хоршоотой цэцэрлэгт мах махан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулан НАНБХАСЗАСЗУСТХуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т заасныг зөрчсөн гэж дурджээ. Миний бие тус цэцэрлэгийн ажил, үүргийг гүйцэтгэх хугацаандаа хэн нэгэн этгээдтэй /хамаарал бүхий этгээд/ бараа, бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулан ашиг сонирхлын зөрчил гарган хууль зөрчиж байгаагүй болно. 2014 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр би ажил олгогч буюу аймгийн Засаг даргатай Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан ба ажиллах хугацаандаа хөдөлмөрийн гэрээ болон үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж үр дүнгийн гэрээг жил болгон өндөр үнэлгээтэй дүгнүүлж ирсэн юм. Гэвч аймгийн Засаг дарга хөдөлмөрийн гэрээний 4.2, 4.3, 4.8 дахь хэсгийг тус тус зөрчсөн гэх шалтгаанаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3-т заасныг үндэслэн намайг ажлаас халсан нь огт үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь миний бие ажил олгогчийн надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний дээрх заалтуудыг зөрчсөн үйлдэл хийгээгүй харин ч Төсвийн тухай хууль болон түүнтэй нийцүүлэн гаргасан аливаа дүрэм, журамд заасны дагуу хуваарилагдсан төсвийг тухайн жилд багтаан зарцуулж өр төлбөр үүсгээгүй, дээд шатны байгууллагаас батлагдаж ирсэн бүтэц, орон тоог Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар мөрдөн ажиллаж ирсэн ба байгууллагын хүний нөөц, ажилтан албан хаагч нарыг Төрийн албаны болон бусад хууль тогтоомжид заасан баталгаагаар ханган ажиллах бодлого баримталж ажилласан болно. Мөн аймгийн Засаг дарга Б/517 тоот захирамжид Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3 дахь хэсэгт заасан Сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан ногдуулж болохгүй" гэсэн заалтыг үндэслэсэн нь ойлгомжгүй бөгөөд ажилтныг ажилд авсан болон ажлаас халсан тушаал /захирамж/ нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтны гаргасан сахилгын зөрчил буюу ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч байх нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэх юм. Иймд аймгийн Засаг даргын Б/517 тоот захирамж нь Хөдөлмөрийн тухай хуульд үл нийцэж байгаа тул уг захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, Т.Бахытгүл намайг урьд эрхэлж байсан Ногооннуур сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Т.Бахытгүл шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Хариуцагч талаас намайг Их түргэн уул хоршоотой ашиг сонирхлын зөрчилтэй, уг хоршоотой гэрээ байгуулсан учраас Нийтийн болон хувийн ашиг сонирхлыг нийтийн албанд зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх заалтыг зөрчсөн учраас ажлаас халсан гэж тайлбар өгсөн байна. Үүнтэй холбогдуулан тайлбар хэлэхэд Их түргэн уул хоршоо бол сумын малчдын эрх ашгийг хамгаалсан, Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан малчдын хүсэлтээр байгуулагдсан хоршоо байгаа. Уг хоршоог манай нөхөр болох Ербол удирдаж байсан нь үнэн. Гэхдээ энэ хоршоо бол аймаг, хот, бүх аж ахуйн нэгжүүдэд малчдын эрх ашгийг хамгаалах зуучлах зорилгоор арьс, шир, хүнс, мах, ноос, ноолуур зэргийг нийлүүлэх үүрэг гүйцэтгэдэг. Манайх санхүүгийн зарчмаар хүнс, махан бүтээгдэхүүн нийлүүлэх компани, аж ахуйн нэгжүүдтэй харилцан гэрээ хийх ёстой. Гэрээгээр ажиллах ёстой гээд хууль зөрчиж байгаагаа анзаарахгүйгээр 2016 оны 01 дүгээр сард гэрээ байгуулсан. Дараагаар нь аудитын байгууллагад ажлаар ирэхэд хуульч хүнээс асуухад Таныг нөхрийн компанитай гэрээ байгуулсан учраас ашиг сонирхлын зөрчилтэй гэж тогтоосон байж магадгүй гэсэн. Тэгээд би хууль зөрчих асуудал гарч магадгүй гээд хамтран ажиллах гэрээг авах гээд санхүү дээр очсон чинь санхүүд миний хийсэн гэрээ алга болсон байсан. Тэгээд би өөртөө байгуулсан гэрээг устгаад байж байсан чинь 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хичээл дуусаад нөгөө гэрээний нэг хувь нь олдохгүй байхаар ямар нэгэн асуудал гарч магадгүй гээд өөрийнхөө эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал гаргаж хүчингүй болгосон. Тэгээд гэрээний заалтыг биелүүлэхийн тулд Их түргэн уул хоршоонд ямар нэгэн санхүүжилт хийж байгаагүй. Мөн ашиг сонирхлын зөрчил үүссэн гэвэл аймгийн Засаг даргын захирамжаар байгуулсан ажлын хэсэг ямар ч асуудлыг шалгаагүй. Өөрөөр хэлбэл энэ талаар ямар дүгнэлт гаргаагүй, ямар нэгэн дүгнэлтийг надад танилцуулаагүй, ерөөсөө надтай уулзаагүй явсан. Тэр Жардембек гэдэг хүнийг шалгалтаар очсон эхний өдөр харсан. Тэрнээс хойш 2,3 хоног хоносон гэж сонссон. 2,3 хоног хоночхоод айл амьтнаас мэдээлэл цуглуулчхаад санаатайгаар ийм ажил зохион байгуулсан гэж үзэж байна. Уг дүгнэлт болон хоршоотой байгуулсан гэрээг сая шүүх хуралдаанд гаргаж өгөхөд харлаа. Тийм учраас миний хүчингүй болгосон гэрээ бол хүчин төгөлдөр байгаа. Ашиг сонирхлын зөрчил үүссэн гэвэл тэр хоршоог шалгуулах ёстой байсан. Тэгээд ч би өөрийгөө бас шалгуулах ёстой байсан. Ийм учраас би гомдолтой байна.Нэг хүний хийсэн ажлаар намайг тулгаж санхүү дээр байгаа буруу зөрүү, гэрээг нууж аваад байгууллагын дотроос ямар нэгэн хүн өгсөнд гэж бодохоор сэтгэл гутарч байна. Засаг дарга эрх хэмжээнээсээ хэтэрсэн шийдвэр гаргасан гэж бодож байгаа. Аймгийн Засаг дарга хөдөлмөрийн гэрээ хийхэд уг гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2 дахь заалтыг зөрчсөн нөхцөлд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3-т зааснаар арга хэмжээ тооцно гэж хэлчхээд одоо тэрийг залруулах гээд зүтгээд байгаа. Гэтэл аймгийн Засаг даргын захирамж гээд бүхэл бүтэн аймгийн хэмжээний захирамж гарч байгаа. Аймгийн Засаг дарга нь хууль зүйн хэлтэстэй, бичиг хэргийн албатай мөртлөө энэ бол бид нарын алдаа байна гээд ажилтан бид нар луу чихэх нь ёс зүйн хэрэг гэж бодож байна. Хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэлээр бид нарыг ажлаас халах ёстой. Уг гэрээнд хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэлийг гэрээний 6 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх заалтуудад зааж өгсөн байгаа. Би энэ заалтуудыг нэгийг ч зөрчөөгүй. Тийм учраас ажлаас халагдах ёсгүй гэж бодож байна. Бид нарын ажлыг дүгнэж, энэ хүн ажил мэргэжилдээ тэнцэж байна уу, үгүй юу гэдгийг аймгийн аймгийн Боловсрол, соёлын газрын итгэмжлэгдсэн комисс тогтоож, дараа нь Засаг даргад уламжилж улмаар Засаг даргаас бид нарын гэрээг дүгнэж сунгах ёстой байсан. Тэгэхгүйгээр 9 дүгээр сард дөнгөж хичээл эхлэнгүүт чи ажлаа тэнцэхгүй байна гэсэн. Тэр мэргэжлийн хяналтын газрын байцаагч Жардембек нь өөрөө бас ашиг сонирхлын зөрчилтэй хүн гэж бодож байна. 6 дугаар сарын 20-нд хичээл дуусаж байхад бүх баримтын шалгалт хийгээд ямар ч зөрчилгүй гэсэн дүгнэлт гараг өгсөн байсан. Тэгээд 9 дүгээр сарын 05-нд дөнгөж хичээл эхэлж байхад Жардембек ирж санхүүгийн шалгалт хийсэн. Гэхдээ надтай нэг ч удаа тараагүй. Хэрвээ харагдвал өөрт нь 3 дугаар сард үйл ажиллагаа зогссон. 6 дугаар сард шалгалт хийсэн. Одоо дөнгөж хичээл эхэлж байхад орж ирээд зөрчилтэй байна гээд янз бүрийн дүгнэлт гаргаад ямар сонирхлоор ингээд байгаа юм вэ гээд асуух байсан. Гэтэл надтай нэг ч удаа уулзаагүй. Би дүнгийн хурал дээр ч байгаагүй. Би тэр үед эмнэлэгт байсан. Хүүхдийн бие муудаад тэр өдөр аймагт явсан. Тэрхүү дүгнэлттэй танилцаад гарын үсэг зурмаар байна гээд Жардембекээс 2 удаа асуухад танилцуулга бичсэн гэсэн. Өнгөрсөн нэг дэх өдөр бас асуухад дүгнэлт гараагүй гэж хэлсэн мөртлөө одоо бол гарчихсан байна. Энэ бол ерөөсөө улс төржсөн хэрэг юм болов уу гэж хардаад байгаа. Би энэ хүүхдийн цэцэрлэгийн Ногооннуур сумын хүүхдүүдийн сайн сайхны төлөө 100 хувь өөрчилсөн. Тэгээд Еркегүл багш бид нарын хийсэн ажлыг гайхан бишрээд тэгээд эцэст нь Чи ажлаа сайн дураар өгчих, улс төрийн нөхцөл байдлыг ойлгож байгаа байх. Хэрвээ ажлаа өгнө гэж хэлчихвэл би чамаас өөр зүйл хүсэхгүй. Тэгээд бас надад хүүхдийн хувцасны шкаф өгчих гэсэн. Тэгээд би энэ бүгд бүртгэлтэй байгаа. Дараагаар нь асуудал гарах байх. Няравтай хэлээд үзье гэж хариу хэлсэн. Тэгж байснаа алга болчхоод маргааш нь чи стандарт бус барилга дээр үйл ажиллагаа явуулсан гэж шалгаад эхэлсэн. Тэгээд би очиж үзүүлээд энд 2,3 жил үйл ажиллагаа явуулсан. Ер нь стандарт бус гэдгийг Еркегүл багш тогтоох ёсгүй гэж бодож байна. Үүнийг мэргэжлийн хяналтын газар тогтоох ёстой. Намайг ажлаас халсан аймгийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгож, намайг хуучин цэцэрлэгийн ажилд эгүүлэн тогтож өгнө үү гэж хүсэж байна гэв.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан шүүхэд гаргасан тайлбартаа: Т.Бахытгүл нь тус аймгийн Ногооннуур сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчээр 2015 оны 12 дугаар сараас эхлэн томилогдон ажиллаж байсан. 2016 оны 9 дүгээр сарын 05-ны А/474 тоот захирамжаар Ногооннуур сумын Хүүхдийн цэцэрлэгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн. Уг шалгалтын ажлын хэсгийн дүнгээр цэцэрлэгийн эрхлэгч Т.Бахытгүлийн үйлдэлтэй холбоотой хэд хэдэн зөрчил илэрсэн. Үүнд: 1. Т.Бахытгүл нь албан үүргээ гүйцэтгэхдээ өөртэй нь хамаарал бүхий этгээд болох Их түргэн уул хоршоотой цэцэрлэгт мах махан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулан хамтран ажиллаж байсан байна. Их түргэн уул хоршооны үйл ажиллагааг өөрөө удирдан зохион байгуулдаг байсан бөгөөд хоршооны эзэн гэдэг нь тогтоогдсон. Энэ нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийг зөрчсөн үйлдэл байсан. Тус зөрчлийг гаргасан албан тушаалтанд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-д заасны дагуу ажлаас халах тухай сахилгын шийтгэл оногдуулахаар тусгасан. 2. Т.Бахытгүл цэцэрлэгийн хичээлийн жилийн эхлэх, үргэлжлэх, дуусах хугацааг дур мэдэн өөрчилдөг, стандартын шаардлага хангахгүй байранд цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулж байсан нь ажлын хэсгийн дүгнэлтээр тогтоогдсон. Энэ нь аймгийн Засаг даргатай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний ажилтны үүрэг болох 4.2-т заасан ажил үүрэгтэй холбоотой шаардлагыг бүрэн хангаж хариуцна, 4.3-д байгууллагын эрх ашгийг хувийн эрх ашгаас нэн түрүүнд тавьж хамгаална, 4.8-д заасан холбогдох хууль тогтоомжийг бүрэн мөрдөж ажиллах үүргээ ус тус зөрчсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-д заасны дагуу сахилгын шийтгэл оногдуулах үндэслэл болж Т.Бахытгүлийг ажлаас халах шийдвэр гаргасан. Мөн нэхэмжлэгч захирамжийн үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3 дахь заалт гэж бичигдсэнийг буруутгажээ. Тус захирамжийн үндэслэх хэсэгт бичигдсэн дээрх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалт гэж ойлгох нь зүйтэй бөгөөд бичих үед техникийн алдаа гарсан байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Хуралай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Х.Бахытгүлийг ажлаас чөлөөлөх болсон гол шалтгаан нь өөрийнхөө нөхөр болох Их түргэн уул хоршооны эзэн Ерболтой гэрээ байгуулан ажилласан зөрчлийг үндэслэсэн. Энэ нь Нийтийн болон хувийн ашиг сонирхлыг нийтийн албанд зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай 11 дүгээр зүйлийн 11.1 дэх заалтыг зөрчсөн үйлдэл байсан. Яагаад ингэж үзсэн юм вэ гэвэл Нийтийн болон хувийн ашиг сонирхлыг нийтийн албанд зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-т хамаарал бүхий этгээд гэж тухайн нийтийн албан тушаалтны эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр /нөхөр/-ийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг ойлгоно гэж заасан. Тэгээд энэ хүн тайлбартаа би ерөөсөө малчдын эрх ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг байгууллага байсан учраас гэрээ байгуулж, бараа нийлүүлдэг байсан гэлээ. Үнэхээр ард иргэдийн эрх ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг байгууллага гэдгийг урьд мэдэж байсан байна. Гэхдээ хуульд зааснаар энэ талаар дэд шатны байгууллагаас зөвшөөрөл авах ёстой. Нийтийн болон хувийн ашиг сонирхлыг нийтийн албанд зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т Энэ хуулийн 23.8-д заасан журамд заасны дагуу албан тушаалтан захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцохын өмнө тус бүр ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл гаргана гэж заасан. Гэтэл энэ хүн мэдэгдлээ гаргаагүй байна. Нийтийн болон хувийн ашиг сонирхлыг нийтийн албанд зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсэж болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд бичгээр мэдэгдэх үүрэгтэй гэж заасан. Энэ хүн бас энэ заалтыг зөрчиж байсан. Уг хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т Албан тушаалтан өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхолд нийцүүлэн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, мөн эдгээрт бэлтгэхэд өөрийн албан тушаалын байдлаа ашиглан аливаа хэлбэрээр хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглоно гэсэн. Энэ хүн тэр хүний эхнэр нь мөртлөө тэр хүнтэй гэрээ байгуулсан. Надад ямар нэгэн зөрчил гараагүй байхад ажлаас чөлөөлсөн гэсэн байна. 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн дотоод аудитын байцаагч Жардембекийн хийсэн шалгалтаар хуулийн Төсвийн тухай хууль, Нягтлан бодох, бүртгэлийн тухай хуулийн холбогдох заалтууд болон Сангийн сайдын хэд хэдэн тушаалуудыг зөрчсөн нь тогтоогдсон байна. Энэ хүн нотлох баримтаар гаргаж өгсөн нотлох баримт буюу би нөхөртэй байгуулсан гэрээгээ 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр цуцалсан байсан гэсэн. Төрийн сангийн хэлтсээс авчирсан хуулга дээр энэ хүн 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Их түргэн уул хоршоонд мөнгө шилжүүлж байсан нь нотлогдож байна. Гэрээгээ цуцалсан ч гэсэн гэрээгүй мөнгө шилжүүлж байгаа нь бас зөрчилд тооцогдож байгаа. Мөн аймгийн Засаг дарга бол хуулийн дагуу надаас арга хэмжээ авах албан тушаалтан биш юм. Үүнийг Авилгатай тэмцэх газар шалгаж тогтоож хариуцлага тооцох ёстой гэсэн. Засаг дарга бүрэн эрх олгогдсон байгаа. Учир нь Нийтийн болон хувийн ашиг сонирхлыг нийтийн албанд зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол эрх бүхий албан тушаалтан дараах сахилгын шийтгэл хүлээлгэнэ гэж заасан. Бид нар үүний дагуу энэ хүнд сахилгын шийтгэл ногдуулж ажлаас халсан. Уг хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4 дэх заалтыг үндэслэл болгосон. Энэ хуулийн 11, 12, 15, 16 дугаар зүйлүүдэд заасныг зөрчсөн. Мөн энэ хуулийн 23 дугаар зүйлд зааснаар хувийн ашиг сонирхлын мэдүүлэг гаргаж өгөөгүй, мөн 29 дүгээр зүйлийн 29.2.3-д хариуцлага хүлээлгэх зөрчлийг удаа дараа гаргасан бол нийтийн албанаас халах арга хэмжээ авна гэж заагаад өгсөн. Энэ хүн мөн Засаг даргатай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2, 4.3, 4.8 дах заалтуудыг тус тус зөрчсөн тул ажлаас халах үндэслэл болсон. Уг хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3-т байгууллагын эрх ашгийг хувийн ашиг сонирхлоос нэн түрүүнд тавьж хамгаална гэсэн заалтыг өөрийнхөө нөхөртэй гэрээ байгуулж тэр хүнтэй төсвийн мөнгөнөөс мөнгө шилжүүлсэн том зөрчил гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч Т.Бахытгүл нь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс зохион байгуулсан Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах шалгалтад орж тухайн ажлын байранд 1 дүгээр байр эзлэн, Баян-Өлгий аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтны нөөцөд бүртгэж, нэр дэвшүүлэх тухай 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 46 дугаар тогтоолоор нэр дэвшигдэн, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийг ажилд томилох тухай Б/621 тоот захирамжаар тус аймгийн Ногооннуур сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдсон байна.

Нэхэмжлэгч Т.Бахытгүл нь Ногооннуур сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Үр дүнгийн гэрээг төсвийн ерөнхийлөн захирагч Баян-Өлгий аймгийн Боловсрол, соёлын газрын дарга К.Иманмагзамтай байгуулан, мөн Мэргэжлийн хяналтын газрын Сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх үйл ажиллагааг шалгах хяналтын хуудасны Г.Гүйцэтгэлийн шалгалтаар авсан арга хэмжээний биелэлт гэдэгт Ногооннуур сумын Хүүхдийн цэцэрлэгт Боловсролын хяналтын улсын байцаагч хяналт шалгалтыг 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр эхэлж, 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 11 цаг 15 минут дуусгаж оноо үнэлгээ өгч, баталгаажуулалт хийлгэж байсан байна. Мөн Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 20 дугаартай Ногооннуур сумын хүүхдийн цэцэрлэгийн 2015 оны санхүүгийн баримтад хийсэн шалгалтын танилцуулга-нд нэхэмжлэгч гарын үсэг танилцаж байсан байна.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3 дахь хэсгийг тус тус үндэслэн 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн Б/517 дугаартай захирамжаар нэхэмжлэгч Т.Бахытгүлийг Ногооннуур сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн үүрэгт ажлаас 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн халахад дараах байдлаар хууль зөрчсөн байна. Үүнд:

1/. Нэхэмжлэгч Т.Бахытгүл албан үүргээ гүйцэтгэхдээ өөрт нь хамаарал бүхий этгээд болох Их түргэн уул хоршоотой цэцэрлэгт мах махан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдтэй гэрээ байгуулахыг хориглоно гэснийг зөрчсөн гэх боловч үүнийг мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д зааснаар Авилгатай тэмцэх газар шалгаж тогтоогоогүй байна.

Учир нь, хавтаст хэрэгт авагдсан 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс Их түргэн уул хоршоотой цэцэрлэгт мах махан бүтээгдэхүүн нийлүүлэх хамтран ажиллах гэрээг хоршооны захирал М.Ербол /нэхэмжлэгч Т.Бахытгүлийн нөхөр/, нэхэмжлэгч Т.Бахытгүл нар хоорондоо байгуулсан боловч уг гэрээг 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 11 дугаартай Ногооннуур цэцэрлэгийн эрхлэгчийн тушаалаар цуцалсан болох нь, мөн Их түргэн уул хоршоотой ямар нэгэн хамтран ажиллах бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээгээр санхүүжилт хийгдээгүй болохыг тус цэцэрлэгийн нягтлан бодогч М.Тилеужан нь 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн тодорхойлолтоор нотлогдож байна.

Гэхдээ хариуцагч тал хавтаст хэрэгт авагдсан Зарлагын дэлгэрэнгүй тайлан дансны хуулгаар бургас модны үнэ 100000 төгрөгийг Ногооннуур сумын хүүхдийн цэцэрлэгийн санхүүгээс 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Их түргэн уул хоршоонд 00839812 дугаартай дансанд шилжүүлэн нэхэмжлэгч Т.Бахытгүл нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11.1-ийг зөрчсөн гэх боловч зарлагын хуулгаас өөр энэ үйлдлийг хуулийн дагуу шалгаж тогтоосон нотлох баримт байхгүй байна.

Мөн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлд зааснаар ашиг сонирхлын зөрчлийг мэдэгдэх, тайлбарласан эсэх, 8.6-д зааснаар ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал үүсвэл тухайн албан тушаалтан уг нөхцөл байдалд бичгээр тайлбар хийж, эрх бүхий байгууллага албан тушаалтанд хүргүүлсэн эсэх, 8.7-д зааснаар эрх бүхий байгууллага, албан тушаалтан тухайн албан тушаалтны гаргасан энэ хуулийн 8.6-д заасан тайлбар болон ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл хийсэн эсэх, хувийн ашиг сонирхлын мэдүүлэгт үндэслэн энэ хуулийн 8.4-т заасны дагуу шийдвэр гаргасан эсэхийг хуульд зааснаар шалгаж тогтоосон нотлох баримт байхгүй байна.

2/. Нэхэмжлэгч Т.Бахытгүл нь ямар сахилгын зөрчил гаргасан эсэх болон сахилгын ямар арга хэмжээ авагдаж байсныг хариуцагч тал нотолж чадаагүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3-д сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан ногдуулж болохгүй гэсэн заалтыг буруу хэрэглэсэн байна.

3/. Нэхэмжлэгч Т.Бахытгүл нь аймгийн Засаг даргатай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний ажилтны үүрэг болох 4.2-т заасан ажил үүрэгтэй холбоотой шаардлагыг бүрэн хангаж хариуцна, 4.3-д байгууллагын эрх ашгийг хувийн эрх ашгаас нэн тэргүүнд тавьж хамгаална, 4.8-д заасан холбогдох хууль тогтоомжийг бүрэн мөрдөж ажиллах үүргээ тус тус зөрчсөн гэж заасан боловч эдгээр нь хөдөлмөрийн гэрээнд ажлаас халахаар шууд заасан ноцтой зөрчил гэж тусгасан эсэхийг нотлох баримтыг хариуцагч тал шүүхэд гаргаж өгөөгүй болно.

Хавтаст хэрэгт 2014 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр Баян-Өлгий аймгийн Засаг дарга Х.Дармен, нэхэмжлэгч Т.Бахытгүл нарын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээ-г нэхэмжлэгч Т.Бахытгүл гаргаж өгсөн боловч энэ хэрэгт хамааралтай 2015 онд хийсэн гэх Хөдөлмөрийн гэрээг талууд шүүхэд гаргаж өгөөгүй болно.

4/.2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Ногооннуур хүүхдийн цэцэрлэгийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын талаарх ажлын хэсгийн дүгнэлтэд: 1.Тус сургуулийн цэцэрлэгийн эрхлэгч Т.Бахытгүл нь цэцэрлэгийн эрхлэгчийн хичээлийн жилийн эхлэх, үргэлжлэх, дуусах хугацааг дур мэдэн өөрчилж, Боловсролын хуулийн 9.2-т заалтыг зөрчиж байна. 2.Стандартын шаардлага хангахгүй айлын 3 өрөө шавар байшинд хүүхэд авч байсан нь Боловсролын хуулийн 11.2, 11.2.10, 12.8.4 дүгээр заалтуудыг ноцтой зөрчиж байна. 3.Эрхлэгч Т.Бахытгүлийн гаргасан тушаал, дотоод журам болон гэрээнүүд нь бичиг хэргийн шаардлага болон эрх зүйн үндэслэлийг хангахгүй байна. 4.Тус цэцэрлэгийн төсвийн зарцуулалт замбараагүй, хуурамч санхүүгийн баримт бүрдүүлсэн, ашиг сонирхлын зөрчилтэй, Боловсролын хуулийн 11.2.4-ийг зөрчин ажиллаж байгаа гэж заасан мөртлөө эдгээр зөрчлүүдийг нотлох баримт байхгүй ба энэ дүгнэлтийг нэхэмжлэгч Т.Бахытгүлд танилцуулаагүй, түүнд ямар арга хэмжээ авсан эсэх нь тусгагдаагүй байна.

Иймд дээрх нотлох баримтуудаар нэхэмжлэгч Т.Бахытгүлийг ажлаас үндэслэлгүй халсан нь нотлогдож байгаа тул түүний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн Т.Бахытгулийг ажлаас халах тухай Б/517 тоот захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Т.Бахытгүлийг Ногооннуур сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.

Энэхүү нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар гомдлоор авч хэлэлцэх маргаан тул нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргаас 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-ыг баримтлан Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн Т.Бахытгүлийг ажлаас халах тухай Б/517 тоот захирамжийг хүчингүй болгож, РД:БИ69022802 Төлек овогт Тайфын Бахытгүлийг Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Т.Бахытгүл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргаас 70200 /далан мянган хоёр зуун/ төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5.Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК