Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 025

 

Т.Бахытгүлийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч М.Нямбаяр, шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 750 дугаар шийдвэртэй, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 7 дугаар багт оршин суух, Төлек овогт Тайфын Бахытгүлийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Ц.Саранцэцэг, нэхэмжлэгч Т.Бахытгүл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Зулхаш, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Хуралай нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн Т.Бахытгүлийг ажлаас халах тухай Б/517 дугаартай захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Ногооннуур сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: Миний бие Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийг ажилд томилох тухай Б/621 тоот захирамжаар тус аймгийн Ногооннуур сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдсон ба ажил, үүргээ гүйцэтгэх хугацаандаа ямар нэгэн зөрчил гарган хөдөлмөрийн сахилгын арга хэмжээ авагдаж байгаагүй, тогтвортой сайн ажиллаж ирсэн. Миний бие Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журамд зааснаар Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс зохион байгуулсан Удирдах албан тушаалтны шалгалтад орж, тухайн ажлын байранд 1 дүгээр байранд орж, 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 46 дугаар тогтоолоор нэр дэвшигдэн томилогдсон.

Шинээр томилогдсон аймгийн Засаг дарга А.Гылымхан нь 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн Т.Бахытгүлийг ажлаас халах тухай Б/517 тоот захирамжийг дараах үндэслэлүүдээр эс зөвшөөрч байна. Уг захирамжид Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-т зааснаар Т.Бахытгүл нь албан үүргээ гүйцэтгэхдээ өөрт нь хамаарал бүхий этгээд болох Их түргэн уул хоршоотой цэцэрлэгт мах махан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т заасныг зөрчсөн гэж дурджээ. Миний бие тус цэцэрлэгийн ажил, үүргийг гүйцэтгэх хугацаандаа хэн нэгэн этгээдтэй /хамаарал бүхий этгээд/ бараа, бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулан ашиг сонирхлын зөрчил гарган хууль зөрчиж байгаагүй болно. Гэвч аймгийн Засаг дарга хөдөлмөрийн гэрээний 4.2, 4.3, 4.8 дахь хэсгийг тус тус зөрчсөн гэх шалтгаанаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3-т заасныг үндэслэн намайг ажлаас халсан нь огт үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь миний бие ажил олгогчийн надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний дээрх заалтуудыг зөрчсөн үйлдэл хийгээгүй, Төсвийн тухай хууль болон түүнтэй нийцүүлэн гаргасан аливаа дүрэм, журамд заасны дагуу хуваарилагдсан төсвийг тухайн жилд багтаан зарцуулж өр төлбөр үүсгээгүй, дээд шатны байгууллагаас батлагдаж ирсэн бүтэц, орон тоог Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар мөрдөн ажиллаж ирсэн ба байгууллагын хүний нөөц, ажилтан албан хаагч нарыг Төрийн албаны болон бусад хууль тогтоомжид заасан баталгаагаар ханган ажиллах бодлого баримталж ажилласан болно. Мөн аймгийн Засаг дарга Б/517 тоот захирамжид Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3 дахь хэсэгт заасан Сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан ногдуулж болохгүй" гэсэн заалтыг үндэслэсэн нь ойлгомжгүй бөгөөд ажилтныг ажилд авсан болон ажлаас халсан тушаал /захирамж/ нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтны гаргасан сахилгын зөрчил буюу ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч байх нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцнэ. Иймд аймгийн Засаг даргын Б/517 тоот захирамж нь Хөдөлмөрийн тухай хуульд үл нийцэж байгаа тул уг захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, Т.Бахытгүл намайг урьд эрхэлж байсан Ногооннуур сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү. гэжээ.

Хариуцагчийн хариу тайлбарт: Т.Бахытгүл нь тус аймгийн Ногооннуур сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчээр 2015 оны 12 дугаар сараас эхлэн томилогдон ажиллаж байсан. 2016 оны 9 дүгээр сарын 05-ны А/474 тоот захирамжаар Ногооннуур сумын Хүүхдийн цэцэрлэгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн. Уг шалгалтын ажлын хэсгийн дүнгээр цэцэрлэгийн эрхлэгч Т.Бахытгүлийн үйлдэлтэй холбоотой хэд хэдэн зөрчил илэрсэн. Үүнд: 1. Т.Бахытгүл нь албан үүргээ гүйцэтгэхдээ өөртэй нь хамаарал бүхий этгээд болох Их түргэн уул хоршоотой цэцэрлэгт мах махан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулан хамтран ажиллаж байсан байна. Их түргэн уул хоршооны үйл ажиллагааг өөрөө удирдан зохион байгуулдаг байсан бөгөөд хоршооны эзэн гэдэг нь тогтоогдсон. Энэ нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийг зөрчсөн үйлдэл байсан. Тус зөрчлийг гаргасан албан тушаалтанд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-д заасны дагуу ажлаас халах тухай сахилгын шийтгэл оногдуулахаар тусгасан. 2. Т.Бахытгүл цэцэрлэгийн хичээлийн жилийн эхлэх, үргэлжлэх, дуусах хугацааг дур мэдэн өөрчилдөг, стандартын шаардлага хангахгүй байранд цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулж байсан нь ажлын хэсгийн дүгнэлтээр тогтоогдсон. Энэ нь аймгийн Засаг даргатай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний ажилтны үүрэг болох 4.2, 4.3, 4.8-д заасан холбогдох хууль тогтоомжийг бүрэн мөрдөж ажиллах үүргээ тус тус зөрчсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-д заасны дагуу сахилгын шийтгэл оногдуулах үндэслэл болж,Т.Бахытгүлийг ажлаас халах шийдвэр гаргасан. Мөн нэхэмжлэгч захирамжийн үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3 дахь заалт гэж бичигдсэнийг буруутгажээ. Тус захирамжийн үндэслэх хэсэгт бичигдсэн дээрх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалт гэж ойлгох нь зүйтэй бөгөөд бичих үед техникийн алдаа гарсан байна. гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 750 дугаар шийдвэрээр: 1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-ыг баримтлан Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн Т.Бахытгүлийг ажлаас халах тухай Б/517 тоот захирамжийг хүчингүй болгож, РД:БИ69022802 Төлек овогт Тайфын Бахытгүлийг Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоосугай. 2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Т.Бахытгүл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргаас 70200 /далан мянган хоёр зуун/ төгрөг гаргуулж улсын орлого болгосугай. гэж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 750 дугаар шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрөн гомдол гаргаж байна.

1.Т.Бахытгүл нь тус аймгийн Ногооннуур сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа өөрийн нөхөр Их түргэн уул хоршооны эзэн болох Ерболтай цэцэрлэгт мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх хамтран ажиллах гэрээ байгуулан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийг зөрчсөн үйлдэл гаргасан байсан. Учир нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д Хамаарал бүхий этгээд гэж тухайн нийтийн албан тушаалтны эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр /нөхөр/-ийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг ойлгоно. гэж заасан байдаг тул Т.Бахытгүл нөхөр болох н.Ерболттай ямар нэгэн гэрээ хэлцэл хийхийг хориглосон хуулийн заалттай гэдгийг мэдсээр байж гэрээ байгуулан төсвийн мөнгийг зүй бусаар зарцуулж ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн байна.

Т.Бахытгүл анхан шатны шүүх хурал дээр Их түргэх уул хоршоо нь малчдын эрх ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг байгууллага учраас хамтран ажиллах гэрээ байгуулан ажилласан гэж тайлбарласан байна. Гэвч Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2, 12.1-т заасныг тус тус зөрчиж хамтран ажиллах гэрээ байгуулсан, дээд шатны албан тушаалтанд бичгээр мэдэгдэж зөвшөөрөл аваагүй байна.

Т.Бахытгүл нь 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Их түргэн уул хоршоотой байгуулсан хамтран ажиллах тухай гэрээг цуцалсан гэх боловч 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүртэл өөрөө цэцэрлэгийн эрхлэгчийн ажлаас чөлөөлөгдөх хүртэл уг хоршооны дансанд санхүүгийн баримтад гарын үсэг зурж, мөнгө шилжүүлж байсан нь хавтаст хэрэгт авагдсан аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсээс авсан төрийн сангийн хуулгаар нотлогдож байна.

Анхан шатны шүүх Т.Бахытгүлийн аймгийн Засаг даргатай байгуулсан 2014 оны хөдөлмөрийн гэрээг нэхэмжлэгч нотлох баримтаар гаргаж өгсөн ба хариуцагч тал гаргаж өгөөгүй тул нотлох боломжгүй гэсэн байна. Бахытгүлийн гэрээ нь хугацаагүй байгуулагдсан гэрээ тул ажлаас халах тухай шийдвэрт аймгийн Засаг даргатай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний ажилтны үүрэг болох 4.2-т заасан ажил үүрэгтэй холбоотой шаардлагыг бүрэн хангаж харилцана, 4.3-д байгууллагын эрх ашгийг хувийн эрх ашгаас нэн түрүүнд тавьж хамгаална, 4.8-д заасан холбогдох хууль тогтоомжийг бүрэн мөрдөж ажиллах үүргээ тус тус зөрчсөн тул хөдөлмөрийн гэрээний дээрхи заалтуудыг үндэслэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

2.Т.Бахытгүл цэцэрлэгийн хичээлийн жилийн эхлэх, үргэлжпэх, дуусах хугацааг дур мэдэн өөрчилдөг, стандартын шаардлага хангахгүй байранд цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулж байсан нь ажлын хэсгийн дүгнэлтээр тогтоогдсон. Мөн нэхэмжлэгч болон анхан шатны шүүх аймгийн Засаг даргын захирамжийн үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3 дахь заалт гэж бичигдсэнийг буруутгажээ. Тус захирамжийн үндэслэх хэсэгт бичигдсэн дээрх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалт гэж ойлгох нь зүйтэй бөгөөд бичилтийн алдаа гарсан байна гэж залруулга хийж, анхан шатны шүүх хуралд нотлох баримтаар өгсөн боловч шүүх үүнийг нотлох баримтаар авч үзэлгүйгээр нэг талыг баримтлан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх зарчмыг алдагдуулсан хууль бус шийдвэр гаргалаа гэж үзэж байна.

Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 750 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

 

Нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн тайлбарт: Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, түүнээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасныг зөрчиж өөрийн нөхрийн удирддаг Их түргэн уул ХХК-тай мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулсан ноцтой зөрчил гэжээ. Гэтэл Т.Бахытгүл миний бие уг гэрээг 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн цзцэрлэгийн эрхлэгчийн 11 тоот тушаалаар цуцалж, зөрчлийг өөрөө арилгасан байгаа.

Хэрэв хариуцагч Аймгийн Засаг дарга нь Ногооннуур сумын цэцэрлэгийн эрхлэгч байсан Т.Бахытгүл намайг Их түргэн уул ХХК-тай гэрээ байгуулсан, энэ нь зөрчил гэж үзэж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Учир нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, түүнээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасныг зөрчсөн гэж үзвэл уг хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2-т зааснаар Авилгатай тэмцэх газар Зөрчлийг шалган тогтоосон байвал зохино. Дээрх хуулийг зөрчсөн гэж аймгийн засаг дарга шууд хариуцлага тооцох боломжгүй болно. Энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэлт хийсэн.

2. Аймгийн Засаг дарга 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн Б/517 тоот Т.Бахытгүлийг ажлаас халах тухай захирамжид: Аймгийн Засаг даргатай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.2, 4.3, 4.3 дугаар заалтуудыг зөрчсөн гэх боловч үүнийг нотлоогүй, нөгөө талаар дээрх гэрээний заалтыг зөрчсөн гэж үзвэл гэрээний 6 дугаар хэсэгт заасан Хөдөлмөрийн харилцааг зогсоож, гэрээг шууд цуцлах ноцтой зөрчил гэдэг хэсэгт заасан үндэслэлд хамаарахгүй байна.

3. Т.Бахытгүл миний бие Ногооннуур сумын цэцэрлэгийн хичээлийн жилийн эхлэх, үргэлжлэх, дуусах хугацааг дур мэдэн өөрчилсөн, стандартын бус байранд үйл ажиллагаа явуулсан асуудал байхгүй.

Харин Улаанчулуу багийн цэцэрлэг нь айл өрхүүдийн нүүдэл, суудалтай шуүд хамааралтай үйл ажиллагаа явуулдаг ба энэ нь цэцэрлэгийн эрхлэгчийн шийдвэрлэх хүрээний асуудал биш.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан тул хэвээр баталж өгөхийг хүсье. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Ажил олгогч Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн Б/517 дугаартай захирамжаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4 дэх заалтуудыг үндэслэн Ногооннуур сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч Т.Бахытгүлийг өөрт нь хамаарал бүхий этгээд болох Их түргэн уул хоршоотой цэцэрлэгт мах махан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийг зөрчсөн, аймгийн Засаг даргатай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.2-д заасан ажил үүрэгтээ холбоотой бүх шаардлагыг бүрэн хангаж хариуцна, 4.3-д заасан байгууллагын эрх ашгийг хувийн эрх ашгаас нэн тэргүүнд тавьж хамгаална, 4.8-д заасан холбогдох хууль тогтоомжийг бүрэн мөрдөж ажиллах үүргээ тус тус зөрчсөн нь Ногооннуур сумын Хүүхдийн цэцэрлэгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх ажлын хэсгийн дүгнэлтээр тогтоогдсон гэсэн үндэслэлээр ажлаас халсан байна.

2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Ногооннуур сумын хүүхдийн цэцэрлэгийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын талаарх ажлын хэсгийн дүгнэлтийг нотлох баримтаар гаргаж өгсөн боловч уг дүгнэлтэд дурдсан зөрчлүүд нь хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдоогүй, дүгнэлтийг ажилтан Т.Бахытгүлд танилцуулаагүй, ямар арга хэмжээ авах эсэх нь тусгагдаагүй байна.

Нэхэмжлэгч Т.Бахытгүлийг албан үүргээ гүйцэтгэхдээ өөрт нь хамаарал бүхий этгээд болох Их түргэн уул хоршоотой цэцэрлэгт мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртөө хамаарал бүхий этгээдтэй гэрээ байгуулахыг хориглоно. гэснийг зөрчсөн гэх боловч мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д зааснаар Авилгатай тэмцэх газар шалгаж тогтоогоогүй байна.

Ажил олгогч нэхэмжлэгч Т.Бахытгүлийг ажлаас халах захирамжид Ногооннуур сумын хүүхдийн цэцэрлэгийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын талаарх ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэсэн боловч уг дүгнэлтэд дурдсан зөрчлүүд нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлд тухайлан заасан ноцтой зөрчлүүд биш байна.

Анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-т заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 750 дугаар шийдвэрийг хэвээр нь үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД М.НЯМБАЯР

 

Д.КӨБЕШ