Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 257

 

Б.Баясгалан нарын нэр бүхий 19 иргэний

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, Ч.Тунгалаг, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин, нэхэмжлэгч Л.Сарантуяа, П.Даваадулам, Н.Марта, Б.Энхзул, Д.Цэцэгдэмбэрэл, А.Гэрэлтуяа, К.Кунайм, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ундармаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Лхагвадулам нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 300 дугаар магадлалыг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор Б.Баясгалан нарын нэр бүхий 19 иргэний нэхэмжлэлтэй, Гааль, татварын ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч нараас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б/370 дугаар тушаалаар нэхэмжлэгч Б.Энхзул нь Дорнод аймаг дахь Гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар, Р.Жавхлан нь Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар, П.Даваадулам нь Өмнөговь аймаг, Шивээхүрэн дэх Гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар, 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Б/262 дугаар тушаалаар Б.Баясгалан нь Өмнөговь аймаг, Шивээхүрэн дэх Гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар, 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн Б/320 дугаар тушаалаар Л.Сарантуяа, А.Гэрэлтуяа нар Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар, Н.Марта Орхон аймаг дахь Гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар, Д.Гантулга нь Өмнөговь аймаг, Шивээхүрэн дэх Гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар, Г.Нямсүрэн нь Сэлэнгэ аймаг дахь гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар, К.Кунайм нь Дорнод аймаг дахь гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар, Г.Пүрэвсүрэн нь Хөвсгөл аймаг дахь Гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар, 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Б/91 дүгээр тушаалаар Д.Жаргалсайхан нь Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын даргаар, 2015 оны 6 сарын Б/223 дугаар тушаалаар Ө.Цолмон Гаалийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн албаны даргаар, 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Б/243 дугаар тушаалаар Д.Өнөболд Буянт-Ухаа дахь Гаалийн газарт Санхүү, аж ахуйн албаны даргаар, 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/105 дугаар тушаалаар Н.Удаанжаргал Гаалийн ерөнхий газрын Буянт-Ухаа дахь гаалийн газрын даргаар, Г.Баасандорж нь Гаалийн ерөнхий газрын сургалт, судалгааны төвийн даргаар, 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/105 дугаар тушаалаар П.Ариунболд Гаалийн ерөнхий газрын Эрх зүйн албаны даргаар, 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн Б/320 дугаар тушаалаар Д.Цэцэгдэмбэрэл Дорнод аймаг дахь Гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар тус тус томилогдсон.

Нэхэмжлэгч нар нь дээрх тушаалуудаар томилогдон ажиллаж байх хугацаандаа үр дүнгийн гэрээний дагуу ажил үүргээ гүйцэтгэж байсан бөгөөд энэ хугацаанд алдаа дутагдал, зөрчил гаргаж байгаагүй.

Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөл үүргээ гүйцэтгээгүй нь харагдаж байна. Тиймээс дээрх хууль, журмуудыг хэрэгжүүлж, шалгалтыг зохион байгуулах үүрэгтэй субъект нь гаалийн байгууллага байхад нэхэмжлэгч нарт халдаан тушаалын үндэслэх хэсэгт оруулсан нь үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

Нэхэмжлэгч Б.Энхнаран шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Гаалийн тухай хуулийн 273 дугаар зүйлийн 273.5-д заасны дагуу гаалийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх чиглэлээр мэргэжлийн тусгай сургалтад хамрагдаж ЧК15/049 гэрчилгээ авсан. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаа болох энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халахгүй байх гэсэн хууль ёсны баталгааг ноцтой зөрчиж байна гэжээ.

Гаалийн ерөнхий газрын дэд дарга Н.Энхцогт, Гааль, татварын ерөнхий газрын дарга С.Пүрэв нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Гаалийн ерөнхий газрын дарга асан Б.Цэнгэл нь дээрх нэр бүхий иргэдийг гаалийн байгууллагад анх авахдаа Төрийн албаны тухай хуульд заасан мэргэшлийн сонгон шалгаруулалтад хамруулалгүйгээр шууд томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 17.3, 17.4 дэх хэсгийг ноцтой зөрчсөн байна.

Гаалийн ерөнхий газрын дарга О.Ганбат нь Гаалийн ерөнхий газрын даргаар томилогдсон даруй дээрх хууль зөрчсөн шийдвэрийг судалж, тогтоосны үндсэн дээр Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.3.1 дэх заалтад энэ хуулийн 7.1.1-д заасан хууль тогтоомж, зарлиг, шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, явц, биелэлтэд хяналт тавих гэж заасан арга хэмжээний хүрээнд 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/418 дугаар тушаалыг гаргасан болно.

Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т Энэ зүйлийн 16.2, мөн хуулийн 17.1, 17.4-т заасныг зөрчиж, иргэнийг төрийн жинхэнэ албан тушаалд томилсон төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг төрийн албаны төв байгууллага хүчингүйд тооцож,  буруутай албан тушаалтанд шүүгч энэ хуульд  заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ гэж заасан байх тул Гаалийн ерөнхий газрын даргад холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 181 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.4, 4.2.5, 11 дүгээр зүйлийн 11.1, 27 дугаар зүйлийн 27.2.1, 39 дүгээр зүйлийн 39.5, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4-т заасныг тус тус баримтлан Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Тушаалууд хүчингүйд тооцох тухай Б/418 дугаар тушаалын Б.Баясгалан, П.Даваадулам, Б.Энхзул, Л.Сарантуяа, Ө.Цолмон, Н.Марта, Д.Жаргалсайхан, Р.Жавхлан, А.Гэрэлтуяа, Г.Нямсүрэн, Н.Удаанжаргал, Д.Гантулга, Д.Өнөболд, Г.Пүрэвсүрэн, Г.Баасандорж, К.Кунайм, Д.Цэцэгдэмбэрэл, П.Ариунболд, Б.Энхнаран нарт холбогдох хэсэг, нэр бүхий 18 иргэний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ундармаа, А.Ариунзаяа болон нэхэмжлэгч Б.Энхнаран нар ажилгүй байсан хугацааны улирлын урамшуулалт цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Баясгалан, П.Даваадулам, Д.Гантулга нарыг Шивээхүрэн дэх гаалийн газарт гаалийн улсын байцаагчийн, Б.Энхзул, К.Кунайм, Д.Цэцэгдэмбэрэл нарыг Дорнод аймаг дахь гаалийн газарт гаалийн улсын байцаагчийн, Л.Сарантуяа, Р.Жавхлан, А.Гэрэлтуяа, Г.Нямсүрэн нарыг Сэлэнгэ аймаг дахь гаалийн газарт гаалийн улсын байцаагчийн, Ө.Цолмонг Гаалийн ерөнхий газрын дэргэдэх олон нийттэй харилцах албаны даргын, Н.Мартыг Орхон аймаг дахь гаалийн газарт гаалийн улсын байцаагчийн, Д.Жаргалсайханыг Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын даргын, Н.Удаанжаргалыг Улаанбаатар хот дахь гаалийн газрын Гаалийн хяналт, эрсдэлийн удирдлагын албаны даргын, Д.Өнөболдыг Буянт-Ухаа дахь гаалийн газрын санхүү,аж ахуйн албаны даргын, Г.Пүрэвсүрэн, Б.Энхнаран нарыг Хөвсгөл аймгийн Ханх дахь гаалийн хороонд гаалийн улсын байцаагчийн, Г.Баасандоржийг Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Сургалт судалгааны төвийн багш, гаалийн улсын байцаагчийн, П.Ариунболдыг Гаалийн ерөнхий газрын Эрх зүйн албаны даргын албан тушаалд тус тус эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор Б.Баясгаланд 2.805.270 төгрөг, П.Даваадуламд 2.805.270 төгрөг, Б.Энхзулд 2.805.270 төгрөг, Л.Сарантуяад 2.805.270 төгрөг, Ө.Цолмонд 2.675.304 төгрөг, Н.Мартад 2,294,850 төгрөг, Д.Жаргалсайханд 2.675.304 төгрөг, Р.Жавхланд 2.805.270 төгрөг, А.Гэрэлтуяад 2.805.270 төгрөг, Г.Нямсүрэнд 2.805.270 төгрөг , Н.Удаанжаргалд 5.278.051 төгрөг, Д.Гантулгад 2.805.270 төгрөг, Д.Өнөболдод 3.146.783 төгрөг, Г.Пүрэвсүрэнд 3.613.943 төгрөг, Г.Баасандоржид 4.303.623 төгрөг, К.Кунаймд 2.805.270 төгрөг, Д.Цэцэгдэмбэрэлд 2.805.270 төгрөг, П.Ариунболдод 4.856.416 төгрөг, Б.Энхнаранд 3.411.846 төгрөг тус тус олгож, нэхэмжлэгч нарын нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Гааль, татварын ерөнхий газрын даргад даалгаж шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 300  дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 181 дүгээр шийдвэрийг 1 дэх заалтыг Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.4, 4.2.5, 11 дүгээр зүйлийн 11.1, 27 дугаар зүйлийн 27.2.1, 39 дүгээр зүйлийн 39.5 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Тушаалууд хүчингүйд тооцох тухай Б/418 дугаар тушаалын Б.Баясгалан, П.Даваадулам, Б.Энхзул, Л.Сарантуяа, Ө.Цолмон, Н.Марта, Д.Жаргалсайхан, Р.Жавхлан, А.Гэрэлтуяа, Г.Нямсүрэн, Н.Удаанжаргал, Д.Гантулга, Д.Өнөболд, Г.Пүрэвсүрэн, Г.Баасандорж, К.Кунайм, Д.Цэцэгдэмбэрэл, П.Ариунболд, Б.Энхнаран нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, Б.Баясгалан, П.Даваадулам, Д.Гантулга нарыг Шивээхүрэн дэх гаалийн газарт гаалийн улсын байцаагчийн, Б.Энхзул, К.Кунайм, Д.Цэцэгдэмбэрэл нарыг Дорнод аймаг дахь гаалийн газарт гаалийн улсын байцаагчийн, Л.Сарантуяа, Р.Жавхлан, А.Гэрэлтуяа, Г.Нямсүрэн нарыг Сэлэнгэ аймаг дахь гаалийн газарт гаалийн улсын байцаагчийн, Ө.Цолмонг Гаалийн ерөнхий газрын дэргэдэх олон нийттэй харилцах албаны даргын, Н.Мартыг Орхон аймаг дахь гаалийн газарт гаалийн улсын байцаагчийн, Д.Жаргалсайханыг Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын даргын, Н.Удаанжаргалыг Улаанбаатар хот дахь гаалийн газрын Гаалийн хяналт, эрсдэлийн удирдлагын албаны даргын, Д.Өнөболдыг Буянт-Ухаа дахь гаалийн газрын санхүү, аж ахуйн албаны даргын, Г.Пүрэвсүрэн, Б.Энхнаран нарыг Хөвсгөл аймгийн Ханх дахь гаалийн хороонд гаалийн улсын байцаагчийн, Г.Баасандоржийг Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Сургалт судалгааны төвийн багш, гаалийн улсын байцаагчийн, П.Ариунболдыг Гаалийн ерөнхий газрын Эрх зүйн албаны даргын албан тушаалд тус тус эгүүлэн тогтоосугай гэж өөрчилж, 2 дахь заалтыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4-т дэх хэсэгт заасныг баримтлан нэр бүхий 18 иргэний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ундармаа, А.Ариунзаяа болон нэхэмжлэгч Б.Энхнаран нар ажилгүй байсан хугацааны улирлын урамшуулалт цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж, Шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтын дугаарыг 3, 3 дахь заалтын дугаарыг 4, 4 дэх заалтын дугаарын заалтыг 5 гэж тус тус өөрчилжээ.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Тогосмаа, Д.Лхагвадулам нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 1. Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх заалтад Монгол Улсын иргэний ёсчлон биелүүлэх үүргийг “Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” гэж заасан.

Гэтэл дээрх нэр бүхий иргэд нь Төрийн албанд анх орохдоо холбогдох хууль, журмыг зөрчсөн. Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх заалтад “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.” гэж заасан боловч Төрийн албанд анх холбогдох хууль, журмын дагуу шалгуур сорилтыг шат дараалан даван Төрийн албанд хуулийн дагуу тэнцэж орсон албан хаагчдын эрхийг зөрчсөн дээрх нэр бүхий иргэдийг хаацайлсан нь хачирхалтай. Мөн дээрх үйлдлээс үзэхэд төрийн албанд цаашдаа ийм жишгээр орох хэвшил болох арга барил тогтоож байгаа нь харагдаж байна.

2. Төрийн албаны зөвлөлийн 2015 оны 9 дүгээр сарын 04-ны өдрийн 158 дугаар тогтоолоор нэхэмжлэгч Б.Баясгалан нарын нэр бүхий 10 иргэнд хамаарах тушаалыг хүчингүй нотлох баримтыг хавсаргасан боловч шүүх шинжлэн, судалж үнэлээгүй.

3. Дээрх нэр бүхий иргэд өөрсдөө төрийн ямар байгууллагад орж байгаагаа мэдэж байсан. Гаалийн байгууллага нь төрийн тусгай алба бөгөөд үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн энхийн манаанд зогсогчид билээ. Үүнтэй  холбогдуулан Төрийн албаны зөвлөлөөс тусгайлан гаалийн байгууллагад анх орох иргэдийн шалгуурыг тогтоон, журамлан өгсөн байдаг. Төрийн тусгай албан хаагч болоод төрийн захиргааны албан хаагч нар хүлээсэн үүрэг, хийж гүйцэтгэдэг ажил мэргэжил, албан тушаалын байдал, анх ороход авах сорил гэх мэт бүхий л талаараа өөр гэдгийг шүүх умартсан нь харагдаж байна. Дээрхээс үзэхэд гаалийн байгууллагын нөөцөд бүртгэлтэй болоод бусад төрийн байгууллагын нөөцөд бүртгэлтэй гэдэг нь ойлголт нь хоёр өөр болох нь харагдаж байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, төрийн байгууллагын үйл ажиллагаа хуульд нийцсэнийг тогтоож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

Нэр бүхий 19 иргэн нь Гааль, татварын ерөнхий газрын даргад холбогдуулан 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн б/418 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нөхөн бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Маргаан бүхий тушаалаар “төрийн албаны ажилд орох журам зөрчиж, төрийн албаны шалгалт өгөөгүй” гэсэн үндэслэлээр нэр бүхий 19 нэхэмжлэгчийг ажилд томилсон тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т зааснаар төрийн албан тушаалд тавигдах ерөнхий шаардлага болон тусгай шаардлага хангасан иргэдийг өрсөлдүүлэн шалгаруулах зорилгоор тэднээс төрийн албаны мэргэшлийн шалгалт авч, онооны дэс дарааллаар төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэж, шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа нэг иргэнийг Төрийн албаны төв байгууллага сонгон, түүнийг томилох эрх бүхий этгээдэд нэр дэвшүүлэхээр зохицуулжээ.

Энэ тохиолдолд нэхэмжлэгч нар нь төрийн албаны сонгон шалгаруулалтад ороогүй, Төрийн албаны салбар зөвлөлөөс нэрийг нь дэвшүүлээгүй байхад төрийн тусгай албан тушаалд шууд томилогдож дээрх төрийн албан тушаал эрхлэх, болзол журмыг зөрчсөн байна.

Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхээс “шаардлага хангасан гэж анх томилсон атлаа дараа нь өөрийн шийдвэрээ үгүйсгэж, төрийн албан хаагчийн баталгаат эрхийг зөрчсөн” гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хуулийн дээрх заалтад нийцэхгүй юм.

Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4-т зааснаар иргэд, хуульд заасан болзол журмын дагуу төрийн албанд орох адил тэгш боломжтой байх зарчимтай бөгөөд нэхэмжлэгч нарын тухайд хуульд заасан дээрх болзол журмыг хангаагүй болно.

Өөрөөр хэлбэл төрийн албаны шалгалт өгөөгүй атлаа төрийн албаны албан тушаалд томилогдсон байгаа нь тэгш эрхийн зарчмыг зөрчсөн, нэхэмжлэгч нарын хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдөөгүй байна.

Нэхэмжлэгч нараас “төрийн албаны шалгалт авах үүргээ захиргааны байгууллага биелүүлээгүй” гэж маргаж байгаа боловч энэхүү нөхцөл байдал нь төрийн албаны шалгалт өгөөгүй иргэдийг төрийн албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах хууль ёсны үндэслэл болж чадахгүй юм.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “хүний нөөцийн тушаалыг адил түвшний, дараагийн томилогдсон албан тушаалтан хүчингүй болгох эрхгүй” гэх тайлбарын хувьд тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Гаалийн тухай хуулийн 268 дугаар зүйлийн 268.1.10-т зааснаар хүний нөөцийн удирдлага хэрэгжүүлэх чиг үүргийн хүрээнд батлагдсан орон тооноос хэтрүүлэн ажилд томилсон, тэр дундаа төрийн албаны шалгалт өгч, ажилд томилогдоогүй зөрчлийг зассан шийдвэрийг хариуцагчаас гаргасан нь хуулийг зөрчөөгүй байна.

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “нэхэмжлэгч нар мэргэжлийн сургалтад хамрагдсан” гэх боловч маргааны гол зүйл нь төрийн албан тушаалд томилогдохоос өмнө болзол хангасан эсэх бөгөөд нэр бүхий 19 нэхэмжлэгч нарын хэн аль нь гаалийн улсын байцаагч болон гаалийн удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалт ороогүй, албан тушаалд томилогдсоны дараа сургалтад хамрагдсан байдал нь “төрийн албанд ажиллах болзол хангасан” гэсэн хуулийн шаардлагад хамааралгүй болно.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Д.Гантулга, Д.Өнөболд нар төрийн албаны шалгалт өгч тэнцэн, нөөцөд бүртгэгдсэн, Г.Баасандорж, Н.Удаанжаргал нар нь төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлтэй байх хугацаандаа томилогдсон” гэх тайлбарын тухайд:

-Нэхэмжлэгч Д.Гантулга нь Төрийн албаны зөвлөлийн 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 145 дугаар тогтоолоор аймгийн Засаг даргын Тамгын газрын мэргэжилтний албан тушаалд, ТЗ-5 зэрэглэлээр, дэс түшмэл ангиллаар шалгалт өгч, нөөцөд бүртгэгдсэн байгаа нь маргаан бүхий “гаалийн улсын байцаагч” гэсэн төрийн тусгай албан тушаалаас албан тушаалын ангилал, чиг үүргийн хувьд ялгаатай,  

-Д.Өнөболд нь Төрийн албаны зөвлөлийн 2015 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 166 дугаар тогтоолоор Захирагчийн албанд мэргэжилтнээр, ТЗ-5 зэрэглэлээр, дэс түшмэл ангиллаар шалгалт өгч, нөөцөд бүртгэгдсэн байгаа нь мөн одоо маргаж буй төрийн тусгай албан тушаалд хамааралгүй,

- Г.Баасандорж, Н.Удаанжаргал нарын тухайд ямар албан тушаалд шалгалт өгч, нөөцөд бүртгэгдсэн тухай тодорхой тайлбар баримт байхгүй, өмнө нь төрийн ямар албан тушаал эрхэлж байгаад, ямар үндэслэлээр чөлөөлөгдсөн, эсхүл төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад шилжсэн тухай баримт байхгүй байхаас гадна Төрийн албаны зөвлөлөөс маргаан бүхий албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн тухай тогтоол байхгүй байна.

Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.7-д зааснаар өөрийн санаачилгаар ажлаас чөлөөлөгдсөн иргэд төрийн жинхэнэ албанд эргэж ороход журмын дагуу мэргэшлийн шалгалт өгөх, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.8, Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолоор баталсан Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журмын 6.3-т зааснаар албан тушаалын ангилал дотроо, түүнээс дээш зэрэглэлийн албан тушаалд томилуулахаар эхлээд Төрийн албаны зөвлөл нэр дэвшүүлэх журамтай.

Ийнхүү Төрийн албаны зөвлөлөөс нэр дэвшүүлэх ажиллагаа хийгдээгүй байхад нэхэмжлэгч нарыг маргаан бүхий ажилд томилсон тушаал нь хууль бус юм.

Түүнчлэн нэхэмжлэгч Б.Энхнарангийн тухайд өмнө нь сургуульд нийгмийн ажилтнаар, Г.Пүрэвсүрэн Засаг даргын орлогчоор, П.Ариунболд нь Иргэний нисэхийн ерөнхий газар, хууль, эрх зүй, дүрмийн боловсруулалтын газар ажиллаж байсан байдал нь маргаан бүхий төрийн тусгай албан тушаалаас ангилал, зэрэглэлийн хувьд өөр байгаа тул уг албан тушаалд томилогдох болзол хангасан гэж үзэх үндэслэлгүй.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “төрийн албан хаагчийн эдлэх баталгааг зөрчсөн” гэж маргаж байгаа ч Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т “энэ хуулийн 10.1-т заасан ерөнхий шаардлага болон 33.5-д заасан тусгай шаардлага, 16 дугаар зүйлд заасан болзлыг хангасан болзлыг хангасан иргэн төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч нарын тухайд хуульд заасан шаардлага, шалгуурыг хангаж төрийн албанд ороогүй тул төрийн жинхэнэ албан хаагчийн баталгааг эдлэх эрхгүй, төрийн жинхэнэ албан хаагч байх урьдчилсан нөхцлийг хангаагүй байна. 

Дээрх үндэслэлүүдээр, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.4-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 181 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 300 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4, 17 дугаар зүйлийн 17.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Баясгалан, П.Даваадулам, Б.Энхзул, Л.Сарантуяа, Ө.Цолмон, Н.Марта, Д.Жаргалсайхан, Р.Жавхлан, А.Гэрэлтуяа, Г.Нямсүрэн, Н.Удаанжаргал, Д.Гантулга, Д.Өнөболд, Г.Пүрэвсүрэн, Г.Баасандорж, К.Кунайм, П.Ариунболд, Б.Энхнаран, Д.Цэцэгдэмбэрэл нарын  Гааль, татварын ерөнхий газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн б/418 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нөхөн бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                              М.БАТСУУРЬ

       ШҮҮГЧ                                                                                      П.СОЁЛ-ЭРДЭНЭ