Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2021/0566

 

 

 

 

 

 

“М” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч А.Сарангэрэл, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.У, П.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, Д.А, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э, хариуцагч Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 397 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газар, Ашигт малтмал, газрын тосны газарт тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 004-ний өдрийн 397 дугаар шийдвэрээр:  “...Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 11 дүгээр зүйлийн 11.1.19-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-аас Монгол Улсын Засгийн газар, Ашигт малтмал, газрын тосны газарт тус тус холбогдуулан гаргасан “Ашигт малтмалын хайгуулын Ц-002Х дугаар тусгай зөвшөөрөл бүхий талбайн тусгай зөвшөөрөл бүхий газартай давхцалтай 28129.25 гектар талбайд нөхөх олговор олгохтой холбоотой асуудлыг шийдвэрлэхгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газар болон Монгол Улсын Засгийн газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нөхөх олговрын асуудлыг Монгол Улсын Засгийн газарт уламжлахыг Ашигт малтмал, газрын тосны газарт, хуульд заасны дагуу нөхөх олговор олгох шийдвэр гаргахыг Монгол Улсын Засгийн газарт тус тус даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“... 1. Хууль бус эс үйлдэхүй гаргаагүй гэж дүгнэсэн тухайд: Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Монгол Улсын Засгийн газар нь нэхэмжлэгч “М” ХХК-д Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-д заасны дагуу нөхөх олговор олгох ёстой байгааг дүгнэж, хариуцагчийн зүгээс ч үүнтэй маргаагүй боловч шүүхийн шийдвэрийн үндэслэл хэсэгт “хуульд тусгай зөвшөөрөл олгох харилцааг тодорхой зохицуулаагүй бөгөөд ... хариуцагчийн зүгээс Короновирусын цар тахалтай холбоотойгоор Монгол Улсын Засгийн газар хөл хорио тогтоосны улмаас ажлын хэсгийн ажил удаашралтай байгаа ч тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй харилцан тохиролцон шийдвэр гаргахаар ажиллаж байгаа нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байх тул ... нөхөх олговор олгохтой холбоотой асуудлыг шийдвэрлэхгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газар болон Монгол Улсын Засгийн газрын эс үйлдэхүй хууль бус гэж үзэх боломжгүй байна" гэж дүгнэсэн.

Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль 2020 оны 04 дүтээр сарын 29-ний өдөр батлагдсан бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс 2015 онд шүүхийн шийдвэрийн дагуу тусгай зөвшөөрөл бүхий газрынхаа зарим хэсгийг буцаан өгснөөс хойш холбогдох нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн албан бичгүүдийг хариуцагч нарт хандаж гаргасаар ирсэн.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.2-т зааснаар Захиргааны үйл ажиллагаа нь “шуурхай, тасралтгүй байх” зарчимд үндэслэх ёстой бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-ийн дагуу олгох ёстой нөхөх олговрыг ямар хугацаанд олгох талаар нарийвчилсан зохицуулалт байхгүй хэдий ч ойролцоо төрлийн нөхөх олговрыг нэг жилийн дотор тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгох талаар мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасан байдаг.

Гэтэл шүүх 2015 оноос хойш нийт 6 жилийн турш тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох хуульд заасан үүргээ биелүүлээгүй хариуцагчийн үйлдлийг “Засгийн газарт уламжлах болно” гэх албан бичиг ирүүлсэн үйлдлээр зөвтгөж, хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна гэж шийдвэрлэсэн бөгөөд нөхөн олговрыг хэрхэн олгох “нарийвчилсан зохицуулалт байхгүй” гэх хууль тогтоомжийн ойлгомжгүй, хэт ерөнхий байдлыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид халдаан хэрэглэж нэхэмжлэгчийн эрх ашгийг тодорхойгүй, урт хугацаагаар зөрчих боломжийг бүрдүүлж байгаа нь үндэслэлгүй бөгөөд хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т зааснаар “эс үйлдэхүй” гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдол шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгодог.

Улсын тусгай хэрэгцээнд авсан газарт нөхөх олговор олгох шийдвэр гаргах бүрэн эрхийг Газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3-т заасны дагуу Монгол Улсын Засгийн газар хэрэгжүүлдэг тул Ашигт малтмал, газрын тосны газраас нөхөх олговрын асуудлыг цааш нь уламжлах талаар “М” ХХК-д албан бичиг ирүүлснийг захиргааны байгууллага тодорхой шийдвэр гаргасан буюу Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасан эс үйлдэхүй гаргаагүй гэж үзэх боломжгүй.

2. Нэхэмжлэлийн шаардлага тус бүрийг дүгнээгүй тухайд: “М” ХХК нь дараах 2 тусдаа шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Үүнд:

Нөхөх олговор олгохтой холбоотой асуудлыг шийдвэрлэхгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, нөхөх олговрын асуудлыг Монгол Улсын Засгийн газарт уламжлахыг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах;

Нөхөх олговор олгохтой холбоотой асуудлыг шийдвэрлэхгүй байгаа Монгол Улсын Засгийн газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, хуульд заасны дагуу нөхөх олговор олгох шийдвэр гаргахыг Монгол Улсын Засгийн газарт даалгах гэж.

Гэтэл шүүх маргааныг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлага тус бүрээр хариуцагч нарын үйлдэл, эс үйлдэхүйд үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр, зөвхөн Ашигт малтмал, газрын тосны газраас нөхөх олговор олгохтой холбоотойгоор “тодорхой ажиллагаа хийж байгаа” гэх тайлбарт үндэслэн, Монгол Улсын Засгийн газрын хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхгүйн талаар огт дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.

3. Хариуцагч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхээс үндэслэлгүйгээр татгалзаж байгаа тухайд: Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа нөхөх олговор олгох аргачлал, журам байхгүй, мөн түүнчлэн нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэх тохиролцох журмыг хэрхэн баталж. мөрдүүлэх талаар хуулийн зохицуулалт байхгүйн улмаас “М” ХХК-д олгох ёстой нөхөх олговрыг шийдвэрлэж чадахгүй байна гэсэн.

Гэтэл эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем www.legalinfo.mn сайтад тавигдсан мэдээллийн дагуу Монгол Улсын Засгийн газраас 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 256 дугаартай тогтоол гаргаж, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-д заасан үндэслэлээр байгалийн нөөц газрын хилийн заагт талбай нь давхацсан тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр нөхөх олговрын зориулалтаар нийт 7 хуулийн этгээдэд 18 тусгай зөвшөөрлийг шинээр олгосон байдаг бөгөөд уг тогтоол өнөөдрийн байдлаар хүчинтэй хэвээр байгаа.

Дээрхээс үзэхэд хариуцагч болох Монгол Улсын газар өмнө нь маргааны гол үндэслэл болсон нөхөх олговрыг бусад хуулийн этгээдэд аливаа нэг аргачлал, журамгүйгээр, хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд олгож болж байсан хэрнээ “М” ХХК-д олгох ёстой нөхөх олговрыг хууль тогтоомжийн тодорхойгүй байдлыг ашиглан олгох шийдвэр гаргахгүй эс үйлдэхүй гаргаж, тэгш бус байдал үүсгэж байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 397 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор хэргийг хянаад анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, хууль буруу хэрэглэсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 249 дүгээр тогтоолоор “М” ХХК-д олгосон Ц-002Х дугаар тусгай зөвшөөрөл бүхий 105937 гектар талбайгаас Улсын Их Хурлын 2004 оны 22 дугаар тогтоолоор байгалийн цогцолбор газрын ангилалд хамруулсан газартай давхцалтай хэсгийг хүчингүй болгосон, энэхүү тогтоол гарснаас хойш тус компанид нөхөх олговор олгоогүй болох нь тогтоогдож байна.

“М” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын Ц-002Х дугаартай тусгай зөвшөөрөл бүхий талбай Улсын Их Хурлын 2004 оны 22 дугаар тогтоолоор батлагдсан улсын тусгай хамгаалалтад авсан талбайтай давхцалтай болох нь хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газраас ирүүлсэн 2019 оны 06 дугаар сарын 11ий өдрийн 1/4418 дугаар албан бичиг, Ашигт малтмал, газрын тосны газраас 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад хүргүүлсэн “Хүсэлт хүргүүлэх тухай” 1/1815 дугаар албан бичгийн хавсралт, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 249 дүгээр тогтоол, хариуцагч нарын шүүхэд ирүүлсэн хариу тайлбар зэргээр тогтоогдож байгаа, энэ талаар талууд маргаагүй.

Нэхэмжлэгчээс ашигт малтмалын хайгуулын Ц-002Х дугаар тусгай зөвшөөрөл бүхий талбайн тусгай зөвшөөрөл бүхий газартай давхацсан 28129.25 гектар талбайд нөхөх олговор олгохтой холбоотой асуудлыг шийдвэрлэхгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газар болон Монгол Улсын Засгийн газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нөхөх олговрын асуудлыг Монгол Улсын Засгийн газарт уламжлахыг Ашигт малтмал, газрын тосны газарт, хуульд заасны дагуу нөхөх олговор олгох шийдвэр гаргахыг Монгол Улсын Засгийн газарт тус тус даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-д “ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон энэ хуулийн, 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно” гэж заасны дагуу нэгэнт манай компанийн эзэмшиж байсан Ц-002Х дугаар тусгай зөвшөөрөл бүхий талбай тусгай хамгаалалтад авсан газарт багтсан, уг шийдвэрийг хэвээр үлдээсэн буюу манай компанид тусгай зөвшөөрөл олгосон шийдвэрийг хүчингүй болгосон Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны тогтоол гарсан байхад Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасны дагуу нөхөх олговортой холбоотой асуудлыг шийдвэрлэхгүй байгаа нь хууль бус” гэж тайлбарлан маргажээ.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газраас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ “нөхөх олговор олгох журам болон аргачлалыг хуулиар тусгайлан батлах эрхийг хуулиар төрийн захиргааны байгууллагад олгоогүй, ... Коронавирусын цар тахалтай холбоотой хөл хорио тогтоосны улмаас нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн талбайд гаргасан геологийн болон санхүүгийн талаарх мэдээлэл бэлтгэх, тооцоо судалгаа хийх, цаашид авах арга хэмжээний санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ажил удаашралтай хэдий ч Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтын хэрэгжилтийг хангуулах зорилгоор нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохиролцох аргачлал, шалгуур үзүүлэлтийн журмыг баталж мөрдүүлэх асуудлыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамаар дамжуулан Засгийн газарт уламжлан шийдвэрлүүлэхээр шат дараалсан ажлыг зохион байгуулан ажиллаж байгаа, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасан чиг үүрэг нь Засгийн газрын бүрэн эрхийн асуудал буюу Ашигт малтмал, газрын тосны газраас эс үйлдэхүй гаргаагүй байхад нэхэмжлэгчээс эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Засгийн газарт уламжлахыг даалгах шаардлага гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй” гэж тайлбарлан маргасан нь үндэслэлгүй байна.

Учир нь хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Улсын Их Хурлын 2004 оны 22 дугаар тогтоолоор батлагдсан улсын тусгай хамгаалалтад авсан талбайтай нэхэмжлэгчийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбай давхацсан тул нэхэмжлэгчээс нөхөх олговор авах хүсэлтээ удаа дараа гаргаж байсан бөгөөд хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газар “М” ХХК-д 2019 оны 12 дугаар сарын 20ы өдрийн 10/8284 дүгээр албан бичгээр “...хуулийн дагуу улсаас авах нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэхээр Засгийн газарт уламжлах ажлыг зохион байгуулах тул энэхүү мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 15 хоногийн дотор хүсэлтээ ирүүлнэ үү” хэмээн нөхөн олговрын тоо, хэмжээг ирүүлэх талаар мэдэгдсэний дагуу нэхэмжлэгч холбогдох судалгааг хүргүүлжээ.

Гэтэл хариуцагчаас “Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамаар дамжуулан нөхөх олговрын асуудлыг шийдвэрлүүлэхээр Засгийн газарт уламжлан шат дараалсан ажлыг зохион байгуулан ажиллаж байгаа” гэж тайлбарлаж байгаа ч нэхэмжлэгчийн хувьд 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 19/14, 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 19/28, 2019 оны 06 дугаар сарын 04-ний 19/91, 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 19/36, 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 19/70, 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 19/71, 2020 оны 07 дугаар сарын 07, 08 дугаар сарын 10-ны өдөр болон 2021 оны 06 дугаар сарын 17-ны 19/32 албан тоотуудаар нөхөх олговор авах хүсэлт, холбогдох баримтуудыг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд удаа дараа гаргасан байх ба хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газраас “Ажлын хэсэг нь ... нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохиролцсоны үндсэн дээр нээлттэй, ил тод, тэгш эрхийн зарчмыг баримтлан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамаар уламжлуулан Засгийн газраар шийдвэрлүүлэх ажлыг зохион байгуулахаар ажиллаж байгааг үүгээр мэдэгдэж байна” гэснээс өөрөөр хүсэлтийг бодитой шийдвэрлээгүй буюу нэхэмжлэгч компанийн хүсэлтийг Засгийн газарт уламжлаагүй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасан “тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд авах” гэж заасанд нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн талбайг улсын тусгай хамгаалалттай газрын зориулалтаар тусгай хэрэгцээнд авсан нөхцөл хамаарахаар, мөн хуулийн 14.4-т “Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө” гэж заасан нь тусгай зөвшөөрөл бүхий талбайг зохих журмаар тусгай хэрэгцээнд авсан бол нөхөх олговор олгохыг тухайн эрх бүхий этгээдэд үүрэг болгосон, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхийг хамгаалсан зохицуулалт гэж үзнэ.

Тодруулбал, тусгай зөвшөөрөл бүхий талбайг тусгай хэрэгцээний зориулалтаар төрийн мэдэлд шилжүүлэн авсан бол Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасан нөхөх олговор олгох үүргийг биелүүлэхдээ зөвхөн мөнгөн хэлбэрээр биш, улсын төсвийн хөрөнгөөр хуримтлал тогтоогдсон талбайгаас “олгож болно” гэж сонгох боломжийг Засгийн газарт олгосон байна.

Иймд нэхэмжлэгчийн “Ашигт малтмалын тухай хуулийн 14.4-т заасныг хэрэглэж нөхөн олговрыг олгохгүй, хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т зааснаар нөхөх олговрын ямар ч хэлбэрээр нөхөх олговрыг олгохыг даалгах” агуулгаар гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заасан байх бөгөөд Ашигт малтмал, газрын тосны газрын буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн байх энэ тохиолдолд Ашигт малтмал, газрын тосны газар нөхөх олговор олгох хүсэлтийг хүлээн авч судлан үзэж Монгол Улсын Засгийн газарт уламжлах, улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай эсхүл улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон талбайгаас тусгай зөвшөөрлийг хариуцагч Монгол Улсын Засгийн газар олгож болох байтал энэхүү эрхээ хэрэгжүүлээгүйгээс “М” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхөд хүрчээ.

Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т зааснаар Засгийн газар нь нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохиролцоод, хэлэлцэн тохирсны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон энэ хуулийн улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон талбайгаас тусгай зөвшөөрөл олгохоор байх бөгөөд нэхэмжлэгчээс Ашигт малтмал, газрын тосны газарт хандаж “Ашигт малтмалын тухай хуулиар Геологи, уул уурхай хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын эрх хэмжээнд Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасан асуудал хамаарахгүй тул Засгийн газарт хандаж шийдвэрлүүлэх боломжтой” гэсэн хариу авсны үндсэн дээр дээрх асуудлаар Монгол Улсын Засгийн газарт 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 19/3 дугаар албан бичгээр хандсан байх боловч хүсэлтийг шийдвэрлэсэн үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл, Засгийн газар нь нөхөх олговрыг мөнгөн хэлбэрээр олгох, эсхүл улсын төсвийн хөрөнгөөр хуримтлал тогтоосон талбайгаас олгох 2 боломжийн алийг нь ч хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй нь Ашигт малтмалын хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасныг зөрчсөн хууль бус захиргааны акт болох нь тогтоогдож байх бөгөөд үүний улмаас нэхэмжлэгчийн нөхөх олговор авах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул хуульд заасны дагуу нөхөх олговор олгох шийдвэр гаргахыг даалгав.

Нөгөө талаар хариуцагч Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд “...2019 онд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын Ашигт малтмал, газрын тосны газрын даргад өгсөн чиглэлийн дагуу ажлын хэсэг байгуулагдсан. Шүүхийн шатанд 10 гаруй компани яваа. Урьдчилсан байдлаар олон удаа хуралдаж, тусгай зөвшөөрөл эзэмшсэн тайлан, давхцал зэргийг тогтоосон байгаа. Засгийн газарт уламжилсан ... Намрын чуулганд өргөн барих гэж байгаа. Хуулийн өөрчлөлт оруулах саналтай байгаа. Тэгвэл цогцоор нь шийдэх бүрэн боломж бүрдэх байх ... хэрвээ тусгай зөвшөөрөл эзэмшигч 1-ийг харьцах 1 гэсэн хэмжээгээр нөхөх олговор авах саналыг хүлээн зөвшөөрвөл нөхөх олговрын хүсэлтийг уламжлах чиглэлтэй ажиллаж байна ... нэхэмжлэгч “М” ХХК-ийн хүсэлтийг ойрын хугацаанд шийдвэрлэх боломжтой” гэж тайлбарласныг дурдах нь зүйтэй.

Иймд хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газар болон Засгийн газрын тухайд хууль бус эс үйлдэхүй гаргасан болохыг тогтоох боломжтой төдийгүй, зохих шийдвэр гаргахыг даалгаж шийдвэрлэх нь зүйтэй буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.3.4-т “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж заасан тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үүнд нийцүүлэн “нөхөх олговрын асуудлыг Засгийн газарт уламжлахыг Ашигт малтмал, газрын тосны газарт, хуульд заасны дагуу нөхөх олговор олгох шийдвэр гаргахыг Монгол Улсын Засгийн газарт даалгаж шийдвэрлэх зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 397 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 14 дүгээр зүйлийн 14.4, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмалын хайгуулын Ц-002Х дугаар тусгай зөвшөөрөл бүхий талбайн тусгай зөвшөөрөл бүхий газартай давхцалтай 28129.25 гектар талбайд нөхөх олговор олгохтой холбоотой асуудлыг шийдвэрлэхгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газар болон Монгол Улсын Засгийн газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нөхөх олговрын асуудлыг Монгол Улсын Засгийн газарт уламжлахыг Ашигт малтмал, газрын тосны газарт, хуульд заасны дагуу нөхөх олговор олгох шийдвэр гаргахыг Монгол Улсын Засгийн газарт тус тус даалгаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                                  Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                                     А.САРАНГЭРЭЛ

ШҮҮГЧ                                                                     Д.БААТАРХҮҮ