| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2019/0464/Э |
| Дугаар | 121 |
| Огноо | 2020-02-05 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.М |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 121
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,
Нарийн бичгийн дарга П.Тулга,
Улсын яллагч Б.Мөнгөншагай,
Шүүгдэгч Б.А-, түүний өмгөөлөгч С.Батжаргал,
Хохирогч Ц.Гэрэлтуяа, түүний өмгөөлөгч А.Бүдханд нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Номгон овогт Б-н А-д холбогдох эрүүгийн 1903002540164 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Хэнтий аймгийн Баянмөнх суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монел 33 дугаар гудамж, 18 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД:СГ 86030115 / Номгон овогт Б-н А- нь:
- 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 08 цаг 29 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Төв шуудангийн уулзварын хойд талын явган хүний гарцан дээр “Тоёота Приус-20” маркийн 45-98 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16,2-т заасан “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч Ц.Гэрэлтуяаг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, ослын хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт / хх 4-9 /
Хохирогч Ц.Гэрэлтуяа мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2019 оны 03 дугаар сарын 12-ны өглөө Төв шуудангийн уулзвараас Сүхбаатарын талбай руу гарах гэрлэн дохиотой уулзвараар ногоон гэрэл асч байхад явган хүний гарцаар гараад 2-3 алхам дутуу байхад баруунаас эргэж орж ирсэн машин хойд талын дугуйгаараа миний баруун талын хөлний өсгийг шүргэчихсэн. Тэгээд машин бага зэрэг өнгөрөөд зогссон. Би зүүн тохойгоороо тулаад 2 өвдгөөрөө нугараад л газар уначихсан гэжээ. / хх 22 /
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3399 дүгээр дүгнэлтэнд:
1. Ц.Гэрэлтуяагийн биед баруун дунд чөмөгт ясны доод булууны дотор ёрвонгийн сэлтэрсэн хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. / хх 39 /
“ Приус-20 ” маркийн 45-98 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Б-н А- нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.5-д “ Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ “ Тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас хөдөлгөхгүй байх” , мөн дүрмийн 16.2-д “ Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн үндэслэлтэй.
Явган зорчигч Ц.Гэрэлтуяа нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна гэсэн Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын шинжээчийн 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 579 дугаартай дүгнэлт / хх 197-198 /
Шүүгдэгч Б.А-ыг 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл / хх 58-63 /
Шүүгдэгч урьд ял шийтгүүлсэн эсэхийг шалгасан тэмдэглэл / хх 77 / зэрэг болно.
Шүүгдэгч Б.А- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 08 цагийн орчим багшийн дээд сургуулиас төв шуудангийн уулзвараар баруун тийшээ эргэх гээд 1 дүгээр эгнээнд явж байсан. Би уулзвараар эргэх үед гарцаар хүн гарч байгаа харагдаагүй тул эргэтэл төв шуудан талаас талбай руу явган хүний гарцнаас метр орчим зайд гэнэт нэг хүн гараад ирсэн. Би тэр хүний баруун хөлний өсгийг машиныхаа баруун урд дугуйгаар шүргэхэд тэр хүн өвдөглөөд унасан. Ингээд эмнэлгийн тусламж үзүүлэх гэтэл цагдаа зогсоож, осол болсон газартаа очиж хэмжилт хийлгэсэн.
Зүйл анги болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн хөлний зургийг 250.000 төгрөгөөр авахуулж, эм тариаг авч өгсөн. Одоо хохиролд 1.300.000 төгрөгийг төлье гэв.
Хохирогч Ц.Гэрэлтуяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр би ажилдаа явахаар гарсан. Манай ажил гэрээс 10 орчим минут явах газарт байдаг. Би Төв шуудангийн гэрлэн дохиогоор хойшоо чиглэлтэй явган хүний гарцаар гарсан. Гарцаар гарч яваад багахан хэмжээний зайг ташуу алхаад зам руугаа гарахаас 2-3 алхамын зайд машин ирээд баруун талын өсгийг шүргэсэн. Жолооч бууж ирээд намайг эмнэлэгт хүргэн үзүүлж өгсөн. Хүндэвтэр гэмтэл учирсныг хүлээн зөвшөөрнө. Эмчилгээний зардалд 275.000 төгрөг авсан нь үнэн.
Одоо хөлний эд эсийг сэргээх аппаратанд ороход зүүн хөл цочироо бага авдаг болсон. Мөн толгой үе үе өвддөг, толгойгоо бариулж, эм ууж байгаа. Цаашид эмчилгээ хийлгэнэ. Жолоочоос цалингийн зөрүү 707.975 төгрөг, Сонгдо эмнэлэгт нуруу, хөлний зураг авахуулсан 469.000 төгрөг, эмний мөнгө 50362 төгрөг, 2 таягний үнэ 30.000 төгрөг, 1 сар хөл дээрээ явж чадахгүй учир таскигаар үйлчлүүлсэн зардал 56.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 300.000 төгрөг, нөхөн сэргээх эмчилгээний зардал 350.000 төгрөг, цаашид эмч 2 удаа давтан хийлгэ гэсэн учир төлбөр 700.000 төгрөг нийт 2.645.837 төгрөг нэхэмжилж байна. Цаашдын эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэв.
Шүүгдэгч Б.А- нь 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 08 цаг 29 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Төв шуудангийн уулзварын хойд талын явган хүний гарцан дээр “Тоёота Приус-20” маркийн 45-98 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16,2-т заасан “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Ц.Гэрэлтуяаг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ...Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, ослын хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт / хх 4-9 /, ...Ногоон гэрэл асч байхад явган хүний гарцаар гараад 2-3 алхам дутуу байхад баруунаас эргэж орж ирсэн машин хойд талын дугуйгаараа миний баруун талын хөлний өсгийг шүргэчихсэн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Ц.Гэрэлтуяагийн мэдүүлэг / хх 22 /, ...Ц.Гэрэлтуяагийн биед баруун дунд чөмөгт ясны доод булууны дотор ёрвонгийн сэлтэрсэн хугарал гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3399 дүгээр дүгнэлт / хх 39 /, ... Б-н А- нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.5, 16.2 заалтуудыг тус тус зөрчсөн. Явган зорчигч Ц.Гэрэлтуяа нь Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчөөгүй байна гэсэн Замын цагдаагийн газрын шинжээчийн 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 579 дугаартай дүгнэлт / хх 197-198 / зэрэг болно.
Шүүхээс шүүгдэгч Б.А-ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид эмчилгээний зардлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.А- нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, баримтаар нотлогдсон хохирлыг нөхөн төлсөн тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, түүний хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэв.
Хохирогч Ц.Гэрэлтуяа нь 2.645.837 төгрөг нэхэмжилсэн болно. Үүнээс 82.862 төгрөгний эм авсан / хх 85-87, 131 /, 2ш таяг авсан 30.000 төгрөгний баримт, гэрэл зургийн хамт / хх 136 /, өвдөгний бэхэлгээ 30.000 төгрөг / хх 128 /, өмгөөлөгчийн хөлсөнд 300.000 төгрөг төлсөн орлогын баримт / хх 137 /, “Сонгдо” эмнэлэгт зураг авахуулсан төлбөр 469.000 төгрөг / хх 138 /, Өвөржанчивланд 10 хоног сувилуулсан төлбөр 350.000 төгрөгийг тус тус төлсөн баримтууд хэрэгт авагдсан байна. Таксигаар үйлчлүүлсэн 56.000 төгрөг нь баримтгүй боловч шүүгдэгч 1.317.862 төгрөг нөхөн төлсөн тул шүүгдэгчийг төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин хохирогч Ц.Гэрэлтуяа нь 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр автын осолд орсон бөгөөд цалингийн зөрүү 707.975 төгрөг нэхэмжилсэн боловч 1.071.400 төгрөгний цалинтай гэсэн МУИС-ийн тодорхойлолт, цалингийн картын хуулбар, Ц.Гэрэлтуяа нь сард 1.173.500 төгрөгний цалинтай бөгөөд 2019 оны 04 дүгээр сард хөдөлмөрийн чадвар түр алдсан актаар 465.525 төгрөг авсан / хх 129 / гэсэн МУИС-ийн тодорхойлолт зэргээр Ц.Гэрэлцэцэг нь сард хэдэн төгрөгний цалинтай болох нь тодорхойгүй, үүнийг нотолсон тушаал байхгүй байх тул эдгээрийг бүрдүүлсэн үедээ цалингийн зөрүү болон цаашдын эмчилгээний зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурьдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Б.А- нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүйг дурьдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Номгон овогт Б-н А-ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б-н А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар 700 / долоон зуу / нэгж буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Б.А- нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүйг болохыг дурьдаж, хохирогч Ц.Гэрэлтуяа нь цалингийн зөрүү болон цаашдын эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлсэн үедээ иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.А- нь шүүхээс тогтоосон торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.
5. Б.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ