Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 873

 

Ц.Сд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Н.Батсайхан, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор Н.Мөнхцэцэг,

Хохирогч Б.Ү, түүний өмгөөлөгч Д.Очирдорж,

Шүүгдэгч Ц.Сын өмгөөлөгч Ш.Эрдэнэцэцэг, Д.Наранбулаг,

            Нарийн бичгийн дарга И.Буманбаяр нарыг оролцуулан,

                                         

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 994 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Н.Мөнхцэцэгийн бичсэн 2017 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 15 дугаартай эсэргүүцлээр Ц.Сд холбогдох эрүүгийн 201626021102 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Ц.С нь өөрийгөө “Дэлхийн банкинд төсөл хариуцсан ахлах мэргэжилтэн, Дэлхийн банкнаас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан төсөл бичээд цэцэрлэг барьж болдог юм байна, улсаас тусалдаг юм байна, би танд бичээд өгье, төслийн нийт өртөг нь 65.000.000 төгрөг болно” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар иргэн Б.Үыг хуурч, 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс 2016 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн хооронд нийт 72.463.473 төгрөгийг өөртөө шилжүүлэн авч залилсан,

Мөн 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр иргэн Б.От “ах Б.Үыг чинь Франц улс руу өөрийнхөө саажилттай хүүхдээ үзүүлэхэд хямдхан зардлаар явуулж өгнө” гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хуурч, 6.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас: Ц.Сын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

1.  Suwd 6838 хаягт саажилттай хүүхдийн цэцэрлэг барих талаар мэдээлэл байсан, энэ талаар хэдийнээс эхлэн хохирогч нь Ц.Стай ярьж эхэлсэн, тэр Б.Үт юу ярьсан, ямар аргаар зохиомол байдлыг зориудаар бий болгосон, түүнийг яаж хууран мэхэлж, итгэлийг нь эвдсэн талаарх үйлдлүүдийг нарийн шалгаагүй байна.

2. Хохирогч нь Хаан банкаар мөнгө шилжүүлэхдээ дансны эзэмшигч нь Ц.С, А.Сувд-Эрдэнэ нарын хэнд шилжүүлж байгаагаа мэдэх боломжтой байсан, шилжүүлж буй мөнгөний зориулалт нь саажилттай хүүхдийн цэцэрлэгийн төслийн урьдчилгаанд шилжүүлсэн эсэх нь тодорхойгүй тул гүйлгээг шалгах.

3. Шүүгдэгч нь хохирогчтой анх хэрхэн танилцсан, түүнтэй дотно харьцаатай байснаас жирэмсэлсэн, "Мариа" эмнэлгийн бичиг баримт үндэстэй, тэдний хоорондын харьцааны талаар гэрч Л.Түрдэддагвын мэдүүлэг зэрэг нь үндэслэлтэй эсэх талаар нарийвчлан шалгах шаардлагатай.

4.   Баянгол дүүргийн прокурорын газар яллагдагчийг 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр иргэн Б.От "ах Б.Үыг чинь Франц улс руу саажилттай хүүхдээ үзүүлэхэд хямдхан зардлаар явуулж өгнө" гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хуурч, 6.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэж яллаж байна. Н.Доржмаа нь 2015 оны 12 дугаар сарын 8-ны өдрөөс 2016 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Үыг "хүүхдийг чинь Франц улсад саажилтыг эмчлэх эмчилгээнд явуулж, эмчлүүлж өгнө" гэж итгүүлэн 15 удаагийн үйлдлээр 11.067.850 төгрөг хуурч мэхлэх аргаар залилан мэхлэсэн гэмт хэрэгт Чингэлтэй дүүргийн шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр ял шийтгүүлжээ. Гэтэл хохирогч Б.Ү дээрх хугацаанд Н.Доржмаад 11.067.850 төгрөг өгсөн байхад түүний дүү Б.О нь 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Б.Үыг хүүхдийнх нь хамт Франц улс руу хямд зардлаар эмчилгээнд явуулахаар Ц.Сд 6.000.000 төгрөгийг давхардуулан өгсөн нь үндэстэй эсэх. Тэр ахыгаа эмчилгээнд явуулахаар Ц.Сд 6.000.000 төгрөг өгсөн гэж мэдүүлж байгаа атлаа яагаад Н.Отгонгүнжийн данс руу 6.000.000 төгрөг шилжүүлснийг шалгах.

5. Б.Ү нь 2014 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 15 цаг 29 минутад
Ц.Сд 60.000 төгрөг шилжүүлсэн байна. Гэтэл үүнийг хохирлын хэмжээнд оруулан тооцоогүй. Түүнчлэн яллагдагчийн "Энхцэцэг гэх эмэгтэй намайг хуурч байна гэдгийг би мэдээгүй. Б.Ү намайг 78.463.472 төгрөгийг төсөл бүтээнэ гэж авсан гэдэг боловч энэ мөнгөний 18.000.000 төгрөгийг би зээлж, авсан зээлээ хугацаанд нь буцааж төлсөн. Б.Ү 60.463.472 төгрөгийг надаар дамжуулж Энхцэцэгт өгснөөс би 40.800.000 төгрөгийг Энхцэцэгт өгсөн. Үлдсэн 19.663.142 төгрөгөөс би Энхцэцэг төслийг бүтээх байх гэж итгээд дундаас авч өөртөө ашигласан. Энэ мөнгөнөөс би 7.000.000 төгрөгийг төлж баримтыг хэрэгт өгсөн байхад прокурор хохирлын тооцоог буруу тооцсон. Миний авч завшсан гэж хүлээн зөвшөөрч байгаа 19.663142 төгрөг дотор Б.Ү намайг хүүхдээ авахуулаад эмчилгээ хийлгэж байхад өгч байсан мөнгө орсон гэж мэдүүлж байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг зөв тогтоосон гэж үзэх боломжгүй.

6. Яллагдагч Ц.С "Би Б.Үт анхнаасаа Энхцэцэг гэдэг
хүнд төсөл бүтээж өгнө гэхээр нь мөнгөө өгсөн тухай ярихад тэр "ажлын хажуугаар
юм хийх хэрэгтэй байна, тэр хүндээ хэлээд өг гэж Энхцэцэгээс төсөл авах тухай
яриа эхэлж байсан. Энэ тухай би Энхцэцэгт хэлдэг, Энхцэцэгийн хэлсэн ярьсан
бүхнийг би буцаагаад Б.Үт дамжуулж хэлдэг, миний хэлснийг
Б.Ү заавал өөр хүнээс асууж шалгаж тодруулж байж түүний хэлсэн үнэн
байна гэж мөнгөө миний данс руу шилжүүлж өгдөг байсан. Б.Үын энэ
байдал ч намайг Энхцэцэгт итгэх итгэлийг бас төрүүлдэг байсан. Би "саажилттай
хүүхдийн цэцэрлэг барих төсөл авах" талаар Энхцэцэгтэй ярьж, Б.Ү тэр
төслийг авахаар надаар дамжуулан Энхцэцэгт мөнгө өгч байсан талаар өөрөө
мэдэж байсан. Гэтэл Энхцэцэг алга болсон, тэр Турк улсаас над руу ярьсан гэж
мэдүүлжээ. Түүний өмгөөлөгчийн "Ц.С өөрөө Энхцэцэг гэдэг хүнд
залилуулсан тул Энхцэцэгийн талаар шалгаж өгнө үү" гэсэн хүсэлт гаргасныг
хүлээн авч, мөрдөн шалгах зохих ажиллагаа хийх нь зүйтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1-д "гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ, 2-т "гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээд нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, эсхүл түүний учруулсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд тэрхүү нэхэмжлэлийг шүүх уг хэргийн хамт хянан шийдвэрлэнэ" гэж тус тус заажээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон иргэний нэхэмжлэгч Ч.Жазира, Л.Отгонбаатар, Б.Хосбаяр, С.Энхболд, Б.Алтанзул, Н.Билгүүн, Ж.Нацаг, Б.Оюумаа, Ц.Отгондорж нар нь яллагдагч Ц.Сд холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эсэхийг нь шалгаагүй байна. Баянгол дүүргийн прокурорын 2017 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 255 тоот тогтоолыг хүсэлт гаргагчид танилцуулж, уг тогтоолд гомдол гаргах эрхээр нь хангасан нь тодорхойгүй байна гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.  

 

Прокурор Н.Мөнхцэцэг бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт /мөн зүйлийн 6.1-6.17 хүртэлх заалтад заасан асуудлаар/ шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг яллах дүгнэлтэнд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын хүсэлт, гомдлоор эсхүл шүүгч өөрийн санаачлагаар хянан хэлэлцэж шийдвэр гаргана гэж хуульчилсан байна.

1. Яллагдагч Ц.С, түүний өмгөөлөгч Д.Наранбулаг нараас урьдчилсан хэлэлцүүлгийг явуулах тухай хүсэлтдээ: "Мөнгө төлөх тухай баримт"-ыг нотлох баримтаас хасуулах, ...Б.Үаас 18.000.000 төгрөгийг зээлж авсан, Энхцэцэгт 40.800.000 төгрөгийг өгсөн, өөртөө авч ашиглаж завшсан 19.663.142 төгрөгөөс 7.000.000 төгрөгийг төлж барагдуулсан байхад прокурор хохирлын тооцоог буруу гаргасан, ...Энхцэцэгийг олж тогтоон хэргийг үнэн зөвөөр шийдвэрлүүлэхээр мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх..." талаар гаргасан хүсэлтийг шүүх хүлээн авч, хянан хэлэлцэхдээ хүсэлтэнд дурьдагдаагүй, урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэгдээгүй асуудлуудыг захирамжиндаа нэмж оруулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна.

2. Түүнчлэн анхан шатны шүүх, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцүүлэхээр яллагдагч Ц.С болон түүний өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтэд дурьдагдсан "Мөнгө төлөх тухай баримт"-ыг нотлох баримтаас хасуулах талаар гаргасан хүсэлтийг огт шийдвэрлээгүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчин цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцэж байгаа эсэхийг харгалзан бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг нь, тодорхой мөрдөн шалгах ажиллагаагаар цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын заримыг нотлох баримтаар тооцохгүй байх тухай прокурорын санал, оролцогчийн хүсэлтийг шүүх хянан хэлэлцэж, дараах шийдвэр гаргана:

2.1. санал, хүсэлтийг хүлээн авахаас татгалзах;

2.2. бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг нотлох баримтаар тооцохгүй байх;

2.3. тодорхой мөрдөн шалгах ажиллагаагаар цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын заримыг нь нотлох баримтаар тооцохгүй байх" гэж заасныг ноцтой зөрчсөн.

З. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Шүүх хуралдааны тэмдэглэлийг шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 7 хоногийн дотор гаргаж, шүүх хуралдаан даргалагч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга гарын үсэг зурж, прокурор, оролцогчид танилцуулна.", 2 дахь хэсэгт "Шүүх хуралдаанд оролцогч, бусад оролцогч, прокурор шүүх хуралдааны тэмдэглэлийг танилцуулснаас хойш 5 хоногийн дотор засвар оруулах санал, хүсэлт гаргах эрхтэй" гэсэн заалтыг анхан шатны шүүх хэрэгжүүлээгүй, энэ нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн асуудал, гаргасан шийдвэрийн талаарх хурлын тэмдэглэлийг 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр прокуророос танилцахаар очих үед тэмдэглэл гараагүй гэх шалтгаанаар танилцуулаагүй нь дээрх хуулийн заалтыг зөрчиж, прокурор шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцаж санал хүсэлт гаргах эрхээр хангаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.8 дугаар зүйлийн 1 дэх заалтыг зөрчсөн.

4. Шүүгчийн захирамж нь хуулийн шаардлага хангаж чадаагүй бөгөөд хэрэгт авагдсан хохирогч, гэрч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэг, хэргийн нөхцөл байдлыг тогтооход чухал ач холбогдолтой, арилжааны банкуудын дансны хуулгууд, тодорхойлолт, холбогдох газруудын албан бичгийн лавлагаа хариунууд зэрэг нотлох баримтуудыг өөр хооронд нь харьцуулан судалж, тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзэн нотлох баримтыг үнэлж дүгнэн үзэлгүй, зөвхөн яллагдагчийн дан ганц хүсэлт, мэдүүлэгт хөтлөгдөн мөрдөн шалгах ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэн захирамжинд дурьдсан ажиллагаануудыг зайлшгүй хийж гүйцэтгэх шаардлагатай гэж байгаа нь хэргийн зүйлчлэлд хэрхэн нөлөөлөх эсэх, Энхцэцэг гэгчийг олж тогтоох талаар эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтуудыг шалгасан ажиллагаа ямар үндэслэлээр эргэлзээтэй байгаа болохыг хэргийн нөхцөл байдалд тулгуурлан хууль зүйн дүгнэлт өгөөгүй нь ойлгомжгүй байна. Хэдийгээр яллагдагч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй" гэж заасан байдаг. Хэрэгт авагдсан Ц.Сын 2016 оны 6 дугаар сарын 7-ны өдөр сэжигтнээр өгсөн мэдүүлэгт "...Миний бие өвдөөд эмнэлгээр явж байхдаа Энхцэцэгтэй анх 2013 оны 11 сард танилцаж байсан ба Энхцэцэг тухайн үедээ надад тусалж Хавдар судлалын эмнэлэгт хэвтүүлж өгч байсан юм...", 2016 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэгт "...Би нэг удаа жолооны үнэмлэхийг нь харж байсан, Хаянхярваа овогтой Энхцэцэг гэж байсан, Ховд аймгийнх юм уу дандаа Драгон явж машин тосно гээд л явдаг, регистрийн дугаарыг нь мэдэхгүй, ямар ч гэсэн 74 онд төрсөн юм байна лээ, гэрийн хаягийг нь мэдэхгүй..." гэсний дагуу шалгаж цуглуулсан Хавдар судлалын үндэсний төвийн клиникийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан, 40-50 насны, Энхцэцэг гэх нэртэй хүмүүсийн жагсаалт, албан бичиг, Нийслэлийн улсын бүртгэлийн газрын 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн "...Хаянхярваа овогтой Энхцэцэг нь... мэдээллийн санд ХН64062265 регистрийн дугаартай нэг иргэн байна..." гэх тодорхойлолт, гэрч Х.Энхцэцэгийн мэдүүлэг зэргээр Ц.С нь Энхцэцэг гэх хүнийг зохиомол байдлаар гаргаж байгаа болох нь тогтоогдож, түүний дээрх мэдүүлгийг үгүйсгэж байгааг шүүх анхаарч үзээгүй. Улмаар шүүх захирамжиндаа "...түүний өмгөөлөгчийн "Ц.С өөрөө Энхцэцэг гэдэг хүнд залилуулсан тул Энхцэцэгийн талаар шалгаж өгнө үү гэсэн хүсэлт гаргасныг хүлээн авч, мөрдөн шалгах зохих ажиллагаа хийх нь зүйтэй..." гэж үзсэн нь хэрэгт авагдсан Ц.С болон түүний өмгөөлөгч нараас удаа дараа гаргасан дээрхи хүсэлттэй утга ижил хүсэлтүүдийг мөрдөгч, прокуророос хангаж, холбогдох ажиллагаануудыг хийж гүйцэтгэн цугларсан нотлох баримтуудыг үнэлэхгүй байгаа нь ойлгомжгүй бөгөөд шүүгчийн захирамжинд дүгнэлт хийхэд шүүгчээс бусад мөрдөгч,  прокурорын шийдвэр, үйл ажиллагаа  хууль бус, хуулийн шаардлагад нийцээгүй хуурамч нотолгоонууд гэж үзсэнтэй агуулга нэгтэй байна. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэгдээгүй боловч шүүгчийн захирамжид тусгагдсан асуудлуудын тухайд хэрэгт дараах ажиллагаануудыг хийлгэхээр даалгасан боловч хэрэгт бэхжүүлж, цуглуулсан нотлох баримтуудаар буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан ажиллагаа явуулж нотлогдсон байхад шүүх хэрэгт авагдсан дараах нөхцөл байдлуудыг харьцуулан дүгнээгүй нь үндэслэлгүй байна.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана" гэж заасны дагуу яллагдагч Ц.Сын 2016 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр өгсөн "...Би Б.Үтай дотно харьцаатай байсан. Би Б.Үаас 2015 оны 3 дугаар сард жирэмсэн болоод 2015 оны 9 дүгээр сард миний хүүхдийн зүрхний цохилт нь сонсогдохгүй, амьгүй өсөлтгүй болсон, тээж болохгүй гээд үр хөндүүлсэн...", 2017 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр өгсөн "...Би 2015 оны 3 дугаар сард миний бие тавгүйтээд байхаар нь би Багануур дүүрэгт байдаг нэг хувийн эмнэлгийн Эхоны эмчид үзүүлэхэд миний элэг, дэлүү өөрчлөлтгүй, харин чи жирэмсэн болсон байна гэж надад хэлээд надад бичиж өгсөн..., "Мария" эмнэлэгт зөндөө эмчилгээ хийлгэсэн, тэр өвөл нь бас бие тавгүйтээд байхаар нь "Мария" эмнэлэгт дахиад үзүүлэхэд Гисдатай байна гэж хэлж байсан, тэр үед эмчилгээ нь 400 гаруй мянган төгрөг болно гэхээр нь надад мөнгө байхгүй байсан болохоор нь эмчилгээ хийлгэж чадаагүй явсан..." гэх, гэрч Д.Түрдэддагвын 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн "...2010 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс би Цэндээхүү овогтой Ц.Сын гэрт нь хамт амьдрах болсон, түүнээс хойш би найзтайгаа их дотно болсон. ... Би Б.Үыг мэднэ. ... Ц.С, Б.Ү нар дотно харьцаа холбоотой байсан байх, Ц.С надад Б.Үаас жирэмсэн болсон талаар хэлж байсан, гэхдээ хүүхэд нь зулбасан болов уу л гэж бодсон..." гэж мэдүүлсний дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж хэрэгт цугларсан баримтууд болох, хохирогч Б.Үын 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр өгсөн "...би анх Ц.Стай 2014 оны 1 дүгээр сард интернэтээр саажилттай хүүхдийн цэцэрлэг барих талаарх мэдээллийг хайж байгаад [email protected] хаягаар танилцаж байсан, түүнээс хойш Ц.С бид 2 интернэтээр харилцаж, миний хүүгийн өвчний талаар болон саажилттай хүүхдийн төрөлжсөн цэцэрлэг барих талаар би өөрийнхөө санаа бодлыг хоорондоо бичиж харилцдаг байсан. ... Ц.С нь надад цэцэрлэг барих талаар ярьж эхэлснээс хойш би Ц.Сд итгэдэг болсон. Мөн Ц.С нь манай дэлхийн банк нь иймэрхүү төслийг хэрэгжүүлдэг, саажилттай хүүхдийн цэцэрлэг барих төслийг бичиж болно. Би өөрөө бичээд өгье, чи надад төслийг бичих мөнгийг олж өг гэж хэлсэн. Өөр хүнээр төсөл бичүүлэхэд ялгаа байхгүй, мөнгө өгнө хэрэв өөр хүнээр бичүүлвэл хурлаар ороод тэнцэхгүй, би өөрөө дотор нь ажилладаг болохоор зүгээр гэж хэлдэг байсан. ... Ц.Сын хэлээд байгаа зүйлүүд нь бүгд худлаа. ... Ц.С нь надтай хамт хагас бүтэн сайнд уулздаг байсан нь худлаа, 2015 оны зун Ц.С нь надад итгэхгүй бол манай гэр энд байдаг гээд Улаанбаатар зочид буудлын ард 4 давхар хуучны байрны хамгийн урд талын орцны 4 дүгээр давхарт гараад урагшаа харсан хаалгатай, 2 өрөө орон сууцанд оруулсан, би тухайн үед гэрт нь ороод Ц.Сын ямар нэгэн зураг байхгүй байхаар нь Ц.Саас асуухад Ц.С нь надад манайх байраа томруулж байгаа гэж хэлж байсан. Ц.С надад хэлэхдээ буудалд орохгүй бол болохгүй гэж хэлээд өөрөө хоолоо бэлдээд ирдэг байсан. Би Ц.Стай Миами буудалд 2 удаа хамт орсон, Декор буудалд 1 удаа орсон, 10 дугаар хорооллын Хөх хот ресторанд нэг удаа орсон. Ингэж уулзахдаа Ц.С нь надад манай нөхөр хартай учраас хүмүүсээс далд хүний нүднээс хол уулзахгүй бол болохгүй гэж хэлдэг байсан, одоо санахад Ц.С нь буудалд байхдаа нэг удаа хоёулаа төслөө хэрэгжүүлж байгаа юм чинь хамт зургаа авахуулъя гэж хэлээд буудлын өрөөн дотор надтай хамт зургаа авахуулсан. ..." гэх мэдүүлэг болон гэрчээр мэдүүлэг өгсөн Түрдэддагва гэгчийг огт танихгүй талаараа мэдүүлсэн, гэрч Т.Будмаагийн "...Миний бие 2016 оны 11 дүгээр сарын сүүлчээр амбулаториор жирэмсэн эмэгтэйчүүдийн кабинетэд ажиллаж байгаа, намайг ажил авснаас хойш Ц.Ст гэх эмэгтэй жирэмсэн эмэгтэйчүүдийн хяналтанд ороогүй. ... Би өөрөө дүүрэгт эмэгтэйчүүдийн хувийн эмнэлэгтэй, 2016 оны 12 сарын эхээр өдрийг нь сайн санахгүй байна, одоо санахад зүс сайтар танихгүй эмэгтэй хувийн эмнэлэг дээр оройн цагаар орж ирээд надад 2015 онд жирэмсний хяналтанд байсан гэх бичиг шүүхэд хэрэгтэй болоод байна, та жирэмсний хяналтанд байсан гэж хэлээд өгөөч гэхээр нь тийм зүйл байж болохгүй, би худлаа хэлж хуурамч бичиг хийж өгч чадахгүй гэж хэлээд гаргасан. Би хувийн эмнэлэгтээ эмэгтэйчүүдийг зөвхөн эход харж, зөвөлгөө өгч эмчилгээ хийдэг, харин жирэмсэн эмэгтэйчүүдийг хяналтанд авдаггүй. ..." гэх мэдүүлгүүдээр Ц.С, Б.Ү нарын дотно харьцаатай байсан гэх асуудал үгүйсгэгддэг ба нотолбол зохих асуудлуудыг бүрэн шалгаж тогтоосоор байтал шүүх дан ганц яллагдагчийн мэдүүлэгт хөтлөгдөн хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг өөр хооронд нь харьцуулан дүгнэлгүйгээр мөрдөн шалгах ажиллагааг дахин явуулахаар хэргийг буцааж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт "Шүүхийн хэлэлцүүлэг...-ээр шинжлэн судалсан нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болно, 13 дахь хэсэгт "Шүүх, ... тухайн хэрэгт хамааралтай энэ хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлнэ" гэж заасныг тус тус зөрчиж байна.

6. Түүнчлэн хохирогч нь Ц.С, А.Сувд-Эрдэнэ нарын хэнд шилжүүлж байгаагаа мэдэх боломжтой байсан, шилжүүлж буй мөнгөний зориулалт нь саажилттай хүүхдийн цэцэрлэгийн төслийн урьдчилгаанд шилжүүлсэн эсэх нь тодорхойгүй тул гүйлгээг шалгах ажиллагааг хийлгэхээр захирамжийн нэг заалт болгосон нь үндэслэлгүй байна. Учир нь залилах гэмт хэргийн тухайд, гэмт этгээд нь хохирогчид өөрийн хууль бус үйлдлээ хэрэгжүүлэхэд зохиомол байдлыг зориудаар бий болгон худал хэлж, итгэл үнэмшил төрүүлж эд хөрөнгийг нь өөртөө шилжүүлж авах нь гол зорилго байдаг. Хэрэгт авагдсан хохирогч Б.Үын удаа дараа өгсөн мэдүүлгээр болон 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр өгсөн мэдүүлэгт "...Би Ц.Сд анх 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн мөнгө өгч эхэлсэн. ... Ц.Ст надаас авсан мөнгийг голдуу төслийн нэр барьж авч байсан, Ц.С надад "Түүскай" компанид байраа тавьсан, байраа чөлөөлнө гэж хэлж байгаагүй. Мөн би Ц.Сыг биеэ тордоорой, энэ тэр гэж хэлж мөнгө өгөөд байсан асуудалгүй юм. Ц.С надаас залилж авсан мөнгөнөөсөө 40.800.000 төгрөгийг нь Энхцэцэг гэдэг хүнд өгсөн гээд байдаг ч Энхцэцэг гэдэг хүнийг нь би харж байгаагүй, тийм хүнтэй намайг огт уулзуулж байгаагүй, надад ярьж ч байгаагүй. Ц.С миний мөнгийг залилж авчихаад эцэст нь зохиомлоор Энхцэцэг гэдэг хүний нэрийг гаргаж ирээд байгаа болно. ...”, хохирогч Б.Оийн "...Миний төрсөн ах Б.Ү нь саажилттай хүүхдийн төсөл авах гэж байгаа, тийм учраас мөнгө байршуулах шаардлагатай мөнгө шилжүүлмээр байна гэж хэлээд анх 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдөр над руу яриад Намуунгэрэл гэх хүний 5750583570 тоот данс руу 1.000.000 төгрөгийг миний нэрийг бичээд шилжүүлчих гэхээр нь би өөрийнхөө хадгаламж барьцаалсан зээл аваад 1.000.000 төгрөгийг уг тоот данс руу анх шилжүүлж байсан...", гэрч Б.Төгсмаагийн "...над руу дугаараа нууцалж дэлхийн банкнаас ярьж байна, танай төсөл эхний шалгаруулалтандаа тэнцсэн гэж нэрээ хэлээгүй, дугаараа нууцалсан эмэгтэй хүн залгаж ярьсан. Таны мэдээлэл хэрэгтэй, регистрийн дугаар болон дансны дугаар хэрэгтэй. Та Худалдаа хөгжлийн банкинд данстай байх хэрэгтэй гэсэн. Тэгэхээр нь би Худалдаа хөгжлийн банкинд данс нээлгэсэн. Хэсэг хугацааны дараа төслийн мөнгө чинь орох гэсэн чинь таны регистрийн дугаарын нэг тоо зөрчихлөө, тэгээд мөнгө орсонгүй. Дахиад засагдаад орно гэсэн. Тэгээд мөнгө ороогүй. Би өөрийн төрсөн ах Б.Үтай Улаанбаатар хотод жижиг дунд үйлдвэрлэл явуулах хүмүүст зориулагдсан сургалтанд суусан..." гэсэн мэдүүлгүүд болон Б.Төгсмаа, Б.Ү нар нь 2014 оны 9 дүгээр сарын 9-нөөс 12-ны өдрүүдэд "Ирмүүн төгс" ХХК-ийн Сургалтын төвд "Аж ахуй эрхлэлт" хоршооны сургалтанд сууж авсан "Аж ахуй эрхлэх" 0012155, 0012156 дугаартай гэрчилгээнүүд, Б.Оийн Хаан банкны 5034683333, 5003654262 тоот, Б.Үын Хаан банкны 5020312590 тоот, Ц.Сын Хаан банкинд эзэмшдэг дансны талаарх лавлагаа, тодорхойлолтууд зэрэг баримтуудаар бүрэн тогтоогдсоор байтал шүүх дээрх нотлох баримтуудыг ямар учраас үгүйсгэж байгаа талаараа тодорхой дурьдалгүй хэргийг буцааж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт "Шүүх, ... тухайн хэрэгт хамааралтай энэ хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлнэ" гэж заасныг зөрчиж байна.

7. Шүүгчийн захирамжинд дурьдагдсан Чингэлтэй дүүргийн шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Н.Доржмаа нь Б.Үыг залилсан гэмт хэрэгт ял шийтгэгдсэн асуудал нь Ц.С Б.Оийг хуурч 6.000.000 төгрөгийг өөртөө шилжүүлэн авч залилсан асуудалд хамааралтай болгож байгаа нь ойлгомжгүй байна. Хэрэгт авагдсан хохирогч Б.Оийн мэдүүлэгт "Би Ц.Стай нэг ч удаа уулзаж байгаагүй. 2015 оны сүүлээс эхлээд би Ц.Стай гар утсаар холбогдож ярьдаг болсон. Франц улс руу ах Б.Үыг бага зардлаар явуулна гэж хэлээд надаас 6.000.000 төгрөгийг авсан. Саажилттай хүүхдийн төслийг авахад сургалтанд суугаад гэрчилгээ авах ёстой гэхээр нь үнэн байна гэж итгэсэн. Дараа нь ах Б.Ү эгч Төгсмаа нар нь сургалтанд суугаад гэрчилгээ авсан болохоор нь мөн итгэсэн, дараа нь бас нэг албаны дугаараас манай эгч Төгсмаа руу нэг эмэгтэй хүн залгаад дэлхийн банкны ажилтан байна, таны төслийн мөнгө таны данс руу орох гэтэл таны регистрийн дугаарын нэг орон нь зөрөөд байна, таны регистрийн дугаарыг бататгаж асууж байна гэж ярьсан байсан зэргийг бодоод би Ц.Сд итгэсэн. … Мөн 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Ц.С нь ах Б.Үын хүүхдийг Франц улсад эмчлүүлэх зорилгоор 6.000.000 төгрөгийг Отгонгүнжийн 5749379057 тоот данс руу 18 цагаас өмнө яаралтай хийх юм бол амжихаар байна гэхээр нь би уг тоот данс руу 2 хүнээс мөнгө зээлээд Ц.Сын хэлснээр 18 цагаас өмнө амжаад 6.000.000 төгрөгийг шилжүүлсэн..." гэх мэдүүлэг, гэрч Н.Отгонгүнжийн "...2015 оны 9 дүгээр сард Багануур хотод очиж Ц.Саас уг   машиныг   нь  хурааж  авчирсан.   Тэгээд   Ц.С   нь маргааш нь надтай яриад хэдэн төгрөг өгөөд машинаа авч болох уу гэж асууж байсан. Түүнээс хойш манайхаас Ц.Сд 2016 оны 1 дүгээр cap хүртэл уг машиныг нь өгөөгүй. Үлдэгдэл 3 орчим сая төгрөг төлөх дутуу байсан. Тэгээд Ц.С нь 2016 оны 1 дүгээр сард над руу яриад эгчийнх нь мөнгө болчихлоо, эгч нь хөдөө байна, чи хувийн дансаа надад өгөөч, би чиний данс руу 6.000.000 төгрөгийг шилжүүлэх гэж байна, тэр мөнгийг байгууллагадаа өгөх мөнгийг нь бүгдийг нь өгөөд үлдэгдэл мөнгийг нь миний данс руу буцаагаад шилжүүлээд өгөөч гэж хэлсэн, тэгэхээр нь би Ц.Сд өөрийн Хаан банкны 5749379057 тоот дансыг Ц.Сд өгсөн..." гэсэн мэдүүлэг болон "Метромоторс" ХХК-ийг төлөөлж Ц.Гантөмөр нь Ц.Стай 2015 оны 6 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан ММ00064 дугаартай "Зээлийн гэрээ" зэрэг нотлох баримтыг мөн шүүх үнэлж дүгнэлгүй Н.Отгонгүнжийн данс руу Б.О 6.000.000 төгрөгийг шилжүүлснийг шалгуулахаар захирамжийн бас нэгэн заалтаа болгосон нь үндэслэлгүй байна.

8. Хэргийн үйл явдал, баримтын талаар хохирогч, гэрч, иргэний нэхэмжлэгч нараас эрс зөрүүтэй мэдүүлсэн мэдүүлэг хэрэгт байхгүй, иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Ч.Жазира, Л.Отгонбаатар, Б.Хосбаяр, С.Энхболд, Б.Алтанзул, Н.Билгүүн, Ж.Нацаг, Б.Оюумаа, Ц.Отгондорж нар нь Б.Үаас "...төслийн ажил хийх гэж байна, энэ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд цэцэрлэг барих төсөл юмаа, түүний санхүүжилтэнд урьдчилгаа мөнгө хэрэг болоод байна, дэлхийн банкнаас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төсөлд хамрагдах гэсэн юм урьдчилгаа мөнгө хэрэгтэй байна...", Б.Оээс "...саажилттай хүүхдийн цэцэрлэгийн төсөл авч байгаа, тэгээд урьдчилгаа мөнгийг дансанд байршуулах шаардлагатай, ахтайгаа хамт нэг саажилттай хүүхдийн асрамжийн газрыг ажиллуулах гэж байгаа..." гэж хэлж гуйсны үндсэн дээр тус тус мөнгө зээлж шилжүүлсэн байдаг бөгөөд зээлдүүлсэн мөнгөө Б.Ү, Б.О нараас авна, өөр хүнд залилуулж мөнгөө алдсан гэж хэлж байсан Ц.С гэх хүнд мөнгөө өгөөгүй учир өгсөн хүнээсээ мөнгөө нэхэмжилнэ гэж мэдүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "...сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, эсхүл түүний учруулсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй..." гэж заасан эрхээ эдэлсэн, зайлшгүй Ц.Сд холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эсэхийг нь шалгаагүй гэж хуулийн агуулгыг буруу тайлбарлаж хэргийг буцаасан нь үндэслэлгүй юм.

9. Түүнчлэн иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Ч.Жазира, Л.Отгонбаатар, Б.Хосбаяр, С.Энхболд, Б.Алтанзул, Н.Билгүүн, Ж.Нацаг, Б.Оюумаа, Ц.Отгондорж нарын мэдүүлгүүд, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 12/1158 дугаартай албан бичиг, "The World bank" /Дэлхийн банкны 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 082/17 дугаартай, 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 202/17 дугаартай албан бичгүүд зэрэг нотлох баримтууд нь хохирогч Б.Ү нь Ц.Саас Дэлхийн банкнаас "хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан" төсөл бичээд цэцэрлэг барьж болдог юм байна, улсаас тусалдаг юм байна, би танд бичээд өгье, төслийн нийт өртөг нь 65.000.000 төгрөг болно" гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар түүнийг хууран мэхэлж, итгэлийг нь эвдсэн болохыг нотолж байгаа нотолгоонууд бөгөөд энэ талаарх үйлдлийг нарийн шалгаагүй гэж үзсэн шүүгчийн захирамжийн дээрх заалтыг үгүйсгэж байна.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн  болон  эд хөрөнгийн  бус хохирол  хүлээсэн  хүн,  хуулийн  этгээдийг хохирогч гэнэ", 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад "Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах" эрхтэй гэж заасны дагуу Б.Үыг мөрдөн шалгах ажиллагааны явцад түүнийг хохирогчоор тогтоон гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг нэхэмжлэх талаар удаа дараа тодруулж асуусан байцаалтаар өгсөн мэдүүлэгтээ “2014 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 15.29 минутад Ц.Сд 60.000 төгрөг шилжүүлсэн тухайгаа гэмт хэргийн хохиролд тооцоогүй бөгөөд 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс эхэлж Ц.Сд мөнгө шилжүүлж эхэлснээр өөрийгөө бусдад залилуулж эд хөрөнгийн хохирол хүлээсэн” гэх мэдүүлгийг огт анхааралгүй хохирол нэхэмжлээгүй мөнгийг нэмүүлэхээр шүүх өөрийн санаачлагаар шийдвэрлэж байгаа нь хохирогчийн өөрт олгогдсон эрхээ хэрэгжүүлснийг үгүйсгэж байна гэж ойлгогдохоор байна. Улмаар уг 60.000 төгрөгийг хохирлын тооцоонд оруулснаар хэргийн зүйлчлэлд огт нөлөөлөхгүй бөгөөд иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлаар шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шийдвэрлэх бүрэн боломжтой, нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа биш юм.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.3 дахь хэсэгт зааснаар Ц.Сд холбогдох эрүүгийн 201626021102 дугаартай хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 994 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Прокурорын эсэргүүцэл бичсэн” гэв.

 

Хохирогч Б.Ү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. 60.000 төгрөгийг хохиролд тооцохгүй” гэв.

 

Хохирогч Б.Үын өмгөөлөгөч Д.Очирдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өнөөдрийн шүүх хуралдаанд прокурорын эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Хэрэгт холбогдсон Ц.С гэдэг хүн Б.Үтай холбоо тогтоож зохиомол байдлыг бий болгож, 72 сая төгрөгийг залилсан. Залилахдаа зохиомол байдлыг бие болгож, дэлхийн банкинд төсөл хариуцсан мэргэжилтэн, дэлхийн банкинд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн талаар төсөл хэрэгждэг гэх мэт зүйлсийг зориудаар бие болгож залилангийн үйлдлийг хийсэн байдаг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Энхцэцэг гэдэг хүний талаар, мөн өөрийгөө жирэмсэн болсон гэх мэтээр зохиомол зүйл ярьж, үүнийгээ мөрдөгч, прокурорт танилцуулж, тайлбар мэдүүлэгтээ тусгаж, хэргийг удаашруулахаар тайлбар, мэдүүлэгч өгч байсан гэдэг нь нотлогддог. Тайлбар, мэдүүлэг, хүсэлтүүдийг мөрдөн шалгах ажиллагааны явцад бүх хүсэлтүүдийг нь хангаж, хэргийг мөрдөн байцаалтад буцааж, мөрдөн байцаагчаар тодорхой ажиллагаануудыг хийлгэсэн баримт хэрэгт авагдсан байдаг. Прокурорын тайлбарт, нотлох баримт шалгах ажиллагаа явагдсан. Нотлох баримтыг бэхжүүлэх ажиллагааг шүүх хуралдааны явцад хийж болно гэж тайлбарлаж байна. Хуульд шүүх хуралдаанаар тухайн нотлох баримтыг бэхжүүлэх ажиллагааг хийж давхар шүүх хуралдааны тэмдэглэлээр бэхжүүлэх ажиллагааг заасан байгаа учир заавал мөрдөн байцаах ажиллагаанд буцааж нотлох баримтыг бэхжүүлж хэргийг дахин шалгах ажиллагаа хийх шаардлага байхгүй, прокурорын үндэслэлийг дэмжиж байна. Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа байгаа бол хэргийг мөрдөн байцаалтад буцаах үндэслэлийг заасан байгаа. Хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлж, бэхжүүлэх ажиллагааг шүүх хуралдааны явцад нөхөн гүйцэтгэх боломжтой гэж үзэж байна. Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх шийдвэр гаргаж өгнө үү. Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. ...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Наранбулагаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгчийн захирамжийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Прокуророос урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх тухай хүсэлтэд багтаагүй зүйлээр шүүх захирамж гаргасан байна гэдэг үндэслэлүүдийг тайлбарлаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасны дагуу шүүх захирамжийг гаргасан гэж үзэж байгаа. Шүүгч захирамжаа гаргасны дараа үндэслэлээ танилцуулсан. Мөрдөн байцаалтын ажиллагаа хангалттай гүйцэд явагдсан, захирамжид дурдагдсан асуудлыг шалгах шаардлагагүй гэдэг зүйлийг прокурорын зүгээс ярьж байна. 60.000 төгрөгийг хохиролд тооцоогүй гэдэг зүйлийг ярьж байна. 60.000 төгрөгөнд учир нь байгаа биш юм. Улсын яллагч Ц.Сын 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн яллагдагчаар өгсөн мэдүүлгийг яллах дүгнэлтэндээ оруулсан байдаг. Түүнд Б.Ү нь Ц.Сд мөнгө өгөхдөө 2014 оны 3 дугаар сарын 14-ний үед танилцсан гэдэг зүйл ярьдаг. Танилцахдаа Ц.С нь өөрийгөө Сувд-Эрдэнэ гэж хэлж байгаагүй, миний цахим шуудангийн хаяг Сувд гэдэг нэртэй, өөрийн нэрээ Ц.С гэдгийг хэлсэн. Тэгэхэд надаас Ц.С гэдэг нэртэй байж, яагаад Сувд гэдэг хаягтай юм бэ гэдэг зүйлийг Б.Ү асууж байсан гэдэг зүйлийг Ц.С ярьдаг. Тэр үед өөрийгөө Ц.С гэж нэрээ хэлж байсан нь 5750311277 дугаартай Ц.Сын эзэмшлийн данс руу 60.000 төгрөгийн гүйлгээ хийж байсан баримт юм. Б.Ү мэдүүлэг өгөхдөө 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдөр залилсан гэж ярьдаг. Өмгөөлөгч миний зүгээс мөнгө төлөх тухай баримтыг нотлох баримтаас хасуулах тухай хүсэлт гаргасан. Тухайн баримтыг 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Б.Ү нь Ц.Сын ажил дээр авч ирсэн байдаг. Ц.С тухайн баримтыг тайлбарлахдаа “хувийн харьцаатай байсан, групп секс гэдгээр бид хоёр танилцаж байсан, би жирэмсэн болсон. Хувийн таарамжгүй харьцаанаас болоод цагдаагийн байгууллагад өгнө гэж гарын үсэг зуруулсан” гэх зүйлийг хэлдэг. Тухайн бичиг дээр Ц.Саас 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Б.Үтай, Сувд-Эрдэнэ гэдэг нэрээр танилцаж төсөл бүтээж өгнө гэж хууран мэхэлж, 2014 оны 3 дугаар сараас 2016 оны 1 дүгээр сар хүртэл өөрийн дүү Намуунгэрэлийн дансаар мөнгө шилжүүлэн авч байсан 6 сарын хугацаанд төлж барагдуулна гэж бичсэн байдаг. Анх яагаад 60.000 төгрөгийг Ц.Сын данс руу шилжүүлснийг тогтоосон нь хэрэгт чухал ач холбогдолтой гэж үзэж байна. 60.000 төгрөгийг яагаад хохиролдоо тооцохгүй байна вэ, анх Ц.С гэдэг нэрийг мэдэж байсан эсэх нь эргэлзээтэй байна. Нэрээ нууцалж байсан бол хохирогчийн найз Түрддагва гэдэг хүнийг танина гэж хэлэхгүй. Тухайн мөнгийг дандаа өөрийн дансаар авч байсан, залилах байсан бол өөрийн дансаар авах шаардлагагүй байсан. Өөрөө залилуулсан Б.Ү мөнгө шилжүүлэхдээ дандаа давхар шалгаж байсан нь Ц.Сын Энхцэцэгт итгэх итгэлийг улам нэмэгдүүлсэн. Дундаас нь мөнгө авсан нь үнэн, түүн дээр хуулийн хариуцлагаа хүлээхэд бэлэн байна гэдэг зүйлийг ярьдаг. Энхцэцэг гэдэг хүнд өгсөн мөнгийг өгч чадахгүй, энэ хүнийг олно уу гэдэг зүйлийг ярьдаг. Энхцэцэг гэдэг хүнийг дэлхийн банкинд ажилладаг талаар шалгасан албан тоот ирсэн гэж ярьдаг. Дэлхийн банкинд үндсэн ажилтан болон гэрээт ажилтан гэж байдаг. Монгол Улсад 100 гаруй гэрээт ажилчин байдаг. Үндсэн ажилтан дунд Энхцэцэг гэдэг хүн байхгүй талаар хариу өгсөн байна. Гэрээт ажилчид дунд нь байх магадлалтай гэж үзэж байна. Турк улсаас Энхцэцэг залгаж ярьсан байдаг, тухайн залгасан дугаараар мөрдөн байцаагчид өгөөд яриулахад Энхцэцэгтэй жоохон байж байгаад яриулъя гэснийг мөрдөн байцаагч өөрөө тэмдэглэл дээрээ тэмдэглэж авсан. Энд бүгдийг шалгаж өгнө үү, би завшсан үйлдэл дээрээ хариуцлага хүлээнэ гэж Ц.С хэлж байгаа. Захирамжид заасан үндэслэлүүд зөв, банкны хуулгаар шилжүүлсэн эсэх нь гарч ирж байгаа. Ямар зориулалттай шилжүүлсэн нь баримтаар гарч ирнэ. Тухайн баримтыг нь авахуулах талаар шүүгчийн захирамжинд дурдсан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Мөрдөн байцаалтаар зөв тогтоож байж Ц.Сын зүйлчлэлийн асуудал яригдана. Удаа дараа прокурорт хүсэлтээ гаргаж байсан. Прокуророос хүсэлтийг хүлээж авах боломжгүй гэж хүсэлтийн хариуг танилцуулж, гомдол гаргах хугацаагаар хангалгүй шүүх рүү шилжүүлсэн байсан учраас урьдчилсан хэлэлцүүлгийг хийлгэх хүсэлтэндээ гомдол гаргах хугацааны талаар дурдсан. Шүүгчийн хэргийг мөрдөн байцаалтад буцаасан захирамж үндэслэлтэй гэж үзэж байгаа учир шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Эрдэнэцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Мөрдөн байцаалтад буцаасан захирамж үндэслэлтэй. Шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэдэг байр суурьтай өнөөдрийн шүүх хуралдаанд оролцож байна. Энхцэцэг гэдэг хүн байдаг нь хэрэгт тодорхой харагддаг. Яагаад гэвэл гадаад улсын дугаараас Ц.Сын утас руу залгаад, Энхээ байна гээд буцааж яръя гээд тасалчихсан гэж Ц.С нь өөрийн утасны жагсаалтыг мөрдөн байцаагчид үзүүлсэн байдаг. Залгасан дугаар нь аль улсын дугаар болохыг асуухад Турк улсын утасны дугаар гэдэг нь тогтоогдсон. Буцаж холбоо барих талаар судлахад урд нь “#” гэсэн тусгай тэмдэгт хийгээд залгахад шууд холбогддог гэсэн учир мөрдөн байцаагч миний 99068682 гэдэг дугаараас Энхцэцэгийн ярьсан гэх дугаар луу залгахад тухайн утас аваад эрэгтэй хүн аваад Энхцэцэг гараад явчихсан байна гэж хэлсэн. Хэрэгт нотлох баримтаар оруулж ирсэн Эрдэнэцэцэг өмгөөлөгчийн утаснаас гадагшаа ямар нэгэн дуудлага гараагүй гэдэг бичиг ирсэн байсан. Миний утаснаас Турк улсын дугаар луу залгасан, түүнийг тодруулах үүднээс хэлж байна. Хохирогч Б.Үын өгсөн мэдүүлгийг 60.000 төгрөг шилжүүлсэн баримт үгүйсгэж байгаа. Дэлхийн банкны суурин төлөөлөгч Багануурт байдаг. Багануурт амьдардаг гэдгээ Ц.С нууж байгаагүй. Багануурт байдаг гэхэд нь хүрээд ир гэж 60.000 төгрөгийг зардлын мөнгөнд шилжүүлсэн гэж Ц.С тайлбарладаг. Ц.Сыг Багануурт байдаг гэдгийг 2015 онд мэдсэн гэдэг нь худлаа, анхнаасаа мэдэж байсан. Гэрч Түрдэддагва нь хохирогч Б.Үын талаар мэдүүлсэн байдаг. Б.Ү нь тэр мэдүүлгийг үгүйсгэдэг, энэ хоёр хүнийг нүүрэлдүүлж байцаах ажиллагаа энэ хэрэгт хийгдээгүй байгаа. Б.Ү нь Түрдэддагва гэдэг Ц.Сын найзыг өөрийнхөө найзтай танилцуулж, зочид буудалд орж байсан талаар мэдүүлдэг. Тийм учир үүнийг шалгах шаардлагатай гэж үзэж байна. Өмгөөлөгчийн зүгээс гаргасан хүсэлт дээр хариу өгөөгүй. Хариу өгөөгүй нь оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзэж байгаа. Анхан шатны прокурорт хүсэлт гаргаад хангагдахгүй бол цааш шат шатны прокурорт гомдол гаргах эрх байдаг. Хүсэлтийн хариу бичиж, хэрэгт хавсаргачихаад гардуулж өгөөгүй. Бид гардаж авч байж, түүнд гомдол гаргах ёстой. Шүүгчийн захирамж үндэслэлтэй, шүүгч захирамжаа танилцуулж байсан. Шүүгчийн захирамжид дурдсан асуудлыг нэг бүрчлэн тайлбарласан.  Хэргийг мөрдөн байцаалтад буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх, прокурор Н.Мөнхцэцэгийн бичсэн 2017 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 15 дугаартай эсэргүүцлээр Ц.Сд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Ц.Сд холбогдох хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж нь хууль зүйн үндэслэлгүй буюу уг захирамжид заасан үндэслэлүүдээр мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй байна.  

 

Харин анхан шатны шүүх урьдчилсан хэлэлцүүлгээр дараах асуудлуудыг хянан хэлэлцэж шийдвэрлэх нь зүйтэй байна. Үүнд:

 

Хавтаст хэрэгт хэд хэдэн банкны дансны дэлгэрэнгүй хуулгууд нотлох баримтаар авагджээ. Эдгээр дансны хуулгуудад хуульд заасан үндэслэл, журмын дагуу үзлэг хийж, бэхжүүлэхийн зэрэгцээ аль гүйлгээг нь хохирогч Б.Үаас Ц.Сд шилжүүлсэн мөнгө гэж үзэж байгаа талаар дүгнэлт хийх.

 

Прокурор яллах дүгнэлтдээ “... 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс 2016 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн хооронд нийт 72.463.473 төгрөгийг өөртөө шилжүүлэн авч залилсан, ...” гэсэн байх бөгөөд Ц.Сын Б.Үаас мөнгө шилжүүлэн авсан үйлдэл тус бүрийг ялгаж бичилгүйгээр гэмт хэрэг гарсан байдлыг хэт ерөнхийлөн бичсэнийг хэргийг үйл баримтыг тодорхой тогтоогоогүй, мөн энэ байдлаар бичигдсэн яллах дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т “Яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, учруулсан хохирол, зайлшгүй шаардлагатай нотлох баримт-ыг тусгана” гэж заасантай нийцэж байгаа эсэхийг анхаарах. 

Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл, тухайн гэмт хэрэгт холбогдсон этгээдийн гэм буруугийн асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэхдээ, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, учруулсан хохирол, гэмт хэргийн товч агуулгыг тусгаж, уг байдал нь хэргийг үйл баримтыг тогтоосон байдал болохоор байна.

 

Энэ зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, учруулсан хохирол, гэмт хэргийн товч агуулгыг тухайн гэмт хэрэгт холбогдсон этгээдийн үйлдэл бүр дээр авч үзэхээр байна.

 

Харин Ц.Сд холбогдох хэргийн яллах дүгнэлтэд “... 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс 2016 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн хооронд нийт 72.463.473 төгрөгийг залилсан” гэж бичсэнээс үзэхэд тэрээр хаана, хэзээ, ямар хэмжээний хохирол учруулсан тодорхой биш байна.

 

Ц.С нь ямар ямар үйлдэлд буруутгагдаж байгаагаа мэдсэнээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 1-т заасан “Яллагдагч ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Сонсгосон ялын талаар бичгээр болон амаар тайлбар гаргах” эрхүүдээ эдлэх боломж бүрдэнэ.

 

Хавтас хэрэгт Ц.С, Х.Намуунгэрэл нарын өмчлөлийн Багануур дүүргийн 3 дугаар хороо, Наран хорооллын 44 дүгээр байрны 36 тоот байрны гэрчилгээ /2 дугаар хавтас, 123 дугаар хуудас/ авагдсан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор Ц.С, Х.Намуунгэрэл нарын өмчлөлийн Багануур дүүргийн 3 дугаар хороо, Наран хорооллын 44 дүгээр байрны 36 тоот байрыг битүүмжлэх эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх.

 

Анхан шатны шүүх, магадлалд заасан дээрх асуудлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.1-6.17-д заасан асуудлуудтай уялдуулан авч үзэж, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцүүлж, Ц.Сд холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй.

 

Прокурорын бичсэн эсэргүүцлийн захирамжийг хүчингүй болгох хэсгийг хүлээн авч, харин хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шийдвэрлүүлэх хэсгийг хэрэгсэхгүй болгов.