Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2018/00726

 

Т ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 136/ШШ2017/00410 дүгээр шийдвэр,

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 202/МА2018/0002 дугаар магадлалтай,

Т ХХК-ийн нэхэмжлэлтэй,

С.Т, Б.У нарт холбогдох,

6.733.869 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Сансарбаярын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Т ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч С.Т, Б.У нар нь Тны Иххэт тооцооны төвөөс 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 317 дугаартай зээлийн гэрээ байгуулан 6,400,000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 22,8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай сар бүр тэнцүү 246,406 төгрөг төлөх нөхцөлтэйгээр авсан. Зээлдэгч С.Т, Б.У нар нь 2013 оны 9 дүгээр сараас хойш зээлийн гэрээний заалтуудыг удаа дараа зөрчсөн тул тус банкны зээлийн үйл ажиллагааны журамд заасны дагуу зээл төлөх хугацаа /2013.12.02 өдөр/-г 90 хоногоос дээш хэтрүүлсэн зээлдэгчид хүүгийн тусдаа данс буюу балансын гадуурх дансанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хуримтлуулдаг. Энэ журмаар зээлдэгчид ашигтай байх үүднээс үндсэн зээлийн үлдэгдлээс эхлээд хасч 1,855,744 төгрөг үлдсэн. Хамтран зээлдэгч Б.У нь 2016 оны 02 дугаар сараас эхлэн сар бүр 200,000 төгрөг төлж байгаа бөгөөд нийт 717 хоног хугацаа хэтрээд байна.

Иймд зээлдэгч С.Т, хамтран зээлдэгч Б.У нараар нийт 6,733,870 төгрөгийг төлүүлэх шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.                                                 

Хариуцагч С.Т шүүхэд гаргасан тайлбартаа: Би Тны нэхэмжилсэн 6,733,869.82 төгрөгийг миний хувьд төлөх боломжгүй байна гэжээ.

Хариуцагч Б.У шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие ажилгүй, орлогогүй бөгөөд охин У.Отгонцэцэг нь өөрийн боломжоороо 2014 онд 1,000,000 төгрөг, мөн 2 сарын зээл төлөлтийг төлсөн. 2016 оноос эхлэн сар бүр 200,000 төгрөгийг хувь хүнээс хүүтэй мөнгө зээлж төлдөг. Тийм учраас Тны үндсэн зээл болох 1,855,744 төгрөгийг өөрсдийн боломжоороо сар бүр 100,000 төгрөг төлөх хүсэлтэй байна. Мөн хүү болох 4,387,747 төгрөгийг хөнгөлж өнгө үү гэжээ.

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 136/ШШ2017/00410 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, мөн хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2, 224 дүгээр зүйлийн 224.2.3-т заасныг баримтлан, хариуцагч С.Т, Б.У нараас үндсэн зээл 1,855,744 төгрөг, зээлийн хүү 301,979 төгрөг, хохирол 6,500 төгрөг, нийт 2,164,223 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 4,569,646 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 122,692 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Т, Б.У нараас 49,578төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т Дорноговь салбарт олгож шийдвэрлэжээ.

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 202/МА2018/0002 дугаар магадлалаар: Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 136/ШШ2017/00410 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтаас “... мөн хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2, 224 дүгээр зүйлийн 224.2.3-т ...” гэснийг хасч, заалтын “...301,979 ...” гэснийг “547145” гэж, “...2,164,223...” гэснийг “2518818” гэж тус тус өөрчилж, заалтад “нэмэгдүүлсэн хүүнд 109429 төгрөг” гэж нэмж, 2 дугаар заалтын “...49578...” гэснийг “55251” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Тны итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Сансарбаярын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 88064 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Сансарбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 136/ШШ2017/00410 тоот шийдвэр, Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 сарын 04 -ны өдрийн дугаар 202/МА2018/0002 тоот шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, тухайн төрлийн үүргийн харилцааг Иргэний хуулийн 451, 453 дугаар зүйл заалтуудад тодорхой заасан баихад Иргэний хуулийн 224 дүгээр зүйл буюу хохирлын үүргийн эрх зүйтэй холбож шийдвэрлэсэн нь буруу болсон. Иймд хэт нэг талыг барьж хариуцагчийн үгээр хэргийг хянан шийдвэрлэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн алдаанууд гаргасан Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн №136/ШШ2017/00410 тоот шийдвэрт өөрчлөлт оруулж, хуулийн заалтуудыг зөвтгөн шийдвэрлэсэн байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, 172.2.2-т шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-т зааснаар шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан болон давж заалдах шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Нэхэмжлэгч Тны Дорноговь салбар хариуцагч С.Т, Б.У нараас 6.733.869 төгрөг нэхэмжлэхдээ шаардлагаа зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү гэжээ. Хариуцагч нар нэхэмжлэлээс татгалзахдаа “...хорих ял эдэлж байгаа, ажил орлогогүй”  гэсэн тайлбар гаргаж маргажээ.

Зохигчийн хооронд 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан барьцаат зээлийн гэрээгээр хариуцагч нар нь Тны Иххэт тооцооны төвөөс 6.400.000 төгрөгийг 36 сарын хугацаагаар жилийн 22.8 хувийн хүүтэй зээлсэн, үндсэн зээлээс 1.855.744 төгрөг төлөгдөөгүй болох нь хэргийн баримтаар тогтоогдсон, энэ талаар маргаагүй байна.

Талууд банкнаас зээл олгох гэрээг бичгээр байгуулж, эрх бүхий этгээд гарын үсэг зурсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т заасан шаардлагад нийцсэн, гэрээ хүчин төгөлдөр байна. 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын хооронд үүссэн харилцааг зөв тодорхойлсон боловч Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2, 224  дүгээр зүйлийн  224.2.3-т заасан зохицуулалтыг тухайн маргаанд буруу тайлбарлан хэрэглэснээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Зээлдэгч нар гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүйд нэхэмжлэгч буюу үүрэг гүйцэтгүүлэгч буруутай гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Зээлийн гэрээний хугацаа 2016 оны 2 дугаар сарын 2-ний өдөр дууссан, хариуцагч зээлийг хугацаанд нь төлөөгүй тул нэхэмжлэгч хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжилжээ.

Давж заалдах шатны шүүх гэрээний хугацаа дууссан өдрөөс хойш хариуцагч нь 472 хоног хугацаа хэтрүүлсэн гэж үзэж, мөн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцож, нэхэмжлэлээс 2.518.818 төгрөгийн шаардлагыг хангаж, энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулсныг буруутгах боломжгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нь зээлийн тооцоололтой холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй, хэрэгт авагдсан балансын гадуурх дансны хуулга Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангаагүй талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй байна.

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 202/МА2018/0002 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Сансарбаярын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр төлсөн 82.391 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ