Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 141/ШШ2017/00001

 

 

2016 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 141/ШШ2017/00001

Завхан аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь cум дундын шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж, шүүгч Б.Уртнасан, Б.Өлзийхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Их-Уул сумын Эрүүл мэндийн төвийн нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Их-Уул сумын Баян-Ухаа баг, Гэрэлт хороолол 3-2 тоотод оршин суудаг Х морь овогт С.Д /РД:ИЗ86011610/-д холбогдох Завхан аймгийн Их-Уул сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмчийн 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 09, 10, 11, 12, 13 дугаартай тушаалуудыг хүчингүй болгох, хохирол 5106454 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг нээлттэйгээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Булгантамир, иргэдийн төлөөлөгч Б.О, нэхэмжлэгч Б.А, хариуцагч С.Д, хариуцагчийн өмгөөлөгч М.Гомборагчаа, прокурор Б.Ганзориг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Завхан аймгийн Их-Уул сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмч Б.А шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр эрхлэгч эмчээр томилогдсон. С.Д нь ажлаа өгөхдөө 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн шүүхийн шийдвэрийг чи өөрөө зохицуулаарай гэж байсан. Өмнө нь ажиллаж байх хугацаандаа жирэмсэний амралт авсан хүний оронд хүн ажилд авахдаа болон түр гэрээт жолооч ажилд авахдаа бүр томилсугай гэж тушаал гаргасан байсан. Эрүүл мэндийн төвийн жолоочийн тухайд гэрээгээр ажиллаж байсан ажилтан тул гэрээ нь дуусахаар ажлаас халсан. С.Д-н гаргасан 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 9, 10, 11, 12, 13 тоот тушаалууд хууль зүйн үндэслэлгүй тул хүчингүй болгуулж, үндэслэлгүй тушаалуудаас болж Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 24-ний 141 тоот, 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 144 тоот шүүхийн шийдвэрүүд гарч байгууллагад 3338382 төгрөгийн хохирол учирсан. Мөн С.Д нь Г.Б-г ажлаас чөлөөлсөн боловч шүүхийн шийдвэрээр Г.Б ажилдаа томилогдож, Эрүүл мэндийн төв Г.Б-д 1768072 төгрөг өгсөн байгаа. Иймд миний бие нэхэмжлэлийн шаардлагаа 1768072 төгрөгөөр нэмэгдүүлж С.Д-с хохирол 5106454 төгрөг нэхэмжилж байна гэв.

Хариуцагч С.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Завхан аймгийн Их-Уул сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмчээр ажиллаж байхдаа Г.Б гэдэг хүнийг ажлаас нь чөлөөлөөд түүний дараа ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр гарсан. Захиргааны ерөнхий хууль 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Иймд би энэ төлбөрийг төлөх ёсгүй. Мөн би эрхлэгч эмчийн албан тушаалд ажиллаж байхдаа энэ тушаалыг гаргасан. Иймд энэ төлбөрийг төр хариуцаж гаргах ёстой. Одоо бол би иргэн хүний хувьд энэ 1768072 төгрөгийг төлөх боломжгүй. Энэ нэхэмжилж байгаа хохирол нь ажилтныг ажлаас буруу халснаас үүдсэн хохирол байна. Иймд энэ хохирол надтай хамаагүй, ажлаас халсан эрхлэгч эмчтэй холбоотой асуудал байна. С.А ажлаас халагдах өргөдөл өгөөгүй байхад нь өөрийн хүсэлтээр ажлаас халсан гэсэн тушаал гаргасан байсан. Д.М-н тухайд Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйл буюу 0-3 насны хүүхэдтэй хүнийг ажлаас халсан гэж шүүхийн шийдвэр гарсан байсан. Эдгээр тушаалуудыг эрхлэгч эмч Б.А гаргасан тул өөрөө хариуцах ёстой гэж үзэж байна. Б-н талаар гэвэл шүүхэд ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан боловч хэрэгсэхгүй болгосон байсан. С.А-н хувьд нэмж тайлбар өгөхөд сумын Иргэдийн төлөөлөгчийн хурал, Засаг даргын Тамгын газартай хэлэлцэж байж үндсэн ажилтнаар томилсон. 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 09, 10, 11, 12, 13 дугаартай тушаалуудын хувьд би Завхан аймгийн Их-Уул сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмчээр ажиллаж байхдаа өөрийн эрх хэмжээний хүрээнд гаргасан тул хүчингүй болгох үндэслэл байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэв.

Прокурор Б.Ганзориг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Өнөөдрийн шүүх хуралдаанд Прокурорын байгууллагын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон Завхан аймгийн Их-Уул сумын Эрүүл мэндийн төвийн хүсэлтээр, төрийн эрх ашиг хөндөгдсөн гэж үзэж шүүх хуралдаанд оролцож байна. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд Д.М, С.А нарын ажилгүй байсан хугацааны цалин болох 3338382 төгрөгийг Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмч Б.А-с, харин Г.Б-н ажилгүй байсан хугацааны цалин болох 1768072 төгрөгийг С.Д-с гаргуулах үндэслэлтэй байна гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Завхан аймгийн Их-Уул сумын Эрүүл мэндийн төв нь С.Д-т холбогдуулан Завхан аймгийн Их-Уул сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмчийн 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 09, 10, 11, 12, 13 дугаартай тушаалуудыг хүчингүй болгох, хохирол 3338382 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүхийн хэлэлцүүлэгт Завхан аймгийн Их-Уул сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмчийн 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 09, 10, 11, 12, 13 дугаартай тушаалуудыг хүчингүй болгох, хохирол 5106454 төгрөг гаргуулахаар буюу нэхэмжлэлийн шаардлагаа 1768072 төгрөгөөр нэмэгдүүлжээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч С.Д нь Завхан аймгийн Их-Уул сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмчээр ажиллаж байгаад Завхан аймгийн Их-Уул сумын Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Б/04 дугаартай захирамжаар ажлаас чөлөөлөгдсөн, Б.А нь Завхан аймгийн Их-Уул сумын Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Б/05 дугаартай захирамжаар Завхан аймгийн Их-Уул сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмчээр түр томилогдон ажиллаж байгаад 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/11 дугаартай захирамжаар Их-Уул сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмчээр томилогдсон байна.

Хариуцагч С.Д нь Завхан аймгийн Их-Уул сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмчээр ажиллаж байхдаа нийгмийн эрүүл мэндийн арга зүйч Г.Б-г, нэхэмжлэгч Завхан аймгийн Их-Уул сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмч Б.А нь биеийн тамир чийрэгжүүлэлтийн арга зүйч Д.М, жолооч С.А нарыг тус тус ажлаас чөлөөлсөн боловч Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 11 дугаартай шийдвэрээр Г.Б-г Завхан аймгийн Их-Уул сумын Эрүүл мэндийн төвийн нийгмийн эрүүл мэндийн арга зүйчийн ажилд эгүүлэн тогтоож, Завхан аймгийн Их-Уул сумын Эрүүл мэндийн төвөөс ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 1768072 төгрөг гаргуулж Г.Б-д олгохоор, 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 141 дугаартай шүүхийн шийдвэрээр Д.М-г Завхан аймгийн Их-Уул сумын Эрүүл мэндийн төвийн биеийн тамир чийрэгжүүлэлтийн арга зүйчийн ажилд эгүүлэн тогтоож, Завхан аймгийн Их-Уул сумын Эрүүл мэндийн төвөөс ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 1838382 төгрөг гаргуулж Д.М-д олгохоор, 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 144 дугаартай шийдвэрээр С.А-г Завхан аймгийн Их-Уул сумын Эрүүл мэндийн төвийн жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, Завхан аймгийн Их-Уул сумын Эрүүл мэндийн төвөөс ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 1500000 төгрөг гаргуулж С.А-д олгохоор шийдвэрлэсэн байна.

Завхан аймгийн Их-Уул сумын Эрүүл мэндийн төв нь Д.М, С.А, Г.Б нарт ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор нийт 5106454 төгрөг төлсөн болох нь зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон ба дээрх үйл баримтуудын талаар талууд маргахгүй байна.

Харин Завхан аймгийн Их-Уул сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмч Б.А нь хариуцагч С.Д-г Завхан аймгийн Их-Уул сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмчээр ажиллаж байхдаа 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 09, 10, 11, 12, 13 дугаартай тушаалуудыг хууль зүйн үндэслэлгүй гаргаснаас Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 141 дугаартай, 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 144 дугаартай шийдвэрүүд гарч манай байгууллагад 3338382 төгрөгийн хохирол учирсан, мөн Г.Б-г үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлснөөс 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 11 дугаартай шүүхийн шийдвэр гарч 1768072 төгрөгийн хохирол учирсан гэж, хариуцагч С.Д нь Б.А-н өөрийнх нь тушаалаар Д.М, С.А нар ажлаас халагдсан, Г.Б-г ажилд эгүүлэн томилсон шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй байсан бол Б.А-д давж заалдах гомдол гаргах боломж байсан. 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 09, 10, 11, 12, 13 дугаартай тушаалуудыг би Завхан аймгийн Их-Уул сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмчээр ажиллаж байхдаа өөрийн эрх хэмжээний хүрээнд гаргасан. Иймд эдгээр хохирлыг би хариуцахгүй гэж тус тус маргажээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, 498 дугаар зүйлийн 498.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж, 498 дугаар зүйлийн 498.5-д Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж тус тус заасан байх тул Завхан аймгийн Их-Уул сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмч Б.А нь өөрийн байгууллагад учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч Завхан аймгийн Их-Уул сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмч Б.А нь биеийн тамир чийрэгжүүлэлтийн арга зүйч Д.М, жолооч С.А нарыг ажлаас чөлөөлсөн боловч уг тушаалууд нь хууль зүйн үндэслэлгүй болох нь Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 141 дугаартай шүүхийн шийдвэрээр Д.М-г Завхан аймгийн Их-Уул сумын Эрүүл мэндийн төвийн биеийн тамир чийрэгжүүлэлтийн арга зүйчийн ажилд эгүүлэн тогтоож, Завхан аймгийн Их-Уул сумын Эрүүл мэндийн төвөөс ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 1838382 төгрөг гаргуулж Д.М-д олгохоор, 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 144 дугаартай шийдвэрээр С.А-г Завхан аймгийн Их-Уул сумын Эрүүл мэндийн төвийн жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, Завхан аймгийн Их-Уул сумын Эрүүл мэндийн төвөөс ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 1500000 төгрөг гаргуулж С.А-д олгохоор шийдвэрлэсэн шийдвэрүүдээр тогтоогдсон байна.

Түүнчлэн С.Д нь Завхан аймгийн Их-Уул сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмчээр ажиллаж байхдаа гаргасан 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 09 дугаартай Эрүүл мэндийн төвийн жолооч С.А-г 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн бүр томилсон, 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 10 дугаартай Эрүүл мэндийн төвийн их эмчээр Б.Ш-г 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн бүр томилсон, 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 11 дугаартай Эрүүл мэндийн төвийн их эмчээр Э.С-г 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн бүр томилсон, 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 12 дугаартай Эрүүл мэндийн дүн бүртгэгчээр Э.Ж-г 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн бүр томилсон, 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 13 дугаартай биеийн тамир чийрэгжүүлэлтийн арга зүйч Д.М-г 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн бэлтгэгчээр томилсон тушаалууд нь Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 141 дугаартай, 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 144 дугаартай шийдвэрүүд гарах үндэслэл болсон гэж үзэх боломжгүй юм.

Хариуцагч С.Д нь Завхан аймгийн Их-Уул сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмчээр ажиллаж байхдаа нийгмийн эрүүл мэндийн арга зүйч Г.Б-г ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй болох нь Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 11 дугаартай Г.Б-г Завхан аймгийн Их-Уул сумын Эрүүл мэндийн төвийн нийгмийн эрүүл мэндийн арга зүйчийн ажилд эгүүлэн тогтоож, Завхан аймгийн Их-Уул сумын Эрүүл мэндийн төвөөс ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 1768072 төгрөг гаргуулж Г.Б-д олгохоор шийдвэрлэсэн шийдвэрээр тогтоогдсон тул хариуцагч С.Д-с 1768072 төгрөг гаргуулж Завхан аймгийн Их-Уул сумын Эрүүл мэндийн төвд олгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн Завхан аймгийн Их-Уул сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмчийн 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 09, 10, 11, 12, 13 дугаартай тушаалуудыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмчээр ямар этгээд ажиллаж байгаагаас үл хамааран эрхлэгч эмч өөрөө дээрх тушаалуудыг өөрчлөх, хүчингүй болгох эрхтэй ба эдгээр тушаалуудыг хүчингүй болгосноор ямар нэгэн эрх зүйн үр дагавар үүсэхгүй тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар Завхан аймгийн Их-Уул сумын Эрүүл мэндийн төвийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх ба хариуцагч С.Д-с 1768072 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 43239 төгрөг гаргуулж төрийн санд оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч С.Даас 1768072 /нэг сая долоон зуун жаран найман мянга далан хоёр/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Завхан аймгийн Их-Уул сумын Эрүүл мэндийн төвд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хохирол 3338382 /гурван сая гурван зуун гучин найман мянга гурван зуун наян хоёр/ төгрөг гаргуулах болон Завхан аймгийн Их-Уул сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмчийн 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 09, 10, 11, 12, 13 дугаартай тушаалуудыг хүчингүй болгуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар үшйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч С.Д-с улсын тэмдэгтийн хураамж 43239 /дөчин гурван мянга хоёр зуун гучин ес/ төгрөг гаргуулж төрийн санд оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР

ШҮҮГЧИД Б.УРТНАСАН

Б.ӨЛЗИЙХИШИГ