Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2021/0527

 

 

 

 

2020 оны 03 сарын 31 өдөр                     221/МА2020/0222               Улаанбаатар хот

                                                                                                                               

Ц.О-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

   Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч О.Номуулин, Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг, нэхэмжлэгч Ц.О, хариуцагч Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Л.Ю нарыг оролцуулан, Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 26 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын дагуу Ц.О-ийн нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 26 дугаар шийдвэрийн

1 дэх заалтаар: Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.О-ийн Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргасан “Хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзаж байгаа эс үйлдэхүйг хууль бусад тооцож, уг нөхцөлөөр тэтгэвэр тогтоохыг Хөвсгөл аймаг дахь Нийгмийн даатгалын хэлтэст даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.О-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ц.О Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... Шүүх үндэслэх хэсэгтээ “... Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2-т заасан ... хуулийн болзлыг нэхэмжлэгч Ц.О хангаагүй байна гэж шүүх үзлээ ... Ц.О нь үрчилж авсан охин Э.Эн-ийг 6 нас болтол нь өсгөөгүй байна ... Э.Эн нь 2016 оноос төрүүлсэн эх Э.Э эцэг Л.Б нартай амьдарч байсан үйл баримт тогтоогдсон ... Гэтэл Ц.О Э.Э-ийг 2014 оноос 2016 онд өсгөсөн ... Харин хүүхдийг үрчилж буй үрчлэлтийн харилцаа нь үрчлэн авагчийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох зорилго агуулж болохгүй ...” гэж нэхэмжлэлийн шаардлагад дурдсан захиргааны актын үндэслэлээс хальж, талуудын маргаж буй үйл баримтыг дүгнэлгүй, хэргийн бодит байдлыг гуйвуулан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль бус байгаа тул хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

Тодруулбал,

Нэг. Би Э.Эн охиноо төрөөд 7 хоногтой байх үеэс нь авч гар дээрээ өсгөн торниулж сургуульд орох үед нь эцэг эхэд нь буцаан өгсөн билээ.

Би төрүүлсэн 3 хүүхэдтэй, ач охин Э.Эн-ийг 0 настай байхад нь өргөн авч 6 нас өнгөртөл асран хамгаалж өсгөсөн. Миний охин Э.Энх нь охиноо төрүүлэх үедээ бага залуу, гадаадад олон жилээр сурахаар явсан, охины эцэг болох Л.Б-тэй гэрлэлтээ батлуулаагүй байсан билээ. Иймд бид ярилцаад охиныхоо охиныг өргөж авья гэж шийдсэн. Хожим төрсөн эх нь буюу манай охин Э.Энх хүүхэд маань энэ намар сургуульд орно би хүүхдээ өөр дээрээ авч, хотод сургуульд оруулмаар байна гэхэд нь би зөвшөөрсөн, тэгээд Э.Энх нь “хүүхдээ буцаан авах үрчлэлтийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн хүсэлтээр иргэний хэргийн шүүх 2018 онд үрчлэлтийг хүчингүй болгосон.

Нэгэнт шүүхээр ийм шийдвэр гаргасан бол яахав гэж би сургуульд орохдоо төрсөн эх эцэг дээрээ байг гэж бодож хүүхдийг нь буцаан өгсөн, уг хүүхдийг би хэдхэн хоногтой байхад нь авч үлдэн асран бойжуулж, ганц ханиад ч хүргэхгүй асарч халамжилж өсгөөд 6 нас хүргэсэн хойноо эх эцэгт нь өгсөн нь үнэн байтал шүүх Ц.О нь 2014 оноос 2016 оны хооронд Э.Эн-ийг өсгөсөн гэж дүгнэсэн нь бодит байдалд нийцэхгүй, захиргааны шүүхийн шийдвэрлэх асуудлаас хальсан үндэслэлгүй юм.

Иймд Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тэтгэмж олгох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2-т “Төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол өсгөсөн эх 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, 50 нас хүрсэн бол өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй” гэж заасан болзол шаардлагыг би хангасан гэж үзэж байна.

Хоёр. Иргэний бүртгэл үнэн зөв бөгөөд хүүхдийг үрчилж авсан, буцаан өгсөн үйл баримтыг хууль ёсоор үнэлээгүй, шүүхээс дүгнэлт өгөөгүй тухай.

Нийгмийн даатгалын байгууллага нь хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоохоос татгалзаж, шүүх уг татгалзлыг хууль ёсны гэж үзэхдээ маргаан бүхий захиргааны актын үндэслэлд дүгнэлт хийлгүй орхисон нь хууль бус байна.

Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын байгууллагаас 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн гомдлын шаардлагын хурлын шийдвэрээр “Иргэний хэргийн шүүхээс үрчлэлтийн бүртгэлийг хүчингүй болгоод хүүхдийг эцэг эхэд нь буцаагаад өгсөн тул хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэрт гарах төрүүлсэн гурван хүүхэд дээр нэг хүүхэд үрчилж авсан гэсэн шаардлага хангагдахгүй, өөрөөр хэлбэл үрчлэлт хүчингүй болсон” гэсэн агуулгаар тэтгэвэр тогтоогоогүй байх ба мөн энэ агуулгаар шүүхэд маргасан байхад шүүгч хэргийн хүрээнээс хальж “... Э.Эн-ийг 4 настай байхад эцэг эх нь буцаан авсан гэж хариуцагч маргасан мэтээр, маргаагүй захиргааны актын татгалзсан агуулгад байхгүй үндэслэл гаргаж ирж дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх агуулгад нийцэхгүй байна.

Охин Эн нь 2012 оны 02 дугаар сарын 10-ны өдөр төрсөн бөгөөд үрчлэлтийг 2 настайд нь буюу 2014 оны 2 дугаар сарны 17-ны өдөр албан ёсоор болгон улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн, ингээд хүүхдээ 2018 онд үрчлэлтийг хүчингүй болгуулж хүүхдээ авсан болохоос 2014 онд хүүхдээ аваагүй үрчлэлтийн бүртгэл ч гэсэн хүчинтэй хэвээр байсан юм. Өөрөөр хэлбэл, үрчлэлтийг 2018 онд хүчингүй болгож төрсөн аав ээжид нь буцаан өгсөн гэр бүл, эцэг, эх хүүхдийн хоорондын харилцаа цуцалсан болохоос биш Э.Эн 0 наснаас 6 нас 4 сар 27 хоногтой болтлоо эмээ Ц.О-т үрчлэгдэн, өсөн хүмүүжсэн үйл баримтыг бүхэлд нь үгүйсгэсэн явдал биш юм. Улсын бүртгэлд 2018 онд өөрчлөлт орсон бөгөөд тэр болтол улсын бүртгэлд бүртгэгдсэн үрчлэлт, овог нэр, асран хамгаалж харгалзан дэмжиж байсан үйл баримт үнэн зөв гэж үзнэ.

Тэтгэвэр тэтгэмжийн хуульд зааснаар эх хүний үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлсэн хөдөлмөр, зүтгэлийг үнэлэн хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэрт гаргахыг хуульчилсан хуулийн зорилго шаардлагад бүрэн нийцэж байна.

Гэтэл Шүүх шийдвэр гаргахдаа дээрх цаг хугацаа, үрчлэгдсэн улсын бүртгэлийн бүртгэл, эх хүүхдийн хоорондох харилцаа, үйл баримтыг харгалзаж үзсэнгүй, түүнчлэн маргаан бүхий захиргааны актын үндэслэл болсон дөрөв дэх хүүхэд буцаан эцэг эхдээ очсон тул Нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4.2 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангахгүй гэж үзсэн актад хууль ёсны дүгнэлт хийгээгүй болно.

Тиймээс “3 хүүхэд төрүүлж өсгөсөн, дөрөв дэх хүүхдээ 3 нас хүрээгүй байхад нь үрчлэн авсан, түүнийг 6 нас хүртэл нь өсгөн хүмүүжүүлсэн гэсэн” энэхүү хуулийн нөхцөл шаардлага бүрэн хангагдаж байгаа тул хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэрт гаргаж шийдвэрлэж өгнө үү.

Мөн “Нэхэмжлэгч тэтгэвэрт хөнгөлөлттэй нөхцөлөөр гарах зорилгоор хүүхдийг үрчлэн авсан мэтээр шийдвэрлээд байгаа нь хүний ёсонд нийцэхгүй, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлсэн Ц.О намайг үндэслэлгүй буруутгасанд гомдолтой байна.

Иймд Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 26 дугаар шийдвэрийг хүчингүй болгож надад хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэрт гарах боломж олгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү ...” гэжээ.    

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч Ц.О-ийн давж заалдах гомдлын хүрээнд хянахад шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ц.О “... би гурван хүүхэд төрүүлсэн ... 2012 оны 02 дугаар сарын 10-ны өдөр төрсөн зээ охин Эн-ийг 2014 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 2 нас 7 хоногтой байхад нь үрчлэн авсан ... 2018 оны 7 сарыг дуустал өсгөсөн ...  зээ охин Э.Эн-ийг 6 нас хүрсний дараа төрүүлсэн эцэг, эхэд нь буцаан өгч үрчлэлтийг цуцлуулсан, ... төрүүлсэн болон З хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол өсгөсөн” нөхцөлийг хангасан буюу өөрийн зээ охин Эн-ийг 6 нас хүрсний дараа эцэг, эхэд нь буцаан өгсөн тул хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй ...” гэсэн үндэслэлээр “Хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзаж байгаа эс үйлдэхүйг хууль бусад тооцож, уг нөхцөлөөр тэтгэвэр тогтоохыг Хөвсгөл аймаг дахь Нийгмийн даатгалын хэлтэст даалгах” нэхэмжлэл гарган маргасныг шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Хэрэгт авагдсан баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбар зэргээс үзэхэд нэхэмжлэгч Ц.О нь 1990 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр охин Э.Энх, 1994 оны 07 дугаар сарын 24-ний өдөр охин Э.Энхзаяа, 2002 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүү Э.Н нарыг төрүүлж, 2012 оны 02 дугаар сарын 10-ны өдөр төрсөн зээ охин Б-ийн Эн-ийг 2 настай байхад нь үрчлэн авсан болох нь, мөн Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 1329 дүгээр шийдвэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.4-д зааснаар 2012 оны 02 дугаар сарын 10-ны өдөр төрсөн охин Э.Эн-ийг РЭ70022*** дугаар регистртэй, Баатрууд овогт Ч-ын Энхб РЮ70013*** дугаар регистртэй, Овгорууд овогт Ц.О нарт үрчилснийг хүчингүйд тооцсон үйл баримтууд тогтоогдсон, энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй байна.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Төрүүлсэн болон З хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол өсгөсөн эх 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, 50 нас хүрсэн бол өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй” гэж, Нийгмийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1-д “Даатгуулагчийн өргөдөл, хуульд заасан бусад баримт бичгийг үндэслэн даатгуулагчид тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгох тухай шийдвэрийг нийгмийн даатгалын байгууллага гаргана” гэж тус тус хуульчилсан.

Дээрх хуульд зааснаар төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол өсгөсөн эх 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, 50 нас хүрсэн бол өөрийн хүсэлтээр буюу хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй байх бөгөөд даатгуулагчид тэтгэвэр, тэтгэмж олгох шийдвэрийг нийгмийн даатгалын байгууллага өргөдөл, хуульд заасан бусад баримт бичгийг үндэслэн шийдвэрлэхээр байна.

Хэдийгээр нэхэмжлэгч өөрийн зээ охин Эн-ийг 2 настай байхад нь үрчлэн авсан, үрчлэлтийг Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 1329 дүгээр шийдвэрээр хүчингүйд тооцсон буюу зээ охин Энэрэл нь 6 настай байхад үрчлэлтийг хүчингүйд тооцсон, нэхэмжлэгчээс 6 нас хүрсний дараа эцэг, эхэд нь буцаан өгсөн гэж тайлбарлан маргаж байх боловч Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 1329 дүгээр хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр үрчлэлтийг хүчингүйд тооцсон энэ тохиолдолд нэхэмжлэгчийг дээрх хуулийн үйлчлэлд хамаарч, хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй гэж үзэх үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл, нэгэнт 4 дэх хүүхдийн үрчлэлтийг хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр хүчингүйд тооцсон энэ тохиолдолд нэхэмжлэгчид Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Төрүүлсэн болон З хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол өсгөсөн эх ... өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй” гэсэн нөхцөл бүрдсэн гэж үзэх, уг хуульд заасан үндэслэлээр нэхэмжлэгчид өндөр насны тэтгэвэр тогтоогоогүй гэж хариуцагчийг буруутгах үндэсгүй тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хүрээнд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн боломжгүй байна.

Мөн Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 1329 дүгээр шийдвэрийн үндэслэх хэсэгт “... гэрч Ц.От-ын “... 2012 оны 02 дугаар сард охин Энэрэлийг төрүүлж байсан ... охиноо ээж Ц.О, аав Энхболд нарт үлдээсэн ... тэгээд үрчлэлт хийлгэж өөрийн ашигт малтмал бүлдээ авлаа гэсэн ... одоо төрүүлсэн аав, ээж дээрээ очоод 2 жил орчим болох гэж байна ...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх ба үрчлэн авагч Ч.Э, Ц.О нар нь охин Эн-ийг үрчлэн авсан үрчлэлтийг хүчингүйд тооцуулахыг зөвшөөрч байх тул ...” гэж дүгнэгдсэн байх тул анхан шатны шүүх “... охин Э.Эн-ийг 2014 оноос 2016 онд өсгөсөн, охиныг төрүүлсэн эцэг, эх нь 2016 оноос хойш өсгөж байсан болох нь иргэний хэргийн анхан шатны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримт” гэж үзсэнийг буруутгах үндэслэлгүй байна.

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 26 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                    Э.ЛХАГВАСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                   О.НОМУУЛИН

 

ШҮҮГЧ                                                   Н.ХОНИНХҮҮ