Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 427

 

     2020       05          06                                       2020/ШЦТ/427

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг;

улсын яллагч: И.Мөнхцэцэг;

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Ж.Мөнхсайхан, Б.Бямбадорж, тэдний өмгөөлөгч Т.Багахүү, Г.Батбаяр;

шинжээч: Б.Найрамдал,

гэрч: Р.Эрдэнэбат;

шүүгдэгч: С.Э, түүний өмгөөлөгч  Ц.Батхүү, Ж.Энхчулуун;

шүүгдэгч: Г.Г, түүний өмгөөлөгч Ц.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Э, Г.Г нарт холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

1. Монгол Улсын иргэн, 1962 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, 57 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, үсчин, гоо сайханы технологич мэргэжилтэй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамж 24/1 дүгээр байрны 3 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, С.Э

2. Монгол Улсын иргэн, 1988 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эм зүйч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Дорж гудамжны 82 дугаар байрны 27 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Г.Г

 

            Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

“Дэлгэр тур” ХХК-ний захирал С.Э нь “Эрчим хүчний тухай” хуулийн 30 дугаар зүйл, Хэрэглэгчийн эрх үүрэг заалтын 30.1.8 дахь заалтын дагуу тоног төхөөрөмжийн аюулгүй байдлыг хариуцаж ашиглалтын үеийн засвар үйлчилгээг хийгээгүйгээс 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа “Эко шинэс” нэртэй эмийн сангийн үүдэнд Б.Ариунтөгс нь цахилгаан гүйдлийн үйлчлэлийн улмаас амь нас нь хохирсон,

 

“Эко шинэс” ХХК-ийн захирал Г.Г нь “Эрчим хүчний тухай” хуулийн  30 дугаар зүйл, Хэрэглэгчийн эрх үүрэг заалтын 30.1.8 дахь заалтын дагуу тоног төхөөрөмжийн аюулгүй байдлыг хариуцаж ашиглалтын үеийн засвар үйлчилгээг хийлгүүлэхээр “Дэлгэр тур” ХХК-д мэдэгдэж холбогдох арга хэмжээ аваагүйгээс 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа “Эко шинэс” нэртэй эмийн сангийн үүдэнд Б.Ариунтөгс нь цахилгаан гүйдлийн үйлчлэлийн улмаас амь нас нь хохирсон гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Э мэдүүлэхдээ: “...Би ийм үйлдэл явдалд болсонд харамсаж байна. Манайх 2-3 байр түрээслэдэг. Түрээслэгч нартай тус тусдаа гэрээтэй байдаг. Гэрээнд аюулгүй байдал, тог, цахилгаан, цэвэр бохир усны асуудал зэрэг бүх зүйлээ өөрсдөө хариуцахаар гэрээгээ хийдэг. Тэр хүмүүс тоолуураар цахилгааны мөнгөө төлдөг. Хэрвээ Г.Гнадад тогны асуудал байгааг хэлсэн бол аюулгүй байдлыг хангах арга хэмжээг авах боломжтой байсан. Найман нэрийн барааны дэлгүүрийн хүмүүс шөнө ч байсан тогны асуудал гарлаа гэж хэлдэг. Би очоод янзлуулж л байдаг. Би өөрийгөө буруугүй гэж хэлэхгүй. Хүний амь нас хохирсонд харамсдаг. Зөв, бурууг шүүх тогтоох байх” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Г мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Мөнхсайхан мэдүүлэхдээ: “...2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр “Эко Шинэс” компанийн үүдэнд миний хүү тогонд цохиулсны улмаас нас барсан. Тухайн үед манайхаас гурван хүн тогонд цохиулсан. Дүү нь бас тогонд цохиулсан. Манай гэр бүлийн хувьд өнөөдрийг хүртэл маш хэцүү байна. Дүү нь шөнө ганцаараа унтаж чадахгүй. Гадаа тоглохгүй сэтгэл зүйн шокноосоо гарахгүй байгаа. Эмч нарыг ирэхэд хүү маань нас барсан байсан. 22-23-ны өдрүүдэд бороо орсон. Шатан дээр чийгтэй, ус тогтчихсон байсан. Энэ хоёр шүүгдэгч хоёулаа буруутай. Г.Г тухайн газар үйл ажиллагаагаа явуулж байсан. Хангалттай арга хэмжээ авах боломжтой байсан гэж боддог. Аюулгүй байдлыг хангаж, анхааруулах бичиг тавьсан бол ийм үйл явдал болохгүй байсан. Г.Г өнөөдрийг хүртэл уулзаж учраагүй, уучлалт гуйгаагүй явж байгаа нь “гэм буруугаа ойлгохгүй байгаа юм бол уу” гэж бодож байна. С.Э эх хүнийхээ үүднээс уулзаж учирч, сэтгэл зүйн хувьд харилцан ярилцаж байгаа. Г.Г “би буруугүй” гээд байгаад гомдолтой байна” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бямбадорж мэдүүлэхдээ: “...Манай гэр бүлийн хувьд одоо ч хүүгийн минь орон зай байсан хэвээрээ байгаа. Б.Ганпүрэвийн буруутай үйлдэл байдаг. Харамсалтай, гомдолтой байна. Хүүгээ үнэлж байгаа юм биш. Гэхдээ бид бүхэн үнэлгээ хийлгэсэн. Үүнийг анхан шатны шүүхээр хэлэлцээгүй. Одоогоор үнэлгээгээр гарсан төлбөрийн үлдэгдэл болох 174.890.557 төгрөгийг нэхэмжилж байна. Шүүгдэгч С.Э-аас 50.000.000 төгрөг авсан” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Р.Эрдэнэбат мэдүүлэхдээ: “...Тухайн өглөөний 09 цагийн үед ээлжийн инженер Батсүхээс команд авсан. 11 дүгээр хороолол “Эко Монос” эмийн сангийн үүдэнд хүүхэд осолдсон гэх дуудлага аваад туслах моничор н.Батмандах, жолооч н.Амаржаргал нарын хамт тухайн газар очсон. Тухайн үед Онцгой байдал болон Цагдаагийн байгууллагынхан ирсэн. Ямар шалтгаанаар тог цохисныг тодруулсан. Бүргэд хаалганы төмөр хаалга байсан. Тухайн хаалганд тог хэмждэг багажаар хэмжихэд тогтой байсан. Ампер клейшээр хэмжихэд 224 волт гарч ирсэн. Тухайн үйл явцыг Цагдаагийн байгууллагынхан бичлэг хийж баталгаажуулсан. Тогны асуудал нь дээрх гэрлийн бүрхүүлийн утас шалбарч, тухайн хайлс газардсан байсан. Газардлага, гэрлийн утас шалбарсан хоёрын хооронд 224 волтын хүчдэл үүссэн. Хүүхэд хүрч тог цохисон байсан. Хаалганы дээрх гэрэл эмийн сангийн дотор талаас унтраалгатай байсан. Тогны утас хэзээ шалбарсныг мэдээгүй. Тухайн үед очиход эмийн сангийн гэрэлтүүлэгтэй самбар байсан. Доторх унтраалга гадна талын гэрлийг унтрааж, асаах зориулттай байсан. Тэндээсээ гадагшаа гэрлийн утас гарсан байсан.  Тухайн унтраалгыг бид нар дарж үзсэн. Унтраалгыг унтраасан тохиолдолд тог ирэх ёсгүй. Унтраалга нь гал дээрээ байнга асаалттай байсан. Цагдаагийн байгууллагынхан гэрлийг нь суурьтай аваад явсан. Тухайн үед хийсэн рабат төв инженер дээр байдаг. Бид нар холбоогоор харилцдаг. Өмнө тог цохидог байсныг мэдэхгүй. Бид нарыг очиход тогтой байсан. Ил утаснууд нь бүрхүүлэндээ наалдчихсан байсан. Гэрэл гадна талын хаалганы кроптонд хүрээд түүгээр дамжиж гал хаалганд хүрснээр газардлага бий болж тог цохино. Гэрлийн унтраалганаас цахилгаан гүйдлийн эх үүсвэр гаргаж болохгүй. Унтраалга зөвхөн гэрэл унтраах үүрэгтэй. Эмийн сан дотроос гадна гэрлийг асаах зорилгоор л гаргасан утас. Гэрэлтүүлгийн самбарны тогыг шийтнээс авах ёстой. Гэрэлтүүлгийг авахад ар талд нь эх биенд нь наалдчихсан байсан. Гадна бүрхүүл нь хагарчихсан байнгын тогтой байсан. Тухайн шалбархай нь их удсан шалбархай байсан. Гадна тал нь бүрээсгүй болчихсон байсан. Унтраалгаа унтраах горим дээр тавьсан тохиолдолд тог очихгүй. Монтаж нь буруу хийгдсэн, байнгын тогтой байсан. Хуурай үед тог цохихгүй. Хашаанд хүрэлгүйгээр ганцхан хаалганаас хоёр гараараа барихад тог цохихгүй. Унтраалгыг хаасан тохиолдолд гэрэл унтарна, гал нь хэвээрээ байна” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Б.Найрамдал мэдүүлэхдээ: “...Бүх шугам төхөөрөмжийн асуудлыг тухайн байгууллагын эзэмшигч нь хариуцна. “Дэлгэр Тур” ХХК нь эзэмшигч юм.  Эрчим хүчний тухай хуульд зааснаар эзэмшигч нь өөр бусад хүнд түрээслэхдээ гэрээ байгуулснаар цахилгаан эрчим хүчний асуудлаа хариуцна гэх заалт байхгүй. Түрээслэгч нарыг эрчим хүчний хэрэглэгч гэж үзнэ. Төлөвлөсөн зурагнаасаа өөр гэрэл тавигдсан байсан. Хугацаа өнгөрсөн учраас цахилгаан дамжуулах материал бусад газарт шүргэхээс хамгаалж үхлүүд боолтыг хэн хариуцах нь тодорхойгүй” гэв.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Мөнхсайхан /1хх-ийн  27-30, 2хх-ийн 127/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бямбадорж /2хх-ийн 129/, арван зургаан насанд хүрээгүй гэрч Б.Энххүслэн /1хх-ийн 48/, гэрч Ч.Номин /1хх-ийн 43/, гэрч Б.Батмандах /1хх-ийн 35-36/, гэрч Р.Эрдэнэбат /1хх-ийн 37-38/, гэрч Н.Бадрал /2хх-ийн 133/, гэрч Л.Мөнхтуяа /2хх-ийн 6/, гэрч Б.Отгончимэг /х-ийн 33-34/, гэрч Х.Наранчимэг /2хх-ийн 134/, гэрч Г.Төвшин /2хх-ийн 135/, гэрч Э.Ганбаатар /2хх-ийн 136/, гэрч Б.Мандухай /2хх-ийн 132/ нарын мэдүүлэг, Г.Гийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 77-80/, С.Эын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 81-84/, 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 1436 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 50-61/, шинжээч О.Болороогийн мэдүүлэг /1хх-ийн 62-63/, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 67-71/, шинжээч Б.Найрамдалын мэдүүлэг /2хх-ийн 7/, хэргийн газарт үзлэгт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 3-20/, С.Э-н хувийн байдлын талаархи баримтууд /1хх-ийн 86-89, 94-97/, түрээсийн гэрээ /1хх-ийн 90-91/, Улсын бүртгэлийн гэрчилгээ /1хх-ийн 92-93, 113/, Г.Гийн хувийн байдлын талаархи баримтууд /1хх-ийн 99-112, 156-161/, компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ /1хх-ийн 125-130/, “Дэлгэр төвийн” холбоотой баримтууд /1хх-ийн 135-151/, “Итгэлт-Эстимэйт” ХХК-ийн хүний амь насны үнэлгээний тайлан /1хх-ийн 164-182/, хохирлын баримтууд /1хх-ийн 184-246/, цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний хуулбар /2хх-ийн 143-148/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /2хх-ийн 160-161/, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн баримтууд зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.Э нь Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ”Дэлгэр тур” ХХК-ийн эзэмшлийн “Дэлгэр төв” үйлчилгээний төвийн үйл ажиллагааг 2004 оноос эрхлэн явуулахдаа “Эрчим хүчний тухай” хуулийг мөрдөж ажиллаагүй тухайлбал уг хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.8-д заасан  “єєрийн эзэмшлийн шугам сvлжээ, тоног тєхєєрємжийн бүрэн бүтэн, аюулгvй байдал, засвар үйлчилгээ, баталгаажуулалтыг бүрэн хариуцах” гэснийг биелүүлээгүйгээс 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр “Дэлгэр төв” үйлчилгээний төвд түрээсээр үйл ажиллагаа явуулдаг “Эко шинэс” нэртэй эмийн сангийн гадна хаалганы дээрх гэрлийн бүрхүүлээс төмөр хаалт руу цахилгаан дамжиж уг эмийн сангийн үүдэнд тоглож байсан Б.Ариунтөгс цахилгаан гүйдэлд цохиулж нас барсан,

 

 шүүгдэгч Г.Г нь ”Эко шинэс” эмийн санг хариуцан ажиллуулж байхдаа “Эрчим хүчний тухай” хуулийг мөрдөж ажиллаагүй тухайлбал уг хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.8-д заасан “єєрийн эзэмшлийн шугам сүлжээ, тоног тєхєєрємжийн бүрэн бүтэн, аюулгvй байдал, засвар үйлчилгээ”-г хийлгүүлэхээр “Дэлгэр тур” ХХК-д мэдэгдэж холбогдох арга хэмжээг аваагүйн улмаас 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр “Дэлгэр төв” үйлчилгээний төвд түрээсээр үйл ажиллагаа явуулдаг “Эко шинэс” нэртэй эмийн сангийн гадна хаалганы дээрх гэрлийн бүрхүүлээс төмөр хаалт руу цахилгаан дамжиж уг эмийн сангийн үүдэнд тоглож байсан Б.Ариунтөгс цахилгаан гүйдэлд цохиулж нас барсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Мөнхсайханы /1хх-ийн  27-30, 2хх-ийн 127/: “...19:50 цагийн орчим манай охин нэг залуу дагуулж орж ирсэн. Нөгөө залуу “танай хүү ухаан алдчихсан” гэхээр нь гүйж гараад иртэл амьсгаа хураасан байсан...” гэх мэдүүлгээр,

 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бямбадоржийн /2хх-ийн 129/: “...Манай эхнэр Ж.Мөнхсайхан над руу яриад “Ариунтөгс тогонд цохиулаад ухаан алдсан, сэрэхгүй байна” гэж ярисан. Ажлаа тараад иртэл “Дэлгэрэх төвийн” үүдэнд хүмүүс бөөгнөрсөн, цагдаа ирсэн, манай хүүхэд дээшээ хараад хэвтсэн, дээрээс нь юм бүтээчихсэн байсан. ...2018 оны 06 дугаар сарын 25-наас хойш сэтгэл санаагаар маш их унаж ...сэтгэл гутрал өвчтэй болсон. ...Маш их гомдолтой байна...” гэх мэдүүлгээр,

 

арван зургаан насанд хүрээгүй гэрч Б.Энххүслэнгийн /1хх-ийн 48/: “... шатны хажуу талын цэнхэр төмрөөс манай ах 2 гараараа бариад дээшээ хараад зогсоод байхаар нь “яасан юм бол тэнгэр гоё харагдаад байгаа юм болов уу” гэж бодоод хажууд нь ирээд зогссон чинь унаад өгсөн...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Ч.Номингийн /1хх-ийн 43/: “...би тэр хавьд байсан хүүхдүүдээс асуухад тэнд байсан хүүхдүүд “төмөр хаалганд хүрээд унаад өгсөн” гэж байсан...” гэх мэдүүлгээр, 

 

гэрч Б.Батмандахын /1хх-ийн 35-36/: “...цагдаагийн алба хаагч нар үзлэгээ хийж дууссаны дараагаар бид нар тог хаанаас дамжиж тухайн хүүхэд цохигдсон болохыг тогтоохоор 0.4 киловатт хүчдэл заагч багажаар шатны төмөр бариулыг шалгаж үзэхэд тоггүй байсан. Цааш нь тус эмийн сан руу орох төмөр хаалганы гадна талын сараалжан төмөр хаалтыг хүчдэл заагч багажаараа шалгаж үзэхэд 231 Вольт зааж байсан. Тэгэхээр нь гадна талын төмөр хаалтанд хаанаас тог ирсэнийг шалгаж үзэхэд тус хаалт төмөрний дээд талд гол хэсэгт байрласан гэрлийн бүрхүүлийг шалгаж үзэхэд мөн хүчдэлтэй 231 Вольт зааж байсан. ...Тэр гэрлийн бүрхүүлийг эмийн сан руу орох төмөр хаалганы гадна талын төмөр хаалтнаас салгаж үзэхэд тухайн төмөр хаалт нь тоггүй болж байсан. Төмөр хаалт дээр байрласан гэрлийн бүрхүүлээс тог дамжсан байна гэдэг дүгнэлтэд хүрч гэрлийн бүрхүүлийг салгаж үзэхэд тэр гэрлийн бүрхүүл дотор байрлах гэрлэнд тог өгч байгаа холбоос утасны уг хэсгийн 2-3 см хэсэгт шалбарчихсан буюу гүйдэл дамжуулах утас ил гарчихсан, галтай, тэр нь тог дамжуулж улмаар цааш тус гадна талын хаалт төмөр хэсэгт тогыг дамжуулсан байсан...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Р.Эрдэнэбатын /1хх-ийн 37-38/: “..Эхлээд тухайн эмийн сангийн босгоны төмөр дээр цахилгааны хүчдэл илэрч инткаторт дохио гэрэл асч, дуугарч байсан. Мөн энэ хэсгүүдэд Ампирклиш багажаар цахилгаан гүйдлийн вольтын хэмжээг үзэхэд 220 вольтыг зааж байсан...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Н.Бадралын /2хх-ийн 133/: ”...Би “Дэлгэр тур” компанийг хариуцаж ажилладаггүй...” гэх мэдүүлгээр,

гэрч Л.Мөнхтуяагийн /2хх-ийн 6/: “...2017 оны 01, 02 дугаар сард л байх С.Эд “энэ гаднах хаалганы дээр байдаг гэрэл асахгүй байна, танайх энийг засч өгөхгүй юм уу” гэж хэлэхэд “наад гэрлээ асааж яадаг юм, гудамжны гэрэл байж байхад чинь” гээд надад засч өгөөгүй...” гэх мэдүүлгээр,

“Талийгаачийн цогцост баруун, зүүн сарвуунд цахилгаан тэмдэг, нүүр, цээж, хэвлий, баруун шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх баруун сарвууны цахилгаан тэмдэг нь цахилгаан гүйдлийн улмаас, нүүр, цээж, хэвлий, баруун шилбэний зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал, үрэлцэх, шүргэлцэх үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаач нь цахилгаан гүйдлийн үйлчлэлийн улмаас нас барсан болно...” гэх 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 1436 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /1хх-ийн 50-61/,

дээрх дүгнэлтийг гаргасан шинжээч О.Болороогийн /1хх-ийн 62-63/: “...талийгаачид эмнэлгийн анхны тусламж үзүүлсэн ч амь нас нь аврагдах боломжгүй байсан...” гэх мэдүүлгээр,

“...таазанд тоноглох гэрэлтүүлэгч байгаа нь анхны зургийн дагуу суурилуулаагүй эсхүл ашиглалтын явцад сольж өөрчилсөн нь “Хэрэглэгчийн цахилгаан тоног төхөөрөмжийн техник ашиглалтын дүрэм”-ийн 1.6 дугаар бүлгийн 1.6.6 дэх заалтыг зөрчиж байна...цахилгаан дамжуулах утас зэс утасны хамгаалах бүрээс шалбарсан, гэрэлтүүлэгчийн бүрхүүлээс гарсан хөнгөн цагаан утастай хооронд нь холбохдоо цахилгаан дамжуулах утасны металл хэсгийг бусад гадаргуутай шүргэхээс хамгаалж үхлүүт боогоогүй, холболтыг шаардлга хангахгүй хийж гүйцэтгэсэн... Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйл, Хэрэглэгчийн эрх үүрэг заалтын 30.1.8 дахь /өөрийн эзэмшлийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн, аюулгүй байдал. засвар үйлчилгээ, баталгаажуулалтыг бүрэн хариуцах/ заалтын дагуу тухайн барилга байгууламж, шугам тоног төхөөрөмжийг эзэмшигч нь тоног төхөөрөмжийн аюулгүй байдлыг хариуцаж ашиглалтын үеийн засвар үйлчилгээг хийж байх ёстой...” гэх Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын шинжээчийн дүгнэлтээр /1хх-ийн 67-71/,

дээрх дүгнэлтийг гаргасан шинжээч Б.Найрамдалын /2хх-ийн 7/: “...Тухайн эмийн сангийн гадна байгаа гэрэлтүүлгийн эзэмшигч нь хариуцах ёстой. Барилгын ашиглалтын явцад өөрчлөлт орж болно, түүнийг батлагдсан зургийн дагуу, дүрэм, журмын дагуу байлгах, хэрвээ өөрчлөгдсөн тохиолдолд түүнийг буцааж зургийн дагуу дүрэм, журмын дагуу болгох нь эзэмшигчийн хариуцах ёстой үүрэг юм. Тэгэхээр энэ тохиолдолд “Дэлгэр тур” төвийн эзэмшигч юм...” гэх мэдүүлгээр болон хэргийн газарт үзлэгт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 3-20/ зэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.         

Дээрх нотлох баримтууд хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, эмийн сангийн хаалганы дээрх төмөр хаалт дээр байрласан гэрлийн бүрхүүлээс тог дамжиж байсныг гэрч нар мэдүүлсэн, цахилгаан дамжуулах утас зэс утасны хамгаалах бүрээс шалбарсан, гэрэлтүүлэгчийн бүрхүүлээс гарсан хөнгөн цагаан утастай хооронд нь холбохдоо цахилгаан дамжуулах утасны металл хэсгийг бусад гадаргуутай шүргэхээс хамгаалж үхлүүт боогоогүй, холболтыг шаардлга хангахгүй хийж гүйцэтгэсэн болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон, талийгаач нь цахилгаан гүйдлийн үйлчлэлийн улмаас нас барсан болохыг Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон, Г.Г нь “Эко шинэс” эмийн санг худалдан авч ажиллуулж байсан, түрээсийн гэрээний заалтуудаар “Эко шинэс” ХХК нь өөрийн эзэмшлийн цахилгааны гэмтэл, аюулгүй байдлыг хариуцахаар заасан зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Гэм буруугийн болгоомжгүй хэлбэр нь гэмт этгээд үйлдэл буюу эс үйлдлээсээ учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдээгүй, ухамсарлан ойлгоогүй байдаг боловч хэрэг үйлдсэн тодорхой нөхцөлтэй холбож үзвэл тийм хор уршиг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой буюу боломжтой байсанд оршдог.

 

Хэргийн нөхцөл байдлаас судлан үзвэл “Эко шинэс” ХХК-ийн захирал Г.Г нь тухайн гэмт хэрэг болсон объектыг хууль ёсны дагуу гэрээний үндсэн дээр өөрийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэн авч, эмийн санч хөлслөн тухайн эмийн санг ажиллуулж байсан, түрээсийн гэрээний 2.7, 2.8 дахь заалтуудаар түрээслэгчийн хувьд  өөрийн эзэмшлийн талбайн харуул хамгаалалт, авулгүй байдал, цахилгааны гэмтлийг хариуцахаар заасан нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг ашиглалтын үеийн засвар үйлчилгээг хариуцах буюу үүнээс шалгаалж хор уршиг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой байсан гэж үзэхээр байна.

 

Нөгөөтэйгүүр гэрч Б.Отгончимэгийн “...төмөр торон хаалгыг нойтон байх үед нь гараараа барихад тог цохисон”, гэрч Р.Эрдэнэбатын “...эмийн сангийн босгоны төмөр дээр цахилгаан хүчдэл илэрч байсан...” гэх мэдүүлэг зэргээр “Эко шинэс” эмийн сангийн ажилтан хаалганы төмөр хаалт цахилгаан гүйдэл дамжуулж байгааг хэрэг гарахаас 2 хоногийн өмнө мэдсэн гэж үзэхээр байна.

 

Дээрх нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэвэл “Эко шинэс”  эмийн сангийн эзэн Г.Г нь орчин тойрондоо нэн аюултай нөхцөл байдал үүссэн байхад шаардлагатай арга хэмжээ аваагүй, үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулсан нь хэрэг гарах шалтгаан нөхцөлд нөлөөлсөн тул “түүнд холбогдох хэргийг цагаатгах” гэсэн өмгөөлөгчийн санал хууль зүйн үндэслэлгүй болно.

 

Мөн “Дэлгэр тур” ХХК нь “Эко шинэс” ХХК-тай “Дэлгэр төв”-ийн 50 м2 талбайг түрээслэн ашиглах талаар гэрээ хэлцэл хийсэн, энэ талаар харилцаа үүсгэж үйл ажиллагаа явуулах, ашиглах зөвшөөрөл олгосон нь өөрийн эзэмшлийн шугам сүлжээ, тоног тєхєєрємжийн бүрэн бүтэн, аюулгvй байдал, засвар үйлчилгээг бүрэн хариуцах үүргээс чөлөөлөхгүй.

 

Монгол Улсын Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүлийн 3.1.13-д “хэрэглэгч” гэж эрчим хvчээр хангах гэрээнд эрчим хүчийг худалдан авах эрхтэйгээр оролцож байгаа иргэн, хуулийн этгээдийг хэлэх бөгөөд энэ хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.8-д заасан эрчим хүчээр хангах гэрээний нэг тал болж оролцож буй өмчийн бүх хэлбэрийн байгууллага, иргэд энэ үүргийг баримтлахаар заасан байна.

“Дэлгэр тур” ХХК, “Эко шинэс” ХХК нь энэ шаардлагад хамрагдаж Монгол

Улсын хуульд бүрэн нийцсэн, өөрийн эзэмшлийн шугам сүлжээ, тоног тєхєєрємжийн бүрэн бүтэн, аюулгүй байдал, засвар үйлчилгээг бүрэн хариуцаж, орчин тойрондоо нэн аюултай нөхцөл байдал үүссэн байхад шаардлагатай арга хэмжээ авч, үйлчлүүлэгчдийн аюулгүй байдлыг хангасан үйл ажиллагаа явуулах ёстой, “Дэлгэр тур” ХХК-ийн захирал С.Э, “Эко шинэс” ХХК-ийн захирал Г.Г нар нь байгууллагынхаа үйл ажиллагаанд аюулгүй ажиллагааны талаарх хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, дүрэм, журам стандартыг мөрдүүлэх, хяналт тавих үүргийг хэн аль нь хариуцах учиртай.

 

Энэ бүгдээс дүгнэн үзэхэд өөрийн эзэмшлийн барилга байгууламжийн шугам, сүлжээ, тоног төхөөрөмжийн ашиглалтын үеийн засвар үйлчилгээг хариуцах этгээд нь С.Э, Г.Г нар мөн, энэ үүргээ биелүүлээгүй, тэдний эс үйлдлийн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг гарахад хүрсэн байна.

 

Ийнхүү шүүгдэгч С.Э, Г.Г нар нь өөрийн эзэмшлийн шугам сvлжээ, тоног тєхєєрємжийн бүрэн бүтэн, аюулгvй байдал, засвар үйлчилгээг бүрэн хариуцаагүй, орчин тойрондоо нэн аюултай нөхцөл байдал үүссэн байхад шаардлагатай арга хэмжээ аваагүй, үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулсан эс үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон  үйл баримт тогтоогдсон, шүүгдэгч нарын гэм буруу шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдсон байх тул тэднийг тус бүрийг “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлын төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нараас нийт 174.890.557 төгрөгийг нэхэмжилсэн болно.

 

 “Итгэлт-Эстимэйт” ХХК-ийн гаргасан “хүний амь насны хохирлын үнэлгээний тайлан” амь хохирогчийн нийт орлого, нийт зардал хоёрын зөрүүгээр тодорхойлж гэм хорын хохирлыг тооцсон нь таамаглалд үндэслэлсэн гэж үзэж уг дүгнэлтийг хохирол гаргуулахдаа баримталсангүй.

 

Хохирлын хэмжээг тогтоохдоо амь нас хохирсны улмаас учирсан сэтгэл санааны болон бусад хохирлын нөхөн төлбөрт гаргуулан олгож шийдвэрлэж байсан шүүхийн шийдвэрүүд, 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлд гэмт хэргийн хохирол, хор уршгийн хэмжээг тодорхойлохдоо 50.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 50.000.000 төгрөгийг их хэмжээний хохирлын доод хэмжээ болгон хуульчилсан зэрэг жишиг болох нөхцөл байдлуудыг харгалзан үзсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар шүүгдэгч С.Э хохирлын нөхөн төлбөрт 50.000.000 (үүнд шүүх хуралдаан хүртэл баримтаар нотлогдсон хохирлын бүх баримт орж тооцогдсон болно) төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт төлсөн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар цаашид сэтгэл заслын эмчилгээтэй холбогдож гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдүүдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрийг гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд хувь тэнцүүлэн хариуцах учиртай бөгөөд шүүгдэгч С.Э 50.000.000 төгрөгийн хохирлын нөхөн төлбөрийг ганцаараа төлсөн байх тул шүүгдэгч Г.Гээс 25.000.000 төгрөгийг гаргуулж шүүгдэгч С.Эд олгох нь Эрүүгийн хуулийн шударга ёсны, гэм буруугийн зарчимд нийцнэ гэж шүүх үзэв.  

 

Шүүх шүүгдэгч С.Э, Г.Г нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нараас “С.Эын нас, биеийн эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан хөнгөн ял оноож өгөхийг (хорихоос өөр төрлийн ял)” тусгайлан анхаарахыг шүүхээс хүссэн байна.

 

Эрүүгийн хариуцлагын зорилгын нэг хэсэг нь хохирлыг нөхөн төлүүлэхэд орших тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын дээрх хүсэлтийг шүүх  шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд харгалзан үзсэн болно.

  Мөн шүүгдэгч С.Э нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын нөхөн төлбөрт төлөх төлбөргүй зэргийг дурьдаж байна.

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч С.Эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эд хорих ялыг оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж,

шүүгдэгч Г.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор хорих ял шийтгэж, мөн  дээрх нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгчийг шийтгэсэн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллгад эдлүүлэхээр тогтов.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно. 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, болгоомжгүй эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 

 шүүгдэгч Г.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, болгоомжгүй эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гийг 1 /нэг/ жил 3 /гурван/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч С.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч С.Эд хорих ялыг оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуульд заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гт оногдуулсан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

6. Шүүгдэгч С.Э, Г.Г нар нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь цаашид сэтгэл заслын эмчилгээтэй холбогдож гарах зардлаа шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлсний эцэст Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гээс нийт 25.000.000 /хорин таван сая/ төгрөгийг гаргуулж шүүгдэгч С.Эд олгосугай.

8. Шүүгдэгч С.Э 76 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч Г.Г нь урьд цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

10. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Гт авсан цагдан хорих, шүүгдэгч С.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.МӨНХ-ЭРДЭНЭ