Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2018/00766

 

Д.Т-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1180 дугаар шийдвэр,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 04 дүгээр магадлалтай,

Д.Т-ын нэхэмжлэлтэй,

Ц.О-т холбогдох,

290.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатарын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Д.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр түрээсийн зээл аваад Ц.О-ийн 5055365439 тоот дансанд 62.500 төгрөг шилжүүлсэн. Удвал эгч мөнгөө аваад чи миний дор охин Мөнгөнчимэг, Оюунаа хоёрын мөнгийг хийлээ гээд Ц.О-тэй утсаар яриад зөвшөөрөл аваад надтай бас яриулаад хийсэн. Иймд Ц.О-ээс үндсэн шилжүүлсэн 62.500 төгрөг 6 хүний тус бүр 36.500 төгрөг байхаар бодож 290.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.                                                 

Хариуцагч Ц.О шүүхэд гаргасан тайлбартаа: 2017 оны 01 дүгээр сарын 17-нд Ц.Удвал над руу утсаар ярьж би өөрийнхөө араас Мөнгөнчимэг, Д.Т- нарыг орууллаа гээд миний дансанд эдгээр хүмүүсийн мөнгийг шилжүүлсэн. Би Жагдаг гэдэг хүнээр дээрх хүмүүсийн мөнгийг 5046257708 данс руу нь шилжүүлсэн. Ц.Удвал нь 187.500 төгрөгийн цалин гарч түүнийгээ дансаараа авсан байдаг. Миний хувьд Ц.Удвалын хэлснээр дээрх 2 хүний мөнгийг дансаараа аваад тэр дор нь шивэлт хийлгэсэн учир дээрх нэхэмжилсэн мөнгийг төлөх хариуцлага хүлээхгүй. Д.Т- нь өөрөө энэ сүлжээнд элсэн орчихоод араасаа хүн оруулж байж цалин авдаг гэдгийг мэдсээр байж өөрөө ажиллаагүй, Ц.Удвалын оруулж байгаа хүмүүсийг өөрийн араас орсон гэж ярьж, надад цалин өгөх ёстой гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1180 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д зааснаар хариуцагч Ц.О-ээс 62.500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Т-д олгон, 227.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийнн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д тус тус зааснаар нэхэмжлэгч Д.Т-ын 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр ХААН банк төрийн сан 100190000941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж 4.800 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан дүн болох 62.500 төгрөгийн тэмдэгтийн хураамж 4.550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Т-д олгож шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 04 дүгээр магадлалаар: Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1180 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4.550 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний анхан шатны шүүхийн 2017.11.15-ны өдрийн 1180 тоот шийдвэр, мөн аймгийн Давж заалдах шатны Иргэний хэргийн шүүхийн 2018.01.08-ны өдрийн 04 тоот магадлалыг тус тус эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч Д.Т- нь сүлжээнд Ц.Удвал гэдэг хүний дор, түүний баруун гишүүн Бямбажавын баруун гар болж элссэн нь тогтоогддог бөгөөд Ц.Удвал нь Ц.О- рүү утсаар ярьж “Би өөрийнхөө араас Мөнгөнчимэг, Д.Т- нарыг орууллаа, гээд түүний 5055365439 данс руу мөнгийг нь шилжүүлснийг цааш нь Жагдагийн ХААН банкны 5046257708 тоот данс руу шилжүүлсэн бөгөөд энэ талаар хавтаст хэргийн 23 дугаар талд байгаа ХААН банкны дансны хуулгаар тогтоогддог боловч шүүх хэний дансанд хэдэн төгрөг ямар агуулгаар шилжүүлсэн нь тодорхойгүй өөрөөр хэлбэл хариуцагчийн тайлбар нь энэхүү баримтаар нотлогдохгүй байна” гэсэн үндэслэлээр хариуцагч Ц.О-ээр 62.500 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Хариуцагч Ц.О- анхан шатны шүх хуралд орохдоо өмгөөлөгч өвч эрхээ хамгаалуулаагүй учраас анхан шатны шүүхэд нотлох баримтыг бүрэн бүрдүүлж өгч чадаагүйгээс өөрийн авч ашиглаагүй мөнгийг төлөх болж эрх нь зөрчигдсөн байна. “Матрикс” гэх сүлжээ нь олон шатлалт марктинг, пирамид тогтолцооны аргаар бусдыг луйвардсан эсэхийг магадлан тогтоох, Ц.О- дээр дурдсан мөнгийг Жагдагийн ХААН банкин дахь 5046257708 данс руу шилжүүлсэн дансны хуулгыг авах зэргээр нотлох баримт цуглуулах зайлшгүй шаардлагатай байх тул Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.11.15-ны өдрийн 1180 тоот шийдвэр, Давж заалдах шатны шүүхийн 2018.01.08-ны өдрийн 04 тоот магадлалуудыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Нэхэмжлэгч Д.Т- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...сүлжээнд орохоор 62.500 төгрөг шилжүүлж, 2 хүн оруулсан, тэдгээр нь нилээн олон хүн оруулсан тул авах ёстой 290.000 төгрөгийг гаргуулна” гэжээ. Хариуцагч Ц.О- нэхэмжлэлийг эс зөвшөөрч, маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч нь мөнгөний сүлжээнд элсэн орох зорилгоор 2017 оны 1 дүгээр сарын 18-ний өдөр хариуцагчийн ХААН банкны 5055365439 тоот дансанд 62.500 төгрөг шилжүүлсэн нь тогтоогджээ.

Дээрх мөнгийг цааш нь шилжүүлсэн гэх тайлбараа хариуцагч нотолж чадаагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримтад тулгуурлан хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэн нэхэмжлэлээс 62.500 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосныг буруутгах боломжгүй боловч шийдвэрийн тогтоох хэсэгт хуулийг оновчтой сонгон хэрэглээгүйг давж заалдах шатны шүүх залруулаагүй нь буруу.

Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.-т заасан 2 тохиолдолд буцаан шаардах эрхтэй бөгөөд зохигчийн хооронд үүссэн маргаанд мөн зүйлийн 492.1.1. дэх зохицуулалт хамааралтай байна.

Шүүх хариуцагчид эрх үүргийг тайлбарлан өгсөн, тэрээр шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох талаар хүсэлт гаргаагүй байх тул энэ талаарх гомдлыг хүлээн авах боломжгүй.

Дээрх үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчийн өмгөөлөгчийн “...хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах”  талаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 04 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1, Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1180 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “...492.1” гэснийг хасч, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатарын гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр төлсөн 4.550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ