Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 5897

 

 

     2016 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2016/05897

            Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяадаргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймааг суулган, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хадны 42 дугаар гудамжны 648 тоотод оршин суух, ЦД64040403 регистртэй, Ишгэнт ургийн овогт Рэнцэндаваагийн Ууганбаяр,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хадны 42 дугаар гудамжны 648 тоотод оршин суух, ЦД64083051 регистртэй, Харчу ургийн овогт Доржготовын Хатанбаатар нарын,

Хариуцагч: Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 23 дугаар байрны 32 тоотод оршин суух, ШБ69042017 регистртэй, Лувсан овогт Сүмбэрэлийн Цогтбаярт холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээний дагуу төлсөн 30,500,000 төгрөг, банкны зээлийн төлбөрт төлсөн 3,426,500 төгрөг, нийт 34,254,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р.Ууганбаяр, Д.Хатанбаатар, хариуцагч С.Цогтбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Бид 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 1000 машины зогсоолоос иргэн С.Цогтбаяраас Тоёота Хайландер маркийн машиныг 30,500,000 төгрөгөөр Хас банкны лизингээр худалдаж авсан. Бид бэлнээр 20,500,000 төгрөг төлж, үлдэх 15,000,000 төгрөгийг зээл авснаар худалдаж авсан юм. 2016 оны 7 дугаар сарын 15-ны өдөр буюу машиныг худалдаж авснаас хойш 7 хоногийн дараа уг машины мотор цохиж эвдэрсэн. С.Цогтбаярт утсаар хэлэхэд “би 100 хувь хариуцнаа, 2 сарын дараа АНУ-аас яг адилхан машин ирнэ, тэгэхээр нь моторыг нь сольж тавьж өгөөд энэ моторыг нөгөө машиндаа тавиад зарчихнаа, санаа зоволтгүй” гэсэн. 3 сар гаруй хүлээлгэсний эцэст зан ааш нь хувирч “3 машин ирсэн. Гэхдээ та хоёрт өгөхгүй, гурвууланг нь зарчихсан, цагдаа шүүхээрээ яваарай, юу олж долоохыг чинь харъя, цагдаа шүүхийг би худалдаад авчихсан, олон юм яриад байвал буудаж ална” гэх мэтээр хэл амаар доромжлоод зогсохгүй сүүлдээ утсаа салгаад алга болсон. Гэрт нь очиход хаалгаа тайлдаггүй. Энэ этгээд биднийг залилан мэхэлж, моторын эвдрэлтэй машин зарж, бидэнд сэтгэл санааны болон эд материалын маш их хохирол учрууллаа. Энэ хугацаанд машинаа унаагүй хэрнээ банкны зээлэнд 4 сарын турш 3,426,500 төгрөг төлсөн. Иймээс С.Цогтбаярт хуулийн хариуцлага хүлээлгэн, хохирол болох 34,254,000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна. Бидний зүгээс машин биет байдлын доголдолтой болохыг 7 хоногийн дотор мэдсэн, зохих журмын дагуу цагдаад мэдэгдэж гомдол гаргасан. С.Цогтбаяр машины моторыг боож өгсөн боловч рулийг нь сул боосноос болоод бид хөдөө явж байхдаа осолд орох дөхсөн. Энэ хүн шүүхэд гаргасан хариу тайлбар дээрээ биднийг “моторын тос солиорой гэж анхааруулсан” гэж худлаа гүтгэсэн байсан. Харин ч өөрөө тосоо битгий солиорой гэж хэлж байсан гэв.

Хариуцагч С.Цогтбаяр шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Уг автомашин нь 2008 онд үйлдвэрлэгдсэн, хуучин машин ба Монголд оруулж ирээд би өөрөө ч унаж үзээгүй. Энэ хүмүүс өөрсдөө унаж үзэж шалгаж авахад ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй байсан болно. Машин авсных нь дараа моторынхоо тос маслыг солиорой гэж сануулсаар байхад огт үйлчилгээ хийлгүйгээр Архангай аймаг яваад ирэхдээ утаа хаяад байна гэсээр ирсэн. Гэвч би Хас банктай байгуулсан хамтран ажиллах гэрээний үүргийн дагуу уг автомашиныг авто засварын газарт оруулж бүтэн ээлж хийлгэн засвар үйлчилгээ хийлгэж хүлээлгэн өгсөн ба нэхэмжлэгч нар уг автомашинаа аваад Архангай аймаг руу найранд мөн дахин явсан. Одоо уг машинаа унаж хэрэглээд явж байгаа шүү дээ. Засвар үйлчилгээний хөлс 1,200,000 төгрөг, тохиргоо 300,000 төгрөг, мөн моторын масло, шүүр, очлуур, тосол гэх мэтийн нийт 2,400,000 төгрөгийн зардлыг өөрөөсөө гарган хийж өгсөн. Хэрвээ машины мөнгийг нь нэхнэ гэвэл машины номер авлаа л бол үнэлгээ унадаг, өөрсдөө 2 ч удаа хөдөө явсан учир худалдсан үеэс өнөөдрийг хүртэл үнэлгээ өөрчлөгдөх ёстой гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Р.Ууганбаяр, Д.Хатанбаатар нар нь хариуцагч С.Цогтбаярт холбогдуулан, автомашин худалдах, худалдан авах хэлцлээс татгалзаж, төлбөрт төлсөн 30,500,000 төгрөгийг буцаан гаргуулах, мөн энэ хугацаанд банкны хүүгийн төлбөрт төлсөн 3,426,500 төгрөг, нийт 34,254,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч С.Цогтбаяр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, худалдан авагчийн зүгээс автомашиныг хүлээн авахдаа шалгасан бөгөөд худалдан авагчийн ашиглалтын буруугаас уг автомашины моторт гэмтэл гарсан гэж тайлбарлан маргасан.  

Талуудын хооронд 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр худалдах, худалдан авах хэлцэл хийгдэж, худалдагч С.Цогтбаяр нь худалдан авагч Р.Ууганбаяр, Д.Хатанбаатар нарт 2008 онд үйлдвэрлэгдсэн, Монгол улсад 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдөр АНУ-аас орж ирсэн, JTEEW41A482023229 арлын дугаартай, Тоёота Хайландер Гибрид маркийн автомашиныг шилжүүлэх, худалдан авагч нар нь 30,500,000 төгрөгийг худалдагчид төлөх үүргийг хүлээсэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон бөгөөд дээрх хэлцэл нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлд нийцсэн, хүчин төгөлдөр худалдах, худалдан авах гэрээ байна.

Худалдагч тал автомашиныг худалдан авагчид шилжүүлж, худалдан авагч тал барааны төлбөрт 20,500,000 төгрөгийг бэлнээр, үлдэх 15,000,000 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 1080029347-02 тоот Фидуцийн гэрээг Хас банктай байгуулан, худалдагч талд шилжүүлснээр тус тус гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлжээ.

Зохигчид хэлцлийн хүчин төгөлдөр байдлын талаар болон гэрээний үнийн талаар маргахгүй боловч эд хөрөнгийн биет байдлын доголдлын талаар харилцан өөр өөрийн тайлбарыг тавьж маргасан.

Нэхэмжлэгчийн зүгээс 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр эд хөрөнгийг шилжүүлэн авснаас хойш 7 хоногийн дараа буюу 2016 оны 7 дугаар сарын 15-ны өдөр хөдөө замд явж байхад автомашины мотор цохиж доголдол илэрсний улмаас хариуцагч С.Цогтбаярт утсаар мэдэгдэж уулзан, хэд хэдэн удаа эвдрэлийг оношлуулан засварлуулсан боловч доголдол арилаагүй гэж тайлбарласан бол, хариуцагчийн зүгээс уг маргаан бүхий автомашин 2008 онд үйлдвэрлэгдсэн хуучин машин боловч, Монгол улсад орж ирснээс хойш огт явж байгаагүй, улсын дугаар аваагүй байсан бөгөөд худалдан авагч нар нь автомашиныг авах үедээ машиныг шалгаад авсан, мөн худалдан авагч нар автомашиныг авснаас хойш хөдөө явахдаа моторын тосыг солиогүй, эсвэл буруу шатахуун хийснээс мотор цохьсон байх магадлалтай учир нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус тайлбарлан мэтгэлцсэн.

Гэрээний зүйл болох Тоёота Хайландер Гибрид маркийн автомашин нь 2008 онд үйлдвэрлэгдсэн, хуучин эд хөрөнгө гэдгийг зохигчид хүлээн зөвшөөрөх бөгөөд тэдний хооронд хийсэн худалдах, худалдан авах хэлцлээр талууд эд хөрөнгийн чанарын талаар нарийвчлан тохиролцоогүй байна.

2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр автомашиныг худалдан авагч тал хүлээн авснаас хойш 7 хоногийн дараа мотор нь цохиж, энэ талаар худалдагч талд мэдэгдсэн болох нь гэрээний талуудын үйлдсэн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн баримтад хариуцагч С.Цогтбаярын “... уг машины мотор цохиж эвдэрсэн тул энэ ондоо багтааж АНУ-аас мотор авчирч сольж өгнөө. Хэрвээ сольж өгөөгүй тохиолдолд үл маргах журмаар мөнгийг буцаан өгөх буюу хуулийн хариуцлага хүлээхэд гомдолгүй” гэсэн бичиглэл бүхий баримтаар тогтоогдсон байх тул худалдан авагч тал Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийн доголдлын талаар гомдлын шаардлага гаргаж, гэрээг цуцлахыг шаардсан нь үндэслэлтэй байх тул зохигчдын хооронд байгуулагдсан автомашин худалдах, худалдан авах аман гэрээг цуцлан, хариуцагч С.Цогтбаяраас гэрээний дагуу төлөгдсөн 30,500,000 төгрөгийг буцаан гаргуулж, нэхэмжлэгч Р.Ууганбаяр, Д.Хатанбаатар нарт олгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Хариуцагч С.Цогтбаяр 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр талуудын байгуулсан баталгаа бүхий баримтыг няцаагаагүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрийн тайлбар татгалзлыг баримтаар нотлох үүргээ хангалттай биелүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Түүнчлэн, нэхэмжлэгч Р.Ууганбаяр, Д.Хатанбаатар нар нь хариуцагч С.Цогтбаяраас автомашиныг худалдан авахын тулд “Хас банк” ХХК-тай зээлийн гэрээ байгуулан, 15,000,000 төгрөг зээлснээр 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн зээлийн хүүгийн төлбөрт 2,467,000 төгрөг төлсөн болох нь “Хас банк” ХХК-ийн орлогын маягт бүхий баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар тогтоогдсон 2,467,000 төгрөгийн хохирлыг хариуцагчаас гаргуулж, илүү нэхэмжилсэн 959,500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6, 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ШБ69042017 регистртэй, Лувсан овогт Сүмбэрэлийн Цогтбаяраас 32,967,000 /гучин хоёр сая есөн зуун жаран долоон мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р.Ууганбаяр, Д.Хатанбаатар нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 959,500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 329,220 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 322,785 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай.

3.Иргэний   хэрэг   шүүхэд   хянан   шийдвэрлэх   тухай   хуулийн   119   дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр   танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.    

 

 

ДАРГАЛАГЧ                         А.САРАНТУЯА