Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 303

 

Р.Ууганбаяр, Д.Хатанбаатар нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Наранцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШШ2016/05897 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Р.Ууганбаяр, Д.Хатанбаатар нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С.Цогтбаярт холбогдох

 

Худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн  30 500 000 төгрөгийг буцаан шаардсан, хохиролд  3 426 500 төгрөг, нийт 34 254 000 төгрөг гаргуулах  нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч С.Цогтбаярын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Р.Ууганбаяр, Д.Хатанбаатар

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч: Ш.Мягмарцэрэн

Хариуцагч: С.Цогтбаяр

Хариуцагчийн өмгөөлөгч: Ч.Бярзана

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр иргэн С.Цогтбаяраас Тоёота Хайландер маркийн машиныг 30 500 000 төгрөгөөр Хас банкны лизингээр худалдаж авсан. Бид бэлнээр 20 500 000 төгрөг төлж, үлдэх 15 000 000 төгрөгийг зээл авч төлсөн.  Машиныг худалдаж авснаас хойш 7 хоногийн дараа уг машины мотор цохиж эвдэрсэн. С.Цогтбаярт утсаар хэлэхэд “би 100 хувь хариуцна, 2 сарын дараа АНУ-аас яг адилхан машин ирнэ, тэгэхээр нь моторыг нь сольж тавьж өгөөд энэ моторыг нөгөө машиндаа тавиад зарчихнаа, санаа зоволтгүй” гэсэн. 3 сар гаруй хүлээлгэсний эцэст зан ааш нь хувирч, хэл амаар доромжлоод зогсохгүй сүүлдээ утсаа салгаад алга болсон. Энэ хугацаанд машинаа унаагүй хэрнээ банкны зээлийн хүүд  4 сарын турш 3 426 500 төгрөг төлсөн. Иймд  С.Цогтбаяраас  34 254 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч С.Цогтбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд шүүхэд гаргасан тайлбартаа:  Уг автомашин нь 2008 онд үйлдвэрлэгдсэн, хуучин машин.  Энэ хүмүүс  унаж үзэж шалгаж авсан. Машин авсных нь дараа моторынхоо тос маслыг солиороо гэж сануулсаар байхад огт үйлчилгээ хийлгүй Архангай аймаг яваад ирэхдээ утаа хаяад байна гэсээр ирсэн. Гэвч би Хас банктай байгуулсан хамтран ажиллах гэрээний үүргийн дагуу уг автомашиныг авто засварын газарт оруулж бүтэн ээлж хийлгэн засвар үйлчилгээ хийлгэж хүлээлгэн өгсөн ба нэхэмжлэгч нар уг автомашинаа аваад Архангай аймаг руу найранд  дахин явсан. Одоо уг машинаа унаж хэрэглээд явж байгаа. Засвар үйлчилгээний хөлс 1 200 000 төгрөг, тохиргоо 300 000 төгрөг, моторын масло, шүүр, очлуур, тосол гэх мэтийн нийт 2 400 000 төгрөгийн зардлыг өөрөөсөө гарган хийсэн. Хэрвээ машины мөнгийг нь буцаана  гэвэл машины номер авлаа л бол үнэлгээ унадаг, өөрсдөө 2 ч удаа хөдөө явсан учир худалдсан үеэс өнөөдрийг хүртэл үнэлгээ өөрчлөгдөх ёстой гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6, 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ШБ69042017 регистртэй, Лувсан овогт Сүмбэрэлийн Цогтбаяраас 32,967,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р.Ууганбаяр, Д.Хатанбаатар нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 959,500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 329,220 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 322,785 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож  шийдвэрлэжээ.

 

Хариуцагч С.Цогтбаяр давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч нар машин худалдан авснаас хойш 10 гаруй хоногийн дараа Архангай аймаг яваад ирлээ, Лүнгээс бинзен хийсэн юм, тэгээд л машин утаа хаяад хүчгүй болчихлоо гээд над руу ярьсан, би яваад ир, үзээд өгье гэсэн. Ингээд уг машиныг үзэхэд хуучин маслотайгаа,  масло нь багадсан учраас выкладеш нь давхар эргэсэн байсан тул  шинэ выкладеш тавьж тохиргоо хийлгэж, сэлбэг болон ажлын хөлсөнд 2 400 000 төгрөгний үйлчилгээ хийлгээд зүгээр болгоод өгсөн. Худалдан авсан машинаа одоо хүртэл унаж явж байгаа, би автомашинаа 4 шинэ дугуйтай өгсөн, гэтэл дугуй нь халцарч элэгдсэн байсан тул байнга л явж байгаа гэсэн үг. Анхан шатны шүүх  алдаатай дүгнэлт хийсэн.

 Хатанбаатар, Ууганбаяр нарт энэ ондоо багтааж АНУ-аас машины мотор авчирч сольж өгье гэдэг бичиглэл хийж харилцан тохирсон байтал  харилцан тохирсон хугацаа болоогүй байхад гэрээ цуцлах үндэслэл болгожээ. Техникийн оношлогоо дүгнэлт гаргуулах хүсэлтийг шүүх хангаагүй шийдвэрлэсэн нь алдаатай байна. Доголдол нь худалдан авагч түүнийг ашиглах журам зөрчсөнөөс  үүссэн байхыг нягтлан тогтоогоогүй. Хүү, алданги гаргуулах үндэслэлгүй. Шүүхийн  шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний талаар болон агуулгын өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

 

            Нэхэмжлэгч Р.Ууганбаяр, Д.Хатанбаатар нар нь хариуцагч С.Цогтбаярт холбогдуулан авто машин худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн 30 500 000 төгрөг, хохиролд 3 426 500 төгрөг шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч ашиглалтын журам зөрчсөнөөс эвдэрсэн моторыг сольж өгөх гэрээний үүрэг гүйцэтгэх хугацаа болоогүй гэсэн үндэслэл заан маргажээ.

 

            Талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн  гэрээгээр худалдагч буюу хариуцагч С.Цогтбаяр нь JTEEW41 A482023229 арлын дугаартай “Тоёота Хайландер гибрид” маркийн авто машиныг худалдан авагч буюу нэхэмжлэгч Р.Ууганбаяр, Д.Хатанбаатар нарын өмчлөлд шилжүүлсэн, 30 500 000 төгрөгийг хүлээн авсан үйл баримт, зохигчдын тайлбараар тогтоогдсон тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ. 

 

Гэрээний зүйл нь хуучин авто машин гэдэгт талууд маргаагүй бөгөөд уг авто машины чанар байдлын талаар гэрээнд тусгайлан заагаагүй байх боловч Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2 дах хэсэгт заасан зориулалтаар ашиглах боломжтой буюу биет байдлын доголдолгүй авто машиныг шилжүүлэх үүрэг мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчид ногддог.

 

Иймд уг авто машиныг ердийн тээврийн хэрэгслийн зориулалтаар ашиглах боломжтой байх нь биет байдлын доголдолгүй гэж үзэх үндсэн нөхцөл бөгөөд худалдан авагчид шилжүүлсэн авто машины мотор цохих гэмтэл илэрсэн үйл баримтын талаар талууд маргаагүй. Уг доголдлыг арилгахтай холбоотойгоор хариуцагч буюу худалдагч нь тодорхой үүргээ Иргэний хуулийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт  зааснаар хэрэгжүүлсэн боловч доголдол  арилаагүй болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.  /хх-ийн 39-40 дүгээр тал/

 

Иймд худалдан авагч нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар гэрээг цуцлахаар худалдагч С.Цогтбаяраас шаардах эрхтэй юм.

 

Уг гэрээгээр удаан үргэлжлэх, үе шаттай хэрэгжүүлэх үүргийг талуудад ногдуулаагүй тул худалдан авагчийн гэрээг цуцлах шаардлага нь үүрэг зөрчсөний улмаас гэрээнээс татгалзсантай адил үр дагавар үүсгэжээ. Иймд нэхэмжлэгч тал нь гэрээнээс татгалзаж Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээний гүйцэтгэл 30 500 000 төгрөгөө буцаан шаардсаныг буруутгах боломжгүй.

 

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.7 дах хэсэгт зааснаар худалдан авагч нь гэрээний зүйл болох авто машиныг буцаан өгөх, худалдагч нь гэрээний дагуу шилжүүлэн авсан 30 500 000 төгрөгийг худалдан авагч буюу нэхэмжлэгч нарт буцаах үүргийг биечлэн нэгэн зэрэг гүйцэтгэх ёстой юм. Гэвч маргааны зүйл болсон авто машин нь фидуцийн гэрээгээр Хас банк ХХК-ийн өмчлөлд шилжсэн гэх үйл баримт нэхэмжлэгчийн тайлбар, Р.Ууганбаяр Хас банк ХХК-ийн хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээ, фидуцийн гэрээ зэрэг баримтаар тогтоогдсон. Энэхүү шийдвэрийн хүрээнд уг авто машиныг хариуцагчид буцаахаар шийдвэрлэх боломжгүй байна. Харин хариуцагчийн зүгээс гэрээгээр шилжүүлсэн авто машиныг буцаан гаргуулах, эсхүл учирсан хохирлоо арилгуулахаар шаардлага гаргахад энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй. /х.х-ийн 42-54 дугаар хуудас/  

 

Харин нэхэмжлэгч нарын банкны зээл авч хүү төлсөн нь хариуцагчийн доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн үйлдэлтэй шууд шалтгаант холбоогүй, гэрээнээс татгалзсанаас үүссэн бодит хохирол гэж дүгнэх боломжгүй байхад уг төлбөрийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Анхан шатны шүүх гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөн хөрөнгөө буцаан шаардах эрхийн үндэслэл болсон хуулийн зохицуулалтыг баримтлаагүй байх тул шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгийг нэмж, нэхэмжлэлийн шаардлагыг худалдах худалдах авах гэрээний үнэ буюу 30 500 000 төгрөгийн хэмжээнд хангасан өөрчлөлт оруулж, шийдвэрлэв.

 

Түүнчлэн анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан атлаа шийдвэрийн удирдлага болгосон хэсэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалтыг баримталсан нь алдаатай байгааг  тэмдэглэх нь зүйтэй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид анхан шатны шүүхээс зохигчид эрх, үүргээ хэрэгжүүлэх хугацааг хангалттай буюу 47 хоног олгосон байх тул хариуцагчийн эрх зөрчигдсөн, хязгаарлагдсан гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж,  хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШШ2016/05897 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад  “Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1” гэж нэмж, “32 967 000” гэснийг “30 500 000” гэж, “959 500” гэснийг “3 426 500” гэж, 2 дах заалтын “322 785” гэснийг “310 450” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Цогтбаярын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 322 785 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                            ШҮҮГЧИД                                     М.НАРАНЦЭЦЭГ

                                                                    Ш.ОЮУНХАНД