Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2018/00767

 

Д.Ч-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 181/ШШ2017/02731 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 237 дугаар магадлалтай,

Д.Ч-ын нэхэмжлэлтэй,

Ж.Н-д холбогдох,

11.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариунболдын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:хариуцагчийн төлөөлөгч Г.Мягмардорж, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Б.Баярхүүтэй 2017 оны 05 дугаар сарын 28-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулан 54-83 УБП улсын дугаартай Ниссан Икстрэйл автомашиныг 11.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцон 2017 оны 05 дугаар сарын 28-ны өдөр худалдаж авсан. 8.000.000 төгрөгийг дансаар шилжүүлээд 2.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн. 5 дугаар сарын 29-ний өглөө 1.000.000 төгрөгийг данснаас авч өгөөд орой нь Завхан аймгийн Нөмрөг сум руу явсан. Гэтэл  шөнө Архангай дээр мотор нь цохиод Ж.Н-той өглөө үүрээр холбогдож, ярихад таньдаг хүнээ явуулж машиныг үзүүлээд засварын газар аваачиж өгсөн. Одоо машины мөнгө болох 11.000.000 төгрөг, ачуулж ирсний хөлс 500.000 төгрөг нийт 11.500.000 төгрөгийг Ж.Н-оос гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж.Н шүүхэд гаргасан тайлбартаа: 2017 оны 05 дугаар сарын 28-ны өдөр үл мэдэх хүнд 54-83 УБП улсын дугаартай Ниссан Икстрэйл автомашиныг худалдсан. Машин зардаг гэх хоёр хүнтэй ирж маш олон цаг үзэж шалгасан. Үзэж шалгаад биет байдлын доголдолгүй байна гэдгийг хүлээн зөвшөөрөөд машиныг шилжүүлж авсан. Уг машин 2017 оны техникийн улсын үзлэгт орсон байсан. Авто тээврийн хэрэгслийг шилжүүлэх журамд тухайн жилийн улсын техник үзлэгт хамрагдаагүй машиныг нэр шилжүүлэхийг хориглодог. Гэтэл уг машин  2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр шилжсэн. Энэ машиныг өөрийн өмчлөлд шилжүүлэн авч явсан өдрөөс хойш хэзээ эвдрэл гэмтэл гарсан гэдэг нь ойлгомжгүй. Нэхэмжлэгч хэдэн сарын хэдний өдөр ярьсан гэдэг нь тодорхойгүй байгаа. Мөн тээврийн хэрэгслийг ямар шалтгаанаар эвдэрсэн гэдгийг засварын газраас тогтоогоогүй, уг машиныг ачуулахдаа тусгай зөвшөөрөлтэй ачилтын компани эсхүл ачаа тээвэрлэлтийн хуульд зааснаар яаж ачуулж ирсэн гэдэг нь тодорхойгүй. Тэгэхээр уг машин биет байдлын болон эдийн ямар нэгэн доголдолгүй байсан гэдэг нь тогтоогдож байна гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 181/ШШ2017/02731 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 215 дугаар зүйлийн 251.2, 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.Н-оос нийт 11.500.000/арван нэгэн сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Ч-т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Д.Ч-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 198.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Н-оос улсын тэмдэгтийн хураамжид 198.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Ч-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 237 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 181/ШШ2017/02731 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 198.950 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариунболд хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дугаар сарын 02-ны өдрийн 181 /ШШ201702731 дугаар шийдвэр, нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 237 дугаар магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Шүүх хариуцагч нь уг тээврийн хэрэгслийг худалдах үед ямар нэгэн эдийн доголдолгүй байсан, нэхэмжлэгч нь худалдан авах үедээ машин зарж борлуулдаг 2 хүнтэй ирж маш олон цагаар үзэж, тээврийн хэрэгслийг жолоодон ямар нэгэн эдийн доголдолгүй байна хэмээн үзэж худалдан авсан тухай тайлбарласан байхад уг тайлбарыг магадалж үзээгүй хэргийг шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч Чимэдпхам нь 2017 оны 05 дугаар сарын 28-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэж тайлбарладаг бөгөөд гэрээ нь ямар нэгэн биет байдал юмуу цаасан дээр байгуулж Иргэний хэргийн зохих шаардлагуудыг хангасан зүйл байхгүй байхад шүүх гэрээ байгуулсан гэж үзсэн, 54-83 УБП улсын дугаартай Тээврийн хэрэгслийн хөдөлгүүр худалдан авсан өдрөөс хойш хэдэн хоногт эвдэрсэн, эвдрэлийг ямар байгууллагаар тогтоолгож акт тавиулсан, эвдрэлийн шалтгаан юу байсан талаар баримт хэрэгт авагдаагүй байхад шүүх өөрийн үзэмжээр хөдөлгүүр эвдэрсэн нь нотлогдсон, гэрээ байгуулсны маргааш эвдэрсэн гэх мэт хийсвэр зүйлээр дүгнэж шийдвэр гаргасан нь хуулийн буруу хэрэглэсэн, нэхэмжлэгч талд ашигтай байхаар шийдвэрлэсэн нь илт байна. Нэхэмжлэгч нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт тээврийн хэрэгслийг худалдан авсан өдрөөс хойш хэзээ хөдөлгүүр нь эвдэрснийг санахгүй байсан, худалдан авсан газраас ойролцоогоор 500 гаруй км зүгээр явж байсан гэнэт эвдэрсэн гэж тайлбарласан боловч шүүх түүнийг хөтөлсөн асуултаар машин чинь гэнэт зогссон биз дээ гэж асууж байсан. Нэхэмжлэгч нь тээврийн хэрэгслийн хөдөлгүүр эвдэрсэн тухай 2017 оны 07 дугаар сард хариуцагчид утсаар хэлж байсан ба хэрэгт авагдаагүй зөвхөн нэхэмжлэгчийн тайлбараар 2017 оны 03 дугаар сарын 31-нд мэдэгдсэн мэтээр дүгнэсэн, тээврийн хэрэгслийг тодорхой үйл ажиллагаа явуулдаггүй хувь хүний ачааны машинаар Улаанбаатар хот руу ачуулсан нь уг тээврийн хэрэгслийн хөдөлгүүр эвдэрснийг ачилтын машины жолоочийн тайлбараар нотлогдсон гэж үзсэн хуулийг буруу хэрэглэсэн шийдвэр болсон байна.

Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ201702731 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 237/дугаар магадлалыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Нэхэмжлэгч Д.Ч- нь хариуцагч Ж.Н-оос 11.500.000 төгрөг нэхэмжлэхдээ доголдолтой машин худалдсан тул машины үнэ, ачуулсан зардлыг гаргуулах гэжээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, машиныг шалгаж авсан, доголдолгүй байсан гэж маргажээ.

Талууд 2017 оны 5 дугаар сарын 28-ний өдөр 54-83 УБП улсын дугаартай, Ниссан Икстрэйл маркийн автомашиныг 11.000.000 төгрөгөөр худалдах-худалдан авахаар харилцан тохиролцжээ. Нэхэмжлэгч машины үнийг бүрэн төлж, тээврийн хэрэгслийг 2016 оны 5 дугаар сарын 29-ний өдөр өөрийн нэр дээр шилжүүлэн авсан, Завхан аймаг явах замд машины мотор эвдэрсэн, Улаанбаатар хот руу ачуулахад 500.000 төгрөгийн зардал гаргасан нь хэргийн баримтаар тогтоогджээ.

Зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан ба гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй байна.

Харин гэрээний зүйл болох машин биет байдлын доголдолтой байсан эсэх талаар талууд маргажээ.  

Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1.-т зааснаар  гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзэх ба гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзэх талаар мөн зүйлийн 251.2.-т зохицуулжээ.

Худалдан авагч машиныг шалгаж авсан хэдий ч 1 хоногийн дараа мотор нь эвдэрсэн нь тогтоогджээ.   

Эд хөрөнгийн чанарын доголдол нь тухайн эд хөрөнгийг хүлээн авах үед ч, ашиглалтын явцад ч илрэх магадлалтай тул доголдолтой эд хөрөнгө худалдсан талаарх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч үгүйсгэж чадаагүй байна.

Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1.-т зааснаар эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдан авагч гэрээг цуцлах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд худалдагч нь худалдан авагчид учирсан хохирол, зардлыг нөхөн төлөх үүрэгтэй, нэхэмжлэгч гэрээг цуцалж хохирол, зардлаа шаарджээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-т заасан татгалзлаа өөрөө нотлох хэргийн оролцогчийн үүргээ хариуцагч биелүүлээгүй, нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн тайлбараа баримтаар нотлоогүй байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримтад тулгуурлан маргааны үйл баримт хэргийн нөхцөл байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангахдаа хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн боловч шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн холбогдох заалтыг буруу бичсэнийг  давж заалдах шатны шүүх залруулаагүй байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 237 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 181/ШШ2017/02731 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...215...” гэснийг “...251...” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариунболдын гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр төлсөн 198.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ