Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 265

 

Т.Жавхлантын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, П.Соёл-Эрдэнэ, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Алтанбагана, гуравдагч этгээдийн өмгөөлөгч С.Сүхболд нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 158 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 329 дүгээр магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор Т.Жавхлантын нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг дарга болон Нийслэлийн Засаг дарга нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Т.Жавхлант шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, төвийн 74 тоот газарт 2002 оноос эхлэн гэр бүлийн хамт амьдарч байсан. 2004 оноос эхлэн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо хариуцсан байцаагч н.Мөнхбаатар, н.Хадбаатар нартай удаа дараа уулзаж, уг газраа эзэмших, ашиглах хүсэлтээ холбогдох байгууллагад гаргаж байсан бөгөөд тухайн үед цэвэр усны нөөц газар тул газар олгох болоогүй гэх мэт шалтгаанаар хүсэлтийг шийдвэрлэлгүй хойш тавьж байсан. Уг газар нь энгэр налуу байсан тул бид шороо зөөн засаж суурьшсан. Иймд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2010 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 325 дугаар захирамж, нийслэлийн Засаг даргын 2011 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 72 дугаар захирамжийн иргэн С.Чулуунцэцэгт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга шүүхэд гаргасан тайлбартаа: Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлага хангасан газар эзэмших хүсэлт гаргасан иргэн С.Чулуунцэцэгт холбогдох баримт бичгийг үндэслэн газар эзэмшүүлсэн. Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны өргөдөл, гомдлын дэвтрээс иргэн Т.Жавхлантыг газар эзэмших өргөдөл гаргаж байсан эсэхийг шүүж үзэхэд түүний нэр дээр ямар нэгэн өргөдөл, гомдол, хүсэлт бүртгэгдээгүй байна. С.Чулуунцэцэгт олгосон газрыг сансрын зураг, кадастрын мэдээллийн сангаас шүүж үзэхэд тус газар болон ойр орчмын газарт ямар нэгэн цэвэр усны нөөцийн бүртгэл байхгүй байна гэжээ.

Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн С.Чулуунцэцэг нь газар өмчлөх тухай өргөдөл гаргахдаа Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-д заасан баримт бичиг, түүний дотор тухайн газрыг эзэмших эрхийн гэрчилгээг хавсарган өгсөн бөгөөд нийслэлийн Засаг дарга 2011 оны 72 дугаар захирамжаар иргэн С.Чулуунцэцэгт маргаан бүхий газрыг өмчлүүлэхээр шийдвэрлэсэн нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

Гуравдагч этгээд С.Чулуунцэцэг шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2003 оны 04 дүгээр сард Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, төвийн 74 тоот газарт газар эзэмшихээр хашаа барьж, Газрын албанд өргөдөл гарган газар эзэмших цагаан гэрчилгээ авсан. Кадастрын албанд хандаж баталгаажуулсан. Би 2003-2006 оны хооронд Гачууртад амьдарч байсан. 2011 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 72 дугаар захирамжаар өөрийн газраа өмчлөн авсан. 2011 оноос хадам аав болох М.Хосбаатарыг асран хамгаалахаар Говьсүмбэр аймаг руу ажиллахаар явсан. Тэр үеэс Т.Жавхлант миний эзэмшлийн газарт амьдарч, газрыг өөрийн газар мэт ашиглаж ирсэн. Би газраа зохих журмын дагуу өмчлөн авсан тул Т.Жавхлантын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 158 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.1, 32.2, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.3-д заасныг баримтлан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2010 оны 325 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын 2011 оны 72 дугаар захирамжуудын иргэн С.Чулуунцэцэгт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий иргэн Т.Жавхлантын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 329 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 158 дугаар шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Нэхэмжлэгч Т.Жавхлант хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт "газар эзэмшихээр хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх" шаардлага тавигддаг.

Миний бие Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, төвийн 74- тоот газарт 2002 оноос одоог хүртэлх хугацаанд гэр бүлийн хамт амьдарч байгаа төдийгүй удаа дараа Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо хариуцсан байцаагч Н.Мөнхбаатар, Н.Хадбаатар нарт хүсэлт гаргаж байсан. Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5 дахь хэсэгт иргэний гаргасан хүсэлтэд дүүргийн газрын алба хариу өгөхөөр заасан бөгөөд хэрэв хүсэлт шаардлага хангаагүй бол үндэслэлийг тодорхой заахаар тусгасан. Дээр нэр дурьдсан байцаагч нар хүсэлтийг маань хүлээн авахаас татгалзсан үндэслэлээ "уг газар нь цэвэр усны нөөц газар тул газар олгох боломжгүй" гэж тайлбарласан боловч иргэн С.Чулуунцэцэгт уг газрыг эзэмшүүлсэн нь хууль бус үйлдэл болсон бөгөөд улмаар миний газар эзэмших хууль ёсны эрх, ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчсөн болно.

Гэтэл захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүх хэт нэг талыг барьж, бодит байдлыг бүх талаас нь бүрэн судлалгүй хэт явцуу шийдвэр гаргасан тул шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Т.Жавхлант нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2010 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 325 дугаар захирамжийн болон Нийслэлийн Засаг даргын 2011 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 72 дугаар захирамжийн С.Чулуунцэцэгт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Нэхэмжлэгчээс “маргаан бүхий газрыг С.Чулуунцэцэгээс түрүүлж эзэмшиж байсан” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.

Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт зааснаар иргэн газар эзэмших хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу өргөдлийн маягт бөглөж, холбогдох баримтын хамт гаргах ёстой. Гэтэл нэхэмжлэгчийн тухайд зохих журмын дагуу захиргааны байгууллагад газар эзэмших хүсэлт гаргаж байгаагүй байна.

Нэхэмжлэгчээс “газар эзэмшихээр удаа дараа хүсэлт гаргасан, захиргааны байгууллага хариу өгөөгүй” гэж маргаж байгаа боловч удаа дараа захиргааны байгууллагад хандсан гэдэг нь ямар нэг баримтаар тогтоогдоогүй, энэ тухай анхан болон давж заалдах шатны шүүхээс үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Хэрэгт авагдсан баримт, маргаан бүхий газрын сансрын зургаас үзэхэд 2007, 2011 онуудад маргаан бүхий газар хоосон байсан болох нь тогтоогдсон тул нэхэмжлэгчийн “2002 оноос хойш амьдарч байгаа” гэх тайлбар няцаагдсан байна.

Нэхэмжлэгчийн “гуравдагч этгээд С.Чулуунцэцэг уг газарт амьдарч байгаагүй байхад яаж газар олгоод байгааг ойлгохгүй байна” гэх гомдлын тухайд гуравдагч этгээд нь нэхэмжлэгчээс түрүүлж, газар эзэмших хүсэлтээ зохих ёсоор гаргасан тул маргаан бүхий газрыг эзэмших эрх хуулийн дагуу гуравдагч этгээдэд үүсчээ. Нэхэмжлэгчийн тухайд маргаан бүхий газрыг эзэмших эрхтэй тухай захиргааны байгууллагын шийдвэр байхгүй тул хариуцагчийг буруутгах, нэхэмжлэгчид түрүүлж газар эзэмших эрх үүссэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй.

Нэхэмжлэгчийн “шүүх хэргийг бүх талаас нь бүрэн судлалгүйгээр, нэг талыг барьж, явцуу шийдвэр гаргасан” гэх гомдол үндэслэлгүй бөгөөд ямар нотлох шүүх үнэлээгүй, энэ нь хэрэгт ямар хамааралтай тухай тодорхой үндэслэл заагаагүй байна.

Шүүхүүд хэрэглэвэл зохих Газрын тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 158 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 329 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                              М.БАТСУУРЬ

       ШҮҮГЧ                                                                                       П.СОЁЛ-ЭРДЭНЭ