Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Готовдоржийн Цагаанцоож |
Хэргийн индекс | 130/2016/00719/И |
Дугаар | 001/ХТ2018/00765 |
Огноо | 2018-05-10 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 001/ХТ2018/00765
Ж.Е-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 711 дүгээр шийдвэр,
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 212/МА2018/00007 дугаар магадлалтай,
Ж.Е-ын нэхэмжлэлтэй,
“С” ХХК-д холбогдох,
ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
хариуцагчийн төлөөлөгч Ж.Адалбекийн гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч Ж.Е- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн тус компанид манаач болон 3 дугаар бохир усны насосын станцын машинистын ажилд томилогдон 2 жил 4 сар ажилласан. Намайг анх ажилд томилогдон ороход хөдөлмөрийн гэрээг байгуулаагүй. Би манаач хийж байхад 2 цаг тутам насосын ажиллагааг хянах, цэвэрлэх, ажиллуулах үүрэгтэй ажилласан. Манаач болон машинистын орон тоо, бүтэц хасагдаагүй бөгөөд хасагдах, цомтгогдох талаар огт сонсоогүй. Гэтэл “С” ХХК-ийн захирал Ж.Адалбек 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ажлаас чөлөөлсөн тухай 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 90 тоот тушаалыг өгсөн. Намайг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн гэж үзэж байна. Надад ажил олгогчоос ямар нэгэн мэдэгдэх хуудас өгөөгүй. С ХХК-нд орон тооны цомхтголоор манаачийн орон тоо байхгүй болсон гэдэг нь худлаа. 2 манаач одоо хүртэл тогтмол ажиллаж байгаа. Иймд намайг урьд эрхэлж байсан С ХХК-ийн захиргаа аж ахуйн цехийн ээлжийн манаач бөгөөд 3 дугаар бохир усны насосын станцын машинистын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.
Хариуцагч “С” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: тус компани нь 2012 оноос орон нутгийн дэд бүтцийн төсөл, хөтөлбөрүүдэд туслан гүйцэтгэгчээр ажилласан учраас тухайн үед ажлын шаардлагаар Ж.Е-ыг захирлын 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 28 дугаартай тушаалаар 2014 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн тус компани бетон цехийн туслах ажилчнаар ажиллуулж байгаад 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн туслах ажилтнаас чөлөөлж, захиргаа аж ахуйн хашааны ээлжийн манаачаар түр томилжээ. Тус компани нь аймгийн цэвэр, бохир усны инженерийн шугам сүлжээний найдвартай хангалтыг хариуцаж ажилладаг тул хүн, хүчний дутмаг байдал, ажлын шаардлагаар ажилчдыг өөр ажил хавсран гүйцэтгүүлэх, хөдөлмөрийн гэрээгээр түр хугацаагаар, улирлын чанартай ажиллуулдаг тохиолдол гардаг. Энэхүү ажлын шаардлагаар Ж.Е-ыг 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр манаачийн ажлаас чөлөөлөн 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн 3 хүний халуун усны уурын зуухны машинист, сахиулаар томилон ажиллуулж байгаад 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн захирлын 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 65 дугаартай тушаалаар захиргаа аж ахуйн цехийн ээлжийн манаач бөгөөд 3 дугаар бохир усны насосын станцын машинистаар томилсон. Нэхэмжлэгч Ж.Е-ын ажиллаж байсан захиргаа аж ахуйн цехийн ээлжийн манаач бөгөөд 3 дугаар бохир усны насосын станцын машинистын орон тоо нь дээрх ТУЗ-ийн тогтоолын дагуу цомхтгогдсон тул Ж.Е-д Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар 30 хоногийн өмнө мэдэгдэх хуудсаар мэдэгдэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1- д заасныг үндэслэн ажил олгогчийн санаачилгаар 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Иймд Ж.Е-ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, түүний шүүхэд гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй тул хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 711 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Е-ыг Баян-Өлгий аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний С ХХК-ийн захиргаа аж ахуйн цехийн ээлжийн манаач бөгөөд 3 дугаар бохир усны насосын станцын машинистын ажилд эгүүлэн тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх хэрэг тул нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч С ХХК-иас 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэжээ.
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 212/МА2018/00007 дугаар магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 711 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч Ж.Адалбек хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 105-ны өдрийн 212МА201800007 дугаартай магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
С ХХК-ийн ТУЗ-ийн 2016 оны 9-р сарын 19-ний өдрийн 5 дугаар тогтоолоор компанийн бүтцийг шинэчлэн батлан, уг тогтоолын 1-р хавсралтаар орон тооны дээд хязгаарыг 51 орон тоогоор, 2-р хавсралтаас энэхүү 51 орон тоонд ямар албан тушаалтан ажиллах талаар албан тушаалын нэг бүрчлэн нэрлэн зааж өгсөн. Төлөөлөн удирдах зөвлөлөөс С ХХК-ийн бүтцийг шинэчлэн тогтоож өмнө байсан захиргаа аж ахуйн цехийн манаач бөгөөд 3 дугаар бохир усны станцын машинистын 3 орон тоог хасч баталсан учраас ажил олгогчийн зүгээс уг орон тоонд ажиллаж байсан 2 ажилтан болон Ж.Е-д нэг сарын өмнө мэдэгдэх хуудсаар мэдэгдэж 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 90 дугаартай тушаалаар нь ажлаас нь чөлөөлж хуульд заасан тэтгэмжийг олгохоор шийдвэрлэсэн. ТУЗ-ийн 2016 оны 9-р сарын 19-ний өдрийн 5 дугаар тогтоол хавсралтын хамт цомхтгол хийсэн эрхийн акт бөгөөд үүнийг хариуцагч талаас нотлох баримтаар гаргаж өгсөөр байхад шүүх нотлох баримтаар үнэлээгүйд гомдолтой байна. Ажил олгогчийн зүгээс ажилтан 1 сарын өмнө буюу 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэх хуудсаар мэдэгдэж гарын үсэг зурсан байхад уг мэдэгдэх хуудсыг шаардлага хангаагүй гэж үзсэн анхан шатны шүүхийн алдааг давж заалдах шатны шүүх зөвтгөх боломжтой байсан. Улмаар ТУЗ-ын тогтоолоор захиргаа аж ахуйн цехийн манаачийн орон тоо болон 3, 2, 4-р бохир усны машинистын орон тоог хасч баталсан учраас уг орон тоонд ажиллаж байсан ажилчид цомхтголд орсон. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ
Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааныг Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэл бүхий хянан шийдвэрлэжээ.
Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна.
Нэхэмжлэгч Ж.Е- нь ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэл гаргахдаа ажлаас үндэслэлгүй халагдсан гэжээ. Хариуцагч “С” ХХК нь нэхэмжлэлээс татгалзахдаа “...орон тоо хасагдсан” гэсэн тайлбар гаргаж, маргажээ.
Ажил олгогч нь 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр 90 дугаар тушаал гаргаж, Ж.Е-ыг захиргаа аж ахуйн ээлжийн манаач бөгөөд 3 дугаар бохир усны насосын станцын машинистын үүрэгт ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг үндэслэл болгожээ.
Хуулийн дээрх зохицуулалтаар хөдөлмөрийн гэрээг цуцлахын тулд аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн нь баримтаар тогтоогдсон байх шаардлагатай.
Тус компанийн ТУЗ-ийн 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 5 дугаар тогтоолыг үндэслэн захирлын 2016 оны 10 дугаар сарын 10-ний өдрийн 88 дугаар тушаалаар албан тушаалын нэрс, орон тоог хавсралтаар баталсан байх боловч нэхэмжлэгчийн ажиллаж байсан орон тоог хассан, эсхүл цөөрүүлсэн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.
Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийг хангахдаа хийсэн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.
Иймд Ж.Е-ыг ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцжээ.
Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн төлөөлөгчийн гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 711 дүгээр шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 212/МА2018/00007 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Ж.Адалбекийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ