Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 484

 

 

 

 

 

 

 

  2020            5               13                                       2020/ШЦТ/....                       

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сарангоо

улсын яллагч А.Баясгалан,

шүүгдэгч Н.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Эд холбогдох эрүүгитоот дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монг

дугаарын регистртэй, Н.Э.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Н.Э нь 2019 оны 8 дугаар сраын 31-нээс 9 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт барйлах 46 дугаар байрны гадна иргэн Б.Э, Г.Г нартай маргалдан улмаар Б.Эгийн нүүр тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь зүүн ухархайн дотор ханын хугарал, зүүн зовхи хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, иргэн Г.Гийн толгой тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, духанд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу 2 хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Э мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Н.Эы өгсөн:

“...2019 оны 8 дугаар сарын 31-нээс 9 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18-р хороо, 41, 46-р байр орчим найз Этой тамхи татаад зогсож байтал хажуугаар 2 танихгүй эмэгтэй өнгөрсөн чинь Э нөгөө 2 эмэгтэйг эр юм уу эм юм уу гээд байсан. Тэгтэл нөгөө 2 эмэгтэй буцаж ирээд Эыг гичий минь юу гээд байгаа юм гээд бас над руу дайраад миний үснээс зулгаахаар нь би нөгөө 2 эмэгтэйгийн Эгийнх нь зүүн нүдний доод хэсэг орчим руу гараараа цохисон чинь Э байшингийн хана толгойгоороо мөргөсөн. Гийнх нь дух руу гараараа нэг удаа бас цохисон...” гэх мэдүүлэг /хх-н 64-65/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Эгийн өгсөн:

“...2019 оны 9 дүгээр сарын 01-ний шөнө 00:30 цагийн үед Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг Руская гимназия сургуулийн дэргэдэх машины зогсоол дээр явж байхад хойно үл таних 2 залуу бид хоёрыг эм юм уу эр юм уу гээд дуудаж асуусан. Юу гээд байгаа юм бэ гэж хэлээд намайг эр юм уу эм юм уу гэж асууж байна гэхэд манай найз охин чамд ямар хамаатай юм бэ гэж хэлсэн. Тэр залуутай найз хүүхэн хэрэлдэж байхад нь би дундуур нь ороод хүн зүгээр явж байхад яахаараа дээрэлхээд байгаа юм бэ гэхэд миний хэн гэдгийг мэдэх үү миний өөдөөс үг хэлдэг хэн бэ гэж хэлсэн. Үл таних залуу түлхээд, үснээс үсдэж аваад би цаашаа түлхсэн чинь найз нь дундуур орж ирээд бид хоёрыг салгах гэтэл зүүн талын нүүр лүү дайраад цохисон. Би байшингийн хана толгойныхоо араар цохиулахдаа мөргөсөн. Хуулийн дагуу арга хэмжээ авхуулмаар байна...” гэх мэдүүлэг /хх-н 21-22, 35-36/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Г.Гийн өгсөн:

“...2019 оны 8 дугаар сарын 31-нээс 9 дүгээр сарын 01-нд шилжих шөнө 00:10 цагийн үед Баянгол дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрт 41-р байрны гадна найз Эгийн хамт алхаж явтал үл таних 2 залуу таараад намайг нэг нь энэ одоо эр юм уу эм юм уу гэсэн. Тэгэхээр нь манай найз бид 2 дуугүй өнгөрөөгөөд явсан чинь нөгөө 2 залуу одооны энэ янханууд эр эм нь мэдэгдэхгүй юмаа гэхээр нь би эргэж хараад та нарт ямар хамаатай юм бэ гэтэл Э гэгч залуу алнаа гэж ирэнгүүтээ манай найзын үснээс нь зулгааж байгаад нүүр лүү нь гараараа цохисон манай найз цохиулахдаа хана мөргөсөн. Э миний цамцнаас татаж зууралдаад толгой руу цохисон. Миний биед толгой доргиж, духанд самардуулсан сорвитой болсон. Би Эд зодуулсандаа гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-н 30-31/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.З-гийн өгсөн:

“...2019 оны 8 дугаар сарын 31-нээс 9 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрт 46-р байрны орчим нөхөр Э, Эы найз Э нарын хамт зогсож байсан юм. Э, Э 2 тамхи татаад хоорондоо юм яриад л зогсоод байх шиг байсан. Тэгсэн танихгүй 2 эмэгтэй ирээд миний эр эм байх нь чамд ямар хамаатай юм гээд Эыг үснээс нь зулгаагаад дараад зууралдаад Э үснээсээ тавиулахад нөгөө 2 эмэгтэйгийн нэгийг нь нүүр лүү цохисон чинь нөгөө охин нь хана мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх-н 49-50/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 10793 тоот: 

  1. Г.Г-н биед тархи доргилт, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

  4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 40/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 10623 тоот: 

  1. Б.Э-н зүүн ухархайн дотор ханын хугарал, зүүн зовхи хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус хуралт гэмтэл тогтоогдоо.

  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

  4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

  5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна гэх дүгнэлт /хх-н 41/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 66/

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 67/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Н.Э нь 2019 оны 8 дугаар сарын 31-нээс 9 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 46 дугаар байрны гадна иргэн Б.Э, Г.Г нартай маргалдан улмаар Б.Эгийн нүүр тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь зүүн ухархайн дотор ханын хугарал, зүүн зовхи хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, иргэн Г.Гийн толгой тус газар нь гараараа цохиж рэүүл мэндэд нь тархи доргилт, духанд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу 2 хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Н.Эы “...би нөгөө 2 эмэгтэйгийн Эгийнх нь зүүн нүдний доод хэсэг орчим руу гараараа цохисон чинь Э байшингийн хана толгойгоороо мөргөсөн. Гийнх нь дух руу гараараа нэг удаа бас цохисон...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Б.Эгийн “...Үл таних залуу түлхээд, үснээс үсдэж аваад би цаашаа түлхсэн чинь найз нь дундуур орж ирээд бид хоёрыг салгах гэтэл зүүн талын нүүр лүү дайраад цохисон. Би байшингийн хана толгойныхоо араар цохиулахдаа мөргөсөн...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Г.Гийн “...Э гэгч залуу алнаа гэж ирэнгүүтээ манай найзын үснээс нь зулгааж байгаад нүүр лүү нь гараараа цохисон манай найз цохиулахдаа хана мөргөсөн. Э миний цамцнаас татаж зууралдаад толгой руу цохисон...” гэх мэдүүлэг,

 

гэрч Б.З-гийн “...танихгүй 2 эмэгтэй ирээд миний эр эм байх нь чамд ямар хамаатай юм гээд Эыг үснээс нь зулгаагаад дараад зууралдаад Э үснээсээ тавиулахад нөгөө 2 эмэгтэйгийн нэгийнх нь нүүр лүү цохисон чинь нөгөө охин нь хана мөргөсөн...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 10793 тоот дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 10623 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Н.Эд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Н.Эыг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Хэргийн хохирогч Б.Э, Г.Г нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

  Хавтаст хэрэгт хохирогч нарын зүгээс гэмт хэргийн улмаас учирсан хохирлын баримт гаргаж өгөөгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэж, хохирогч нар шүүх хуралдаанд оролцоогүй учир хохирогч Б.Э, Г.Г нар нь гэмт хэргийн улмаас учирсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ. 

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Н.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргасан ба шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хуульд зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эд 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.  

 

Хэргийн хохирогч нар шүүх хуралдаанд оролцох тухай хүсэлтээ бичгээр гаргаагүй, улсын яллагч хохирогч нарыг оролцуулах тухай саналаасаа татгалзсан тул хохирогч нарыг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүхээс шүүгдэгч Н.Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Н.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эд 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Хохирогч Б.Э, Г.Г нар нь гэмт хэргийн улмаас учирсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ