Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 983

 

 

 

 

 

 

     2020            8               6                                        2020/ДШМ/983

 

 

Н.Э-д холбогдох эрүүгийн

     хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Н.Батсайхан, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Анхбаяр,

хохирогч Б.Э-, Г.Г-,   

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 2020/ШЦТ/484 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Б.Э-, Г.Г- нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Н.Э-д холбогдох эрүүгийн 1905040340507 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Тугчин овгийн Н.Э-, 19...... оны 8 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар суманд төрсөн, ......... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ......... хамт ................ оршин суух бүртгэлтэй, /РД: ............../;

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 167 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж Сонгинохайрхан дүүргийн шийдвэр гүйцэтгэх албаны 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 19/248 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгасан.

Н.Э- нь 2019 оны 8 дугаар сарын 31-нээс 9 дүгээр сарын 1-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 46 дугаар байрны гадна иргэн Б.Э-, Г.Г- нартай маргалдан улмаар Б.Э-гийн нүүр тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь зүүн ухархайн дотор ханын хугарал, зүүн зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад хөнгөн цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

иргэн Г.Г-ийн толгой тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, духанд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу 2 хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Н.Э-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Н.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э-д 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Н.Э- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдаж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдаж, хохирогч Б.Э-, Г.Г- нар нь гэмт хэргийн улмаас учирсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэжээ.

Хохирогч Г.Г- гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хуралдаанд биечлэн оролцуулаагүй, надад тов мэдэгдээгүйн улмаас шүүх хуралдаанд оролцож чадалгүй миний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж, эмчилгээ, томографийн мөнгөө, цаашид гарах эмчилгээний мөнгөө ч гаргуулж чадаагүйд маш их гомдолтой байна. Би эм, тарианы зардалд 441.7000 төгрөг, толгойн томографийн зардалд 100.000 төгрөг, шүүх эмнэлгийн 8000 төгрөг зарцуулсан. Мөн миний төрсөн өдрөөр бэлэглэсэн “Yamaha” брэндийн фудволкоо уруулсан. Нийт 614.700 төгрөгийн хохирол учирсан бөгөөд төлүүлэх хүсэлттэй байна. Шүүгдэгч Н.Э- нь надаас огт уучлалт гуйж байгаагүй, хохирол гэж нэг ч төгрөг өгөөгүйд гомдолтой байх тул түүнд ял оногдуулахдаа хохирогчийн саналыг харгалзалгүй хөнгөн ял оногдуулсан. Иймд миний гомдлыг хүлээн авч 614.700 төгрөгийг гаргуулж өгнө үү. Цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ. ...” гэв.

Хохирогч Б.Э- гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хуралдаанд биечлэн оролцоогүй, оролцож чадаагүйн улмаас миний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж, эмчилгээ, томографийн мөнгөө гаргуулж чадаагүйд маш их гомдолтой байна. Толгойн томографт орсон 100.000 төгрөг, шүүх эмнэлгийн 800.000 төгрөг, мөн мэргэжлийн эмчид үзүүлж зайлшгүй мэс засал хийлгэх заалттай. Хагалгааны төлбөр 3.000.000 төгрөг. Одоогоор нийт учирсан хохирол ийм тул үүнийг төлүүлэх хүсэлттэй байна. Шүүгдэгч Н.Э- нь надаас огт уучлалт гуйж байгаагүй, хохирол гэж нэг ч төгрөг өгөөгүйд гомдолтой байх тул түүнд ял оногдуулахдаа хохирогчийн саналыг харгалзалгүй хөнгөн ял оногдуулсан. Иймд шүүгдэгчээс хохирол төлбөр гаргуулж өгнө үү. Цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ. ...” гэв.

Прокурор Н.Анхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 484 дугаартай шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байна. Хохирогч нар хохирлын баримтуудаа мөрдөн шалгах ажиллагааны шатанд гаргаж өгсөн гэх боловч шүүхийн шатанд гаргаж өгөөгүй асуудал байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.13 дугаар зүйлд заасны дагуу прокурор анхан шатны шүүх хуралдаанд оролцсон. Анхан шатны шүүх хуралдаанаар хохирогчийг оролцуулах эсэх асуудлыг хэлэлцэхэд прокуророос “хохирогчийг оролцуулахгүйгээр, шүүх хуралдааныг үргэлжлүүлэх боломжтой” гэх санал гаргасан байсан. Анхан шатны шүүхээс хохирогч нар хохиролтой холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шүүгдэгч Н.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн нь хэргийн үйл баримтад тохирсон байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас “Н.Э-ыг 2019 оны 8 дугаар сарын 31-нээс 9 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хороо 46 дугаар байрны гадна Б.Э-, Г.Г- нартай маргалдан улмаар Б.Э-гийн нүүр тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь зүүн ухархайн дотор ханын хугарал, зүүн зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад хөнгөн цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, Г.Г-ийн толгой тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, духанд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад заасан “шүүх хуралдаанд шинжлэн судлах нотлох баримтын жагсаалт, мэдүүлэх авахаар дуудах бусад оролцогчийн нэр”-ийг яллах дүгнэлтийн хавсралтад тусгана гэсний дагуу “шүүх хуралдаанд хохирогч Г.Г-, Б.Э- нарыг оролцуулах саналтай” тухайгаа дурьджээ.

Гэтэл анхан шатны шүүхийн “Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай” 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 1070 дугаартай шүүгчийн захирамжаар “...шүүх хуралдааныг 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 11 цагаас улсын яллагч А.Баясгалан, шүүгдэгч Н.Э- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулах”-аар тогтоож шийдвэрлэхдээ дээрх прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад дурьдсан нэр бүхий хохирогч нарыг оролцуулах саналыг орхигдуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “шүүх хуралдаанд дуудан ирүүлэх хүний нэр”-ийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх захирамжид тусгах тухай заалтыг зөрчжээ.

Улмаар, мөн хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “шүүхийн хэлэлцүүлэг, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдаанд оролцох”, 1.9 дэх хэсэгт заасан “...гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах” тухай хохирогчийн эрхийг зөрчиж, хуралдааны товыг хохирогч нарт мэдэгдээгүй, шүүх хуралдаан эхлэхэд нарийн бичгийн даргаас “хохирогчид тов мэдэгдэхэд утсаа аваагүй” гэж илтгэсээр байхад шүүгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх хуралдаанд хохирогч ... хүрэлцэн ирээгүй бол шүүх хуралдаан даргалагч түүнийг оролцуулахгүйгээр хэрэг хэлэлцэж болох эсэхийг улсын яллагч, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчөөс асууж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэх, эсхүл хойшлуулах тухай асуудлыг шийдвэрлэнэ” гэсэн ажиллагаа явуулалгүй хуралдааныг үргэлжлүүлсэн нь буруу байна.

Хуулиар тогтоосон процесс ажиллагааг дээрх байдлаар зөрчиж, хохирогч нарт шүүх хуралдааны товыг мэдэгдэлгүй, тэдний оролцоогүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь хохирогчийн хуульд заасан эрхийг хязгаарласан ноцтой зөрчилд тооцогдох ба энэ нь шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлсөн гэж үзэхээр байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг мөрдөн шалгах болон шүүх хуралдааны явцад нотлох тухай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад ач холбогдол өгч, эрүүгийн хэрэгт гаргасан иргэний нэхэмжлэлийг аль болох тухайн эрүүгийн хэргийн хамтад нь шийдвэрлэж байх нь хуульд нийцэх бөгөөд зайлшгүй тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хойшлуулахгүйгээр иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй тохиолдолд шүүх ... иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлж болно” гэх заалтыг хэрэглэж байх нь зүйтэй юм.

Цаашлаад, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн эсэх, төлөхөө илэрхийлсэн эсэх, эсхүл бүрэн төлж барагдуулсан эсэхээс хамааран шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлага тодорхойлогдох учиртай.

Иймд “шүүх хуралдааны товыг бидэнд мэдэгдээгүй, шүүхэд хохирлын талаарх баримтуудаа гаргаж өгөх эрхийг зөрчсөн” талаарх хохирогч Б.Э-, Г.Г- нарын давж заалдсан гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэх нь зүйтэй.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 2020/ШЦТ/484 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Н.Э-д холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцтэл шүүгдэгч Н.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                                М.АЛДАР

                        ШҮҮГЧ                                                                                    Н.БАТСАЙХАН

ШҮҮГЧ                                                                                    Б.ЗОРИГ