Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2021/0519

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“У Ч” ХХК, “Б Э Б Д” ХХК,

“Х” ХХК, “Г Х” ХХК,

“С С” ХХК-иудын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж, шүүгч О.Номуулин, Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Э, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 455 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн гаргасан давж заалдах гомдлын дагуу “У Ч” ХХК, “Б Э Б Д” ХХК, “Х” ХХК, “Г Х” ХХК, “С С” ХХК-иудын нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 455 дугаар шийдвэрээр: “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4, 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.1.2, 26 дугаар зүйлийн 26.1, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан,

“У Ч” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, тус компанийн ашиглах эрхтэй газар дээгүүр цахилгаан дамжуулах агаарын шугам барьсан Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын үйлдлийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагаас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/163 дугаар тушаалын тус компанид холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

“Б Э Б Д” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/355 дугаар тушаалын тус компанид холбогдох хэсгийг, тус компанийн ашиглах эрхтэй газар дээгүүр цахилгаан дамжуулах агаарын шугам барьсан Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын үйлдлийг тус тус хууль бус болохыг тогтоож хүчингүй болгох,

“Х” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/355 дугаар тушаалын тус компанид холбогдох хэсгийг, тус компанийн ашиглах эрхтэй газар дээгүүр цахилгаан дамжуулах агаарын шугам барьсан Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын үйлдлийг тус тус хууль бус болохыг тогтоож хүчингүй болгох,

“С С” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн А/468 дугаар тушаалын тус компанид холбогдох хэсгийг, тус компанийн ашиглах эрхтэй газар дээгүүр цахилгаан дамжуулах агаарын шугам барьсан Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын үйлдлийг тус тус хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагаас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018  оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/163 дугаар тушаалын тус компанид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

“Г Х” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж тус компанийн ашиглах эрхтэй газар дээгүүр цахилгаан дамжуулах агаарын шугам барьсан Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын үйлдлийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагаас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/163 дугаар тушаалын тус компанид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгон ” шийдвэрлэжээ.

Хариуцагч Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар нь захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлэн ажилласан.

Их тойрог төсөл нь Монгол Улсын Их Хурлын 2010 оны 23 дугаар тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 114 дүгээр тогтоолоор тус тус батлагдсан байдаг. Энэ төслийн арга хэмжээ нь гэр хорооллын нийт 124,900 айл өрхийн 40 хувь орчмын айл өрхийн халаалтыг цахилгаанаар шийдвэрлэх, гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд төлөвлөгдсөн 20 байршлаас батлагдсан 12 байршилд баригдах орон сууцны хорооллын 45 хувь буюу 56,205 айл өрхийн эрчим хүчээр найдвартай хангах, шинээр баригдсан шинэ нисэх онгоцны буудлын эрчим хүчийг түгээх гол шугам болох зэрэг өндөр ач холбогдолтой.

Төсөл арга хэмжээний газрын асуудлыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам хариуцан шийдвэрлэдэг. Маргаан бүхий газарт баригдсан шонг буулгасан тохиолдолд улсын төсөвт их хэмжээний хохирол учрах, Хөшигтийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудлын хэвийн үйл ажиллагаа алдагдах зэрэг нөхцөл байдал үүсэх болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... Монгол Улсын Үндсэн хуулийн зургаадугаар зүйлийн 2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.13, 43 дугаар зүйлийн 43.6, 46 дугаар зүйлийн 46.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүх Зайсангийн аманд газар ашиглагч иргэн, аж ахуйн нэгжийн газраар дайран өнгөрөх газрыг нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулж Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа “220, 110 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, 220/110/35 кв-ын 2х15 МВА чадалтай Сонгино дэд станцыг яаралтай барьж Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг эрчим хүчний найдвартай эх үүсвэрээс хангах” шаардлагатай болсон тул агаарын агаарын шугамын угсралт явагдах талбайг хэсэгчлэн цуцалсан.

Монгол Улсын 2012 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 220 кв-ын 10 км урттай 220/110/35 кв-ын 2х125 МВА хүчин чадалтай “Сонгино” дэд станц, 110 кв-ын хоёр хэлхээт 97 км урттай “Их тойрог” цахилгаан дамжуулах агаарын шугам, 110/35/10 кв-ын 2х40 МВА хүчин чадалтай “Зайсан” дэд станц, 110/35/10 кв-ын 2х40 МВА хүчин чадалтай “Баянгол” дэд станцуудыг түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр тендер зарлан, гүйцэтгэгчийг шалгаруулж, 2012 оны 10 дугаар сард Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газартай гэрээ байгуулсан байна.

Үүнээс “Сонгино” дэд станцаас “Зайсан” дэд станц хүртэл 44 км урттай “Сонгино-Зайсан” 110 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлын гүйцэтгэгчээр “Эрчим хүчний барилга угсралтын трест” ХХК шалгарч, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх явцад Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр болох Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсийн Зайсангийн ам, Хүүшийн амны шинээр татах агаарын шугамын трасс дайран өнгөрч байгаа тул газрын зөвшөөрлийг нь хэсэгчлэн цуцалсан.

Монгол Улсын Засгийн газраас Япон Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр баригдаж байгаа Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигтийн хөндийд байрлах “Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэн онгоцны буудал”-ын цахилгаан хангамжийн 110/10 кв-ын “Хөшигт” дэд станцын үндсэн тэжээлийн хоёр хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугамыг хүчдэлд залгах техникийн боломж бүрдээгүйн улмаас тус нисэх онгоцны буудал олон улсын иргэний нисэхийн байгууллагын шаардлага хангахгүйд хүрч, үйл ажиллагааг эхлүүлэх хугацаа хойшлогдон Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын29-ний өдрийн 105 дугаар тогтоолын хэрэгжилтийг хугацаанд нь хэрэгжүүлэх боломжгүй болсон талаар Зам, тээврийн хөгжлийн яам болон Иргэний нисэхийн ерөнхий газраас албан бичгүүд ирүүлээд байна.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 88 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах нийслэлийн агаар, орчны бохирдлыг бууруулах ажлын хүрээнд гэр хорооллын айл өрхүүдийг 4,0 квт чадал бүхий цахилгаан халаагуураар халаах техникийн боломжийг бүрдүүлэх төсөл, арга хэмжээний дагуу хийгдэж байгаа дэд станцуудад эх үүсвэр талдаа хүчин чадал дутагдаж байна.

Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Хятад ард улсын Экспорт-Импорт банк хооронд байгуулсан хөнгөлөлттэй зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжиж байгаа “Улаанбаатар-Мандалговь” 220 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын барилга угсралтын ажил дуусч техникийн комисс ажилласан боловч Улсын комисс ажиллах нөхцөл “Сонгино” дэд станцаас шалтгаалж хойшлогдоод байна.

Төвийн бүсийн нэгдсэн систем нь өвлийн горимын үед Улаанбаатар хотын зарим хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хязгаарлах горимд ажиллаж цаашлаад онцгой нөхцөл үүссэнийг анхаарч Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр болох Богдхан уулсын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсийн Зайсангийн ам, Хүүшийн амны хэсгийн 110 кв-ын агаарын шугамын трассыг чөлөөлөх асуудлыг шуурхай шийдвэрлэх талаар шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллаж байна.

Засгийн газрын 2015  оны 293 дугаар тогтоолоор “Улаанбаатар их тойрог сүлжээ” төслийн цахилгаан дамжуулах агаарын шугамын трассын дагуух газрын маргааны шийдвэрлэх талаар холбогдох арга хэмжээ авахыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг өгсөн.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйл, 27.1-д заасны дагуу Засгийн газар болон холбогдох байгууллагын удаа дараагийн саналыг үндэслэн “Сонгино” дэд станцаас “Зайсан” дэд станц хүртэл 50 км урттай 110 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугам шинээр татах агаарын шугамын трасс дайран өнгөрч байгаа барилга угсралтын ажлыг явуулж газар чөлөөлөх асуудлыг тус яаманд даалгаснаар уг газрыг чөлөөлөх ажлыг зохион байгуулах ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжүүлэх, Улаанбаатар хотын иргэдийн амьдрах орчин, хөгжил, Хөшигтийн хөндий Олон улсын нисэх онгоцны буудлыг эрчим хүчээр хангах, шинээр баригдах дулааны 5 дугаар цахилгаан станц зэрэг хөгжлийн томоохон төсөл буюу үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төсөл, хөтөлбөр хэрэгжиж ашиглалтад орсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ХЯНАВАЛ :

Хариуцагч Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдлоор Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 455 дугаар шийдвэрийг хянаад, хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “У Ч” ХХК, “Б Э Б Д” ХХК, “Х” ХХК, “Г Х” ХХК, “С С” ХХК-иудаас Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт тус тус холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/163 дугаар тушаалын “У Ч” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, “Г Х” ХХК, “С С” ХХК-иудад холбогдох хэсгийг, 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/355 дугаар тушаалын “Б Э Б Д” ХХК, “Х” ХХК-иудад холбогдох хэсгийг, 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн А/468 дугаар тушаалын “С С” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар зайсанд нэхэмжлэгч нарын ашиглах эрхтэй газар дээгүүр 2020 оны 05 дугаар сард цахилгаан дамжуулах агаарын шугам барьсан Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.  

Маргаан бүхий захиргааны актууд болох Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/163 дугаар тушаалаар “... Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.13, 46 дугаар зүйлийн 46.2 ... Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 44 дүгээр тэмдэглэлийн 9 дэх заалтыг үндэслэн, Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсээр дайран өнгөрөх 220 кВ-ын Сонгино дэд станцаас Зайсан дэд станц хүртэлх 110 кВ-ын 50 км 2 хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлын зураг төсөл, барилга угсралтын газрын асуудлыг шийдвэрлэх зорилгоор “С С” ХХК-ийн 1 га газрыг 0.24 га, “Г Х” ХХК-ийн 8.80 га газрыг 0.02 га, “Б Э Б Д” ХХК-ийн 2.0 га газрыг 0.18 га, “У Ч” ХХК-ийн 2.01 га газрыг 0.28 га газар болгон өөрчилж,  

2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/355 дугаар тушаалаар “... Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.13, 46 дугаар зүйлийн 46.2 ... Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 44 дүгээр тэмдэглэлийн 9 дэх заалтыг үндэслэн, 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн А/277 дугаар тушаалын 1 дэх заалтыг хэвээр үлдээж, “С С” ХХК-ийн 1 га газрыг 0.24 га, “Г Х” ХХК-ийн 8.80 га газрыг 0.12 га, “Б Э Б Д” ХХК-ийн 2.0 га газрыг 0.12 га, “ХоХо” ХХК-ийн 1 га газрыг 0.21 га газар болгон өөрчилж,

2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн А/468 дугаар тушаалаар “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, “С” ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн А-19/08-007 дугаар хүсэлтийг үндэслэн “С” ХХК-ийн 1 га газраас цахилгаан дамжуулах агаарын шугамын хамгаалалтын зурваст орсон 0.24 га газрыг хасаж, 0.76 га газрын ашиглах эрхийг сэргээн” тус тус шийдвэрлэжээ.

Мөн тус сайдын 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн А/277 дугаар тушаалаар “... Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.13, 46 дугаар зүйлийн 46,2 ... Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 44 дүгээр тэмдэглэлийн 9 дэх заалтыг үндэслэн, 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/163 дугаар тушаалын хавсралтад дурдсан “У Ч” ХХК-ийн нэрийг хасч, “С С” ХХК-ийн 1 га газрыг 0.24 га, “Г Х” ХХК-ийн 8.80 га газрыг 0.54 га, “Б Э Б Д” ХХК-ийн 2.0 га газрыг 0.10 га, “Х” ХХК-ийн 1 га газрыг 0.21 га газар болгосон байна.

Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Монгол Улс тусгай хэрэгцээний газартай байна. Улсын тусгай хэрэгцээний газарт дараахь газар хамаарна”, 16.1.13-т “Үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх газар”,  46 дугаар зүйлийн 46.2-д “Засгийн газар нийгмийн зайлшгүй шаардлагыг үндэслэн бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг уг шаардлага арилтал захиргааны журмаар нийтийн эдэлбэрт болон тусгай хэрэгцээнд төлбөртэй буюу төлбөргүйгээр ашиглах тухай шийдвэр гаргаж болно. Мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Засгийн газар газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 18.1.2-д “Энэ хуулийн ... 16.1.13...-т заасан зориулалтаар газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, зааг, ашиглах журмыг тогтоох, эрх бүхий байгууллагын мэдэлд шилжүүлэх” гэж заасан.

Эндээс үзвэл, газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, заагийг тогтоох эрх бүхий этгээд нь Засгийн газар байх боловч маргаан бүхий захиргааны актыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд гаргасан нь эрх хэмжээндээ хамааралгүй асуудлаар шийдвэр гаргасан гэж үзэхээр байна.

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 44 дүгээр тэмдэглэлийн 9 дэх заалтад “... Улаанбаатар хотын цахилгаан эрчим хүчний найдвартай байдлыг хангах болон агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд Их тойруугийн 110 кВ-ын цагираг шугам тавихад зориулж тусгай хамгаалалтын бүс буюу Хан-Уул дүүргийн 4, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн 2 байршил /Зайсангийн ам, Хүүшийн зоорь/-д газар чөлөөлөх ажлыг яаралтай зохион байгуулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Нийслэлийн Засаг дарга нарт даалгажээ”.

Өөрөөр хэлбэл, Засгийн газраас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад тогтоосон байршилд газар чөлөөлөх асуудлыг шийдвэрлэхийг даалгасан болохоос газрын байршлыг өөрчлөх эрхийг олгоогүй байна.

Хэрэгт авагдсан баримтууд болох “Э П” ХХК-ийн 220/110/35 к.В-ын Сонгино дэд станцаас 110/35/10 к.В-ын Зайсан дэд станц хүртэлх 110 кВ-ын хүчдэлтэй 2 хэлхээт трассын ажлын зураг, Барилгын  хөгжлийн төвийн 2013 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 119/2013, 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 566/2014 тоот магадлалын ерөнхий дүгнэлтүүд, мөн дээрх трассын ажлын зургийн өөрчлөлт, Барилын хөгжлийн төвийн 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 409/2018 дугаар магадлалын ерөнхий дүгнэлт, Эрчим хүчний хөгжлийн төвийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1/1474 дүгээр албан бичиг, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 537 дугаар шийдвэрээс үзвэл эрчим хүчний барилгын ажлыг гүйцэтгэхээр нэхэмжлэгч нарын газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцалсан нь үндэслэлгүй байна.

Учир нь анх батлагдсан ажлын зураг нэхэмжлэгч нарын газраас өөр байршилд байсан, өөрчилсөн ажлын зургийг баталсан боловч хожим хүчингүй болгосон, батлагдаагүй ажлын зургаар эрчим хүчний шугам сүлжээний барилга угсралтын ажил гүйцэтгэсэн, энэ талаарх дүгнэлт хийсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа зэргээр хариуцагч хууль бус үйлдэл гаргасан нь тогтоогдож байна.

Үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байх бөгөөд энэ талаарх баримтыг анхан шатны шүүх зөв үнэлэн, үндэслэл бүхий дүгнэлт гаргажээ.

Нэгэнт хариуцагчийн өөрийн эрх хэмжээнд хамаарахгүй асуудлаар шийдвэр гаргасан, хуульд заасан үндэслэлийн дагуу холбогдох ажиллагааг хийлгүйгээр нэхэмжлэгчдийн газар ашиглах эрхийг зөрчсөн байх тул хариуцагчийн “... Шугамын барилга угсралтын ажил бүрэн дуусч ашиглалтад ороогүйн улмаас ноцтой хүндрэлүүд үүсээд байна” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн  33 дугаар зүйлийн 2-т “Тусгай хамгаалалттай газар нутагт гадаад улсын хуулийн этгээд олон улсын байгууллага, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар ашиглуулахыг хориглоно” гэж заасан.   

Улсын бүртгэлийн ерөнхий газрын http://opendata.burtgel.gov.mn/ сайтаас үзвэл нэхэмжлэгч “Б Э Б Д” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нь “Г” ХХК байх бөгөөд энэ нь Сингапур улсын хуулийн этгээд байгаа болохыг дурдах нь зүйтэй байна.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон гэж үзэж, хэвээр үлдээн, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон, ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 455 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч хариуцагч Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахаас татгалзсугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарласан гэсэн үндэслэлээр хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

    

 

               ШҮҮГЧ                                                          Д.ОЮУМАА

               ШҮҮГЧ                                                          О.НОМУУЛИН

               ШҮҮГЧ                                                          Э.ЗОРИГТБААТАР