Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 001/ТХ2018/00981

 

О.Ё-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2017/03123 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 506 дугаар магадлалтай,

О.Ё-ийн нэхэмжлэлтэй,

“ЧХБ”- ХХК-д холбогдох,

ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Төрбадрахын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Чинхүсэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Төрбадрах, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч О.Ё шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ЧХБ”-ны Гүйцэтгэх захирлын 2017 оны 04 сарын 20-ны өдрийн 113 дугаар тушаалаар орон тоо хасагдсан гэж ажлаас чөлөөлснийг хүлээн зөвшөөрөхгүй. Байгууллагын бүтэц өөрчилж орон тоо хасагдсан тухай тогтоолыг надад танилцуулаагүй бөгөөд тухайн тогтоолоор бүтэц орон тоо үнэн хэрэгтээ хасагдаагүй зөвхөн нэршил нь өөрчлөгдсөн байна.Түүнчлэн дотоод аудитын газрын хянан шалгагчийн орон тоонд 2 хүн ажиллаж байсан бөгөөд ямар нэгэн сонгон шалгаруулалтгүйгээр өөрийн үзэмжээр ажлаас халсан нь хууль бус болно.  Хөдөлмөрийн тухай хуулийн 36.2-т заасныг ажил олгогч мөн зөрчсөн бөгөөд ямар нэгэн ажил санал болгоогүй болно. Миний ажиллаж байсан ажлын байранд өөр хүнийг хөлсөөр авч ажиллуулж байгаа нь хууль бус байна. Иймд намайг өмнө эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгуулж эрүүл мэнд нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

Хариуцагч ““ЧХБ”-” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: О.Ё- нь “ЧХБ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 195 тоот тушаалаар тус банкны Аудитын газрын аудиторын албан тушаалд 2014 оны 1 дүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн ажилласан. Гүйцэтгэх захирлын 2016 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 79 дүгээр тушаалаар Дотоод аудитын газрыг Дотоод хяналтын газар болгон аудиторын албан тушаалыг хянан шалгагчийн албан тушаалаар тус тус өөрчилсөн. .О.Ё нь гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 113 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Ажлаас чөлөөлсөн үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар орон тоо хасагдсан юм. “ЧХБ” ХХК-ийн 2017 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн шийдвэрээр нэхэмжлэгчийн ажиллаж байсан Дотоод хяналтын газар нь Дотоод аудитын газар болон өөрчлөгдөж, 1 аудитор, 1 мэдээлэл технологийн аудитор, захирал гэсэн нийт 3 ажилтны орон тоотой болсон. Тухайн шийдвэрийг цахим шуудангаар дамжуулсан бөгөөд 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр ажил олгогчийн зүгээс 03/2017 тоот мэдэгдлийг гардуулж, 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс өөр ажил албан тушаал санал болгоогүй тохиолдолд хөдөлмөрийн харилцаа дуусгавар болохыг мэдэгдэж, гарын үсэг зуруулсан. Манай зүгээс нэг сарын тэтгэмж олгох ёстой байсан боловч О.Ё-ийн хүсэлтийг харгалзан 2 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон. Мөн Мэдээлэл технологийн аудиторын орон тооны тухайд гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2017 оны 3 дугаар 20-ны өдрийн тушаалаар бий болсон. Манайд дотоод хяналтын газар болон хянан шалгагчийн орон тоо байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2017/03123 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч О.Ё-ийг “ЧХБ”- ХХК-ийн дотоод аудитын газрын хянан шалгагчийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар “ЧХБ”- ХХК-иас ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж, цалин хөлстэй тэнцэх олговорт 11.891.636,8 /арван нэгэн сая найман зуун ерэн нэгэн мянга зургаан зуун гучин зургаа/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Одонжилын Ёндонваагчигт олгож, Тушаалд дурдсан 2 сарын тэтгэмжийн мөнгийг олговрын дүнгээс талууд жич суутган тооцох нь зүйтэйг дурдаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1., 46.2. дахь хэсэгт зааснаар нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг даатгуулагчийн төлбөл зохих 2017 оны 4 сарын 21-ний өдрөөс 2017 оны 12 сарын 06-ны өдрийг хүртэл хугацааны сар тутамд Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлж, энэ талаар нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт сар тутмын нөхөн бичилт хийхийг “ЧХБ”- ХХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтад зааснаар хариуцагч “ЧХБ” ХХК-аас /205 216+70 200=/ 275.416 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 506 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2017/03123 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 275.416 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Төрбадрах хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.02.21-ний 506 дугаар магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Магадлалын 6, 7-р талд “ЧХБ”-ны Дотоод хяналтын газар нь Дотоод аудитын газар болж, захирал 1, мэдээлэл технологийн аудитор 1, аудитор 1 болсныг дараах үйл баримтаар няцаагдсан гэж үзжээ. Гүйцэтгэх удирдлага нь “ЧХБ” нь үйл ажиллагааны хэрэгцээ, Монгол банкнаас тавигдсан шаардлагыг тус тус хангах зорилгоор, холбогдох хууль тогтоомж болон компанийн дүрмээр олгогдсон эрх хэмжээний хүрээнд, нэхэмжлэгчийн ажиллаж байсан Хянан шалгагчийн орон тоог 2017.03.02-ны “Орон тоо, албан тушаалын жагсаалт, ажилтны нэрс, цалингийн хэмжээг шинэчлэн батлах тухай” 60 тоот тушаалаар хассан.

Хэрэгт авагдсан гүйцэтгэх удирдлагын тушаал, хөдөлмөрийн гэрээ, ажил үүргийн тодорхойлолт, бусад баримт бичгүүдээс үзэхэд Хянан шалгагч болон Мэдээллийн технологийн аудиторын ажлын байр нь зарчмын ялгаатай байна. Өөрөөр хэлбэл, эзэмшсэн мэргэжил, боловсрол, чадвар, туршлагын хувьд эрс ялгаатай ажлын орон тоо болохыг, түүнд ажиллах ажилтанд мэдээллийн технологийн нарийн мэргэжил шаардагдах, гүйцэтгэх чиг үүргийн хувьд ялгаатай байна. О.Ё нь мэдээллийн технологи, программ хангамжийн мэргэжилгүй бөгөөд энэ чиглэлээр ажиллаж байгаагүй болохыг хэрэгт авагдсан О.Ё-ийн дээд боловсролын үнэмлэх, Хөдөлмөрийн гэрээ, ажил үүргийн тодорхойлолт зэрэг баримт мэдээллээс маш тодорхой харж болно. Хариуцагчийн зүгээс О.Ё-ийг ажлаас чөлөөлсөн тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т “ажлаас халах” гэснийг огт үндэслээгүй болохыг дурдан гомдол гаргасан байхад давж заалдах шатны шүүхээс энэ талаар ямар ч дүгнэлт хийгээгүй байгааг хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.02.21 -ний 506 дугаар магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176-р зүйлийн 2.4-т заасны дагуу хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцжээ.   

Нэхэмжлэгч О.Ё нь хариуцагч “ЧХБ” ХХК-д холбогдуулан “...ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах” шаардлага гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлээс татгалзахдаа “...орон тоо хасагдсан” гэсэн тайлбар гаргажээ.

Ажил олгогч 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 113 дугаар  тушаал гаргаж, нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг баримтлан “...банкны бүтэц зохион байгуулалт өөрчлөгдсөн” гэсэн үндэслэл дурджээ.  

Аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн тохиолдолд ажил олгогчийн санаачлагаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалахаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан.

Нэхэмжлэгчийн ажиллаж байсан Дотоод аудитын газар өмнө нь 3 орон тоотой байсан ба “ЧХБ”-ны гүйцэтгэх захирлын 2017 оны 03 дугаар сарын 2-ний өдрийн 60 дугаар тогтоолоор Дотоод хяналтын газрыг Дотоод аудитын газар болгож, дарга, аудитор, мэдээллийн технологийн аудитор гэсэн орон тоотой байхаар бүтцийг баталсан ба энэ тохиолдолд орон тоо хасагдсан гэж үзэхгүй. /хэргийн 6, 23-33 дугаар тал/.

Түүнчлэн ажлын байрны нэр, тодорхойлолт өөрчлөгдсөн нь ажилтныг ажлаас халах үндэслэл болохгүй юм.

Шүүх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэлийг хангасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1.-т нийцжээ.  

Ажил олгогч нэхэмжлэгчийг ажлаас халсан тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалтыг дурдаагүй байхад анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт хийсэн нь буруу болохыг дурдах нь зүйтэй.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2017/03123 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 506 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Төрбадрахын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр төлсөн 275.416 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

         ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ