Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 506

 

 

2018 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2018/00506

 

 

 

О.Ё-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2017/03123 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: О.Ё-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “ЧХБ” ХХК-д холбогдох,

 

Өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг

 

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: О.Чинхүсэл

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Төрбадрах

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр ЧХБны гүйцэтгэх захиралтай Хөдөлмөрийн гэрээг хугацаагүйгээр байгуулсан бөгөөд хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хугацаанд ямар нэгэн сахилгын зөрчил гаргалгүйгээр ажиллаж байсан болно.

Гэтэл ЧХБны Гүйцэтгэх захирлын 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 113 дугаар тушаалаар тус банкны бүтэц орон тоо хасагдсан гэж намайг ажлаас чөлөөлсөн. Байгууллагын бүтэц өөрчилж орон тоо хасагдсан тухай тогтоолыг надад танилцуулаагүй бөгөөд тухайн тогтоолоор бүтэц орон тоо үнэн хэрэгтээ хасагдаагүй зөвхөн нэршил нь өөрчлөгдсөн байна. Түүнчлэн дотоод аудитын газрын хянан шалгагчийн орон тоонд 2 хүн ажиллаж байсан бөгөөд ямар нэгэн сонгон шалгаруулалтгүйгээр О.Ё- намайг өөрийн үзэмжээр ажлаас халсан.

Гүйцэтгэх захирлын 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 113 дугаартай тушаалын үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1, 42.1 Хөдөлмөрийн дотоод журмын 3.20.1, 4.11.9 дүгээр заалтыг үндэслэсэн байгаа боловч О.Ё-ийг ажлаас чөлөөлөх шалтгаан болсон бүтэц, өөрчилсөн тухай тогтоолын тухай огт дурдаагүй.

Иймд өмнө эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгуулж эрүүл мэнд нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Ё- нь “ЧХБ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 195 тоот тушаалаар тус банкны Аудитын газрын аудиторын албан тушаалд 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн ажилласан. Гүйцэтгэх захирлын 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 79 дүгээр тушаалаар Дотоод аудитын газрыг Дотоод хяналтын газар болгон аудиторын албан тушаалыг хянан шалгагчийн албан тушаалаар тус тус өөрчилсөн.

О.Ё- нь гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2017 оны 04 дүгээр 20-ны өдрийн сарын 113 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Ажлаас чөлөөлөгдсөн үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар орон тоо хасагдсан юм.

ЧХБ ХХК-ийн 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн шийдвэрээр нэхэмжлэгчийн ажиллаж байсан Дотоод хяналтын газар нь Дотоод аудитын газар болон өөрчлөгдөж, 1 аудитор, 1 мэдээлэл технологийн аудитор, захирал гэсэн нийт 3 ажилтны орон тоотой болсон. Тухайн шийдвэрийг цахим шуудангаар дамжуулсан бөгөөд 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр ажил олгогчийн зүгээс 03/2017 тоот мэдэгдлийг гардуулж, 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс өөр ажил албан тушаал санал болгоогүй тохиолдолд хөдөлмөрийн харилцаа дуусгавар болохыг мэдэгдэж, гарын үсэг зуруулсан.

Ажлын байрны тодорхойлолтод зааснаар Мэдээлэл технологийн аудиторын тухайд хянан шалгагчийн ажил албан тушаалаас ажлын байрны зорилго нь 60 хувь өөрчлөгдсөн үндсэн үүрэг нь нэмэгдсэн, мэргэжил, ажлын туршлага зэрэг нь өөрчлөгдсөн. Жишээ нь ажлын байрны зорилго нь санхүүгийн болон мэдээллийн систем, программ хангамж, мэдээллийн бааз, мэдээллийн аюулгүй байдлын хяналт үр дүнтэй эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөх, үндсэн үүрэг нь банкны санхүүгийн болон мэдээллийн систем, программ хангамж, мэдээллийн бааз, мэдээллийн аюулгүй байдлын хяналт үр дүнтэй эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөх, Зайнаас болон газар дээр аудит хийх арга ажиллагааг автоматжуулах, Дотоод аудитын газрын аудитын үйл ажиллагаанд гарч болох болон шаардлагатай үед их хэмжээний мэдээлэл, өгөгдөлтэй ажиллах ажиллагааг хариуцах, энэхүү мэдээллийг нарийвчилсан мэдээ, тайланд хөрвүүлэх, мэргэжил нь Мэдээллийн технологи, программ хангамж, ажлын туршлага нь мэдээллийн технологи хариуцсан нэгжид 3-аас доошгүй жил програмистаар ажиллаж байсан хэмээн тус тус өөрчлөгдсөн байгаа.

О.Ё- нь уг чиглэлээр ажиллаж байгаагүй бөгөөд энэ чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн зүйл гаргаж өгөөгүй, мөн уг программ дээр ажиллах боломжгүй, ямар нэгэн хүсэлт гаргаагүй юм.

Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн сарын 113 дугаар тушаалын үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42.1, Хөдөлмөрийн дотоод журмын 3.20.1, 4.11.9 дүгээр заалтыг үндэслэсэн байгаа боловч О.Ё-ийг ажлаас чөлөөлөх шалтгаан болсон бүтэц, өөрчилсөн тухай тогтоолын тухай огт дурдаагүй гэж тайлбарласан байна. Гүйцэтгэх захирлын ажлаас чөлөөлсөн тушаалд дээрх хуулийн болон журмын заалтууд хамаарч байгаа бөгөөд ажлаас чөлөөлөгдөж байгаа үндэслэлийг заавал үг үсэггүй дурдана гэсэн заалт хуульд байхгүй.

Мөн нэхэмжлэгч тал сонгон шалгаруулалт явуулаагүй гэж маргадаг. Хөдөлмөрийн тухай хууль болон Улсын дээд шүүхийн 33 дугаар тогтоолд заавал сонгон шалгаруулалт явуулна гэсэн заалт байдаггүй. О.Ё-ийн эрхэлж байсан ажил албан тушаал хасагдсан. Тухайн үед хянан шалгагчаар ажиллаж байсан н.Энхцэцэгийн мэдлэг боловсрол, ур чадварыг тодорхойлсон баримтуудыг гаргасан байгаа. н.Энхцэцэг нь 20 гаран жил банк санхүүгийн салбарт ажилласан бөгөөд банк санхүүгийн тэргүүний ажилтан, гадаадын зарим улсуудад мэргэжил дээшлүүлсэн О.Ё- нь 7 жил банкны салбарт ажилласан. Энэ хоёр хүнийг харьцуулах, сонгон шалгаруулалт явуулах шаардлагагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч О.Ё-ийг “ЧХБ” ХХК-ийн дотоод аудитын газрын хянан шалгагчийн ажилд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар “ЧХБ” ХХК-иас ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж, цалин хөлстэй тэнцэх олговорт 11 891 636 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О.Ёндонваагчигт олгож,

Тушаалд дурдсан 2 сарын тэтгэмжийн мөнгийг олговрын дүнгээс талууд жич суутган тооцох нь зүйтэйг дурдаж,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1., 46.2. дахь хэсэгт зааснаар нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг даатгуулагчийн төлбөл зохих 2017 оны 4 сарын 21-ний өдрөөс 2017 оны 12 сарын 06-ны өдрийг хүртэл хугацааны сар тутамд Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлж, энэ талаар нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт сар тутмын нөхөн бичилт хийхийг “ЧХБ” ХХК-д даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтад зааснаар хариуцагч ЧХБ ХХК-аас 275 416 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1.1-д заасны дагуу "орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн"-ний үр дагаварт тухайн хасагдсан эсхүл цөөрүүлсэн орон тоонд ажиллаж байсан ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох явдал болохыг Улсын дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны 33 дугаар "Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай" тогтоолын 15-р заалтад тайлбарласан байдаг.

Гэтэл шүүхээс дээрх бодит нөхцөл байдлыг үл харгалзан "хянан шалгагч"-ийн орон тоог "мэдээллийн технологийн аудитор"-ын орон тоо болгосон мэтээр гуйвуулан дүгнээд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1.1-д огт хамааралгүй ажилтны мэргэжил, ур чадварын түвшинг эрх бүхий байгууллагаар тогтоолгоогүй хэмээн хариуцагчийг буруутгасан байгаа нь үндэсгүй байна.

Мөн нэхэмжлэгчийн ажил үүргийн тодорхойлолтыг шинээр бий болсон мэдээл, технологийн аудиторын орон тоонд ажиллаж байгаа ажилтныхтай харьцуулбал ялгаатай байгаа. Өөрөөр хэлбэл, мэдээллийн технологийн нарийн мэргэжил шаардах дээрх ажил, албан тушаалын онцлог, түүнд ажиллагчид тавигдах тусгай шаардлагуудын талаар талаар хэлэлцүүлгийн шатанд тайлбарласаар байхад "зөвхөн програм хангамж гэж нэмсэн" гэх зэргээр дүгнэсэн байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой талаас нь бүрэн, бодитой үнэлсэн гэж үзэхээргүй байна.

Учир нь ЧХБнаас О.Ё-тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалсан тухай шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг баримталсан бөгөөд шүүгчийн үзэж байгаа шиг мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т "ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон" гэж зааснаар мэргэжил ур чадварыг ямар нэгэн байдлаар үндэслэсэн болон уг зохицуулалттай холбоотой үйл баримт хавтаст хэрэгт огт байхгүй юм.

Хуульд заасан зохицуулалтын хүрээнд зөвхөн орон тоо хасагдсан ажлын байранд ажиллаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээ цуцлах талаар тусгаснаас өөрөөр тухайн ажилтанд ямар нэгэн ажлын байр санал болгох, өөр албан тушаал хаших боломжтой эсэхийг тогтоох үүрэг ажил олгогчид ногдоогүй байгааг харгалзан үзэлгүй илт нэг талыг баримталж шийдвэрт тусгасан байна.

ЧХБнаас шүүхэд хүргүүлсэн ТУЗ-ийн 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн тогтоолд Банкны тухай хуулийн зохицуулалт байхгүй гэж тайлбарласан нь нотлох баримт бүрэн шинжлэн судлаагүйг харуулж байна. Учир нь ТУЗ-ийн тогтоолын үндэслэх хэсэгт Банкны тухай хууль бус Компанийн тухай хуулийн 76.1.8. дахь заалт баримталсан байхад огт дурьдаагүй Банкны тухай хуулийн байхгүй зохицуулт шийдвэрт зааж өгсөн нь илт илэрхий алдаа байх бөгөөд нотлох баримтыг тал бүрээс нь үнэлэх ажиллагаа хийлгүй нэг талд үнэлсэн гэж үзэхээр байна.

Мөн гүйцэтгэх удирдлагыг 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр О.Ё-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлөх эрхтэй байсныг нотлосон гэж үзсэн нь огт хууль, эрх зүйн үндэслэлгүй. Учир нь хавтаст хэрэгт авагт О.Ё-тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээ нь Гүйцэтгэх удирдлагыг үүргээ хэрэгжүүлэх хугацаанд байгуулагдсан болон Банкны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 3.2-Т "Монголбанкны Ерөнхийлөгчтэй зөвшилцөн банкны гүйцэтгэх удирдлагыг томилох" гэж заасан ТУЗ-ийн хэрэгжүүлэх бүрэн эрхийн хүрээнд гаргасан шийдвэр болох ЧХБны ТУЗ-ийн 2015 оны 12 дугаар сарын15-ны тогтоолыг тус тус хүргүүлсэн байхад Гүйцэтгэх удирдлагыг эрх хэмжээгүй этгээдээр тодорхойлсон нь ойлгомжгүй. Түүнчлэн Монголбанкны Ерөнхийлөгчтэй зөвшилцсөн баримт ирүүлээгүй тодорхойлсон нь уг зөвшилцсөн эсэхийг баталгаажуулах ямар нэгэн албан бичиг Монголбанкнаас Арилжааны банкинд ирүүлдэггүй зэргийг огт харгалзан үзэлгүй зөвхөн Улсын бүртгэлд бүртгэснээр эрх нээгдэх талаар тайлбарласан нь хэт явцуу бөгөөд хууль үндэслэсэн тайлбар бус болох юм.

ЧХБны Гүйцэтгэх удирдлагыг томилсон ТУЗ-ийн тогтоол болон улсын бүртгэлийн гэрчилгээнд С.Сандагдоржийг Гүйцэтгэх захирлаар тэмдэглэсэн хувийг тус тус хүргүүлсэн байхад тухайн үндэслэлийг шийдвэрт заасан нь юуг, хэрхэн, яаж тодорхойлсон нь огт ойлгомжгүй хууль, эрх зүйн үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч О.Ё- нь хариуцагч “ЧХБ” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Хариуцагч компанид нэхэмжлэгч нь 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн хөдөлмөрийн гэрээгээр байгуулан тус компанийн дотоод аудиторын газарт аудитороор, 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс дотоод хяналтын газар хянан шалгагчаар тус тус ажиллаж байгаад 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 113 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн байна. /хх 6/ Ажил олгогч ажлаас чөлөөлсөн үндэслэлээ  Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэг, ЧХБны хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.20.1, 4 дүгээр зүйлийн 4.11.9 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан, банкны бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөн гэж тодорхойлсон бөгөөд уг үйл баримтын талаар анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

 

            Ажил олгогч дээрх тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасныг баримталсан үндэслэлээ “ЧХБ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн тушаалаар орон тоо хасагдсан бөгөөд нэхэмжлэгчийн ажиллаж байсан Дотоод хяналтын газар нь Дотоод аудитын газар болж өөрчлөгдсөн, 1 аудитор, 1 мэдээллийн технологийн аудитор, захирал гэсэн 3 ажилтны орон тоотой болсон гэх тайлбар нь дараахь үйл баримтаар няцаагдаж байна.

 

Тус банкны захирлын 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 60 дугаар тушаалаар өмнө нь 135 хүний орон тоотой байсныг 150 хүний орон тоотой болгон ажилтны тоо нэмэгдэж батлагдсан байгаагаас үзвэл орон тоо хасагдсан гэж үзэхгүй. Түүнчлэн О.Ё-ийн ажиллаж байсан хэсэг болох дотоод хяналтын газарт гүйцэтгэх захирал болон 2 хянан шалгагчийн орон тоо байсан бөгөөд орон тоо шинээр батлагдсанаар газрын захирал, аудитор, мэдээллийн технологийн аудитор гэж нэршлийн хувьд өөрчлөгдсөн боловч ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг эрс өөр биш байна. Харин тухайн ажилтанд тавигдах шаардлагад “мэдээллийн технологи, программ хангамжийн мэргэжилтэй” байх гэж заасан боловч мөн санхүү эдийн засаг, бүртгэл, аудит гэж хаалт тавьж бичсэнээс үзэхэд О.Ё-ийн эрхэлж байсан ажлын байрны орон тоо хасагдсан гэж үзэхгүй тул энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Ажлын байрны нэр өөрчлөгдсөн боловч тухайн мэргэжлийн чиг үүрэг тухайн байгууллагад байгаа болох нь тогтоогдож байх тул орон тоо бодитой хасагдаагүй тул анхан шатны шүүх нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар өмнөх ажил албан тушаалд эгүүлэн томилж шийдсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Харин С.Сандагдорж нь “ЧХБ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч байх үедээ ажлаас чөлөөлсөн тушаал гаргасныг анхан шатны шүүх хуульд нийцээгүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна. Тодруулбал, тус байгууллагын Төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн тогтоолоор С.Сандагдорж нь гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдон эрх, үүргээ хэрэгжүүлсэн байх ба уг өөрчлөлтийг 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр улсын бүртгэлд бүртгэсэн байна. Иймд түүнийг тушаал шийдвэр гаргах, гүйцэтгэх захирлын эрх мэдлийг хэрэгжүүлэх эрхгүй байсан гэж үзэхгүй.

 

Түүнчлэн орон тоо хасагдсанаар ажлаас чөлөөлсөн тохиолдолд ажилтны дунд сонгон шалгаруулалт явуулах, ур чадварыг тогтоох шаардлага байхгүй бөгөөд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт буруу, уг хэргийн үйл баримтад хамааралгүй хуулийн зохицуулалтыг тайлбарлан хэрэглэжээ.

 

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх цалин хөлстэй тэнцэх олговор болох 11 891 636 төгрөгийг хариуцагч “ЧХБ” ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч О.Ё-т олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт нь нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

            Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2017/03123 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 275 416 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД                                                   А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                    Э.ЗОЛЗАЯА