| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 130/2016/0278/И |
| Дугаар | 130/ШШ2016/00772 |
| Огноо | 2016-12-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 130/ШШ2016/00772
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Ц сумын 1 дүгээр багт оршин суух, ************** регистрийн дугаартай, Б овогт Мын Мийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Ц сумын 1 дүгээр багт оршин суух, ************** регистрийн дугаартай С овогт Хын Е, ************** регистрийн дугаартай Б овогт Аы Г нарт холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Н, хариуцагч Х.Е, хариуцагч нарын өмгөөлөгч С.А, орчуулагч А.Е, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлээр авсан 1000000 төгрөг, зээлийн хүү 720000 төгрөг, нийт 1720000 төгрөг гаргуулахыг хүсжээ.
Нэхэмжлэгч М.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие М.М 2014 оны 6 дугаар сарын 14-ний өдөр тохиролцсоны дагуу тус багийн иргэн Х.Е, А.Г нарт 1 сая төгрөгийг зээлээр олгож, баримтад гарын үсэг зуруулж авсан. Гэтэл Х.Е, А.Г нар нь итгэл алдаж надаас авсан зээлээ төлөхгүй байна. Шаардлага тавихаар бид нар өгөхгүй чаддаг юм бол шүүх, цагдаад хандаж авна биз гэж доромжилдог болов. Иймд Ц сумын 1 дүгээр багийн иргэн Х.Е, А.Г нарын надаас зээлээр авсан 1 сая төгрөг болон түүний хүү 720000 төгрөг нийт 1720000 төгрөгийг гаргуулж өгч тусална уу гэжээ.
Хариуцагч Х.Е, А.Г нар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Х.Е, Ц сумын 1 дүгээр багийн иргэн, 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдөр урьд өгөх байсан 800000 төгрөгийг иргэн М.Мт өгөх ёстой байсан. Дээрхи мөнгийг Мийн төрсөн дүү болох М.Ат, Ц сумын төвд ноолуур тушаах үед 800000 төгрөгийг бэлнээр өгсөн юм. Гэтэл мөнгө өгөх үед бие мөнгөө авсан гэсэн баримт гарын үсэг аваагүйг минь далимдуулан мөнгө аваагүй гэж хуйвалдан шүүхэд өгсөн байна. Иймд миний энэхүү маргааныг хуулийн дагуу үнэн зөвөөр шийдвэрлэж өгч тусална уу гэжээ.
Хариуцагч Х.Е шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би урьд нь М.Мтэй хамт хөрш суудаг байсан. М.М намайг хүргэн ах гээд хүндэлж явдаг, 4-5 жил хамт хөрш суусан. Тэгээд миний хүүхэд маань гэрлэх болоод 1 сая төгрөг зээлж авсан. Нэг жилийн хүү хэрэггүй нэг жилийн дараа төлж өгөөрэй гэж хэлсэн. Ноолуурын үед А 2 удаа ирж мөнгө нэхэхэд би хүүхдийнхээ мотоциклоор сумын төвд очоод ноолуур зараад мөнгийг нь өгсөн. Ноолуур зараад 670000 төгрөгийг өгөөд үлдсэн 130000 төгрөгийг М.Мийн ээжид нь аваачиж өгсөн. Би өөрөө группд байдаг тул үлдсэн 200000 төгрөгийг Майрагүл гэх эмэгтэйгээс аваарай гээд уулзуулж байсан. Тэрийг бол аваагүй байна. Би тэдгээр хүмүүст мөнгө өгсөн талаар ямар нэгэн баримт аваагүй тул энэ хүмүүс надаас мөнгөө дахиж нэхэмжилж байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтууд болон талуудын тайлбарыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэргийн оролцогч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийннэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч М.Мт шүүх хуралдааныг товыг мэдэгдэхэд шүүх хуралдаанд өөрийн эзгүй үед шүүх хуралдааныг хийх тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч М.М нь хариуцагч Х.Е, А.Г нараас зээлж авсан 1000000 төгрөг, зээлийн хүү 720000 төгрөг бүгд 1720000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Х.Е, А.Г нар нь нэхэмжлэгч М.Мээс 2014 оны 6 сарын 15-ны өдөр 1000000 /нэг сая/ төгрөг авсан, уг мөнгийг 2015 оны 5 сарын 01-нд өгнө, түүнээс хожигдвол сарын 6% хүүтэй төлнө гэж өөрсдийн гараар баримт үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотариатаар баталгаажуулсан гарын баримтаар нотлогдож байна.
Хариуцагч нар уг 1000000 /нэг сая/ төгрөгийг нэхэмжлэгч Х.Мийн дүү А болон ээж нь болох Т.З нарт өгсөн гэж маргажээ.
Гэтэл хариуцагч нарын өмгөөлөгчийн хүсэлтээр тус шүүхээс Х.А, Т.З нарт хууль сануулж гэрчийн мэдүүлэг авсан боловч тэд дээрх мөнгийг аваагүй тухайгаа мэдүүлж байх ба хариуцагч нар 1000000 /нэг сая/ төгрөгийг нэхэмжлэгч Х.Мт өгсөн талаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байна.
Хариуцагч Х.Е, А.Г нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага ба татгалзлаа үндэслэж буй нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх үүрэгтэй болохыг танилцаж, гарын үсэг зурсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ нотолж чадаагүй.
Хариуцагч Х.Е, А.Г нар нь тухайн үед мөнгөний хэрэгцээ гарч мөнгө зээлж авснаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд, төлсөн мөнгийг дахин төлөх боломжгүй гэж маргаж байгаа боловч нэхэмжлэгч М.Мээс зээлж авсан 1000000 төгрөгийг төлж барагдуулсан тухай ямар нэгэн бичгийн нотлох баримтгүй, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар Х.Е, А.Г нар нь бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч М.М нь мөнгөө буцаан шаардах эрх нь үүссэн байна.
Тухайн үед зээлсэн мөнгийг 2015 оны 5 сарын 01-нд өгнө, түүнээс хожигдвол сар 6% хүүтэй төлнө гэж хариуцагч Х.Е, А.Г нар нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээж, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож, гарын баримт үйлдсэн байх тул хариуцагч Х.Е, А.Г нараас 1000000 төгрөгийн хүү 720000 төгрөгийг тооцож гаргуулах нь зүйтэй байна.
Иймд хариуцагч Х.Е, А.Г нараас зээлж авсан 1000000 төгрөг, түүний хүү 720000 төгрөг буюу нийт 1720000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Мт олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50380 төгрөгөөс 42470 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчийн илүү төлсөн 7910 төгрөгийг нэхэмжлэгч М.Мт буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Хариуцагчийн өмгөөлөгчийн хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн 2016.06.14. Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд тайлбар өгсөн а/х Т.Тилеген гэсэн бичмэл нотлох баримт нь ямар нэгэн тамга тэмдэггүй, 2016.05.29. гэх Д.Аийн болон мөн хэд хэдэн /нэр нь тодорхойгүй/ иргэдийн бичсэн бичмэл нотлох баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д заасан нотлох баримт гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар хариуцагч Х.Е, А.Г нараас зээлж авсан 1000000 төгрөг, зээлийн хүү 720000 төгрөг бүгд 1720000 /нэг сая долоон зуун хорин мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Мт олгосугай.
2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч М.Мийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50380 төгрөгөөс 42470 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 7910 төгрөгийг Баян-Өлгий аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 020000941 дугаар данснаас гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагч Х.Е, А.Г нараас 42470 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Мт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ