Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 266

 

Хэнтий аймгийн Иргэний зориг,
ногоон намын хорооны нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
 

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, Ч.Тунгалаг, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нэхэжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболд, хариуцагч Хэнтий аймгийн Сонгуулийн хорооны дарга Ө.Цогбадрах нарыг оролцуулан хийж, Хэнтий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 08 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 388 дугаар магадлалыг эс зөвшөөрч хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор Хэнтий аймгийн Иргэний зориг, ногоон намын хорооны нэхэмжлэлтэй, Хэнтий аймгийн Сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Иргэний зориг, ногоон намын хорооноос шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай намын хороо нь аймгийн ИТХ-д 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр нэр дэвших материалыг 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаан, тус хуралдаанаас гарсан шийдвэрээр эхлүүлж, 5 дугаар сарын 5-9-ний хооронд холбогдох баримт материалыг бүрдүүлж, нэр дэвшүүлэх үйл ажиллагааг дуусгаж, нэр дэвшигчдийн материалыг 2016 оны 5 дугаар сарын 12-нд Хэнтий аймгийн Сонгуулийн хороонд хүргүүлсэн. Хэнтий аймгийн Сонгуулийн хорооноос 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 03 тоот шийдвэрээр Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1 дэх хэсгийг үндэслэн хасах шийдвэр гаргасан байна.
Иймд Хэнтий аймгийн Сонгуулийн хорооны 5 дугаар сарын 17-ны өдрийн 03 тоот тогтоолыг хүчингүй болгож, Хэнтий аймгийн Иргэний зориг, ногоон намаас Хэнтий аймгийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг бүртгүүлж өгнө үү гэжээ.
 
Хариуцагч Хэнтий аймгийн сонгуулийн хорооны дарга шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1 дэх хэсэгт "Сонгуульд оролцох нам нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 55 хоногийн өмнө эхлүүлж, тав хоногийн хугацаанд дуусгана" гэж заасны дагуу намууд 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс нэр дэвшүүлэх ажиллагааг эхлүүлж, 5 дугаар сарын 09-ний өдрийг дуустал явуулах хуулийн заалттай байна. Гэтэл Хэнтий аймгийн Иргэний зориг, ногоон намын хороо 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хуралдаж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагаа явуулсан болох нь аймгийн сонгуулийн хороонд ирүүлсэн бичиг баримтаар тогтоогдсон.

Аймгийн Иргэний зориг, ногоон намын хорооны хурлын тэмдэглэлийг татан авч үзэхэд, хурлаа 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 22 цаг 30 минутаас 23 цаг 30 минутын хооронд Чингис хотын "Эрдэнэ" зочид буудлын 205 тоот өрөөнд явуулж, орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшүүлэх шийдвэрээ гаргасан байсан. Хэнтий аймгийн сонгуулийн хорооны 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаас аймгийн Иргэний зориг, ногоон намын хороог нэр дэвшүүлэх ажиллагааг хуульд заасан хугацаанд явуулаагүй гэж үзэж, Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1 дэх хэсэгт заасны дагуу, нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай 03 тоот тогтоол гаргасан. Энэхүү 03 тоот тогтоолыг хууль эрх зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 08 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх хэсэг, Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8, 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгч Хэнтий аймгийн Иргэний зориг, ногоон намын хорооны нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Хэнтий аймгийн сонгуулийн хорооны 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 03 тоот тогтоолыг хүчингүй болгож, Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Иргэний зориг, ногоон намын хорооноос Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуульд нэр дэвшигч О.Болормаа, Д.Лхагвасүрэн, Б.Сүхбат, Г.Оюундалай нарыг бүртгэхийг хариуцагч, Хэнтий аймгийн сонгуулийн хороонд даалгаж шийдвэрлэжээ.
 
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 388 дугаар магадлалаар: Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 08 дугаар шийдвэрийг хэвээр үлдээжээ.
 
Хариуцагч Хэнтий аймгийн Сонгуулийн хорооны дарга Ө.Цогбадрах хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч Хэнтий аймгийн ИЗНН-ын хорооны нэр дэвшигчид Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1 дэх хэсгийн "...санал авах өдрөөс 55 хоногийн өмнө эхлүүлж, тав хоногийн хугацаанд дуусгана." гэснийг буруу ташаа ойлгож 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдөр нэр дэвшүүлэх үйл ажиллагаа явуулсныг мөн хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1 дэх заалтыг зөрчсөн байна гэж анхан шатны шүүх тогтоосон байтлаа, нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл болох 158.1.1 дэх заалтыг хэрэглэсэн аймгийн сонгуулийн хорооны шийдвэрийг буруу тайлбарлаж байна гэж үзээд гомдол гаргаж байна.

ИЗНН-ын нэр дэвшигчид сонгуулийн хуулийн заалтаа буруу ташаа ойлгосныг үндсэн хуулийн иргэний сонгох сонгогдох эрхээр буруу тайлбарлаж шүүх шийдвэрлэж байгаад гомдолтой байна.

Хэнтий аймгийн ИЗНН нь 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс 9-ны өдрүүдэд нэр дэвшүүлэх ажиллагаа огт явуулаагүй байхад аймгийн соигуулийн хороо ИЗНН-ын нэр дэвшигчдийг бүртгэх шийдвэр гаргахыг даалгаж шүүхийн шийдвэр гарч байгаад гомдолтой байна.

Давж заалдах шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 388 дугаар магадлалд Хэнтий аймгийг Дорнод аймаг болгон андуурч шийдвэрт тусгасныг дурьдаж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэлээ.
 
Нэхэмжлэгч Иргэний зориг ногоон намын Хэнтий аймгийн намын хорооноос аймгийн Сонгуулийн хороонд холбогдуулан 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 3 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, намаас нэр дэвшигчдийг бүртгэхийг даалгах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
 
Уг маргаан бүхий тогтоолоор “хуульд заасан хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагаа явуулаагүй” гэсэн үндэслэлээр нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзжээ. Нэхэмжлэгчийн тухайд 2016 оны 5 дугаар сарын 4-ний өдөр Намын хороо хуралдаж, тус намаас ээлжит сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийн нэрсийг баталж, нэр дэвшүүлэх үйл ажиллагааг эхлүүлсэн байна.

Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1 дэх хэсэгт зааснаар сонгуульд оролцох нам нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 55 хоногийн өмнө эхлүүлэхээр тусгайлан заажээ.
 
Өөрөөр хэлбэл 2016 оны 5 дугаар сарын 5-ны өдрөөс нэр дэвшүүлэх үйл ажиллагааг эхлэх ёстой атал нэхэмжлэгч хуулийн энэхүү хугацаанаас өмнө Иргэдийн Хурлын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийг хэлэлцэн баталж, хуулийн дээрх заалтыг зөрчсөн байна.
 
Хууль тогтоогчоос ийнхүү нэр дэвшүүлэх нийтлэг журам, цаг хугацааг тусгайлан зааж өгсөн нь нэр дэвшүүлэх үйл ажиллагаа буюу цаг хугацааны нөхцөл шаардлага нь бүх нам, эвсэл, бие даагч нарт адилхан үйлчлэхээр зохицуулж, ингэснээр гарааны ижил тэгш нөхцөлийг хангах, ижил хугацаанд холбогдох баримт бүрдүүлэхийг зорилго болгосон гэж үзнэ.
 
Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4 дэх хэсэгт зааснаар сонгуулийн үйл ажиллагааг товлосон хугацаанд нэгдсэн журмаар эхлэх нь сонгуулийн үйл ажиллагааны зарчим мөн байх бөгөөд нэхэмжлэгчийн тухайд намаас нэр дэвшүүлэх ажиллагааг хуулийн хугацаанд эхлүүлэх үүргээ биелүүлээгүй байна.
 
Нэхэмжлэгчээс “нэр дэвшүүлэх ажиллагаа дуусаагүй байсан” гэж тайлбарлаж байгаа ч энэхүү хэрэгт маргааны гол үндэслэл нь хэзээ дууссан биш, харин “нэр дэвшүүлэх ажиллагааг хуульд заасан хугацаанаас өмнө эхлүүлсэн” гэх үйл баримт байх бөгөөд нэхэмжлэгчээс хугацаанаас өмнө нэр дэвшүүлэх ажиллагаа эхлүүлсэн тухайгаа үгүйсгээгүй болно.
 
Анхан болон давж заалдах шатны шүүхээс “өөр намын нэр дэвших ажиллагаанд нөлөөлөөгүй, бүртгэхээс татгалзах хэмжээний зөрчил биш” гэж дүгнэсэн нь буруу бөгөөд хууль тогтоогчоос нэр дэвшүүлэх ажиллагааг эхлэх хугацааг нарийвчлан тодорхой заасан, өөр бусад нам, эвсэл, бие даагч нарын адил цаг хугацаанд сонгуулийн баримт бичиг бэлтгэх эрх хөндөгдсөн байгааг шүүхээс анхаараагүй байна.  
 
Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэгт зааснаар аймгийн Сонгуулийн хорооноос хуульд заасан хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагааг явуулаагүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийг бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн нь зөв болжээ.
 
Дээрх үндэслэлүүдээр, шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн хяналтын гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.
 
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127 дугаар зүйлийн 127.2.4-д заасныг удирдлага болгон
 

 

                                                                                 ТОГТООХ нь:
 
1. Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 8 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 388 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4, 154 дүгээр зүйлийн 154.1-д заасныг баримтлан Иргэний зориг ногоон намын Хэнтий аймгийн намын хорооноос аймгийн Сонгуулийн хороонд холбогдуулан 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 3 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, намаас нэр дэвшигчдийг бүртгэхийг даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
 
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
 

 
                                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         М.БАТСУУРЬ


                                                  ШҮҮГЧ                                                  П.СОЁЛ-ЭРДЭНЭ