Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2016/0388

 

2016 оны 6 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2016/0388

Улаанбаатар хот

 

Х-н нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, хариуцагч Ө.Ц нарыг оролцуулан хийж, Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 08 дугаар шийдвэртэй, Х-н нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн Сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор, шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х-н намын хорооноос шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Манай намын хороо нь аймгийн ИТХ-д 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр нэр дэвших материалыг 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаан, тус хуралдаанаас гарсан шийдвэрээр эхлүүлж, 05 дугаар сарын 5-9-ний хооронд холбогдох баримт материалыг бүрдүүлж, нэр дэвшүүлэх үйл ажиллагааг дуусгаж, нэр дэвшигчдийн материалыг 2016 оны 05 дугаар сарын 12-нд Хэнтий аймгийн Сонгуулийн хороонд хүргүүлсэн. Хэнтий аймгийн Сонгуулийн хорооноос 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 03 тоот шийдвэрээр Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1 дэх хэсгийг үндэслэн хасах шийдвэр гаргасан байна.

Иймд Хэнтий аймгийн Сонгуулийн хорооны 5 дугаар сарын 17-ны өдрийн 03 тоот тогтоолыг хүчингүй болгож, Х-н намаас Хэнтий аймгийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг бүртгүүлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Х-н намын хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай намын хорооныхон 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр цугларч хурал хийж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагааг эхлүүлсэн. Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1-д хэсэгт Сонгуульд оролцох нам нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 55 хоногийн өмнө эхлүүлж, тав хоногийн хугацаанд дуусгана гэж заасныг санал авах өдрөөс өмнөх 55 дахь хоногийг 2016 оны 05 дугаар сарын 05 гэж тооцоолон, энэ өдрөөс өмнө нэр дэвшүүлэх ажиллагааг эхлүүлнэ гэж ойлгож, 05 дугаар сарын 04-ний орой намын хорооны хурлаа хийж, аймгийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагааг эхлүүлсэн. Ингээд нэр дэвшүүлэх үйл ажиллагааг 05 дугаар сарын 9-нд дуусгаж, нэр дэвшигчдийн баримт бичгийг 05 дугаар сарын 12-ны өдөр аймгийн сонгуулийн хороонд хүргүүлсэн. Аймгийн сонгуулийн хороо манай намын хорооноос аймгийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг хуульд заасан хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагааг явуулаагүй гэсэн үндэслэлээр бүртгэхээс татгалзсаныг хууль бус гэж үзэж байна. Орон нутгийн Хурлын сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагааг манай намын хороо 05 дугаар сарын 05-ны өдрөөс хэдэн минутын өмнө эхлүүлсэн. Аймгийн сонгуулийн хороо манай намын нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзсанаар дөрвөн жилд нэг удаа болдог сонгуульд нэр дэвших эрх хязгаарлагдаж, Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасан, иргэний сонгогдох эрх зөрчигдөж байна. Иймд Хэнтий аймгийн Сонгуулийн хорооны 5 дугаар сарын 17-ны өдрийн 03 тоот тогтоолыг хүчингүй болгож, Х-н намын хорооноос Хэнтий аймгийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг бүртгүүлж өгнө үү.

Манай намын хороо аймгийн ИТХ-ын сонгуульд нэр бүхий 7 хүнийг нэр дэвшүүлсэн боловч аймгийн сонгуулийн хороонд Г.Б, О.Б, Д.Л, Б.С, Г.О нарын 5 хүний бичиг баримтыг хүргүүлсэн. Монгол Улсын Дээд шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 185 дугаар тогтоолын дагуу Сонгуулийн Ерөнхий хороо 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 76 дугаар тогтоол гаргаж, Иргэний зориг, ногоон нам Улсын Их Хурлын сонгуульд оролцох болсон бөгөөд Г.Б миний бие Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшихээр болсон тул Хэнтий аймгийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг бүртгүүлэх нэхэмжлэлийн шаардлагын өөрт холбогдох хэсгээс татгалзаж байгааг хүлээн авна уу гэжээ.

Хариуцагч Хэнтий аймгийн сонгуулийн хорооны дарга Ө.Ц шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1 дэх хэсэгт Сонгуульд оролцох нам нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 55 хоногийн өмнө эхлүүлж, тав хоногийн хугацаанд дуусгана гэж заасны дагуу намууд 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс нэр дэвшүүлэх ажиллагааг эхлүүлж, 5 дугаар сарын 9-ний өдрийг дуустал явуулах хуулийн заалттай байна. Гэтэл Х-н намын хороо 2016 оны 5 дугаар сарын 4-ний өдөр хуралдаж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагаа явуулсан болох нь аймгийн сонгуулийн хороонд ирүүлсэн бичиг баримтаар тогтоогдсон болно. Аймгийн Иргэний зориг, ногоон намын хорооны хурлын тэмдэглэлийг татан авч үзэхэд, хурлаа 2016 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 22 цаг 30 минутаас 23 цаг 30 минутын хооронд Чингис хотын Эрдэнэ зочид буудлын 205 тоот өрөөнд явуулж, орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшүүлэх шийдвэрээ гаргасан байсан. Хэнтий аймгийн сонгуулийн хорооны 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаас аймгийн Иргэний зориг, ногоон намын хороог нэр дэвшүүлэх ажиллагааг хуульд заасан хугацаанд явуулаагүй гэж үзэж, Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1 дэх хэсэгт заасны дагуу, нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай 03 тоот тогтоол гаргасан. Энэхүү 03 тоот тогтоолыг хууль эрх зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Г.Б нь Хэнтийн мэдээ сонинд ярилцлага өгөхдөө нэр дэвшүүлэх ажиллагааг 05 дугаар сарын 05-ны өдрөөс эхлүүлж, 09-ний өдрийг дуустал явуулсан нь хууль бус мэтээр ярьж, бусад намын эрх ашигт харшлах мэдээлэл өгсөн байсан. Г.Б нь мөн аймгийн сонгуулийн хороонд гаргасан өргөдөлдөө Сонгуулийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь заалтын дагуу зөрчил арилгах боломж олгох талаар дурдсан байсан. Энэ заалт нь Улсын Их Хурлын сонгуульд хамаарах заалт юм гэжээ.

Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 08 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 9 дэх хэсэг, Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8, 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгч Х-н намын хорооны нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Хэнтий аймгийн сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 03 тоот тогтоолыг хүчингүй болгож, Нэхэмжлэгч Х-н намын хорооноос Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуульд нэр дэвшигч О.Б, Д.Л, Б.С, Г.О нарыг бүртгэхийг хариуцагч, Хэнтий аймгийн сонгуулийн хороонд даалгажээ.

Хариуцагч Дорнод аймгийн Сонгуулийн хорооны дарга давж заалдах гомдолдоо: ... Хэнтий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхээс дээрх шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдахдаа хариуцагчийн энэхүү тайлбар нь Сонгуулийн тухай хуулийн зохих зүйл, заалтад нийцсэн үндэслэл бүхий байгаа ч Монгол Улсын иргэн Үндсэн хуулиар олгогдсон үндсэн эрх, төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхийг баталгаатай эдэлнэ гэсэн заалт, Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8, 14 дүгээр зүйлийн 14.8 дахь хэсгийг удирдлага болгон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн байна. Дээрх хуулийн заалтын шаардлагыг хангасан иргэн сонгох, сонгогдох эрхтэй ч нэр дэвшүүлэх ажлыг зохион байгуулж байгаа хуулийн этгээд нь тухайн үйл ажиллагаагаа хуульд заасны дагуу алдаа мадаггүй гүйцэтгэх үүрэгтэй. Гэтэл захиргааны хэргийн анхан шатны шүүхээс гарсан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж гарсан шийдвэр нь иргэний сонгогдох эрхийг хангахын тулд сонгуулийн тухай хуулийг зөрчиж болно гэсэн утга агуулгатай байгаа нь шүүхийн шийдвэр илт үндэслэл муутай болсон гэж үзэхээр байна. /Мөн Сонгуулийн тухай хуульд 14 дүгээр зүйлийн 14.8 дахь заалт огт байхгүй байхад үндэслэх хэсэгт удирдлага болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн/

Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн шүүхээс гарсан шийдвэрийн үндэслэх хэсэгтээ Х-н намын хорооны 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаараа аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвшүүлэх ажиллагаа явуулсныг хууль зөрчсөн байна гэдгийг хүлээн зөвшөөрсөн агуулгыг илэрхийлсэн байтлаа аймгийн сонгуулийн хороонд Х-н намын хорооны нэр дэвшүүлсэн нэр бүхий 4 иргэнийг нэр дэвшигчээр бүртгэхийг даалгаж байгаа нь аймгийн Сонгуулийн хороог хууль зөрчсөн үйлдэл хийлгэхэд хүргэхээс гадна хэрэв аймгийн Сонгуулийн хороо шүүхийн шийдвэрийг биелүүлж, аймгийн Сонгуулийн хорооны Иргэний зориг, ногоон намын нэр дэвшигчдийг бүртгэсэн шийдвэрийг бусад өрсөлдөгч намууд шүүхэд өгөх нь тодорхой байна. Учир нь хуулийн хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагаа явуулаагүй болох нь шүүхэд гаргаж өгсөн оролцогч талуудын нотлох баримтаар тогтоогдож байгааг хүлээн зөвшөөрсөн байгаа.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

ХЯНАВАЛ:

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Хэнтий аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн “Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай” 03 дугаар тогтоолоор Сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.8, 157 дугаар зүйлийн 157.9, 158 дугаар зүйлийн 158.1, 158.1.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Иргэний зориг ногоон намыг аймгийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын сонгуульд бүртгэхээс татгалзсан байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтууд, тайлбараас үзэхэд Иргэний зориг ногоон намын Хэнтий аймгийн намын хороо 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 22.30 цагаас 23.30 цагийн хооронд хуралдаж, аймгийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын сонгуульд 7 нэр дэвшигчийн нэрийг нь тодруулж, холбогдох баримт бичгийг бүрдүүлэн аймгийн Сонгуулийн хороонд хүргүүлэхээр шийдвэрлэсэн байх ба мөн оны 05 дугаар сарын 12-ны өдөр аймгийн Сонгуулийн хороонд хүргүүлсэн болох нь тогтоогджээ.

Хариуцагчаас “холбогдох баримт, бичгүүдийг хүлээн аваад Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1 дэх хэсэгт зааснаар сонгуульд оролцох нам нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 55 хоногийн өмнө эхлүүлэх ёстой, 05 дугаар сарын 04-ний өдөр эхлүүлсэн тул бүртгээгүй” гэж, нэхэмжлэгчээс “сонгуульд оролцох нам нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 55 хоногийн өмнө эхлүүлэх ёстой ч өмнөх өдрийн 23.30 цагт нэр дэвшүүлэх ажиллагааг хэлэлцсэн, хугацаанаас хоцроож өгөөгүй, харин хугацаанаас 30 минутын өмнө хэлэлцсэн” хэмээн тайлбарлаж байна.

 Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1 дэх хэсэгт “Сонгуульд оролцох нам нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 55 хоногийн өмнө эхлүүлж, тав хоногийн хугацаанд дуусгана” гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн хувьд нэр дэвшүүлэх ажиллагааг хуульд заасан хугацаанаас өмнө буюу нэр дэвшүүлэх өдрөөс 30 минутын өмнө эхлүүлснээ хүлээн зөвшөөрч байгаа, энэ нь өөр намын нэр дэвшүүлэхэд ажиллагаанд нөлөөлөх хэмжээний үр дагавар үүсгэхээргүй, нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах хэмжээний зөрчил биш байна.

Нөгөөтээгүүр Сонгуулийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт “тухайн аймаг-т өөрийн салбартай санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам тухайн аймгийн хурлын сонгуульд оролцож, энэ хуульд заасан шаардлагыг хангасан иргэнийг нэр дэвшүүлэх эрхтэй” гэж заасан бөгөөд тухайн намын хорооноос нэр дэвшигдсэн иргэний Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар дугаар зүйлийн 9-д “шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй…” гэж заасан иргэний сонгогдох эрх нь хөндөгдөнө гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Хариуцагчийн гомдолд дурдсан бусад үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох боломжгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хуулийн зүйл заалтыг “14.8” гэж буруу бичсэнийг тэмдэглэв.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 08 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсгийг баримтлан хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:                                  

ШҮҮГЧ                                                           Д.ЗОРИГТБААТАР 

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН 

ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ