Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2018/00772

 

А.Г-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2017/03717 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 335 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч А.Г-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Х” ХХК-д холбогдох,

Хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 11 250 750 төгрөг гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагчийн торгууль, алданги 2 055 640 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Очирваанийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Г-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ууганбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Очирваань, нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...Миний бие “Х” ХХК-тай 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 04/016/10 тоот, 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 04/016/17 тоот хөлсөөр ажиллах гэрээг тус тус байгуулан Трю эл хотхон орон сууцны 1, В1 давхарт барилгын заслын ажлыг хийхээр тохиролцсон. Бид гэрээнд заасан ажлаа гүйцэтгэсэн ч хөлсөөр ажиллуулагч “Х” ХХК нь одоог хүртэл гэрээний 5.3.2-т заасан үүргээ биелүүлэхгүй бидний төлбөрийг ямар нэгэн шалтаг тоочин өгөхгүй байна. 04/016/10 гэрээгээр 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс ажил эхэлж 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр ажил хүлээлгэн өгөхөөр тохиролцсон боловч талууд харилцан тохиролцож 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл сунгасан. 04/016/17 тоот гэрээгээр 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс ажил эхэлж 2016 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр ажил хүлээлгэн өгөхөөр тохирсон. Үүний дагуу бид ажлыг хугацаанд нь хийж гүйцэтгэн захиалагч талд хүлээлгэн өгсөн. 04/016/10, 04/016/17 тоот гэрээнүүдийн ажил хүлээлцэх актаа авахыг хүссэн ч “Х” ХХК нь бидэнд гаргаж өгөхгүй өнөөдрийг хүрсэн.

В1 давхарт хар замаск тааз дотор наалт 1116 мкв 2 790 000 төгрөг, давхарласан 500 мкв 1 250 000 төгрөг, хана 194 мкв 485 000 төгрөг, давхарласан 270 мкв 675 000 төгрөг, багана 93.15 мкв 232 875 төгрөг, давхарласан 100 мкв 250 000 төгрөг, цагаан замаск В1 тааз дотор наалт 1116 мкв 2 үе 2 790 000 төгрөг, хана 515 мкв 1 үе 515 000 төгрөг, давхарласан 160 мкв 160 000 төгрөг, багана 93.15 мкв 2 үе 232 875 төгрөг, нийт 9 380 750 төгрөг болсон. 1 дүгээр давхарт хар замаск тааз дотор наалт 1180 мкв 2 950 000 төгрөг, давхарласан 560 мкв 1 400 000 төгрөг, хана 58 мкв, давхарласан 95 мкв, багана 96 мкв, давхарласан 103 мкв 880 000 төгрөг, нийт 5 230 000 төгрөг, нийт 14 610 750 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн. Үүнээс В1 давхар урьдчилгаа 300 000 төгрөг, 1 давхар урьдчилгаа 300 000 төгрөг, цалин хөлс 1 848 000 төгрөг, урьдчилгаа 50 000 төгрөг, манай ажилчин н.Хандаад өгсөн 500 000 төгрөг, хоолны мөнгө 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 40 000 төгрөг, ажлын гуталны мөнгө 300 000 төгрөг, рек төмөр 240 000 төгрөг, сургалтанд суусан 282 000 төгрөг, нийт 3 860 000 төгрөг авсан байна.

Иймд гэрээнд заасны дагуу төлбөрийг бүрэн төлөхийг шаардсан боловч 10 750 750 төгрөгийн үнийн дүнгээр тохиролцохгүй байгаа ба одоог болтол хөлс өгөхгүй байгаа тул “Х” ХХК-иас миний ажлын хөлсний үлдэгдэл болох 10 750 750 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 500 000 төгрөг, нийт 11 250 750 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: 

Нэхэмжлэгч А.Г-тэй 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 08 дугаар сарын 09-ний өдөр хүртэл харилцан тохиролцож 04/016/10 тоот хөлсөөр ажиллах гэрээ байгуулан Трю эл авто цогцолборын В1 давхрын хана таазны хар замаск буюу тэгшилгээг 1 мкв үнийг 2 500 төгрөгөөр тооцож, цагаан замаск 2 үе зүлгүүртэй 1 мкв үнийг 2 500 төгрөгөөр тохиролцон хийхээр болсон. 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 09 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл Трю эл авто цогцолборын 1 давхрын А жигүүрийн ажлыг хар замаск буюу тэгшилгээ, цагаан замаск 2 үе зүлгүүртэйгээр ажлыг хийхээр болж ажлын нийт хөлсийг талбайн хэмжээгээр тооцолгүйгээр 6 000 000 төгрөгөөр хийхээр тохиролцож хөлсөөр ажиллах 04/016/17 тоот гэрээ байгуулсан. Ажил эхлээд 21 хоногийн дараагаас ажиллах хүний тоо эрс багасч, манай барилгын ажлын гүйцэтгэл явахаа больсон ба А.Г-ийн зүгээс гэрээгээр тохиролцсон хугацаанд ажлаа хүлээлгэн өгч чадахгүйд хүрсэн. А.Г- өөрөө ажлын байранд ирж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлдэггүй, ажилчдаа мэргэжлийн удирдлагаар хангаж чадалгүй ор сураггүй утсаа салгаад ажлаа хаяж үе үе алга болж хяналт сулардаг байсан тул ажилчид нь ирж ажилладаггүй, ажиллах ч хүнгүй болсон. Энэ талаар “Жавхлант өргөө констракшн” ХХК-ийн албан бичиг, манай байгууллагаас А.Г-эд өгч байсан албан бичиг нотолно. Манай байгууллагын зүгээс хөлсөөр ажиллах гэрээний хугацааг 3 удаа 07/20-08/09, 08/09-08/30, 08/30-09/09 сунгаж нэмэлт хугацаа тогтоож дээрх хугацаанд ажиллах хүчээ нэмэхийг шаардаж албан бичиг удаа дараа өгсөн боловч ямар ч үр дүн гаралгүй 3 ажилтан л үлдсэн. 04/016/10 тоот В1 давхрын ажлын гэрээний нэмэлт хугацаа 09 дүгээр сарын 09-ний өдөр дуусч “Х” ХХК-ийн удирдах зөвлөлийн хурлын шийдвэрийн дагуу ажлыг бүрэн хүлээж авахаар 09 дүгээр сарын 14-ний өдөр очиход В1 давхрын ажлаас хар замаск буюу тэгшилгээний ажлыг хийж дуусгасан байсан.

Манай компани нь “Жавхлант өргөө констракшн” ХХК-тай байгуулсан гэрээний 9 давхар обьектын заслын ажил буюу хар, цагаан замаск, эмульс, будгийн хамт гэрээнд заасан хугацаанд хүлээлгэн өгөх ёстой байтал А.Г-ийн шууд буруутай үйлдлээс шалтгаалж 263 000 000 төгрөгийн ажлын гэрээг “Жавхлант өргөө констракшн” ХХК цуцалсан. Гэрээт ажлын цаг хугацаанд нь хүлээлгэж өгсөн гэх тайлбар ор үндэсгүй ба хүлээлгэж өгсөн тохиолдолд талууд акт үйлдсэн байх ёстой бөгөөд акт баримтаар ажил хүлээлгэж өгөөгүй. 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 04/016/10 тоот гэрээтэй В1 давхрын ханын цагаан замаскны ажлыг хийлгэхээ больж талууд гэрээний зарим хэсгээс татгалзан зөвхөн таазны цагаан замаскыг бүрэн дуусгаж хүлээлгэн өгөх саналыг А.Г-ийн ажилтан н.Хандсүрэн санал болгосныг бид хүлээн авсан. В1 давхрын ханын цагаан замаскны 2 үе ажлыг А.Отгонцэцэг гэх иргэнтэй гэрээ байгуулан хүлээн авсан. 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр В1, 1 давхруудын таазны хар замаскны гүйцэтгэлийг талууд акт үйлдэн хүлээлгэн өгч гүйцэтгэлээс өмнө өгсөн урьдчилгаа мөнгөн дүнг хасч тооцон 1 848 050 төгрөгийн санхүүжилт авсан. 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр А.Г- нь В1, 1 давхруудын таазны хар замаскны гүйцэтгэлийг талууд акт үйлдэн хүлээлгэн өгч гүйцэтгэлээс захиалагчийн тавьсан торгуулийн мөнгөн дүнг хасч тооцон 500 000 төгрөгийн санхүүжилт авсан. Цагаан замаскны ажлыг зүлгүүрийн ажилтай бүрэн дуусгаж хүлээлгэн өгсний дараа үлдэгдэл санхүүжилт олгохоор гэрээгээр тохиролцсон ба цагаан замаскны ажлыг хийж гүйцэтгээгүй тул төлбөр олгох үндэслэлгүй. В1 давхрын таазны цагаан замаскны ажлыг хийсэн тул тэр хэмжээнд төлбөрийг төлж болно. 1 давхрын хана таазны хоёр үе цагаан замаскны ажил болон зүлгүүрийг өөрсдөө ажиллах хүч байхгүйн улмаас хийхээс татгалзсан тул иргэн н.Мөнхзаяа хийж дуусган гэрээний дагуу төлбөрийг бүрэн авсан тул хийгээгүй ажлын хөлсийг А.Г-эд өгөх ёсгүй.

Иймд 11 250 750 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

...В1 давхрын ажлын гэрээний нэмэлт хугацаа 09 дүгээр сарын 09-ний өдөр дуусч “Х” ХХК-ийн удирдах зөвлөлийн хурлын шийдвэрийн дагуу ажлыг бүрэн хүлээж авахаар 09 дүгээр сарын 14-ний өдөр очиход В1 давхрын ажлаас хар замаск буюу тэгшилгээний ажлыг хийж дуусгасан байсан. Ажил хүлээлгэж өгөөгүй, хүлээлгэж өгөх хэмжээний ажил өгөөгүй. ХАБ-ын дүрмийг А.Г- түүний ажилтан биелүүлээгүйн улмаас захиалагч “Жавхлант өргөө констракшн” ХХК нь 650 000 төгрөгийн торгуулийг манай байгууллагад тавьсан, мөн хөлсөөр ажиллах гэрээний нэмэлт хугацаа 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр дууссан ба дээрх хугацаанаас хойш В1 болон 1 давхрын гэрээт ажлыг хугацаанд хүлээлгэж өгөөгүй тул хөлсөөр ажиллах гэрээний 4 дүгээр зүйлийн 4.10 дугаар зүйлд заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцож А.Г-ээс алданги нэхэмжилж байна.

А.Г-ээс захиалагч талаас тавьсан торгууль 650 000 төгрөг, 1 давхрын ажил хийхээр байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний алданги 480 000 төгрөг, В1 давхрын ажил хийхээр байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний алданги 925 640 төгрөг, нийт 2 055 640 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

...“Х” ХХК нь 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 04/016/10 тоот гэрээний 4.6, 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 04/016/17 тоот гэрээний 4.6-д заасан үүргээ биелүүлээгүй, санхүүжилт хуваарийн дагуу олгоогүйгээс болж манай ажилчид ажилдаа ирэх унаа, хоол, хөдөлмөрийн хөлсний төлбөрөө аваагүйгээс шалтгаалаад нэг, хоёр хүн цөөрсөн удаа бий. Гэхдээ тийм бага хүнтэй ажлаа явуулж байсан удаа байхгүй. Манай бригадыг ажлаа хожимдуулж өгсөн гээд байгаа нь “Х” ХХК-иас болсон. Гэрээний 6.1.1-д барилгын стандартын шаардлага хангасан материалыг цаг хугацаанд нийлүүлэхийг бид шаардах, 6.1.2-т захиалагч болон хөлсөөр ажиллуулагчийн нийлүүлсэн барилгын материал нь стандартын шаардлага хангаагүй тохиолдолд шаардлага хангасан өөр материалаар сольж өгөхийг шаардах гэж зааснаар стандартын шаардлага хангасан замаскаар хангахыг шаардсаар байгаад хугацаа хожимдуулсан учир “Х” ХХК өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр гэрээний хугацаа сунгалт хийсэн нотлох баримт хэргийн материалд байгаа. Мөн надад гурван удаа шаардах албан бичиг өгч байсан гэснийг зөвшөөрөхгүй, би ямар ч баримт дээр гарын үсэг зурж, хүлээж авсан зүйл байхгүй, гурван удаагийн мэдэгдэл ирж байгаагүй. Бид хийх ёстой ажлаа цаг хугацаанд нь хийж дуусгасан.

“Х” ХХК нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй байж шаардах үндэслэлгүй. Иймд 2 055 640 төгрөгийг нэхэмжилснийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2017/03717 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Х” ХХК-иас 4 543 600 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Г-эд олгож, нэхэмжлэлээс 6 707 150 төгрөгт холбогдох хэсгийг, мөн Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч А.Г-ээс 2 055 640 төгрөг гаргуулах тухай хариуцагч “Х” ХХК-ийн сөрөг шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 194 962 төгрөг, хариуцагчийн төлсөн 47 840 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Х” ХХК-аас 87 648 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Г-эд, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Улаанбаатар хотын банкин дахь 2609006167 тоот данснаас илүү төлсөн 160 төгрөгийг гаргуулан хариуцагч “Х” ХХК-д тус тус олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 335 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2017/03717 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч А.Г-ээс 114 270 төгрөг, хариуцагч “Х” ХХК-иас 37 500 төгрөг тус тус төлснийг улсын орлогод хэвээр үлдээжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

...Хөлсөөр ажиллуулагчийн зүгээс гэрээний үүргээ биелүүлж ажлаа хүлээж авахын тулд гэрээний хугацаа хэтэрсэн ч нэхэмжлэгчид 2 удаа үүргээ гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон ба уг хугацаа 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр дууссан ч нэхэмжлэгч нь ажлаа хугацаанд нь хүлээлгэж өгөөгүй байдаг. Улмаар манай байгууллагын зүгээс Гансүхийн бригадаар ажил гүйцэтгүүлэх боломжгүй болсон тул 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн Отгонцэцэг, Мөнхзаяа нараар тухайн ажлыг хийж дуусгуулсан.

Тодруулбал 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн 1 давхарын ажил гүйцэтгэх гэрээний дагуу хөлсөөр ажиллагчийн гүйцэтгээгүй үүрэг нь 3 500 000 төгрөг, В1 давхарын гэрээний дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 6 500 000 төгрөг болж байна. Талуудын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасанд нийцсэн тул нэхэмжлэгчээс алдангид 1 405 640 төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй юм.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж сөрөг нэхэмжлэлээс 1 405 640 төгрөгийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааныг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэл бүхий хянан шийдвэрлэжээ. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна.

Нэхэмжлэгч А.Г- нь хариуцагч “Хаан боржигон” ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэл болон өөрт учирсан хохиролд 11 250 750 төгрөг гаргуулахыг нэхэмжилсэн ба хариуцагч “Хаан боржигон” ХХК нь шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэлийг татгалзсанаас гадна нэхэмжлэгчээс ажлаа хугацаанд нь гүйцэтгээгүйн алданги, мөн захиалагчид төлсөн торгууль зэрэгт 2 055 640 төгрөг хариу шаардаж, сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

Зохигч нь 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр гэрээ байгуулж, нэхэмжлэгч А.Г- нь “Трю Эл” хотхоны автозогсоолын В1 давхрын хар замаск, 2 үе цагаан зүлгүүртэй замаскыг 1 мкв-ыг  2 500 төгрөгийн хөлстэйгээр гүйцэтгэх, хариуцагч “Хаан боржигон” ХХК ажлын хөлс төлөх үүрэг хүлээжээ. Мөн зохигч нь 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр гэрээ байгуулж, А.Г- нь дээрх хотхоны 1 дүгээр давхарын А корпусын хана, тааз, багана, дам нурууны хар замаск, 2 үе цагаан зүлгүүртэй замаск хийх, хариуцагч нь 6 000 000 төгрөгийн хөлс төлөх үүрэг хүлээсэн байна.

Дээрх гэрээг хоёр шатны шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д заасан ажил гүйцэтгэх гэрээ гэж үзсэн нь үндэслэлтэй болжээ. Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон  хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

Ажил гүйцэтгэх гэрээний нөхцөл, гэрээний гүйцэтгэлийн талаар анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, тухайлбал, шинжээчийн дүгнэлтэд үндэслэн дүгнэлт хийж, үндсэн нэхэмжлэлээс зарим хэсгийг хангаж, сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ. Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийснийг үгүйсгэх үндэслэлгүй болно.

Ийнхүү дүгнэлт хийхдээ шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1., 232 дугаар зүйлийн 232.6.-д заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийн зүйл, заалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2017/03717 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 335 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 37 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН