Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 335

 

 

А.Г-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2017/03717 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч А.Г-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Х” ХХК-д холбогдох

 

Хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 11 250 750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, торгууль, алданги 2 055 640 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч А.Г,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.У,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Эрдэнэбилэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие Х ХХК-тай 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 04/016/10 тоот хөлсөөр ажиллах гэрээ, 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 04/016/17 тоот хөлсөөр ажиллах гэрээг тус тус байгуулан Трю эл хотхон орон сууцны 1, В1 давхарт барилгын заслын ажлыг хийхээр тохиролцсон. Бид гэрээнд заасан ажлаа гүйцэтгэсэн ч хөлсөөр ажиллуулагч Х ХХК нь одоог хүртэл гэрээний 5.3.2-т заасан үүргээ биелүүлэхгүй бидний төлбөрийг ямар нэгэн шалтаг тоочин өгөхгүй байна. 04/016/10 гэрээгээр 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс ажил эхэлж 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдөр ажил хүлээлгэн өгөхөөр тохиролцсон боловч талууд харилцан тохиролцож 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдөр 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл сунгасан. 04/016/17 тоот гэрээгээр 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдрөөс ажил эхэлж 2016 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр ажил хүлээлгэн өгөхөөр тохирсон. Үүний дагуу бид ажлыг хугацаанд нь хийж гүйцэтгэн захиалагч талд хүлээлгэн өгсөн. 04/016/10, 04/016/17 тоот гэрээнүүдийн ажил хүлээлцэх актаа авахыг хүссэн ч “Х” ХХК нь бидэнд гаргаж өгөхгүй өнөөдрийг хүрсэн. В1 давхарт хар замаск тааз дотор наалт 1116 м.кв 2 790 000 төгрөг, давхарласан 500 м.кв 1 250 000 төгрөг, хана 194 м.кв 485 000 төгрөг, давхарласан 270 м.кв 675 000 төгрөг, багана 93.15 м.кв 232 875 төгрөг, давхарласан 100 м.кв 250 000 төгрөг, цагаан замаск В1 тааз дотор наалт 1116 м.кв 2 үе 2 790 000 төгрөг, хана 515 м.кв 1 үе 515 000 төгрөг, давхарласан 160 м.кв 160 000 төгрөг, багана 93.15 м.кв 2 үе 232 875 төгрөг, нийт 9 380 750 төгрөг болсон. 1 дүгээр давхарт хар замаск тааз дотор наалт 1180 м.кв 2 950 000 төгрөг, давхарласан 560 м.кв 1 400 000 төгрөг, хана 58 м.кв, давхарласан 95 м.кв, багана 96 м.кв, давхарласан 103 м.кв 880 000 төгрөг, нийт 5 230 000 төгрөг, нийт 14 610 750 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн. Үүнээс В1 давхар урьдчилгаа 300 000 төгрөг, 1 давхар урьдчилгаа 300 000 төгрөг, цалин хөлс 1 848 000 төгрөг, урьдчилгаа 50 000 төгрөг, манай ажилчин н.Хандаад өгсөн 500 000 төгрөг, хоолны мөнгө 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдөр 40 000 төгрөг, ажлын гуталны мөнгө 300 000 төгрөг, рек төмөр 240 000 төгрөг, сургалтанд суусан 282 000 төгрөг, нийт 3 860 000 төгрөг авсан байна. Иймд гэрээнд заасны дагуу төлбөрийг бүрэн төлөхийг шаардсан боловч 10 750 750 төгрөгийн үнийн дүнгээр тохиролцохгүй байгаа ба одоог болтол хөлс өгөхгүй байгаа тул “Х” ХХК-иас миний ажлын хөлсний үлдэгдэл болох 10 750 750 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 500 000 төгрөг, нийт 11 250 750 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч А.Г-тэй 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 8 дугаар сарын 09-ний өдөр хүртэл харилцан тохиролцож 04/016/10 тоот хөлсөөр ажиллах гэрээ байгуулан Трю эл авто цогцолборын В1 давхрын хана таазны хар замаск буюу тэгшилгээг 1 м.кв үнийг 2 500 төгрөгөөр тооцож, цагаан замаск 2 үе зүлгүүртэй 1 м.кв үнийг 2 500 төгрөгөөр тохиролцон хийхээр болсон. 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдрөөс 09 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл Трю эл авто цогцолборын 1 давхрын А жигүүрийн ажлыг хар замаск буюу тэгшилгээ, цагаан замаск 2 үе зүлгүүртэйгээр ажлыг хийхээр болж ажлын нийт хөлсийг талбайн хэмжээгээр тооцолгүйгээр 6 000 000 төгрөгөөр хийхээр тохиролцож хөлсөөр ажиллах 04/016/17 тоот гэрээ байгуулсан. Ажил эхлээд 21 хоногийн дараагаас ажиллах хүний тоо эрс багасч, манай барилгын ажлын гүйцэтгэл явахаа больсон ба А.Г-ийн зүгээс гэрээгээр тохиролцсон хугацаанд ажлаа хүлээлгэн өгч чадахгүйд хүрсэн. А.Г өөрөө ажлын байранд ирж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлдэггүй, ажилчдаа мэргэжлийн удирдлагаар хангаж чадалгүй ор сураггүй утсаа салгаад ажлаа хаяж үе үе алга болж хяналт сулардаг байсан тул ажилчид нь ирж ажилладаггүй, ажиллах ч хүнгүй болсон. Энэ талаар “Жавхлант өргөө констракшн” ХХК-ийн албан бичиг, манай байгууллагаас А.Г-д өгч байсан албан бичиг нотолно. Манай байгууллагын зүгээс хөлсөөр ажиллах гэрээний хугацааг 3 удаа 07/20-08/09, 08/09-08/30, 08/30-09/09 сунгаж нэмэлт хугацаа тогтоож дээрх хугацаанд ажиллах хүчээ нэмэхийг шаардаж албан бичиг удаа дараа өгсөн боловч ямар ч үр дүн гаралгүй 3 ажилтан л үлдсэн. 04/016/10 тоот В1 давхрын ажлын гэрээний нэмэлт хугацаа 09 дүгээр сарын 09-ний өдөр дуусч “Х” ХХК-ийн удирдах зөвлөлийн хурлын шийдвэрийн дагуу ажлыг бүрэн хүлээж авахаар 9 дүгээр сарын 14-ний өдөр очиход В1 давхрын ажлаас хар замаск буюу тэгшилгээний ажлыг хийж дуусгасан байсан. Манай компани нь “Жавхлант өргөө констракшн” ХХК-тай байгуулсан гэрээний 9 давхар обьектын заслын ажил буюу хар, цагаан замаск, эмульс, будгийн хамт гэрээнд заасан хугацаанд хүлээлгэн өгөх ёстой байтал А.Г-ийн шууд буруутай үйлдлээс шалтгаалж 263 000 000 төгрөгийн ажлын гэрээг “Жавхлант өргөө констракшн” ХХК цуцалсан. Гэрээт ажлын цаг хугацаанд нь хүлээлгэж өгсөн гэх тайлбар ор үндэсгүй ба хүлээлгэж өгсөн тохиолдолд талууд акт үйлдсэн байх ёстой бөгөөд акт баримтаар ажил хүлээлгэж өгөөгүй. 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 04/016/10 тоот гэрээтэй В1 давхрын ханын цагаан замаскны ажлыг хийлгэхээ больж талууд гэрээний зарим хэсгээс татгалзан зөвхөн таазны цагаан замаскыг бүрэн дуусгаж хүлээлгэн өгөх саналыг А.Г-ийн ажилтан н.Хандсүрэн санал болгосныг бид хүлээн авсан. В1 давхрын ханын цагаан замаскны 2 үе ажлыг А.Отгонцэцэг гэх иргэнтэй гэрээ байгуулан хүлээн авсан. 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр В1, 1 давхруудын таазны хар замаскны гүйцэтгэлийг талууд акт үйлдэн хүлээлгэн өгч гүйцэтгэлээс өмнө өгсөн урьдчилгаа мөнгөн дүнг хасч тооцон 1 848 050 төгрөгийн санхүүжилт авсан. 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр А.Г нь В1, 1 давхруудын таазны хар замаскны гүйцэтгэлийг талууд акт үйлдэн хүлээлгэн өгч гүйцэтгэлээс захиалагчийн тавьсан торгуулийн мөнгөн дүнг хасч тооцон 500 000 төгрөгийн санхүүжилт авсан. Цагаан замаскны ажлыг зүлгүүрийн ажилтай бүрэн дуусгаж хүлээлгэн өгсний дараа үлдэгдэл санхүүжилт олгохоор гэрээгээр тохиролцсон ба цагаан замаскны ажлыг хийж гүйцэтгээгүй тул төлбөр олгох үндэслэлгүй. В1 давхрын таазны цагаан замаскны ажлыг хийсэн тул тэр хэмжээнд төлбөрийг төлж болно. 1 давхрын хана таазны хоёр үе цагаан замаскны ажил болон зүлгүүрийг өөрсдөө ажиллах хүч байхгүйн улмаас хийхээс татгалзсан тул иргэн н.Мөнхзаяа хийж дуусган гэрээний дагуу төлбөрийг бүрэн авсан тул хийгээгүй ажлын хөлсийг А.Г-д өгөх ёсгүй. Иймд 11 250 750 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...В1 давхрын ажлын гэрээний нэмэлт хугацаа 9 дүгээр сарын 09-ний өдөр дуусч “Х” ХХК-ийн удирдах зөвлөлийн хурлын шийдвэрийн дагуу ажлыг бүрэн хүлээж авахаар 9 дүгээр сарын 14-ний өдөр очиход В1 давхрын ажлаас хар замаск буюу тэгшилгээний ажлыг хийж дуусгасан байсан. Ажил хүлээлгэж өгөөгүй, хүлээлгэж өгөх хэмжээний ажил өгөөгүй. ХАБ-ын дүрмийг А.Г түүний ажилтан биелүүлээгүйн улмаас захиалагч “Жавхлант өргөө констракшн” ХХК нь 650 000 төгрөгийн торгуулийг манай байгууллагад тавьсан, мөн хөлсөөр ажиллах гэрээний нэмэлт хугацаа 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр дууссан ба дээрх хугацаанаас хойш В1 болон 1 давхрын гэрээт ажлыг хугацаанд хүлээлгэж өгөөгүй тул хөлсөөр ажиллах гэрээний 4 дүгээр зүйлийн 4.10 дугаар зүйлд заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцож А.Г-ээс алданги нэхэмжилж байна. А.Г-ээс захиалагч талаас тавьсан торгууль 650 000 төгрөг, 1 давхрын ажил хийхээр байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний алданги 480 000 төгрөг, В1 давхрын ажил хийхээр байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний алданги 925 640 төгрөг, нийт 2 055 640 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: ...“Х” ХХК нь 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 04/016/10 тоот гэрээний 4.6, 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 04/016/17 тоот гэрээний 4.6-д заасан үүргээ биелүүлээгүй, санхүүжилт хуваарийн дагуу олгоогүйгээс болж манай ажилчид ажилдаа ирэх унаа, хоол, хөдөлмөрийн хөлсний төлбөрөө аваагүйгээс шалтгаалаад нэг, хоёр хүн цөөрсөн удаа бий. Гэхдээ тийм бага хүнтэй ажлаа явуулж байсан удаа байхгүй. Манай бригадыг ажлаа хожимдуулж өгсөн гээд байгаа нь “Х” ХХК-иас болсон. Гэрээний 6.1.1-д барилгын стандартын шаардлага хангасан материалыг цаг хугацаанд нийлүүлэхийг бид шаардах, 6.1.2-т захиалагч болон хөлсөөр ажиллуулагчийн нийлүүлсэн барилгын материал нь стандартын шаардлага хангаагүй тохиолдолд шаардлага хангасан өөр материалаар сольж өгөхийг шаардах гэж зааснаар стандартын шаардлага хангасан замаскаар хангахыг шаардсаар байгаад хугацаа хожимдуулсан учир “Х” ХХК өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдөр гэрээний хугацаа сунгалт хийсэн нотлох баримт хэргийн материалд байгаа. Мөн надад гурван удаа шаардах албан бичиг өгч байсан гэснийг зөвшөөрөхгүй, би ямар ч баримт дээр гарын үсэг зурж, хүлээж авсан зүйл байхгүй, гурван удаагийн мэдэгдэл ирж байгаагүй. Үүнтэй холбоотой нэмэлт тайлбар хэлэхэд 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн №2/221 мэдэгдэл нь “Жавхлант өргөө констракшн” ХХК-иас “Х” ХХК-д өгсөн мэдэгдэл байна. “Х” ХХК нь өөрийн зохион байгуулалтгүйгээс болсон зүйлээ зөвхөн манайхаас шалтгаалсан мэтээр гүжирдэж байгаад гомдолтой. Бид хийх ёстой ажлаа цаг хугацаанд нь хийж дуусгасан. Бид тооцоо нийлье, ажил хүлээж авсан актаа үйлдүүлье гэхэд “Х” ХХК нь бидний хийж гүйцэтгэсэн ажлын хөлсийг төлөхөөс зайлсхийж байсан. ХАБ-ын дүрмийг миний бие болон манай бригадын ажилтан биелүүлээгүй гэх 650 000 төгрөгийн торгуулийг манай байгууллагад тавьсан гэх зураг нотлох баримтаар гаргаж өгснийг хүлээн зөвшөөрөхгүй. Нотлох баримтад 2017 оны 7 дугаар сарын 07-ны үеийн зураг байгаагаас хуурамч нотлох баримт гаргаж, хийгээгүй зүйлийг хийсэн мэтээр гүжирдэж байна. Хугацаа хожимдуулсан нь тухайн үед чанарын шаардлага хангаагүй материал нийлүүлснээс, мөн барилгын стандартын журмын дагуу ажиллуулаагүйгээс шалтгаалж хугацаа алдаж хана, таазанд хагаралт үүсч эргэн хийснээс болсон тул алданги нэхэмжилснийг зөвшөөрөхгүй. “Х” ХХК нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй байж шаардах үндэслэлгүй. Иймд 2 055 640 төгрөгийг нэхэмжилснийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х ХХК-аас 4 543 600 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Г-д олгож, нэхэмжлэлээс 6 707 150 төгрөгт холбогдох хэсгийг, мөн Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч А.Г-с 2 055 640 төгрөг гаргуулах тухай хариуцагч “Х” ХХК-ийн сөрөг шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 194 962 төгрөг, хариуцагчийн төлсөн 47 840 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Х” ХХК-аас 87 648 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Г-д, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Улаанбаатар хотын банкин дахь 2609006167 тоот данснаас илүү төлсөн 160 төгрөгийг гаргуулан хариуцагч “Х” ХХК-д тус тус олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Бид давх гомдолдоо өмгөөлөгчийн хөлсийг нэхэмжлэхгүй харин 10 750 750-4 543 600=6 207 150 төгрөгийг нэмж гаргуулах хүсэлтэй байна. 04/016/10, 04/016/17 тоот гэрээгээр ажлын хөлсөнд 8 413 600 төгрөг авах эрхтэй ба үүнээс хариуцагч 3 870 000 төгрөг төлсөн байх тул нэхэмжлэгч үлдэх 4 543 600 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй гэсэн. Гэтэл бид нэхэмжилээ анх гаргахдаа өөрсдийн авсан мөнгөө хасаад үлдэгдэл 10 750 750 төгрөгийг авахаар нэхэмжилсэн байтал шүүх бидний урьдчилгаа авсан мөнгийг дахин хассанд гомдолтой байна. Хөлсөөр ажиллах гэрээ байтал ажил гүйцэтгэх гэрээ гэж шүүх дүгнэж гэрээний зүйл нь ажлын үр дүн байх мэтээр тайлбарласан. Талууд хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан гэдэгт маргаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулж "Х" ХХК-иас нэмж 6 207 150 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Хөлсөөр ажиллуулагчийн зүгээс ажлаа хүлээж авахын тулд гэрээний хугацаа хэтэрсэн ч нэхэмжлэгчид 2 удаа үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон ба уг хугацаа 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр дууссан боловч хөлсөөр ажиллагч нь ажлаа хугацаанд нь хүлээлгэж өгөөгүй. Улмаар манай байгууллагын зүгээс А.Г-ийн бригадаар ажил гүйцэтгүүлэх боломжгүй болсон тул 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн н.Отгонцэцэг, н.Мөнхзаяа нараар тухайн ажлыг хийж дуусгуулсан. 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн 1 давхрын ажил гүйцэтгэх гэрээний дагуу хөлсөөр ажиллагчийн гүйцэтгээгүй үүрэг нь 3 500 000 төгрөг, В1 давхрын гэрээний дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 6 500 000 төгрөг болж байна. Талуудын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасанд нийцсэн тул нэхэмжлэгчээс алдангид 1 405 640 төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж сөрөг нэхэмжлэлээс 1 405 640 төгрөгийг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

            Нэхэмжлэгч А.Г хариуцагч “Х” ХХК-д холбогдуулан ажлын хөлс 11 250 750 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч торгууль, алдангид 2 055 640 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

            Талуудын хооронд 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 04/016/10 тоот гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр нэхэмжлэгч А.Г нь Трю Эл хотхоны авто зогсоолын В1 давхрын хар замаск, 2 үе цагаан замаск /зүлгүүртэй/, хар замаск м.кв-ыг 2500 төгрөгөөр, цагаан замаск м.кв-ыг 2500 төгрөгийн хөлстэйгээр гүйцэтгэх, хариуцагч “Х” ХХК уг ажлын хөлсийг төлөх, мөн 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 04/016/17 тоот гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр нэхэмжлэгч А.Г нь Трю Эл хотхоны 1 давхарын А корпусны хана, тааз, багана дам нурууны хар замаск, 2 үе цагаан замаск /зүлгүүртэй/ хийх, хариуцагч “Х” ХХК тус ажлын хөлс 6 000 000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь хэрэгт авагдсан баримтууд, зохигчдын тайлбараар тогтоогдсон, энэ үйл баримтын талаар талууд маргахгүй байна.  

           

Уг 2 гэрээний агуулгаас үзвэл нэхэмжлэгч хариуцагчид ажлын үр дүн хүлээлгэн өгөх, хариуцагч нэхэмжлэгчид хөлс төлөхөөр тохиролцсон байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Зохигчид гэрээ байгуулагдсан үйл баримт, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, харин ажлын хэмжээ, ажлын хөлсний талаар маргасан тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхээс дээрх 2 гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хэмжээг тогтоолгохоор шинжээч томилжээ.

 

             Шинжээч дүгнэлтдээ В1 давхар болон 1 дүгээр давхарт нийт хийсэн ажлын хэмжээг “тааз дам нуруу 1 649.2 м.кв, багана 128 м.кв, хана 538 м.кв” гэж тодорхойлсон бөгөөд шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд “В1 давхарт хийсэн ажлын хэмжээг тааз 876 м.кв, багана 57.6 м.кв, хана 149.12 м.кв, 1 дүгээр давхарт хийсэн ажлын хэмжээг тааз 773.2 м.кв, багана 70.4 м.кв, хана 388.88 м.кв талбайд ажил хийгдсэн, замаск давхарлаж нэмэлт ажил хийснийг тогтоох боломжгүй” гэж тайлбарлсан байна.

 

Талуудын тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн тайлбар, ажил хүлээн авсан акт болон хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн шүүх эхний гэрээний дагуу В1 давхарт тааз 876 м.кв, багана 57.6 м.кв, хана 149.12 м.кв, нийт 1082.72 м.кв талбайд хар болон цагаан замаскны ажлыг хийсэн гэж дүгнэж ажлын хөлсний хэмжээг 5 413 600 төгрөг гэж тооцсныг буруутгахгүй.

 

Талууд хоёр дахь гэрээгээр ажлын хөлсийг бүхэлд нь 6 000 000 төгрөг гэж тохирсон бөгөөд 1 дүгээр давхарт хар замаск хийгдсэн, цагаан замаск хийгдээгүй талаар зохигчид маргаагүй тул ажлын 50 хувийн гүйцэтгэл 3 000 000 төгрөгийн ажлын хөлс гаргуулсан шүүхийн дүгнэлт зөв байна.

 

Нэхэмжлэгч 2 гэрээний дагуу нэмэлт ажил болох замаск давхарлаж хийсэн гэх байдлаа нотлуулахаар гэрчээр Д.Х, Д.Ц, Б.Г нарыг асуулгасан боловч тэдгээр нь гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэсэн талаар мэдүүлсэн байх бөгөөд гэрээнд заагдаагүй өөр нэмэлт ажил хийсэн гэх байдлыг эргэлзээгүйгээр нотлохгүй байна.

 

Иймээс нэхэмжлэгч нэмэлт ажлын хөлс 4 615 000 төгрөг нэхэмжилсэнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотолж чадаагүй тул шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Мөн нэхэмжлэгч эрх зүйн туслалцаа авах гэрээний дагуу хууль зүйн туслалцаа авч эрхээ хэрэгжүүлэхдээ өмгөөлөгчид 500 000 төгрөгийн хөлс төлсөн нь хариуцагчид үүрэг үүсгэхгүй талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв бөгөөд Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Нэхэмжлэгч нь 2016 оны 7 дугаар сарын 20-ны  өдөр 04/016/10 тоот, 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 04/016/17 тоот хөлсөөр ажиллах гэрээгээр ажлын хөлсөнд нийт 8 413 600 төгрөг авахаас  хариуцагч нь 3 870 000 төгрөг төлснийг хасч, үлдэх 4 543 600 төгрөгийг нэхэмжлэгч хариуцагчаас шаардах эрхтэй талаар хийсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. Шүүх урьдчилгаанд авсан мөнгийг хасч тооцсон нь буруу 6 207 150 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

            Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Талууд 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан 04/016/10 тоот гэрээг 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хүртэл сунгасан, “Х” ХХК-иас А.Г-д 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүргүүлсэн шаардлага, 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр, 2016 оны 9 дүгээр сарын  24-ний өдөр өгсөн гэрээ цуцлах тухай мэдэгдэл, гэрчүүдийн мэдүүлэг, талуудын тайлбараас үзвэл нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

 Алдангийг хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувь хэмжээнээс хэтрэхгүй төлөхөөр Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан бөгөөд нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаа хэтрүүлсэн үйл баримт тогтоогдсон энэ талаар талуудын хэн аль нь маргахгүй байх боловч дутуу хийсэн ажлын хэмжээг тодорхойлоход 2 гэрээний дагуу хийж гүйцэтгэх нийт ажлын хэмжээ тодорхой байх ёстой.

 

Гэтэл талуудын байгуулсан 2 ажил гүйцэтгэх гэрээнд хийж гүйцэтгэх нийт ажлын хэмжээ тодорхойгүй байх тул дутуу ажлын хэмжээг тооцох боломжгүй байна.

 

Хариуцагч дутуу ажлыг н.Отгонцэцэг, н.Мөнхзаяа нараар гүйцэтгүүлсэн гэж ажил гүйцэтгэх гэрээ, хөлс төлсөн баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргасан боловч талууд хийж гүйцэтгэх нийт ажлын хэмжээг тодорхой тохиролцоогүй учраас өөр хүмүүсээр гүйцэтгүүлсэн гэх ажлын хэмжээгээр дутуу гүйцэтгэсэн ажлыг тооцох боломжгүй тул В1 давхрын ажил гүйцэтгэх гэрээний алданги 925 640 төгрөг, 1 дүгээр давхрын ажил гүйцэтгэх гэрээний алданги 480 000 төгрөг, нийт 2 055 640 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлтийг зөв гэж үзнэ.

 

Мөн талуудын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудаас үзвэл захиалагч “Жавхлант өргөө констракшн” ХХК-иас “Х” ХХК-д тавьсан торгууль 650 000 төгрөгийг нэхэмжлэгч А.Г хариуцах үндэслэлгүй талаарх шүүхийн дүгнэлт зөв байна.

 

            Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй тул нэхэмжлэгчээс алданги 1 405 640 төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Дээрх үндэслэлээр зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2017/03717 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч А.Г-ээс 114 270 төгрөг, хариуцагч “Х” ХХК-иас 37 500 төгрөг тус тус төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

           

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.ЭНХТӨР

 

 

                             ШҮҮГЧИД                                      Д.ЦОГТСАЙХАН

 

 

                                                                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ