Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 6119

 

 

 

      2016 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2016/06119

 

 

              Улаанбаатар хот

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймааг суулган, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 8 дугаар хороо, . дүгээр хороолол, . дугаар байрны ...тоотод оршин суух, ... регистртэй, . овогт В.Н

Хариуцагч: Баянгол дүүргийн 8 дугаар хороо, .дугаар хороолол, .. дугаар байрны ..тоотод оршин суух, ..регистртэй, .. ургийн овогт А.И

Хариуцагч: Баянгол дүүргийн 8 дугаар хороо, . дугаар хороолол, дугаар байрны ...тоотод оршин суух, .. регистртэй, .. .овогт Р.Ц

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, . дугаар хороолол, .. тоот хаягт байрлах, хуулийн этгээдийн ...регистртэй “БЦ” ХХК-д холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 48,945,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч В.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б /ШТҮД:0220/, хариуцагч А.И, Р.Ц нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т , хариуцагч А.И, Р.Ц нарын өмгөөлөгч Б. /ШТҮД:0552/, хариуцагч “...” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, хариуцагч байгууллагын өмгөөлөгч Л.Д /ШТҮД:0594/ нар оролцов.ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч В.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Би А.И , Р.Ц нартай амаар хийсэн хэлцлийн дагуу Баянгол дүүргийн . дугаар хороо П.Г, Х.Б нарын захиалгаар баригдсан “КТ” орон сууцны 2 барилгын гадна фасадны зарим ажлууд болох шавар эмульс, гурунт, шагари зэрэ гажлыг хийж гүйцэтгэж хүлээлгэн өгсөн. Анх “КТ” орон сууцны 2 барилгын гадна фасадны ажлыг миний таньдаг хүн надад хийх талаар санал болгосон бөгөөд миний хувьд дангаар хийхэд цаг хуагцаа их орох байсан учир А.И, Р.Ц нартай тохиролцоод эдгээр хүмүүсийн туслан гүйцэтгэгчээр би ажиллахаар болж, захиалагч П.Г, Х.Б нартай “Б.Ц” ХХК-ийн нэрээр А.И, Р.Ц нар хийх ажлын бүх гэрээг байгуулсан юм. Би ажлыг 2012 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэж, 2013 оны 7 дугаар сард хийж гүйцэтгэж дуусгасан. Миний хийж гүйцэтгэсэн ажил бол 2 барилгын 2-14 давхрын 5115 м.кв талбайн эмульсийн ажлыг 1 м.кв-ыг 4000 төгрөгөөр буюу 20,900,000 төгрөгөөр, гурунтын ажил буюу хана бэхжүүлэх, хөрсжүүлэх нийт 5982 м.кв ажлыг 4,785,600 төгрөгөөр, гадна фасадны шагьрийн 5982 м.кв ажлыг 4,187,000 төгрөгөөр, дахин 1 давхрын болон техникийн давхрын шавар, эмульсийн ажлыг хийж гүйцэтгэсэн. Дээрх ажлын хөлсөнд нийт 75,115,600 төгрөгийг А.И, Р.Ц нар надад төлөхөөс 26,170,000 төгрөгийг төлсөн юм. Ажлын үлдэгдэл төлбөрийг шаардахаар захиалагч нараас мөнгөө аваагүй байгаа, санхүүжилт өгөөгүй гэх зэргээр тайлбар тавьж хойшлуулсаар өдийг хүргэсэн боловч бодит байдал дээр А.И, Р.Ц нар нь ажлын хөлсийг бэлэн мөнгөөр болон “Кореа Таун” орон сууцнаас 2 өрөө байр аваад, надад төлөх ажлын хөлсөө төлөхгүй хохироосон. 2014 оны 9 дүгээр сард тэдэнтэй хийсэн ажлын тоо, хэмжээ, өгөх, авах ажлын хөлсний талаар тооцоо нийлж баримт үйлдсэн бөгөөд уг тооцоогоор ажлын хөлсний үлдгэдэл 48,945,600 төгрөг байгаа, үүнээс 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс 10 дугаар сарын 22-ны хооронд 10,000,000 төгрөгийг төлөхөөр тохирч Р.Ц гарын үсэг зурсан боловч амлалтаа биелүүлж, мөнгөө төлөөгүй. Тэдний амлалт, үйлдэл нь залилах байдалтай болсон учир би арга буюу Цагдаагийн байгууллагад хандаж, гомдол гаргасан боловч иргэний шүүхэд хандаж шийдвэрлүүлэх боломжтой гээд миний гомдлыг хүлээн авахаас татгалзсан хариу өгсөн. Би ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлсэн тул хариуцагч А.И, Р.Ц, “..." ХХК-иас ажлын хөлсний үлдэгдэл 48,945,600 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Бидний хийсэн ажлыг өөр хүмүүсээр дахин хийлгэсэн гэдэг боловч “Дүүлэгч залуу” ХХК, “Үлэмж Цацраг” ХХК-иуд нь ямар ажил хийснийг би мэдэхгүй. Эхний ээлжинд хөөсний ажил хийгддэгээс болж ажил хойшилсон болохоос биш шаврын ажлаас болж ажил хойшлоогүй. Өвөл болсон тул шаврын ажлыг хийх боломжгүй болсон. Гэрч Г намайг эмульс хийж байхыг харсан гэсэн. Энэ бол цаг хугацааны хувьд байх боломжгүй зүйл юм. 11 дүгээр сараас шаврын ажил хийх боломжгүй байдаг гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

В.Н эмульс, шаврын ажлаас гадна фасад, гурунт, шагьрины ажил 1,2 дугаар давхрын шаврын ажил зэргийг хийсэн болох нь Р.Цн гарын үсэгтэй баримтаар нотлогдож байгаа. Үүнээс “ДЗЧ” ХХК хөөсний ажил хийсэн, “Ү Ц” ХХК ямар ажил хийсэн нь тодорхойгүй байдаг. В.Н-д бэлнээр 7,875,000 төгрөг, дансаар 2,500,000 төгрөг, нийт 28,375,000 төгрөг авсан. Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1 дэх хэсэгт заасны дагуу амаар хийсэн гэрээний дагуу туслан гүйцэтгэгчээр ажилласан. 2012 оны 8 дугаар сарын 16-ны өдөр захиалагч “БЧЦ” ХХК-ийн нэрээр ажил гүйцэтгэх гэрээг хийж 2-13 давхрын гадна фасад, 5225 м.кв талбайд эмульс, техникийн давхарт шавар эмульсийн ажлыг, 1500 м.кв талбайд шавар хийсэн зэрэг нь Р.Цийн гарын үсэгтэй баримт, түүний цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлгээр нотлогддог. Мөн кассын зарлагын ордер, гэрч Н, А нар дээрх ажлыг хийсэн болохоо нотлосон. Иргэний хуулийн 347.2 дахь хэсэгт зааснаар ажлын үр дүнг захиалагч хариуцахаар, 351.2-т зааснаар В.Н-н хийсэн ажлыг Р.Ц, А.И нар хүлээж авах үүрэг хүлээж байгаа бөгөөд тэд энэ ажлыг хүлээж авсан. Мөн 2013 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 1,349,000 төгрөгийг хүлээж авсан, 2012 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 70,000 төгрөгийг нэхэмжлэгч ажлын хөлсөнд аваагүй. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2012 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн ажлын хөлсөнд 10,000,000 төгрөгийг хүлээж авсан гэдэг нь үндэслэлгүй тайлбар гэж үзэж байна. Р.Цгийн гарын үсэгтэй баримт дээр оныг бичээгүй нь алдаа байсан ч энэ баримтыг 2012 онд үйлдээгүй нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог. Жишээ нь, тортой шавар, зүлгүүрийн ажлын 2 гэрээгээр, 2013 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн кассын зарлагын ордерт В.Н-н хийсэн ажлыг 2013 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн цалин хөлсийн баримт дээр 1,800,000 төгрөг, 2013 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 775,000 төгрөгийн цалингаар өөр бусад ажил хийсэн гэдгийг нотлож байгаа юм. Бид м.кв талбайн ажлыг 8000 төгрөгөөр тооцож гаргаагүй. Нэхэмжлэлийн шаардлагаас 46,740,600 төгрөгийг 2,205,000 төгрөгөөр ажлын хөлс авсан баримтаас хөөгөөд багасгасан байдаг. Энэ тооцоог ажлын хөлс авсан баримтуудаас гаргасан. Хариуцагч “Булган Цэнгэл” ХХК-тай үндсэн захиалагч болох Х.Б, П.Г нар ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан байдаг. Тухайн үед В.Н гэрээ байгуулахыг шаардсан ч түүнтэй гэрээ байгуулагдаагүй байдаг. “ЭСЭ” ХХК болон “БЦ” ХХК нарын хооронд харилцаа үүсээгүй байгааг шүүх бас анхаарч үзэх байх. Мөн 10,000,000 төгрөгийн ажлын хөлсийг “БЦ” ХХК-ийн нэрээр хийсэн байдаг тул хариуцагчаар татсан. Энэ компани хариуцагч мөн эсэхийг шийдсэн шүүхийн шийдвэрийг бид хүндэтгэн үзнэ. Бидний нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэж байгаа тооцооны баримтыг Р.Ц үйлдсэн болохыг хариуцагч тал зөвшөөрсөн. Бидний хооронд бичгээр гэрээ хийгдээгүй тул эхлээд цагдаад хандахад үлдэгдэл ажлын хөлс байгаа гэдгийг Р.Ц хүлээн зөвшөөрсөн. Гэрчүүдийн мэдүүлэг, цалин хөлсний баримт, хариуцагчийн гаргаж өгсөн баримтуудаар хийсэн ажил нь тогтоогдож байхад яагаад үгүйсгээд байгааг ойлгохгүй байна. Манайх 71,715,000 төгрөгийн ажил хийсэн гэдгээ нотлож байгаа тул нэхэмжлэлийн шаардлагатай үндэслэлтэй юм. “Булган Цэнгэл” ХХК нь гэрээ байгуулахад тамга тэмдэг, захирлын гарын үсгээ ашиглуулсан нь татвараас зайлсхийсэн байх гэж боддог. Хэрэв энэ компани тамга болон кассын баримтыг ашиглуулаагүй байсан бол А.И, Р.Цнартай В.Н гэрээ хийгээд нэхэмжлэлийн шаардлага улам баттай болох байсан. “БЦ” ХХК-ийг төлөөлөн А.И, “Э..” ХХК-ийг төлөөлж В.Н нарын 2012 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хийсэн ажил гүйцэтгэх гэрээг байгуулснаас хойш 2013 оны 9 дүгээр сарын 31-ний хооронд “Э..” ХХК-ийн захирал нь В.Н байгаагүй. Улсын бүртгэлд 2013 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр бүртгэгдсэн байдаг. Харин А.И, Р.Ц нартай амаар хэлцэл хийгдсэний дагуу ажил гүйцэтгэсэн бөгөөд, Р.Цн гарын үсэг бүхий баримт нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд зааснаар тооцоо нийлсэн баримт биш юм. Р.Ц өөрийн гараар тооцооны баримтыг өөрөө үйлдэж өгсөн байдаг. Үүний дагуу нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байгаа. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч уг баримтыг В.Н гуйж бичүүлсэн гэж хариуцлагагүй тайлбар хэлж байсан. Үүнийгээ хариуцагч тал нотлоогүй, тайлбар нь үндэслэлгүй юм. Мөнгөө өгөхгүй болохоор В.Н аргаа бараад очиход ийм ажил хийсэн, ийм ажлын хөлс өгнө гээд уг баримтыг үйлдсэн байдаг гэв.

Хариуцагч А.И, Р.Ц нар шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:

2012 оны 8 дугаар сарын эхээр захиалагч П.Г, Х.Б нартай уулзаж “Кореа Таун” орон сууцны 2 дугаар барилгын гадна фасадны ажлыг хийхээр тохиролцож, 2012 оны 8 сарын 16-ны өдөр албан ёсоор гэрээ байгуулснаар барилгын үйл ажиллагаа эхэлсэн. Дараа нь буюу 2012 оны 8 дугаар сарын 27-нд В.Н-ттай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, хийх ажлыг 1 м.кв талбайн нийт төлбөрийг 8000 төгрөг байхаар тохиролцсон. Гэтэл нэхэмжлэгч В.Н нь ажлуудыг задаргаж, тус тусад нь үнэ тохиролцсон мэтээр, мөн гэрээ хийгээгүй мэтээр худлаа зүйл бичиж үндэслэлгүй их хэмжээний мөнгө нэхэмжилсэн байна. В.Н нь тус шүүхэд 75,115,600 төгрөгийн ажил хийсэн юм шиг бичсэн байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь анх гэрээнд зааснаар 1 м.кв талбайн төлбөрийг 8000 төгрөг байхаар тохиролцсон байхад тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 1 м.кв талбайн төлбөрийг 9000 төгрөгөөр бодож, мөн бусдын хийсэн ажлыг өөрийн хийсэн ажил мэтээр тайлбарлан бичсэн нь үндэслэлгүй юм. Р.Ц миний бие болоод А.И нар нь В.Нттай төлбөр тооцооны асуудалгүй байхад биднээс өр төлбөртэй мэтээр их хэмжээний мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний зүгээс ажилчинтай хийсэн гэрээ болон мөнгөний баримтууд нь байгаа тул хэргийн материалд хавсаргана гэжээ.

Хариуцагч А.И, Р.Ц нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Баянгол дүүргийн нутаг дэвсгэр дээр КТ орон сууцны барилгын ажилд В.Н туслан гүйцэтгэгчээр ажиллуулсан. 2012 оны 8 дугаа рсарын 27-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээгээр ажлын метр квардрат нь 8000 төгрөгийн үнэлгээтэй буюу тортой шавар м.кв нь 4000 төгрөг, эмульс м.кв нь 4000 төгрөг гэж тохиролцсон байдаг. 2012 онд ажлыг багтаах байсан боловч ажлаа хийж амжаагүй. Хүйтний улирал эхэлсэн тул нэмэлтээр хүмүүс ажиллуулах шаардлага гарч, өөр бригадуудыг ажиллуулсан. Энэ нэмэлтээр ажилласан хүмүүсийн ажлын хөлсийг А.И, Р.ЦЧ нар өгсөн байдаг. В.Нын хийх ёстой байсан 5,225 м.кв талбайд ажлын талбай тодорхой хэмжээгээр хасагдсан. В.Н эмульсийн 5,225 м.кв ажлыг хийсэн ба ажлын хөлсөнд 20,800,000 төгрөг авсан. Ажил гүйцэтгэх гэрээний дагуу төлбөр тооцоо дууссан байдаг. В.Н нь нэхэмжлэлдээ хавсралт ажлын 13,500,000 төгрөг нэхэмжилдэг боловч энэ ажлын талаараа мэдэхгүй байна. Авсан ажлынхаа хөлс болон мөнгөн дүнгээ мэдэхгүй байгаа хүмүүс хийсэн ажлаа мэдэхгүй байх нь аргагүй юм. Хавтаст хэргийн 7 дугаар талд авагдсан ажил гүйцэтгэгч болон захиалагч нарын хийсэн гэрээнд гурунтын ажил үнэлгээгүй дагалдахыг заасан байдаг. П.Г, Х.Б нартай хийсэн гэрээнд мөн адил гурунтын ажил үнэлгээгүй байсан нь харагдаж багйаа. Гурунтын ажлын талаар тусгайлан хийсэн гэрээ байхгүй тул энэ тухай шаардлага хууль зүйн үндэслэлгүй юм. Хэргийн 161 дүгээр хуудсанд авагдсан гэрээний 6.1 дэх хэсэгт талууд гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болно гэсэн байхад А.И тамга тэмдэг дараагүй тул шагрыны ажил хийгдээгүй гэсэн үг юм. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах үндэслэл нь хэргийн 230 гаруй хуудас материалаас зөвхөн 1 хуудас баримтыг үндэслэн нэхэмжилж тайлбарладаг. Гэвч уг баримт нь огноо байхгүй, хэзээ үйлдсэн гэдэг нь тодорхойгүй байгаа учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч хүйтний улирал эхэлсэн учир нэмэлтээр хүмүүс ажилласан гэсэн. Гэтэл түүний өмгөөлөгч нь нэмэлтээр хүн ажиллаагүй гээд яриа нь зөрөөд байна. Үндэслэл болгоод байгаа тооцоо нийлэх баримт нь В.Н “хүнээс мөнгө зээлсэн маргаантай байгаа тул ийм ийм ажил хийсэн, хөлс 10,000,000 төгрөг өгнө гээд бичээд өгөөч, үүгээрээ би хэд хоног аргалъя” гэж гуйж бичүүлж авсан баримт юм. В.Н амаар гэрээ хийсэн гэж байгаа боловч гэрээн дээр гарын үсэг, тамга дарагдсан байхад амаар хийсэн хэлцэл гэж тайлбарлаад байгаа нь өөрийн ажил гүйцэтгэх гэрээг няцааж байна гэж үзэж байна. Энэ яриад байгаа баримт нь тооцоо нийлсэн акт байсан бол хэн, хэзээ, ямар үндэслэлээр, хэнтэй үйлдээд байгаа нь ойлгомжтой байх ёстой байтал огт тодорхой биш байна. Хэрэв тооцоо нийлсэн акт байсан бол гарын үсэг, тамга байх ёстой, мөн нэмэлтээр ажилласан хүмүүсийн хийсэн ажил хасагдах ёстой байсан. Нэхэмжлэгч хүйтний улирал эхэлсэн учир нэмэлтээр хүн ажилласан гэж тайлбарлаж байгаа нь үүнийг хүлээн зөвшөөрч байна гэсэн үг юм. Мөн энэ баримт дээр шагры, гурунт зэрэг нь үнэлэгдэж тусгагдахгүй байсан. Уг баримт дээр “10,000,000 төгрөгийг 9 дүгээр сарын 22-ны өдрөөс 10 дугаар сарын 22-ны өдөр өгнө” гэсэн байсан ба энэ мөнгийг 2012 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр В.Н .. тоот Хаан банкны дансанд хийсэн болох нь хавтаст хэргийн 161 дүгээр талд авагдсан баримтаар нотлогдож байгаа ба барилгын үйл ажиллагаа эхлээд 45 хоног болж байхад тооцоо нийлсэн акт үйлдэгдэх үндэслэлгүй. 2013 оны 4, 5, 7 дугаар саруудад хийгдсэн ажлуудыг тооцоо нийлсэн акт гэх баримтад бичсэн байдаг. 10,000,000 төгрөг өгнө гэсэн мөнгөн дүн болон 9 дүгээр сарын 22-ны өдрөөс 10 дугаар сарын 22-ны өдөр гэж бичсэн нь цаг хугацааны хувьд мөн таарч байгаа тул гуйж бичүүлсэн баримт гэдэг нь нотлогдож байгаа юм. Ийм баримтаар тооцоо нийлсэн акт гэж тайлбарлаад байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч нарын өмгөөлөгч Б.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хамгийн чухал зүйл бол нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох ёстой. Гэтэл нэхэмжлэгч В.Н д шаардлагаа нотлосон тодорхой баримт байхгүй, ганц тооцоо нийлсэн баримт нь хэзээ хаана, ямар ажил хийснийг хэн хэн нийлсэн талаар мэдээлэл байхгүй тул тооцоо нийлсэн баримт болох үндэслэлгүй юм. Мөн нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагчийн өгсөн нотлох баримтаар нотлосон гэж яриад байдаг боловч өмнөх шүүх хурал дээр хариуцагчийн хүсэлтээр асуугдсан гэрчүүд энэ ажилд өөр субъектууд орсон гэдгийг нотлосон. Энэ тухай санхүүгийн баримтуудыг хэрэгт хавсаргасан байгаа. Туслан гүйцэтгэгч нь ажлын үр дүнг үндсэн гүйцэтгэгчид, уг гүйцэтгэгч нь захиалагчид хүлээлгэн өгөх ёстой хуулийн зохицуулалттай байдаг. Хэрэв ажлаа хүлээлгэж өгсөн бол акт үйлдэх ёстой. Нэг бүрчлэн захиалагчид хүлээлгэж өгөх боломжгүй тул В.Н н хийсэн ажлын аль хэсэг гэдгийг тодорхойлох боломжгүй юм. Нэхэмжлэгч гуравдагч этгээд ажил хийсэн гэдгийг хүлээн зөвшөөрч, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгч байгаад талархаж байна. Гэвч В.Нын хийсэн ажил аль хэсэг нь гэдгийг тодорхойлох боломжгүй юм. Учир нь энэ тухай нотлох баримт гаргаж өгөөгүй. Р.Ц бол тооцоо нийлсэн акт үйлдэх эрх бүхий субъект биш юм. Шүүхэд гаргаж өгсөн баримтаас В.Н “..” ХХК-ийг төлөөлөх эрхгүй тул хувиараа гэрээ хийсэн гэж ойлгож байсан. Гэтэл өнөөдөр гаргаж өгсөн нотлох баримтаар В.Н нь “..” ХХК-ийн захирал юм байна. Итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй, гэрээ хийх эрхтэй субъект юм байна. Эй Си Эн” ХХК-иар нэхэмжлэл гаргах эрхтэй болохоос иргэний хувиар В.Н нэхэмжлэл гаргах эрхгүй юм байна. Ажил гүйцэтгэх гэрээний гарын үсэг В.Нын гарын үсэг мөн, тамга дарах эрхтэй тул тамгаа дарсан байна. Энэ ажилд туслан гүйцэтгэгчээр 4-5 субъект нэмэлтээр ажилласан ба ажлын хөлсийг төлсөн байгаа. Хоол хүнс, унаа гэх мэт олон зардал тооцогддог. Гэтэл захиалагчаас авсан мөнгөний 50 хувийг В.Н нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Үндэслэлгүй их хэмжээний мөнгө нэхэмжилж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч “БЦ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Энэ хэргийн хариуцагч А.И, Р.Цнар манай компанийн нэрээр В.Н-тай барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, хувь хүмүүс хоорондоо харилцан тохиролцож, ажил гүйцэтгэсний хариуцлагыг “Булган Цэнгэл” ХХК-д тохож байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь дээрх хувь хүмүүс болон А.И, Р.Ц, В.На нарын хоорондын хийсэн ажил. Өгц, авцааны асуудалд манай компани ямар ч оролцоогүй тул В.Наранбатын нэхэмжилсэн 48,945,600 төгрөгийг манай компани төлөх үндэсгүй. Дээрх байдлыг ч А.И, Р.Ц, В.Н нар өөрсдөө сайн мэдэж байгаа. Манай компанийг хариуцагчаар татах үндэслэлгүй болно. “Кореа Таун” ХХК-иас энэ хүмүүсийн хийсэн ажлын хөлс гэж нэг ч төгрөг манай компанид орж ирээгүй. Энэ нь манай компанийн дансны хуулгаар нотлогдох болно. Иймд шүүхэд хандаж хүсэхэд, энэ хэргийн нэхэмжлэгч В.Н “Эй Си Эн” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, манай компанийг хариуцагчаас чөлөөлж өгнө үү. В.Н гэдэг хүнийг урьд өмнө огт танихгүй хүн бөгөөд зүсийг нь ч үзээгүй хүн байна. 2012 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Р.Ц нь “Булган Цэнгэл” ХХК-иас ажлын хөлсний 40 хувийн урьдчилгаа гэж төлсөн байх боловч энэ нь манай компанийн данс биш Р.Ц хувийн данс байдаг юм. Р.Ц, А.И нарын хувийн данс нь “Булган Цэнгэл” ХХК-тай ямар ч холбоогүй. “Эй Си Эн” ХХК, “Үлэмж цацраг” ХХК, “Дүүлэгч залуу”ХХК, иргэн Б, Б нар болон А.И, Р.Ц нарын байгуулсан 6 өөр ажил гүйцэтгэх гэрээн дээр манай захирлын биш 6 өөр төрлийн гарын үсэг байгаа нь манай компани энэ хэрэгт хариуцагчаар оролцох ёсгүй гэдгийг баталж байна. Тухайн үед Р.Ц, А.И нартай манай захирал найз нөхдийн хувиар амьдрал ахуйд нь туслах зорилготой тамгаа өгсөн байдаг. Өмнө болсон шүүх хурал дээр Р.Ц, А.И нартай хамт манай компанийн захирал оролцож байхад хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч “танайхыг чөлөөлж өгнө” гэж хэлж байсан, одоо чөлөөлж өгөөч. Р.Ц, А.И нар хэрэгтэй үедээ туслуулчихаад одоо компанийн нэр хүндэд халдаад байгаад гомдолтой байна гэв.

Хариуцагч “Булган Цэнгэл” ХХК-ийн өмгөөлөгч Л.Д шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

“Булган Цэнгэл” ХХК нь нэхэмжлэгч В.Н эрх зүйн харилцаа үүсгээгүй гэдэг нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдож байгаа. Өөрөө эрх зүйн мэдлэггүйгээс манай байгууллагыг хариуцагчаар татсан байдаг. В.Н хариуцагч Р.Ц, А.И нар амаар болон бичгээр хийсэн гэрээ байдаг. “Булган Цэнгэл” ХХК-ийн дансны хуулга дээр Кореа Таунаас орж ирсэн мөнгө байхгүй. Эдгээр байдлаар “Булган Цэнгэл” ХХК болон В.Н нарын хооронд ямар нэгэн эрх зүйн харилцаа үүсээгүй гэдэг нь нотлогдож байна. Түүнчлэн, манай компанийг хамтран хариуцагчаар татсан ч ийм төгрөг нэхэмжилж байна гэсэн тодорхой баримт гаргаж өгөөгүй. Тус компани хамааралгүй гэдэг нь тооцоо нийлсэн гэх баримтаас харагдаж байна. Мөн зургаан гэрээн дээр В.Н ажил хийсэн гэдгийг нотлох баримт байхгүй байна. В.Н ямар ч мэдээлэл байхгүй байна. Эдгээр бичгийн нотлох баримтуудыг үндэслэн “Булган Цэнгэл” ХХК-ийг хариуцагчаар татсан хэсгийг чөлөөлж өгнө үү. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч бас манай компанийг энэ хэрэгт хамааралгүй гэдгийг нотлож хэлсэн гэж ойлгож байна гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч В.Н нь хариуцагч “БЦ” ХХК болон А.И, Р.Ц нараас аман хэлбэрээр хийсэн ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл төлбөрт 48,945,000 /дөчин найман сая есөн зуун дөчин таван мянган/ төгрөг гаргуулахаар шаардсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 2,205,000 төгрөгөөр хасч 46,740,600 /дөчин зургаан сая долоон зуун дөчин мянга зургаан зуун/ төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шаарджээ.

Хариуцагч А.И, Р.Ц нар нь нэхэмжлэгч В.Н бичгээр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийсэн ажлын хөлсөнд нийт 29,794,900 төгрөг төлсөн бөгөөд төлбөр тооцооны асуудал дууссан, бусдын хийсэн ажлыг өөрөө хийсэн мэт нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн бол, хамтран хариуцагч “Булган Цэнгэл” ХХК-ийн хувьд нэхэмжлэгч В.Н маргаан бүхий ажил гүйцэтгэх гэрээг байгуулаагүй, аливаа эрх зүйн харилцаанд ороогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах үндэслэлгүй гэж тус тус маргасан.

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас 13,355,000 төгрөгийг хангаж, үлдэх 33,385,600 төгрөгийн шаардлагыг болон хариуцагч “БЦ” ХХК-д холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар зохигчид талуудын хооронд бичгээр гэрээ байгуулагдсан эсэх, тэрхүү гэрээ хэлцэл нь хэн хэний хооронд байгуулагдсан болон, гэрээ хэлцлийн дагуу хийгдсэн ажлууд, ажлын хөлс хэд байхаар тохиролцсон талаар зохигчид өөр өөрийн үндэслэл гарган маргаж мэтгэлцсэн.

Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 54 дүгээр сургуулийн баруун талын 14 давхар, иргэн Х.Б, П.Г нарын захиалгаар баригдсан “КТ” орон сууцны барилгын гадна фасадны ажлыг “Булган Цэнгэл” ХХК хийж гүйцэтгэхээр тохиролцон байгуулсан “Ажил гүйцэтгэх гэрээ”-г тус компанийг төлөөлөн А.И нь захиалагч нартай байгуулсан байна. /хх 13/

Дээрх гэрээний дагуу гүйцэтгэгч нь 1500 м.кв талбайд шавардлага 2 үе зүлгүүрийн ажлыг 1 м.кв нь 5000 төгрөгөөр үнэлж, нийт 7,500,000 төгрөг; эмульс будаг 2 үе болон лого будгаар бичих ажлыг 1500 м.кв талбайд 1 м.кв талбайг 4000 төгрөг буюу 6,000,000 төгрөгөөр, нийт 13,500,000 төгрөгийн ажил хийхээр тохиржээ.

Түүнчлэн, 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр талууд дахин “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж, хөөсөн дулаалга наах (1 м.кв нь 9000 төгрөгөөр нийт 553 м.кв талбайг 4,997,000 төгрөг), тортой шавардлага 2 үе зүлгүүр (1 м.кв нь 5000 төгрөгөөр нийт 553 м.кв талбайг 2,765,000 төгрөг), хөөс үрэх, хадах, усны хаялга төмөр (1 м.кв нь 2000 төгрөгөөр 553 м.кв талбайг 1,106,000 төгрөг), усны хаялга төмөр, пасадны грунт, эмульс будаг 2 үе лого будгаар бичих, их булан, цонхны амлагаа, булан тор барих (үнэлгээгүй) зэрэг ажлыг хийлгэхээр тохиролцсон байна. /хх 15-17/

Харин огноо тодорхойгүй “Эмульсийн ажил гүйцэтгэх” хоёр гэрээ, мөн “Гадна пасадны шагьри хийх” гэрээнүүдийг дахин байгуулсан байх боловч нэг гэрээг захиалагчд Х.Батбаяр баталгаажуулаагүй, нөгөө гэрээнд гүйцэтгэгч талыг төлөөлөх этгээд баталгаажуулаагүй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүйг тэмдэглэх нь зүйтэй. /хх 18-24/

Хариуцагч А.И, Р.Ц нар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргахдаа талуудын буюу В.Н, А.И-г нарын хооронд “Ажил гүйцэтгэх гэрээ” бичгээр байгуулагдаж, уг гэрээгээр “Кореа Таун-2” орон сууцны барилгын 5225 м.кв талбайд шавар татах ажил 1 м.кв талбайг 4000 төгрөг, эмульсийн ажил 1 м.кв талбайг 4000 төгрөг, гурунтын ажил 0 төгрөг байх, ажлыг 2012 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс 2012 оны 9 дүгээр сарын 31-ний өдөрт багтаан хүлээлгэн өгч дуусгахаар тохиролцсон гэж тайлбарлан, “Ажил гүйцэтгэх гэрээ”-г нотлох баримтаар гаргасан. /хх 72-74/

Уг гэрээг захиалагч тал болох “Булган Цэнгэл” ХХК-ийг төлөөлж тус компанийн менежер гэх А.И, гүйцэтгэгч тал болох “Эй Си Эн” ХХК-ийг төлөөлж иргэн В.Н нар байгуулан, гарын үсэг зурж баталгаажуулсан байна. /хх 74/

Гэвч энэхүү гэрээг байгуулах үед В.Н нь “Эй Си Эн” ХХК-ийг төлөөлөх эрхгүй байсан болох нь тус компанийн Улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдох бөгөөд, нэхэмжлэгч В.Н нь уг гэрээг бүхэлд нь эс зөвшөөрч, хариуцагч А.И, Р.Ц нартай ажил гүйцэтгэх гэрээг аман хэлбэрээр хийсэн гэж марган, тэрхүү аман хэлцэл болон хариуцагч Р.Цн гаргасан “тооцооны баримт” зэргийг үндэслэн гэрээний үүрэг буюу ажлын хөлс шаардсан.

Нэхэмжлэгч В.Н-н тодорхойлсноор буюу Р.Ц бичгээр гаргасан “тооцооны баримт”-ын дагуу орон сууцны барилгын 2-14 давхрын 5115 м.кв талбайн шаврын ажлыг 1 м.кв-ыг 5000 төгрөгөөр тооцон нийт 25,575,000 төгрөг, мөн 2-14 давхрын 5225 м.кв талбайн эмульсийн ажлыг 1 м.кв-ыг 4000 төгрөгөөр тооцон 20,900,000 төгрөг, грунтын ажил буюу хана бэхжүүлэх, хөрсжүүлэх нийт 5982 м.кв талбайн ажлыг 4,785,600 төгрөг, гадна фасадны шагьрийн 5982 м.кв талбайн ажлыг 4,187,000 төгрөг, дахин 1 дүгээр давхрын болон техникийн давхрын шавар, эмульсийн ажил зэргийг хийж гүйцэтгэн, ажлын хөлсөнд нийт 75,115,600 төгрөгийг А.И, Р.Ц нараас авахаас 28,375,000 төгрөгийг бэлэн болон бэлэн бусаар хүлээн авсан учир үлдэгдэл 46,740,600 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.

Маргаан бүхий дээрх бичгээр байгуулсан “Ажил гүйцэтгэх” гэрээг нэхэмжлэгч В.Н хүлээн зөвшөөрдөггүй боловч өөрийн хүлээн зөвшөөрөхгүй хэмээн тайлбарлаж буй ажил гүйцэтгэх гэрээг үндэслэн, уг гэрээнд захиалагчаар оролцсон гэх “Булган Цэнгэл” ХХК-ийг хариуцагчаар тодорхойлон, тодорхой төлбөр гаргуулахаар шаардаж байгаа нь ойлгомжгүй байна.

Түүнчлэн, хариуцагч А.И “Булган Цэнгэл” ХХК-ийг төлөөлөн гэрээ хэлцэл байгуулах эрх олгогдсон эсэх нь тодорхойгүй, дээрх гэрээний дагуу “Булган Цэнгэл” ХХК-иас нэхэмжлэгч В.Н-д ажлын хөлс төлж байсан болох нь баримтаар тогтоогдохгүй байхын зэрэгцээ, хариуцагч Р.Ц-н банкин дахь хувийн харилцах данснаас ажлын хөлс олгогдож байсан болох нь ХААН банкны орлогын мэдүүлэг, кассын зарлагын ордер, мөнгөн шилжүүлгийн баримт, Р.Ц-н депозит дансны хуулга болон зохигчдийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдсон ба, тус компани нь нэхэмжлэгч В.Н иргэний эрх зүйн харилцаанд ороогүй, гэрээний дагуу ажил хүлээлцэх, төлбөр төлөх зэрэг харилцаа үүсээгүй байна. /хх 161-176/

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч “Булган Цэнгэл” ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Хариуцагч А.И, Р.Ц нарын хувьд нэхэмжлэгч В.Н-тай харилцан тохиролцож, маргаан бүхий орон сууцны барилгын фасадны шавардлагын болон эмульсийн ажил гүйцэтгүүлж, ажлын хөлс 29,794,900 төгрөг төлснөөс 70,000 төгрөгийн тороосны төлбөрийг нэхэмжлэгч ажлын хөлсөнд тооцогдохгүй гэж тайлбарлан хүлээн зөвшөөрөөгүй ба уг төлбөрийг ажлын хөлсөнд тооцсон талаар хариуцагч нотлоогүй тул төлөгдсөн ажлын хөлсний төлбөрөөс хасч тооцох нь зүйтэй гэж үзлээ.

Талуудын байгуулсан аман хэлцлээр шавар болон эмульсний ажлаас гадна барилгын 1 дүгээр давхар, техникийн давхар, грунт, шагьри зэрэг ажлыг хийхээр тохиролцсон болон, уг хэлцлийн дагуу ажлыг бүрэн хийж дуусган хүлээлцсэн гэх нэхэмжлэгчийн тайлбар нотлох баримтаар бүрэн тогтоогдохгүй байх боловч хариуцагч А.И, Р.Ц нар нь нэхэмжлэгч В.Н-н гүйцэтгэсэн шаврын болон эмульсийн ажлыг хүлээн авч, зохих төлбөрийг төлсөн талаар зохигчид маргаагүй байна.

Тиймээс В.Н болон А.И, Р.Ц нарын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн бөгөөд хариуцагч нарын зөвшөөрснөөр орон сууцны барилгын гадна фасадны нийт 5225 м.кв талбайн шаврын болон эмульсийн ажлыг 1 м.кв талбайг 8000 төгрөгөөр тооцон, нийт 41,800,000 төгрөгийн хөлс төлөхөөр тохиролцсон бөгөөд захиалагч нар нь гүйцэтгэгч талын ажлын гүйцэтгэлийг хүлээн авч, төлвөл зохих ажлын хөлсөөс 28,445,000 төгрөгийг төлж, үлдэх 13,355,000 төгрөгийн төлбөрийг төлөөгүй байна. /хх 158-176/

Харин нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй, хавтаст хэрэгт авагдсан, хариуцагч Р.Ц-йн үйлдсэн “тооцоо нийлсэн баримт” гэх бичмэл баримт нь хэзээ үйлдэгдсэн, хэн, хэнтэй хийсэн, ямар ажлын тухай болох нь тодорхойгүй, мөн аман хэлцлийн үндсэн дээр В.Н нь ямар ажлыг хийж гүйцэтгэн хүлээлгэж өгсөн нь баримтаар хангалттай тогтоогдохгүй байна. /хх-5/

Нэхэмжлэгч В.Н нь “Булган Цэнгэл” ХХК болон “Эй Си Эн” ХХК-ийн хооронд бичгээр үйлдэгдсэн “Ажил гүйцэтгэх” гэрээний дагуу ажлын хөлсийг шаардаагүй учир энэ гэрээтэй холбоотой харилцаанд шүүх дүгнэлт хийгээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Түүнчлэн, хариуцагч Р.Ц-н цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлгээр “...13 сая төгрөг төлөх гэтэл мөнгөгүй, санхүүжилт зогссон” гэсэн мэдүүлэг нь нэхэмжлэгч В.Н-д төлвөл зохих ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 13,355,000 төгрөгийг төлөөгүй болох нь тогтоогдсон байна. /хх-65/

Уг төлбөрийг өөр байгууллагын, тодруулбал, “Сайхан Булган” ХХК-ийн баригдаж байсан барилгын ажлыг хариуцагч А.И, Р.Ц нар хийж, хөлсийг В.Н авахаар тохирсон, улмаар тооцоо дууссан гэж мэдүүлсэн байх боловч энэхүү иргэний хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ... регистртэй .. овогт АИ, ... регистртэй ...овогт Р.Ц нараас 13,355,000 /арван гурван сая гурван зуун тавин таван мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч В.Н-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 33,385,600 төгрөгийн болон хариуцагч “Булган Цэнгэл” ХХК-д холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 402,680 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.И, Р.Ц нараас 224,725 төгрөг гаргуулан нэхэмжлэгч В.Н-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах шатны журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.    

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                         А.САРАНТУЯА