Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 6120

 

    2016 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2016/06120

               Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Сарантуяа даргалж, шүүгч З.Доржнамжин, М.Мөнхтөр нарын бүрэлдэхүүнтэйгээр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймааг суулган, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 7б байрны 25 тоотод оршин суух, ЧЛ73081478 регистртэй, Гал ургийн овогт Ганболд овогтой Ганзоригийн,

            Хариуцагч: Баянгол дүүргийн 17 дугаар хороо, Амарсанаагийн гудамж, 27-8 тоотод орших хаягтай, хуулийн этгээдийн 5758491 регистртэй “Хас транс” ХХК-д холбогдох,

            Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 44,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцлээ.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Ганзориг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Цацралтуяа /ШТҮД:0490/, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Түмэнжаргал нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Ганзориг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Би 2014 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 100 айлын барилгын материалын дэлгүүрийн гадаа нэг дүгээр эгнээнд машинаа тавьсан байсныг “Хас Транс” ХХК-ийн ажилтнууд ачилт хийж, миний өмчлөлийн Лексус 570 маркийн 47-77 УБЧ улсын дугаартай автомашиныг Замын цагдаагийн газрын хажуу талын журмын хашаанд аваачсан байсан. Миний автомашиныг ачилт хийхдээ алдаа гаргаж араатай байхад нь зориулалтын бус машинаар ачиж, хойд дугуйгаар нь чирж явснаас цахилгаан руль, кропыг гэмтээсэн байсныг машинаа авахдаа мэдэж, энэ талаар “Хас Транс” ХХК-ийн захирал Н.Мандахад шууд мэдэгдсэн ба тэрээр засварлаж өгнө гэж байсан ч ямар нэгэн арга хэмжээ авч өгөөгүй юм. Ингээд Тоёотагийн албан ёсны засвар үйлчилгээний төв болох “Хэтмоторс” ХХК-иар эвдэрсэн эд ангийн засварын зардлын үнэлгээний талаар тодорхойлолт гаргуулсан ба 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр “Эрдэнэ Зам” ХХК-ийн засварын төвөөр засуулахаар өгч, нийт 44.500.000 төгрөгийн зардал гарч, 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр засвараас машинаа авч төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Иймд автомашиныг ачиж, журмын хашаанд тавихдаа зориулалтын бус машинаар буруу ачилт хийж автомашинд гэмтэл учруулсан “Хас Транс” ХХК-иас засварын зардал 44.500.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгаа. Энэ компани 50 гаруй автомашиныг буруу ачилтаас болж хохироосон тухай би интернэтээс мэдээлэл олж авсан. Надад үүнээс илүү хохирол учирсан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа мэгдүүлмээр байгаа боловч хохирлоо барагдуулаагүй удсан учир 44,500,000 төгрөгөө л нэхэмжилсэн гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Цацралтуяа шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

            2014 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Г.Ганзориг нь түр зогсохыг хориглосон газар автомашинаа тавьсан байсныг “Хас Транс” ХХК журмын хашаанд аваачихдаа 4777 УБЧ улсын дугаартай Лексус 570 маркын машиныг зориулалтын бусаар ачсан тул эвдрэл үүссэн байдаг. “Хас Транс” ХХК-ийн удирдлагын зүгээс санал болгосон засварын газарт 2 хоногийн дараа очиж үзүүлэхэд баримт гаргаж өгсөн байдаг. Энэ баримтаа С.Мандахбаяр захиралд үзүүлэхэд төлбөр төлөхгүй гэж зугтаасан гэж ойлгогдож байгаа. 2014 оны 3 дугаар сарын 14-ний өдөр техникийн оношилгоонд орж байсан баримт байгаа. Мөн Г.Ганзориг өөрөө Замын цагдаагийн газраас авто осол гаргаж байсан эсэх талаар лавлагааг авахад осол гаргаж байгаагүй гэдэг нь тогтоогддог. Энэ машин өмнө нь Г.Ганзоригийн өөрийнх нь компанийн нэр дээр байсан. Одоо өөрийн нэр дээр шилжүүлэн нэхэмжлэл гаргаж байгаа юм. Хариуцагч ослын талаар акт үйлдэгдэх ёстой гэдэг. Осол гаргаж байгаагүй тул ийм баримт үйлдэгдэх боломжгүй. Мөн шүүхэд 6 сарын дараа нэхэмжлэл гаргасан, өөрсдөө эвдэлсэн юм биш үү гэсэн хариу тайлбарууд нь үндэслэлгүй юм. Иргэний журмаар энэ хэргийг шийдэх гэсэн боловч шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл ямар ч арга хэмжээ авагдаж байгаагүй тул зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд дахин хандаж байгаа юм. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасны үндсэн дээр учирсан гэм хорыг арилгах ёстой тул “Хас Транс” ХХК энэ хохирлыг арилгах үүрэгтэй гэж үзэж байна. Мөн ачилт хийсэн жолооч, ачигч нар ажлаас халагдсан шалтгааныг хувийн шалтгаанаар халагдсан гэж тайлбарладаг. Түүнчлэн өмнө хянагдаж байсан хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгүүд зориулалтын дагуу ачсан гэдэг боловч энэ нь тогтоогддоггүй. Хариуцагчийн нотлох баримтаар гаргасан хяналтын камерын бичлэгээр энэ машиныг ачиж байгаа нь нотлогдохгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү гэв.

Хариуцагч “Хас Транс” ХХК шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:

Нэхэмжлэгчийн “Хас Транс” ХХК-иас 44,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах тайлбарыг шүүхэд гаргаж байна. Үүнд: 1.Манай компани Хууль зүйн сайдын 2005 оны 94 тоот тушаалаар батлагдсан журмын дагуу ачилтын үйл ажиллагаа эрхэлж ирсэн. Уг журмын 3.4-т зааснаар нэхэмжлэгчийн автомашиныг ачих үйл ажиллагаа явуулсан. Энэ хүний машиныг зориулалтын автомашинд зохих журмын дагуу ачсан. 2.Нэхэмжлэгч нь ачилтын компанийн үйлдлээс болоод автомашинд нь хохирол учирсан гэдгийг техникийн мэргэжлийн шинжээчээр тогтоолгосон тохиолдолд хохирол төлөх асуудал яригдах ёстой. Нэхэмжлэгчийн автомашин нь Монголд 2008 онд орж ирсэн учраас ердийн элэгдэл, хорогдол ч байх боломжтой. Өөрөөр хэлбэл хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас хохирол учруулсан гэсэн баримт хэрэгт авагдаагүй байна. 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” гэж зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаарлагаа нотлох үүрэгтэй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй, нэхэмлэгч нэхэмжлэлийн шаардлагыг нотолж чадаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 65.1.11-т “энэ хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй байвал” гэж заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, нэхэмлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Түмэнжаргал шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Г.Ганзориг нь 2014 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 100 айлын замд зөвшөөрөлгүй газар машинаа байрлуулсан байсан. Манайх 2005 оны 94 дүгээр тушаалаар батлагдсан журмын дагуу, зориулалтын дагуу машиныг ачин журмын хашаанд хийсэн байдаг. Манай компанитай холбоотой гомдлууд ерөнхийдөө бусдын автомашинд гэмтэл учруулсан талаар байдаггүй, харин машин ачлаа гэсэн иргэдийн гомдол байдаг. Нэхэмжлэгч өмнө нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 6 сарын дараа нэхэмжлэл гаргасан. Үүнийг бид “Хас Транс” ХХК-ийн ачилттай холбоотой хохирол учирсан нь тогтоогддоггүй гэж үздэг. Автомат машиныг дээш нь цоройлгоод ачсан зүйл байхгүй. Зориулалтын өргөгч тээврийн хэрэгслээр зөөсөн байдаг. Энэ тухай шинжээчийн дүгнэлтээр зориулалтын дагуу ачсан гэсэн дүгнэлт гарсан. Нэхэмжлэгчийн ярьсан шиг эвдрэл учирсан бол машин асахгүй байх байсан. Ачуулснаас хойш 6 сарын дараа нэхэмжлэл гаргаж байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2008 онд орж ирсэн энэ машин ердийн элэгдэл хорогдлоос эвдэрснийг манай компаниар төлүүлэх гэж байгаа гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай ажилтнууд уг автомашиныг ачихдаа зориулалтын дагуу ачсан бөгөөд гэрчүүдийн мэдүүлгээр 4 км зам туулж журмын хашаанд хүрсэн байдаг. “П” араанд байгаа машиныг чирэхэд машин бүрэн эвдэрнэ. Ийм эвдрэл гараагүй ба нэхэмжлэгч тэр өдрөө машинаа зүгээр унаад явчихсан байдаг. Энэ машин нь 2009 онд Монгол улсад орж ирсэн ба техникийн үзлэгт ороод 1 сарын дараа ачилт хийлгэсэн байдаг. Энэ 1 сарын хугацаанд эвдрэл гарахыг үгүйсгэхгүй. Гэм хорын хохиролд шалтгаант холбоо байх ёстой. Нэхэмжлэгч тал зориулалтын бус аргаар машиныг ачсан гэдгээ нотлож чадахгүй байна гэж үзэж байна. Ачилтын компани ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг. Бусдын эд хөрөнгийг зөөх нь компанид ашиггүй ба ачилт хийхэд тодорхой зардал гардаг тул нэмэлт тоног төхөөрөмжтэй зориулалтын хэрэгслээр ачих үйл ажиллагааг явуулдаг юм. Үүгээр тухайн компани ашиг олдог. Нэхэмжлэгчийн дурдаад байгаа шиг гомдол гардаг бол Замын цагдаа болон эрх бүхий байгууллагаас ачилт хийх эрхийг олгохгүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Ганзориг нь хариуцагч “Хас Транс” ХХК-д холбогдуулан, эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 44,500,000 /дөчин дөрвөн сая таван зуун мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч байгууллага нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн автомашиныг журмын дагуу, зориулалтын нэмэлт тоног төхөөрөмжөөр ачиж тээвэрлэсэн гэж тайлбарлан маргасан.

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

Хариуцагч “Хас Транс” ХХК нь 2014 оны 2 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн зориулалтын чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх үйл ажиллагаа явуулж эхэлсэн, ашгийн төлөө хуулийн этгээд болох нь зохигчийн тайлбар болон тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэрэг баримтаар тогтоогдох бөгөөд зохигчид энэ талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

2014 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр нэхэмжлэгч Г.Ганзориг нь өөрийн өмчлөлийн 47-77 УБЧ улсын дугаартай, Лексус-570 маркийн автомашиныг жолоодож яваад, Сүхбаатар дүүрэг, 100 айлын барилгын материалын дэлгүүрийн гадна зам дээр буюу зорчих хэсгийн нэг дүгээр эгнээнд байрлуулсныг хариуцагч “Хас Транс” ХХК-ийн ажилтнууд ачигч автомашин ашиглан нэхэмжлэгчийн автомашиныг ачиж тээвэрлэн, тээврийн хэрэгслийн журмын хашаанд буулгасан байх бөгөөд энэ үйл баримтын талаар зохигчид маргаагүй байна.

Харин нэхэмжлэгч Г.Ганзориг нь тээврийн хэрэгслийн журмын хашаанаас мөн өдрөө очиж автомашинаа хүлээн авахад эвдрэл үүссэн болохыг мэдэж, фото зургаар баталгаажуулан, улмаар 2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Тоёота албан ёсны засвар үйлчилгээний төв “Хэтмоторс” ХХК-д оношлогоо, автомашины эд ангид учирсан эвдрэлийн үнэлгээ хийлгэжээ. /хх 5, 59/

Хариуцагч “Хас Транс” ХХК-ийн зүгээс автомашиныг дээш цоройлгож ачаагүй, харин Хууль зүйн сайдын 2005 оны 94 тоот тушаалаар батлагдсан журмын 3.4-т зааснаар зориулалтын өргөгчтэй, тусгай нэмэлт төхөөрөмж /жижиг дугуй/ ашиглан тээвэрлэсэн тул ачилтын явцад нэхэмжлэгчийн автомашинд эвдрэл учраагүй, тухайн автомашин нь Монгол улсад 2008 онд орж ирсэн учир ердийн элэгдэл хорогдол байх магадлалтай бөгөөд 6 сарын дараа гэнэт нэхэмжлэл гаргасан нь ойлгомжгүй байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж, нэхэмжлэгч Г.Ганзориг нь “... автомашиныг ачилт хийхдээ алдаа гаргаж араатай байхад нь зориулалтын бус машинаар, хойд дугуйгаар нь чирж явснаас цахилгаан руль, кропыг гэмтээсэн, хариуцагч байгууллагын захирал автомашиныг засварлаж өгнө гэж хүлээлгэсний улмаас 6 сарын хугацаа өнгөрсөн, мөн ачуулахаас өмнө буюу 2014 оны 3 дугаар сард техникийн үзлэгт оруулахад ямар нэгэн эвдрэлгүй байсан, буруу ачсаны улмаас гэмтэл учирсан талаар шинжээчийн дүгнэлт гарсан байгаа тул учирсан хохирлоо гаргуулахаар нэхэмжилнэ...” гэж гэм буруугийн талаар тус тус маргасан.

Маргаан бүхий 47-77 УБЧ улсын дугаартай Лексус 570 маркийн автомашин нь нэхэмжлэгч Г.Ганзоригийн өмчлөлийнх мөн болох нь Автотээврийн үндэсний төвийн лавлагаагаар тогтоогдох бөгөөд уг автомашиныг 2014 оны 3 дугаар сарын 13-ны өдөр “Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг”-т оруулахад хяналтын дүгнэлтээр гэмтэл зөрчилтэй эд анги үгүй, стандарт хангасан гэсэн үнэлгээтэй гарсан байна. /хх 4, 5, 60/

Хариуцагч байгууллагын нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргахдаа үндэслэл болгосон, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2005 оны 94 дүгээр тушаалаар батлагдсан “Зориулалтын чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх журам”-ын 3.4-т “дуудлагаар очсон ачигч автомашины жолооч, техникийн ажилтан нь тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэхийн өмнө, түүний гадна талд үзлэг хийж энэ тушаалын 3 дугаар хавсралтаар баталсан маягтын дагуу тэмдэглэл үйлдэнэ” гэж заажээ.

Дээрх журамд заасны дагуу хариуцагч “Хас Транс” ХХК-ийн ажилтнууд маргаан бүхий тээврийн хэрэгслийг ачихын өмнө түүний гадна талд үзлэг хийсэн болох нь хэрэгт авагдсан видео бичлэгээр тогтоогдох боловч батлагдсан маягтын дагуу тэмдэглэл үйлдсэн эсэх нь тодорхойгүй байна.

Мөн журмын 3.6-д “гар тормос, авцуулах холбоо нь салгагдаагүй тээврийн хэрэгслийг өргөгч хэрэгслээр өргөн ачиж, харин салгагдсан бол тээврийн хэрэгслийг хагас цоройлгон ачих байдлаар зөөж шилжүүлнэ” гэж заасны дагуу цоройлгож чирэлгүйгээр өргөгч буюу нэмэлт төхөөрөмж ашигласан гэж хариуцагч тайлбарлан, тухайн тээврийн хэрэгслийг ачиж яваа гэх дүрс бичлэгийг нотлох баримтаар гаргасан боловч уг бичлэг дэх автомашин нь маргаан бүхий 47-77 УБЧ Лексус 570 маркийн автомашин мөн эсэх, тухайн автомашиныг жижиг дугуйгаар буюу өргөгч хэрэгслээр өргөн ачсан эсэх нь тодорхой бус байсныг тэмдэглэх нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч байгууллагын ажилтнууд автомашиныг ачихдаа дөрвөн дугуйг өргөж ачих ёстой байтал 2 дугуйг хүчээр хөшиж тэгшилснээс жолооны хүрдний цахилгаан аппарат гэмтсэн гэж тайлбарлана.

Шүүхээс шинжээчээр томилогдсон Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Механик, Тээврийн сургуулийн шинжээч нарын гаргасан Техникийн шинжээчийн дүгнэлтээр: “... 47-77 УБЧ улсын дугаартай Лексус 570 маркийн автомашины урд тэнхлэгийг хүчээр хөших үед түүний жолооны удирдлагын дамжуулалтын тоо нь өөрчлөгддөг жолооны системийн эд ангид, “автомат” хурдны хайрцагны удирдлага “Парк” байрлал дээр байх үед автомашиныг хойд хоёр дугуйн дээр чирэхэд хурдны хайрцагт тус тус гэмтэл үүсч болно. Бүх дугуй нь байнга хөтөлдөг автомашиныг урд тэнхлэгийг өргөж хойд тэнхлэг дээр нь чирснээр хурдны хайрцаг дээр их хэмжээний ачаалал үүсэх ба хурдны хайрцагны “Парк”-ийн түгжих хэрэгсэл гэмтдэг... Дамжуулалтын тоо нь өөрчлөгддөг жолооны систем (VGRS) нь дугуйг залж эргүүлэхдээ жолооны механизмын дамжуулалтын тоог өөрчилдөг систем ... автомашиныг зогсож байх үед жолооны хүрдийг нэг талаас нөгөө тийш тултал эргүүлэх тоо цөөхөн, хөдөлгөөнөө эхэлж хурдтай явж эхлэхэд жолооны хүрдийг эргүүлэх тоо ихэсдэг. Энэ ажиллагаа Лексус автомашинд “электрон удирдлагатай” байдаг ба энэ төрлийн системд асаалтын түлхүүрийг салгасан үед дугуйг албадан хөшихөд гэмтэл үүсэх магадлалтай...” гэжээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, нэхэмжлэгчийн автомашиныг ачих явцыг харуулсан дүрс бичлэгт урд 2 дугуйны хооронд ивээс хийж буй үйлдлийг хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс дугуйг хөдөлгөөнгүй байлгах үүднээс ивээс хийдэг гэж тайлбарлан, тийнхүү замын хашлага руу эргүүлсэн автомашины урд талын 2 дугуйг хөшиж ивээс хийснийг хүлээн зөвшөөрөх бөгөөд дугуйг албадан хөшихөд гэмтэл үүсэх талаар шинжээч дүгнэсэн байх тул дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Г.Ганзориг нь өөрийн өмчлөлийн 47-77 УБЧ улсын дугаартай Лексус 570 маркийн автомашинд учруулсан хохирлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Хас Транс” ХХК-иас шаардах эрхтэй байна гэж шүүх дүгнэв.

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд тийнхүү гэм хор учруулахаас өмнөх байдалд нь сэргээх, эсхүл учирсан хохирлыг мөнгөөр төлөх үүрэгтэйг тодорхойлжээ.

Түүнчлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь өөрийн шүүхэд гаргасан шаардлагын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй боловч тухайн гэмтлийг засварласан гэх “Эрдэнэ Зам” ХХК-ийн зүгээс автомашины гэмтлийг хэрхэн оношлосон, тийнхүү автомашины засвар үйлчилгээ эрхэлдэг хуулийн этгээд мөн эсэх нь баримтаар тогтоогдохгүй бөгөөд засварын зардалд төлсөн гэх 44,500,000 төгрөгийн зарлагын баримтад “хүлээлгэн өгсөн эд хариуцагч, хүлээн авагч” нарын гарын үсэг зурагдаагүй байх тул төлбөр төлөгдсөн гэж үзэх боломжгүй юм.

Харин дээрх гэмтлийн улмаас 2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хийгдсэн “Хэт Моторс” ХХК-ийн оношлогоогоор тогтоогдсон 43,481,502.68 төгрөгийг нэхэмжлэгчид учирсан бодит хохирол гэж үзэх үндэслэлтэй байх тул энэ хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх 1,018,497.32 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Хас Транс” ХХК-иас 43,481,502.68 /дөчин гурван сая дөрвөн зуун наян нэгэн мянга таван зуун хоёр төгрөг жаран найман мөнгө/ гаргуулан нэхэмжлэгч Г.Ганзоригт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,018,497.32 /нэг сая арван найман мянга дөрвөн зуун ерэн долоон төгрөг гучин хоёр мөнгө/-ийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 380,450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 375,357 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         А.САРАНТУЯА

                                                       ШҮҮГЧИД                        З.ДОРЖНАМЖИН

                                                                                                М.МӨНХТӨР