Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 677

 

 

 

 

 

Г.Ганзоригийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

            Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2016/06120 дугаар шийдвэртэй

          Нэхэмжлэгч Г.Ганзоригийн нэхэмжлэлтэй

            Хариуцагч “Хас транс” ХХК-д холбогдох

            Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 44 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Цацралтуяа

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Түмэнжаргал

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

Нэхэмжлэгч Г.Ганзоригийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Би 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 100 айлын барилгын материалын
дэлгүүрийн гадаа нэг дүгээр эгнээнд машинаа тавьсан байсныг "Хас Транс" ХХК-ийн
ажилтнууд ачилт хийж, миний өмчлөлийн Лексус 570 маркийн 47-77 УБЧ улсын дугаартай
автомашиныг Замын цагдаагийн газрын журмын хашаанд аваачсан байсан.
Миний автомашиныг ачилт хийхдээ алдаа гаргаж араатай байхад нь зориулалтын бус
машинаар ачиж, хойд дугуйгаар нь чирж явснаас цахилгаан руль, кропыг гэмтээсэн
байсныг машинаа авахдаа мэдэж, энэ талаар "Хас Транс" ХХК-ийн захирал Н.Мандахад
шууд мэдэгдсэн ба тэрээр засварлаж өгнө гэж байсан ч ямар нэгэн арга хэмжээ авч
өгөөгүй юм. Ингээд Тоёотагийн албан ёсны засвар үйлчилгээний төв болох "Хэтмоторс"
ХХК-иар эвдэрсэн эд ангийн засварын зардлын үнэлгээний талаар тодорхойлолт
гаргуулсан ба 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр "Эрдэнэ Зам" ХХК-ийн засварын
төвөөр засуулахаар өгч, нийт 44 500 000 төгрөгийн зардал гарч, 2015 оны 10 дугаар сарын
16-ны өдөр засвараас машинаа авч төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Иймд
автомашиныг ачиж, журмын хашаанд тавихдаа зориулалтын бус машинаар буруу ачилт
хийж автомашинд гэмтэл учруулсан "Хас Транс" ХХК-иас засварын зардал 44 500 000
төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч “Хас транс” ХХК-ийн гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах тайлбарыг шүүхэд гаргаж байна. Үүнд: 1.Манай компани Хууль зүйн сайдын 2005 оны 94 тоот тушаалаар батлагдсан журмын дагуу ачилтын үйл ажиллагаа эрхэлж ирсэн. Уг журмын 3.4-т зааснаар нэхэмжлэгчийн автомашиныг зохих журмын дагуу ачсан. 2.Нэхэмжлэгч нь ачилтын компанийн үйлдлээс болоод автомашинд нь хохирол учирсан гэдгийг техникийн мэргэжлийн шинжээчээр тогтоолгосон тохиолдолд хохирол төлөх асуудал яригдах ёстой. Нэхэмжлэгчийн автомашин нь Монголд 2008 онд орж ирсэн учраас ердийн элэгдэл, хорогдол ч байх боломжтой. Өөрөөр хэлбэл хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас хохирол учруулсан гэсэн баримт хэрэгт авагдаагүй байна. З.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2-т "шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх" гэж зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаарлагаа нотлох үүрэгтэй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг нотолж чадаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 65.1.11-т заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч "Хас Транс" ХХК-иас 43 481 502.68 /дөчин гурван сая дөрвөн зуун наян нэгэн мянга таван зуун хоёр төгрөг жаран найман мөнгө/ гаргуулан нэхэмжлэгч Г.Ганзоригт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 018 497.32 /нэг сая арван найман мянга дөрвөн зуун ерэн долоон төгрөг гучин хоёр мөнгө/-ийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56,2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийи 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 380 450 төгрөгийг улсын орлогод  үлдээж, хариуцагчаас 375 357 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Түмэнжаргал давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гараагүй. Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй. Шинжээчийн дүгнэлт, тухайн авто машиныг ачсан гэрчүүдийн мэдүүлэг, тухайн авто машины техникийн үзлэгт орсноос хойш нэг сарын дараагаар ачилт хийгдсэн, Монголд орж ирснээс хойш 10-аад жил замын хөдөлгөөнд оролцож байгаа, машиныг эвдэлсэн гэх шалтгаант холбоо, авто машины засварт бэлэн ба бэлэн бусаар төлбөр төлсөн гэх баримтууд байгаа эсэх зэрэг баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэлгүй хэргийг шийдвэрлэсэн. Мөн хариуцагчийн төлөөлөгч Д.Түмэнжаргал надад
хэргийн материалыг танилцуулалгүй хэргийг шийдвэрлэж талуудын эрх тэгш
мэтгэлцэх зарчмыг алдагдуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг
ноцтой зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-д заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэцүүлэхээр буцааж байна.

Нэхэмжлэгч Г.Ганзориг автомашинд учирсан гэм хорын хохиролд 44 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбараар 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр нэхэмжлэгч Г.Ганзориг өөрийн өмчлөлийн 47-77 УБЧ улсын дугаартай, лексус-570 маркийн автомашиныг 100 айлын барилгын материалын дэлгүүрийн гадна зам дээр зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд байрлуулсан, хариуцагч “Хас транс” ХХК-ийн ажилтнууд ачигч автомашинаар уг автомашиныг тээвэрлэн, тээврийн хэрэгслийн журмын хашаанд  буулгасан үйл баримт тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй байна.

Харин автомашинд хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас эвдрэл  үүссэн эсэхэд талууд маргадаг бөгөөд автомашиныг зориулалтын автомашинд ачих үйл явцын талаар тухайн цаг үед бичлэг хийсэн Си Ди /CD/-г нэхэмжлэгч тал нотлох баримтаар шүүхэд өгчээ. Тухайн Си Ди /CD/ буюу цахим хэлбэрээр авагдсан мэдээллийн талаар шүүхийн зүгээс тэмдэглэл үйлдэж баталгаажуулсан баримт хэрэгт авагдаагүй байх тул цахим хэлбэрээр авагдсан мэдээллийг нотлох баримт болгох тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар Си Ди /CD/-д үзлэг хийж 2-оос доошгүй гэрч байлцуулан, энэ тухай тэмдэглэл үйлдэж бэхжүүлэх журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Уг Си Ди /CD/-д шүүх хуралдааны явцад үзлэг хийсэн байх боловч шүүх хуралдааны  тэмдэглэлээс хариуцагчийн гэм буруутай ажиллагаа бүрэн харагдахгүй байгааг тэмдэглэх нь зүйтэй.

Хариуцагч “Хас транс” ХХК-ийн ажилтан автомашиныг ачиж байгаа үйл баримтын талаарх цахим мэдээлэл нь ач холбогдолтой байж болох бөгөөд уг мэдээллийг баримтжуулах ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй болно.

Түүнчлэн хариуцагчийн хэргийн материалтай танилцуулаагүй гэх гомдол үндэслэлтэй байна. Шүүх хариуцагч талд 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хэргийн материал танилцуулсан баримт байх боловч, түүнээс хойш буюу 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаан хүртэл хугацаанд хэрэгт цугларсан шүүхээс хийгдсэн ажиллагаа болон талуудын ирүүлсэн баримттай танилцуулсан баримтгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан хэргийн материалтай танилцах эрхийг эдлүүлээгүй зөрчил гаргасан гэж үзнэ.

Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтын талаар хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийх боломжгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2016/06120 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 375 357 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

  

 

                                      ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                           Ж.ОЮУНТУНГАЛАГ

     ШҮҮГЧИД                            А.ОТГОНЦЭЦЭГ

                                                А.МӨНХЗУЛ