Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2018/00770

 

“Ө” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2017/02956 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 210/МА2018/00275 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч “Ө” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “И” ХХК-д холбогдох,

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 8 240 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Ч.Бат-Ирээдүйн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Баасанжав, хариуцагчийн өмгөөлөгч М.Өлзийцэцэг, нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Ө” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Сүхбаатар нь өөрийн эзэмшлийн 20-90 УНМ улсын дугаартай, цагаан өнгөтэй, Ланд круйзер 100 маркийн автомашиныг 2016 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 12-ны өдөр хүртэл, өдрийн 100 000 төгрөгийн түрээсийн төлбөртэй, 2016 оны 07 дугаар сарын 13-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл өдрийн 70 000 төгрөгийн түрээсийн төлбөртэй “И” ХХК-д түрээслүүлэхээр тохиролцож түрээсийн гэрээ байгуулсан.

Уг гэрээний дагуу “И” ХХК нь автомашиныг 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээлгэн өгч, автомашин хүлээлгэн өгснөөс хойш 10 хоногийн дотор төлбөрийг бүрэн барагдуулах ёстой. Хариуцагч “И” ХХК-ийн захирал Ч.Бат-Ирээдүйн хамаатны дүү гэх н.Эрхэмбаяр нь автомашиныг 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээлгэн өгсөн бөгөөд түрээсийн үлдэгдэл төлбөр 8 240 000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Автомашиныг хүлээн авахад хаалга нь гажсан, бензин насос шатсан, 4 дугуй хавагнаж хэрэглэх боломжгүй болсон гэх мэт олон эвдрэл гэмтэл гарсан байсныг өөрөө янзлуулсан. 

Иймд түрээсийн үлдэгдэл төлбөр 8 240 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: 

Түрээсийн гэрээ байгуулж автомашиныг түрээсэлж авсан бөгөөд хариуцагчаас 3 400 000 төгрөгийг түрээсийн төлбөрт төлсөн ба 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийн үлдэгдэлд 5 040 000 төгрөгийг төлөх боломжтой. Харин 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд автомашиныг Т.Эрхэмбаяр нь Б.Сүхбаатартай тохирсон гэж хэлээд авч явсан бөгөөд уг хугацааны түрээсийн төлбөр төлөх боломжгүй тул 3 290 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2017/02956 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дахь заалтыг баримтлан хариуцагч “Ирээдүйн МНЖ транс” ХХК-иас 8 240 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Ө” ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчээс 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 146 800 төгрөгийн 146 790 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 10 төгрөгийг улсын төсвийн орлогоос, хариуцагч “И” ХХК-иас 146 790 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Ө” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 210/МА2018/00275 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2017/2956 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжээ.

Хариуцагчийн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

“И” ХХК нь “Ө” ХХК-тай автомашины түрээсийн гэрээг 2016 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл байгуулсан. Түрээсийн гэрээнд 2016 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 07 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл 1 өдрийн 100 000 төгрөг байхаар, 2016 оны 07 дугаар сарын 13-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл 1 өдрийн 70 000 төгрөгийн түрээстэй байхаар харилцан тохиролцсон. “И” ХХК-ийн зүгээс түрээсийн төлбөрт 3 400 000 төгрөгийг төлсөн. Түрээсийн гэрээний дагуу 2016 оны 09 сарын 26-ны өдрийг хүртэлх төлбөр нь 5 040 000 төгрөг болж байгаа юм. Энэ төлбөрийг төлөхийг хариуцагч талын зүгээс хүлээн зөвшөөрч байгаа, харин 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс хойшхи төлбөрийг төлөх ёсгүй бөгөөд түрээсийн гэрээний хугацаа дууссан байсан. Гэрээ дуусах үед уг автомашин Говь-Алтай аймагт байсан бөгөөд уг аймагт ажиллаж амьдарч байсан Эрхэмбаяр гэх залуу уг машиныг “И” ХХК-ийн захирал Ч.Бат-Ирээдүйгээс авсан, уг автомашиныг хүлээн авсныхаа дараа “Ө” ХХК-ийн захирал Б.Сүхбаатарт машиныг Ч.Бат-Ирээдүйгээс авсан, бүрэн бүтэн хүлээн авсан тухайгаа мэдэгдэж, фото зургийг авч түүн рүү фэйсбүүкээр илгээсэн талаар гэрчийн мэдүүлэгтээ мэдүүлсэн байдаг. Энэхүү мэдүүлгээр түрээсийн гэрээ дууссан, өөр хүн эзэмшилдээ авсан нь харагдаж байна. Тийм учраас хариуцагч уг гэрээний хугацаа дууссанаас хойшхи төлбөрийг төлөх үндэслэлгүй юм. Гэрч н.Эрхэмбаярын мэдүүлгийг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээгүй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, түрээсийн гэрээний гэрээ дуусгавар болсноос хойшхи төлбөрийг төлөх үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагын 3 290 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.                                                                                        ХЯНАВАЛ:

Нэхэмжлэлийн шаардлагыг хангасан анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал үндэслэлтэй болсон боловч шүүх Иргэний хуулийн хэрэглэвэл зохих зүйл, заалтыг баримтлаагүй нь алдаатай болжээ. Шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах журмаар алдааг залруулах боломжтой байна.

 

Нэхэмжлэгч “Ө” ХХК нь 20-90 УНМ улсын дугаартай Ланд круйзер 100 маркийн автомашиныг 2016 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 12-ны өдөр хүртэл, өдрийн 100 000 төгрөгийн түрээсийн төлбөртэй, 2016 оны 07 дугаар сарын 13-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл өдрийн 70 000 төгрөгийн түрээсийн төлбөртэйгээр хариуцагч “И” ХХК-д түрээслүүлэхээр тохиролцож, түрээсийн гэрээ байгуулжээ. Хариуцагч “И” ХХК нь автомашиныг өөрийн эзэмшилд авч ашиглаад 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр нэхэмжлэгчид буцаан өгөх байтал нэхэмжлэгч автомашиныг 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр өөр этгээдээс хүлээн авсан байна.

Нэхэмжлэгч хариуцагчид эд хөрөнгийг гэрээ байгуулсан даруй шилжүүлсэн, хариуцагч машиныг 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл эзэмшиж, ашигласан, нэхэмжлэгчид 3 400 000 төгрөг төлсөн, машиныг 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл Т.Эрхэмбаяр гэгч эзэмшсэн, нэхэмжлэгч машиныг 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авсан үйл баримтуудын талаар талууд маргаагүй байна.

Нэхэмжлэгч “Ө” ХХК нь хариуцагчаас түрээсийн төлбөрт 8 240 000 төгрөг нэхэмжлэхдээ автомашиныг буцаан авах хүртэл бүх хугацааг тооцсон бол хариуцагч  “И” ХХК нь зөвхөн гэрээний хугацааны түрээсийн төлбөрт 5 040 000 төгрөг төлнө гэж маргажээ.

Зохигчийн хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1.-д заасан түрээсийн гэрээ байгуулагдсан ба энэ талаар хийсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ. Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээдэг байна.

Нэхэмжлэгч “Ө” ХХК нь хариуцагчаас гэрээгээр тохирсон хугацааны төлбөрөөс гадна гэрээний хугацаа өнгөрснөөс хойш бусдын эзэмшилд байсан үеийн төлбөрийг мөн шаардсан байхад шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн зөвхөн 318 дугаар зүйлийн 318.1.-д заасан зохицуулалтыг баримталсан нь хууль хэрэглээний хувьд алдаатай болжээ.

Түрээслэгч “И” ХХК нь гэрээний хугацаа дуусмагц эд хөрөнгийг түрээслүүлэгчид буцаан өгөх үүргээ биелүүлээгүй, эд хөрөнгийг гуравдагч этгээдийн эзэмшилд шилжүүлсэн байна.

Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1., 211.2.-т зааснаар үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүхийн шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгөх ёстой ба үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцдог байна. Нэхэмжлэгч “Ө” ХХК машиныг Т.Эрхэмбаярт шилжүүлэхийг зөвшөөрсөн гэх үйл баримт тогтоогдоогүйгээс гадна түүнээс төлбөр аваагүй байна. Т.Эрхэмбаяр машиныг хариуцагч талаас авсныхаа дараа энэ талаар нэхэмжлэгч компанийн захиралд утсаар хөдөөнөөс мэдэгдсэн явдлыг нэхэмжлэгчийн зөвшөөрөл гэж үзэх үндэслэлгүй.  

Хариуцагч “И” ХХК түрээслэсэн эд хөрөнгийг гэрээний хугацаа дуусахад түрээслүүлэгчид бус харин эд хөрөнгийг хүлээн авах эрхгүй этгээдэд шилжүүлсэнээр эд хөрөнгийг буцаан шилжүүлэх үүргээ гүйцэтгээгүй гэж үзнэ.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5.-д зааснаар түрээсийн гэрээг зохицуулсан бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилдэг байна. Гэрээ дуусгавар болоход хөлслөгч эд хөрөнгийг буцааж өгөх хугацааг хойшлуулсан бол хөлслүүлэгч өөрт учирсан хохирлоо хожимдуулсан хугацааны турш төлбөл зохих хөлсний хэмжээгээр шаардах эрхтэй гэж Иргэний хуулийн 295 дугаар зүйлийн 295.4.-т заажээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн хэрэглэвэл зохих зүйл, заалтыг хэрэглээгүй байх тул шийдвэр, магадлалд энэ утгаар өөрчлөлт оруулах үндэслэлтэй. Харин хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 210/МА2018/00275 дугаар магадлал, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2017/02956 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1. дахь заалтыг” гэснийг “Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1., 318.5., 295 дугаар зүйлийн 295.4.-т заасныг” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 67 600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН