Шүүх | Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Балжиннямын Сийлэгмаа |
Хэргийн индекс | 115/2018/0010/З |
Дугаар | 10 |
Огноо | 2018-04-18 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 10
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сийлэгмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “МО” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ЗД-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “МО” ХХК-ийн, А газарт орших, XV-017713 дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн “2018 оны байгал орчны менежментийн төлөвлөгөө”-г батлахаас татгалзсан ЗД-ын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, уг төлөвлөгөө батлахыг тус ЗД-д даалгах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “МО” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, түүний өмгөөлөгч П.Б, хариуцагч ЗД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х, М.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Даваасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “МО” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тус хуулийн этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч “МО” ХХК нь ашигт малтмалын хайгуулын сонгон шалгаруулалтад оролцож, шаардлага хангасан учраас Ашигт малтмал, Газрын тосны газар 2015 оны 01 сарын 28-ны өдөр А нутаг дахь XV-017713 тоот Бор ухаа нэртэй хайгуулын тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатайгаар манай компанид олгосон ба тусгай зөвшөөрлийн хугацаа 2018 оны 01 сарын 28-ны өдөр дуусгавар болно. Манай компани Ашигт малтмалын тухай хуулийн 22.1-т заасан /Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана/ хугацаанд сунгуулах өргөдлийг гаргаж чадаагүй болно. Учир нь манай компани Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх заалт /Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сум, дүүргийн Засаг даргад батлуулахаар хүргүүлнэ/-ын дагуу 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 17/001 тоот албан бичгээр А нутаг дахь XV-017713 тоот Бор ухаа хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн 2018 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-г батлуулахаар ЗД-д хүргүүлсэн. Гэтэл ЗД 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1/2530 дугаар албан тоотоор “Танай компани нь Ашигт малтмалын тухай хуулийн 38.1.5 дахь “Хайгуулын ажлын явцад үүссэн байгаль орчны сөрөг нөлөөллийг тухай бүр бүртгэн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний жилийн тайланд тусгах бөгөөд уг тайланг тухайн сум, дүүргийн Засаг даргад хүргүүлнэ” гэсэн заалтыг хэрэгжүүлж ажиллаагүй тул тодорхойлолт гаргаж өгөх боломжгүй”, аймгийн Засаг даргатай уулз гэсэн хариу өгсөн. Дараа нь Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшинтай уулзаж хүсэлтээ уламжлахад, аймгийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1/2214 дугаар албан тоотоор “Танай компани Сайншанд сумын нутагт орших ашигт малтмалын хайгуулын XV-017713 дугаартай тусгай зөвшөөрөлтэй Бор ухаа нэртэй талбайн 2015, 2016, 2017 оны хайгуулын болон байгаль орчны менежментийн төлөвлөгөөний тайланг орон нутагт ирүүлээгүй нь Ашигт малтмалын тухай хуулийн 37.2, 38.1.1, 38.1.5 дахь заалтуудыг зөрчсөн байна. Мөн “Бор ухаа “талбай нь Сайншанд сумын суурьшлын эдэлбэр газартай давхцаж байгаа тул 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлах боломжгүй байна” гэсэн хариуг өгсөн. Ингэснээр манай компанийг хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаагаа сунгуулах өргөдлийг Ашигт малтмал Газрын тосны газарт хуулийн хугацаанд гаргах боломжгүй нөхцөл байдалд хүргэсэн нь тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгоход хүргэсэн. Манай компани нэгэнт үүссэн нөхцөл байдлыг шийдвэрлүүлэхэд тодорхой хугацаа шаардлагатай байгааг үндэслэн, 2018 оны 01 сарын 15-ны өдөр Ашигт малтмал, Газрын тосны газарт 18/003 тоот албан бичгээр XV-017713 тоот тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг бүртгүүлэх болон дуусгавар болох хугацааг түдгэлзүүлэхээр хүсэлт тавьсан болно.
Манай компани нь уг зөвшөөрөл бүхий талбайд цеолит гэх эрдсийн хайгуулын ажлыг хийсэн бөгөөд энэхүү эрдсийн талаар товч дурдвал химийн хорт бодисын агууламжгүй, цацраг идэвхгүй, хөдөө аж ахуй болон газар тариалан, мал ахуйд тэжээл, эрдэс бордооны зориулалтаар хэрэглэгддэг нэн шаардлагатай эрдэс юм. Мөн ахуй болон ундны усанд шүүлтүүр болгон хэрэглэдэг.
Манай компани нь тусгай зөвшөөрлийг авсан цагаасаа хойш буюу 2015-2017 онуудад тусгай зөвшөөрөлтэй холбоотой төлбөр, хураамжийг тухай бүрт нь төлж, хайгуулын ажлын төлөвлөгөө, тайланг гаргаж өгч баталгаажуулдаг байсан. 2015 оны 01 сарын 28-ны өдрөөс 2017 оны 12 сар хүртэлх хугацаанд манай компани Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.3-т заасан тойм судалгааны буюу газрын хэвлийг хөндөхгүйгээр чулуулгийн сорьц, дээж авах, геологи, ашигт малтмалын анхдагч мэдээллийг ашиглах, агаарын зураг авах аргаар геологийн судалгааны ажлыг хийж гүйцэтгэсэн. Энэ судалгаанд багтах ажлуудын жил бүрийн төлөвлөгөө, тайлан зэрэг бичиг баримтуудыг Ашигт малтмал Газрын тосны газрын геологи судалгааны хэлтэс болон Улсын Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, геологи уул уурхайн хяналтын улсын албаар баталгаажуулан ажиллаж байсан нь нотлох баримт юм. Тойм судалгааны ажил нь байгаль орчинд аливаа нэгэн сөрөг нөлөөлөл үүсгэх хэмжээний ажил биш бөгөөд судалгааны явцад тусгай зөвшөөрөлтэй талбайд байгаль орчинд сөрөг нөлөөлөл үүсээгүй болно. Иймээс 2015-аас 2017 онуудын хооронд геологийн судалгааны явцад тайлан биш, ЗД-ын Байгаль орчин, уул уурхай, аялал жуулчлал хариуцсан мэргэжилтэнд байгаль орчны нөхөн сэргээлтийн ажлын мэдээг гарган хүлээлцэж баталгаажуулж байсан бөгөөд энэ нь 2015-2016 онуудын хайгуулын ажлын тайланд Маягт-7-д тусгагдсан болно. Мөн XV-017713 тоот тусгай зөвшөөрлийн 2017 оны байгаль орчныг хамгаалах ажлын төлөвлөгөөг ЗД болон Байгаль орчин, уул уурхай, аялал жуулчлалын мэргэжилтнээр батлуулж ажилласан ба уг төлөвлөгөөний тайланг 2018 оны 01 дүгээр сарын 18-нд сумын Засаг даргад хүргүүлсэн.
Эдгээр баримтуудаас үзэхэд ЗД-ын манай компанийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан үйлдэл хууль бус болох нь харагдаж байна. Мөн суурьшлын бүсэд ойр гэсэн үндэслэлийг татгалзсан хариунд дурдсан байдаг. Гэтэл анх тусгай зөвшөөрлийг Газрын тосны хэрэг эрхлэх газраас авахад дээр дурдсан асуудлыг ярьж байгаагүй бөгөөд манай компанийн зүгээс суурьшлын бүстэй болон бусад давхцалтай хэсгээр тусгай зөвшөөрлийн талбайн хэмжээг багасгахад татгалзах зүйлгүй.
Дэлхийн өндөр хөгжилтэй олон улс орнууд цеолит гэх эрдсийг газар тариалан, мал аж ахуй, хүн амын ахуйн болон ундны ус, хүнд үйлдвэрийн байгаль орчныг бохирдуулж байгаа хаягдлыг цэвэрлэх, саармагжуулахтай холбогдуулан ашигладаг. Дорноговь аймагт цеолитын хэд хэдэн томоохон орд байдаг боловч өнөөдрийн байдлаар нэг ч ашиглалтад ороогүй байгаа. Манай компанийн зүгээс хуулийн дагуу холбогдох судалгааг хийгээд эдийн засгийн боломжтой нөөц тодорхойлогдвол орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх, малын нэмэлт тэжээл боловсруулж түгээх, газрын тос, бусад үйлдвэрийн хаягдлыг саармагжуулах төлөвлөгөөг боловсруулж байгаа. Тус төлөвлөгөө амжилттай хэрэгжвэл манай компаниас гадна, орон нутгийн эдийн засаг, хүн ард, байгаль орчинд эерэг нөлөөлөлтэй бөгөөд цаашид орон нутаг болон ард иргэдтэй хамтран ажиллах боломжтой гэж хэлмээр байна гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгчийн зүгээс ЗДд байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталж, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах нөхцлийг бүрдүүлж өгнө үү гэсэн шаардлагыг тавьж байгаа. Учир нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулах хүсэлтийг орон нутагт тавьсан боловч, төлөвлөгөөг батлахаас татгалзсан байдаг. Уг төлөвлөгөөг батлаагүйн улмаас “МО” ХХК-ийн тусгай зөвшөөрлөө сунгуулах асуудал зогссон байгаа. “МО” ХХК нь анх тусгай зөвшөөрлийг авах үед хайгууль хийх талбай нь суурьшлын бүстэй ойр болон давхацсан гэсэн асуудал яригдаагүй боловч тусгай зөвшөөрөл бүхий талбай нь суурьшлын бүстэй давхацсан гэх нотлох баримтыг хариуцагчийн зүгээс шүүхэд гаргаж өгсөн байдаг. Иймд уг асуудалд нутгийн захиргааны байгууллага буруутай гэж үзэж байна. Хэрвээ 2015 онд тусгай зөвшөөрөл авах үед дээрх асуудлыг тавьсан бол нэхэмжлэгч нь тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулж, энэ ажлыг хийхгүй байсан. Нэгэнт ийм нөхцөл байдал үүссэн тул нутгийн захиргааны байгууллагатай ойлголцож, тусгай зөвшөөрөл бүхий талбайг суурьшлын бүсээс холдуулах боломжтой. Учир нь дээрх төрлийн ашигт малтмал нь тусгай зөвшөөрөл бүхий талбайн багахан хэсэгт байгаа болох нь тогтоогдсон байдаг. Иймд ашигт малтмал байгаа хэсэгхэн газраа авч үлдээд суурьшлын бүстэй давхацсан хэсгээ өгөх боломжтой юм.
Нэхэмжлэгч компанийн хайгуулын явцад эрж хайсан цеолит гэх эрдэс нь зах зээл дээр үнэтэй эрдэс биш боловч Монгол улсад маш хэрэгтэй эрдэс байна гэж үзэж судалгаа хийж байгаа. Цеолит нь магадгүй Дорноговь аймгийн иргэдийн цэвэр усны асуудалд ач холбогдлоо өгөх боломжтой. Мөн аймгийн болон Монгол улсад маш үр ашигтай эрдэс бөгөөд үүнийг анх удаа бий болгох гээд судалж яваа компани юм.
Мөн хариуцагчаас хайгуулын тусгай зөвшөөрлийг авснаас хойш 30 хоногийн дотор сумын Засаг даргатай хамтран байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулах ёстой боловч уг төлөвлөгөөг ирүүлээгүй гэж хэллээ. Хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлж ажиллахыг шаардах эрх нь орон нутгийн захиргааны байгууллагад олгогдсон байгаа. Өөрөөр хэлбэл Ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлд зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль хамгаалах үүргийг хүлээсэн бөгөөд “МО” ХХК-ийн зүгээс зарим үүргийг биелүүлээгүй, тасалдуулсан гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 40 дүгээр зүйлийн 40.3-т зааснаар сумын Засаг дарга нь байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөө, хайгуулын төлөвлөгөө зэргийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор батлахаар зохицуулагдсан бөгөөд төлөвлөгөөг батлахаас татгалзах зохицуулалт хуулинд тусгагдаагүй. Харин хуулиар хүлээсэн үүргээ зөрчсөн компаниудад Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 2, 15-т зааснаар зөрчлийг арилгуулах арга хэмжээ авч, торгохоор зохицуулагдсан. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлд ямар тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах талаар зохицуулсан бөгөөд “МО” ХХК-ийн зүгээс хуулийн 56 дугаар зүйлд заасан тусгай зөвшөөрлийг цуцлах үйлдэл гаргаагүй юм. Иймд Ашигт малтмалын газарт “МО” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлах хүсэлтийг явуулсан, үндэслэлгүйгээр төлөвлөгөөг батлахаас татгалзсан нь хууль бус байна гэж үзэж байна. Иймд хэргийг зөв бодитойгоор шийдвэрлэж нэхэмжлэлийг хангаж өгнө үү? гэв.
Хариуцагчийн шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Тус компани нь Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 41 тоот шийдвэрээр Сайншанд сумын XV-017713 дугаартай Бор-Ухаа хэмээх газарт ашигт малтмал хайхыг зөвшөөрсөн хайгуулын тусгай зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа эрхэлж манай суманд хайгуулын үйл ажиллагааг 3 жилийн хугацаанд явуулсан. Энэ хугацаанд байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулж, батлуулаагүй. “МО” ХХК-ийг 2017 оны 10 дугаар сард 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар сумын Засаг даргад хандахад нь өмнөх онд хийж байсан менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг ирүүлээч гэсэн хүсэлтийг тавьсан боловч ирүүлээгүй бөгөөд оронд нь 2016 онд хийсэн хайгуулын ажлын тайлан, 2018 оны хайгуулын ажлын төлөвлөгөөг ирүүлсэн. Манай зүгээс “МО” ХХК-д компанид боломж олгосон боловч тэрээр хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэлгүй. Тухайлбал:
Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.5 дахь хэсэгт “хайгуулын ажлын явцад үүссэн байгаль орчны сөрөг нөлөөллийг тухай бүр бүртгэн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний жилийн тайланд тусгах бөгөөд уг тайланг байгаль орчны хяналтын алба болон тухай сум, дүүргийн Засаг даргад хүргүүлнэ” гэж хуульчилсан бөгөөд “МО” ХХК нь 2017 оны Хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний тайланг ирүүлээгүй.
Хуулийн дагуу тус компани нь жил бүр менежментийн төлөвлөгөөний тайлан ирүүлэх байсан боловч 2015, 2016 онуудад батлагдсан төлөвлөгөөний тайланг 2017.12.21-ний өдрийн 17/004 тоот албан бичгээр ирүүлсэн.
Мөн тус хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх асуудлаар нутгийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулж ажиллана” гэж заасан бөгөөд тус компани нь нутгийн захиргааны байгууллагатай хамтарч ажиллаагүй түүнчлэн тусгай зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн дотор байгаль орчны хяналтын алба болон хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргатай зөвшилцөн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг боловсруулах ёстой байтал уг төлөвлөгөөг боловсруулж ажиллаагүй.
Мөн байгаль орчныг хамгаалах талаар хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүлээх үүрэгт “Байгаль орчныг хамгаалах талаар хүлээсэн үүргээ биелүүлэх баталгаа болгон холбогдох сум, дүүргийн Засаг даргын нээсэн тусгай дансанд байгаль орчныг хамгаалах арга хэмжээнд шаардагдах тухайн жилийн зардлын 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг шилжүүлэх”-ээр хуулийн 38.1.8 дахь хэсэгт үүрэг болгосон боловч тус компани 2015, 2017 онуудад холбогдох зардлуудыг шилжүүлээгүй. Түүнчлэн тухайн Бор-Ухаа талбай нь Сайншанд сумын суурьшлын эдэлбэр газар болон бусдад эзэмшүүлж, өмчлүүлсэн газартай тодорхой хэмжээгээр давхцаж байгаа юм.
Нэхэмжлэгч “МО” ХХК нь орон нутгийн хэмжээнд нилээн том газарт хайгуулын тусгай зөвшөөрөл эрхэлж байгаа боловч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж ажиллаагүй, орон нутгийн байгууллагатай хамтарч ажилладаггүй, төлөвлөгөө, тайлангаа батлуулаагүй болно.
Иймд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж ажиллаагүй “МО” ХХК-ийн 2018 онд хийх хайгуулын ажлын төлөвлөгөөг батлаагүй нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү? гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “МО” ХХК нь, Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сум.../-ийн/ Засаг даргад батлуулахаар хүргүүлнэ” гэж заасны дагуу А нутагт орших, Бор ухаа нэртэй талбайн хайгуулын XV-017713 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахтайгаа холбогдуулан “Байгаль орчны менежментийн 2018 оны төлөвлөгөө”-г батлуулахаар 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 17/0001 тоот албан бичгээр тухайн талбай байрших ЗДд хандсан, сумын Засаг дарга “Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.5-д “Хайгуулын ажлын явцад үүссэн байгаль орчны сөрөг нөлөөллийг тухай бүр бүртгэн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний жилийн тайланд тусгах бөгөөд уг тайланг тухайн сум, дүүргийн Засаг даргад хүргүүлнэ” гэснийг хэрэгжүүлж ажиллаагүй тул...боломжгүй” гэсэн хариуг 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1/2530 тоот албан бичгээр тусгай зөвшөөрөл эзэмшигчид өгсөн байна.
Нэхэмжлэгч хуулийн этгээдээс, хариуцагч ЗД-ын “Байгаль орчны менежментийн 2018 оны төлөвлөгөө”-г батлахаас татгалзсан дээрх үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, уг төлөвлөгөөг батлахыг тухайн албан тушаалтанд даалгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг “Хайгуулын ажлын төлөвлөгөө, тайланг Ашигт малтмалын газрын Геологийн алба, Улсын Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчин уул уурхай, цацрагийн хяналтын улсын албанд гарган өгч баталгаажуулж ирсэн, ...судалгааны ажлын явцад Ашигт малтмалын тухай хуулийн 38.1.5-д заасан “сөрөг нөлөөлөл” үүсээгүй, ...сумын Байгаль орчин, аялал жуулчлалын асуудал хариуцсан мэргэжилтэнд жил бүр байгаль орчны нөхөн сэргээлтийн ажлын мэдээг гарган өгч баталгаажуулсан, ...2017 оны Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг сумын Засаг дарга болон холбогдох мэргэжилтнээр батлуулсан, уг төлөвлөгөөний тайланг 2018 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр сумын Засаг даргад хүргүүлсэн, ...анх зөвшөөрөл олгоход орон нутгаас дэмжсэн санал өгсөн ба тухайн үед суурьшлын бүсийн талаар тодорхой зүйл тусгагдаагүй байсан, гэвч давхцалтай хэсгээр талбайн хэмжээг багасгахад татгалзахгүй” гэж; хариуцагч нь татгалзлын үндэслэлээ “...нэхэмжлэгч нь Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 38.1.5, 38.1.8, 42 дугаар зүйлийн 42.1-д заасныг тус тус зөрчиж хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, ... мөн Бор ухаа нэртэй тус талбай нь Сайншанд сумын суурьшлын эдэлбэр газар болон иргэдэд өмчлүүлж, эзэмшүүлсэн газартай тодорхой хэмжээгээр давхцалтай тул 2018 оны төлөвлөгөөг батлаагүй” гэх агуулгаар тодорхойлон маргаж байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д “тусгай зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн дотор байгаль орчны хяналтын алба болон хайгуулын тайлбай байрших сум, .../-ийн/ Засаг даргатай зөвшилцөн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулах”, 38.1.3-т “энэ хуулийн 38.1.1-д заасан төлөвлөгөөг тухайн хайгуулын талбай байрших сум, .../-ийн/ Засаг даргад хүргүүлж батлуулах”, 38.1.5-д “хайгуулын ажлын явцад үүссэн байгаль орчны сөрөг нөлөөллийг тухай бүр бүртгэн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний жилийн тайланд тусгах бөгөөд уг тайланг байгаль орчны хяналтын алба болон тухайн сум, дүүргийн Засаг даргад хүргүүлэх”, 38.1.8-д “байгаль орчныг хамгаалах талаар хүлээсэн үүргээ биелүүлэх баталгаа болгон холбогдох сум.../-ийн/ Засаг даргын нээсэн дансанд байгаль орчныг хамгаалах арга хэмжээнд шаардагдах тухайн жилийн зардлын 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг шилжүүлэх”, 42 дугаар зүйлийн 42.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах, ...асуудлаар нутгийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулж ажиллана” хэмээн хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүргүүдийг тодорхойлон заажээ.
Улмаар ашигт малтмалын үйл ажиллагаатай холбоотой мэдээ, тайлан гаргах журмыг зохицуулсан мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.8-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 38, ...дүгээр зүйлд заасны дагуу байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлт болон тайланг холбогдох байгууллагад хүргүүлнэ”, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А-05 дугаар тушаалаар батлагдсан “Иргэн, аж ахуйн нэгж байгууллагын тухайн жилд хэрэгжүүлэх Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журам”-ын 1.2-т “Тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөө гэж Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9.8-д заасан төлөвлөгөөг ойлгоно”, 2.4-т “Уул уурхайн төслийн хувьд тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг, батлагдсан хайгуулын ажлын болон уулын ажлын төлөвлөгөөтэй уялдуулан боловсруулна”, 4.1-д “Төсөл хэрэгжүүлэгч тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тайланг 11 дүгээр сарын 01-ний дотор ...төсөл хэрэгжүүлж байгаа аймаг, .../-ийн/ байгаль орчны газарт хүргүүлнэ” хэмээн тус тус заасан байна.
Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд , нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн болон хариуцагчийн тайлбар зэргээс үзэхэд Ашигт малтмалын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 41 тоот шийдвэрээр “МО” ХХК-д А нэртэй газарт 601.29 гектар талбай бүхий XV-017713 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс, 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаатайгаар олгосон, улмаар тус хуулийн этгээд энэхүү тусгай зөвшөөрлийг авснаас хойш 2015 оны Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг боловсруулсан байх боловч үүнийгээ сумын Засаг даргаар батлуулаагүй, 2016 онд Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг огт боловсруулаагүй улмаар тухайн онуудад холбогдох тайланг ч мөн гаргаж хүргүүлээгүй харин 2017 оны Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг сумын Засаг дарга болон холбогдох мэргэжилтнээр батлуулсан ч уг төлөвлөгөөний талаарх тайланг хугацаа хэтрүүлж буюу 2018 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр сумын Засаг даргад хүргүүлсэн болох нь тогтоогдож байна.
Мөн нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт дурдагдаж буй “Манай компани...2015, 2016, 2017 онуудад... хайгуулын ажлын төлөвлөгөө, тайланг гаргаж Ашигт малтмалын газрын Геологийн алба, Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчин, уул уурхай, цацрагийн албанд тус тус хүргүүлж баталгаажуулж байсан” гэх үйл баримтууд хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх боловч энэ нь тухайн маргаанд буюу Байгаль орчны менежментийн төлөвлөгөө, тайланг сумын Засаг даргад хүргүүлж батлуулаагүй гэх хариуцагчийн татгалзлын үндэслэлд хамааралгүй болно.
Харин хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч хуулийн этгээд нь 2015, 2016, 2017 онуудад Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлын зардалд жил бүр 200000 төгрөгийг зарцуулахаар төсөвлөсөн , улмаар 2016, 2017 онд Сайншанд сумын ...тоот дансанд нөхөн сэргээлтийн зардал гэж тус тус 100000 төгрөгийг шилжүүлсэн нь болох тогтоогдож байгаагаас үзвэл нэхэмжлэгчийг Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүүйлийн 38.1.8-д заасан үүргээ биелүүлээгүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.
Хариуцагчаас, нэхэмжлэгч хуулийн этгээдийн “Байгаль орчны менежментийн 2018 оны төлөвлөгөө”-г батлахаас татгалзаж буй үндэслэл болох “тус хуулийн этгээдийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй” гэх үйл баримтуудын зарим нь дээр дурдсанаар ийнхүү тогтоогдож байх хэдий ч хариуцагч албан тушаалтны энэхүү татгалзал буюу уг төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэхүй нь хуульд нийцэж буй эсэх нь дараах байдлуудаар тайлбарлагдана.
Хариуцагч албан тушаалтан нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т “Нийтийн эрх зүйн асуудлаар бие даан, өөрийн нэрийн өмнөөс дангаар захиргааны шийдвэр гаргах бүрэн эрх хуулиар тусгайлан олгогдсон албан тушаалтныг захиргааны байгууллага гэж үзнэ” гэж зааснаар захиргааны байгууллага болохын хувьд мөн хуулиар тогтоосон захиргааны үйл ажиллагаанд баримтлавал зохих тусгай зарчмуудыг үйл ажиллагаандаа тухайлан хэрэгжүүлэх үүрэгтэй.
Гэтэл хариуцагч нь энэхүү маргааны хувьд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан “хуульд үндэслэх” буюу тодруулбал, хуульгүйгээр дур мэдэн аливаа шийдвэр үйлдэл хийхгүй байх улмаар хууль ёсны зорилгын үүднээс бусдын эрхэд халдах зайлшгүй тохиолдолд шаардлагатайгаас илүү хэмжээгээр халдахгүй байх;
4.2.5-д заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” буюу тодруулбал, хүрэх зорилго нь хууль ёсны бөгөөд өөр арга замаар хүрэх боломжгүй байх зарчмуудыг хэрэгжүүлээгүй нь дараах байдлуудаар тогтоогдож байна.
Хариуцагчаас татгалзлын үндэслэлээ болгон тайлбарлаж буй “нэхэмжлэгчийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй” гэх үйл баримтууд нь цаг хугацааны хувьд 2015-2017 онуудад хамаарч байгаа ба улмаар хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчээс хуулиар хүлээсэн төлөвлөгөө, тайланг гаргаж өгөх үүргээ биелүүлээгүйн үр дагавар нь тухайн үед буюу 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байсан Ашигт малтмалын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.1-д “энэ хуулийн 48 дугаар зүйлд заасан мэдээ, төлөвлөгөө, ашиглалтын үйл ажиллагааны тайланг хугацаанд нь гаргаж өгөөгүй, ...хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гучаас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох”,
улмаар 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь:
2.1-д “ашигт малтмал эрэх, хайх, .../-даа/ хүлээх нийтлэг үүргийг биелүүлээгүй”, 2.2-т “хайгуулын, ... талаар хуульд заасан мэдээ, тайлан, төлөвлөгөөг хугацаанд нь гаргаж өгөөгүй, ...”,
2.3-т “...бол... хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж тус тус зааснаар эрх бүхий этгээдээс тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигчид торгох шийтгэл хүлээлгэх зохицуулалттай байна.
Хуулийн дээрх зохицуулалтуудыг маргааны үйл баримттай холбон авч үзвэл хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийг байгаль орчныг хамгаалах талаар хүлээх үүргээ биелүүлэхийг шаардаж буй захиргааны байгууллагын үйл ажиллагаа нь хууль ёсны шаардлага мөн боловч уг зорилгыг биелүүлэхийн тулд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ буюу нэхэмжлэгчийн “Байгаль орчны менежментийн 2018 оны төлөвлөгөө”-г батлахаас татгалзаж буй хариуцагчийн үйлдэл /батлахгүй байгаа эс үйлдэхүй/ нь хуульд заагаагүйн дээр шаардлагатайгаас илүү хэмжээгээр бусдын эрхэд халдсан үйл ажиллагаа болжээ.
Мөн түүнчлэн хариуцагч нь дээрх үйлдэл /татгалзал/-ээс өөр аргаар буюу тодруулбал тусгай зөвшөөрөл эзэмшигчид торгох шийтгэл ногдуулах замаар тухайн этгээдийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах боломжийг дээрх хуулиудад тодорхой зохицуулсан байтал дур мэдэн хуульд заагаагүй арга замаар буюу хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзаж байгаа нь дээр дурдсан “хуульд үндэслэх” болоод “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчмуудад нийцэхгүй байна.
Нөгөөтэйгүүр хариуцагчийн, “тухайн хайгуулын талбай нь Сайншанд сумын суурьшлын эдэлбэр газар болон бусдын эзэмшиж, өмчилж буй газартай давхцалтай” гэх нөхцөл байдал ч мөн нэхэмжлэгчийн “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-г батлахаас татгалзах үндэслэл болохгүй гэж үзлээ.
Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар нэхэмжлэгч “МО” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий 601.29 гектар талбай нь Сайншанд сумын суурьшлын эдэлбэр газартай 31.65 га, иргэн Ц.Ганбатын өвөлжөө, хаваржааны зориулалтаар эзэмшиж буй газартай 0.2 га, иргэн Б.Нандинчулуун, Д.Цэцэгдарь, С.Уранчимэг нарын өмчлөлийн газартай 0,3148 га, нийт 32.164 га-гаар буюу тухайн талбайн 5.34 хувь нь бусдын эзэмшиж, өмчилж буй болон суурьшлын эдэлбэр газартай давхцалтай улмаар эдгээр газрыг тухайн тусгай зөвшөөрлийг олгохоос өмнө суурьшлын эдэлбэр газарт хамааруулж, иргэдэд өмчлүүлж, эзэмшүүлсэн нь тогтоогдож байх боловч энэ нь тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигчийг буруутгах үндэслэл болохгүй. Учир нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тухайн хайгуулын тусгай зөвшөөрлийг анх олгохтой холбогдуулан нутгийн захиргааны байгууллагаас “дэмжсэн” санал өгч байсан нь тогтоогдож байгаагаас үзвэл тухайн хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн тодорхой хэсэг ийнхүү давхцалтай байгаа нь захиргааны байгууллагын өөрийн үйл ажиллагаанаас шууд хамааралтай гэж үзэхээр байна.
Түүнчлэн тухайн хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай ийнхүү тодорхой хэсгээрээ давхцалтай байгаа нөхцөл байдал нь ашигт малтмал эрэх, хайх үйл ажиллагааг хориглох, хязгаарлах болоод Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлд зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэлд нэгэнт хамааралгүй байх тул хариуцагчийн энэхүү үндэслэлээрх татгалзлыг мөн хууль бус байна гэж үзлээ.
Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч хуулийн этгээд нь шүүх хуралдаанд “хайгуулын тайлбайн тухайн давхцалтай хэсэгт хайгуулын ажил явуулах шаардлагагүй тул энэхүү давхцал нь хайгуулын үйл ажиллагаанд нөлөөлөхгүй бөгөөд улмаар хайгуулын талбайн давхцалтай хэсгийг буцаан өгөхөд татгалзах зүйлгүй” хэмээх тайлбарыг гаргаснаас нь үзвэл тусгай зөвшөөрөл бүхий тухайн 601.29 га талбайн давхцалтай хэсгийг буцаан өгөх боломж нь Ашигт малтмалын тухай хуулийн 55 дугаар зүйлд зааснаар нээлттэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд хариуцагч ЗД-ын нэхэмжлэгч “МО” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн “2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-г батлахаас татгалзаж буй үйлдэл буюу уг төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэхүй нь ийнхүү хууль бус байх бөгөөд үүний улмаас нэхэмжлэгч хуулийн этгээдийн, хайгуулын тусгай зөвшөөрлийнхөө хугацааг сунгуулж цаашид ашигт малтмал эрж, хайх эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3, 38 дугаар зүйлийн 38.2, Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1, 4.2.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, М ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөө-г батлахыг Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргад даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М ХХК-д олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1, 114.2-т зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болон давж заалдах гомдлыг шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан гаргахыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.СИЙЛЭГМАА