Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2018/0430

 

 

Г.Ц-ын нэхэмжлэлтэй,

Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын

албаны даргад холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:   Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:       Л.Атарцэцэг

П.Соёл-Эрдэнэ

Ч.Тунгалаг

Илтгэгч шүүгч: Х.Батсүрэн

Нарийн бичгийн дарга: Д.Мөнхцэцэг    

Нэхэмжлэлийн шаардлага: “Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны даргын 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн “Тушаал хүчингүй болгож, ажлаас чөлөөлөх тухай” Б/31 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, тус албаны Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулж нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэх”

Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 115/ШШ2018/0013 дугаар шийдвэр,  

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2018/0462 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Г.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Бат-Амгалан,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батболд, Г.Мөнхболд нарыг оролцуулж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.   

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 115/ШШ2018/0013 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 21 дүгээр зүйлийн 21.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.1.4, 106 дугаар зүйлийн 106.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Ц-ын “Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны даргын 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн “Тушаал хүчингүй болгож, ажлаас чөлөөлөх тухай” Б/31 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, тус албаны Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулж нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийлгүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2018/0462 дугаар магадлалаар: Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 115/ШШ2018/0013 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол     

3. Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд багт оршин суух иргэн Ш овогтой Г-ын Ц-ын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн шүүн шийдвэрлэсэн Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2018/0462 дугаар магадлалыг /зарим хэсгийг/ эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Үүнд:

4. Дорноговь аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 115/ШШ2018/0013 дугаар шийдвэрээр иргэн Ш овогтой Г-ын Ц-ын нэхэмжлэлтэй Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны дарга холбогдох захиргааны хэргийн шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

5. Нэхэмжлэгч Г.Ц нь “Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны даргын 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн “Тушаал хүчингүй болгож ажлаас чөлөөлөх тухай” Б/31 дугаар тушаалыг хүчингүй болгуулж тус албаны хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагчийн албан тушаал эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулж нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай” нэхэмжлэлийг нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан байна. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар нэхэмжлэгч Г.Ц тус албаны Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Б.Х-Э-ийн эзгүй байсан оронд тоонд томилогдсон болох нь Дорноговь аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар үндэслэлтэй болохыг тогтоосон байна.

6. Магадлалын “Хянавал” хэсэгт нэхэмжлэгч ...Г.Ц-ыг ажлаас чөлөөлсөн Б/31 дугаар тушаалд анх ажилд томилсон 2016 оны Б/33 дугаар тушаалыг хүчингүй болгожээ. Ингэснээр анхнаасаа Г.Ц тухайн албан тушаалд томилогдоогүй, ажлаагүй мэт үр дагаврыг үүсгэж байна. Энэхүү байдалд анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй байна... гэж заажээ. Иргэн Г.Ц-ыг анх ажилд томилсон тушаал нь өөрөө илт хууль зөрчсөн, албан тушаалаа урвуулан ашиглан гаргасан тушаал юм. /Хүүхэд асрах чөлөөтэй, үндсэн орон тооны албан хаагчийн эзгүй орон тоонд түр биш жинхлэн томилсон/.

7. 2016 онд албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.М албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж ...Төрийн албанд анх орсон иргэнийг түр, туршилтын хугацаагаар томилно... гэсэн “Төрийн албаны тухай хууль”-ийг илт зөрчин, хүүхэд асрах чөлөөтэй байсан хүний эзгүй орон тоонд иргэн Г.Ц-ыг жинхлэн томилсон. Тухайн үед албаны Хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан Б.С албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.М-д Г.Ц-ыг түр томилох шаардлагатайг сануулсан боловч саналыг авч хэлэлцэлгүй жинхлэн томилсон нь ашиг сонирхлын зөрчил үүссэн байж болзошгүй нөхцөл байдал харагдаж байна.

8. Иргэн Г.Ц тус албанд улсын байцаагчаар ажиллах хугацаандаа /2016.05-2018.03 сар/ нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тогтмол төлж, баталгаажуулж байсан нь тухай иргэний төрд ажилласан жилд тооцогдох юм. Мөн нийгмийн даатгалын дэвтэрт ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн тухай бичилт тэмдэглэл хийгдэж баталгаажсан болно.

9. Магадлалд: ...Ажлаас чөлөөлсөн тушаалд Төрийн албаны тухай хуульд заасан чөлөөлөх үндэслэлийн талаар дүгнэлт хийх нь зүйтэй... гэжээ.

10. Г.Ц тус албанд ажиллах хугацаандаа Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөж төрийн жинхэнэ албан хаагч болсон. Гэвч анх ажилд томилсон тушаал нь хууль бус, хүүхэд асрах чөлөөтэй байсан албан хаагчийн эрх ашгийг илт зөрчсөн тушаал тул ажлаас чөлөөлөх тушаалд Төрийн албаны тухай хуульд заасан чөлөөлөх үндэслэлийг баримтлах боломжгүй юм. Иргэн Г.Ц-ын эрх ашгийг хамгаалан хүүхэд асрах чөлөөтэй байсан улсын байцаагч Б.Х-Э-ийг хохироох хууль, эрх зүйн үндэслэл байхгүй билээ.

11. Магадлалд: ...Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагаа явуулсан эсэхийг нягтлан шалгах шаардлагатай... гэжээ.

12. Тус албаны Төрийн захиргаа, эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга Т.Б өөрийн өрөөндөө Г.Ц-ыг дуудан уулзаж хүүхэд асрах чөлөөтэй байсан үндсэн орон тооны албан хаагч ажилдаа орох хүсэлтээ гаргасан тул ажлаас чөлөөлөх болсон тухай учир шалтгааныг тайлбарлаж “Мэдэгдэх хуудас” өгсөн боловч иргэн Г.Ц хүлээн авахаас татгалзсан.

13. Үүний дараа албаны дарга Г.Б өрөөндөө Г.Ц-тай уулзаж ярилцан орон тоо гарсан тохиолдолд хамгийн түрүүнд буцаан авах тухай хэлж ажлаас чөлөөлөх тушаалд ...Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны нөөцөд байгаад тооцсугай... хэмээн баталсан.

14. Албаны дарга, Төрийн захиргаа, эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга нар тус тус иргэн Г.Ц-ыг хүлээн авч уулзан сонсох ажиллагааг явуулсан гэж үзэж байна.

15. Мөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн “Г.Ц-ын тухай” 11 дүгээр албан бичигт ...хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагчийн сул орон тоон гарсан тохиолдолд тэргүүн ээлжинд томилон ажиллуулах... гэжээ. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлөөс тухайн иргэнийг чөлөөлсөн тушаалыг буруушаагаагүй дахин сул орон тоо гарсан тохиолдолд ажлын байраар хангах чиглэл өгсөн байхад түүнийг чөлөөлсөн шийдвэртэй холбож тайлбарласан нь буруу байна.

16. Сул орон тоо гэж.... Улсын дээд шүүхийн тайлбарт дурдсан бөгөөд сул орон тоо гараагүй байхад давж заалдах шатны шүүх сул орон тоо гарсан мэтээр тайлбарлаж буцаасан нь буруу байна. Иргэн Г.Ц ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагчийн сул орон тоо гараагүй болно.

17. Иймд иргэн Г.Ц-ын нэхэмжлэлтэй захиргааны хэргийг шүүн шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2018/0462 дугаар магадлалыг хэрэгсэхгүй болгож, Дорноговь аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 115/ШШ2018/0013 дугаар шийдвэрийг хүчин төгөлдөр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

18. Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны даргын 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн “Тушаал хүчингүй болгож ажлаас чөлөөлөх тухай” Б/31 дүгээр тушаалын 1 дэх заалтаар нэхэмжлэгч Г.Ц-ыг “хүүхэд асрах чөлөөтэй байсан улсын байцаагчийн оронд түр тушаалаар томилогдон ажиллах ёстой байтал тухайн үеийн албаны дарга албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж 2016 оны Б/33 дугаар тушаалаар жинхлэн томилсон, хүүхэд асрах чөлөөгөө дуусгавар болгон ажилдаа эргэн орох хүсэлтээ гаргасан Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Б.Х-Э-ийг ажилд нь эргүүлэн томилон, түүний оронд хууль зөрчсөн тушаалаар томилогдон ажиллаж байсан гэсэн  үндэслэлээр Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагчийн үүрэгт ажлаас чөлөөлжээ.

19. Нэхэмжлэгчээс “...“Тушаал хүчингүй болгож ажлаас чөлөөлөх тухай” тушаал нь ...Төрийн албаны тухай хууль зөрчсөн, төрийн жинхэнэ албан хаагчийн эрх ашгийг хохироосон, хууль бус шийдвэр...Б.Х-Э нь хүүхэд асрах чөлөө авснаас хойш хүнсний чиглэлийн мэргэжилтэй 3 хүн ажилд томилогдсон...Төрийн албаны тухай хуулийн 27.1.3 дахь заалтын дагуу үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшний үнэлгээ, мэдлэг ур чадвар гэдгийг харгалзан үзсэнгүй” гэж, хариуцагчаас “...2016 онд иргэн Г.Ц тус албанд ажиллах хүсэлт гаргахад тухайн үеийн албаны дарга С.М хүүхэд асрах чөлөөтэй байсан Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Б.Х-Э-ийн оронд түр тушаалаар томилох байсан боловч албан үүргээ хэтрүүлэн ашиглаж 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Б/33 дугаар тушаалаар жинхлэн томилсон байна” гэж тус тус маргасан байна.  

20. Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны даргын 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 23 дугаар тушаалаар Хүнсний чанар, аюулгүй байдлын хяналтын улсын байцаагч Д.З-д 2014 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс, тус албаны даргын 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/102 дугаар тушаалаар Стандарт, чанарын хяналтын улсын байцаагч Б.Х-Э-д 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс тус тус 2 жилийн хугацаатай хүүхэд асрах чөлөө олгосон байна.

21.Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна” гэж заасан бөгөөд маргаан бүхий захиргааны актаар зохицуулсан эрх зүйн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т “жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа” бол ажил, албан тушаалыг хэвээр хадгалахаар тусгайлан зааснаас гадна  Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 62 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам”-аар “жирэмсний болон амаржсаны амралттай” байгаа тохиолдлыг “эзгүй байгаа албан хаагч” гэж тооцох, түүний албан үүргийг түр орлон гүйцэтгэх  асуудлыг зохицуулжээ.

22.Тухайн тохиолдолд хуулийн дагуу ажил, албан тушаалыг хэвээр хадгалагдах зохицуулалттай, эзгүй байгаа албан хаагч Б.Х-Э-н үүргийг гүйцэтгэж байсан Г.Ц-ыг чөлөөлсөн хариуцагчийн үйлдлийг буруутгах боломжгүй юм.

23. Давж заалдах шатны шүүхээс “...үйл баримтуудыг цаг хугацааны дарааллын хувьд авч үзвэл Б.Нарангаравыг Д.Золжаргалын сул орон тоонд, нэхэмжлэгч Г.Ц-ыг Б.Х-Э-ийн эзгүй орон тоонд тус тус томилсон байна...” гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй гэж дүгнэсэн атлаа “маргаан бүхий Б/31 дүгээр тушаалын 4 дэх заалтаар нэхэмжлэгчийн анх ажилд томилсон тушаалыг хүчингүй болгожээ. ... Энэхүү байдалд анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй... Төрийн албаны тухай хуульд заасан чөлөөлөх үндэслэлийн талаар дүгнэлт хийх нь зүйтэй” гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох шаардлагагүй байжээ.

24. Маргаж бүхий Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны даргын 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн “Тушаал хүчингүй болгож, ажлаас чөлөөлөх тухай” Б/31 дүгээр тушаал нийт 5 заалттай бөгөөд уг тушаалын 2 дахь заалтаар Г.Ц-ыг Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны нөөцөд байгаад тооцсон,  төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд байгаад тооцсоноор тухайн албанд сул орон тоо гарсан тохиолдолд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд захиалгаа хүргүүлэн нөөцөөс нэр дэвшүүлэн томилох боломжтой, нөгөөтэйгүүр тус тушаалын 4 дэх заалтаар өөр асуудлыг шийдвэрлэсэн байхад  түүнийг нэхэмжлэгчийн анх ажилд томилсон тушаалыг хүчингүй болгосон нь ойлгомжгүй байна.

25. Харин уг тушаалын 5 дахь заалтаар  2016 оны Б/33 дугаар тушаалыг хүчингүй болгох хуулийн үндэслэл байхгүй байхад түүнийг бүхэлд нь хүчингүй болсонд тооцсон нь хууль бус, нөгөөтэйгүүр хариуцагчаас хүчингүй болсонд тооцсон 2016 оны Б/33 дугаар тушаалаар нэхэмжлэгч Г.Ц-аас гадна Л-ын Н-г тус албаны ЭАХХХ-ын улсын байцаагчийн орон тоонд 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс томилогдсон байсныг дурдах нь зүйтэй.

26. Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.        

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2018/0462 дугаар магадлалыг хүчингүй болгож, Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 115/ШШ2018/0013 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “...нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэснийг хасч “...шаардлага бүхий...” гэсний дараа “нэхэмжлэлийн шаардлагад холбогдох Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны даргын 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн “Тушаал хүчингүй болгож ажлаас чөлөөлөх тухай” Б/31 дүгээр тушаалын 5 дахь заалтыг хүчингүй болгосугай”... гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангасугай.  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

              ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

 

                        ШҮҮГЧ                                                                       Х.БАТСҮРЭН