Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2020 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 2020/ШЦТ/453

 

  2020           5           13                                     2020/ШЦТ/453                                            

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 185/2020/0317/Э

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,

нарийн бичгийн дарга Б.Аззаяа,

улсын яллагч Ч.Мөнх-Эрдэнэ,

шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч О.Сайнгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Г-д холбогдох эрүүгийн 1702000320059 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1974 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасагт ахлан мөрдөн байцаагч албан тушаалтай, цагдаагийн хошууч цолтой байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, гурван хүүхдийн хамт Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Нарны хороолол       17 дугаар байрны 1602 тоотод оршин суудаг, урьд Чингэлтэй дүүргийн шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 537 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 4 дэх хэсгүүдэд зааснаар мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Г.Г, /РД: /  

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Г.Г нь Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөн байцаагчаар ажиллаж, эрүүгийн 201625021234 дугаартай хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байхдаа хахууль өгөгч Г.Баттөр, П.Болортуяа нарын "хэргийг хурдан шуурхай шалгуулж, хохирлын мөнгийг түргэн төлүүлэх" ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд иргэн О.Эрдэнэбаяраар дамжуулан Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тус дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн байран дотор 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Г.Баттөрөөс 500.000 төгрөгийг, 2016 оны 8 дугаар сард Г.Баттөр, П.Болортуяа нараас 2.000.000 төгрөгийн хахууль өгөхийг шаардсан, авсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст ахлах мөрдөн байцаагчаар ажиллаж байхдаа энэ хэргийг шалгаснаас болж өөрт маань энэ хэрэг үүссэн. Уг нь манай нэг байцаагч дээр шалгагдаж байгаад тэр байцаагч шилжсэнээр энэ хэрэг ирсэн. Хэрэгт хийгдвэл зохих ажиллагаа хийгдсэн. Энэ хэрэг нь итгэл эвдэх байдлаар, гэрээг халхавчлах зорилгоор БНСУ-ын иргэнийг залилсан гэсэн хэрэг байсан учраас би яллах дүгнэлтийг боож өгч байсан. Түргэн шуурхай шийдэж байсан. Болортуяа бол хохирогчийн хэлмэрч хийдэг байдаг. Баттөр нь бол манайд ажиллаж байсан. Би  ганц хоёр удаа царайг нь харж байсан. Ерөөсөө уулзаж үзээгүй хүн. Эрдэнэбаяр анх тэр хүмүүстэй хамт байдаг байсан. Би өрөөндөө сууж байхад Эрдэнэбаяр орж ирээд тантай утсаар ярья гэж байна гээд нэг хүний утас руу залгасан орж ирсэн. Би “ямар хүн яах гэж байгаа юм бол” гэсэн чинь Дашка ах ярья гэсэн гэж хэлсэн. Би утсаар ярихад манайд хяналт шалгалтын хэлтсийн дарга хийж байсан Дашдаваа дарга “наад чинь манай хуурай дүү юм байгаа. Ийм асуудалтай явж байгаа. Наад хүндээ боломжоороо туслаарай” гэж анх Эрдэнэбаярыг надтай танилцуулсан. Эрдэнэбаяртай нэг уулзсан. Дараа нь манай өрөөнд нэг удаа орж ирсэн. Би Эрдэнэбаярыг сайн мэдэхгүй. Эрдэнэбаяр надтай утсаар “манайх нэг япон ресторантай, ирж хоол идээрэй” гэж ярьдаг байсан. Би “тийм юм байхгүй” гэж хэлдэг байсан. Би “бусдад давуу байдал олгоод хохирол төлбөр барагдуулж өгнө” гэж Эрдэнэбаяр болон бусад хүмүүсээс мөнгө авч байсан удаа байхгүй. Хэрэгт хийгдэх ажиллагааг бүрэн хийгээд, хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай прокурорт  шилжүүлж байсан. Энэ хэрэг над дээр нэмэлт ажиллагаатай ирсэн. Мөн энэ хэрэг дээр Мөрдөн байцаах газраас мөрдөн байцаах газрын дарга татаж авч нэмэлт даалгавар ирж байсан. Эрдэнэбаяр бол надтай Дашдаваа даргаар дамжуулж танилцаж байсан.  Дараа нь манай бүх дарга цэрэг нарыг тэр ах, энэ ах гээд яриад байдаг байсан. Би тэр хүний үгээр үг хийгээгүй. Дашдаваа даргыг өмнө нь таньдаг байсан учраас би зүгээр танилцсан асуудал байдаг. Тэр хүнээс авлига авсан асуудал байхгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэргээс:

Эрүүгийн хэрэгт үзлэг хийсэн "Нийт 559 хуудас материалтай танилцахад тус хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасагт шалгагдаж байсан. Ахлах мөрдөн байцаагч Г.Г 2 удаа ...яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн. Хяналтын прокурор С.Мөнхгэрэл 3 удаа нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1 зааснаар хэрэгсэхгүй болгосон байна. ...2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр мөрдөн байцаагч  Г.Г “Хэргийг прокурорт шилжүүлэх" санал гаргаж байсан байна гэх тэмдэглэл /1хх-ийн 10 тал/,

Гар утсанд үзлэг хийсэн "... О.Эрдэнэбаяраас "Самсунг" маркийн гар утсыг гаргуулан авч үзлэг хийхэд... 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 11:11 цагт 91130026 дугаарын гар утас руу "Хөгшинлүүгээ тоо явуулаач хэд хэрэгтэй байна, мөн дээрх минутад хөгшинрүүгээ гэсэн мессеж, ...Г.Г-ийн гэх утасны дугаараас хариуд нь 12 цаг 22 минутад "chi ooroo medchihee hogshoon" /чи өөрөө мэдчихээ хөгшөөн/ гэх мессэж илгээсэн байв..." гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 132-134 тал/,

"Скайтел" ХХК-ийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 04/7246 дугаартай “Танай албан хүсэлтийн дагуу шалгаж, 911300026 /2013 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс хойш Гончиг Г.Г КЮ74122711 УБ хот, Сүхбаатар, 3-р хороо, 5 дугаар хороолол, 17 байр, 38 тоот... дугаарын эзэмшигчийн мэдээлэл ...хүргүүлж байна /1хх-ийн 149 тал/ гэх албан бичиг,

Удирдлагын Академийн Сургалтын албаны 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 09/25 дугаартай "Танай ...хүсэлтийн дагуу шалгаж үзэхэд КЮ74122711 регистрийн дугаартай Гончигийн Г.Г нь 2016-2017 оны хичээлийн жилийн 1-р улирлаас буюу 2016 оны 9 дүгээр сарын 01-нээс тус академийн Төрийн алба, удирдлагын сургуульд суралцаж байгаа болно. ... Г.Г тус академид суралцахаар элсэн орохдоо буюу 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр сургалтын төлбөр болох 2.499.000 /хоёр сая дөрвөн зуун ерэн есөн мянга/ төгрөгийг Худалдаа хөгжлийн банк дахь тус академийн дансанд бэлнээр тушаасан болох нь төлбөрийн баримтаас харагдаж байгаа болно... гэх албан тоот /1хх-ийн 208 тал/,

Гэрч О.Эрдэнэбаярын 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдөр гэрчээр өгсөн: “...Ахлах мөрдөн байцаагч Г.Гд би өөрийн гараар нийт 2.500.000 төгрөг өгсөн. Хамгийн эхлээд 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдөр буюу хүүхдийн баяр болох гэж байхад Г.Г байцаагч баяр ёслол болох гээд байна тав арван цаасны боломж байна уу гэж надаас асуухаар нь за би эргээд ярья гэж хэлсэн. Ингээд Г.Баттөр ахтай уулзаад Г.Г байцаагч мөнгө нэхээд байна ш дээ гэсэн чинь хэдийг гэхээр нь мэдэхгүй ээ, мөнгөний тоо зааж хэлээгүй гэсэн чинь Г.Баттөр ах 500.000 төгрөг надад өгөөд наад мөнгөө аваачаад өгчих гэхээр нь би Г.Г байцаагчийн ажил дээр очиж өрөөнд нь ороод май хөгшөөн гээд ширээн дээр нь 500.000 төгрөг тавиад гарсан... Үүнээс хойш дахиад арав орчим хоногийн дараа Г.Г над руу утсаар яриад амралт эхлэх гээд байна, эхнэрийн биед эмчилгээ хийлгэх шаардлагатай байна, 2.000.000/ хоёр сая төгрөг/ өгөх боломж байна уу гэхээр нь асуугаад хариу хэлье гэсэн. Тэгээд би хариу хэлэхгүй байсан чинь над руу хоёр гурван удаа утсаар ярьж "юу болж байна, яасан бэ" гээд асуугаад байсан. Би ингээд Баттөр, Болортуяа хоёрт нөгөө байцаагч чинь 2.000.000 төгрөг нэхээд байна ш дээ гэсэн чинь Баттөр ах уурлаад надад лав мөнгө байхгүй шүү гэж хэлсэн. Тэгсэн П.Болортуяа танд өгөх ёстой 360.000.000 төгрөгөөс би 2.000.000 төгрөг өгчихье та авах мөнгөнөөсөө хасна биздээ гэсэн чинь Баттөр ах тэгнэ, тэгнэ гээд Болортуяа бид хоёр Засгийн газрын ордны хойд талын цэцгийн худалдааны төвтэй ХААН банкнаас П.Болортуяа мөнгө аваад Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс дээр очиж Г.Г байцаагчийн өрөө рүү бид хоёр хамт орж дугтуйтай 2.000.000 төгрөгийг би цаасанд хавчуулаад ширээн дээр нь тавьсан. Г.Г байцаагч "за, за баярлалаа" гэсэн, П.Болортуяа бид хоёр өрөөнөөс нь гараад явсан. Г.Г байцаагчийн мөнгө нэхээд над руу бичиж байсан мессеж нь миний гар утсан дээр байна лээ..." гэх мэдүүлэг /2хх-ийн 76 тал/,

Мөн түүний 2017 оны 8 дугаар сарын 26-ны өдөр гэрчээр өгсөн "...2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Г.Г байцаагчтай уулзахад хүүхдийн баяр болох гээд байна. Хэдэн төгрөг зохицуулаад өгөх арга, чарга байна уу гэхээр нь Им Жун Ү-ээс асууя гэж хэлсэн. Им Жун Ү байхгүй байсан тул Баттөр ахад хэлэхэд одоо яадаг юм байгаа билээ гээд гэртээ хүрээд ир гэхээр нь яваад очтол надад 500.000 төгрөг өгөөд наад мөнгөө өгчих гэхээр нь би 500.000 төгрөг аваад Г.Ггийн ажил дээр очиж өрөөнд нь оруулж өгсөн. ...1 cap орчмын дараа байх Г.Г байцаагч амралт эхлэх гээд байна гээд, эхнэрийн эмчилгээнд мөнгө хэрэгтэй байна 2.000.000 төгрөг зохицуулаад өгөх боломж байна уу гэж надад хэлсэн. Би энэ талаар Болортуяа, Баттөр, Им Жун Ү нарт хэлэхэд Баттөр ах би бол өгч чадахгүй, надад мөнгө байхгүй гэж хэлсэн. Болортуяа би өгчихье, дараа тооцооноосоо хасуулья гэж Баттөр ахад хэлсэн. Тэгсэн Баттөр ах за тэгье, тэгье гээд хоорондоо тохиролцоод Болортуяа бид хоёр Засгийн газрын ордны хойд талын "Хаан" банкны салбараас 2.000.000 төгрөг аваад Г.Г байцаагчийн өрөөнд Болортуяа бид хоёр ороод Г.Гд өгөх ёстой бичиг баримтын завсар уг мөнгөө хийгээд би ширээн дээр нь тавиад нөгөө мөнгө чинь энд байгаа шүү гэж хэлээд гарсан. Г.Г байцаагч мөнгө нэхээд, тэгээд Болортуяа өгье гээд мөнгө өгсөн..." гэх мэдүүлэг /2хх-ийн 78-79 тал/,

Гэрч З.Дашдаваагийн өгсөн: "...Би Г.Баттөр гэж хүнийг сайн танина. ...Г.Баттөр ах Сүхбаатар дүүргээр нэг ажил хөөцөлдөөд байна. Намайг таньж мэдэх хүн байна уу асуугаад өгөөч гэхээр нь Мөрдөн байцаах тасгийн дарга Батдэлгэртэй нь утсаар ярьж надтай хамт ажиллаж байсан ах хүү очно шүү, тусалж дэмжээд ажил төрлийг нь нааштай талаас нь шийдээд өгөөч гэж хэлсэн санагдаж байна. ...Эрдэнэбаяртай ойр дотно биш, Г.Баттөр ахыг хааяа дагаад явж байгаа харагддаг...” гэх мэдүүлэг /2хх-ийн 91-92 тал/,

Гэрч Б.Батдэлгэрийн "...Им Жун Ү гэх БНСУ-ын иргэн нь Бүти ХХК-ийн захирал
Батжаргал гэж хүнд компани, газраа залилан мэхлүүлсэн гэх хэргийг ахлах мөрдөн байцаагч Г.Г нь шалгаж байсан. Тус хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай прокурорт шилжүүлж байсан. Г.Г ээлжийн амралтаа авсан санагдаж байна. Яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн хэрэг нь прокуророос нэмэлт мөрдөн байцаалтанд буцсан тул ахлах мөрдөн байцаагч Батсайхан уг хэргийг хүлээн авч шалгасан. ...Г.Баттөр гэж хүнийг би цагдаагийн байгууллагад ажиллаж байсан талаар мэдэхгүй... Им Жун Ү нь хохирсон гэх хэргийн талаар манай албан өрөөнд ирж миний санаж байгаагаар надтай 2 удаа уулзаж байсан санагдаж байна... Амаар бол Им Жун Ү гэх БНСУ-ын иргэн хохирсон хэрэг шалгагдаж байгаа юм байна. Үнэн зөвөөр нь шуурхай шалгаж өгөөрэй гэж хэлж байсан..." гэх мэдүүлэг /2хх-ийн 105-106 тал/,

П.Болортуяагийн "Хаан" банкны 5011307820 дугаарын данснаас Г.Баттөрийн
5027722486 дугаарын данс руу мөнгө шилжүүлсэн дансны дэлгэрэнгүй хуулга /2хх-ийн 45- 46 тал/,

2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Б/24 дугаартай Цагдаагийн Ерөнхий
газрын даргын “Цагдаагийн хошууч Гончигийн Г.Гг Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн ахлах мөрдөн байцаагчийн ажлаас энэ оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлж, 01 дүгээр сарын 18-ны өдрөөс Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст ахлах мөрдөн байцаагчаар томилсугай" гэсэн тушаал /2хх-ийн 171 тал/,

Яллагдагч П.Болортуяагийн "...Эрдэнэбаяр 2.000.000 төгрөгийг Г.Гд өгөх юм гэсэн, тэгэхлээр нь юун учиртай мөнгө юм бэ, надад илүүдээ гарсан мөнгө байхгүй, Г.Гд мөнгө өгөх ямар шаардлага байгаа юм гэхэд Баттөр ахын тооцооноос сүүлд нь хасах юм гэж хэлэхээр нь Баттөр ахаас тийм үү гэж асуухад тийм гэж хэлсэн. Тэгээд тэр 2.000.000 төгрөгийг аваад Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс рүү Эрдэнэбаяр бид хоёр хамт яваад Г.Ггийн өрөөний наана нь би үлдээд Эрдэнэбаяр цааш явж ороод өгсөн..." гэх мэдүүлэг /2хх-ийн 235 тал/,

Яллагдагч Г.Баттөрийн "... О.Эрдэнэбаяр гэдэг залуу ...Г.Г байцаагчид 500.000 төгрөг хэрэгтэй байна, надад өгөх мөнгө байхгүй байна... гэхэд нь өгсөн..." гэх мэдүүлэг /2хх-ийн 250 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд:

Шүүгдэгч Гончигийн Г.Г нь Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасагт ахлах мөрдөн байцаагчаар ажиллаж байх үедээ шалгаж байсан эрүүгийн 201625021234 дугаартай хэрэгт хахууль өгөгч Г.Баттөр, П.Болортуяа нарын "хэргийг хурдан шуурхай шалгуулж, хохирлын мөнгийг түргэн төлүүлэх" ашиг сонирхлын үүднээс мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж, албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд иргэн О.Эрдэнэбаяраар дамжуулан Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн байран дотор 2016.05.31-ний өдөр Г.Баттөрөөс 500.000 төгрөгийг, 2016 оны 08 дугаар сард Г.Баттөр, П.Болортуяа нараас 2.000.000 төгрөгийн хахууль өгөхийг шаардсан, авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Улсын яллагчийн яллах дүгнэлтэд дурдсанаар шүүгдэгч Г.Гд ял сонсгох үндэслэл болсон нотлох баримтууд буюу гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, Удирдлагын академийн сургалтын албаны 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 09/25 дугаартай албан бичиг, гэрч О.Эрдэнэбаяр, З.Дашдаваа, Б.Батдэлгэр, яллагдагч П.Болортуяа, Г.Баттөр нарын мэдүүлгүүдээр шүүгдэгч Г.Гг гэм буруутай эсэхэд эргэлзээ төрж байна.

Учир нь гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэлд О.Эрдэнэбаяр “хөгшинлүүгээ тоо явуулаач, хэд хэрэгтэй байна” гэсний хариуд Г.Г  “чи өөрөө мэдчихээ хөгшөөн” гэсэн мэссэжийг явуулсан байх бөгөөд энэ нь шүүгдэгч Г.Ггийн гэм бурууг тогтоох шууд нотлох баримт болохгүй бөгөөд, уг нотлох баримтад дурдсан зүйл тодорхой биш байна.

Мөн гэрч, яллагдагч нарын мэдүүлгүүдэд гэрч О.Эрдэнэбаяр нь “Г.Гд эхлээд 500.000 төгрөгийг бэлнээр өгсөн, дараа нь Болортуяа бид хоёр Г.Г байцаагчийн өрөө рүү хамт орж, 2.000.000 төгрөг бэлнээр өгсөн” гэж мэдүүлдэг. Харин П.Болортуяа яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Тэгээд тэр 2.000.000 төгрөгийг аваад Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс рүү Эрдэнэбаяр бид хоёр хамт яваад Г.Ггийн өрөөний наана нь би үлдээд Эрдэнэбаяр цааш явж ороод өгсөн...” гэж зөрүүтэй мэдүүлдэг. Мөн Г.Баттөрийн яллагдагчаар өгсөн мэдүүлэгт “...О.Эрдэнэбаяр гэдэг залуу Г.Г байцаагчид 500.000 төгрөг хэрэгтэй байна гээд, надад өгөх мөнгө байхгүй байна гэсэн...” гэж мэдүүлдэг.

Дээрх Г. Баттөр, П. Болортуяа нарын мэдүүлгүүдээс үзэхэд шүүгдэгч Г.Г нь 2 удаагийн үйлдлээр бусдаас нийт 2.500.000 төгрөгийн хээл хахууль авсан тухай үйл баримтыг зөвхөн гэрч О.Эрдэнэбаяр мэдүүлдэг бөгөөд О.Эрдэнэбаярын энэ мэдүүлэг нь бусад нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдохгүй буюу шүүгдэгч Г.Гд хахуулийн мөнгө өгч байхыг нүдээр үзсэн, харсан өөр гэрч байхгүй, хээл хахууль өгч авч байгааг харуулсан дуу, дүрсний бичлэг энэ хэрэгт байхгүй байна.

 Шууд бус дамжмал байдлаар “Г.Гд мөнгө хэрэгтэй байна гэсэн, мөнгө өгөхөөр О.Эрдэнэбаяр орсон, өгнө гэсэн” гэх зэрэг зарим яллагдагч, гэрчийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг нь дангаараа шүүгдэгчийн гэм бурууг эргэлзээгүй нотлох баримт биш байна.

 

Мөн хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар улсын яллагчийн зүгээс Г.Гг Удирдлагын академийн сургалтын төлбөр болох 2.499.000 төгрөг төлснийг уг хэрэгт хамааруулан, хахуульд авсан мөнгөөр уг сургалтын төлбөрийг төлсөн гэх байдлаар нотолж байгаа нь үндэслэл муутай, эргэлзээтэй байна.

Шүүгдэгч Г.Г нь мөрдөн шалгах ажиллагааны эхний үе шатнаас эхлэн бусдаас хахууль аваагүй гэдгээ мэдүүлдэг бөгөөд Г.Ггийн шалгаж байсан эрүүгийн 201625021234 дугаартай хэргийн хохирогч БНСУ-ын иргэн Им Жун Ү гэгчтэй нэгдмэл сонирхол бүхий хүмүүс болох О.Эрдэнэбаяр, П.Болортуяа,               Г.Баттөр нар нь ямар ашиг сонирхлын үүднээс Г.Гд хахууль өгөх болсон, хахууль авсан гэж үзэж байгаа бол шүүгдэгч Г.Г нь үүний хариуд ямар үйлдэл, эс үйлдэхүй хийсэн зэргийг мөрдөн байцаалтын шатанд сайтар шалгаж тогтоогоогүй байгааг дурдах нь зүйтэй.

Иймд Г.Гд холбогдох эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг хянан хэлэлцсэн боловч шүүгдэгч Г.Гг бусдаас хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд эргэлзээ төрж байхаас гадна шүүгдэгчийн бусдаас хахууль өгөхийг шаардсан, авсан гэх үйл баримт нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн нотлох баримтуудаар хангалттай хэмжээнд нотлогдож тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 8, 36.6, 36.9 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Г-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

2. Г.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс хүчингүй болгосугай.

3. Цагаатгах тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ цагаатгах тогтоолыг шүүгдэгч,  түүний өмгөөлөгч болон улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

4. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч Г.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосон шийдвэрийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Ж.БОЛДБААТАР