Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 591

 

                                                       Г.Г холбогдох эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, прокурор О.Мөнхбаатар, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 453 дугаар цагаатгах тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 994 дүгээр магадлалтай Г.Г холбогдох эрүүгийн 1702000320059 дугаартай хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч О.Сайнгэрэлийн гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Батдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1974 онд төрсөн, 46 настай, эрэгтэй, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасагт ахлах мөрдөн байцаагч ажилтай, урьд Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний 537 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1-д зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан Б овогт Г-ийн Г

Г.Г нь Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөн байцаагчаар ажиллаж байхдаа эрүүгийн 201625021234 дугаартай хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахдаа хахууль өгөгч Г.Б, П.Б нарын “хэргийг  хурдан шуурхай шалгуулж, хохирлын мөнгийг түргэн төлүүлэх” ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд иргэн О.Э дамжуулан Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тус дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн байран дотор 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Г.Бөөс 500,000 төгрөгийг, 2016 оны 08 дугаар сард Г.Б, П.Б нараас 2,000,000 төгрөгийн хахууль өгөхийг шаардаж авсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 453 дугаар шийтгэх тогтоолоор Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Г.Г холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хэргийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хянан хэлэлцэж 994 дүгээр магадлалаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцаажээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч О.Сайнгэрэл гаргасан гомдолдоо: ”Анхан шатны шүүхийн үйл ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэргийг хэлэлцэхдээ хэргийн бүх нотлох баримтуудыг шинжлэн судалж, нотлогдвол зохих байдлуудыг тогтоохын тулд хэрэгт цугларсан нотлох баримтууд тухайлбал гэрч хохирогч нарын мэдүүлэг, эд мөрийн баримт, гар утсанд хийсэн үзлэг зэргийг бүхэлд нь танилцаж хууль ёсны бөгөөд үндэслэлтэй шийдвэр гаргахдаа “нотлогдоогүй гэж дүгнээгүй харин эргэлзээтэй байна” гэж дүгнэснийг буруу тайлбарласан байх юм. Эргэлзээ гарах нотлогдоогүй байх нь хоёр өөр ойлголт, бүхий л нотлох баримтыг шалгасан боловч гэх зохицуулалт нь “нотлогдоогүй бол” гэдгээр хэрэгсэхгүй болгодог. Өмнө нь анхан шатны шүүхээс энэ үндэслэлээр хангалттай тогтоогдоогүй байна гээд буцаахад давж заалдах шат өөрөө шаардлагагүй гээд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч анхан шатны шүүхэд хэргийг хэлэлцүүлэхээр буцаасан. Энэ тал дээр ямар ч дүгнэлт хийгээгүй магадлалд огт дурдаагүй байх юм.

Эргэлзээ гэдэг нь “хэрэгт авагдсан баримтууд нь илтэд зөрүүтэй бол ашигтайгаар шийдвэрлэх, гэмт хэрэг хийгээгүй” зарчмыг хэлдэг. Тэгэхээр энэ хоёр ойлголтыг давж заалдах шатны шүүх ялгаж салгаагүй байгааг хяналтын шатны шүүхээс анхааралдаа авна уу.

 Анхан шатны шүүхийн тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар удиртгал, тодорхойлох, тогтоох хэсгээс бүрдсэн, шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тоочин бичсэн бөгөөд хэргийн нөхцөл байдалд хууль зүйн дүгнэлтийг хангалттай өгсөн хэргийн бүх нөхцөл байдлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд дүгнэж нотлох баримтууд нь эргэлзээ төрөхөөр байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэсэн дүгнэлт хийсэн.

Давж заалдах шатны шүүхээс хэргийг шүүхэд буцаахдаа 39.5 дугаар зүйл 1.1 “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэжээ.

“Бодит байдалтай нийцээгүй” гэдэг нь шүүх хуралдаанаар огт хэлэлцээгүй нотлох баримтаар нотлогдохгүй хэргийг хэрэгсэхгүй болгосон байх, чухам ямар нотлох баримтыг харилцан зөрүүтэй байхад хэрхэн дүгнэлт хийгээгүй зэргээ тодорхой дурдаагүй дандаа хуулийн заалтуудыг хуулбарлан мөн дээр нь прокурорын эсэргүүцлийг хуулбарлан бичиж магадлалыг гаргасан байгаа нь өөрөө үндэслэл бүхий шүүхийн шийдвэр болсонгүй гэж үзэхээр байна.

Давж заалдах шатны шүүхэд хэргийг шилжүүлэхэд 2 дахь дээд шатны шүүхээр хэргийг онолын ба эрх зүйн өндөр төвшинд хянуулах боломж нээгддэг. Гэтэл ерөнхийд нь 39.8 дугаар зүйлийн 1.1-ээс эхлэн 1.10 дахь хэсэг хүртэл нийт 10 заалтууд байгаа, мөн 1.6 дахь заалтаар гэж хуулийн заалтуудыг бичсэн харин энэхүү заалт нь ямар шалтгаанаар холбогдож цагаатгах тогтоолыг хүчингүй болгох үндэслэл  болсныг дэлгэрэнгүй тайлбарлах үүрэгтэй байснаа хэрэгжүүлээгүй.

Нөгөөтэйгүүр давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт “...Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох” эрх хэмжээ байхад заавал анхан шатны шүүхэд хэргийг дахин хэлэлцүүлэх заалтаар буцаасан нь ойлгомжгүй байна. 

Өөрөөр хэлбэл дээд шатны шүүх нь доод шатны шүүхийнхээ бие даасан байдалд халдаж үйл ажиллагаанд халдахгүй байх, шүүгчийн дотоод итгэлд өнгөлзсөн, шүүхийн шийдвэрийг дахин хянуулж чирэгдэл гарган тулгуур хууль буюу Үндсэн хуульд заасан 16 дугаар зүйлийн 14-т заасан эрхээ хамгаалуулах заалтыг зөрчсөн. Анхан шатны шүүхээс хэргийг нотлох баримтууд нь эргэлзээ төрвөл гэх зарчмыг үндэслэж шийдсэн байхад энэхүү эргэлзээг хэрхэн ялган салгасан нь буруу байгаа талаар эрх зүйн дүгнэлтээ магадлалдаа тодорхой тусгах ёстой байсан нь шүүх өөрөө тодорхойгүй дүгнэлт хийж магадлал гаргасан. Энэ нь хэрэгт авагдсан дараах баримтуудаас харагддаг болно. Хавтаст хэрэгт О.Э нь гэрчээр 4 удаа байцаагдсан байдаг бөгөөд мөнгө өгсөн авсан өдөр цаг хугацааг өөр өөрөөр мэдүүлэхээс гадна бусад үйл баримтын талаар зөрүүтэй хэлдэг.

Жишээ нь: Нэгдүгээр хавтасны 76 хуудсанд 2017 оны 08 сарын 08-ны өдрийн мэдүүлэгтээ эхний 500,000 төгрөгийг 2016 оны 06  дугаар сарын 01-ний өдөр Г над руу утсаар яриад ..., Б ахтай уулзаад ярьсан, дараагийн 2,000,000 төгрөгийг арав орчим хоногийн дараа над руу утсаар яриад ..., Би ингээд Б, Б хоёрт нөгөө байцаагч чинь гээд хоёулаа хамт байхад нь хэлсэн,... Б Хаан банкнаас аваад гэх зэрэг хэд хэдэн зөрүүтэй мэдүүлдэг.

2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Ганхүү байцаагчтай уулзахад хэдэн төгрөг зохицуулаад өгөх арга байна уу гэхээр нь Ү-ээс асууя гэсэн, дараа нь сар орчмын дараа байх... 2,000,000 төгрөг зохицуулаад өгөөч гэх, би энэ талаар Б,  Ү, Б нарт хэлэхэд .../гурван хүн хамт байхад хэлсэн гэх/

2016 оны 05 дугаар сарын сүүл үе байсан...Г надтай уулзаад..., Тэгэхээр нь би за хөгшин нь асуугаад хариу хэлье гээд орхисон. Тэгээд Б ахтай уулзаад...Б хэлэх үү..., /энэ өдөр Б Монголд байгаагүй Солонгос улсад байсан/ 2016 оны 08 дугаар сард амралтаа авах гэж байна... 2,000,000 төгрөг гэх мэтээр өөр өөр мэдүүлгүүдийг өгсөн байгааг шүүхээс анхааралдаа авна уу.

Гэрч О.Эын гар утсанд үзлэг хийсэн гэх фото зураг нь нотлох баримтын шаардлага хангаагүй мөн “очлоо хө ойлголоо” гэж бичсэний дараа “чи өөрөө мэдээ хөгшөөн” гэсэн хариу нь бүтэн цагийн дараа бичсэн байх жишээтэй.

Гэрчээр өгсөн О.Эын мэдүүлгүүд нь Б болон Б, Д, Б, Э нарын мэдүүлгээс эрс зөрсөн байдаг.

Хаан банкнаас дээрх хугацаанд Болортуяа данснаас мөнгө авсан нь харагдахгүй энэ хугацаанд Болортуяа Монголд байгаагүй, 2016 оны 08 дугаар сарын дансны гүйлгээ нь түрээсний мөнгө гэж гүйлгээний утгатай өөр Солонгос хүн рүү шилжүүлсэн мөнгө байгаа. Гэрчид хууль сануулдаг, мэдүүлэг нь хүний санаанд хоногшсон буюу хөдөлбөргүй үнэн бусад баримтуудаар нотлогдох ёстой боловч прокурорын шинжлэн судалсан 11 нотлох баримтууд нь давхар хөдөлбөргүй нотолж чадаагүй учраас шүүхээс дүгнэлт хийж хэргийг цагаатгасан.

Харин ч эсрэгээрээ прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар зүйл ”Хууль шүүхийн өмнө тэгш байх“ заалтыг ноцтой зөрчсөн.          

Энэ хэрэгт төрийн хууль цаазын өндөр албан тушаалтнуудыг залилан мэхлэх гэмт хэргийн субьектүүдийн гүтгэсэн мэдүүлгүүдээр шалгаж тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон боловч хамгийн сүүлд мөрдөн байцаагч байсан этгээдийг яллаж шүүхэд шилжүүлсэн нь “Нийгмийн гарал байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн албан тушаал, үйл ажиллагааны чиглэлээр ялгаварлан гадуурхсан гэж үзэхээр байна. Г.Г холбогдох хэрэгтэй танилцахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэрэг гарсан байдал, Эрүүгийн хуульд заасан бусад байдал хангалттай нотлогдоогүй байгаа. Хэрэв үнэхээр гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэж байгаа бол дараах зүйлүүдийг прокурор шийдвэрлэх ёстой байсан.

Эрүүгийн хуулийн гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэр 3.1, 3.3-т гэмт хэргийн зохион байгуулагч, 3.2-т гэмт хэргийн гүйцэтгэгч, хатгагч, хамжигч байсаар байтал тэднийг хэрхэн ялгаж үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй эсэх.

Хэргийн материал танилцуулаагүй шийдвэрлэсэн нь үндэслэлтэй эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлүүдийг хянаж залруулах үүрэгтэй байсан. Эдгээр үүргээ биелүүлээгүй хирнээ эргэлзээтэй ашиг сонирхлын зөрчилтэй гэрч, хохирогч нарын мэдүүлгүүдээр яллах нь өөрөө хууль ёсны зарчмыг зөрчиж шүүхэд хэргийг шилжүүлсэн байсан. Магадлалд прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хэргийг хянан хэлэлцэв гэсэн атлаа дээрх нөхцөл  байдлуудад огт үнэлэлт дүгнэлт хийгээгүй нь өөрөө 39.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагааг хянана гэснийг зөрчсөн.

          Дээрх нотолгооны зүйлүүд болох нотлох баримтууд бүгд эргэлзээтэй байсан учраас анхан шатны шүүхээс гэмт хэргийн шинжгүй хэмээн цагаатгах тогтоол гарсан нь үндэслэлтэй байсан. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.  

Прокурор О.Мөнхбаатар хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль зүйн үндэслэлгүй, хэргийн бодит байдалд нийцээгүй байна. Харин давж заалдах шатны шүүхийн магадлал хэргийн үйл баримтад нийцсэн байх тул магадлалыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянана”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх давж заалдсан гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүй... хэргийг бүхэлд нь хянан үзнэ” гэж давж заалдах шатны шүүхийн бүрэн эрхийг тодорхойлон заажээ.

Хуулийн энэхүү зохицуулалтаас үзэхэд давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэлтэй гарсан эсэхийг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бүх нотлох баримтад тулгуурлан хянах эрхтэй ба үүрэгтэй юм.

Өөрөөр хэлбэл хуулийн шаардлагад нийцүүлэн цуглуулж, бэхжүүлсэн бүх нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн бодитой шинжилсний үндсэн дээр анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн эсэхийг хянан үзэх нь давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээнд хамаарч байна.

Г.Г холбогдох хэргийг хянан хэлэлцээд гаргасан анхан шатны шүүхийн шийдвэр нь хуульд нийцсэн, хуульд үндэслэсэн эсэх талаар давж заалдах шатны шүүх хэргийн нөхцөл байдалтай харьцуулан шинжлэн судалсны үндсэн дээр тодорхой дүгнэлт хийж, шийдэл гаргасныг  хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй юм.      

Иймд магадлалыг хүчингүй болгож, цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгөхийг хүссэн шүүгдэгчийн өмгөөлөгч О.Сайнгэрэлийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 994 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч О.Сайнгэрэлийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                           ДАРГАЛАГЧ                                            Б.ЦОГТ

                           ШҮҮГЧИД                                                Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                            С.БАТДЭЛГЭР

                                                                                            Б.БАТЦЭРЭН

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН