Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 12

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Отгонтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д.Г

Хариуцагч: Б даргад холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: А газрын даргын 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн Д.Г-т сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/33 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, А газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн Дотоод аудит хариуцсан мэргэжилтнээр эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг зохих хувиар төлүүлэх шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Даваасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А газрынХяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн Дотоод аудит хариуцсан мэргэжилтэн Дугарын Ганчимэг би ажил үүргээ сайн гүйцэтгэж, гарсан зөрчилгүй, 2015, 2016 оны ажлаа А,В үнэлгээтэй үнэлэгдэн ажил үүргээ гүйцэтгэж байхад А газрындаргын 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Б/33 дугаартай тушаалаар сахилгын шийтгэл ногдуулж төрийн албанд 1 /нэг/ жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр ажлаас халсныг үндэслэлгүй гэж үзэн тус шүүхэд өргөдөл гаргаж байна.

Д.Г нь Төрийн жинхэнэ албаны мэргэжлийн сонгон шалгаруулалтанд орж тэнцсэн. Аймгийн Засаг даргын Тамгын газрын төрийн захиргааны удирдлагын хэлтэст нутгийн удирдлага, дотоод асуудал хариуцсан мэргэжилтэнгээр 2010 онд томилогдож тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч билээ.

Томилогдсоноос хойш албан үүргээ хангалттай сайн гүйцэтгэж ирсэн. Д.Г нь төрийн жинхэнэ албан хаагчийн хувиар төрийн албаны зөвлөлөөс тогтоож, дагаж мөрдүүлэхээр гаргасан жишгийг баримтлан А газрындаргын баталсан ажлын байрны тодорхойлолтод заасан өөрийн ажил үүргийг хангалттай сайн гүйцэтгэж ирсэн. Үүнийг нотлох нэг зүйл бол 2015 болон 2016 онд ажлын үнэлгээгээр А, В үнэлгээтэй байсан нь үүнийг нотолно.

Гэтэл ажлаас халах тухай Б/33 дугаартай тушаал дээрээс өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн, захирах, захирагдах ёсны зарчмыг зөрчсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй ба Д.Гийн хувьд хариуцах ёстой ажлын байрны тодорхойлолтод заагаагүй өөр хүний ажил үүргийг гүйцэтгүүлэхээр шаардсан агуулгын хүрээнд тушаалыг төлөвлөсөн.

Уг шаардсан ажил үүрэг нь ажлын байрны тодорхойлолтод зааснаар өөр мэргэжилтний хийж гүйцэтгэх ёстой байсан ажил үүрэг бөгөөд миний хувьд эрхлэх ажил үүрэг биш юм. Энэ нөхцөл байдал нь өөрийн хариуцах ажил үүрэгт хамааралгүй тухайн асуудлыг эрхэлсэн мэргэжилтэн нь өөрийн ажлаа гүйцэтгээд сууж байхад өмнүүр нь орж хийх боломжгүй тухай хууль ёсны тайлбар хэлэхэд дээд шатны албан тушаалтны өгсөн үүргийг биелүүлээгүй, захирах, захирагдах ёсны зарчмыг зөрчсөн гэж дүгнэсэн.

Ажил үүргээ гүйцэтгэхдээ хамтран ажиллагсадтайгаа хүндэтгэлгүй харьцсан удирдлагуудтайгаа ам зөрсөн гэж тушаалын үндэслэл болгон дурдсан байна. Д.Г миний хувьд үргэлж ажлын шаардлагаар харьцаж байсан. Харин хэл амаар доромжилсон, гүтгэсэн, хэл ам гаргасан зөрчил байгаагүй болно. Зөвхөн ажлын шаардлагаар шаардлага тавьж харьцаж байсан. Энэ нь зарим нэг хүнд таалагдаагүй байдал нь ийм үндэслэл болж байна. Удирдлагын хүрээнд захирах, захирагдах ёсны зарчмаар хандаж ажиллаж байсан бөгөөд дээрээс өгсөн үүрэг доод шатандаа ягштал баримталж байсан. Харин өөрийн хийх ёстой ажил үүргийг гүйцэтгэх явцад ажлын шаардлагыг өөр салбар, хэлтсийн албан тушаалтанд хүргэж, явуулж өгөхөд дээд удирдлагын албаны хүмүүст ингэж хандах эрхгүй гэсэн нь ямар ч үндэслэлгүй тушаал шийдвэр болох юм.

Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн гэх үндэслэл нь өөрийн эрхлэх асуудлын хүрээнд бусад мэргэжилтэн, албан хаагчдад шаардлага тавьж ажиллаж байсан. Энэхүү шаардлагыг биелүүлэхгүй байх, аймгийн хэмжээний ажил үүрэгт сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал үүссэн. Ийм байдал гаргахгүй байх үүднээс харилцан бие биедээ үл ойлголцох байдал үүсч байсан. Үүнийг ёс зүйн зөрчил гэж авч үзэж байгаа нь үндэслэлгүй юм.

Д.Гийг удаа дараалан өөрийн үндсэн чиг үүрэгт хамаарах ажлаа хийж байхад нь ажлын байрны тодорхойлолтод заагаагүй, ажлын хэсэгт ороогүй хуралд дуудаж суулгасан ба аймгийн Засаг даргын орлогчийн чиний үндсэн чиг үүргийн ажил биш бол гарч болно гэсэн шаардлагын дагуу гарч явсан байхад Засаг даргын зөвлөлийн хурлыг орхиж гарсан гэсэн дүгнэлтийг гаргаж төрийн албанд шударгаар ажиллаж буй иргэний эрхийг ноцтой хохироож байгаад туйлаас их гомдож байна. Нам, улс төрийн бодлогоор ажлаас халж, хууль ёсны дагуу ажиллаж байсан иргэний эрх хөндөгдөж байх тул аймгийн Захиргааны хэргийн шүүхэд хандаж байна.

А газрындаргын 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Б/33 дугаар тушаалыг хүчингүй болгож А газрындаргын Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дотоод аудит хариуцсан мэргэжилтнээр эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, ажилгүй хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг зохих хувиар төлүүлэхийг даалгаж өгнө үү.

Ажлаас халах тушаалд үндэслэл болгосон удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэх зөрчлийн тухайд: Намайг ажлын бус цагаар дуудаж өөр мэргэжилтний хийх ёстой ажлыг хийж гүйцэтгэхийг шаардахад нь хариу тайлбар хэлсэн. Үүнийг удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, захирах, захирагдах ёсыг баримтлаагүй гэж үзсэн байгаа.

Мөн зөвлөлийн хурлыг орхиж гарсан гэсэн. Зөвлөлийн хурлаар тайлан мэдээтэй холбоотой асуудлыг хэлэлцэх ёстой байсан боловч Д.Гтэй холбоотой асуудал яригдсан. Тухайн үед яагаад энэ асуудал яригдах болсныг мэдэхгүй байна. Бусад хүмүүс тайлан, мэдээгээ хэрхэн гаргаж байгаа асуудал биш харин Д.Г хэрхэн ажиллаж байгаа талаар хэлэлцэж эхэлсэн. Уг хурлаар бүх хүмүүс над руу дайрч байсан тул би уйлах гээд байсан. Ийм учраас хурлаас гарч явсан байгаа. Буцаж ирээд ажлаа хэвийн үргэлжлүүлж хийсэн.

Засгийн газрын 1995 оны 97 дугаар тогтоолоор батлагдсан төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэлийг хэрхэн ногдуулах тухай журам байдаг. Энэхүү журмыг зөрчсөн гэж үзэж байгаа. Учир нь уг журамд зааснаар зөрчлийг заавал шалган тогтоож, зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулсан байх бөгөөд зөрчил гаргасан албан хаагч нь нэмэлт тайлбар хийх, дахин шалгалт явуулахыг шаардах эрхтэй. Гэтэл энэ тогтоолын хэрэгжилтийг хангаагүй гэж үзэж байна. Мөн Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг хэлбэр төдий явуулсан гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл тушаалын төслийг танилцуулсан өдрөө шийдвэрийг гаргасан байсан. Шийдвэрийн үндэслэлд дурдсан хуулийн заалтыг уншаад өнгөрсөн, ямар үндэслэлээр ажлаас чөлөөлөх шийдвэр гарч байгааг мэдээгүй, хариу тайлбар хэлэх боломж олгоогүй. М.Мөнхбаясгалан нь шүүхэд гэрчээр асуугдахдаа надад хэлсэн зүйлээ үгүйсгэж хэлсэн. Миний хувьд түр хугацаагаар зөвлөлийн хурлыг орхиод буцаж ирж зөвлөлийн хурлаас гаргасан шийдвэрийн дагуу тогтоол шийдвэрт нэмж тайлбар авах ёстой зүйлүүдээ буцаан авч, бүтэн сайн өдөр хэлтсийн мэргэжилтнүүдээс авахаар болсон. Амралтын өдрүүдэд хэлтсийн мэргэжилтнүүд нэмэлт тайлангаа өгөөгүй. Үүнийг К.Ч дарга мэдэж байгаа. 1 дэх өдөр эцсийн байдлаар авч хэлтсийн дарга сайт дээр баталгаажуулалт хийх ёстой боловч хийгээгүй тул хэлтсийн даргын өмнөөс би өөрөө баталгаажуулалт хийсэн. Зөвхөн намайг Тамгын газрын даргын өгсөн үүрэг даалгаврыг болон 7 хоногийн ажлын төлөвлөгөөг биелүүлээгүй гэдэг. Гэтэл манай хэлтсээс Тамгын газрын мэргэжилтнүүдэд хяналт шалгалт хийхэд бусад бүх ажилтнуудын хувьд даргын үүрэг даалгаврыг биелүүлдэггүй байсан нь харагдсан. Зарим ажилтнуудын хувьд Тамгын газрын даргын А/58 дугаар тушаал байдаг эсэхийг ч мэдэхгүй байсан. Намайг халах оролдлогыг өмнө нь хэд хэдэн удаа гаргаж байсан. Тухайлбал 2016 оны 09 дүгээр сард намайг ажлаас хална гэж хэлж байсан. Мөн 2017 онд чамайг харин ч 1 жил ажиллуулчихлаа, одоо ажлаас хална гэж хэлж байсан. Намайг ажлаас халсан шалтгаан бол улс төртэй холбоотой гэж үзэж байна. Учир нь намайг хална гэж Засаг даргын орлогч хэлэхэд нь би аавыг түүнтэй яриулсан. Гэтэл орлогч дарга намайг чи Н.Дугар ахын хүүхэд гэдгээ хэлэхгүй яасан юм бэ?, хэлсэн бол чамайг ажлаас халах тухай асуудлыг ярихгүй байсан гэж хэлж байсан. 2 хүнээс өргөдлийг нөхөн бичүүлж авсан, бусад бүх мэргэжилтнүүд даргын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй байхад зөвхөн намайг биелүүлээгүй гэж үзсэн, тайлан мэдээ хоцроосон явдал нь зөвхөн надаас шалтгаалаагүй байхад намайг хугацаатай тайлан мэдээг хоцроосон гэж үзэж ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж байгаа нь нэг талыг барьсан гэж үзэж байна... Тайлан мэдээг хугацаанд нь явуулж байх тухай нэг тушаал батлагдсан, энэ тушаал мэргэжилтэн бүрт үйлчлэх ёстой. Гэтэл ганц намайг уг тушаалыг хэрэгжүүлээгүй гэж байгаа нь хууль эрх тэгш үйлчлэхгүй байна гэж үзэж байна. Намайг ажил хаяж явсан гэж хэллээ. Би тушаал, шийдвэрийг танилцуулсан өдрөөс хойш 3 хоногийн дараа хэлтсийн дарга руу утастаж наадам зохион байгуулах ажлын хэсэгт орсон байгаа, яах вэ? ажлаа хийх ёстой юу? гэж асуухад хэрэггүй чиний оронд хүн авсан байгаа гэж хэлж байсан. Ажлаа хаяж явсан зүйл байхгүй. Миний хувьд төрийн албанд нилээд хэдэн жил ажилласан болохоор ажил хаяж явах ёс зүйгүй үйлдлийг гаргахгүй. Хариуцагч талаас гаргаж өгсөн нотлох баримтуудыг эрх тэгш биш, нэг талыг барьсан гэж үзэж байна. Манай хэлтэс 3 мэргэжилтэнтэй, зарим тохиолдолд хугацаатай үүрэг даалгаврыг 3-уулаа биелүүлдэг, зарим тохиолдолд биелүүлдэггүй эсхүл нөхөн биелүүлдэг асуудлууд бий. Харин бусад хэлтсүүд нь дээрх журмаар өгсөн үүрэг даалгаврыг огт хэрэгжүүлдэггүй байсан. Энэ нь манай хэлтсээс аймгийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаанд хийсэн дотоод аудитын үеэр илэрсэн. Дээрх журмыг хэрэгжүүлээгүй тохиолдолд хариуцлага тооцохоор зохицуулагдсан. Гэтэл зөвхөн надад хариуцлага тооцоод бусад хүмүүст хариуцлага тооцохгүй байгааг тэгш бус гэж үзэж байна. Тайлан мэдээ гаргахтай холбогдуулан мэргэжилтнүүдийн дунд үл ойлголцол үүссэн. Миний хувьд аймгаас хэрэгжүүлсэн бүх л арга хэмжээг дээд байгууллага болох Засгийн газарт тайлагнахыг хичээх үүднээс албан хаагчдад шаардлага тавьсныг тэдэнтэй ёс бус харьцсан гэж тайлбарлаж байгаа. Тайлан мэдээ гаргаагүй албан хаагчдад хариуцлага тооцохыг Засаг даргын Тамгын газрын даргаас удаа дараа үүрэг болгож байсан. Гэтэл тайлан мэдээ гаргаагүй хүмүүст ямар арга хэмжээ авагдсан нь тодорхойгүй байгаа. Сонсох ажиллагааны үеэр хуулийн ямар зүйл заалтыг үндэслэн халах гэж байгааг надад хэлсэн. Харин хуулийн тухайн зүйл заалтад юу гэж заасан болохыг би мэдээгүй. Эхлээд мэдэгдэх ёстой, шийдвэрээ танилцуулах ёстой. Гэтэл шийдвэртэй танилцах боломж олгоогүй, уншиж өгсөн байгаа. Иймд хуулийн ямар зүйл заалтыг үндэслэн ажлаас халж байгаатай нэг бүрчлэн танилцаж чадаагүй, Ажлаас халах тухай шийдвэрийг шийдвэр гаргахаас хэд хоногийн өмнө ажилтанд өгч хариу тайлбар авах ёстой. Гэтэл энэ эрхээ хэрэгжүүлэх боломж олгоогүй гэж үзэж байна. Хөгжлийн төлөө хамтдаа үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийг аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг аймгийн ИТХ-аар батлуулсан. Тус хөтөлбөрийг ном болгон хэвлүүлэхэд Хяналт, шинжилгээ, үнэлгээ, мэдээлэл боловсруулалтын тасгийн дарга, 2 мэргэжилтнээр дахин үг үсгийн алдааг засварлуулсан. Энэ үед алдаа гаргасан гэж үзэн 2016 онд тус тасгийн дарга, мэргэжилтнүүдэд арга хэмжээ авсныг нотлох баримт болгож шүүхэд ирүүлсэн байна. Тус арга хэмжээ авсан тушаалыг миний бие нь хүчингүй гэж үзэж байгаа. Учир нь тухайн хөтөлбөрийг боловсруулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд арга хэмжээ авах ёстой байсан гэж үзэж байна. Ямар үндэслэлээр ажлаас халагдсан болохыг надад танилцуулж, түүнд тайлбар хийх эрхийг маань олгоогүй. Мөн ямар албан тушаалтнаас халах тухай дүгнэлт гаргасан нь тодорхойгүй учраас намайг ажлаас халах шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү? гэв.

Хариуцагч А газрындарга Б.Ганзориг шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Дорноговь аймгийн Сайншанд сумын 4-р багийн 71-2 тоотод оршин суух Д.Гээс А газрындаргад холбогдуулан 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн Д.Гт Сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/33 дугаар тушаалыг хүчингүй болгож дотоод аудит хариуцсан мэргэжилтнээр эгүүлэн тогтоолгож ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг зохих хувиар төлүүлэхээр гаргасан шаардлага бүхий нэхэмжлэлийг хангах боломжгүй байх тул дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

1.Д.Г нь төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг удаа дараа зөрчиж, захирах захирагдах ёсны зарчмыг баримтлалгүй, удирдлагуудтай ам зөрсөн, хамтран ажиллагсадтайгаа эелдэг бус хүндэтгэлгүй харьцсан, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлээгүй зөрчлийг давтан гаргасан тул аймгийн Засаг даргын Тамгын газраас сахилгын шийтгэл ногдуулсан.

2.Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн Б/33 дугаар тушаалын эрх зүйн үндэслэлд авсан төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5, 26 дугаар зүйлийн 26.1-д заасныг үндэслэн 26.1.3-т заасны дагуу төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр ажлаас халсан нь хууль тогтоомжид нийцсэн үндэслэл бүхий тушаал гаргасан.

3.Д.Г нь хамтран ажиллагсдаа удаа дараа хэл амаар доромжилсон, удирдлагын хууль ёсны шаардлагыг үл хүндэтгэн ам зөрсөн, өглөөний мэдээллийг хүндэтгэн үзэх шалтгаангүй удаа дараа тасалсан, аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлыг орхин гарсан зэрэг төрийн албан хаагчийн ёс зүйн ноцтой зөрчлийг гаргасан тул Засгийн газрын 2010 оны 288 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм-ийн 5 дугаар зүйлийн 5.2.1, 5.3.1, 5.4.1, 5.4.2, 5.4.4, 5.4.5, 5.5.1 дэх заалтуудыг үндэслэсэн.

4.Д.Г нь удирдлагаас өгсөн үүрэг даалгавар болон ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ биелүүлээгүй, Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолоор батлагдсан журмын 1-р хавсралтад дурдсан 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор тайлагнах хугацаатай байсан хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн биелэлтийн тайланг аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэхэд үүссэн маргааны улмаас хурлыг орхин гарч ажилдаа ирэхгүй байснаар тухайн тайлангийн хугацааг хоцроосон. Мөн хэлтсийн дарга Б.Баярмаагаас мэргэжилтнүүддээ өгсөн үүрэг даалгаврын болон гүйцэтгэлийн тайлан, аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/58 дугаар тушаалаар батлагдсан журам /аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан хаагчдын үйл ажиллагааны цаглабар төлөвлөгөө боловсруулах, түүний гүйцэтгэлийн үр дүнг сайжруулах, мэдээлэл гаргах журам/-ын дагуу мэргэжилтнүүдийн үүргийн биелэлтийг гаргадаг бөгөөд Д.Гийн хувьд тус журмыг хангалтгүй биелүүлсэн, энэхүү журмыг биелүүлж ажиллаагүй бол журмын 4.5-д заасны дагуу хариуцлага хүлээлгэхээр тусгасан.

Мөн Д.Г нь аймгийн Засаг даргын 2016-2020 оны /хөгжлийн төлөө хамтдаа/ үйл ажиллагааны хөтөлбөрийг ном болгон хэвлүүлэх эх бэлтгэлд редакцын хяналтыг хангалтгүй хийж, ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/72 дугаар тушаалаар сахилгын шийтгэл ногдуулж байсан. Д.Г нь холбогдох хууль тогтоомж, журмыг зөрчсөн зэргээс үзэхэд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн Б/33 дугаар тушаалыг хүчингүй болгох үндэслэл байхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Гийн нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байгаа. А газрындаргын 2017 оны Б/33 дугаар тушаалаар Д.Гт сахилгын шийтгэл ногдуулж, ажлаас халсан. Тушаалын үндэслэлээ Д.Г нь төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг удаа дараа зөрчсөн, удирдлагатайгаа ам зөрсөн, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлыг орхин гарсан, хамт ажиллагсадтайгаа эелдэг бус харьцаж Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн гэж үзэж ажлаас халсан. Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.1.5-т төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээтэй холбоотой асуудлыг зохицуулсан байдаг. Д.Гийн удаа дараа гаргасан зөрчилтэй холбогдуулан Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасныг үндэслэн ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Бичиг хэргийн ажилтны зүгээс Д.Гт өөрийнх нь тухайн жилдээ хийсэн баримтыг хугацаанд нь архивлаж хүлээлгэж өгөөгүй гэсэн асуудлыг тавьсны улмаас Д.Г нь архив, бичиг хэргийн ажилтан Б.Наранцэцэг гэх хүнтэй маргалдсан бөгөөд гадны хүмүүсийн хажууд настай хүнийг хэл амаар доромжилсон байсан. Мөн зөвлөлийн хурлын үеэр М.Мөнхбаясгалан руу 7, 8 жил ажиллачхаад тайлангаа гаргаж чадахгүй байж гэж дайрч, эелдэг бус харьцсан. Тухайн зөвлөлийн хурал дээр Тамгын газрын дарга Д.Гт хандан дуугүй бай гэхэд даргын үгийг авалгүй үгүй би гэж тайлбар тавьж, даргын үгэнд орохгүй байсан. Энэ хуралд миний бие суусан учраас уг асуудлыг сайн мэдэж байна. Д.Г нь өглөөний хуралд суудаггүй байсан. Энэ нь ирцийн бүртгэлээс харагдана. Төрийн албаны салбар зөвлөлөөс Д.Гийн гаргасан гомдлыг шийдвэрлэсэн байгаа. Д.Г нь зөвлөлийн хурлыг орхиж гарсан тухайн өдрөө ажилдаа ирээгүй. Үүнээс болж хугацаатай тайланг хоцроосон. Бичиг хэргийн эрхлэгч эзгүй байсан учраас Д.Г нь тайланг явуулахдаа албан бичгийн дугаарыг 6 дугаар сарын 30-ны өдрөөр гэж урьдчилан авч, өөрөө дугаарыг нь бичиж явуулсан байдаг бөгөөд албан бичгийнхээ дугаарыг буруу бичсэн байдаг. Тодруулбал Засаг дарга 1/, орлогч дарга 2/, Тамгын газрын дарга 3/ гэсэн дугаартай байдаг боловч үүнийг андуурч бичээд албан бичгээ явуулсан байдаг. Шуудан холбооны газраас тайлан хэзээ хүргэгдсэн талаар тодруулсан бөгөөд 7 дугаар сарын 01-ний өдрийн дотор явуулах ёстой байсан тайланг хоцроосон болох нь нотлогдсон. Зөвлөлийн хурлыг орхиж явсан өдрөө ажилдаа ирээгүй нь тайлан хоцрох шалтгаан болсон. Тамгын газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/72 дугаар тушаалаар сахилгын шийтгэлийг ногдуулж байсан. Дээрхээс үзвэл Д.Гт ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг үндэслэлтэй гэж үзэж байгаа тул Д.Гийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Д.Гийг улс төрийн шалтгаанаар ажлаас халсан зүйл байхгүй. Засаг даргын орлогч болон Д.Гийн хооронд ямар яриа болсныг би мэдэхгүй байна. Гэтэл Засаг даргын орлогч Д.Гийг ажилд томилж, ажлаас чөлөөлөх эрх бүхий албан тушаалтан биш юм. Ажлаас халсны дараа бусад мэргэжилтнүүдээр өргөдөл бичүүлж авсан гэсэн асуудлыг нэхэмжлэгч хэлдэг. 2 гэрчийн хувьд шүүхээс хууль сануулж, гэрчийн мэдүүлэг авсан учраас үнэн, зөвөөр мэдүүлсэн гэж үзэх үндэслэлтэй гэж үзэж байна. Д.Г нь удаа дараа ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн болох нь өмнө авсан сахилгын шийтгэлээр болон хэлтсийн даргын тэмдэглэлээр нотлогдож байгаа. Хэлтсийн дарга нар 7 хоног бүр 7 хоногийн төлөвлөгөөний хэрэгжилтийг авч, тухай бүр нь тэмдэглэл хөтөлдөг. Энэхүү тэмдэглэлээс Д.Г нь 7 хоногийн төлөвлөгөөг хэрэгжүүлээгүй гэдэг нь харагдаж байгаа. Тайлан мэдээг зөвлөлийн хурлаар оруулаагүй байхад урьдчилаад дугаар авч, өөрөө бичээд явуулсан байдаг. Мөн сонсох ажиллагааг 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 09 цаг 10 минутад Засаг даргын Тамгын газрын даргын өрөөнд явуулсан бөгөөд тухайн үед Д.Г нь шат дараалсан арга хэмжээ аваагүйд гомдолтой байна, ажлын шаардлага тавьсны улмаас мэргэжилтнүүдтэй хэрэлдсэн нь үнэн, яагаад нэгэнд нь хариуцлага тооцоод, нөгөөд нь тооцдоггүй юм бэ? Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм зөрчсөн нь ажлаас халах үндэслэл болохгүй гэх тайлбарыг хэлсэн байдаг. Иймд сонсох ажиллагааг хууль дүрмийн дагуу явуулсан гэж үзэж байна. Зөвлөлийн хурлыг СD-нд буулгаж, шүүхэд нотлох баримтаар өгсөн байгаа. Зөвлөлийн хурлаар тайлан, мэдээ хэлэлцэх ёстой байсан боловч тайлан авсан аваагүй гэдэг байдлаар маргаан үүссэнээр Д.Гийн асуудал яригдсан. Д.Г намайг өнөөдөр ажлаас халвал ажлаа хаяад явна гэж хэлж, тухайн өдрөө ажлаа хаяж явсан байдаг. Сонсох ажиллагаанд Д.Гийн оролцоог хангаж, түүний тайлбарыг сонссон гэж үзэж байгаа. Д.Г нь ажлаас халагдсаны дараа олон нийтийн сүлжээнд ардчилсан нийгэмд ажиллаж амьдарч байсан хүнийг ардчиллын хүн гээд ажлаас халдаг л юм байна гэсэн утгатай пост тавьж байсан. Үүнээс түүний ёс зүй нь ямар вэ гэдэг нь харагдаж байгаа байх. Энэ талаарх баримт надад байна. Олон нийтийн сүлжээнд дээрх утгатай пост байршуулсан нь төрийн захиргааны албан хаагч улс төрийн намаас ангид байх зарчмыг хэрэгжүүлсэн үү үгүй юу гэдэгт эргэлзээ төрж байна. Д.Гийг улс төрийн шалтгаанаас болж халаагүй гэдгийг хэлмээр байна. Ажилдаа эргэн орж, хамт олонтойгоо ажиллана гэж бодож байсан бол ийм үйлдэл гаргаад явж болох уу?. Иргэд, албан хаагчдаас гаргасан өргөдлийг хуульд зааснаар 30 хоногийн дотор шалгаж шийдвэрлэх ёстой байсан. Тухайн үед 30 хоног нь болоогүй байсан учраас өргөдлийн дагуу хяналт, шалгалт хийгдээгүй байсан. 30 хоног болоогүй байхад дараа, дараагийн асуудал үүссэн тул 7 дугаар сарын 26-ны өдөр Д.Гийг ажлаас халах тушаал гарсан. Иймд И.Наранцэцэг, М.Мөнхбаясгалан нарын гаргасан өргөдлийг Д.Гт танилцуулаагүй байсан. Манай байгууллага нь Төрийн албаны салбар зөвлөлтэй байгууллага учраас тусдаа ёс зүйн хороо ажилладаггүй. Тухайн үеийн ажлын ачаалал буюу тайлан мэдээ гаргах, наадам зохион байгуулахтай холбогдуулан өргөдлийг шалган шийдвэрлэх ажлын хэсэг байгуулж амжаагүй байсан. Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т зааснаар шийдвэрийг хуульд нийцүүлэн гаргасан. Мөн удирдлагын зүгээс шийдвэр гаргахдаа заавал хэн нэгнийг сонсох эсхүл дүгнэлт гаргуулах шаардлагагүй гэж үзэж байна. Тэгш бус хандсан гэдэг нь хэрэгт ач холбогдол бүхий хамаарал бүхий нотлох баримтын хүрээнд яригдах ёстой. Энэ хэрэгт Д.Гийг ажлаас халсан захиргааны актын хуульд нийцсэн, нийцээгүй асуудал яригдаж байгаа тул Д.Гтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн байгаа гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

А газрындаргын 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн Д.Гт сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/33 дугаар тушаалаар Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн Дотоод аудит хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан Дугарын Ганчимэгт төрийн албанд 1 жилийн хугацаагаар орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулжээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...дээрээс өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн, захирах, захирагдах ёсны зарчмыг зөрчсөн, хамтран ажиллагсадтайгаа ажлын шаардлага тавьж, харьцаж байсныг ёс зүйн зөрчил гэж үзсэн нь үндэслэлгүй, ажлын байрны тодорхойлолтод заагаагүй ажлыг гүйцэтгээгүйн төлөө сахилгын шийтгэл хүлээлгэж байсан, хууль ёсны тайлбар хэлэхэд дээд шатны албан тушаалтны өгсөн үүргийг биелүүлээгүй гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй, сонсох ажиллагааг хэлбэрийн төдий хийсэн гэх агуулгаар тайлбарлан маргаж байгаа бол,

харин хариуцагчийн зүгээс ...нэхэмжлэгч нь хамтран ажиллагсдаа удаа дараа хэл амаар доромжилсон, удирдлагын хууль ёсны шаардлагыг үл хүндэтгэн ам зөрсөн, өглөөний мэдээллийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасалсан, аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлыг орхин гарсан зэрэг төрийн албан хаагчийн ёс зүйн ноцтой зөрчлийг гаргасан, урирдлагаас өгсөн үүрэг даалгавар болон ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ биелүүлээгүй, Засгийн газарт явуулах тайланг хоцроосон, хэлтсийн даргын өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн, сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа өнгөрөөгүй байхад дахин зөрчил гаргасан зэрэг зөрчил нь тогтоогдсон, сонсох ажиллагааг хуульд заасны дагуу явуулсан тул Б/33 дугаар тушаал хууль тогтоомжид нийцсэн акт гэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөн маргаж байна.

1.Нэхэмжлэгчийн төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийг удаа дараа зөрчсөн, захирах захирагдах ёсны зарчмыг баримтлаагүй гэх зөрчлийн талаар дараах үйл баримт, нөхцөл байдлууд тогтоогдож байна. Үүнд:

Дорноговь аймгийн Засаг даргын зөвлөл нь 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаараа 1.2017 оны эхний хагас жилийн өргөдөл, гомдол шийдвэрлэлтийн тайлан, 2.Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн эхний хагас жилийн биелэлт, 3.Холбогдох эрх зүйн актын биелэлт, 4.Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний эхний хагас жилийн хэрэгжилт зэрэг асуудлуудыг хэлэлцсэн бөгөөд хуралдаанд тус тамгын газарт Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын хэлтсийн мэргэжилтнээр ажиллаж байсан нэхэмжлэгч Д.Г байлцан Засгийн газарт хүргэгдэх аймгийн эхний хагас жилийн тайланг нэгтгэснээ танилцуулан улмаар хэлтэс, мэргэжилтнүүдээс өгсөн тайланг хэрхэн нэгтгэсэн, хяналт шинжилгээ хийж, үнэлгээ өгсөн талаараа тайлбарлан оролцсон ба тайлантай холбогдуулан зарим хэлтсийн дарга, мэргэжилтнүүд хуралдаанд дуудагдан орж ирэн зөвлөлийн гишүүдийн асуултад хариулт өгөх явцад нэхэмжлэгч нь зарим мэргэжилтэн, хэлтсийн дарга нартай хэрэлдсэн, өөрийг нь томилох, чөлөөлөх эрх бүхий албан тушаалтан болох Засаг даргын Тамгын газрын даргын удаа дараагийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, хамтран ажиллагсадтайгаа эелдэг бус хүндэтгэлгүй харьцсан, бүдүүлэг зан авир гарган бусдыг доромжилсон, зөвлөлийн хурлыг орхин гарсан зэрэг нь 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Дорноговь аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралдааны тэмдэглэл болон тус хуралдааны дууны бичлэгт /хариуцагчаас нотлох баримтаар ирүүлснийг шүүх хуралдааны үед үзлэг хийсэн/ дараах байдлаар тэмдэглэгдэж, бичигджээ.

Тухайлбал: Аймгийн Засаг даргын орлогч Г.Эрдэнэцэцэгийн асуултад нэхэмжлэгч нь Мэдэхгүй надад нэмэлт тайлангаа хийсэн гэж ерөөсөө хэлээгүй. Би буруугүй гэж хариулсан;

-тэмдэглэлд Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ч.Байгальтуяатай үг сөрж хэрэлдсэн гэж тэмдэглэсэн, тус хуралдааны дууны бичлэгт

-тэмдэглэлд Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн мэргэжилтэн Ч.Анхтуяатай хэрэлдэв гэж тэмдэглэсэн байгаагаар

-Ч.Байгальтуяатай хэрэлдэх үеэс ЗДТГ-ын дарга Б.Ганзоригийн За Д.Г ээ хэрэлдэхээ зогсоо, мэргэжилтэн чамд ч гэсэн буруу байгаа..., Чи сонсож бай юунд нь уурлаад байгаа юм, мөн Би чамд нэг үг хэлэх гээд байна. Би чамд түрүүний жишээ хэлэхэд Д.Цэрэн дарга, мэргэжилтэн О.Азбаяр нарын бичсэн тайланг хуулаад тавьсан гэх юм дутуу хуулж тавьсан байна аа, Чи ямар сонин юм бэ, өөдөөс тайлбар тавиад хэрэлдээд байх юм зэрэг шаардлагын эсрэг нэхэмжлэгч нь Бүгдээрээ дайраад байхын үгүй, миний хувьд тийм зүйл байхгүй, миний компьютер өчигдөр гацаад унтарч асаад хийж байсан юм хадгалагдаагүй байсан, ...би бол өөрийгөө өмөөрмөөр байна гэх зэргээр хариулсан нь тэмдэглэл болон хуралдааны дууны бичлэгт хийсэн үзлэгийн тэмдэглэлээр

ЗДТГ-ын дарга Б.Ганзориг, хэлтсийн дарга Б.Баярмаа, К.Ч, М.Мөнхбаясгалан, Ч.Байгальтуяа, мэргэжилтэн Ж.Гантулга нартай маргасан, энэ үедээ хэлтсийн дарга М.Мөнхбаягаланг За Мөнхбаясгалан чи тэгж ярих болоогүй шүү, 7-8 жил ажиллаж байгаа байж одоо хүртэл тайлан мэдээгээ гүйцэт гаргаж чадахгүй байгаа биз дээ гэж хэлсэн, мөн ЗДТГ-ын дарга Б.Ганзориг нэхэмжлэгчид хандан Д.Г мэргэжилтэн нэгнийгээ хэл амаар доромжлохоо болих хэрэгтэй. Чамд бас асуудал байна. Харилцаан дээрээ анхаар. Бичиг хэргийн мэргэжилтэн И.Наранцэцэгтэй хэрэлдэж хэл амаар доромжилсон асуудал гаргасан байгаа. ...Ганчимэгээ чи алдаа оноогоо хүлээж сурахгүй яагаад ингээд өөдөөс давшилаад хүн хүн рүү дайраад байгаа юм бэ? гэх шаардлага тавьж, анхааруулсан, Засаг даргын орлогч Г.Эрдэнэцэцэгийг ярьж байх үед нэхэмжлэгч Д.Г нь хурлыг орхин гарч явсан нь тус тус хуралдааны тэмдэглэл болон дууны бичлэгт тэмдэглэгдэж, бичигдсэн байна.

Дээрх тэмдэглэлийн талаар нэхэмжлэгч нь ..хариуцагчаас хэрэгт нотлох баримтаар гарган өгсөн тэмдэглэл нь засгийн газарт явуулсан тайланд хавсаргасан зөвлөлийн хурлын тэмдэглэлээс зөрүүтэй гэж тайлбарлан маргасан ба шүүхээс А газрынархивын баримтад үзлэг хийхэд хариуцагчаас шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Дорноговь аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралдааны тэмдэглэл нь 12 хуудастай , архивын баримтад байсан Засгийн газарт явуулсан тайланд хавсаргасан гэх /архивын баримтыг үдээгүй/ 8 хуудастай 2 өөр байдлаар хэлбэржүүлсэн тэмдэглэл байсан нь, Засгийн газарт явуулсан гэх тэмдэглэлд дээр дурдсанчлан нэхэмжлэгч Д.Гийн удирдлага, бусад ажилтнуудтай хэрхэн харьцсан талаар бичээгүй зэрэг нөхцөл байдлууд илэрсэн болно.

Тэрээр уг 2 тэмдэглэлийг хөтөлсөн Ч.Анхтуяаг шүүхээс гэрчээр асуун мэдүүлэг авахад тэмдэглэлийн зөрүүтэй байдлын талаар ...зөвлөлийн хуралдааны тэмдэглэлийг 3 хувь үйлдсэн. Засгийн газар руу явсан тэмдэглэлийг 2 хувь үйлдсэн бөгөөд нэг хувь нь Засгийн газар руу яваад, үлдсэн нэг хувь нь Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газарт үлддэг. Яагаад хоорондоо зөрүүтэй байгаа вэ гэвэл Засгийн газар руу явуулж байгаа тэмдэглэлийн хэрүүл маргааныг хасаад процессыг буюу дарга нарын асуусан асуулт, мэргэжилтнүүдийн хариулсан хариултыг бичсэн. Харин 3 дахь тэмдэглэлд аудио бичлэг дээр бичигдсэн хурал дээр болсон бүх процессыг нэг бүрчлэн бичсэн гэж мэдүүлсэн.

Иймээс дээрх 2 тэмдэглэлээс хариуцагчаас нотлох баримтаар ирүүлсэн 12 хуудас бүхий тэмдэглэлийг хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдолтой гэж шүүхээс үзэн нотлох баримтаар үнэлсэн бөгөөд Засгийн газарт явуулсан тайланд хавсаргасан 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Дорноговь аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралдааны тэмдэглэлд тухайн хуралдааны явцад өрнөсөн хэрүүл маргааны шинжтэй асуулт хариултыг хасаж бичин хэлбэржүүлсэн захиргааны байгууллагын үйл ажиллагааг буруутгах боломжгүйг, түүнчлэн уг тэмдэглэл нь зөвлөлийн хуралдаан дээр болсон бүх процессыг бичсэн дууны бичлэгээс зөрүүгүй байгааг;

мөн нэхэмжлэгчээс дээрх 2 тэмдэглэлийг нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг, шүүх хуралдаанд ...хурал дээр энэ асуудлууд болсон, бүгд надруу дайраад байхаар нь би уйлах гээд байсан учраас хурлыг орхин гарч явсан гэх тайлбарыг гарган, зөвлөлийн хуралдаан дээр болсон асуудлыг үгүйсгэн маргаагүйг тус тус дурдах нь зүйтэй.

Түүнчлэн хамтран ажиллагсадтайгаа эелдэг бус, хүлээцгүй, хүндэтгэлгүй харилцсан, албан үүргээ хэрэгжүүлэхдээ хүний нэр төр, алдар хүндийг дээдлэн хүндэтгээгүй зөрчил гаргасан нь гэрч М.Мөнхбаясгалангийн ...5 дахь өдөр болгон аппаратын сонсгол болдог. Сонсгол дээр тайлангийн талаар хэлэлцэж нилээд маргасан, дараа нь зөвлөлийн хурал дээр Д.Г намайг 7, 8 жил ажилласан байж тайлан бичиж чадахгүй байж чи тэгж ярихгүй шүү гэж хэлсэн, ...манай ажилтнууд ихэнх нь шинээр ажилд орсон байдаг, ...тэд нарын дунд намайг доромжилсон, ...хамт олны дунд нэр хүндийг маань гутаасан гэх мэдүүлэг, М.Мөнхбаясгалангаас нэхэмжлэгчийн талаар ЗДТГ-ын даргад гарсан гомдол, нэхэмжлэгчийн тухайн үед бухимдлаасаа болоод тэгж хэлсэн гэх тайлбараар

Тамгын газрын архив бичиг хэргийн эрхлэгч И.Наранцэцэгтэй эелдэг бус хүндэтгэлгүй харьцсан болох нь гэрч И.Наранцэцэгийн Архивт баримтаа өг гэсэн шаардлага тавьснаас болоод намайг загнасан. Авгай минь ажлаа хийж чадахгүй бол ажлаа өгөхгүй юу, тэнэг юм уу, донгио юм уу гэж хэл амаар доромжилсон. Гадны хүмүүс орж ирэхээр нь би чимээгүй болсон, ...төрийн албанд 10 хэдэн жил ажилласан, өмнө нь хүнтэй муудаж байгаагүй. Д.Гийг буруугаа ойлгоод надаас уучлалт гуйх болов уу гэж нилээн хүлээсэн. Гэвч уучлалт гуйгаагүй учраас өргөдөл өгсөн.. гэх мэдүүлэг , И.Наранцэцэгээс Д.Гийн талаар ЗДТГ-ын даргад гаргасан гомдол, нэхэмжлэгчийн тухайн үед харилцан маргалдсан, тэгж хэлсэн удаа байгаа, уучлалт гуйгаагүй гэх тайлбараар тус тус тогтоогдож байх ба нэхэмжлэгчийн М.Мөнхбаясгалан, И.Наранцэцэг нарын өргөдлийг хариуцагч нь нөхөн бүрдүүлсэн гэж маргасан нь А газрынӨргөдөл гомдлын бүртгэлийн дэвтэр-т И.Наранцэцэгийн өргөдлийг 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр, харин М.Мөнхбаясгалангийн өргөдлийг 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр тус тус хүлээн авч бүртгэсэн байгаагаар үгүйсгэгдэж байна.

Хариуцагчийн төлөөлөгчийн зүгээс М.Мөнхбаясгалан, И.Наранцэцэг нарын өргөдлийг нэхэмжлэгчид танилцуулаагүй талаараа ...өргөдлийг 30 хоногийн хугацаанд шийдвэрлэнэ, тухайн үеийн ажлын ачаалал их тайлан мэдээ гаргах, наадам зохион байгуулахтай холбогдуулан өргөдлийг шалган шийдвэрлэх ажлын хэсэг байгуулж амжаагүй байсан гэж тайлбарласан.

Хариуцагч ЗДТГазрын дарга Б.Ганзориг нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан Сонсох ажиллагаа-г мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.3-д заасан дагуу нэхэмжлэгч Д.Гтэй биечлэн уулзах арга хэлбэрээр явуулсан байх ба сонсох ажиллагааны явцад хариуцагчийн зүгээс ...М.Мөнхбаясгаланг хамт олон болон бүх хэлтсийн дарга нарын дэргэд дайрч доромжилсон, И.Наранцэцэгийг ажлаа хийж чадахгүй бол зайл гэж хэл амаар доромжилсон гэх мэт ёс зүйн зөрчлүүд нь захиргааны акт гаргах үндэслэл болсон талаар тайлбарлан, шийдвэр гаргах эрх олгогдсон хууль, захиргааны актын хэм хэмжээний талаар танилцуулсан байх ба өөрөөр хэлбэл дээрх 2 ажилтантай хэрэлдсэн, доромжилсон, хүндэтгэлгүй харилцсан гэх мэт өөрийнх нь гаргасан зөрчил нь сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болж байгааг нэхэмжлэгч нь сонсох ажиллагааны явцад мэдсэн, тэрээр уг ажиллагааны явцад ...би ажлын шаардлагаас болж мэргэжилтнүүдтэй ёс бус харьцаж, хэрэлдсэн нь үнэн. Гэтэл тэр хүмүүс аав, ээждээ эрхэлж байгаа юм шиг дарга нарт хэлнэ гээд явж байдаг нь буруу гэж үзэж байна. ...Ёс зүйн зөрчил ажлаас халах үндэслэл болохгүй, ...би гармааргүй байна, ...хэн нэгний хов живээр, хэрэлдэж муудсаны төлөө ажлаас халж болохгүй гэж үзэж байна гэх тайлбаруудыг, би төрийн ажлыг хүлээлгэж өгөхийн тулд надад дор хаяж 7 хоног хэрэгтэй гэх саналыг тус тус гаргасан болох нь Сонсох ажиллагааны тэмдэглэл-ээр тогтоогдож байна.

Хариуцагчаас сонсох ажиллагааг явуулахдаа Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д зааснаар нэхэмжлэгчид тайлбар, санал гаргах боломжийг олгон, 27.6-д заасан дагуу сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаарх тэмдэглэлийг хөтөлсөн байх ба мөн тэмдэглэлд тусгагдсанаар нэхэмжлэгч нь М.Мөнхбаясгаланг дайрч доромжилсон, эелдэг бус хүндэтгэлгүй хандсан, И.Наранцэцэгийг доромжилсон зөрчлөө өөрөө хүлээн зөвшөөрсөн, энэ талаар үйл баримт илэрхий байхад өргөдлийг танилцуулаагүй гэдэг үндэслэлээр захиргааны байгууллагын явуулсан хуульд нийцсэн сонсох ажиллагаа-г буруутгах, тэрчлэн нэхэмжлэгч Д.Гийн ёс зүйн зөрчлийг үгүйсгэх үндэслэл болохгүй ба нэхэмжлэгчийн сонсох ажиллагааг хуульд зааснаар явуулаагүй, хуулийн ямар заалтыг үндэслэн ажлаас халж байгаатай танилцаж чадаагүй гэж маргасан нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч нь ёс зүйн зөрчил гаргасан гэж үзсэн бол энэ талаар дүгнэлт гаргах ёстой, хариуцагчаас ийм дүгнэлт гараагүй, ёс зүйн зөрчлийг шалган тогтоогоогүй байхад сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүйгэж маргасан.

Төрийн албаны зөвлөлийн 2010 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 12 дугаар сарын 01-ний өдрийн 129 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зөрчлийг хянан шийдвэрлэх журам-ын 2.1-д Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан албан тушаалыг эрхэлж байгаа төрийн захиргааны албан хаагч бүхий төрийн байгууллага бүрт төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тухай гомдол, мэдээллийг хүлээн авч, түүний үндэслэлийг шалган тогтоож, дүгнэлт гаргах эрх бүхий байнгын, орон тооны бус Ёс зүйн хороо ажиллана гэж заасан ба хариуцагч захиргааны байгууллага болох Дорноговь аймгийн ЗДТГ-ын тухайд мөн журмын 2.2-д ...Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлтэй төрийн байгууллагад тухайн салбар зөвлөлийн даргын, ...шийдвэрээр 3-аас доошгүй хүний бүрэлдэхүүнтэйгээр тус тус байгуулж, Ёс зүйн хорооны даргыг томилно гэж заасны дагуу Төрийн албаны салбар зөвлөлийн дарга буюу хариуцагч ЗДТГ-ын дарга Б.Ганзоригийн шийдвэрээр байгуулагдсан Ёс зүйн хороо ажиллахаар байна.

Гэвч тус ЗДТГазар нь Ёс зүйн хороо-г байгуулаагүй, ажилладаггүй болох нь Дорноговь аймгийн ЗДТГ-ын даргын 2017.03.29-ний өдрийн 1/539 дүгээр албан бичигт ...тус аймгийн засаг даргын Тамгын газар нь Төрийн албаны салбар зөвлөлтэй бөгөөд иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг тухай бүрт нь ажлын хэсэг томилж гомдлыг хянан шийдвэрлэдэг гэж дурдсанаар тогтоогдож байгаа хэдий ч маргаан бүхий акт болох Б/33 дугаар тушаалыг гардан авсны дараа нэхэмжлэгч нь Төрийн албаны зөвлөлийн Дорноговь аймаг дахь салбар зөвлөлд өргөдөл гаргасныг Маргаан хянан шалгах комисс хянан шалгаад Д.Гт сахилгын шийтгэл ногдуулсан 2017 оны Б/33 дугаар тушаалыг үндэслэлтэй, өргөдлийн шаардлагыг хангах боломжгүй гэсэн дүгнэлтийг гаргаж Төрийн албаны зөвлөлийн Дорноговь аймаг дахь салбар зөвлөлөөс 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 76 дугаар тогтоолыг гарган нэхэмжлэгчид хариуг өгсөн байх тул нэхэмжлэгчийн ёс зүйн зөрчлийн талаар дүгнэлт гараагүй гэж үзэхгүй, дүгнэлт гаргах байсан гэж хариуцагчийг буруутгах боломжгүй юм.

Өөрөөр хэлбэл нэгэнт илэрхий , ноцтой /нэхэмжлэгч нь дээр дурдсанаар тогтоогдсон ёс зүйн зөрчлүүдийг Дорноговь аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан дээр аймгийн удирдлагууд болоод хэлтсийн дарга, мэргэжилтнүүдийн өмнө гаргасан/ зөрчлүүдийг заавал Ёс зүйн хороо-гоор шалган тогтоох, хянан магадлах шаардлагагүй, нөгөөтэйгүүр хариуцагч ЗДТГ-ын дарга Б.Ганзориг нь Ёс зүйн хороо-г байгуулах, даргыг томилох, мөн нэхэмжлэгчийг томилох, чөлөөлөх эрх бүхий албан тушаалтан бөгөөд Төрийн албаны зөвлөлийн Дорноговь аймаг дахь салбар зөвлөлийн даргын албан тушаалыг эрхэлж байгаа, уг байгууллагад ёс зүйн хороог байгуулаагүй, ажилладаггүй болох нь тогтоогдож байгаа тохиолдолд ёс зүйн зөрчилд заавал дүгнэлт гаргах байсан гэж шаардах, энэ үндэслэлээр хариуцагчийг буруутгах нь ач холбогдолгүйн дээр Засаг даргын зөвлөлийн хуралдааны үед хариуцагчийн дээд шатны албан тушаалтан болох Аймгийн орлогч Д.Эрдэнэцэцэгээс Д.Гийг ажлаас нь чөлөөлөх үүрэг өгснийг биелүүлэн ажилласныг дурдах нь зүйтэй.

Мөн нэхэмжлэгч нь өглөөний мэдээллийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасалсан буюу төрийн захиргааны албан хаагчаас байгууллагын хэмжээнд дагаж мөрдөж байгаа соёл, дэг журам, дүрэм, зааврыг чанд баримтлах ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдөөгүй буюу 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн өглөөний мэдээллийн цагийг тасалсан зөрчил гаргасан болох нь өглөөний мэдээллийн тэмдэглэл , цагийн ирцийн бүртгэл зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх ба энэ талаар нэхэмжлэгч нь ...миний бие шөнөжин халуурч, бөөлжөөд эмнэлэг ороод ирэхэд тасалсан гэж бүртгэсэн байсан. Анхтуяад хэлэхэд дарга чинь ямар нэг зүйл хэлээгүй, чамайг тасалсан гэсэн учраас энэ хэвээр нь үлдээе гэсэн. Дараагийн удаад нь 5 минут хоцроод очсон учраас хуралд ороогүй гэх тайлбарыг гаргаснаас өөрөөр уг үндэслэлийг үгүйсгэн маргаагүй болно.

Дээрхийг бүхэлд нь дүгнэхэд нэхэмжлэгч Д.Г нь хариуцагчийн маргаан бүхий 2017 оны Б/33 дугаар актад үндэслэл болгосон Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5.2.1-д Үндсэн хууль, бусад хууль тогтоомж, эрх зүйн акт, байгууллагын хэмжээнд дагаж мөрдөж байгаа соёл, дэг журам, дүрэм, зааврыг чанд баримтлах, 5.3.1-д албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ иргэд, үйлчлүүлэгч, хамтран ажиллагсадтайгаа эелдэг, адил тэгш, хүлээцтэй, хүндэтгэлтэй харилцаж, төрийн үйлчилгээг чирэгдэл, ялгаварлалгүйгээр хөнгөн шуурхай хүргэх,5.4.4-т захирах, захирагдах ёсны зарчмыг баримталж, тодорхой асуудлаар өөр саналтай байсан ч удирдлагаас гаргасан хуульд нийцсэн шийдвэр, өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлэх, 5.4.5-д албан үүргээ гүйцэтгэж байхдаа ... бүдүүлэг зан авир гаргахыг цээрлэх, 5.5.1-д албан үүргээ хэрэгжүүлэхдээ хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дээдлэн хүндэтгэх гэж тус тус заасан ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн болох нь тогтоогдож байна гэж үзлээ.

2. Хариуцагч нь маргаан бүхий 2017 оны Б/33 дугаар актад Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь заалтыг үндэслэл болгосон ба ...Засгийн газарт явуулах тайланг хоцроосон, хэлтсийн дарга Б.Баярмаагаас өгсөн үүрэг даалгаврын болон гүйцэтгэлийн тайлан болон Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016.11.08-ны өдрийн А/58 дугаар тушаалаар батлагдсан Аймгийн Засаг даргын Тамгын газрын албан хаагчдын үйл ажиллагааны цаглабар төлөвлөгөө боловсруулах, түүний гүйцэтгэлийн үр дүнг сайжруулах, мэдээлэл гаргах журам-ыг хангалтгүй биелүүлсэн гэж,

харин нэхэмжлэгч нь...ажлын байрны тодорхойлолтод заагаагүй өөр мэргэжилтний хийж гүйцэтгэх ёстой ажил байсан,...журмыг тамгын газрын ажилтнууд бүгд хэрэгжүүлж ажилладаггүй, тайлан хоцроосон нь бусад хэлтэс, мэргэжилтнүүдээс хамааралтай ганцхан надад хариуцлага тооцож ялгаварлаж, тэгш бус хандсан, Засгийн газрын 1995 оны 97 дугаар тогтоолоор баталсан журамд зааснаар сахилгын шийтгэл ногдуулах зөрчлийг шалган тогтоогоогүй гэх агуулгаар хариуцагчийн үндэслэлийг үгүйсгэн маргаж байна.

Аймгийн Засаг даргын Тамгын газрын албан хаагчдын үйл ажиллагааны цаглабар төлөвлөгөө боловсруулах, түүний гүйцэтгэлийн үр дүнг сайжруулах, мэдээлэл гаргах журам-ыг хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэлийн тухайд

А газрындаргын 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/58 дугаар тушаалаар ЗДТГ-ын албан хаагчдын үйл ажиллагааны цаглабар төлөвлөгөө боловсруулах, түүний гүйцэтгэлийн үр дүнг сайжруулах, мэдээлэл гаргах журам-ыг баталсан байх бөгөөд журмын 2.1-д заасны дагуу тус тамгын газрын албан хаагчид өөрийн ажлын байрны тодорхойлолтын хүрээнд хийж гүйцэтгэх ажлаа 7 хоногийн ажлын өдрүүдээр урьдчилан төлөвлөж харьяалах хэлтсийн даргаар батлуулан ажиллахаар, 2.4-д ...шаардлагатай үйл ажиллагааг урьдчилан төлөвлөнө гэж, 3.1-д Аймгийн Засаг даргын тамгын газрын албан хаагчид нь энэхүү журмын 2-р заалтын дагуу гаргасан цаглабар төлөвлөгөөнийхөө гүйцэтгэлийн мэдээллийг 7 хоног бүрийн Баасан гарагийн 17.00 цагаас өмнө харьяалах хэлтсийн даргад гаргаж өгнө, 4.4-д Энэхүү мэдээлэл нь аймгийн Засаг даргын Тамгын газрын албан хаагчдын хагас бүтэн жилийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэхэд харгалзан үзэх үзүүлэлт болно, 4.5-д Энэхүү журмын дагуу үйл ажиллагааныхаа төлөвлөлтийг хийж, мэдээлэл гаргаагүй тухайн албан тушаалтанд сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болно гэж тус тус заасан байна.

Нэхэмжлэгч Д.Г нь уг журмыг хангалтгүй хэрэгжүүлсэн болох нь /2017.01.27-ноос 2017.07.26-ны өдрийг хүртэлх 6 сарын хугацаанд/ 2017.01.23-2017.01.27, 2017.02.27-2017.03.03, 2017.03.06-2017.03.10, 2017.03.13-2017.03.17, 2017.03.20-2017.03.24, 2017.04.10-2017.04.14, 2017.04.17-2017.04.21, 2017.04.24-2017.04.28, 2017.05.01-2017.05.05, 2017.05.08-2017.05.12, 2017.05.15-2017.05.19, 2017.05.29-2017.06.02, 2017.06.19-2017.06.23, 2017.06.26-2017.06.30, 2017.06.31-2017.07.07, 2017.07.17-2017.07.21, 2017.07.24-2017.07.28-ны календарийн 7 хоногийн ажлын төлөвлөгөөг гаргаж хэлтсийн даргаар батлуулаагүй, мэдээлэл гаргаагүй, 2017.01.23-2017.01.27, 2017.05.22-2017.05.26, 2017.06.05-2017.06.09, 2017.06.12-2017.06.16-ны өдрийн ажлын төлөвлөгөөг гаргасан боловч мэдээлэл гаргаагүй болох Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын хэлтсийн дарга Б.Баярмаагийн тайлбараар, гэрч Б.Баярмаагийн шүүхэд өгсөн мэдүүлгээр, нэхэмжлэгч Д.Гийн гүйцэтгэх ажлын календарьчилсан төлөвлөгөөнүүд, календарьчилсан төлөвлөгөөний хэрэгжилт, гүйцэтгэсэн ажлын мэдээлэл, мөн хэлтсийн даргаас өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн болох нь Б.Баярмаагийн Үүрэг даалгаврын тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар;

-мөн Засгийн газарт явуулах тайланг хоцроосон болох нь Дорноговь аймгийн Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн А/566 дугаар захирамж баталсан Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх журам-ын 1-р хавсралтын Дэс дугаар 15-д аймгийн хагас жилийн тайланд Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс 06 дугаар сарын 25-ны өдөр эцсийн хяналт-шинжилгээг хийж, Засгийн газрын хэрэг эрхлэх газарт 07 дугаар сарын 01-ний өдөр явуулахаар заасан ба нэхэмжлэгч нь Засгийн газарт тайлан хүргүүлсэн албан бичгийн огноо дугаарыг урьдчилан /2017.06.30-ны өдрөөр/ авсан, тайланг 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Монгол Шуудан ХК-ны Дорноговь аймгийн шуудангийн үйлчилгээний газарт хүлээлгэн өгч, 2017 оны 07 дугаар сарын 14-ны өдөр Төрийн ордонд очсон болох тус тус шуудангийн үйлчилгээний газрын 2018.03.19-ны өдрийн 24 дүгээр албан бичиг, шуудангийн мөнгөн тооцооны хуудас, бичиг захидал хүлээн авсан бүртгэл зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Д.Гийн Ажлын байрны тодорхойлолтын Ажлын байрны үндсэн зорилтын 2-т Хөгжлийн бодлогын баримт бичиг /Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Үндэсний хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл/-ийн хэрэгжилтийн явцад хяналт шинжилгээ хийх, үнэлэх,.., 6-д Удирдлагаас хариуцуулсан бусад чиг үүргийг хэрэгжүүлэх гэж, биелэлт, зорилт хангагдсан, өгөгдсөн үүрэг даалгавар нь цаг хугацаандаа бүрэн хэрэгжсэн байх тохиолдолд зорилтоо биелүүлсэн, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлсэн буюу гүйцэтгэсэн гэж тооцохоор заасан ба нэхэмжлэгчийг ажлын байрны тодорхойлолт болон албаны чиг үүрэгт тусгагдсан хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг зохих ёсоор биелүүлээгүй буюу албан үүргээ хангалтгүй биелүүлсэн зөрчлийг гаргасан байна дүгнэлээ.

Нэхэмжлэгч нь сахилгын зөрчлийг Засгийн газрын 1995 оны 97 дугаар тогтоолоор баталсан Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журамд зааснаар шалган тогтоох байсан гэж маргасан ба мөн журмын 4-д Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалгаж тогтоон, энэ тухай баримт, үндэслэлийг зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулсан байна... гэж заажээ.

2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн Захиргааны ерөнхий хуулиар захиргааны байгууллагын үйл ажиллагааг нарийвчлан зохицуулсан бөгөөд захиргаанаас иргэдийн эрхийг хөндсөн аливаа шийдвэр гаргахын өмнө тэдний оролцоог хангах, шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг цуглуулах, бодит нөхцөл байдлыг шалган тогтоох, улмаар эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргах тохиолдолд иргэн, хуулийн этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломжийг олгох буюу сонсох ажиллагааг явуулдаг байхаар хуульчилсан.

Хариуцагчаас Сонсох ажиллагаа-г захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явуулсан, түүнчлэн нэхэмжлэгчээс сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрт гомдол гаргасан ба Төрийн албаны салбар зөвлөлөөс сахилгын зөрчил ногдуулах үндэслэлийг шалган тогтоосон үйл баримтууд дээр дурдсанаар тогтоогдсон өөрөөр хэлбэл журамд заасан сахилгын зөрчлийг шалгаан тогтоох-той холбоотой ажиллагааг Захиргааны ерөнхий хуулиар журамласны дагуу хариуцагч захиргааны байгууллагаас хийж гүйцэтгэсэн байх тул нэхэмжлэгчийн ийнхүү маргасныг үндэслэлгүй гэж үзлээ.

Захиргааны байгууллагын үйл ажиллагаа, тэдгээрээс иргэн, хуулийн этгээдтэй хэрхэн, яаж харилцах талаар зохицуулсан суурь хууль болох Захиргааны ерөнхий хууль батлагдан, мөрдөж эхлэхээс өмнө төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулахтай холбогдсон асуудлыг Засгийн газрын тогтоолоор 1995 онд батлагдсан журамд заасны дагуу шийдвэрлэж байсныг дурдах нь зүйтэй.

Дээрх дурдсанчлан Аймгийн Засаг даргын Тамгын газрын албан хаагчдын үйл ажиллагааны цаглабар төлөвлөгөө боловсруулах, түүний гүйцэтгэлийн үр дүнг сайжруулах, мэдээлэл гаргах журам-ын 4.5-д Энэхүү журмын дагуу үйл ажиллагааныхаа төлөвлөлтийг хийж, мэдээлэл гаргаагүй тухайн албан тушаалтанд сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болно гэж, мөн Ёс зүйн дүрэм-ийн 4.1.4, 5.4.2-т төрийн захиргааны албан хаагч нь хийсэн ажлынхаа гүйцэтгэл, үр дүнгийн төлөө бүрэн хариуцлага хүлээх, ажлын байр /албан тушаал/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг биечлэн хангах, 5.2.2-т заасан харьяа дээд шатны албан тушаалтныг төрийн бодлого боловсруулах, асуудал шийдвэрлэх, шийдвэр гаргахад нь хуульд нийцсэн, бодит баримт нотолгоонд тулгуурласан, үндэслэл бүхий үнэн зөв мэдээлэл, мэргэшлийн зөвлөгөөгөөр хангах ёс зүйн хэмжээг дагаж мөрдөхөөр тус тус заасан байх тул ...бусад мэргэжилтнүүд энэ журмыг биелүүлдэггүй, тайлан хоцроосон нь бусад хэлтэс, мэргэжилтнүүдээс шалтгаалсан гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.

3. Хариуцагчаас А газрындаргын 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Д.Гт сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/72 дугаар захирамжийг нотлох баримтаар ирүүлсэн бөгөөд энэ актын талаар нэхэмжлэгч нь гомдол гаргаагүй гэж тайлбарладаг. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан өдрөөс хойш 1 жилийн дотор сахилгын шийтгэл хүлээгээгүй бол түүнийг сахилгын шийтгэлгүйд тооцно гэж заасан ба нэхэмжлэгч нь сахилгын шийтгэлгүйд тооцох хөөн хэлэлцэх хугацаа /2017.11.15/ дуусаагүй байхад сахилгын зөрчлийг давтан гаргасан байх тул түүнийг Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1.-д заасан удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх зөрчлийг гаргасан гэж үзэх үндэслэлтэй.

Учир нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан албан үүргээ биелүүлээгүй гэдгийг хууль тогтоомжид болон ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан чиг үүргийг гүйцэтгээгүй, хэрэгжүүлээгүй байхаар ойлгох ба харин мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1.-д заасан албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэдгийг ажлын байрны тодорхойлолт болон албаны чиг үүрэгт тусгагдсан хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгэсэн боловч чанарын хувьд доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн, тогтоосон журмыг зөрчсөн зэргээр зохих ёсоор биелүүлээгүй байхыг ойлгож хэрэгжүүлэх юм.

Иймээс Аймгийн Засаг даргын Тамгын газрын албан хаагчдын үйл ажиллагааны цаглабар төлөвлөгөө боловсруулах, түүний гүйцэтгэлийн үр дүнг сайжруулах, мэдээлэл гаргах журам-ыг биелүүлээгүй, тайлан хоцроосон гэх зөрчлүүдийг Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэлд хамааруулж үзэхээр байжээ.

Гэсэн хэдий ч хариуцагчаас маргаан бүхий Б/33 дугаар актдаа Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дэх заалтыг үндэслэл болгосон байгааг буруутгах боломжгүй, учир нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4.-д харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх, 13.1.5-д төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх гэж заасан. Нэхэмжлэгчийг төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүргээ биелүүлээгүй буюу Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийг ноцтой зөрчсөн нь тогтоогдсон гэж үзсэн ба Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна гэж заасан байх тул ёс зүйн зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулах тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-г үндэслэхээр байна.

Харин Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-г үндэслэл болгоогүйгээрээ маргаан бүхий акт нь эрх зүйн зөрчилтэй буюу алдаатай болох хэдий ч уг Б/33 дугаар актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул шүүхээс маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Хэдийгээр маргаан бүхий акт нь эрх зүйн зөрчилтэй буюу алдаатай байх боловч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасан захиргааны хууль бус актыг хүчингүй болгох урьдчилсан нөхцөл болох нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байдал тогтоогдоогүй байна. Учир нь нэхэмжлэгч Д.Г нь төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн холбогдох заалтуудыг зөрчиж ёс зүйн ноцтой алдаа гаргасан, түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халах зөрчлийг гаргасан нь нотлон тогтоогдож байх тул А газрындаргын 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн Д.Гт сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/33 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, А газрынХяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн Дотоод аудит хариуцсан мэргэжилтнээр эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг зохих хувиар төлүүлэх тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Шүүхээс Д.Энхтайваны эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзэн гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан ба Д.Энхтайван нь шүүх хуралдаанд оролцохгүй талаар хүсэлтээ шүүхэд ирүүлсэн байх тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.5-д зааснаар түүнийг оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбар зэргийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн бөгөөд хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй зарим баримтыг үнэлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14 дэх зүйлүүдэд заасныг удирдлага болгон